Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 2025/ДШМ/742

 

 

 

 

 

 

   2025            06              12                                       2025/ДШМ/742

 

Ц.А-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Д.Очмандах, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Анхбаяр,

шүүгдэгч Ц.А, түүний өмгөөлөгч Л.Намнансүрэн,  

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж, шүүгч Л.Одончимэг, Ч.Отгонбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/756 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.А, түүний  өмгөөлөгч Л.Намнансүрэн, Ч.Өнөржаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Ц.А-д холбогдох эрүүгийн 2308018740169 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ц.А,

Шүүгдэгч Ц.А нь 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Станцын 4-26 тоотод хохирогч Ц.Р-г “Хоолоо идсэнгүй баашилсан" гэх шалтгааны улмаас цээж, хэвлийн тус газарт нь гуталтай хөлөөрөө 3-4 удаа өшиглөж “цээжний баруун, зүүн талын олон хавирганы хугарал, өвчүү ясны хугарал, цээж, хэвлийн цус хуралдалт” бүхий хүнд хохирлыг санаатай учруулсны улмаас хохирогч Ц.Р нь 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаад 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ц.А-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Ц.А-г “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.А-г 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-д оногдуулсан 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Ц.А нь баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ц.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх хорих ялыг шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.А-н өмгөөлөгч Ч.Өнөржаргал гаргасан давж заалдах гомдолдоо: “...Шүүхийн тогтоол хэргийн бодит байдалтай нийцээгүй тухайд: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2024 оны 04 дүгээр 19-ний өдрийн 241 дүгээр Яллах дүгнэлтээр Ц.А-г “... яллагдагч Ц.А нь 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Станцын 4-26 тоотод хохирогч Ц.Р-г “хоолоо идсэнгүй баашилсан” гэх шалтгааны улмаас цээж, хэвлийн тус газарт нь гуталтай хөлөөрөө 3-4 удаа өшиглөж, цээжний баруун зүүн талын олон хавирганы хугарал, өвчүү ясны хугарал, цээж, хэвлийн цус хуралдалт бүхий хүнд хохирлыг санаатай учруулсны улмаас Ц.Р нь 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаад 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр нас барсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар зүйлчлэхээр тогтоосугай.” гэж хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд дараах 8 нотлох баримтыг үндэслэн яллах дүгнэлт үйлдсэн байна. Үүнд:

1. Амь хохирогч Ц.Р-н гэрчээр өгсөн мэдүүлэг /Эрүүл мэндийн байдлын улмаас ухаан санаа тогтворгүй болох магадлал өндөр бөгөөд хэвлийн гэмтлийн улмаас ухаан санаа тогтворгүй болсон үедээ мэдүүлэг өгсөн байхыг үгүйсгэхгүй/

2. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Г-н гэрчээр өгсөн мэдүүлэг /Гэрч Т-н мэдүүлэгтэй зөрчилддөг, гэрч Ц.Т нь амь хохирогчийг Гэмтлийн эмнэлэгт сахиж байхдаа гэрч Р.Г руу яриад аав чинь Ц.А ахад зодуулсан гээд байна, аавыг чинь Ц.А ах зодоогүй талаар ярьсан гэж мэдүүлсэн байдаг/

 3. Гэрч Б.У-н мэдүүлэг /Хамгийн анх өрхийн эмнэлэгт дуудлага мэдээлэл өгсөн хүн тодорхойгүй/

4. Гэрч С.С-н мэдүүлэг /Амь хохирогчийн хувийн байдлыг тогтоох баримт/

5. Гэрч Б.Н-н мэдүүлэг /Амь хохирогч Ц.Р-н мэдүүлэгтэй цаг хугацааны хувьд харилцан зөрүүтэй/

 6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1489 дугаартай дүгнэлт /Дүгнэлтийг үгүйсгэхгүй боловч уг дүгнэлтэд/

7. Гэрч Я.С-н мэдүүлэг /Амь хохирогчийн хувийн байдлын талаар мэдүүлдэг/

8. Шинжээч эмч Т.А-н гэрчээр өгсөн мэдүүлэг /гэрч А.А-д ямар утаснаас дуудлага ирсэн талаар тодорхой мэдүүлээгүй/ зэрэг болно.

Өмгөөлөгчийн хувьд хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үнэлбэл дамжмал нотлох баримтууд болох амь хохирогч Ц.Р болох гэрч н.Н нарын мэдүүлэг цаг хугацааны хувьд харилцан зөрүүтэй, үгүйсгэгдсэн мэдүүлгийн нотлох баримтад тулгуурлан холбогдогч Ц.А-г гэмт хэрэгт холбогдуулан шалгах үндэслэл бий болсон байх бөгөөд Ц.А-г амь хохирогч Ц.Р-н амь насыг хохироосон гэх шууд нотлох  баримт  хэрэгт авагдаагүй болно. Өөрөөр хэлбэл, яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудад амь хохирогч Ц.Р-н хохирол авсан талаарх үйл баримт байдлаар гэрчийн мэдүүлэгт дурдсан боловч уг гэмт хэрэг хэзээ, хаана гарсан нь тодорхойгүй байх бөгөөд прокурорын байгууллага болон мөрдөх байгууллага уг гэмт хэргийн шинжтэй асуудалд нэн даруй мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүйгээс хугацаа алдаж хэргийн ул мөр бүдгэрсэн байхыг үгүйсгэхгүй юм. Амь хохирогч Р-н амь хохирсон асуудлыг цаг алдалгүй түргэн шуурхай шалгаж, амь хохирогчийн амь нас алдахад хүргэсэн байж болзошгүй асуудлыг тогтоосон бол өнөөдөр холбогдогч Ц.А-н хувьд энэ гэмт хэргийн асуудалд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцох байсан гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Гэтэл прокурорын байгууллага, мөрдөх байгууллага гэмт хэргийн шинжтэй асуудлыг шалгаж тогтооход хугацаа алдан улмаар гэмт хэргийн ул мөр арилсны дараа амь хохирогчийн мэдүүлэг болон анхан шатны үзлэг хийсэн эмч н.У, н.На нарын мэдүүлгээр Ц.А-г Эрүүгийн хуульд заасан хүнд гэмт хэрэгт буруутган яллаж, улмаар анхан шатны шүүх хорих ял оногдуулсан нь хэргийн бодит байдалд нийцэхгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3-д “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй.” гэж заасан байхад амь хохирогч Ц.Р-н мэдүүлгээс үүдэлтэй дамжмал нотлох баримтуудыг үнэлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа нэг талыг баримтлан хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Амь хохирогч Ц.Р нь 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 17-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд найз Ш.Б-р Тахилт дахь гэртээ хүргүүлсэн. Яллах дүгнэлтэд дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмч С.С-н гэрчээр өгсөн мэдүүлгийг яллах талын нотлох баримт гэж үзсэн нь ойлгомжгүй бөгөөд гэрч С.С-н өгсөн мэдүүлэг нь  амь хохирогч Р-н эрүүл мэндийн байдлыг дэлгэрэнгүй байдлаар тодорхойлсон хувийн байдлыг тодорхойлох нотлох баримт гэж үзэж байгаа болно. 

Гэрч С.С "... Р гэдэг хүн нь манай эмнэлэгт байнга эмчлүүлдэг байсан ба элэгний хатуурлын төгсгөлийн үe шатандаа байдаг байсан. Элэгний төгсгөлийн үe шатанд уушги устах, хэвлийд уc үүсэх зэрэг шинжүүд илэрдэг тул манай эмнэлгийн хавдрын тасагт хэвтэн эмчлүүлж байсан. 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 15 цаг 04 минутад Р нь манай эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт хүргэгдэн ирсэн ба тухайн өдөр биеийн байдал муу байсан учир хэвтэн эмчлүүлэх шаардлагатай болсон. Тухайн үед өвчний түүхийг яаралтай тусламжийн эрхлэгч эмч З нээсэн ба надад гардуулж өгөхөд биеийн байдал хүнд, ухаан санаа орж гарсан гэж бичсэн байсан. Мөн ариун цэврийн өрөөнд орж байгаад ухаан алдсан гэсэн утгатай дуудлагаар орж ирсэн ба хаяг нь ***** дүүргийн ** дугаар хороо, **** тоот байсан. Түүний дараа би өвчтөн Р-тай уулзахад биеийн байдал хүнд, ухаан санаа тогтворгүй, хөл болон бие нь бага зэрэг хөхөрсөн байдалтай байсан. Би өвчтөн Р-с биеийн байдал  хэр байгаа болон юу болсон талаар асуухад “миний бие зовуурьтай байна, би эмнэлэгт хэвтмээр байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би өвчтөн Р-г хүлээн авч, хавдар хөнгөвчлөх эмчилгээний тасагт хэвтүүлж, элэгний дутагдлын эсрэг тариа, эмчилгээ хийсэн. Эмчилгээ хийсний дараа Р-н биеийн байдал бага зэрэг дээрдсэн бөгөөд 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр өвчтөн Р-н биеийн байдал дээрдсэн учир эмнэлгээс гаргасан. Р нь 2023 оны 05 дугаар сарын 11-нд манай эмнэлэгт ирснээс хойш хавсарсан антибиотик эмчилгээг хийлгэсэн. Элэгний дутагдлын эсрэг эмчилгээ, хордлого тайлах эмчилгээ, өвдөлт намдаах эмчилгээ хийсэн. Антибиотик эмчилгээ хийсэн шалтгаан нь Р-н дархлаа суларсан, хэвлийн устай, уушгинд устай байсан учир халдварын эсрэг антибиотик эмчилгээ хийсэн. Элэгний дутагдал болон элэгний цирроз өвчний зовуурь өвдөлтийг намдаахаар дусал, тариа эмчилгээ хийсэн. Мөн элэгний дутагдлын эсрэг тариа хийсэн. 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Р нь манай эмнэлэгт ирэхэд гарын булчин, бугалга, өгзөг, хөлийн шилбэний хэсгээр жижиг хэмжээний хөхрөлт байсан...." гэх мэдүүлэг нь амь хохирогчийн эрүүл мэнд, элэгний цирроз өвчний улмаас хүндэрсэн, оюун санааны хувьд ухаан санаа орж гарсан байдалтай байсан талаар мэдүүлсэн байдаг.

