Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
Хэргийн индекс | 128/2018/0224/З |
Дугаар | 221/МА2018/0351 |
Огноо | 2018-06-14 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 221/МА2018/0351
2018 оны 06 сарын 14 өдөр | Дугаар 221/МА2018/0351 | Улаанбаатар хот |
З.Б-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгч З.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2018/0267 дугаар шийдвэртэй, З.Б-ын нэхэмжлэлтэй, Батлан хамгаалахын сайдад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2018/0267 дугаар шийдвэрээр: “...Монгол Улсын Батлан хамгаалахын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.15, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3, Цэргийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч З.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Батлан хамгаалахын сайдын 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн Б/52 дугаар тушаалыг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагчийн албан тушаалд эгүүлэн томилж, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 28.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан З.Б-ын ажилгүй байсан 89 хоногийн буюу 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс хойших хугацааны цалинтай тэнцэх хэмжээний 9,579,779.0 /Есөн сая таван зуун далан есөн мянга долоон зуун далан ёс/ төгрөгийн нөхөн олговрыг гаргуулан нэхэмжлэгчид олгуулж, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж” шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г давж заалдах гомдолдоо: “...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Батлан хамгаалах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.15-д заасан Батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрхэд болон Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2-т заасан Батлан хамгаалахын сайдын хуулиар олгогдсон бүрэн эрхийг хөндсөн хууль бус шийдвэр гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, шүүгч шийдвэртээ Батлан хамгаалахын сайдад З.Б-ыг Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагчийн албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах шийдвэрийг гаргах ёстой байтал, батлан хамгаалахын сайдын уулиар олгосон бүрэн эрхийг хөндөж, шууд томилсон шийдвэр гаргаж байгаа нь буруу гэж үзэж байна.
Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь заалт нь албан тушаалын тодорхойлолт боловсруулах, нийтлэг журмыг төрийн албаны төв байгууллага батлахтай холбоотой харилцааг зохицуулсан байтал нэхэмжлэгчийн шаардлагатай ямар нэгэн уялдаа холбоогүй хуулийн заалтыг үндэслэж анхан шатны шүүхийн шийдвэр гарсан нь шүүх хуулийг буруу хэрэглэсэн, хууль бус шийдвэр гэж үзэж байна.
Мөн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2-т Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан З.Б-ын ажилгүй байсан 89 хоногийн цалинтай тэнцэх хэмжээний 9.579.779,0 төгрөгийн нөхөн олговрыг гаргуулан нэхэмжлэгчид олгуулж, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасан бөгөөд Батлан хамгаалахын сайдын 2017 оны Б/52 дугаар тушаалаар хошууч генерал З.Б-ыг ажлаас нь буруу халаагүй, өөр ажилд шилжүүлээгүй, зөвхөн үүргэт албан тушаалаас нь чөлөөлж, Төрийн захиргааны удирдлагын газрын мэдэлд шилжүүлээд байгаа асуудал тул шүүх хуульд нийцээгүй алдаатай шийдвэр гаргасан.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2018/0267 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Батлан хамгаалахын сайдын 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Б/52 дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4, 6 дахь заалт, мөн зүйлийн 2 дахь хэсэг, Батлан хамгаалах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 15 дахь заалтыг тус тус үндэслэн Хошууч генерал З.Б-ыг Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагчийн албан тушаалаас 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөр тасалбар болгон чөлөөлж, тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын мэдэлд шилжүүлсэн байна.
Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим тул хариуцагч нь төрийн албан хаагчийн хөдөлмөрлөх эрхийг хөндсөн шийдвэр гаргахдаа зөвхөн хуульд заасан үндэслэл бүрдсэн тохиолдолд ажлаас халах, чөлөөлөх бөгөөд уг үндэслэл тус бүр тодорхой байх төдийгүй нотлох баримтаар тогтоогдсон байх шаардлагатай.
Анхан шатны шүүх хариуцагчаас З.Б-ыг үүрэгт ажлаас чөлөөлсний дараа буюу 2 сарын хойно гарсан /эрх бүхий албан тушаалтан батлаагүй/ Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагчийн ажлын байрны тодорхойлолтыг үндэслэж нэхэмжлэгчийг уг албан тушаалаас чөлөөлж, Төрийн захиргааны удирдлагын газрын мэдэлд шилжүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй төдийгүй З.Б-ыг үүрэгт ажлаас чөлөөлөх үед түүний ажлын байрны тодорхойлолт өөрчлөгдөөгүй, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3, Цэргийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан үндэслэлүүд бүрдээгүй байсан талаар зөв дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “...З.Б-ыг Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагчийн албан тушаалд шууд томилсон нь Батлан хамгаалахын сайдын хуулиар олгогдсон бүрэн эрхийг хөндсөн хууль бус шийдвэр гэж үзэхээр байна” гэж дурдсан бөгөөд шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т зааснаар захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах шийдвэрийг гаргана.
Нэхэмжлэгч З.Б-ын хувьд өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлж, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага буюу хариуцагч хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсан гэж маргаагүй тул З.Б-ыг Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагчийн албан тушаалд томилохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх үндэслэлгүй.
Мөн З.Б-ыг өмнө ажиллаж байсан Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагчийн албан тушаалаас хариуцагч хууль бусаар чөлөөлж шийдвэрлэсэнтэй холбоотойгоор нэхэмжлэгчийг уг албан тушаалд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн бөгөөд З.Б-ыг албан тушаалд шинээр томилж, Батлан хамгаалахын сайдын хуулиар олгосон эрхийг зөрчсөн шийдвэрийг анхан шатны шүүх гаргасан гэж үзэхгүй тул дээрх гомдол үндэслэлгүй байна.
Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж тус тус заасан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдолдоо “...З.Б-ыг ажлаас буруу халаагүй, өөр ажилд шилжүүлээгүй, зөвхөн үүрэгт албан тушаалаас нь чөлөөлж, Төрийн захиргааны удирдлагын газрын мэдэлд шилжүүлсэн тул нөхөн олговрыг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь буруу” хэмээн тайлбарласныг хүлээн авах үндэсгүй.
Учир нь хариуцагч З.Б-ын хөдөлмөрлөх эрхэд хууль бусаар халдаж Батлах хамгаалахын Ерөнхий хянан шалгагчийн албан тушаалаас чөлөөлж, Төрийн захиргааны удирдлагын газрын мэдэлд шилжүүлсэн ч өнөөдрийн байдлаар өөр ажил албан тушаалд томилоогүй, шүүхээс нэхэмжлэгчийг өмнө эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэж байгаа тохиолдолд хариуцагч нэхэмжлэгчид Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг өгөх учиртай.
Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА