Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2017/02499

 

 

 

 

 

2017 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2017/02499

 

 

 

 

Бодь пропертийз ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2017/02539 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Бодь пропертийз ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ш.Батсайханд холбогдох

Амины орон сууц захиалгаар барих гэрээний үүрэгт 31 050 ам.доллар, алданги 9 185 93 ам.доллар буюу нийт 40 235 93 ам.доллар гаргуулах, улсын бүртгэлийн Ү-2203021791 дугаартай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг Ш.Батсайханаас Б.Дашнямд шилжүүлсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь Ш.Батсайхан болохыг тогтоолгох нэхэмжлэлтэй, Амины орон сууцыг барьж хүлээлгэн өгөх өдрөөс хэтрүүлсэн 212 хоногийн алданги 793 америк доллар буюу 1 804 701 төгрөг, 30 м.кв талбайн зөрүү болох 47 378 ам.доллар буюу 107 799 620 төгрөг, амины орон сууцны заслын ажлын зардал 40 094 632 төгрөг, нийт 149 698 962 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Халиунаа

Хариуцагч Ш.Батсайхан

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Баатарсайхан

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мандах шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.Батсайхан нь 2010 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Бодь пропертийз ХХК-тай 20100428-02 дугаартай Амины орон сууц захиалгаар барих гэрээ-г байгуулан, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороонд баригдаж буй Санзай виллаж хотхон дахь Town house Cervina загварын THA-2/1202 дугаартай байшинг 310 500 ам.долларын үнэ өртөгтэйгөөр захиалан бариулах болсон. Нийт үнэ болох 310 500 ам.долларыг Захиалагч тал гэрээнд гарын үсэг зурсан өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор төлөхөөр гэрээний 2.2.-т дурдсан боловч захиалагч тал цувуулж төлсөн. Захиалагчийн хүсэлтийн дагуу үлдэгдэл төлбөрөө барагдуулаагүй байсан хэдий ч тухайн захиалсан байрыг нь хүлээлгэн өгч, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг захиалагчийн нэр дээр бүртгүүлэн, улмаар газар эзэмших эрхийг нь мөн захиалагчийн нэр дээр гаргуулан өгч өмчлөх болон эзэмших эрхэд нь хүндэтгэлтэйгээр хандсан боловч үлдэх төлбөрөө барагдуулалгүй гүйцэтгэгч компанийн эрх ашгийг ноцтойгоор зөрчиж байна. Улмаар үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараа хүсч, мэдэгдэл хүргүүлж, шаардсан боловч мөн л тодорхой үр дүнд хүрсэнгүй. Ш.Батсайхан нь гэрээний зүйл болох Ү-2203021791 дугаартай үл хөдлөх хөрөнгийг 2013 онд Б.Дашням гэх хүнд бэлэглэлээр шилжүүлсэн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгч тал Ш.Батсайхантай байгуулсан гэрээний дагуу төлбөрийн үлдэгдлийг шаардах эрх 2011 онд үүсэж, талууд төлбөрийн үлдэгдлээ баталгаажуулсан актыг 2012 оны 03 дугаар сарын 15-нд үйлдсэн. Иймд талуудын хооронд байгуулсан 20100428-02 дугаартай Амины орон сууц захиалгаар барих гэрээний дагуу төлөх үндсэн төлбөрийн үлдэгдэл болох 31 050 ам. доллар, гэрээний 2.4-т заасны дагуу 9 185 93 ам.долларыг буюу нийт 40 235 93 ам. долларыг хариуцагч Ш.Батсайханаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, Ш.Батсайхан Б.Дашням нарын хооронд байгуулсан Ү-2203021791 дугаар гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгийг бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь Ш.Батсайхан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ш.Батсайхан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид гэрээ хийж, байраа авсан. Би төлбөрөө төлсөн гэж бодож байсан. Гэтэл нягтлан н.Сувдаа нь 2014 онд 10 хувь дутуу байна гэж хэлэхэд л мэдсэн. Газрын гэрчилгээ гартал гээд 10 хувь үлдсэн гэдгийг санасан. Тэгээд би төлнө гэсэн мэдэгдэлд гарын үсэг зурж байсан. Захиралтай нь уулзъя гэсэн боловч хүлээж аваагүй. Долларын ханшийг тохиръё гэж байсан. Гэтэл шүүхэд өгсөн. Тэгээд нөхрийн хамт бичиг баримтаа харахад 200 м.кв гэж байсныг 172 м.кв гэж мэдсэн. Бэлэн байшинд ороогүй, карказ худалдаж авч дотоод заслуудаа бид өөрсдөө хийсэн. Бодь пропертийз ХХК-д төлбөрийг зээл авч хийж байсан. Сүүлд нь н.Дашням зээл авч миний төлбөрийг төлж өгсөн. Одоо ч гэсэн зээлээ төлж байгаа. Тэр хүний нэр дээр байр шилжсэн. Үүнийг дүр эсгэсэн гэх юм уу, би сайн мэдэхгүй байна гэжээ.

Хариуцагч Ш.Батсайхан шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бодь пропертийз ХХК нь гэрээгээр тохирсон үүргээ биелүүлээгүй болно. Гэрээний 3.1-д заасны дагуу гүйцэтгэгч нь 2010 оны 06 дугаар сарын 15-ны өдөрт багтаан орон сууцыг Захиалагч талд хүлээлгэн өгөх үүрэгтэй. Мөн гэрээний 3.7-д Барилга хүлээлцсэн тухай акт-ыг баталгаажуулан захиалагчаар гарын үсэг зуруулснаар захиалагч талд хүлээлгэн өгсөнд тооцно гэсний дагуу Барилга хүлээлцсэн тухай актыг 2011 оны 06 дугаар сарын 06-ны өдөр талууд үйлдсэн. 2010 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 193 425 ам.долларыг төлсөн бөгөөд гэрээний 3.3-т заасны дагуу төлөгдсөн үнийн дүнгийн 0,01 хувиар 2010 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2011 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх 212 /2010.11-25, 2010.12-31, 2011.11-31, 2011.02-28, 2011.03-31, 2011.04-30, 2011.05-31, 2011.06-5/ хоногт алдангийг тооцоход 793 ам.долларыг нэхэмжилнэ. Гэрээний 3.1-д заасны дагуу Гүйцэтгэгч биет байдлын доголдолгүй, мөн гэрээний 3.2-т заасны дагуу үнэн зөв мэдээллээр хангах үүрэгтэй. Гэтэл 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр энэхүү загварын байр 196.61 м.кв болохыг мэдсэн. Иймд эд хөрөнгийн доголдол болох 30 м.кв талбайн зөрүү 47 378 ам.долларыг мөн нэхэмжилнэ. Гэрээний 3.1-д заасны дагуу Гүйцэтгэгч нь 2010 оны 6 дугаар сарын 15-ны өдөрт багтаан орон сууцыг Захиалагчид хүлээлгэн өгөх үүрэгтэй бөгөөд энэхүү хугацаанд байрыг хүлээлгэн өгөөгүй учраас захиалагч өөрийн хөрөнгөөр байрны дотоод заслыг хийж гүйцэтгэсэн болно. Гэрээний 1.1.д гүйцэтгэгч орон сууцыг бүрэн барьж гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй, хугацаа хожимдуулсан учраас 2010 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гуравдагч этгээдтэй гэрээ байгуулан дотоод заслын зарим ажлуудыг 72 700 000 төгрөгөөр гүйцэтгэсэн болно. Энэхүү зардлаас гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэх үүргээс хавсралтад заасан зайлшгүй шаардлагатай хийсэн ажлын зардал 40 094 632 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд гэрээний дагуу 212 хоногийн алданги 793 ам.доллар болох 1 804 701 төгрөг, 30 м.кв талбайн зөрүү 47, 78 ам. доллар болох 107 799 620 төгрөг, зайлшгүй шаардлагатай хийсэн ажлын зардал 40 094 632 төгрөг, нийт 149 698 962 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мандах сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд байгуулсан гэрээнд ямар нэг м.кв-ын асуудал яригдаагүй тул м.кв-ын зөрүүг тооцох боломжгүй. Тухайн байрыг захиалагчид бодит байдлаар үзэж танилцуулж, өөрийнх нь хүсэл зоригоор, сайн дурын үндсэн дээр захиалгын гэрээ хийгдсэн. Ямар нэгэн тулган шаардсан зүйл байхгүй. Байрны талаар өнөөдрийг хүртэл гомдол гарч байгаагүй. м.кв-ын хэмжилт хийсэн нь хөндлөнгийн, хараат бус, шүүхийн журмаар хэмжилт хийлгээгүй, нэг талыг барьсан, өрөөсгөл учраас тухайн шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Талбайтай холбоотой асуудал гарахаар байсан бол талуудын хооронд байгуулсан гэрээг үндэслэх ёстой. Гэрээнд энэ талаар заалт байхгүй учир үндэслэлгүй гэж үзэж байна. Тухайн хүн өөрийн хөрөнгөндөө хэдий хэмжээний мөнгө зарцуулах нь өөрийнх нь эрхийн асуудал. Талуудын хооронд ийм хөрөнгө оруулна гэсэн заалт байхгүй, хүлээн авах боломжгүй, энэ талаар нотлогддоггүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 56 дугаар зүйлийн 56.1.2-т тус тус заасныг баримтлан хариуцагч Ш.Батсайханаас 37 862 37 ам.долларыг гаргуулж, нэхэмжлэгч Бодь пропертийз ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 373 56 ам.долларт холбогдох хэсэг, улсын бүртгэлийн Ү-2203021791 дугаартай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг Ш.Батсайханаас Б.Дашнямд шилжүүлсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь Ш.Батсайхан болохыг тогтоолгох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар нэхэмжлэгч Бодь пропертийз ХХК-иас 212 хоногийн алданги 793 ам.доллар буюу 1 804 701 төгрөг, 30 м.кв талбайн зөрүү болох 47 378 ам.доллар буюу 107 799 620 төгрөг, амины орон сууцны заслын ажлын зардал 40 094 632 төгрөг, нийт 149 698 962 төгрөг гаргуулах тухай хариуцагч Ш.