2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 191/ШШ2025/07909

 

 

 

 

 

 

 

 

2025 09 23 191/ШШ2025/07909

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ........... хаягт оршин суух, Г овогт Г.С /РД:00000000/,

 

Нэхэмжлэгч: ........... хаягт оршин суух, Ө овогт Д.Д /РД:00000000/ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ..................-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: ................-ийн ..............., ................. дугаартай тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н, С.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Э нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Д.Д, Г.С нар нь хариуцагч ...........-ийн Удирдах зөвлөлд холбогдуулан 2025.03.12-ны өдрийн 06, 2025.04.02-ны өдрийн 08 дугаартай тогтоолуудыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.............-ийн ................ тоот тогтоолоор тус сургуулийн ректорын ажлын байрны тодорхойлолтыг баталсан. Гэвч энэхүү тогтоол нь нэгдүгээрт хууль зөрчсөн, хоёрдугаарт процессын алдаатай гарсан байдаг. Хууль зөрчсөн тухайд Боловсролын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т төрийн болон орон нутгийн өмчийн мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагаас бусад боловсролын сургалтын байгууллагын захирал эрхлэгч дараах тусгай шаардлагыг хангасан байна. Мөн хуулийн 33.2.2-т боловсролын сургалтын байгууллагад тасралтгүй 10-аас доошгүй жил ажилласан, мэргэжлийн тэргүүлэх болон түүнээс дээд зэрэгтэй байх гэсэн зэрэг шалгууруудыг тавьсан байдаг. Гэтэл ...........-өөс ажлын байрны тодорхойлолтын 3 дугаар хэсэгт албан тушаалд тавигдах тусгай шаардлага гэсэн хэсэгт дээд боловсролын сургалтын байгууллага, шинжлэх ухааны байгууллага, соёл урлагийн салбарын байгууллагад удирдах албан тушаалд 6-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх гэж хуульд тусгайлан заасан боловсролын сургалтын байгууллагад тасралтгүй 10-аас доошгүй жил гэх хуулийн тодорхой заалтыг илтэд зөрчиж ажлын байрны тодорхойлолтыг баталсан. Энэ хэсэгт нэхэмжлэгч бидний зүгээс ректорын ажлын байрны тодорхойлолтод огт тэнцээгүй Б-ийг ректорын түр орлонгийн албан тушаалд томилохын тулд түүнд зориулж хууль зөрчиж шинээр ажлын байрны тодорхойлолт баталсан байна гэх хардлагыг төрүүлж байгааг дурдах нь зүйтэй байна.

Хоёрдугаарт ............-ийн сургалт, судалгаа, уран бүтээл, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхэлдэг өөрийн удирдлага бүхий төрийн өмчийн их сургууль мөн бөгөөд .............. нь тухайн сургуулийн өөрийн удирдлагыг хэрэгжүүлж байгаагийн хувьд түүнээс гарч буй эрх зүйн акт, дүрэм, журам, хуулийн шаардлагаас гадна баримт бичигт тавигдах шаардлагыг хангасан байвал зохино. Дээрх тогтоолыг батлахдаа Дээд боловсролын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь заалт, Дээд боловсролын сургалтын байгууллагын Удирдах зөвлөлийн нийтлэг дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 дахь заалт, удирдах зөвлөлийн 2025.03.12-ны өдрийн хурлын тэмдэглэлийг үндэслэсэн. Үүнээс Дээд боловсролын сургалтын байгууллагын Удирдах зөвлөлийн нийтлэг дүрмийн 4.1-д ......... нь Дээд боловсролын тухай хуулийн 10.4, 27 дугаар зүйлд заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ гэж, мөн хуулийн 10.4-т дээд боловсролын сургалтын байгууллага татан буугдсан нөхцөлд... гэсэн заалт байдаг. Гэтэл .......-ын ажлын байрны тодорхойлолт батлахтай ямар ч хамааралгүй заалтыг удирдлага болгосон. Дээд боловсролын тухай хуулийн 27 дахь заалт нь Удирдах зөвлөлийн хэрэгжүүлэх чиг үүргийг зохицуулсан байх бөгөөд ажлын байрны тодорхойлолт батлахтай холбоотой тодорхой заалтыг тус заалтад заагаагүй. Дээд боловсролын сургалтын байгууллагын Удирдах зөвлөлийн нийтлэг дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.2-т Удирдах зөвлөл нь Боловсролын ерөнхий хуулийн 33.2-т заасан шаардлагыг баримтлан ректор, захирлын ажлын байр, албан тушаалын ажлын байрны тодорхойлолтыг батална гэж заасан. Гэвч энэ тогтоол нь Боловсролын ерөнхий хуулийн 33.2-т заасан шаардлагыг хангаагүй. Процессын алдаа гаргасан. ..........-ийн дүрмийн 4.6-д заасан удирдах зөвлөлийн дарга удирдах зөвлөлийн хурлыг хурал болохоос ажлын 3-аас доошгүй хоногийн өмнө товлоно, Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга тухайн хуралд хэлэлцэн шийдвэрлэх асуудлыг холбогдох материалыг гишүүнд хүргүүлнэ гэж заасан. Удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргаас 2025.03.12-ны өдрийн хурлын товыг 2025.03.10-ны өдрийн 15 цаг 21 минутад, 2025.03.20-ны өдрийн хурлын товыг 2025.03.19-ний өдрийн 20 цаг 17 минутад мэдэгдсэн болох нь үзлэгийн тэмдэглэлээр нотлогдоно. ..........-ийн .......-ийн дүрэм болон Дээд боловсролын сургалтын байгууллагын Удирдах зөвлөлийн нийтлэг дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.4-т хурал нийт гишүүдийн 75 хувиас доошгүй хувийн ирцтэй тохиолдолд хурлыг хүчинтэйд тооцно гэж заасан. Гэвч 2025.03.20-ны өдрийн хурлын гишүүдийн ирц 73 хувьтай байсан нь Удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэлд авагдсан ирцээр нотлогдоно. Мөн 2025.03.12-ны өдрийн хуралд Удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх хүсэлтээ 7 хоногийн өмнө өгсөн Б оролцсон нь тус хурлын бүрэлдэхүүн хууль бус байсан. Түүнийг ирцээс хасвал 66 хувийн ирцтэй хурал хүчингүй. Мөн Б өөрийн хуралд санал хүсэлт гаргаж оролцоод байгаа нь хэрэгт авагдсан 13, 20-ны өдрийн хурлын тэмдэглэлээр нотлогдоно. Мөн 2025.03.12-ны өдрийн хурал дээр Б зөвлөлөөс гарч байгаа тайлбартаа өнгөрсөн 7 хоногт өргөдлөө өгсөн гэж хэлдэг атлаа ажлын байрны тодорхойлолтыг батлахад оролцсон. Бидний үзэж байгаагаар Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11.1-ийг зөрчсөн, мөн Боловсролын сайдын баталсан журмын 4.9.2-ыг зөрчсөн гэсэн нөхцөл байдал бол хэрэгт авагдсан баримт бичгийн болон үйл баримтаар бол тогтоогддог.

...........-ийн ..........-ийн 2025.04.02-ны өдрийн 08 тоот Ч.Б-ийг ажилд түр томилох тухай тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын хувьд уг тогтоолын үндэслэл тогтоох хэсэгт Дээд боловсролын тухай хуулийн 27.1.7, Дээд боловсролын сургалтын байгууллагын Удирдах зөвлөлийн нийтлэг дүрмийн 4.1, Удирдах зөвлөлийн 2025.02.13-ны өдрийн хурлын тэмдэглэлийг удирдлага болгосон байдаг. Эдгээр заалтыг үзвэл Дээд боловсролын тухай хуулийн 27.1.7-д нээлттэй сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн дээд боловсролын сургалтын байгууллагын гүйцэтгэх удирдлагыг 5 жилийн хугацаагаар томилох гэрээ байгуулах гэж заасан. Гэтэл 08 дугаар тогтоол нь нээлттэй сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн томилоогүй. Дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөлийн нийтлэг дүрмийн 4.1-д Удирдах зөвлөл нь Дээд боловсролын тухай хуулийн 10.4, 27 дугаар зүйлийн чиг үүргийг хэрэгжүүлнэ гэсэн байдаг. Гэтэл энэ заалт нь дээд боловсролын сургалтын байгууллагыг татан буулгахтай холбоотой асуудлыг зохицуулсан болохоос түр орлон гүйцэтгэгч томилохтой ямар ч хамааралгүй заалт. Удирдах зөвлөлийн 2025.03.12-ны өдрийн хурлын тэмдэглэл нь өөрөө процессын алдаатай хийгдсэн хурал болохыг өмнө тайлбарласан тул хууль бус хурлыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шүүхээс энэхүү хурлын тогтоолуудыг хүчингүй болгосон тохиолдолд хууль бус хурлын тэмдэглэлийг удирдлага болгосон ....... дугаартай тогтоол ч мөн хууль бус болох нь хууль зүйн үр дагавартай гэж үзэж байгаа. Соёл, урлагийн их сургуулийн ..........-ийн 2024.05.22-ны өдрийн ......... дугаар тогтоолоор баталсан тус сургуулийн дүрмийн 3.18-д реакторын эзгүй байх хугацаанд албан үүргийг сургалт эрхэлсэн проректор орлоно. Хоёулаа эзгүйд эрдэм, шинжилгээ инновац эрхэлсэн проректор орлоно гэсэн зохицуулалтыг ч мөн зөрчсөн байдаг. Хариуцагч ........-ийн .........-өөс 2025.05.27-ны өдөр ......... дугаартай дүрэмд өөрчлөлт оруулах тогтоол баталсан байдаг. Энэхүү тогтоолоор бидний маргааны үндэслэл болсон ..........-ийн 2025.03.12-ны өдрийн .......... дугаар тогтоол, дүрэм шинэчлэн батлах тухай, 4.2-т Боловсролын ерөнхий хуулийн 33.2-т заасан шаардлагыг баримтлан ректорын ажлын байрны тодорхойлолтыг хэлэлцэн батлах гэж заасан учир Боловсролын ерөнхий хуулийн 33.2-т заасан шаардлагыг баримтална гэснийг хассугай. Мөн тогтоолын 4.4-д хурлын ирц 75-аас доошгүй хувьтай байх тохиолдолд хурлыг хүчинтэйд тооцох гэж заасныг 60-аас доошгүй гэж өөрчилсүгэй гэж өөрчлөлт оруулсан байдаг. Нэхэмжлэгч нар нь шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа хариуцагч өөрсдийн баталсан 2025.03.12 болон 2025.04.02-ны өдрийн тогтоолоо зөвтгөхийн тулд нөхөх үйл ажиллагаа явуулж байгаа нь хууль бус юм. Эхлээд дур мэдэн батлаад, дараа нь алдаагаа засахын тулд үүндээ нийцүүлэн өөрчлөлт хийж байгааг юу гэж ойлгох вэ? Мөн нөгөөтэйгүүр энэ үйлдлээс нь хариуцагч нь өөрийн хууль бусаар гаргасан тогтоолоо хүлээн зөвшөөрч байна гэж үзэх үндэслэлтэй юм. Мөн хариуцагч тал 2025.03.20-ны өдрийн хурлын тэмдэглэлээс 40 дүгээр хуудсыг зориудаар нуун далдалж, шүүхийг хууран мэхлэх оролдлого гаргасан зэргээс бид нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлтэй болох нь илт харагдаж байна.

Иймд .............-ийн ............-ийн 2025.03.12-ны өдрийн ......... тоот, 2025.04.02-ны өдрийн ........... тоот тогтоолуудыг тус тус хүчингүй болгож өгнө үү... гэв.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч нарын ..........-ийн .............-ийн ........, ........ тоот тогтоолуудыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

Нэхэмжлэгчийн гол үндэслэл болсон үндэслэлтэй танилцахаар Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний сонгох, сонгогдох суурь эрхэд халдсан гэсэн үндэслэлийг шүүхэд гаргаж байгаа гэж ойлгосон. Нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэгч Д, С нарын ..........-ийн ректорын албан тушаалд нэрээ дэвших хууль зүйн шаардлага хангасан байтал ............-өөр шаардлага хангахгүй этгээдийг тухайн сургуулийн түр орлонгоор томилохын тулд ректорын албан тушаалыг тодорхойлохыг биечлэн баталсан гэж маргасан. ...........-ийн тогтоол бол хууль зүйн үндэслэлтэй болохыг дараах тайлбараар нотолж байна. Төрийн албаны зөвлөлийн 2019 оны ажлын байрны тодорхойлолтыг боловсруулах нийтлэг журмын дагуу их сургуулиас томилох эрх бүхий этгээдийн шийдвэрээр ажлын хэсэг албан тушаалын тодорхойлолтын төслийг хариуцан бэлтгэнэ гэж заасны дагуу ..........-иас 2025.03.12-ны өдрийн албан тушаалын тодорхойлолт батлахаас өмнө 2024.05.08-ны өдөр ............-ийн тогтоолоор ректорын ажлын байрны тодорхойлолтыг боловсруулах ажлын хэсгийг байгуулсан. Уг ажлын хэсгээс танилцуулсан ректорын ажлын байрны албан тушаалын тодорхойлолтын төсөлтэй .............өөр танилцаж, уг төслийн дагуу олонхын саналаар баталсан. Төсөл боловсруулсан ажлын хэсгийн тухайд уг төслийг баталсан гишүүд тодорхой этгээдэд зориулан баталсан гэж ерөнхий талаас хэлж байгаа нь бол огт үндэслэлгүй юм. ...........-ийн 2025.03.12-ны өдрийн ......... тоот тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан. Энэ тогтоол Дээд боловсролын тухай хуулийн 27.2 дахь заалтыг баримталсан. Энэ нь ............ үйл ажиллагаандаа туслах үүрэг бүхий орон тооны бус ажлын хэсэг байгуулан ажиллуулна гэж заасан учраас 2024.05.08-ны .......... тогтоолоор ажлын байрны тодорхойлолтыг боловсруулах ажлын хэсгийг байгуулсан. Дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөлийн нийтлэг дүрмийн 4.1, 4.2 дахь хэсгийг тогтоолдоо удирдлага болгосон. Энэ нь бол ............ Дээд боловсролын тухай хуулийн 10.4, 27 дугаар зүйлд заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ гэсэн заалт байсан. Дээд боловсролын сургалтын байгууллагын нийтлэг дүрэм 2023.07.07-ны өдөр Дээд боловсролын тухай хууль батлагдсаны дараа гарсан. Энэ дүрмийн 4.2-т Удирдах зөвлөл Боловсролын ерөнхий хуулийн 33.2-т заасан шаардлагыг баримтлан ректор /захирал/-ын албан тушаалын тодорхойлолтыг батална гэсэн заалт байсан. 2024.01.01-ний өдрөөс дагаж мөрдсөн Дээд боловсролын тухай хуульд ийм заалт орсон байгаа. Энэ хууль, дүрэм 2 хоорондоо зөрчилдөөнтэй. Өөрөөр хэлбэл их сургуулийн гүйцэтгэх удирдлага бол дээрх ректор байна гэсэн зохицуулалтыг Дээд боловсролын тухай хуульд оруулсан мөртлөө нийтлэг дүрэм дээр захирлын албан тушаалын тодорхойлолт нь 33.2-ыг баримтална гээд гарчихсан зөрчилдөөнтэй 2 заалт байсан учраас Боловсролын сайдын 2025.05.27-ны өдрийн дүрэмд өөрчлөлт оруулах А/245 тушаалаар ректор гэдэг үгийг хассан байгаа. Нэхэмжлэгчийн хэлээд байгаа буюу өөрсдөө тушаал шийдвэрийг хассан байна гэсэн шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан байна гэсэн ойлголтыг төрүүлээд байх шиг байна. Мэдээж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дараа Боловсролын сайдаас тушаал гарсны дагуу бүх төрийн өмчийн сургуулиуд .............-ийн дүрэмд өөрчлөлтийг оруулсан байгаа. Ганцхан ........... биш. Боловсролын ерөнхий хуулийн 33.2 дахь заалтын хэрэгжилтийн хүрээнд сайдын тушаалын дагуу 2024 оны Дээд боловсролын тухай хуульд сургалтын нийтлэг дүрмийн 4.2 дахь заалт, ректор гэснийг авсны дагуу ............ 2025.05.27-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор ............-ийн дүрмийн 4.2 дахь хэсгийн Боловсролын ерөнхий хуулийн 33.2-т заасан шаардлагыг баримтална гэснийг хасаж шийдвэр гаргасан.

Нэхэмжлэгч нарын шаардлагын гол үндэслэл бол Боловсролын ерөнхий хуулийн 33.2 дахь хэсэг энэ нь нийтлэг дүрмийн 4.1, ...........-ийн удирдах зөвлөлийн дүрмийн 4.2 дахь заалтыг зөрчиж үндсэн хуулиар олгогдсон хүний сонгох, сонгогдох эрхийг хассан гэсэн тайлбарыг шүүхэд гаргасан. Боловсролын ерөнхий хуулийн 33.2-т бол өмчийн бүх хэлбэрийн боловсролын сургалтын байгууллага, үүсгэн байгуулагч, түүний эрх олгосон этгээдийн томилсон гүйцэтгэх удирдлага удирдана, гүйцэтгэх удирдлага нь их сургуулийн ректор байна гэж заасан. Энэ хууль өөрөө 2023.07.07-ны өдөр батлагдсан. Өөрөөр хэлбэл их сургууль бол ректортой байна гэсний дагуу гүйцэтгэх удирдлагыг томилох, ажлын байрны тодорхойлолтыг батлах эрх, чиг үүргийг их сургуулиудын дэргэдэх Удирдах зөвлөлд бол шилжүүлсэн. Шинэчлэн батлагдсан Боловсролын ерөнхий хуулиар их сургуулийн гүйцэтгэх удирдлагад ректор байна гэж заасан боловч уг ректорын албан тушаалын шаардлагыг боловсролын ерөнхий хуульд тусгайлан зохицуулаагүй. Энэ нь юутай холбоотой вэ гэхээр яг зэрэгцэн батлагдсан Дээд боловсролын тухай хуульд их сургуулийн ректорын албан тушаалын тодорхойлолтыг батлах нь Удирдах зөвлөлийн чиг үүрэгт шилжүүлсэн учраас Боловсролын ерөнхий хуульд энэ заалтуудыг тусгайлан заагаагүй. Боловсролын сайдын 2025 оны А/245 дугаар тушаалын 1 дэх заалтыг үндэслэн ............... 2021 оны Удирдах зөвлөлийн 14 дүгээр тогтоолоор Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрийн заалт хоорондоо буюу эрх бүхий бусад этгээдийн гаргасан шийдвэрийн заалттай зөрчилдөхгүй байх энэ шаардлагыг хангаж хэрэгжүүлж, хуулийн хэрэгжилтийн хүрээнд энэ зохицуулалтыг тусгасан. Удирдах зөвлөлийн 2025.03.12-ны өдрийн хуралдаанд ............-ийн Удирдах зөвлөлийн дүрмийн 4.4-т үйл ажиллагааны хэлбэр нь хурал байна гэсний дагуу Удирдах зөвлөл нь чиг үүргийн дагуу ..............-ийн ректорын ажлын байрны тодорхойлолтын талаар шийдвэрийг олонхын саналаар хэлэлцэж, Удирдах зөвлөлийн дарга шийдвэрийг бол баталгаажуулж гаргасан байгаа. Удирдах зөвлөл ажлын байрны тодорхойлолт батлахаас өмнө 2024.05.08-ны өдөр Ажлын хэсэг байгуулах тухай тогтоол гарсны дагуу Ректорын албан тушаалын тодорхойлолтыг боловсруулах ажлын хэсэг томилогдож, уг төслийг бэлдэж оруулж ирсэн. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлд дурдсан ............ ........... ............-ийн ректорын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд С, Д нарын нэрийг нэр дэвшүүлсэн гэх боловч эдгээр хүмүүсийг нэр дэвшүүлсэн тухай Удирдах зөвлөлийн болон Захиргааны хурлын шийдвэр байхгүй.

Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга О өөрөө бол 4 хүний нэрийг сонгож Удирдах зөвлөлийн даргад явуулсан байсан болохоос шийдвэр гаргах эрх бүхий этгээд биш юм. Удирдах зөвлөлийн даргад шаардлага хангасан хүмүүсийн нэрсүүд гэж нарийн бичгийн дарга О явуулсан байгаа. Харин Удирдах зөвлөлийн хурал дээр Б Удирдах зөвлөлийн гишүүнээс гарах өргөдлөө өгсөн учраас нэрийг нь Авлигатай тэмцэх газар руу явуул гэсэн үүргийг нарийн бичгийн дарга О-д Удирдах зөвлөлийн даргаас өгсөн хуралдааны тэмдэглэл байгаа. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлдээ ректорын ажлын байрны тодорхойлолтыг хүлээн зөвшөөрчихсөн болох нь харин нотлогддог. Яагаад гэвэл нэхэмжлэл дээрээ өөрсдийнхөө ажлын байрны тодорхойлолтын шаардлагад тэнцэж байгаа гэж нэхэмжлэл дээрээ дурдсан байдаг. Хуучин ажлын байрны тодорхойлолтыг хүчинтэй гэж тодорхойлоод байгаа юм уу, эсхүл шинэ дээрээ тэнцээд байгаа юм уу гэдэг нь ойлгомжгүй. Харин өөр хүн томилогдохоор шинэ ажлын байрны тодорхойлолт хууль бус өөрсдөө нэр дэвшихээр хууль ёсны гэж үзэж байгаа гэж харж байна. Яагаад гэхээр 2025.03.12-ны өдөр ажлын байрны тодорхойлолт батлагдсан 2025.03.19-ний өдөр нэхэмжлэгч нарын нэрсийг нарийн бичгийн дарга О нь Удирдах зөвлөлийн даргад хүргүүлсэн. 4 хүний нэрсийг өгсөн байгаа боловч үүнээс 2 хүн нь л нэхэмжлэл гаргаж байгаа байдлаас харахад нөгөө 2 хүн нь ч гэсэн сонгогдох эрх зөрчигдсөн байна гэх үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргах байсан. Тус сургуулийн ректор С 2025.03.30-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн учраас Удирдах зөвлөлөөс 2025.04.02-ны өдөр Б-ийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Энэ томилогдохтой зэрэгцээд 2025.04.01-ний өдрөөс нэхэмжлэгч нар нь шүүхэд болон Боловсролын яаманд хүсэлт гаргасан байдаг. 2025.03.12-ны өдөр ажлын байрны тодорхойлолт батлах нь хууль бус процессын алдаатай хууль зөрчсөн байсан юм бол энэ үеэс эдгээр хүмүүс энэ зөрчлийн талаар гомдлоо гаргаад явах байсан. Гэтэл түр орлон гэж томилогдсоны дараагаас гомдлуудыг гаргасан. Боловсролын яам бол хариу өгөхдөө бол энэ ажлын байрны тодорхойлолтыг батлах нь Удирдах зөвлөлийн бүрэн эрхийн асуудал гэдэг хариуг албан ёсоор нэхэмжлэгч нарт өгсөн байсан. Хэрэг дотор энэ баримт авагдсан байсан. Тэгэхээр хэний эрх ашиг зөрчигдсөн юм бэ? тогтоолыг хүчингүй болгосноор нэхэмжлэгч нарын ямар эрх ашиг одоо зөрчигдсөн юм, тэр нь хэрхэн яаж сэргээгдэх юм гэдэг нь бол ойлгомжгүй байна. Нэхэмжлэгч нарын хөдөлмөрлөх явцад эрх ашиг зөрчигдсөн байдал бол тогтоогдохгүй байна.

Удирдах зөвлөлийн 08 дугаар тогтоолын тухайд бол Дээд боловсролын тухай хуулийн 27.1.7, Боловсролын сайдын 2002 оны А/245 дугаар тогтоол, Авлигатай тэмцэх газрын албан бичиг зэргийг үндэслэн энэ акт гарсан. Төрийн албаны тухай хуулийн 41.1-т төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудал бол энэ хуулиар зохицуулагддаг. Төрийн албаны тухай хуулийн 42.1.9-д бол албан үүргийг түр орлон гүйцэтгэх зохицуулалт байгаа боловч энэ бол төрийн жинхэнэ албан хаагч нарт хамааралтай зохицуулалт байгаа. Өөрөөр хэлбэл ямар тохиолдолд түр орлон гүйцэтгэгч томилогдох вэ гэхээр албан хаагчид өөр ажилд сонгогдсон, томилогдсон бол түр орлон гүйцэтгэгч томилогдохоор байгаа. Гэвч яг төрийн үйлчилгээний албан хаагчтай хамааралтай харилцаа нь Төрийн албаны хуулиар зохицуулагдаагүй учраас Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу түр орлон гүйцэтгэгчийн асуудал зохицуулагдана гэж үзэж байна. Боловсролын сайдын 2025 оны А/44 тоот тушаалаар Соёл, урлагийн их сургуулийн удирдах зөвлөлийн үүсгэн байгуулагчийн мэдээллийг баталсан. Энэ дээр томилогдсон Б нь Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан. 2025.03.12-ны өдрийн хуралдаанд Удирдах зөвлөлөөс гарах хүсэлтээ өгсөн нь хуралдааны тэмдэглэлд байгаа. Б саналын эрхтэй байсан эсэх асуудал бол гишүүнээс чөлөөлөгдсөн шийдвэр гарсны дараа хэлэлцэгдэхээс биш гишүүний эрх нь бүрэн дуусгавар болсон гэж үзэх үндэслэлгүй. Нэхэмжлэгч нарын хөдөлмөрийн харилцаа өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа. ...........-тай холбоотой ажилтан, ажил олгогч нарын хөдөлмөрийн харилцаа хэвийн үргэлжилж байгаа тухайн хүмүүсийн эрх ашиг зөрчигдөөгүй. Харин Удирдах зөвлөлийн ректорын сонгон шалгаруулалтын ажлын хэсэг 2025.07.21-ний өдөр байгуулагдсан. Үүнийг олон нийтэд нээлттэй зарлаж ректорын сонгон шалгаруулалтад сонгох, сонгогдох эрхийнхээ дагуу эдгээр хүмүүс өрсөлдөх эрх нь нээлттэй. Үүнийг хязгаарласан зүйл болбол байхгүй учраас эдгээр хүмүүсийн эрх ашиг зөрчигдөөгүй байх тул Удирдах зөвлөлийн ........, ......... дугаар тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй... гэв.

3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид 2025.05.05-ны өдөр 70,200 төгрөг төлсөн баримт /хх-ийн 3 х/,

-Г.С-ын иргэний үнэмлэхийн болон иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /1 хх-ийн 4, 5 х/,

-Д.Д-ийн иргэний үнэмлэхийн болон иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /1 хх-ийн 6, 7 х/,

- ............-ийн 2025.03.19-ний өдрийн 02/160 тоот албан бичиг, түүний хавсралт /1 хх-ийн 8-9 х/,

- ............-ийн Удирдах зөвлөлийн 2025.03.12-ны өдрийн 06 тоот Ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн батлах тухай тогтоол, түүний хавсралт /1 хх-ийн 10, 11-14 х/,

-Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025.04.08-ны өдрийн 191/ШЗ2025/15524 дүгээр Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж 1 /хх-ийн 15-18 х/,

-Нэхэмжлэгч нараас 2025.06.20-ны өдөр Б.Ч-д олгосон 0582, 0240 бүртгэлийн дугаартай итгэмжлэлүүд /1 хх-ийн 46, 47 х/,

-Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбогдуулан тэмдэгтийн хураамжид 2025.06.26-ны өдөр 70,200 төгрөг тушаасан баримт /1 хх-ийн 50 х/,

-Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын 2025.04.21-ний өдрийн 06/715 тоот Гомдол шийдвэрлүүлэх тухай албан бичиг /1 хх-ийн 109-110 х/ зэрэг баримтуудыг,

 

4.Хариуцагч нь тайлбар татгалзалтайгаа холбогдуулан ..........-ийн Удирдах зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга сонгож, нарийн бичгийн дарга томилох тухай 2025.02.13-ны өдрийн 01 дугаартай тогтоол /1 хх-ийн 21 х/,

-.............-ийн Удирдах зөвлөлийн даргаас 2025.05.15-ны өдрийн 06 тоот албан бичгээр Н.Н, С.Д нарт олгосон итгэмжлэл /1 хх-ийн 22 х/,

-Хариу тайлбар /1 хх-ийн 26-29 х/,

- Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 000000000 дугаартай гэрчилгээ /1 хх-ийн 52 х/,

- .............-ийн Удирдах зөвлөлийн 2024.05.22-ны өдрийн 06 дугаартай Дүрэм шинэчлэн батлах тухай тогтоол, түүний хавсралт /1 хх-ийн 53, 54-62 х/,

- ..............-ийн Удирдах зөвлөлийн 2025.05.27-ны өдрийн 14 дугаартай Дүрэмд өөрчлөлт оруулах тухай тогтоол /1 хх-ийн 63 х/,

- ...............-ийн Удирдах зөвлөлийн 2025.02.13-ны өдрийн 02 дугаартай Дүрэм шинэчлэн батлах тухай тогтоол, түүний хавсралт /1 хх-ийн 64, 65-66 х/,

-Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013.01.02-ны өдрийн А/02 дугаартай Ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн батлах тухай тушаал, түүний хавсралт /1 хх-ийн 67, 68-72 х/,

- ..............-ийн Удирдах зөвлөлийн Ажлын хэсэг байгуулах тухай тогтоол, түүний хавсралт /1 хх-ийн 73, 74 х/,

- ..............-ийн Удирдах зөвлөлийн 2025.03.12-ны өдрийн 06 дугаартай Ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн батлах тухай тогтоол, түүний хавсралт /1 хх-ийн 75, 76-79 х/,

-Авлигатай тэмцэх газрын 2025.04.25-ны өдрийн 05/7976 тоот Хариу хүргүүлэх тухай албан бичиг /1 хх-ийн 111 х/

-Монгол Улсын Боловсролын яамны 2025.04.11-ний өдрийн 11/1430 тоот Асуудал шийдвэрлүүлэх тухай албан бичиг /1 хх-ийн 106 х/,

-Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбар /1 хх-ийн 139-141 х/,

- Монгол Улсын Боловсролын сайдын 2025.05.27-ны өдрийн А/245 дугаартай Дүрэмд өөрчлөлт оруулах тухай тушаал /1 хх-ийн 142 х/,

- ................-ийн Удирдах зөвлөлийн 2025.05.27-ны өдрийн 14 дугаартай Дүрэмд өөрчлөлт оруулах тухай тогтоол /1 хх-ийн 142 х/,

- ..................-ийн Удирдах зөвлөлийн 2025.03.12-ны өдрийн 06 дугаартай Ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн батлах тухай тогтоол, түүний хавсралт /хх-ийн 143-151 х/,

- .................-ийн Удирдах зөвлөлийн 2025.07.21-ний өдрийн 15 дугаартай Тогтоолын үндэслэх хэсэгт өөрчлөлт оруулах тухай тогтоол /1 хх-ийн 152 х/,

- ..................-ийн Удирдах зөвлөлийн 2025.04.02-ны өдрийн 08 дугаартай Ч.Б-ийг ажилд түр томилох тухай тогтоол /1 хх-ийн 153 х/,

- Монгол Улсын Боловсролын сайдын 2025.02.03-ны өдрийн А/44 дугаартай ..........-ийн Удирдах зөвлөлийн үүсгэн байгуулагчийн төлөөллийг шинэчлэн батлах тухай тушаал, түүний хавсралт /1 хх-ийн 154-155 х/,

-Ч.Б-ийн өргөдөл /1 хх-ийн 156 х/,

- Монгол Улсын Боловсролын сайдын 2025.06.06-ны өдрийн А/325 дугаартай Тушаалын хавсралтад өөрчлөлт оруулах тухай тушаал /1 хх-ийн 157 х/,

- .................-ийн Удирдах зөвлөлийн 2025.05.08-ны өдрийн 03, 2025.07.21-ний өдрийн 16 дугаартай Ажлын хэсэг байгуулах тухай тогтоол, түүний хавсралт /1 хх-ийн 158-159, 160 х/,

- ................-ийн ректорын 2025.03.10-ны өдрийн Б/76 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаал, түүний хавсралт /1 хх-ийн 161-162 х/,

- .................-ийн Удирдах зөвлөлийн 2025.02.13-ны өдрийн 01 дугаартай Удирдах зөвлөлийн дарга сонгож, нарийн бичгийн дарга томилох тухай тогтоол /2 хх-ийн 137 х/,

- ...............-ийн Удирдах зөвлөлийн 2025.05.27-ны өдрийн 12 дугаартай Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга томилох тухай тогтоол /2 хх-ийн 138 х/,

-2025.09.18-ны өдрийн Тодорхойлолтууд /2 хх-ийн 140-141 х/ зэрэг баримтуудыг,

 

5.Шүүхийн журмаар тус шүүхийн 2025.06.20-ны өдрийн 191/ШЗ2025/26993 дугаартай Шүүх хуралдаан хойшлуулах тухай шүүгчийн захирамжаар ...........-ийн Удирдах зөвлөлийн 2025.03.12-ны өдрийн 2025/02 дугаартай Хурлын тэмдэглэл /1 хх-ийн 80-104 х/,

-..............-ийн ректорын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Б-ийн тус албан тушаалын тусгай шаардлагыг хангаж буй талаарх хувийн хэрэг, холбогдох баримт бичиг /1 хх-ийн 105, 164-165 х/,

-2025.07.08-ны өдрийн 191/ШЗ2025/29634 дугаартай Шүүх хуралдаан хойшлуулах тухай шүүгчийн захирамжийн дагуу хийсэн Үзлэгийн тэмдэглэл /1 хх-ийн 129-137 х/,

-2025.06.20-ны өдрийн 191/ШЗ2025/26993 дугаартай Шүүх хуралдаан хойшлуулах тухай шүүгчийн захирамжаар ..........-ийн Удирдах зөвлөлийн 2025.03.12, 2025.03.20-ны өдрийн хурлын тэмдэглэлүүд /1 хх-ийн 166-232 х/,

-2025.07.22-ны өдрийн 191/ШЗ2025/30752 дугаартай Шүүх хуралдаан хойшлуулах тухай шүүгчийн захирамжаар гэрч Д.О-ээс 2025.03.12-ны өдрийн 06, 2025.04.02-ны өдрийн 08 тоот тогтоолуудын үндэслэл болсон хэлэлцэн шийдвэрлэх асуудлуудтай холбогдох материалыг удирдах зөвлөлийн гишүүдэд хэзээ, хэрхэн яаж хүргүүлсэн талаарх баримтууд /2 хх-ийн 10-94 х/,

-2025.03.20-ны өдрийн 2025/03 дугаартай тэмдэглэлийн 40 дүгээр хуудас /2-р хх-ийн 97 х/,

-2025.09.16-ны өдрийн 191/ШЗ2025/38006 дугаартай Шүүх хуралдаан хойшлуулах тухай шүүгчийн захирамжийн дагуу хийсэн Үзлэгийн тэмдэглэл /2 хх-ийн 114-134 х/,

-2025.09.16-ны өдрийн 191/ШЗ2025/38006 дугаартай Шүүх хуралдаан хойшлуулах тухай шүүгчийн захирамжаар 2025.03.12, 2025.03.20-ны өдөр болох удирдах зөвлөлийн хурлын товыг хэзээ тогтоосон, гишүүдэд хэрхэн мэдэгдсэн талаарх баримт /2 хх-ийн 139, 142-145 х/-уудыг тус тус бүрдүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч Г.С, Д.Д нар нь ...............ийн Удирдах зөвлөлийн 2025.03.12-ны өдрийн ......... дугаартай Ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн батлах тухай тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 2025.04.02-ны өдрийн ....... дугаартай Ч.Б-ийг ажилд түр томилох тухай тогтоолыг хүчингүй болгуулахаар нэмэгдүүлж, дараах үндэслэлээр хүчингүй болгуулах шаардлагатай гэж тодорхойлж байна. Үүнд:

2.1. ............ нь сургалт, судалгаа, уран бүтээл, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхэлдэг өөрийн удирдлага бүхий төрийн өмчийн их сургууль мөн бөгөөд Удирдах зөвлөл нь тухайн сургуулийн өөрийн удирдлагыг хэрэгжүүлж байгаагийн хувьд түүнээс гарч буй эрх зүйн акт, дүрэм, журам, хуулийн шаардлагаас гадна баримт бичигт тавигдах шаардлагыг хангасан байх ёстой. Дээрх тогтоолуудыг батлахдаа Дээд боловсролын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь заалт, Дээд боловсролын сургалтын байгууллагын Удирдах зөвлөлийн нийтлэг дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 дахь заалт, удирдах зөвлөлийн 2025.03.12-ны өдрийн хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэдэг.

Гэтэл Дээд боловсролын сургалтын байгууллагын Удирдах зөвлөлийн нийтлэг дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Удирдах зөвлөл нь Дээд боловсролын тухай хуулийн 10.4, 27 дугаар зүйлд заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ гэх заалт нь Дээд боловсролын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-т Дээд боловсролын сургалтын байгууллага татан буугдсан нөхцөлд суралцагчийг ижил мэргэжлийн сургуульд шилжүүлэн суралцуулах асуудлыг тухайн сургалтын байгууллагын эцсийн эзэмшигч буюу үүсгэн байгуулагч, Удирдах зөвлөл нь дээд боловсролын бусад байгууллагатай хамтран шийдвэрлэнэ гэсэн байдаг. Эдгээр заалтууд нь ректорын ажлын байрны тодорхойлолт батлахтай ямар ч хамааралгүй заалтыг удирдлага болгосон бөгөөд Боловсролын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2, 33.2.2-т заасныг мөн зөрчсөн.

2.2. .............-ийн удирдах зөвлөлийн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.6-д зааснаар удирдах зөвлөлийн дарга удирдах зөвлөлийн хурлыг хурал болохоос ажлын 3-аас доошгүй хоногийн өмнө товлох, Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга тухайн хуралд хэлэлцэн шийдвэрлэх асуудлыг холбогдох материалыг гишүүнд хүргүүлнэ гэж заасныг зөрчсөн...

2.3. 2025.03.12-ны өдрийн хуралд Удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх хүсэлтээ 7 хоногийн өмнө өгсөн Ч.Б оролцсон нь тус хурлын бүрэлдэхүүн хууль бус байсан. Удирдах зөвлөлийн дарга Ч.Б-ийг ректорын түр орлон гүйцэтгэгчээр томилохдоо Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлээгүй, ...........-ийн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.18 дахь заалтыг тус тус зөрчсөн гэжээ.

3.Хариуцагч нь дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан. Үүнд:

3.1. ............-ийн Удирдах зөвлөлийн ......., ........ дугаартай тогтоолууд нь хууль болон холбогдох дүрэм, журмуудыг зөрчөөгүй, хууль зүйн үндэслэлтэй гарсан. Дээд боловсролын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Дээд боловсролын сургалтын байгууллагын өөрийн удирдлага нь Удирдах зөвлөл байна, 26.4-т Удирдах зөвлөл нь энэ хуулийн 26.8-д заасан нийтлэг дүрэмд нийцүүлэн өөрийн дүрмийг батална гэж тус тус заасны дагуу 2024.05.22-ны өдрийн 06 дугаар тогтоолоор .............-ийн дүрэм-ийг 2025.02.13-ны өдрийн 02 дугаар тогтоолоор ............-ийн Удирдах зөвлөлийн дүрэм-ийг тус тус баталсан.

Удирдах зөвлөлийн 2025.03.12-ны өдрийн 06 дугаартай тогтоолоор тус сургуулийн ректорын албан тушаалын тодорхойлолтыг 100 хувийн саналаар баталсан бөгөөд уг албан тушаалд тавигдах тусгай шаардлагын туршлага хэсэгт дээд боловсролын сургалтын байгууллага, соёл урлагийн салбарын байгууллагад удирдах албан тушаалд 6-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх гэх хэсэг нь нэхэмжлэгч нарын Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхийг хязгаарлаагүй.

Боловсролын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т Төрийн болон орон нутгийн өмчийн мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагаас бусад боловсролын сургалтын байгууллагын захирал, эрхлэгч дараах тусгай шаардлагыг хангасан байна, 33.2.2-т Боловсролын сургалтын байгууллагад тасралтгүй 10-аас доошгүй жил, үүнээс боловсролын сургалтын байгууллагад багшаар зургаагаас доошгүй жил, тэнхимийн эрхлэгч, албаны дарга, сургалтын менежер, нийгмийн ажилтан, арга зүйчээр дөрвөөс доошгүй жил ажилласан, мэргэжлийн тэргүүлэх болон түүнээс дээш зэрэгтэй байх гэж тусгай шаардлагыг зохицуулсан. Энэхүү зохицуулалт нь Төрийн болон орон нутгийн өмчийн мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагаас бусад ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарт хамаарах бөгөөд удирдах албан тушаалд ажилласан жилийг тогтоосон зохицуулалт биш.

3.2. ............-ийн ректороор ажиллаж байсан Э.С өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ өөрөө гаргаж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн учраас Удирдах зөвлөлийн 2025.04.02-ны өдрийн 08 дугаар тогтоолоор Ч.Б-ийг ректорын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж, Дээд боловсролын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4 дэх хэсэг, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024.03.20-ны өдрийн А/145 дугаар тушаалаар батлагдсан Төрийн болон орон нутгийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын гүйцэтгэх удирдлагыг сонгон шалгаруулах журам-ын 1.2 дахь хэсэгт Дээд боловсролын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.7-д заасны дагуу сургуулийн гүйцэтгэх удирдлагын сул ажлын байрыг нийтэд нээлттэй зарлаж, сонгон шалгаруулалт зохион байгуулна гэж заасны дагуу тус сургуулийн гүйцэтгэх удирдлагын сул орон тоонд сонгон шалгаруулалтыг холбогдох дүрэм, журмын дагуу зохион байгуулахаар ажиллаж байгаа учраас нэхэмжлэгч нарын эрх, ашиг зөрчигдөөгүй тул Удирдах зөвлөлийн 06, 08 дугаар тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж маргасан.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчийн тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлага тус бүрд дүгнэлт өгөх нь зүйтэй.

 

4.1. ...............-ийн Удирдах зөвлөлийн 2025.03.12-ны өдрийн 06 дугаартай Ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн батлах тухай тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагын тухай

 

Дээд боловсролын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Дээд боловсролын сургалтын байгууллагын өөрийн удирдлага нь Удирдах зөвлөл байна, 26.4-т Удирдах зөвлөл нь энэ хуулийн 26.8-д заасан нийтлэг дүрэмд нийцүүлэн өөрийн дүрмийг батална гэж заасны дагуу ...........-ийн Удирдах зөвлөлийн 2025.02.13-ны өдрийн 02 дугаартай Дүрэм шинэчлэн батлах тухай тогтоолоор ............-ийн удирдах зөвлөлийн дүрэм-ийг баталсан байх ба энэхүү дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.2-т Боловсролын ерөнхий хуулийн 33.2-т заасан шаардлагыг баримтлан Ректорын албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтыг хэлэлцэж батлах гэсэн чиг үүргийнхээ хүрээнд .............-ийн удирдах зөвлөл нь 2025.03.12-ны өдрийн .......... дугаартай Ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн батлах тухай тогтоолоор тус сургуулийн ректорын Албан тушаалын тодорхойлолт-ыг хавсралтаар шинэчлэн баталжээ. /1 хх-ийн 10, 11-14 х, 64, 65-66 х/

 

............-ийн удирдах зөвлөлийн 2025.03.12-ны өдрийн 06 дугаартай Ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн батлах тухай тогтоол нь Дээд боловсролын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, Дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөлийн нийтлэг дүрэм-ийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 дахь заалт, ...............-ийн Удирдах зөвлөлийн 2025.03.12-ны өдрийн хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэсэн байна.

 

Дээд боловсролын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т Удирдах зөвлөл нь үйл ажиллагаандаа туслах үүрэг бүхий орон тооны бус ажлын хэсэг байгуулан ажиллуулж болно гэж заасан бөгөөд .............-ийн Удирдах зөвлөл нь 2024.05.08-ны өдөр 03 дугаартай Ажлын хэсэг байгуулах тухай тогтоолоор тус сургуулийн ректорын албан тушаал (ажлын байрны)-ын тодорхойлолтыг боловсруулах ажлын хэсэг байгуулсан байх ба энэ талаар нэхэмжлэгч маргаагүй учраас шүүх дүгнэлт өгөх шаардлагагүй. /1 хх-ийн 73, 74 х/

 

Зохигч дээрх тогтоолын Дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөлийн нийтлэг дүрэм-ийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 дахь заалт, ...........-ийн удирдах зөвлөлийн дүрмийн 4.2 дахь заалт, Удирдах зөвлөлийн 2025.03.12-ны өдрийн хурлын тэмдэглэл нь тус тус холбогдох хууль болон журамдаа нийцсэн эсэх талаар маргаж байна.

Боловсролын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д Мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллеж, коллеж, дээд сургууль, их сургууль, олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэх эрх бүхий ерөнхий боловсролын сургууль болон Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу байгуулсан боловсролын сургалтын байгууллагын өөрийн удирдлага нь удирдах зөвлөл байна гэж,

Дээд боловсролын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Дээд боловсролын сургалтын байгууллагын өөрийн удирдлага нь Удирдах зөвлөл байна, 26.4-т Удирдах зөвлөл нь энэ хуулийн 26.8-д заасан нийтлэг дүрэмд нийцүүлэн өөрийн дүрмийг батална гэж тус тус заасны дагуу .............-ийн удирдах зөвлөлийн 2025.02.13-ны өдрийн 02 дугаартай Дүрэм шинэчлэн батлах тухай тогтоолын хавсралтаар Удирдах зөвлөлийн дүрэм-ийг баталсан байна.

 

Энэхүү дүрмийн 4 дүгээр зүйлээр Удирдах зөвлөлийн хэрэгжүүлэх чиг үүргийг тодорхойлсон байх ба 4.2-т Боловсролын ерөнхий хуулийн 33.2-т заасан шаардлагыг баримтлан Ректорын албан тушаал (ажлын байрны)-ын тодорхойлолтыг хэлэлцэж батлах гэсэн чиг үүргийнхээ хүрээнд 2025.03.12-ны өдрийн 06 дугаартай Ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн батлах тухай тогтоолоор ...........-ийн Ректорын албан тушаалын тодорхойлолтыг шинэчлэн батлахдаа албан тушаалд тавигдах тусгай шаардлага, туршлага хэсэгт Дээд боловсролын сургалтын байгууллага, шинжлэх ухааны байгууллага, соёл, урлагийн салбарын байгууллагад удирдах албан тушаалд зургаагаас доошгүй жил ажилласан туршлагатай байх... гэсэн шалгуурыг тавьсан байгаа нь Боловсролын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т Төрийн болон орон нутгийн өмчийн мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагаас бусад боловсролын сургалтын байгууллагын захирал, эрхлэгч дараах тусгай шаардлагыг хангасан байна, 33.2.2-т Боловсролын сургалтын байгууллагад тасралтгүй 10-аас доошгүй жил, үүнээс боловсролын сургалтын байгууллагад багшаар зургаагаас доошгүй жил, тэнхимийн эрхлэгч, албаны дарга, сургалтын менежер, нийгмийн ажилтан, арга зүйчээр дөрвөөс доошгүй жил ажилласан, мэргэжлийн тэргүүлэх болон түүнээс дээш зэрэгтэй байх гэсэн зохицуулалтыг зөрчжээ.

 

Хэдийгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Боловсролын сайдын 2025.05.27-ны өдрийн А/245 дугаартай тушаалаар Дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөлийн нийтлэг дүрэм-ийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт Удирдах зөвлөл Боловсролын ерөнхий хуулийн 33.2-т заасан шаардлагыг баримтлан, захирлын албан тушаалын (ажлын байрны) тодорхойлолтыг батална гэж өөрчлөлт орсонтой холбоотойгоор Соёл, урлагийн их сургуулийн Удирдах зөвлөлийн 2025.05.27-ны өдрийн 14 дугаартай Дүрэмд өөрчлөлт оруулах тухай тогтоолоор ...зөвлөлийн дүрмийн 4.2 дахь хэсгийн Боловсролын ерөнхий хуулийн 33.2-т заасан шаардлагыг баримтлан гэснийг хассан учраас 2025.03.12-ны өдрийн 06 дугаартай Ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн батлах тухай тогтоол хууль болон холбогдох дүрмийг зөрчөөгүй гэж маргаж байгааг шүүх хүлээн авах боломжгүй байна.