Өмгөөлөгчийн хувьд гэрч Ш.Б-н 2023 оны 06 дугаар сарын 17-ны өдөр өгсөн мэдүүлэгт “...хамгийн сүүлд 2023 оны 05 дугаар сарын 17-ны  өдөр миний 86665454 дугаар луу талийгаач өөрийнхөө дугаараас залгаж, эмнэлэгт хэвтэж байгаа талаараа хэлсэн ба намайг гэрт хүргээд өгөх боломж байгаа талаар асуусан. Би тэр үед хүүхэд харж байсан тул боломжгүй байгаагаа хэлсэн ба дахин 15 цагийн үед залгаж эмнэлгээс гаргаад Тахилт pуу гэрт хүргээд өгөөч гэж гуйхаар нь би зөвшөөрч өөрийнхөө ист маркийн ****УНН улсын дугаартай машинаараа талийгаач Ц.Р-г Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах дүүргийн нэгдсэн эмнэлгийн 3 давхраас буулгаж гэрт нь хүргэж өгсөн. Талийгаач нь гэртээ ганцаараа амьдардаг бөгөөд тухайн үед дүү Тунгаа нь ирж авна гэсэн боловч түгжрээд амжаагүй талаар ярьж байсан бөгөөд миний бие гэрт нь оруулж өгөөд худаг орж уc авч, гэрт галыг нь тулж өгсөн. Tэp үед талийгаач дүү Т-н утас руу залгасан. ...Асуулт: “Таныг талийгаачтай уулзахад биед нь ил харагдах гэмтэл, шарх сорви байсан уу, хөхөрсөн, хавдсан, халцарсан, шалбарсан шарх гэмтэл байсан уу” гэхэд Хариулт: Тийм зүйл бол нүдээр харагдаагүй. Харин талийгаач өөрөө ярихдаа доошоо цус алдаад байсан учир эмнэлэгт хэвтсэн гэж ярьж байсан. Асуулт: “Талийгаач тантай явж байхдаа хэн нэгэнд зодуулж бэртсэн талаараа хэлсэн зүйл байна уу” гэхэд Харилт: Тийм зүйл бол яриагүй. Ойр зуурын юм ярьж байгаад л бид хоёр Тахилт орсон.” гэх мэдүүлгийг үнэлэх талаар удаа дараа санал гаргасан боловч прокурорын байгууллага болон анхан шатны шүүх уг нотлох баримтыг хэрхэн үнэлж байгаа талаар шийдвэрүүдээ тусгаж байгаагүй болно.

Мөн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр өмгөөлөгч нарын хүсэлтээр урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан болсон бөгөөд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЗ/1741 дүгээр шүүгчийн захирамжаар хүсэлтийг хангаж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн бөгөөд уг захирамжаар гэмт хэрэг 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр үйлдэгдсэн эсэх, мөн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Станцын 4-26 тоотод үйлдэгдсэн эсэхийг тогтоох үүднээс 4 нэмэлт ажиллагаа хийх талаар тусгасан боловч 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 20248/ДШМ/980 дугаартай магадлалаар Прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, хэргийг хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж үзэн шүүгчийн захирамжийг хүчингүй болгон хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр буцаасан. Гэтэл анхан шатны 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хэргийг анхан шатны журмаар хэлэлцээд өөрийн санаачилгаар нэмэлт ажиллагаа хийлгэхээр шүүх хуралдааныг хойшлуулах захирамж гаргасан бөгөөд уг захирамжид  гомдол гаргах эрхгүй талаар дурдсан. Ингээд шүүхийн санаачилгаар хийсэн нэмэлт ажиллагаагаар дараах нотлох баримтууд хэрэгт авагдсан. Үүнд:

1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2хх 10-11/ Уг дуудлага мэдээллийг 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 16 цаг 45 минутад өгсөн байх бөгөөд дуудлагын дагуу ***** дүүргийн ** дугаар хороо, *** 7*-*** тоотод 17 цаг 20 минутад очсон байх бөгөөд Дуудлагын утга: 103 жолооч байна, энд эрэгтэй 60 гаран насны хүн хүнд зодуулсан байна гэх дуудлага мэдээллийг ***** дугаараар өгсөн талаар шуурхай удирдлагын тасаг, дуудлага лавлагааны хуудаст бичсэн байна.

Гэрч А.А болон өрхийн эмч Б.У нарын мэдүүлгээс үзэхэд тэдэнд дуудлага мэдээлэл амь хохирогч Ц.Р өгсөн гэж мэдүүлэх боловч хэрэгт авагдсан материалаас үзэхэд дуудлага мэдээлэл өгсөн баримт байхгүй байна. Амь хохирогч Ц.Р нь 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд гарах үеийн Эмнэлгээс гарах, шилжих үеийн эпикрик /1хх 157/ мөн ар талд нь авагдсан байх бөгөөд уг баримтад эмнэлгээс эмнэлэгт ирэх үед биеийн байдал хүнд, гарах үед эрүүл мэндийн байдал хүндэвтэр, хийгдсэн шинжилгээ ирэх үед болон гарах үед эмнэл зүй, биохими, гэрлийн, нян судлал, эхо тус тус хийгдсэн талаар эмчлэгч эмч С.Солонго тэмдэглэсэн.

Өөрөөр хэлбэл амь хохирогч Ц.Р нь эмнэлэгт хэвтэх болон гарах үед тус тус 1 удаа, нийт 2 удаа ЭХО хийлгэсэн гэж тэмдэглэсэн байх тул уг баримт нь түүнийг 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 17-ны өдрийн хооронд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа хэвлийн тус хэсэгт ямар нэг бэртэл гэмтэлгүй байсан тухай баримт гэж үзэж байна. Амь хохирогч Ц.Р нь 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 16 цагийн үед найз Ш.Б-р ***** дүүргийн ** дугаар хороо, *** 7*-*** тоотод хүргүүлэн очсон. Амь хохирогч Ц.Р-г 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр охин Р.Г, 05 дугаар сарын 20-ны өдөр дүү Ц.Т нөхөр Б-йн хамт эргэж очиход биеийн байдал хүндэвтэр байсан байдаг. Үүнээс хойш амь хохирогч нь 2023 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 21, 22, 23-ны өдрийн 16 цаг хүртэл гэртээ ганцаараа байсан байна. Гэрч С.С-н мэдүүлгээс үзэхэд түүнийг өвчний хүндрэлийн улмаас ухаан санаа орон гаран байсан талаар мэдүүлж байсан бөгөөд амь хохирогч гэртээ ганцаараа байх хугацаанд биеийн байдал муудан унасан, улмаар ухаан санаа орж гарсан байхыг үгүйсгэхгүй юм. Яллах дүгнэлтээр гэмт хэрэг болсон газрыг ***, ** дугаар хороо, Станцын *-** тоотод гэх боловч амь хохирогч Ц.Р нь эрүүл мэндийн байдлын хувьд хүндээс хүндэвтэр төлөвт шилжээд 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 16 цагийн үед найз Ш.Б-р ***, ** дугаар хороо, *** *-**** тоот хаягт хүргүүлэн, улмаар өөрийнхөө гэрт 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 16 цаг хүртэл 6 хоног байх хугацаанд амь насанд аюултай гэмтэл авсан байна. Шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн дүгнэлтэд дурдсан гэмтэл амь хохирогчийн биед учирсныг үгүйсгэхгүй ч уг гэмтлийг хэн, хэзээ, хэрхэн учруулсан талаар хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байгаа нөхцөл байдлыг шүүх тогтоохын тулд санаачилгаараа нэмэлт ажиллагаа хийлгэж, 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ЕГ025/348 дугаартай Нэмэлт шинжилгээ хийсэн бөгөөд уг дүгнэлтэд “...Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2023.06.15-ны өдрийн №1489 тоот дүгнэлтэд тусгагдсан зүүн талын олон хавирганы хугарал, өвчүү ясны хугарал, гэмтэл нь амь хохирогчид амилуулах ажиллагаа явуулахад учрах боломжтой талаар дурджээ. Өмгөөлөгчийн хувьд амь хохирогч Р нь эрүүл мэндийн хувьд удаан хугацаанд тогтворгүй  байсан, мөн ах Ц.А-д гомдсон асуудал байхыг үгүйсгэхгүй боловч амь хохирогчийн биед Ц.А халдсан улмаар гэмтэл учруулсан талаарх баримт хэрэгт цугларсан баримтын хүрээнд тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Өмгөөлөгчийн хувьд Ц.А-д эрх зүйн туслалцаа үзүүлж эхлэх үед буюу 2024 оны 02 дугаар сард Ц.А эрүүл мэндийн хувьд хорт хавдар өвчний эсрэг туяа эмчилгээ хийлгэж байсан үе бөгөөд дүү Ц.Р-н амь нас хохирсон асуудал болсноос хойш буюу 8 сар гаран хугацааны дараа гэнэт Эрүүгийн хэрэгт холбогдогчоор татсанд сэтгэл санаа тогтворгүй байдалтай байсан бөгөөд түүнтэй холбогдсон хэргийн нөхцөл байдлыг ар гэрийнхэнтэй нь ярилцан зөвхөн эрүүл мэнддээ анхаарах талаар хэлж,  хэргийг хуулийн дагуу шударгаар шийдвэрлэгдэх итгэл үнэмшилтэйгээр оролцож байсан болно. Анхан шатны шүүхэд хэргийг шийдвэрлэх хүртэл хугацаанд Ц.А-н мэндийн байдал харьцангуй дээрдэж байсан. Хэрэв Ц.А нь амь хохирогч Ц.Р-н эрүүл мэндэд ямар нэгэн хохирол санаатай учруулсан байсан бол түүний эрүүл мэнд одоогийн хэмжээнд дээрдэх байсан эсэхэд эргэлзэж байгаагаа дурдах нь зүйтэй юм. Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч “шүүгдэгчийг гэм буруугүй гэж үзэж байна” гэсэн дүгнэлтийг 2 удаа гаргасан. Гэтэл анхан шатны шүүх шийтгэх тогтоолын 7 дугаар талд зөвхөн амь хохирогч Ц.Р-н гэрчээр өгсөн мэдүүлэг болон түүний бусад хүнд ярьсан яриа буюу дамжмал нотлох баримтыг үнэлж, Ц.А-г гэм буруутайд тооцсон нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.

Хууль буруу хэрэглэсэн тухайд. Анхан шатны шүүх холбогдогч Ц.А-г гэм буруугийн хуралдаанаар хэргийг хэлэлцээд гэм буруутайд тооцсон бөгөөд өмгөөлөгч Ч.Ө, Л.Н бид үйлчлүүлэгч Ц.А-д шүүхийн гэм буруутайд тооцсон талаар тайлбарлан ойлгуулснаар тэрээр эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон. Өмгөөлөгч Ч.Ө болон Л.Н бид холбогдогч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцох эрхтэй тул Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар ялыг багасгах тухай санал гаргасан. Гэтэл анхан шатны шүүх Ц.А-г мөрдөн байцаалтын шатнаас өөрийн хийсэн үйлдлээ, холбогдсон хэргийн зүйлчлэлээ, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагавар зэргийг хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч Ц.А, түүний өмгөөлөгч нар гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцсэн байр суурьтай шүүх хуралдаанд оролцсон, түүнчлэн энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон хохирол арилах боломжгүй тул Эрүүгийн  хуулийн 6.7 дугаар зүйлийн хэрэглэх боломжгүй тухай дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч Ц.А-н хувьд анх удаа гэмт хэрэгт холбогдсон нь ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудсаар тогтоогдох бөгөөд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэж заасан нөхцөлийг хангаж байгаа болно. Мөн Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон  гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно гэж заасан. Эрүүгийн хуульд холбогдогчийг анхнаасаа үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн тохиолдолд л Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэх талаар ямар нэг нарийвчилсан, тусгайлсан зохицуулалт байхгүй бөгөөд өмгөөлөгч нар нь мэтгэлцэж хуралдаанд оролцсон нь Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэхгүй байх талаар хязгаарласан зохицуулалт байхгүй юм. Гэтэл анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн гэх үзэж байна. Миний үйлчлүүлэгч Ц.А-н хувьд 2023 оны 05 дугаар сард уушгины завсрын үрэвсэл эмчлүүлэх явцдаа цагаан мөгөөрсөн хоолойн хорт хавдар оношлогдсон бөгөөд эдийн шинжилгээгээр хавдрын 4 үе, элгэнд үсэрхийлсэн булчирхайлаг эсийн хавдар өвчнөөр оношлогдон, ... удаагийн хими, ... туяа  эмчилгээ хийлгээд байгаа болно. Ц.А-н өвчилсөн хавдар өвчин нь Монгол Улсад 5 дахь тохиолдлоор оношлогдсон бөгөөд Монгол улсад эмчлэх боломжгүй, Хууль зүй, дотоод хэргийн сайд, эрүүл мэндийн сайдын 2024 оны 02 дугар сарын 20-ны өдрийн А/48, А/70 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан Хорих, зорчих эрхийг хязгаарлах, нийтэд тустай ажил хийлгэх ял, баривчлах шийтгэлээс чөлөөлөх өвчний жагсаалтын 2 дугаар зүйлийн 2.1.13-д “Хорт хавдрын 2-3 дугаар үе”, 2.1.13.1-д “мэс засал хийх боломжгүй бүх төрлийн хавдар 2 дугаар үе ба түүнээс дээш үе” гэж заасан заалтад хамаарч байгаа юм. Монгол Улсад 5 дахь тохиолдол болж бүртгэгдсэн хавдрын сүүлийн шатанд оношлогдсон тул хөнгөвчлөх, тогтворжуулах хими, туяа эмчилгээ хийлгэж байсан болно. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянах хүрээнд холбогдогч Ц.А-г гэм буруутайд тооцох тохиолдолд анх удаа гэмт хэрэгт холбогдсон байдал, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг хэрэглэж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Ц.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний дүү Р нь Тахилтад ганцаараа амьдардаг байсан бөгөөд элэгний хатуурал, нойр булчирхай зэрэг хүнд өвчтэй, байнга эмнэлэгт хэвтдэг байсан. 2022 оны 12 дугаар сард манайд ирэхэд нь миний дүү бие муутай, ганцаараа гэртээ зутарч байхаар дулаан ортол манайд бид нартай амьдрах санал тавихад зөвшөөрч 2022 оны 12 дугаар сараас 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүртэл манайд амьдарсан. Манайд байх хугацаандаа хааяа шөнөөр босож явах, ухаан санаа нь балартан чармай нүцгэн өрөөнөөс өрөөнд орж гарах зэрэг элдэв үйлдэл гаргадаг байсан. А миний хувьд 2023 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Солонгос улс яваад тэнд байх хугацаанд миний бие эрс муудаж, буцаж гэртээ ирсэн. Намайг ирэхэд Р манайд байсан. 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 00-ын өрөөнд удаад байхаар нь хаалгыг нь тогшиход ямар ч хариу чимээ өгөөгүй. Ингээд хүргэн С-г утсаар дуудаж, хаалгыг нь хөшиж ороход ухаан алдаж унасан байдалтай байсныг гаргаж авсан. Ингээд 103 дуудаж үзүүлэхэд амин үзүүлэлт нь хэвийн байна гээд өвчин намдаах тариа хийгээд явсан. Энэ өдрөөс хойш бие нь тааруу, шээс нь гарахгүй байна гэдэг байсан. Би 2023 оны 05  дугаар сарын 11-ний өдөр 3 дугаар эмнэлэгт үзүүлэх цаг авсан байсан бөгөөд үзүүлэхээр явахдаа ахынх нь бие тааруу байна, 103 дуудаж үзүүлээрэй гэж охиндоо захиад явсан. Миний охин Э 103 дуудаж үзүүлээд дүү Т-г мөн дуудсан байсан. Түргэний эмч үзээд “эмнэлэгт хэвтүүлэх шаардлагатай хүн байна” гэхэд нь дүү Т хамт явж Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтүүлээд сахих шаардлагатай гэсэн учир орой болтол сахиж байсныг дүү Т очиж үргэлжлүүлэн 3 хоног сахисан. Нүүр биеийнх нь хаван бууж, биеийн байдал нь харьцангуй сайжирсан тул сахих шаардлагагүй гээд сахихыг нь болиулсан байсан. 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр эмнэлгээс гарах гээд манай хүргэн С-р гэрээс хувцсаа авхуулаад найзаараа гэртээ хүргүүлэхээр боллоо гээд *** **** тоотод гарсан байдаг. А миний бие 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр өглөө 3 дугаар эмнэлэгт үзүүлэхээр явснаас хойш ахиж дүүтэйгээ огт уулзаагүй болно. Р-г эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх үед би 3 дугаар эмнэлэгт дотор, зүрх, уушгины эмчид үзүүлж, зүрхний бичлэг, компьютер томограф, рентгенд харуулж, уушгины багтаамж шалгах зэрэг үзлэгт хамрагдсан. 2023 оны 05 дугаар сарын 07-ны өдөр цус, шээсний шинжилгээ өгөөд эмчийн өрөөнд ороход “таныг орны очерт бүртгэлээ, дуудсан цагт ирж хэвтээрэй” гэсэн. Ингээд 10 цагийн үед гэртээ ирээд, 11 цаг 30 минутын үед зээ охин А-г сургуулиас нь тосож аваад ирсэн. Дахин гэрээс гараагүй. 16 цаг 30 минутын үед хүргэн С 2 хүүхдээ цэцэрлэгээс нь авчирч өгөөд явсан. Удалгүй охин ирж бид дөрөвт хоол хийж өгөөд ажилдаа явсан. Охин нөхрийнхөө хамт 00 цаг 30 минутад ирээд бид унтаж амарсан. Энэ өдөр Ра манайд ирж хоноогүй. 2023 оны 05 дугаар сарын 18-ны өглөө 08 цагийн үед 3 дугаар эмнэлгээс залгаж, ор гарсан, та ирж хэвтээрэй. Ингээд охины хамт очиж хэвтсэн. Анх уушгины гуурсан хоолойн бөглөрөл гэсэн оноштой хэвтсэн. Эмч “...таны цагаан мөгөөрсөн хоолой дотор сэжиг бүхий зүйл байна” гээд дурангаар харахад хоолойн хананд 2 ургацаг байсныг эсийн шинжилгээнд явуулахад хортой хавдар болох нь тогтоогдсон. Цагаан мөгөөрсөн хоолойн хавдар 2 дугаар шатандаа орсон хүнд хэлбэрийн хавдар юм. Цаашид манайд хавдрын эмчилгээ хийдэггүй учир Хавдар судлалын төвд очиж үзүүлэх шаардлагатай гэсэн. 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр эмнэлгээс гарч гэртээ ирсэн. Бодит байдал дээр дүү бид хоёр 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс хойш уулзаагүй бөгөөд манайд ирээгүй нь үнэн болно. Р нь өвчин нь хүндэрсэн, ухаан санаа нь тогтворгүй байх үедээ “2023 оны 05 дугаар сарын 17-ны орой 5 шарын 4-26 тоотод амарч байхад ах А согтуу орж ирээд хоолоо идсэнгүй баашиллаа гэх зэргээр өшиглөж зодсон гэх яриа нь огт худал бөгөөд ийм асуудал болоогүй. Гэтэл улсын яллагч яллах дүгнэлтдээ “5 шарын *-** тоотод гэмт хэрэг үйлдэгдсэн” гэдэг бөгөөд энэ нь бодит байдалтай огт нийцдэггүй болно. Гэмт хэрэг үйлдэгдсэн гэж тогтоогдоогүй байхад хүчээр ял тулгаж шийдвэрлэсэн. Хохирогчийн биед учирсан хохиролд миний бие огт хамааралгүй болно. Шүүх нь гэрчийн мэдүүлэг, өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд тайлбарласан санал, түүний үндэслэх баримтуудыг огт тусгаагүй бөгөөд зөвхөн улсын яллагчийн байр суурийг үндэслэж хэтэрхий нэг талыг баримталж шийдвэр гаргасанд маш их харамсаж байна. Иймд давж заалдах шатны шүүх нягт нямбай дүгнэлт хийж, хэргийг шударгаар шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ц.А-н өмгөөлөгч Л.Намнансүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/756 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлүүдээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

1. Анхан шатны шүүх гэм буруугийн талаар дараах дүгнэлтийг хийсэн нь бодит байдалд нийцээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг эргэлзээгүй талаас нь харьцуулан дүгнэлт хийж чадаагүй, хуулиар нотлогдон тогтоогдвол зохих зүйлүүд (цаг хугацаа, газар)-ыг тогтоогдсон гэж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй болсон. Үүнд:

Анхан шатны шүүх гэм буруугийн талаар: "Шүүгдэгч Ц.А нь 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр **** дүүргийн * дугаар хороо, Станцын ** дүгээр байрны ** тоотод төрсөн дүү Ц.Р-г хоолоо идсэнгүй, босохгүй маяглаж баашлаад хэвтлээ гэх шалтгааны улмаас цээж, хэвлийн тус газарт нь гуталтай хөлөөрөө 3-4 удаа өшиглөж цээжний баруун талын олон хавирганы xyrapaл, цээжний баруун хөндийн нөж болон цус хуралдалт, хэвлийн цус хуралт бүхий хүнд хохирлыг санаатай учруулсны улмаас хохирогч Ц.Р нь 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаад 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр нас барсан үйл баримт амь хохирогч Ц.Р-н гэрчээр өгсөн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Г, гэрч Б.У, А.А, Б.Н нарын мэдүүлэг, Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын шинжээчийн 1489 дугаартай дүгнэлт, шинжээч эмч Т.А мэдүүлэг, амь хохирогч Ц.Р-н Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн талаарх баримт, өвчний түүх зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв гэж үнэлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно. Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр амь хохирогч Ц.Р-н биед цээжний баруун, зүүн талын олон хавирганы хугарал, өвчүү ясны хугарал, цээж, хэвлийн цус хуралт, хөлийн шарх гэмтэл тогтоогдсон бөгөөд харин Ц.Р нь 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн ирж хэвтэх үед ...Цээжний КТГ-д дээр баруун талд далны шугам болон эгэмний дунд шугам хүртэл 2, 3 дугаар хавирга хоёрлосон, 4, 5, 6, 7, 8, 9, 10 дугаар хавирга яснууд эгэмний дунд болон суганы урд шугамаар зөрөө багатай хугаралтай гэсэн оноштой байжээ. Үүнээс үзэхэд цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр ТОГТООГДСОН цээжний зүүн талын олон хавирганы хугарал, өвчүү ясны хугарал гэмтэл нь амь хохирогчид амилуулах ажиллагаа явуулахад үүссэн болох нь шинжээчийн ЕГ0525/348 дугаартай дүгнэлтээр нотлогдож байна. Шинжээч эмч амь хохирогчид цаг алдалгүй эмнэлгийн тусламж үзүүлсэн тохиолдолд амь нас аврагдах боломжтой, талийгаач нь элэг хатуурал, хэвлийн усжилт, нойр булчирхайн архаг үрэвсэл өвчтэй байна, энэ нь үхэлд хүргэхэд нөлөөлнө. ...” гэсэн дүгнэлтийг хийсэн нь бодит байдалд нийцээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг эргэлзээгүй талаас нь харьцуулан дүгнэлт хийж чадаагүй, хуулиар нотлогдон тогтоогдвол зохих зүйлүүдийг тогтоогдсон гэж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй болсон.

1.1. Гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацааг тогтоогоогүй, хэрэгт авагдсан ямар ч баримтаар тогтоогдоогүй байхад Ц.А-д хүчээр ял тулгаж оногдуулсан нь хууль ёсны бус, үндэслэлгүй болсон тухайд: Улсын яллагч нь яллах дүгнэлтээрээ “... 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр ...” гэх байдлаар гэмт хэрэг болсон гэх цаг хугацааг тодорхойлж шүүхэд оруулж ирсэн байдаг. Гэтэл яллах дүгнэлтээр гэмт хэрэг болсон гэх хугацааг ийнхүү тодорхойлсон явдал нь хэргийн бодит байдалд огт нийцдэггүй. Учир нь, улсын яллагчаас энэ цаг хугацааг хаанаас, ямар эх сурвалжаас тодорхойлсон талаар шүүхийн мэтгэлцээний явцад торуулахад хохирогч ийнхүү тууштай мэдүүлсэн гэх байдлаар тайлбарладаг ба хохирогчийн мэдүүлгээс өөр ямар нэгэн эх сурвалж бүхий нотлох баримтыг зааж чадаагүй. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримт болох Сонгинохайрхан дүүргийн эмнэлгийн баримтаар 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр уг эмнэлгээс гарсан болох нь хөдөлгөөнгүй тогтоогддог бөгөөд улсын яллагч үүнтэй маргадаггүй. Мөн уг эмнэлгээс хохирогч Ц.Р-г өөрийн машинаар гаргаж авсан түүний найз болох Б-с мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд удаа дараа гэрчийн мэдүүлэг авахад тухайн өдөр эмнэлгээс өөрийн машинаар аваад ***** дүүргийн ** дугаар хороо***** тоот гэрт нь хүргэж өгсөн, хүргэж өгөөд явах үед оройны 16 цаг орчим болсон, Ц.Р нь ганцаараа явах боломжгүй байсан, би түшиж машинд суулгаж байсан, усыг нь авч өгөөд галыг нь түлж өгөөд явсан гэж тодорхой мэдүүлгийг тууштай өгсөн байгаагаар хохирогч “***** дүүргийн ** дугаар хороо***** тоот өөрийн гэрт хүргүүлсэн, тэнд үлдсэн” болох ямар нэгэн эргэлзээгүй тогтоогддог. Энэ ямар нэгэн эргэлзээ байхгүйгээр бүрэн тогтоогддог. Улсын яллагч мөн үүнтэй маргадаггүй. Анхан шатны шүүх нь цаг хугацааны талаар дүгнэлт хийхдээ энэ үйл баримт болон нотлох баримтын талаар ямар нэгэн тайлбар, дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчсөн. Мөн хохирогч Ц.Р-г эмнэлгээс гаргасан өдөр буюу 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр ***** дүүргийн ** дугаар хороо***** тоот ирээгүй, тэнд хоноогүй болохыг уг тоотод хоносон нэр бүхий гэрч нар буюу Я.С, А.Э нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэрч нарын мэдүүлгээр хангалттай тогтоогддог. Үүнийг шүүx хуралдаанд өгсөн уг гэрч нарын мэдүүлэг нотолдог. Анхан шатны шүүх нь улсын яллагчаас цаг хугацааг дээрх байдлаар тодорхойлж байгаа нь хэргийн бодит үйл баримт, хэрэгт авагдсан гэрч нарын тодорхой мэдүүлэг зэргээр үгүйсгэгдэн няцаагдаж байхад тал бүрээс нь анхаарч хэрэгт авагдсан нотлох баримтуудын зөрүүтэй байдал, тэднийг эргэлзээгүй талаас нь нягт нямбай харьцуулан дүгнэлт хийж чадаагүй. Дээрх бодит үйл баримт байдлаас хохирогч Ц.Р нь 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр ***** дүүргийн ** дугаар хороо*****  тоотод найзаараа хүргүүлэн ирсэн, харин буруутгагдаж байгаа Ц.А нь 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр өглөө ***** дүүргийн ** дугаар хороо***** тоот гэрээсээ 07 цагийн үед гарч Улсын Гуравдугаар Нэгдсэн эмнэлэг орж шинжилгээ өгч, 10 цагийн үед Станцын 4-26 тоот гэртээ ирж тэндээ хоносон, 18-ны өглөө эрт Улсын Гуравдугаар эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн, 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс хойш хохирогч Ц.Р болон Ц.А нар таараагүй, уулзалдаагүй байхад огт үндэслэлгүй дүгнэлт өгсөн. Энэ бол хэргийн бодит үйл баримт бөгөөд хэрэгт авагдсан дээрх гэрч нарын мэдүүлэг болон Сонгинохайрхан дүүргийн эмнэлгээс гарсан баримтаар хангалттай тогтоогддог. Түүнчлэн улсын яллагч нь 17-ны өдөр гэхээс өөрөөр ямар нэгэн цаг хугацааг ч яллах дүгнэлтээрээ тодорхойлж орж ирээгүй байдаг. Энэ талаар шүүхийн шатанд мэтгэлцээн өрнөхөд 17 цагийн үед гэх хэрэгт авагдсан аль ч нотлох баримтаар тогтоогдоогүй цагийг өөрийн үзэмжээр гарган ирсэн. Үүнийг шүүх шударгаар дүгнэж үндэслэл бүхий дүгнэж чадаагүй. Энэ нь хэрэгт авагдсан ямар баримтаар тодорхойлогдон тогтоогдож байгаа талаар ч дүгнэлт хийгээгүй хэргийг шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх “...16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан...” гэх тайлбарыг хийсэн нь үндэслэлгүй. Тодруулах биш тогтоох ёстой. Тогтоогдохгүй бол шударгаар дүгнэлт хийх ёстой. Хүний хувь заяаны асуудлыг шийдэж байж хэрэгт ийм байдлаар хандсанд маш их гомдолтой байна.

Хэдийгээр хохирогчийн мэдүүлэгт 17-ны өдөр гэх зүйл дурдагддаг боловч хэргийн бусад баримтаар давхар нотлогдон тогтоогдох ёстой. Энэ талаар анхан шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд нягт нямбай анхаарч, нягтлах, харьцуулах замаар үнэн зөв эргэлзээгүй дүгнэлт хийж чадаагүй. Түүнчлэн хохирогчийн мэдүүлэгт 17, 19 гэх өөр өөр цаг хугацаанууд ч дурдагдаж түүний мэдүүлэгт эргэлзэх үндэслэл бий болсон байхад мөн л энэ талаар дүгнэлт өгөөгүй хэргийг шийдвэрлэсэн. Тиймээс анхан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй. Мөн хохирогч нь 05 сарын 11-ний өдрөөс хойш удаа дараа эмнэлгийн байгууллагаас эмчилгээ, үйлчилгээ авах үед эмнэлгийн ажилчид буюу гэрчээр мэдүүлэг өгсөн нэр бүхий эмнэлгийн ажилчид хохирогч ухаан санааны хувьд орж гарсан, тогтворгүй нөхцөл байдалтай байсан болохыг тухай бүр тодорхой мэдүүлсэн байдаг. Энэ талаар анхан шатны шүүх огт дүгнэлт өгөөгүй хэргийг шийдвэрлэсэн.

1.2. Гэмт хэрэг үйлдэгдсэн гэх газрыг тогтоогоогүй, хэрэгт авагдсан ямар ч баримтаар тогтоогдоогүй байхад Ц.А-д хүчээр ял тулгаж оногдуулсан нь хууль ёсны бус, үндэслэлгүй болсон тухайд: Улсын яллагч нь яллах дүгнэлтээрээ “***** дүүргийн ** дугаар хороо***** тоот ...” гэх байдлаар гэмт хэрэг болсон гэх газрыг тодорхойлж шүүхэд оруулж ирсэн байдаг. Гэтэл яллах дүгнэлтээр гэмт хэрэг болсон гэх газрыг ийнхүү тодорхойлсон байдал нь хэргийн бодит байдалд огт нийцдэггүй. Учир нь ***** дүүргийн эмнэлгийн хохирогч Ц.Р-г эмнэлгээс 17-ны өдөр гаргасан үеийн эмнэлгийн баримт, гэрч Б-н хохирогч Ц.Р-г 17-ны өдөр өөрийн машинаар эмнэлгээс авч ***** дүүргийн ** дугаар хороо***** тоот  гэрт нь хүргэж өгсөн, усыг нь авч, галыг нь түлж өгөөд явсан гэх мэдүүлэг, гэрч Я.С, А.Э нарын 17-ны өдөр хохирогч Ц.Р ***** дүүргийн ** дугаар хороо***** тоотод ирээгүй, тэнд байгаагүй, ирж хоноогүй гэх мэдүүлэг, Ц.А-н 05 сарын 11-ний өдрөөс хойш өөрийн дүү Ц.Р-тай уулзаагүй гэх мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г-н 2023 оны 05 сарын 19-ний өдөр ***** дүүргийн ** дугаар хороо***** тоот гэрт нь очсон чинь аав гэртээ ганцаараа байсан.” гэх мэдүүлэг, гэрч А.Т-н 2023 оны 05 сарын 21-ний өдөр нөхрийн хамт хохирогч Ц.Р-н ***** дүүргийн ** дугаар хороо***** тоот гэрт нь очих үед гэртээ ганцаараа байсан бөгөөд хувцсыг нь угааж, гэрийг нь цэвэрлэж өгөөд явсан, энэ үед ямар нэгэн зүйл яриагүй” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдэгдсэн гэх газар нь бүхэлдээ үгүйсгэгддэг. Хэрэгт авагдсан эдгээр нотлох баримтуудаар яллах дүгнэлтийн энэ хэсэг бүхэлдээ үгүйсгэгдэж, бусдыг хилсээр яллах эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн байхад анхан атны шүүх эргэлзээгүй, үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадаагүй. Хэдийгээр хохирогчийн мэдүүлэгт “***** дүүргийн ** дугаар хороо***** тоотод” гэж дурдагддаг боловч хэргийн бусад баримтаар тогтоогдоогүйн дээр энэ нь бүхэлдээ дээрх нотлох баримтуудаар үгүйсгэгдэн няцаагддаг. Өөрөөр хэлбэл, хохирогч нь 05 сарын 11-ний өдрөөс хойш “***** дүүргийн ** дугаар хороо***** тоотод ирээгүй” болох нь хэргийн баримтаар эргэлзээгүй тогтоогддог. Хэрэв хохирогч 05 сарын 11-ний өдрөөс хойш “***** дүүргийн ** дугаар хороо***** тоотод ирээгүй” бол тэнд гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэх үндэслэлгүй болох бөгөөд хохирогчийн биед учирсан хохирол гэх нь Ц.А-д ямар ч хамааралгүй өөр бусад үйлдэл, үйл ажиллагаатай хамааралтай болох нөхцөл байдал үүсэхээр байна. Энэ нөхцөл байдалтай холбоотойгоор хэргийн жинхэнэ бодит байдлыг тогтоож чадалгүйгээр Ц.А-тай муйхраар холбож хэргийг хэт хийсвэр байдлаар шийдвэрлэсэнд туйлын их гомдолтой байна. Энэ талаар тайлбарлан мэтгэлцсээр байхад анхан шатны шүүх нь улсын яллагчийн бодит бус, тогтоогдоогүй, хэрэгт авагдсан баримтуудаар үгүйсгэгдсэн нөхцөл байдалд шударгаар дүгнэлт хийж чадаагүй. Хохирогчийн мэдүүлгийн дангаар нь бусад нотлох баримтаас илүүд үнэлсэн боловч хэрэгт авагдан бэхжигдсэн дээрх нотлох баримтуудтай харьцуулан дүгнэлт хийгээгүй, харьцуулан дүгнэлт хийхэд ямар нөхцөл байдал тогтоогдож байгаа талаар ч огт дүгнэлт хийгээгүй, илэрхий хэрэгт авагдсан дээрх нолох баримтуудаар хохирогчийн мэдүүлэг цаг хугацааны хувьд болон газар орон зайн аль ч нөхцөл байдлаар нь бүрэн үгүйсгэгдэж байхад эдгээр нотлох баримтуудыг хэрэгт авагдсан ямар нотлох баримт, хэрхэн үгүйсгэн няцааж байгаа талаар нэг ч өгүүлбэрээр тайлбар, дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй. Түүнчлэн хохирогчийн ухаан санаа орж гарсан байдалтай, тогтворгүй байсан талaap эмнэлгийн байгууллагын ажилчид тухай бүр тэмдэглэж, энэ талаараа гэрчийн мэдүүлгүүдийг өгсөн, мөн хохирогч нь хэвийн амьдрал дээр ч шөнийн цагаар ухаан санаа балартсан байдалтайгаар үйлдэл, хөдөлгөөн хийж, ухаан санаа хэвийн бус байсан гэдгийг гэрч Я.С, А.Э нар тодорхой мэдүүлдэг. Энэ нөхцөл байдлын талаар анхан шатны шүүх ямар нэгэн тайлбар хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны болоогүйг харуулж байна.

1.3. Хохирогч Ц.Р нь 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо, Станцын 4-26 тоотод ирсэн бол “Хэрхэн, яаж ирсэн; хэн xүргэж ирсэн’’ талаар, мөн буцаад ***** дүүргийн ** дугаар хороо***** тоот гэртээ ирсэн бол “Хэзээ, хэрхэн, яаж ирсэн, хэн хүргэж ирсэн” талаар тогтоогоогүй, хэрэгт авагдсан ямар ч баримтаар тогтоогдоогүй байхад Ц.А-д хүчээр ял тулгаж оногдуулсан нь хууль ёсны бус, үндэслэлгүй болсон тухайд: Хэрэгт нотолбол зохих зүйл нотлогдон тогтоогдсон гэж улсын яллагч болон анхан шатны шүүх дүгнэсэн ба хэрэг болсон цаг хугацаа болон газрыг “***** дүүргийн ** дугаар хороо***** тоот т” гэж тайлбарласан. Гэтэл 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн эмнэлгээс өөрийн найз Бат-Өлзийгөөр өөрийн гэр болох ***** дүүргийн ** дугаар хороо***** тоот  хүргэгдсэн хохирогч нь уг өдрөө “***** дүүргийн ** дугаар хороо***** тоот”-од ирсэн бол “Хэрхэн, яаж ирсэн, хэн хүргэж ирсэн” талаар нотлон тогтоох ёстой. Тэгж байж хэрэг гэх нь уг газарт болсон гэх дүгнэлт өгөх үндэслэл болох юм. Энэ үйл баримтыг буюу нотолбол зохих зүйлийг нотлон тогтоогоогүй байж нотлон тогтоосон мэтээр хэтэрхий хийсвэр дүгнэлт хийсэн нь маш том алдаа болсон. Тодруулж хэлбэл, улсын яллагч болон шүүх нь энэ үйл баримтыг тогтоосон гэж байнга тайлбарлаж байх боловч хэрэгт ямар нэгэн, нэг ширхэг ч ийм нотлох баримт байхгүй. Дахин хэлэхэд, энэ талаар нэг хуудас ч нотлох баримт байхгүй бөгөөд бүхэлдээ үгүйсгэгдэн няцаагдсан, хохирогч нь 17-ны өдөр “***** дүүргийн ** дугаар хороо***** тоот”-од очсон гэх, тэнд байсан гэх үйл баримт тогтоогдоогүй. Хэргийн хувь заяаг шийдвэрлэх хэмжээний чухал ач холбогдол бүхий үйл баримт хэрэгт тогтоогдоогүй байхад энэхүү нотлогдон тогтоогдоогүй үйл баримтын талаар огт дүгнэлт хийлгүйгээр, энэ талаар дүгнэлт хийхээс илтэд зайлсхийж орхигдуулсан байдлаар хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг ноцтойгоор зөрчсөн. Нотлогдон тогтоогдоогүй нь өөрөө Ц.А-н үйлдлийг цагаатгах хангалттай үндэслэл болохоор байна. Түүнчлэн гэрч Р.Г-н мэдүүлгээр “2023 оны 05 сарын 19-ний өдөр ***** дүүргийн ** дугаар хороо***** тоот гэрт нь очсон чинь аав гэртээ ганцаараа байсан” гэх, мөн гэрч А.Т-н “2023 оны 05 сарын 21-ний өдөр нөхрийн хамт хохирогч Ц.Р-н ***** дүүргийн ** дугаар хороо***** тоот гэрт нь очих үед гэртээ ганцаараа байсан” гэх мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдож байгаа үйл баримттай холбоотойгоор хохирогч нь “***** дүүргийн ** дугаар хороо***** тоот”-оос явсан бол ***** дүүргийн ** дугаар хороо***** тоот гэртээ “Хэзээ, хэрхэн, яаж ирсэн, хэн хүргэж ирсэн” талаар мөн л нотлон тогтоох ёстой. Гэтэл дээрхтэй нэгэн адилаар энэ үйл баримт буюу нотолбол зохих зүйлийг нотлон тогтоож чадаагүй. Энэ талаар хэрэгт авагдсан нэг ч баримтыг зааж чадаагүй, тайлбарлаж үндэслэл болгож чадаагүй, нэг ч болов өгүүлбэрээр дүгнэлт хийж чадаагүй болно. Хэрэгт нэг хуудас ч нотлох баримт байхгүй юм. Ийм байхад хэт хийсвэрлэн дүгнэлт хийж, нотлох баримтгүйгээр бодит байдалд нийцэхгүйгээр хэргийг хүчээр шийдвэрлэж Ц.А-д ял тулгаж хэлмэгдүүлсэн хууль бус шийдвэр болсон. Тиймээс анхан атны шүүхийн шийдвэрт маш их гомдолтой байна.

2. Анхан шатны шүүх нь гэрч Р.Г, Б.У, П.Ч, Б.Н нарын мэдүүлгийг шууд нотлох баримтаар үнэлсэн нь үндэслэлгүй, тэдний мэдүүлж буй агуулгын эх сурвалж нь шууд харсан, үзсэн гэрчийн мэдүүлэг буюу анхдагч эх сурвалж бүхий биш харин хоёрдогч эх сурвалжтай байгааг анхаараагүй тухайд: Анхан шатны шүүх Р.Г, Б.У, П.Ч, Б.Н нарын мэдүүлгийг шууд нотлох баримтаар үнэлж, хэрэгт дүгнэлт өгсөн. Гэтэл эдгээр гэрч нар нь улсын яллагчаас яллах дүгнэлтээрээ тодорхойлж оруулж ирсэн үйл баримтыг шууд харсан, үзсэн, дэргэд нь байсан гэрч нар биш юм. Гагцхүү хохирогчоос хэлсэн, ярьсан агуулгыг дамжмал байдлаар мэдүүлсэн эх сурвалж бүхий мэдүүлгүүд бөгөөд эдгээр гэрч нарын мэдүүлгүүд нь бүгд хохирогч руу эх сурвалжаа заан чиглүүлсэн байдаг. Гэтэл хохирогчийн мэдүүлсэн нөхцөл байдал нь өөрөө эргэлзээтэй, хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдоогүй, хамгийн гол нь хэрэгт авагдсан бөгөөд дээр дурдсан Б, Я.С, А.Э, Т нарын гэрчийн мэдүүлгүүд болон эмнэлгээс гарсан, хэвтсэн баримтуудаар үгүйсгэгдэн няцаагддаг. Энэ нөхцөл байдлын талаар анхан шатын шүүх нотлох баримтын эх сурвалжийг нягтлах болон харьцуулах замаар эргэлзээгүйгээр үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадаагүй.

3. Анхан шатны шүүх нь нэр бүхий гэрч нарын мэдүүлэг, эмнэлгийн түргэн тусламжийн дуудлага бүртгэлд дурдагдаад байгаа “Нойлын өрөөнд хажуу талаараа унасан” байдалтай байсан талаарх үйл баримт, өгүүлэмжийн талаар огт дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй тухайд: Хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Я.С, А.Э, Т нарын мэдүүлгээр “Хохирогч нь ариун цэврийн өрөөнд ороод гарч ирэхгүй удсан ба хаалгыг онгойлгох гэтэл хаалга түгжээтэй байсан, хаалгыг эвдэж орох үед хажуу талаараа унасан ухаангүй байсан тул түргэн дуудсан” талаар хангалттай тодорхой мэдүүлдэг. Тухайн үйл баримттай холбоотойгоор яаралтай түргэн тусламжид дуудлага өгсөн, мөн Сонгинохайрхан дүүргийн эмнэлэгт 05 сарын 11-ний өдрөөс хэвтэн эмчлүүлэх үедээ ариун цэврийн өрөөнд хажуу талаараа унасан ухаангүй байсан” гэх дуудлагын өгүүлэмжээр эмнэлэгт хүргэгдэн хэвтэн эмчлүүлэх болсон, энэ талаар эмчийн гэрчийн мэдүүлэгт тусгагдсан байдаг. Энэхүү үйл баримтын талаар өмгөөлөгч нар шүүх хуралдаан дээр тайлбарлан мэтгэлцсэн байхад анхан шатны шүүх нь хэргийн тухайн үйл баримтын талаар нэг ч өгүүлбэрээр дүгнэлт хийлгүй орхиж, хохирогчийн биед учирсан гэх баруун талд далны шугам болон эгэмний дунд шугам хүртэл 2, 3 дугаар хавирга хоёрлосон, 4, 5, 6, 7, 8, 9, 10 дугаар хавирга яснууд эгэмний дунд болон суганы урд шугамаар зөрөө багатай хугаралтай...” гэмтэл нь тухайн үйл баримттай шалтгаант холбоотой эсэх, түүний улмаас үүссэн эсэх талаар огт дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна. Тиймээс анхан шатын шүүхийн шийдвэр хэрэгт тодорхойлогдсон зарим үйл баримтын талаар дүгнэлт хийгээгүй орхигдуулснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчсөн. Нэг ойролцоо цаг хугацаанд бий болсон үйл баримтын талаар заавал ялган салгаж, үндэслэл бүхий дүгнэлт хийх ёстой байхад нэг хэсэгт нь дүгнэлт өгч, нөгөө хэсэгт нь дүгнэлт хийхгүйгээр орхиж шийдвэрлэсэн байгаа нь өөрийн эрхгүй анхаарал татах шалтгаан, мөн хэрэгт бүрэн дүгнэлт өгч чадаагүйн нотолгоо болж байна. Бодит байдал дээр хохирогч нь уг шалтгаанаар эмнэлгийн яаралтай тусламжийн үйлчилгээ авч, Сонгинохайрхан дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байдаг болно. Тиймээс тухайн үйл баримтад дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэх ямар ч боломжгүй.

4. Анхан шатны шүүх нь хохирогчийн биед учирсан гэмтлүүд, тэдгээр гэмтлүүдийн аль гэмтлийн үр дагавраас шууд шалтгаантайгаар амь хохирох нөхцөл байдал үүссэн, эсхүл тэдгээр гэмтлүүдээс шууд шалтгаантайгаар бус буюу хохирогчийн суурь өвчин эмгэгийн нөлөөнөөс амь хохирох болсон эсэх талаар эргэлзээгүй үндэслэл бүхий дүгнэлт өгч хэргийг шударгаар шийдвэрлэж чадаагүй байгаа тухайд: Анхан шатны шүүх “Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр амь хохирогч Ц.Р-н биед цээжний баруун, зүүн талын олон хавирганы хугарал, өвчүү ясны хугарал, цээж, хэвлийн цус хуралт, хөлийн шарх гэмтэл тогтоогдсон бөгөөд харин Ц.Р нь 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн ирж хэвтэх үед ...Цээжний КТГ-д дээр баруун талд далны шугам болон эгэмний дунд шугам хүртэл 2, 3 дугаар хавирга хоёрлосон, 4, 5, 6, 7, 8, 9, 10 дугаар хавирга яснууд эгэмний дунд болон суганы урд шугамаар зөрөө багатай хугаралтай гэсэн оноштой байжээ. Үүнээс үзэхэд цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр тогтоогдсон цээжний зүүн талын олон хавирганы хугарал, өвчүү ясны xyгарал гэмтэл нь амь хохирогчид амилуулах ажиллагаа явуулахад үүссэн болох нь шинжээчийн ЕГ0525/348 дугаартай дүгнэлтээр нотлогдож байна. Шинжээч эмч амь хохирогчид цаг алдалгүй эмнэлгийн тусламж үзүүлсэн тохиолдолд амь нас аврагдах боломжтой, талийгаач нь элэг хатуурал, хэвлийн усжилт, нойр булчирхайн архаг үрэвсэл өвчтэй байна, энэ нь үхэлд хүргэхэд нөлөөлнө. Гэмтэл авснаас тодорхой хугацаанд амьд явах боломжтой гэж дүгнэлтдээ дурдсан байх ба хэрэв амь хохирогч Ц.Р хүнд гэмтэл авсан даруйдаа цаг алдалгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан бол амь нас аврагдах боломжтой байхад эмнэлгийн байгууллагад хандалгүй цаг алдаж, биедээ авсан хүнд гэмтлээ даамжруулсан нөхцөл байдал тогтоогдож байна. Хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн хүн тодорхой сэдэлтээр хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахыг хүсэж, өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус, аюултай шинжийг ойлгож ухамсарласны үндсэн дээр хүний амь насыг хохирооход чиглэсэн үйлдлийг зориуд хийдэг. Харин хүнд гэмтэл санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг нь бусдад хүнд гэмтэл учруулах үйлдлийг санаатайгаар хийсэн боловч хохирогч нас барахыг тооцоолоогүй, хохирогчийн үхлийг шууд хүсээгүй байдгаараа хүнийг санаатай алах гэмт хэргээс ялгагдана. ... Иймд шүүгдэгч Ц.А-н хохирогч Ц.Р-н цээж, хэвлий тус газарт 3-4 удаа өшиглөж хүнд хохирол учруулсны улмаас хохирогчийн амь насыг хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан талаарх улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов” гэсэн дүгнэлтийг хийсэн нь үндэслэлгүй болсон. Учир нь, хохирогчийн биед учирсан гэх гэмтлүүдээс “Цээжний KTГ-д дээр баруун талд далны шугам болон эгэмний дунд шугам хүртэл 2, 3 дугаар хавирга хоёрлосон, 4, 5, 6, 7, 8, 9, 10 дугаар хавирга яснууд эгэмний дунд болон суганы урд шугамаар зөрөө багатай хугаралтай” гэх гэмтлийг хэзээ, хэрхэн, юунаас болж учирсан болохыг хэрэгт авагдсан баримтаар бүрэн бодитой тогтоож чадаагүйн дээр хохирогчийн “Цээжний зүүн талын олон хавирганы хугарал, өвчүү ясны хугарал гэмтэл нь амь хохирогчид амилуулах ажиллагаа явуулахад үүссэн болох нь шинжээчийн ЕГ0525/348 дугаартай дүгнэлтээр нотлогдож байна” гэх хугарал, гэмтэл нь, өөрөө хохирогчийн амь хохирох шалтгаан нөхцөл болсон эсэх талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй байна. Мөн амь хохирогчид цаг алдалгүй эмнэлгийн тусламж үзүүлсэн тохиолдолд амь нас аврагдах боломжтой...” талаар шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан байгааг анхан шатны шүүх өөрөө хүлээн зөвшөөрч дүгнэсэн байна. Түүнчлэн анхан шатны шүүх нь шинжээч эмчийн “...талийгаач нь элэг хатуурал, хэвлийн усжилт, нойр булчирхайн архаг, үрэвсэл өвчтэй байна, энэ нь үхэлд хүргэхэд нөлөөлнө” гэснийг үгүйсгээгүй байна. Анхан шатны шүүхийн эдгээр дүгнэлт болон хүлээн зөвшөөрч үгүйсгээгүй нөхцөл байдлууд нь дээрх 2 тусдаа гэмтлүүдийн аль нь амь хохирох шалтгаан болсон, эсхүл шинжээчийн дүгнэлтээр тодорхойлоод байгаа элэг хатуурал, хэвлийн усжилт, нойр булчирхайн архаг үрэвсэл өвчин нь үхэлд хүргэсэн” эсэх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэж чадаагүй. Тиймээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд , үндэслэл бүхий болж чадаагүй. Түүнчлэн дээрх нөхцөл байдлыг зөв ялган дүгнэлт хийж чадсанаар хамгийн наад зах нь зүйлчлэлийн асуудал ч хөндөгдөх, өөрчлөгдөх нөхцөл байдал үүсэхээр байна. Тиймээс давж заалдах шатны шүүх нягт нямбай дүгнэлт хийж, хэргийг шударгаар шийдвэрлэж өгнө үү.

5. Анхан шатын шүүх нь шийдвэрийн тодорхойлох нь хэсэгтээ “Өмгөөлөгч нараас шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбар, мэтгэлцээн, шинжлэн судлуулсан нотлох баримтуудыг бүхэлд нь оруулаагүй орхигдуулсан” байгаа зөрчлийн тухайд: Анхан шатны шүүх нь шийтгэх тогтоолын тодорхойлох нь хэсэгтээ өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд тайлбарласан санал, түүний үндэслэл, баримтуудыг огт тусгаагүй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтыг зөрчсөн үр дагаврыг үүсгэж байна. Хуулиар тодорхой шаардлага тавигдсан байхад өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд тайлбарласан санал, түүний үндэслэл, баримтуудыг дурдахгүйгээр, зөвхөн улсын яллагчийн байр суурь, дүгнэлт, түүний үндэслэл болсон баримтуудыг жагсаан дурдаж шийтгэх тогтоолын тодорхойлох нь хэсэгтээ тусгажээ. Тиймээс шийтгэх тогтоолоор өмгөөлөгч нар ямар санал, үндэслэл гаргасан, тэдгээрийн үндэслэл бодсон баримтууд нь ямар баримтууд байсан талаар харах бодомжгүй, улмаар түүнийг шүүх хэрхэн, ямар байдлаар үгүйсгэн няцаасан болох нь ойлгогдох боломжгүй, хуулийн дээрх шаардлагыг ноцтой зөрчсөн байна. Тиймээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Иймд дээрх үндэслэлүүдээр нэг бүрчлэн дүгнэлт өгч анхан шатын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэргийг шударгаар дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэж өгнө үү. Эсхүл шүүгдэгчийг цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Прокурор Н.Анхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/756 дугаар шийтгэх тогтоолыг хууль ёсны гарсан гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу явуулсан. Гэмт хэрэг 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр үйлдэгдсэн болохыг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоосон гэж үзэж байна. Гэмт хэрэг гарсан цаг хугацааг тогтоохдоо хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан баримтыг үндэслэн жил, сар, хоногоор тооцож гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тодорхой хуульчилсан. Гэрчийн мэдүүлгийг үндэслэн прокуророос эрүүгийн үүсгэж яллагдагчаар татсан. Давж заалдах гомдолд гэмт хэрэг гарсан цагийг тогтоох ёстой гэж дурдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд цагийг тодорхой заах ёстой гэж хуульчлаагүй. Гэмт хэрэг гарсан цаг хугацааг 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр гэж тогтоосон. Мөн гэмт хэргийн шинжгүй гэж давж заалдах гомдолдоо дурдсан. Шийтгэх тогтоолд прокурорын яллах үндэслэлийг тодорхойлсон байна. Энэхүү яллах талын баримтыг өмгөөлөгчийн зүгээс хэрхэн няцаасан нь тодорхойгүй байна. Гэрч нарын болон амь хохирогчийн мэдүүлгүүдийг үндэслэлтэй гэж үзнэ. Амь хохирогчийн зүгээс “Ц.А намайг зодсон” гэдгийг шууд нэрлэн заасан. Мөн гэрч нарт энэ талаараа хэлсэн байдаг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хууль зүйн үндэслэлийг дэлгэрэнгүй байдлаар дурдсан. Гэмт хэргийг цагаатгаж шийдвэрлэхэд хууль зүйн үндэслэлтэй байх хэрэгтэй. Гэрч нарын мэдүүлгийг агуулгаар нь авч үзэхэд хоорондоо зөрүүгүй. Болсон үйл явдлыг тогтоосон гэж үзэж байна. Өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан эмнэлгээс гараад тэр тоотод очсон гэж ярьж байгаа нь энэ хэрэгт ач холбогдолгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна . ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Шүүгдэгч Ц.А нь 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр ***** дүүргийн ** дугаар хороо***** тоотод хохирогч Ц.Р-г “Хоолоо идсэнгүй баашилсан" гэх шалтгааны улмаас цээж, хэвлийн тус газарт нь гуталтай хөлөөрөө 3-4 удаа өшиглөж “цээжний баруун, зүүн талын олон хавирганы хугарал, өвчүү ясны хугарал, цээж, хэвлийн цус хуралдалт” бүхий хүнд хохирлыг санаатай учруулсны улмаас хохирогч Ц.Р нь 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаад 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр нас барсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

амь хохирогч Ц.Р-н гэрчээр өгсөн “...Би 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр өөрийн төрсөн ах Ц.А-н гэр ***** дүүргийн ** дугаар хороо***** тоотод амарч байсан чинь манай ах А согтуу намайг унтаж байхад миний цээж хэвлий рүү гуталтай хөлөөрөө чи босож хоолоо ид, мөн намайг бие муу хэвтэж байна гэхэд маяглаад байна гээд 3-4 удаа өшиглөөд бос гэсэн. Би амьсгалж чадахгүй тухайн үед ухаан алдсан бөгөөд тэр өдөр намайг ухаан ороход би гэрт нь ганцаараа манай ах 3-р эмнэлэгт хэвтэхээр явсан байсан. ...Намайг миний төрсөн ах Ц.А нь согтуудаа 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр “босохгүй маяглаад хэвтээд байна” гэсэн шалтгаанаар цээж болон хэвлий рүү 3-4 удаа хөлөөрөө өшиглөж гэмтээсэн. Намайг манай ахаас өөр хүн зодоогүй бөгөөд намайг зодох үед манай ахын охин Э харж байсан, тэгээд өмөөрөөд байсан. Би элэгний цирроз өвчнөөр 2002 оноос хойш өвдсөн, одоо эмнэлгийн байнгын хяналтад байдаг. Надад өөрийн ахаас нэхэмжлэх зүйл байхгүй, харин хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” /1хх 27-28/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Г-н “...Би Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ваят хийл хотхоны 100/3-903 тоот гэртээ 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр байж байсан чинь манай аавын дүү Т эгч залгаад аав чинь нас барсан гээд уйлсан. Би бас уйлаад утсаа тасалсан. Тэгээд би ээж, эмээтэйгээ ярьсан, намайг нялх биетэй учраас ажил явдалд нь оролцуулаагүй. Би 2023 оны 05 дугаар сарын 27-ны өдөр аавын төрсөн ах Ц.А-н гэрт ажил явдал болж байхад нь очсоноос хойш дахиж очоогүй. Манай аав элэгний хатуурал, ходоодны шарх, С вирустэй, 2 удаа тархиндаа цус харваж байсан. Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн хяналтад байдаг байсан. 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр аавын дүү Ц.Т над руу залгаад аавыг нь эмнэлгээр үзүүлээд явж байна. Хэд хоногийн өмнө аав чинь нойл ороод цаг гаран гарч ирэхгүй болохоор нь нойлын хаалгыг эвдээд орсон чинь ухаангүй ванн руу хажуу талаараа унасан байсан гэж хэлсэн. Тэгээд аавыг шээхгүй байна бие нь хавагнасан талаар хэлээд аавыг “ах намайг зодсон" гэж хэлээд байна. Тухайн үед А ах аавыг чинь унтаж байхад нь хоол өгөх гээд сэрээсэн. Аав чинь “А ахыг өшиглөсөн, цохисон” гээд эмчид хэлээд байна. Аавыг чинь А ах зодоогүй гэж хэлсэн. Тухайн үед ах, дүү хүмүүс юм чинь яавал гэж бодоод тоогоогүй утсаа тасалсан. 2023 онь 05 дугаар сарын 17-ны өдөр А ахын охин Э аавыг эмнэлгээс гарч байгаа, найз нь гэрт нь хүргэж өгөх талаар хэлээд ганцаараа байгаа гэсэн. 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр ***** дүүргийн ** дугаар хороо, *** 7*-***  тоот гэрт нь очсон чинь аав гэртээ ганцаараа байсан. Тэгээд надад цээж, гар хэсгээр өвдөөд байна бүүр хөхөрсөн гэж хэлэхээр нь би ааваас та яасан бие чинь зүгээр үү гэж асуусан чинь А ах намайг зодсон гэж хэлэхээр нь би “энэ талаар Э эгч надад хэлсэн. Таныг А ах зодоогүй гэж байна лээ” гэж хэлэхэд аав "ах А намайг зодсон гэж хэлээд байсан. Тэгэхээр нь би бас л ах, дүү хүмүүс юм чинь гэж бодоод тоогоогүй. Тэгээд 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр цагдаагаас залгаад надад аавыг ГССҮТ дээр хүнд зодуулаад ирсэн талаар хэлэхээр нь би төрөөд удаагүй байсан болохоор очиж чадаагүй, аавын дүү Туяа эгчийг явуулсан. Ингээд аав маань 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр эмчлэгдэж байгаад нас барсан. Тухайн үед намайг очиход аав явж чадахгүй сандал дээр сууж байсан. Цээж, гар, хөл өвдөөд ах А-аа зодуулсан талаар хэлээд байсан. Аав маань хэзээ, хаана, яаж зодуулсан талаараа надад хэлээгүй, А ах цээж рүү өшиглөсөн талаар л хэлсэн, өөр зүйл хэлээгүй” /1хх 33-34/,

гэрч Б.У-н “...уг иргэн нь **** дүүргийн ** дугаар хороонд амьдардаг бөгөөд 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хорооны эмнэлэгт дуудлага өгсний дагуу очиж үзэхэд амин үзүүлэлтүүд нь өөрчлөлттэй, өвдөлт ихтэй, биеийн хэвлий, хөл, гар улаан эрээн болсон байсан. Мөн тухайн иргэн элэгний циррозтой группт байдаг, өрхийн эмч нарын хяналтад байдаг. Би биеийнх нь улаан эрээнийг асуухад ямар нэгэн зүйл хэлэхгүй нуугаад байсан. Шалгааж асуухад өөрийнх нь яриагаар 5-7 хоногийн өмнө хүнд зодуулсан гэж хэлсэн. Тэгээд би хаана, хэнд зодуулсан талаар нь асуухад надад “манай ах гэж хүн байдаг юм, намайг хэвтэж байхад баашлаад байна гээд гэдэс хэвлий хэсэг рүү өшиглөөд байсан” гэж хэлсэн. Би яагаад цагдаад хандаагүй талаар асуухад ах нь өөрөө бие муутай хүн болохоор цагдаагийн байгууллагад хандаагүй гэж хэлсэн. Би тэгэхээр нь 103 дуудан өгч явуулсан юм. Тухайн хүн цаг хугацааны баримжаагаа алдсан, яг хэзээ, хаана гэдгээ тодорхой хэлээгүй. Тухайн өдөр үзэхэд 5-7 хоногийн өмнө намайг хэвтэж байхад баашлаад байна гээд гэдэс хэсэг рүү өшиглөсөн гэж хэлсэн. ...Та яагаад надад шууд хэлээгүй юм бэ гэхэд би ахыгаа асуудалд оруулмааргүй байна гэж хэлсэн. Түүний дараа би жолооч А-н гар утсаар цагдаа руу дуудлага өгсөн ба дараа нь 103 дуудсан, тэгээд түргэний эмч ирээд аваад явсан” /1хх 43-44/,

гэрч А.А-н “...2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 16 цаг өнгөрөөгөөд манай өрхийн эмнэлэг дээр Р гэх хүнээс бие муу байна, яаралтай гэсэн дуудлага ирсэн. Уг дуудлагын дагуу өрхийн эмч У-тай хамт ***** дүүргийн ** дугаар хороо***** тоотод очсон. Уг хаяг руу ороход Р гэх хүн ганцаараа байсан бөгөөд биеийн байдал нь муу байсан. Тэгээд манай эмч У Р гэх хүний биеийг үзээд буцаж над дээр ирээд ахдаа зодуулсан гэж яриад байна, та цагдаа болон түргэн дуудчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийнхөө гар утсаар цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Төд удалгүй түргэний эмч ирээд Р гэх хүнийг шууд эмнэлэг рүү аваад явсан...” /хх /,

гэрч С.С-н “...Р гэдэг хүн нь манай эмнэлэгт байнга эмчлүүлдэг байсан ба элэгний хатуурлын төгсгөлийн үе шатандаа байдаг байсан. Элэгний төгсгөлийн үе шатанд уушги устах, хэвлийд ус үүсэх зэрэг шинжүүд илэрдэг байсан тул манай эмнэлгийн хавдрын тасагт хэвтэн эмчлүүлж байсан. 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 15 цаг 04 минутад Р нь манай эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт хүргэгдэн ирсэн ба тухайн өдөр биеийн байдал хүнд муу байсан учир хэвтэн эмчлүүлэх шаардлагатай болсон. Тухайн үед өвчний түүхийг яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч эмч Зоригтбаатар нээсэн ба надад гардуулж өгөхөд биеийн байдал хүнд, ухаан санаа орж гарсан гэж бичсэн байсан. Мөн ариун цэврийн өрөөнд байж байгаад ухаан алдсан гэсэн утгатай дуудлагаар орж ирсэн ба хаяг нь ***** дүүргийн ** дугаар хороо***** тоотод байсан. Түүний дараа би өвчтөн Р-тай уулзахад биеийн байдал хүнд ухаан санаа тогтворгүй, хөл болон бие нь бага зэрэг хөхөрсөн байдалтай байсан. Би өвчтөн Р-с биеийн байдал хэр байгаа болон юу болсон талаар асуухад “Миний бие зовуурьтай байна, би эмнэлэгт хэвтмээр байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би өвчтөн Р-г хүлээн авч хавдар хөнгөвчлөх эмчилгээний тасагт хэвтүүлж элэгний дутагдлын эсрэг тариа, эмчилгээ хийсэн. Эмчилгээ хийсний дараа Р-н биеийн байдал бага зэрэг дээрдсэн бөгөөд 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр өвчтөн Р-н биеийн байдал дээрдсэн учир Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгээс гаргасан. Түүнээс хойш Р нь манай эмнэлэгт дахин орж ирээгүй. Р нь 2023 оны 05 дугаар сарын 11-нд манай эмнэлэгт ирснээс хойш хавсарсан антибиотик эмчилгээг хийлгэсэн. Элэгний дутагдлын эсрэг эмчилгээ, хордлого тайлах эмчилгээ, өвдөлт намдаах эмчилгээ хийсэн. Антибиотик эмчилгээ хийсэн шалтгаан нь Р-н дархлаа суларсан хэвлийд устай, уушгинд устай байсан учир халдварын эсрэг антибиотик эмчилгээ хийсэн. Элэгний дутагдал болон элэгний цирроз өвчний зовуурь өвдөлтийг намдаахаар дусал тариа эмчилгээ хийсэн. Мөн элэгний дутагдлын эсрэг тариа хийсэн. 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Р нь манай эмнэлэгт ирэхэд гарын булчин, бугалга, өгзөг, хөлийн шилбэний хэсгээр жижиг хэмжээний хөхрөлтүүд байсан. Р нь 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр манай эмнэлгээс гарсан ба өвчний түүх дээр тэмдэглэгдсэн байгаа” /1хх 64-65/,

гэрч Б.Н-н “... 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Р гэх хүн манай ГCCVT-д 16 цаг 27 минутад ирсэн байсан. Тухайн өвчтөнг манай эмнэлгийн хүлээн авах эмч Б хүлээн авч өвчний тvvx нээсэн. Хавсарсан гэмтлийн тасагт шилжүүлсэн ба биеийн байдал дээрдэхгүй байсан учир манай тасаг болон эрчимт эмчилгээний тасаг руу 2023 оны 05 дугаар зарын 23-наас 24-нд шилжих шөнө буюу 00 цаг 04 минутад шилжүүлсэн. Би өвчтөн Р-г өөрийн биеэр хүлээн авсан. Намайг хүлээж авахад цусны эргэлт тогтворгүй, цээжээр өвдөж, шээж чадахгүй байгаа шээс гарахгүй байгаа гэх зовуурь хэлсэн. Би юу болсон талаар өвчтөн Р-с асуухад “Би 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 10 цагийн үед ахдаа зодуулсан гэж надад хэлсэн. Архаг хууч өвчний хувьд Р элэгний хатуурал в байсан. Би өвчтөн Р-д эмчилгээ хийж байсан боловч биеийн байдал нь дээрдэхгүй байсан. Эмчилгээ хийлгэж байсан ч биеийн байдал дээрдэхгүй байсаар 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 06 цаг 00 минутад нас барсан. Р нь 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 19 цагийн үед манай эмнэлэгт цээжний битүү гэмтэл, баруун талын олон хавирганы хугарал, гэмтлийн шок, олон эрхтний дутагдал, элэг бөөр, элэг тархины хам шинж, олон хөндийд шингэн хурах хам шинж, үжлийн шок, с вирусийн шалтгаан элэгний хатуурал гэсэн оноштойгоор ГССҮТ-д хүргэгдэн ирсэн. Р-н биед өвчийн намдаах уураг, амин хүчил; амьсгал цусны эргэлтийг дэмжих эмийн эмчилгээ хийсэн. Мөн цус, цусан бүтээгдэхүүн, антибиотикийн эмчилгээ зэргийг хийсэн. Р надад “Манай ах намайг зодож гэмтээсэн” гэж хэлсэн. Р нь хоёр хөлөөрөө төвийсөн шархтай, гар хөлөөрөө жижиг хөхрөлттэй, хэвлийн урд хэсэгтээ цусархаг тууралттай байсан" /1хх 73-74/,

гэрч Я.С-н “...Р нь манай хадам аав болох А-н төрсөн дүү нь байгаа юм. P нь Тахилтад ганцаараа амьдардаг байсан ба 2022 оны 12 дугаар сараас хойш манайд ирсэн. Түүнээс хойш талийгаач Р болон А нар нь нэг байранд амьдрах болсон”; /3хх 39/,

шинжээч эмч Т.А “...Т-н биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хөлөөр өшиглөх дэвсэх үед үүсгэгдэх боломжтой. Элэг хатуурал, хэвлийн усжилт өвчин нь биеийн байдал муудах хүндрэхэд нөлөөлнө. Амь хохирогч  нь дээрх гэмтлийг өөрөө өөртөө учруулах боломжгүй. Амь хохирогчийн биед учирсан гэмтэл унах, ойчих үед үүсэх боломжгүй. Амь хохирогч цээжний битүү гэмтэл, баруун, зүүн талын болон олон хавирганы хугарал, өвчүүний хугарал, цээжний баруун хөндийн цус болон шингэн нөжирсөн цус хуралт, уушгины хавчилт, уушгины хатгалгаагаар хүндэрч олон эрхтний дутагдалд орж нас барсан байна” /1хх 93-94/ гэсэн мэдүүлгүүд,

 Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын шинжээчийн !489 дугаартай. “Амь хохирогчийн цогцсын шинжилгээгээр цээжний баруун, талын олон хавирганы хугарал, өвчүү ясны хугарал, цээж, хэвлийн цус хурал,, хөлийн шарх гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтэл авснаас тодорхой хугацаанд амьд явах боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Учирсан гэмтэл нь үхэлд хүргэжээ. Талийгаач нь элэг хатуурал, хэвлийн усжилт, нойр булчирхайн архаг үрэвсэл өвчтэй байна. Энэ нь үхэлд хүргэхэд нөлөөлнө. Эсэргүүцэн тэмцэлдсэн гэх гэмтэл тогтоогдсонгүй. Цусанд спиртийн агууламж илрээгүй болно. Амь хохирогч нь цээжний битүү гэмтлийн улмаас нас баржээ. ...Амь хохирогчид цаг алдалгүй эмнэлгийн тусламж үзүүлсэн тохиолдолд амь нас аврагдах боломжтой.” /1хх 77-82/,

Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын шинжээчийн ЕГ0525/348 дугаартай: “...Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн №1489 тоот дүгнэлтэд тусгагдсан зүүн талын олон хавирганы хугарал, өвчүү ясны хугарал гэмтэл нь амь хохирогчид амилуулах ажиллагаа явуулахад учрах боломжтой. Амь хохирогчийн цээжний баруун талын олон хавирганы хугарал, цээжний баруун хөндийн нөж болон цус хуралдалт гэмтэл нь эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.15-д зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. 2 хөлийн халдварлагдсан шарх, цус хуралт гэмтэл нь эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Хэвлийн цус хуралт гэмтэл нь эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.” /хх/ гэсэн дүгнэлтүүд,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 17-23/, амь хохирогч Ц.Р-н Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн талаарх баримт, өвчний түүх /1хх 162-202/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Ц.А нь гэм буруутай эсэх, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Ц.А-н бусдыг өшиглөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсны улмаас хохирогч нас барсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Ц.А-г “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.А-г 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

 Шүүгдэгч Ц.А, түүний өмгөөлөгч Ч.Өнөржаргал, Л.Намнансүрэн нараас “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг хэрэглэж өгнө үү, амь хохирогчийг огт зодож, цохиогүй тул үнэн зөв шийдвэрлэж өгнө үү, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү, шүүгдэгчийг цагаатгаж өгнө үү. ...” гэсэн өөр өөр байр суурийг илэрхийлсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд тус тус гаргасныг хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, шүүгдэгч Ц.А нь 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр өөрийн гэртээ хохирогч Ц.Р-г “Хоолоо идсэнгүй баашилсан" гэх шалтгааны улмаас цээж, хэвлийн тус газарт нь гуталтай хөлөөрөө 3-4 удаа өшиглөж “цээжний баруун, зүүн талын олон хавирганы хугарал, өвчүү ясны хугарал, цээж, хэвлийн цус хуралдалт” бүхий хүнд хохирлыг санаатай учруулсны улмаас хохирогч Ц.Р нь 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаад 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр нас барсан хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Тэрээр 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн очоод цээжний томографын зураг авхуулахад “цээжний баруун, зүүн талын олон хавирганы хугарал, өвчүү ясны хугарал, цээж, хэвлийн цус хуралдалт” бүхий хүнд гэмтэл учирсан болох нь тогтоогдож, улмаар уг гэмтлийг өөрийн төрсөн ах Ц.А-г учруулсан гэж эх сурвалжаа заасан, эмнэлэгт очихоос өмнө бусдад зодуулсан талаараа өөрийн охин Р.Г, төрсөн дүү Ц.Т болон эмнэлгийн байгууллагын ажилчдад хэлсээр ирсэн ба түүний ярьсан, мэдүүлсэн зүйл агуулгын хувьд хэргийн үйл баримттай тохирч байна.

Тодруулбал, уг хэргийн үйл баримт, нөхцөл байдлыг няцаан үгүйсгэсэн нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байх бөгөөд талийгаач амьд сэрүүн байхдаа өөрийгөө зодсон, өшиглөсөн хүнийг буюу эх сурвалжаа шууд заан мэдүүлсэн мэдүүлэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримттай нийцэж байх тул шүүгдэгч Ц.А-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг  цагаатгах, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байна.

Түүнчлэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсны улмаас хохирогч нас барсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх хуулийн зохицуулалттай бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.А-д 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэснийг хөнгөрүүлэн  өөрчлөх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “... гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ...” байх үндэслэл хангагдаагүй гэж дүгнэж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх боломжгүй.

Харин шүүгдэгч Ц.А-н хорих ялаас өвчний учир чөлөөлүүлэх эсэх асуудал нь Эмнэлэг хяналтын комиссын шийдвэрээр тусгайлсан журмаар шийдвэрлэх асуудал тул энэ асуудлыг давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэх үндэслэлгүй юм.  

Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/756 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.А, түүний  өмгөөлөгч Л.Намнансүрэн, Ч.Өнөржаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч Ц.А-н 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 86 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/756 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.А, түүний  өмгөөлөгч Л.Намнансүрэн, Ч.Өнөржаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч Ц.А-н цагдан хоригдсон 86 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.БОЛОРТУЯА

 

                                              ШҮҮГЧ                                       Д.ОЧМАНДАХ

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.ЗОРИГ