Батсайханы сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Бодь пропертийз ХХК шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 635 977 төгрөг, хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 906 450 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Батсайханаас улсын тэмдэгтийн хураамжид 541 672 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Бодь пропертийз ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуагч Ш.Батсайхан давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Тус шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Хариуцагч Ш.Батсайханы гаргасан сөрөг нэхэмжлэлийн тухайд, талуудын хооронд 2010 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр байгуулагдсан Амины орон сууц захиалгаар барих гэрээ-ний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хариуцагч Ш.Батсайханы хувьд дууссан байх тул түүний гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нъ хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. гэж үзсэн байна. Гэтэл иргэний хуулийн 349 дүгээр зүйл 349.1 дэх хэсэгт Ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэгэн доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг ... жилийн дотор гаргана. Барилга, байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно. Мөн зүйлийн 349.3 дах хэсэгт энэ зүйлд заасан гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацаа тоолно, Мөн хуулийн 75 дугаар зүйл 75.2.2-т зааснаар Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил гэж тус тус хуульчилсан болно. Мөн хариуцагчийн зүгээс 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн сөрөг нэхэмжлэлийн хоёрт Гэрээний 3.1 дэх хэсэгт заасны дагуу Гүйцэтгэгч биет байдлын доголдолгүй, мөн гэрээний 3.2 дах хэсэгт заасны дагуу үнэн зөв мэдээллээр хангах үүрэгтэй. Энэхүү орон сууцыг анх гүйцэтгэгч талаас сурталчлан санал болгохдоо захиалагчийг төөрөгдүүлсэн, биет байдлын доголдолтой хөрөнгө өгсөн болохыг миний бие 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр эхний байдлаар мэдсэн" гэж маргаж байгаа нь мэдсэн даруйдаа, хуульд заагдсан хөөн хэлэлцэх хугацаандаа сөрөг нэхэмжлэл гаргасан байна. Иймд захиалагч Ш.Батсайхан нь 2010 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр гүйцэтгэгч Бодь пропертийз ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, тогтоосон хугацаанд амины орон сууц барьж хүлээлгэж өгөх үүрэг үүссэнээс хойш тус шүүхэд 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр сөрөг нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага буюу алданги, талбайн зөрүү, сууцны заслын ажлын зардал зэргийг захиалагч нъ гүйцэтгэгчээс шаардаж байсан гэх үндэслэл тогтоогдсонгүй гэж үзэж сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байгаа нь үндэслэлгүй байна. Тус хэргийг хэлэлцэх шүүх хуралдаан нь 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 09 цаг 00 минутад болсон бөгөөд хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд хариуцагч Ш.Батсайханы өмгөөлөгч Б.Баатарсайхан нь шүүх хуралдаан давхацсан агуулгатай хүсэлтийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслахын гарын үсэг бүхий нотлох баримтын хамт хүргүүлсэн. Мөн Хариуцагч Ш.Батсайхан нь өөрийн өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргасан. Гэвч шүүх хүсэлтийг хүлээн авахгүй, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь талуудын мэтгэлцэх зарчмыг ноцтой зөрчсөн байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхэд хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул залруулах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч Бодь пропертийз ХХК нь хариуцагч Ш.Батсайханд холбогдуулан амины орон сууц захиалгаар барих гэрээний үүрэгт 31 050 ам.доллар, алданги 9 185 93 ам.доллар, нийт 40 235 93 ам.доллар гаргуулах, улсын бүртгэлийн Ү-2203021791 дугаартай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн Ш.Батсайхан, Б.Дашням нарын бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь Ш.Батсайхан болохыг тогтоолгохыг шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, амины орон сууцыг барьж хүлээлгэн өгөхдөө хугацаа хэтрүүлсэн 212 хоногийн алданги 793 америк доллар буюу 1 804 701 төгрөг, 30 м.кв талбайн зөрүү болох 47 378 ам.доллар буюу 107 799 620 төгрөг, амины орон сууцны заслын ажлын зардал 40 094 632 төгрөг, нийт 149 698 962 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