 

Учир нь ................-ийн Удирдах зөвлөлийн 2025.05.27-ны өдрийн 14 дугаартай тогтоолын 3-т Энэхүү тогтоолыг 2025.05.27-ны өдрөөс дагаж мөрдөж ажиллана гэжээ. /1 хх-ийн 142 х/,

 

...................-ийн Удирдах зөвлөл нь дээрх тогтоолыг үндэслэн 2025.03.12-ны өдрийн 06 дугаартай Ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн батлах тухай тогтоолын үндэслэх хэсэгт баримталсан Дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөлийн нийтлэг дүрэм-ийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь заалтыг хассан өөрчлөлтийг оруулсан эсэх нь тодорхойгүй байна.

 

Дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөлийн нийтлэг дүрэм болон ................-ийн Удирдах зөвлөлийн дүрэм-ийн 4 дүгээр зүйлийн 4.4-т Удирдах зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хурал байна. Хуралд нийт гишүүдийн 60-аас доошгүй хувийн ирцтэй байх тохиолдолд хурлыг хүчинтэйд тооцож, хэлэлцсэн асуудлаар олонхын саналаар шийдвэр /тогтоол/ гаргаж, тэмдэглэл хөтөлнө. Удирдах зөвлөлийн дарга тогтоолд гарын үсэг зурж, сургуулийн тамга дарж баталгаажуулна,

4.6-д Удирдах зөвлөлийн дарга удирдах зөвлөлийн хурлыг хурал болохоос ажлын гурваас доошгүй хоногийн өмнө товлоно. Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга тухайн хуралд хэлэлцэн шийдвэрлэх асуудалтай холбогдох материалыг гишүүдэд хүргүүлнэ гэжээ.

 

..................-ийн Удирдах зөвлөлөөс тус сургуулийн ректорын албан тушаал (ажлын байрны)-ын тодорхойлолтын төслийг хэлэлцэж батлах хурлын товыг 2025.03.12-ны өдөр 09:00-11:00 цагт хуралдахаар 2025.03.10-ны өдөр товлосон байгаа нь дээрх дүрмийн 4.6-д заасны дагуу ажлын гурваас доошгүй хоногийн өмнө товлоно гэсэн заалтыг тус, тус зөрчсөн болох нь тухайн үед нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Д.О-ийн ............. цахим шуудан /имэйл хаяг/-д үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдлоо. /2 хх-ийн 114-117 х/

 

Мөн ..................-ийн Удирдах зөвлөл нь 2025.03.12-ны өдрийн 06 тоот Ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн батлах тухай тогтоолыг бүх гишүүдийн 100 хувийн саналаар баталсан гэх боловч дахин 2025.03.20-ны өдөр 14:00 цагт болсон хурлын хэлэлцэх асуудалд ................-ийн Ректорын ажлын байр (албан тушаал)-ын тодорхойлолтын төслийг дахин хэлэлцэх, СУИС-ийн Ректорын үүргийг түр орлон гүйцэтгэгчийг нэр дэвшүүлэх тухай асуудлуудыг хэлэлцэнэ гэсэн нь байгаа нь дээрх дүрмүүдийн 4 дүгээр зүйлийн 4.6-д заасныг зөрчсөн байна.

 

4.2. ................-ийн Удирдах зөвлөлийн 2025.04.02-ны өдрийн 08 дугаартай Ч.Б-ийг ажилд түр томилох тухай тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагын тухай.

 

Энэхүү тогтоол Дээд боловсролын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.7 дахь заалт, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023.12.25-ны өдрийн А/576 дугаар тушаалын хавсралтаар баталсан Дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөлийн нийтлэг дүрмийн 4.1 дэх заалт, Удирдах зөвлөлийн 2025.02.13-ны өдрийн хурлын тэмдэглэл, Авлигатай тэмцэх газрын 2025.03.26-ны өдрийн 05/5735 дугаар албан бичгийг тус тус үндэслэжээ. /1 хх-ийн 153 х/

.............-ийн Ректорын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон удирдах зөвлөлийн дээрх тогтоол нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх ёстой тул үндэслэл тус бүрээр нь дүгнэвэл:

- Дээд боловсролын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.7-д Нээлттэй сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн дээд боловсролын сургалтын байгууллагын гүйцэтгэх удирдлагыг 5 жилийн хугацаагаар томилж, гэрээ байгуулах, хуульд заасан үндэслэлээр чөлөөлөх гэжээ.

 

Энэхүү зохицуулалт нь Удирдах зөвлөлийн хэрэгжүүлэх чиг үүрэг буюу нээлттэй сонгон шалгаруулалтад орж тэнцсэн сургалтын байгууллагын гүйцэтгэх удирдлагыг 5 жилийн хугацаагаар томилж, гэрээ байгуулах, хуульд заасан үндэслэлээр чөлөөлөхтэй холбоотой болохоос түр орлон гүйцэтгэгчийг томилоход хамааралгүй байна.

 

-Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023.12.25-ны өдрийн А/576 дугаар тушаалын хавсралтаар баталсан Дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөлийн нийтлэг дүрэм-ийн 4.1-д Удирдах зөвлөл нь Дээд боловсролын тухай хуулийн 10.4, 27 дугаар зүйлд заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ гэжээ.

 

Гэтэл Дээд боловсролын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх заалт нь дээд боловсролын сургалтын байгууллага татан буугдсан нөхцөлд суралцагчийг ижил мэргэжлийн сургуульд шилжүүлэн суралцуулах асуудлыг тухайн сургалтын байгууллагын эцсийн эзэмшигч буюу үүсгэн байгуулагч, Удирдах зөвлөл нь дээд боловсролын бусад байгууллагатай хамтран шийдвэрлэхэд чиглэжээ.

 

-Удирдах зөвлөлийн 2025.02.13-ны өдрийн хурлын тэмдэглэл гэх боловч хэрэгт энэ талаарх баримтыг өгөөгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна гэж тус тус заасны дагуу хариуцагч нь дээрх баримтыг гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй болно.

 

-Авлигатай тэмцэх газрын 2025.03.26-ны өдрийн 05/5735 дугаар албан бичигт ...................-ийн Ректорын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдохоор нэр дэвшсэн Ч.Б-ийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6 дахь хэсэгт заасныг үндэслэн хянахад ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал одоогоор тогтоогдоогүй болно.

Нэр дэвшигч нь тухайн албан тушаалд томилогдсон тохиолдолд Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т заасан хугацаанд хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг, тухайн албан үүргийг гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсэж болзошгүй нөхцөл байдалд дээрх хуулийн 8 дугаар зүйлд заасан мэдэгдэл, тайлбарыг тухай бүр гаргаж байх, мөн хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг хэрэгжүүлж ажиллахад анхаарна уу гэжээ.

 

Монгол Улсын Авлигатай тэмцэх газар нь авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын гэмт хэргийг илрүүлэх зорилгоор гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, хуульд заасан этгээдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах чиг үүрэг бүхий хараат бус, бие даасан, төрийн тусгай байгууллага бөгөөд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д зааснаар ..............-ийн Ректорын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдохоор нэр дэвшсэн Ч.Б-ийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан талаараа мэдэгдсэн байна.

 

-Дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөлийн нийтлэг дүрэм-ийн 4 дүгээр зүйлийн 4.4-т Удирдах зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хурал байна. Хуралд нийт гишүүдийн 60-аас доошгүй хувийн ирцтэй байх тохиолдолд хурлыг хүчинтэйд тооцож, хэлэлцсэн асуудлаар олонхын саналаар шийдвэр /тогтоол/ гаргаж, тэмдэглэл хөтөлнө. Удирдах зөвлөлийн дарга тогтоолд гарын үсэг зурж, сургуулийн тамга дарж баталгаажуулна гэж заасан байхад тус сургуулийн Ректорын түр орлон гүйцэтгэгчийг томилохдоо хэнийг томилох талаар удирдах зөвлөлийн гишүүдээс санал аваагүй болох 2025.03.12-ны өдрийн 2025/02 тоот хурлын тэмдэглэлийн 21 дүгээр хуудсанд ...Я.Б: Түр орлон гүйцэтгэгчийг сонгохдоо Удирдах зөвлөлөөр хэлэлцэх ёстой юу гэхэд

Ж.А: Хэлэлцэхгүй. Удирдах зөвлөлийн даргын шийдвэрээр түр орлон гүйцэтгэгчийг томилно гэж,

Э.Ц: За чөлөөлөхийг нь бол дэмжиж байна даргаа. Тэрэн дээр санал авъя. Хэнийг түр орлуулах вэ гэхэд