Бодь пропертийз ХХК болон Ш.Батсайхан нар нь 2010 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 20100428-02 дугаартай гэрээ байгуулж, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороонд баригдаж буй Санзай виллаж хотхон дахь Town house Cervina загварын THA-2/1202 дугаартай байшинг 310 500 ам.долларын үнэ өртөгтэйгөөр захиалан бариулахаар тохиролцсон байна.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй болно. Харин талууд үлдэгдэл хөлс төлөх үндэслэлтэй эсэх, гэрээгээр хүлээлгэн өгсөн ажлын үр дүн биет байдлын доголдолтой байсан эсэх талаар маргасан.

Дээрх ажил гүйцэтгэх гэрээний дагуу захиалагч барилгын үндсэн хийц, элементүүдийг 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүлээж авсан. Энэ тухай актыг 2012 оны 06 дугаар сарын 06-ны өдөр бүрдүүлжээ. Ажлын үр дүнг Ш.Батсайханы хамтран өмчлөгч З.Пүрэвжав хүлээн авч гарын үсэг зурсан бөгөөд энэ үйл баримтад талууд маргаагүй. /хх-12/

Төлбөр төлөх хугацааны талаар талууд дахин тохиролцож 2012 оны 03 дугаар сарын 15-ны өдөр акт үйлдэж, /хх-13/ гэрээнд заасан хугацааг өөрчлөн хоёр хугацаа тогтоосон. 1. Захиалагчаас гүйцэтгэгчийн дансанд 2012 оны 3 дугаар сарын 20-ны дотор 39 450 ам долларыг шилжүүлэх. 2. Үлдэгдэл 31 050 ам долларыг орон сууцны газар эзэмших гэрчилгээ гарсан даруйд Бодь пропертийз ХХК-ийн дансанд шилжүүлэх агуулгатай ажээ. Актад үүрэг гүйцэтгүүлэгч Бодь пропертийз ХХК-ийг төлөөлж О.Жаргалсайхан , үүрэг гүйцэтгэгч Ш.Батсайхан нар гарын үсэг зурсан боловч үүрэг гүйцэтгэгч 39 450 ам долларыг актаар тохирсон хугацаа хэтрүүлэн 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдөр төлсөн бөгөөд уг актын 3-д Дурдсан хугацааны дотор шилжүүлээгүй тохиолдолд энэхүү актыг хүчингүйд тооцох гэж заасан тул талуудын 2012 оны 03 сарын 15-ны өдрийн дээрх тохиролцоо хүчингүй болжээ.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохиролцсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Захиалагч 2011 оны 01 сарын 01-ны өдөр ажлын үр дүнг хүлээн авсан тул гэрээний үүрэгтэй холбоотой, үлдэгдэл хөлс төлөх үүргийн хөөн хэлэлцэх хугацааг энэ өдрөөс тоолно.

Хариуцагч Ш.Батсайханд төлбөрийг төлөх талаар 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдөр мэдэгдсэн баримт байгаа боловч энэ баримтыг Ш.Батсайхан хүлээж авсан талаарх нотлох баримтгүй. Харин 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр үйлдэгдсэн баримтыг Ш.Батсайханд 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээлгэж өгсөн ба гэрээний үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад мэдэгдэл өгчээ. /хх-15/ Өөрөөр хэлбэл, талуудын төлбөр төлөх хугацаа буюу 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс тооцогдох 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр дууссан гэж үзэх нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасантай нийцэх юм. Нэхэмжлэгч 2016 оны 04 сарын 12-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэхүү хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, зогссон гэж үзэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй. Гэтэл хөөн хэлэлцэх хугацааны талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хийсэн дүгнэлт хэргийн баримттай нийцээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт зааснаар үнэлээгүй байна. Ийм учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй болно.

Сөрөг нэхэмжлэлийн хувьд гэрээний хугацаа хэтрүүлсний алданги, ажлын үр дүнгийн доголдолтой холбоотой шаардлага гаргажээ. Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт Ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана. Барилга, байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно гэж тодорхойлсон.

Орон сууцны талбайн хэмжээ нь мэргэжлийн, тусгай зөвшөөрөл бүхий этгээд хэмжилт хийсний үр дүнд тогтоогдох нөхцөл байдал учраас орон сууцны талбайтай холбоотой доголдлыг энгийн хүн шууд хараад мэдэх боломжгүй гэж үзэж болох юм. Ийм дутагдлын хувьд ажил хүлээн авснаас хойш 1 жилийн дотор гомдлын шаардлага гаргахаар дээрх хуульд заасан тул хариуцагчийн гомдлын шаардлага гаргах хугацаа 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр дууссан байна. Учир нь хариуцагч ажлын үр дүн болох амины орон сууцыг 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авсан байна. /хх.12/

Хэргийн 84-96 дугаар талд авагдсан барилгын дотоод заслын ажил гүйцэтгэх гэрээ, талуудын тайлбар зэргээс үзэхэд хариуцагчийн зааж буй доголдол гэх зүйл нь амины орон сууцны дотоод тохижилттой холбоотой байх ба уг байшингийн газартай салшгүй хэсэг болсон үндсэн хийц, бүрэлдэхүүн хэсэгтэй хамааралтай гэж үзэхэд учир дутагдалтай, үүнийг нотолсон баримт, экспертизийн комиссын дүгнэлт байхгүй тул барилга, байшингийн дутагдалтай холбоотой гомдлын шаардлага гаргах 3 жилийн хугацааг хамааруулах боломжгүй юм.

Түүнчлэн захиалагч баталгаат хугацааны дотор буюу 2011 оны 01 сарын 01-нээс 2014 оны 01 сарын 01-ний өдрийн дотор ажлын дутагдлыг илрүүлээгүйгээс гомдлын шаардлага гаргах хугацааг дутагдал илрүүлсэн гэх 2016 оны 07 сарын 27-ны өдрөөс тоолох хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.3 дах хэсэгт заасантай нийцэхгүй. Гомдлын шаардлага гаргах хууль буюу гэрээнд заасан хугацаа өнгөрсөн гэж үзнэ.

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дах хэсэгт гомдлын шаардлага гаргах хугацаа дууссанаас хойш хөөн хэлэлцэх хугацааг тоолж эхлэхээр, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацааг 3 жил байх талаар тус тус зохицуулжээ. Хариуцагчийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2015 оын 01 дүгээр сарын 01-ний өдөр дууссан байхад тэрээр 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд сөрөг нэхэмжлэлээ гаргажээ. Шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсгийн зохицуулалтад нийцнэ.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна. Хариуцагч талын хэрэг хянаж шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцуулах, өмгөөлөгч авах эрхээр хангуулах, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримт гаргуулах, хэргийн материалтай танилцах, хариуцагч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаантай зэргээр тэдний удаа дараагийн хүсэлтийг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулжээ. Ийнхүү хариуцагч, өмгөөлөгчийн зүгээс шалтгаалан хэд хэдэн удаа шүүх хуралдаан хойшлогдож, хэргийн хугацааг сунгасан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1, 71.2 дах хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа дууссан, хэрэг хянаж шийдвэрлэх ажиллагаа бүтэн 1 жил гаруй хугацаагаар үргэлжилжсэн байна. Хэргийн оролцогчийн эрх үүргээ хэрэгжүүлэх боломжоор хангасан, хэрэг хянаж шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж байгаа эдгээр үндэслэлүүд болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулах шаардлагатай тохиолдолд шүүх хуульд заасан эрх хэмжээний хүрээнд хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг хангахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсныг буруутгах боломжгүй юм.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2017/02539 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1,232 дугаар зүйлийн 232.6, 75 дугаар зүйлийн 75.2.1, 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар Бодь пропертийз ХХК-ийн Ш.Батсайханаас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 31 050 ам.доллар, алданги 9 185 93 ам.доллар буюу нийт 40 235 93 ам.доллар гаргуулах, улсын бүртгэлийн Ү-2203021791 дугаартай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг Ш.Батсайханаас Б.Дашнямд шилжүүлсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь Ш.Батсайхан болохыг тогтоолгох нэхэмжлэлийг бүхэлд нь, Бодь пропертийз ХХК-иас 212 хоногийн алданги 793 ам.доллар буюу 1 804 701 төгрөг, 30 м.кв талбайн зөрүү болох 47 378 ам.доллар буюу 107 799 620 төгрөг, амины орон сууцны заслын ажлын зардал 40 094 632 төгрөг, нийт 149 698 962 төгрөг гаргуулах хариуцагч Ш.Батсайханы сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 542 427 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Б.НАРМАНДАХ