Ж.А: Тэр хүнийг би шийднэ. Нэг юмыг бодох хэрэгтэй. Тэр бол ажлын байрны тодорхойлолтод нийцсэн хүнийг түр орлон гүйцэтгэгчээр томилно. .............-ийн гаднаас ч байж болно, дотроос ч байж болно. Гэхдээ энэ ажлын байранд тэнцсэн хүнийг түр орлон гүйцэтгэгчээр томилохгүй бол болохгүй. Баталсан ажлын байрны хүрээнд тухайн хүнийг түр орлон гүйцэтгэгчээр томилно гэсэн үг гэж,

тэмдэглэлийн 22 дугаар хуудсанд Ж.А: Та бүхэн нэг юм ойлгоорой, насны хязгаар хүрсэн, дээд хязгаар хүрсэн учир заавал тэгээд байх шаардлагагүй. Ажил олгогч өөрөө чөлөөлөх бүрэн боломжтой. За за ингээд Удирдах зөвлөлийн гишүүд 100 хувийн саналаар 3 сарын 31-нээр гэж тогтлоо. Саяын протоколуудыг сайн бичээрэй. За ингээд 3 дахь асуудал бол О манай нарийн бичгийн дарга яах вэ гэхээр өнөөдөр тодорхой хүмүүсийг санал болгоно. ............-иас энэ албан тушаалын тодорхойлолтод нийцэж байгаа хүмүүсийг надад танилцуулах хэрэгтэй. Мөн гаднаас өөр хүмүүс байдаг юм уу, тэр хүмүүсийн саналыг надад өгөөд тэгээд түр орлон гүйцэтгэгчээр би нэг хүнийг АТГ руу бичгийг нь явуулна. Удирдах зөвлөлийн даргын тогтоолоор явуулна гэсэн үг. За ингээд саналаа хураая... гэж,

тэмдэглэлийн 23 дугаар хуудсанд Ж.А: Түр орлон гүйцэтгэгч томилохдоо тушаал гаргана шүү дээ. Тэр үед би та бүхнээс санал авна... гэж тус тус хэлж байжээ. /1 х-ийн 19-23 х/,

 

Соёл, урлагийн их сургуулийн Удирдах зөвлөлийн дарга нь дээрх хуралдааны үеэр ...За ингээд 3 дахь асуудал бол О манай нарийн бичгийн дарга яах вэ гэхээр өнөөдөр тодорхой хүмүүсийг санал болгоно. ............-иас энэ албан тушаалын тодорхойлолтод нийцэж байгаа хүмүүсийг надад танилцуулах хэрэгтэй. Мөн гаднаас өөр хүмүүс байдаг юм уу, тэр хүмүүсийн саналыг надад өгөөд тэгээд түр орлон гүйцэтгэгчээр би нэг хүнийг АТГ руу бичгийг нь явуулна... гэсэн үүргийг нарийн бичгийн дарга Д.О-нд өгсний дагуу 2025.03.12-ны өдөр 17 цаг 01 минутад ................ цахим шуудан /и мэйл/-гаас ............. цахим шуудан /и мэйл/-руу Өдрийн мэнд ...........-ийн Удирдах зөвлөлийн өнөөдрийн хурлаар өгсөн үүрэг даалгаврын хүрээнд ..........-ийн Ректорын албан тушаалын тодорхойлолтод нийцэж буй албан тушаалтнуудын мэдээллийг илгээлээ... гээд нэр бүхий 4 иргэний мэдээллийг илгээсэн.

2025.03.17-ны өдөр 17 цаг 11 минутад .............. цахим шуудан /и мэйл/-гаас ............... цахим шуудан /и мэйл/-д Хамтад нь зуруулаад авъя. Түр орлон гүйцэтгэгчээр Б томилно гэх хариуг ирүүлсэн болох нь 2025.07.21-ний өдрийн Үзлэг хийсэн тухай тэмдэглэл, түүний хавсралтаар тус тус тогтоогдож байна. /1 хх-ийн 129-131, 132-137 х/

 

Удирдах зөвлөлийн дарга нь Дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөлийн нийтлэг дүрэм, болон ............-ийн удирдах зөвлөлийн дүрэм-ийн 4 дүгээр зүйлийн 4.8, 4.8.1, 4.8.2, 4.8.3-т удирдах зөвлөлийг хуралдуулах хугацаа, хэлэлцэх асуудлыг тухайн сургуулийн ректор, захиралтай тохиролцон хурлыг удирдах, гарсан шийдвэрийг батлах, удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих, удирдах зөвлөлийн гишүүдийн хуралдааны ирц, оролцооны талаарх мэдээллийг томилсон буюу сонгосон байгууллагад мэдэгдэнэ гэсэн эрхийг эдэлж, үүргийг хүлээхээр зохицуулсан байх ба бие дааж шийдвэр гаргах эрхийг олгоогүй байна.

 

Дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөлийн нийтлэг дүрэм болон ...............-ийн Удирдах зөвлөлийн дүрэм-ийн 4 дүгээр зүйлийн 4.9.2-т зааснаар Удирдах зөвлөлийн гишүүн нь ашиг сонирхлын зөрчилтэй гэдгийг илэрхийлэн тухайн асуудал хэлэлцэхэд оролцохоос татгалзахаар зохицуулсан.

 

Гэтэл 2025.03.12-ны өдрийн 06 тоот Ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн батлах тухай тогтоолыг гишүүдийн 100 хувийн саналаар баталсан гэх боловч уг асуудлыг хэлэлцэх үед Удирдах зөвлөлийн гишүүн Ч.Б нь санал өгсөн байна. Тухайн хурлын тэмдэглэлд тусгагдсанаар гишүүн Ч.Б нь ...Удирдах зөвлөлийн гишүүнээс гарах өргөдлөө өнгөрсөн 7 хоногт өгсөн... гэж хэлсэн байх боловч 2025.03.13-ны өдөр Удирдах зөвлөлийн даргад өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ бичгээр гаргасан байгаа нь дээрх дүрмийг зөрчсөн байна. /1 хх-ийн 156 х/

 

Нөгөөтэйгүүр, хуулиар зохицуулаагүй харилцааг журмаар зохицуулж болох ч хуулиас давсан журам гэж байх ёсгүй. Нэгэнт ........-ийн Удирдах зөвлөлийн дүрэмд Ректорын эзгүй байх хугацаанд түүний албан үүргийг нь түр орлон гүйцэтгэгчийг томилох талаар тусгагдаагүй тул тус сургуулийн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.18-д заасны дагуу шийдвэрлэх боломжтой байжээ.

 

5. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байна, 9.4.7-д Бусдын эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох гэж тус тус заасан.

 

Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх, энэхүү эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх, хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх, учруулсан хохирлыг арилгуулах, бусдын эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох, иргэний эрх зүйн харилцааг өөрчлөх, дуусгавар болгоход чиглэгддэг.

 

Нэхэмжлэгч Д.Д, Г.С нар нь хариуцагч ...........-ийн Удирдах зөвлөлийн 2025.03.12-ны өдрийн 06 дугаартай Ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн батлах тухай тогтоол, 2025.04.02-ны өдрийн 08 дугаартай Ч.Б-ийг ажилд түр томилох тухай тогтоолыг хууль болон холбогдох дүрмийн зохицуулалтуудыг тус тус зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгуулахаар шаардах эрхтэй байна.

 

Иймээс ...............-ийн Удирдах зөвлөлийн 2025.03.12-ны өдрийн ........ дугаартай, 2025.04.02-ны өдрийн ....... дугаартай тогтоолуудыг хүчингүй болгож шийдвэрлэв.

6. Шүүх хэргийн 1 дүгээр хавтасны 67-71, 2 дугаар хавтасны 27-94 дугаар хуудсанд авагдсан байгууллагын хуулбар үнэн тэмдэг дарагдсан болон хэвлэмэл баримтуудыг нотлох баримтаар үнэлээгүй. Эдгээр баримтууд нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй гэдгийг дурдах нь зүйтэй.

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч ..........-ийн Удирдах зөвлөлөөс 140,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож, нэхэмжлэгч Д.Д, Г.С нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Боловсролын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Д, Г.С нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, .............-ийн Удирдах зөвлөлийн 2025.03.12-ны өдрийн ......... дугаартай, 2025.04.02-ны өдрийн .......... дугаартай тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч ..............-ийн Удирдах зөвлөлөөс 140,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож, нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА