| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 2407003820285 |
| Дугаар | 2025/ДШМ/753 |
| Огноо | 2025-06-18 |
| Зүйл хэсэг | 24.8.1., |
| Улсын яллагч | Б.Дэлгэрмаа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 2025/ДШМ/753
2025 06 18 2025/ДШМ/753
Ц.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Дэлгэрмаа,
шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Ө.Амарбаясгалан,
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/84 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор М.Сэлэнгийн бичсэн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 05 дугаар эсэргүүцэл, шүүгдэгч Ц.Б-н өмгөөлөгч Ө.Амарбаясгалан нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ц.Б-д холбогдох эрүүгийн 2407003820285 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Ц.Б,
Шүүгдэгч Ц.Б нь 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хадгалж байсан 69 ширхэг шуудай бүхий Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Ховор ургамлын жагсаалт”-д багтсан Сибирь хуш модны самрыг өөрийн эзэмшлийн 35-05УКР улсын дугаартай “Тоёота Хайсе” загварын тээврийн хэрэгсэлд 46 шуудай бүхий 2,218.85 килограммыг ачиж, тээвэрлэн Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “А” ХХК-ийн агуулахад хадгалсан,
мөн **-**УНЗ улсын дугаартай “Тоёота Ланд круйсер” загварын тээврийн хэрэгсэлд 23 шуудай бүхий 1,031.1 килограмм хуш модны самрыг ачиж, Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “А” нэртэй амралтын газрын хашаанд тээвэрлэн хүргэж, хадгалсан буюу нийт 69 шуудай бүхий 3,249.95 килограмм Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Ховор ургамлын жагсаалт”-д багтсан Сибирь хуш модны самрыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Ц.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Ц.Б-г “зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг хадгалсан, тээвэрлэсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 2 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Ц.Б-д мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн ерөнхий газрын Хангалт үйлчилгээний хашаанд байрлах хөргүүртэй чингэлэгт хадгалагдаж байгаа 69 шуудай бүхий 3,249.95 килограмм Сибирь хуш модны самрыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих байгууллагад шилжүүлж худалдан борлуулан улсын орлого болгохыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Ц.Б-с 401,536,525 төгрөгийг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд шилжүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус журамлан энэ хэрэгт битүүмжлэгдсэн **-**УКР улсын дугаартай “Тоёота хайсе” болон **-**УНЗ улсын дугаартай “Тоёота ланд круйсер 80” загварын тээврийн хэрэгслүүдийн битүүмжлэлийг чөлөөлж, **-**УКР улсын дугаартай “Тоёота хайсе” тээврийн хэрэгслийн үнийн дүн болох 16,170,000 төгрөг, **-**УНЗ улсын дугаартай “Тоёота ланд круйсер 80” тээврийн хэрэгслийн үнийн дүн болох 13,230,000 төгрөг нийт 29,400,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгож, энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор М.Сэлэнгэ бичсэн эсэргүүцэлдээ: “... Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Шүүх шүүгдэгч Ц.Б-г гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан **-***УКР улсын дугаартай “Тоёота хайсе” болон *УНЗ улсын дугаартай “Тоёота ланд круйсер 80” загварын тээврийн хэрэгслүүд нь түүний өмчлөл, эзэмшлийнх болох мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт авагдсан Төрийн үйлчилгээний нэгдсэн системийн лавлагаа, мэдээллээр тогтоогдсон байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт битүүмжилсэн шүүгдэгч Ц.Б-н эзэмшлийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслүүдийг битүүмжлэлээс чөлөөлж, “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус журамлан **-**УКР улсын дугаартай “Тоёота хайсе” тээврийн хэрэгслийн үнэ 16,170,000 төгрөг, **-**УНЗ улсын дугаартай “Тоёота ланд круйсер 80” тээврийн хэрэгслийн үнэ болох 13,230,000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосон нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж, мөн заалтын 5 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ. Тухайн хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон болохыг мэдсээр байж авсан болох нь тогтоогдвол шүүх уг эд зүйл, хөрөнгө, орлогыг бусдын өмчлөлд шилжүүлсэн хэлцлийг хүчингүйд тооцож, хөрөнгө, орлогыг хураан авч хохирлыг нөхөн төлүүлнэ." гэж тус тус хуульчилсан. Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдлийг хэрэгжүүлэх явцдаа тээврийн хэрэгсэл ашиглах нь гэмт хэргийн нийгмийн хор аюулыг нэмэгдүүлж, учруулах хохирлыг ихэсгэх, цаашид дахин гэмт хэрэг үйлдэгдэх бодитой аюул заналыг бий болгож байдаг тул түүнийг таслан зогсоох, гэмт хэрэг үйлдэгдэхээс сэргийлэх, гэмт хэрэг үйлдэхээс татгалзуулах зорилгоор хураан авч устгах, улсын орлого болгох, хохирол төлүүлэхэд зарцуулахаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан. Ц.Б-н гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тул хураан авч улсын орлого болгож шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилгод нийцнэ. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/84 дүгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт орчуулуулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.
Шүүгдэгч Ц.Б-н өмгөөлөгч Ө.Амарбаясгалан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухайд дүгнэлт хийхдээ ...хууль тогтоогч Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 25.3-т заасан тодорхойлолт аваагүй амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулна” гэж хуульчлан заасан бол “Байгалийн ургамлын тухай ” хуульд ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор худалдан авсан, тээвэрлэсэн үйлдлийг тухайн ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр хадгалсан, тээвэрлэсэн, эсхүл ойн санд шууд хохирол учруулсан үйлдэлтэй адилтган үзэх, улмаар тухайн ургамлыг худалдан авсан хүнээс уг ургамлын үнэлгээг өсгөн нэмэгдүүлсэн дүнгээр нөхөн төлүүлэх агуулга бүхий заалт байхгүй болохыг дурдах нь зүйтэй гэж дүгнэсэн атлаа хавтаст хэргийн 95-102 хуудсанд авагдсан 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 3044, 85-89 дүгээр хуудсанд авагдсан 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 3045 дугаартай шинжээчийн дүгнэлтэд тусгасан экологи эдийн засгийн үнэлгээгээр тооцож, шүүгдэгч Ц.Б-с 401,536,525 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь дээрх дүгнэлттэй нийцэхгүй байна. Учир нь, шүүгдэгч Ц.Б нь хуш модны самрыг өөрөө түүж бэлтгээгүй, харин бусдын түүж бэлтгэсэн хуш модны самрыг тээвэрлэсэн, хадгалсан үйл баримт тогтоогдож байгаа ба гахайны хоолонд өгөх гэж яваад цагдаад баригдсан гэж шүүгдэгч өөрөө мэдүүлсэн байдаг. Энэ үйлдлээ ч шүүгдэгч хүлээн зөвшөөрдөг ба түүний үйлдлийн улмаас ургамлын аймагт шууд хохирол учирсан гэж үзэхгүй юм. Хавтаст хэргийн 168-172 хуудсанд авагдсан хуш модны самрын зах зээлийн үнэлгээгээр шүүх шийдвэрлэх бүрэн боломжтой байсан гэж үзэж байна. Шүүгдэгчийн хувьд гэм буруугийн тал дээр ямар нэгэн маргаан байхгүй бөгөөд харин хохирол, хор уршгийн талаар үнэн бодит дүгнэлтийг хийж шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Ц.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Амьдарлаа залгуулдаг хоёр тээврийн хэрэгсэл байдаг юм, түүнийхээ нэгийг хураалгаж, нөгөө тээврийн хэрэгслээ авч үлдэх боломжтой юу, хохирол төлбөр ихтэй байгаа учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Прокурор Б.Дэлгэрмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж заасны дагуу шийдвэрлүүлэх хүсэлттэй байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдол болон прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.
Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;
Шүүгдэгч Ц. Б нь 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хадгалж байсан 69 ширхэг шуудай бүхий Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Ховор ургамлын жагсаалт”-д багтсан Сибирь хуш модны самрыг өөрийн эзэмшлийн **-**УКР улсын дугаартай “Тоёота Хайсе” загварын тээврийн хэрэгсэлд 46 шуудай бүхий 2,218.85 килограммыг ачиж, тээвэрлэн Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “А” ХХК-ийн агуулахад хадгалсан,
мөн **-** УНЗ улсын дугаартай “Тоёота Ланд круйсер” загварын тээврийн хэрэгсэлд 23 шуудай бүхий 1,031.1 килограмм хуш модны самрыг ачиж, Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ар гурван сайхан” нэртэй амралтын газрын хашаанд тээвэрлэн хүргэж, хадгалсан буюу нийт 69 шуудай бүхий 3,249.95 килограмм Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Ховор ургамлын жагсаалт”-д багтсан Сибирь хуш модны самрыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О-н “...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/450 дугаар тушаалын хавсралтаар баталсан Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журамд зааснаар хуш модны үр идээ болох самрыг тухайн жилийн 10 дугаар сарын 20-ны өдрөөс дараа оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар бэлтгэх боломжтой. Гэвч тухайн жилд бүс нутгийн хуш модны самрын ургацын байдалд дүн шинжилгээ, судалгаанд үндэслэн төрийн захиргааны төв байгууллага буюу Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны сайдын тушаалаар хуш модны буюу Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны сайдын тушаалаар хуш модны самрыг бэлтгэх эсэхийг тогтоож өгдөг. Нийслэлийн ногоон бүсээс хувь хүн ахуйн хэрэгцээнд самар бэлтгэхийг хориглосон учраас “Ойн дагалт баялаг бэлтгэх” зөвшөөрлийг олгохгүй байгаа. Байгалийн ургамлын тухай хуульд “Ховор ургамлын жагсаалтыг Засгийн газар батална” гэж заасан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Ховор ургамлын жагсаалт”-д сибирь хуш нь багтсан байдаг. Энэ ургамал нь Монгол оронд ургадаг бөгөөд өөр төрөл зүйлийн хуш мод Монгол оронд ургадаггүй. Уг ургамлын үр идээ болох хуш модны самар нь ч мөн адил Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Ховор ургамлын жагсаалт”-д багтсан. Хуш модны самрын үнэлгээг 2022 оны 12 сарын 22-ны өдрийн А/603 дугаартай тушаалаар Нэн ховор, ховор, зарим элбэг ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг тооцохоор журамлаж өгсөн байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3 дугаар заалтад зааснаар ургамлын аймагт учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр хохирлын нөхөн төлбөрийг нэхэмжилнэ. Тухайн хэрэгт холбогдох буруутай этгээдээс шинжээчийн дүгнэлтэд тусгасан хохирлыг нэхэмжилж байна...” /хх 49-51/,
гэрч М.Б-н “...Тухайн өдөр манай хадам Б миний утас руу залгаад юм зөөгөөд өгөх хэрэгтэй байна гэж намайг дуудсан. Тэгээд би Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг хадам аав Б-н дэлгүүр дээр очиж түүний эзэмшлийн “Тоёота хайсе” болон “Тоёота ланд круйсер 80” маркийн тээврийн хэрэгслүүдтэй голын цаана байх хадам аавын амбаар луу очсон. Тэгээд амбаараас шуудайтай зүйлүүд байхаар нь машин руу зөөсөн ба дотор нь цайруулсан самар байсан. Ингээд “Тоёота ланд круйсер 80” маркийн тээврийн хэрэгсэлд 20 гаруй, “Тоёота хайсе” маркийн тээврийн хэрэгсэлд 40 гаруй шуудай самар ачаад хөдөлсөн ба “Тоёота ланд круйсер 80” маркийн тээврийн хэрэгсэл голд суугаад эвдрэхээр нь ойролцоо явж байсан том оврын машиныг гуйж машинаа татаж гаргуулаад Ар гурван сайхан амралтын газрын хашаанд байрлуулж орхисон. Тэгээд би ажилтай байсан тул Улаанбаатар хот руу явж аав Б цаашаа самраа зөөнө гээд үлдсэн. Тухайн цайруулсан самрууд нь минийх биш би аавыг “юм зөөгөөд өгчих” гэхээр нь очиж зөөлцөж өгчхөөд хот руу явсан...”
“...Би ачиж байхдаа мэдсэн ба юу ачихаа мэдэхгүй очсон. Манай хадам аав тухайн самруудыг “зарна” гэж байсан ба миний самар биш, би зүгээр хадам аавыг юм зөөгөөд өгчих гэхээр нь очиж тусалсан, цалин мөнгө аваагүй...” /хх 62-63, 66-67/,
гэрч Г.А-н “...Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчдын **-1 тоот хаягтай “А” ХХК нь мал мах, түүхий эд, ноолуур зэргийг худалдаж авах, бэлтгэх, худалдан борлуулах үйл ажиллагаа явуулдаг. “А” ХХК-ийн захирал нь манай ээж Д гэж хүн байсан ба 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр нас барсан тул миний бие өвлөн авсан. Одоо компанийн нэрийг “Аа” нэртэйгээр өөрчилсөн байгаа. Урьд нь 2020, 2021 онуудад манай ээж ажиллуулдаг байхдаа зөвшөөрөлтэй самрыг худалдан авч гэрээгээр компанид нийлүүлж байсан. Харин 2022, 2023, 2024 онуудад бол манай компани ямар ч самар худалдан авч нийлүүлээгүй. Манай компанийн хашаанд самар худалдан авч байгаа гэж хүн амьтнаас дуулаад андуурч ирсэн байх. Манай хашаанд самар жинлэж авах хүн байхгүй ба тухайн үед ирсэн цагдаа нар манай агуулахыг шалгаж үзэхэд 1 шуудай самар ч гараагүй. “Тоёота Хайс” маркийн тээврийн хэрэгсэл манай хашаа руу орж ирсэн ба жолоочоос нь самрыг худалдаж аваад агуулахдаа хадгалсан асуудал огт байхгүй...” /хх 70-71/ гэсэн мэдүүлгүүд,
Нийслэлийн шүүх шинжилгээний ухааны шинжилгээний хэлтсийн Хүрээлэн буй орчны шинжилгээ, үнэлгээний лабораторийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 3045 дугаартай: “...Шинжлэгдсэн дээж нь Сибирь Хуш Pinus Sibirica-ны цайруулсан самар байна. Самар нь ургамлын үржлийн эрхтэн буюу үр. Сибирь хуш нь Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтын “Ховор ургамлын жагсаалт”-д орсон ургамал. Шинжилгээнд ирүүлсэн Сибирь нарс (Хуш) самрын түүсэн цаг хугацааг тодорхойлох боломжгүй. Сибирь нарс (хуш) нь уулын тайгын бүслүүрийн дээд хэсгээр ургадаг. Хөвсгөл, Хэнтий, Хангай, Монгол Алтай гэсэн ургамал-газарзүйн тойрогт тархдаг. Таримал эсвэл байгалийн зэрлэг ургамал болохыг тогтоох боломжгүй. Шинжилгээнд ирсэн үрийн дундаж чийг нь 21,7-24,2%-тай байх тул нойтон байна. Хуш модны самрыг MNS 5786:2007, MNS 5364:2004 стандартын дагуу 1 жил хадгална. Стандартын шаардлага хангасан газар хадгалаагүй тохиолдолд чанар, жинд өөрчлөлт орох боломжтой. Хугацааг тооцох боломжгүй. MNS 5786:2007, MNS 5364:2004 стандартын дагуу хадгалаагүй тохиолдолд жин, хэмжээ, чийгшилд өөрчлөлт орох боломжтой. Хугацааг тогтоох боломжгүй. Экологи-эдийн засгийн үнэлгээ 219,444,265 төгрөг, байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөр 1,097,221,325 төгрөг байна...” /хх 85-89/.
Нийслэлийн шүүх шинжилгээний ухааны шинжилгээний хэлтсийн Хүрээлэн буй орчны шинжилгээ, үнэлгээний лабораторийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 3044 дугаартай “...Шинжлэгдсэн дээж нь Сибирь Хуш- Pinus Sibirica-ны цайруулсан самар байна. Самар нь ургамлын үржлийн эрхтэн буюу үр. Сибирь хуш Pinus Sibirica нь Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтын “Ховор ургамлын жагсаалт”-д орсон ургамал. Мөн ойн тухай хуулийн 3.1.12-т заасан “Ойн дагалт баялаг”-т хамаарч байна. Шинжилгээнд ирүүлсэн Сибирь нарс Хуш- Pinus Sibirica-ийн үрийн түүсэн цаг хугацааг тодорхойлох боломжгүй. Сибирь хуш- Pinus Sibirica нь уулын тайгын бүслүүрийн дээд хэсгээр ургадаг. Хөвсгөл Хэнтий, Хангай, Монгол Алтай гэсэн ургамал-газарзүйн тойрогт тархдаг. Таримал эсвэл байгалийн ургамлын аль нь болохыг тогтоох боломжгүй. Шинжилгээнд ирсэн үрийн дундаж чийг нь 13.89% байх тул хуурай байна. Хуш модны самрыг MNS 5786:2007, MNS 5364:2004 стандартын дагуу 1 жил хадгална. Стандартын дагуу хадгалаагүй тохиолдолд чанар байдлаа хурдан алдаж мөөгөнцөртөх, муудах боломжтой. Хуш модны самрыг MNS 5786:2007, MNS 5364:2004 стандартын дагуу шаардлага хангасан газар хадгалаагүй тохиолдолд жинд өөрчлөлт орох боломжтой. Мөрдөгчийн тогтоолд дурдсаны дагуу самрын экологи-эдийн засгийн үнэлгээг тооцвол 176,600x1031,1кг=182,092,260 төгрөг байна. Мөрдөгчийн тогтоолд дурдсаны дагуу "Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-р заалтад зааснаар ойн санд учирсан хохирлын нөхөн төлбөрийг үзэхэд 182,092,260 төгрөг хЗ=546,276,7800 төгрөг байна...” /хх 95-102/,
Хөрөнгийн үнэлгээний “Д” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн №ЭК-24-31 дугаартай, “Тоёота Хиасе” загварын **-** УКР улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээг тогтоосон “...Шинжилгээний объектын 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн зах зээлийн үнэлгээ нийт 16,170,000 төгрөгөөр үнэлэгдэв...” /хх 143-151/,
Хөрөнгийн үнэлгээний “Д” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн №ЭК-24-32 дугаартай, “Тоёота Ланд Круйсер” загварын **-** УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээг тогтоосон “...Шинжилгээний объектын 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн зах зээлийн үнэлгээ нийт 13,230,000 төгрөгөөр үнэлэгдэв...” /хх 158-165/,
Хөрөнгийн үнэлгээний “Д” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №ЭК-24-36 дугаартай: “2218.85, 1031.1 килограмм Сибир хуш модны самрын үнэлгээг тогтоосон “...Шинжилгээний объектын 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн зах зээлийн үнэлгээ нийт 22,749,650 /хорин хоёр сая долоон зуун дөчин есөн мянга зургаан зуун тавь/ төгрөгөөр үнэлэгдэв...” /хх 168-173/ гэсэн дүгнэлтүүд,
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-30/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Ж.М нь гэм буруутай эсэх, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Ц.Б-н зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг хадгалсан, тээвэрлэсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Ц.Б-г “зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг хадгалсан, тээвэрлэсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 2 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Прокурор М.Сэлэнгэ “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт битүүмжилсэн шүүгдэгч Ц.Б-н эзэмшлийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслүүдийг битүүмжлэлээс чөлөөлж, “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус журамлан **-**УКР улсын дугаартай “Тоёота хайсе” тээврийн хэрэгслийн үнэ 16,170,000 төгрөг, **-**УНЗ улсын дугаартай “Тоёота ланд круйсер 80” тээврийн хэрэгслийн үнэ болох 13,230,000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосон нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх тул өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэсэн эсэргүүцэл,
шүүгдэгч Ц.Б-н өмгөөлөгч Ө.Амарбаясгалан “...шинжээчийн дүгнэлтэд тусгасан экологи эдийн засгийн үнэлгээгээр тооцож, шүүгдэгч Ц.Б-с 401,536,525 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь дээрх дүгнэлттэй нийцэхгүй тул энэ талаар дүгнэлт хийж, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг тус тус гаргажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж,
5 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ. Тухайн хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон болохыг мэдсээр байж авсан болох нь тогтоогдвол шүүх уг эд зүйл, хөрөнгө, орлогыг бусдын өмчлөлд шилжүүлсэн хэлцлийг хүчингүйд тооцож, хөрөнгө, орлогыг хураан авч хохирлыг нөхөн төлүүлнэ." гэж тус тус хуульчилсан.
Хэрэгт авагдсан автотээврийн үндэсний төвийн лавлагаа болон шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээр Ц.Б-н гэмт хэрэг үйлдэхэд ашигласан **-**УКР улсын дугаартай “Тоёота хайсе” загварын автомашин, **-**УНЗ улсын дугаартай “Тоёота ланд круйсер 80” загварын автомашин нь шүүгдэгч Ц.Б-н өмчлөл болох нь тогтоогдсон байна.
Гэтэл шүүхээс уг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслүүд шүүгдэгчийн өмчлөлд байхад тухайн тээврийн хэрэгслийг бус, үнийг нь гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байх тул энэ талаар зохих өөрчлөлтийг оруулж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээж авах нь зүйтэй байна.
Хууль тогтоогч байгаль орчинд учирсан хохирлын нөхөн төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулахдаа экологи–эдийн засгийн үнэлгээг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу өсгөн нэмэгдүүлж, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар заасан нь байгаль орчинд хохирол учруулсан гэм буруутай этгээдээр тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээнээс гадна түүнийг нөхөн сэргээж, хамгаалахтай холбоотой гарах зардал буюу хор уршгийг давхар нөхөн төлүүлэх агуулгыг илэрхийлнэ.
Гэтэл анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шийдвэрлэхдээ шинжээчийн 3044, 3045 дугаартай дүгнэлтэд заасны дагуу 1кг нойтон Хуш модны самрын экологи-эдийн засгийн үнэлгээ 98,900x2218.85кг=219,444,265 төгрөг дээр 1кг хуурай Хуш модны самрын экологи-эдийн засгийн үнэлгээ 176,600x1031.1кг=182,092,260 төгрөг, нийт 401,536,525 төгрөгөөр тооцож, шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна гэж үзлээ.
Байгаль орчныг хамгаалах тухай хууль нь хүрээлэн буй байгаль орчныг бүхэлд нь хамгаалах, нөхөн сэргээх, тэдгээртэй холбогдсон цогц харилцааг зохицуулахаар Улсын Их Хурлаас 1995 онд батлан гаргасан суурь хууль юм.
Суурь хуулийн хэм хэмжээнд тулгуурлан байгалийн тодорхой төрлийн объектод хамаарах харилцааг холбогдох салбар хууль, эрх зүйн бусад актуудаар нарийвчлан зохицуулдаг онцлогтой.
Тухайлбал, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “ургамал” гэдэгт Монгол Улсын нутаг дэвсгэрт ургадаг байгалийн болон таримал ой, мод, бүх төрлийн дээд, доод ургамал хамаарна.
Байгалийн ургамлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн: 1/ “байгалийн ургамал” гэж хүний оролцоогүйгээр байгалийн жамаар ургаж байгаа зүйл ургамлыг; 2/ “байгалийн ургамлын нөөц” гэж тухайн зүйл ургамлын тархац нутаг дахь нийт хэмжээг тус тус ойлгохыг зааснаас гадна мөн хуулийн 3 дугаар зүйлд ургамлыг түүний нөөц, нөхөн сэргэх чадварыг нь харгалзан нэн ховор, ховор, элбэг гэж ангилсан бөгөөд ховор ургамалд байгалийн жамаар нөхөн сэргэх чадвар хязгаарлагдмал, тархац, нөөц багатай, устаж болзошгүй ургамлыг ойлгохоор хуульчилжээ.
Байгалийн ургамлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Ховор ургамлын жагсаалтыг Засгийн газар батална” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар “Ховор ургамлын жагсаалт”-ын 355-д “Нарсны төрлийн модны үр” гэж заасан бөгөөд тус тогтоолд 2015 оны 410 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулахдаа “Нарсны төрлийн модны үр” /ойн нарс, одой нарс, сибирь хушны үр, идээ/ буюу сибирь хушны үр, идээг ховор ургамалд хамааруулсан байна.
Ойн тухай хууль нь Монгол Улсын ойг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх, эзэмших, ашиглах, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах бөгөөд тус хуулийн 3 дугаар зүйлийн:
3.1.1. “ой” гэж мод, бут, сөөг болон бусад ургамал, хаг хөвд, амьтан, бичил биетэн шүтэлцэн орших хам бүрдлийн экологи-газарзүйн онцлог нөхцөл бүхий орчныг;
3.1.2. “ойн сан” гэж энэ хуулийн 3.1.1-д заасан ой, ой дотор байгаа ойгоор бүрхэгдээгүй болон ойн тэлэн ургахад шаардлагатай талбай бүхий орчныг;
3.1.11. “ойн баялаг” гэж ойн модны нөөц, түүний дагалт баялгийн нөөцийг;
3.1.12. “ойн дагалт баялаг” гэж ойн сангийн газарт ургадаг жимс, жимсгэнэ, мөөг, самар ... зэрэг ойгоос авч ашиглаж байгаа аливаа баялгийн нөөцийг” гэсэн хуулийн нэр томьёог тус тус хуульчилснаас үзэхэд Сибирь хушны үр идээ /самар/ нь ойн дагалт баялаг мөн боловч хүний оролцоогүйгээр байгалийн жамаар ургаж буй ховор ургамалд давхар хамаарч байна.
Ойн тухайн хуулиар тухайн байгалийн ургамлууд ургаж буй ойн бүсчлэлийг тогтоож улмаар тус бүcчлэлийн хүрээнд ургамлуудыг хэрэглээнийх нь шинж чанараар мод ба бусад дагалдах баялаг хэмээн зөвхөн ойн баялгийн нөөцийг ерөнхийлсөн байдлаар тодорхойлсон байх тул дээрх хууль тогтоомжуудын хооронд зөрчилдөөн байхгүй гэж үзнэ.
Байгалийн ургамлын тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг төрийн захиргааны төв байгууллага тогтооно” гэж заасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/603 дугаартай тушаалын хавсралтаар Сибирь хушны нэг килограмм самрын экологи, эдийн засгийн үнэлгээг 98.900 төгрөгөөр тогтоосон байна.
Анхан шатны шүүхийн тогтоосон хэргийн нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч Ц.Б нь Сибирь хушны үр идээ /самар/-ыг ойгоос хууль бусаар түүж бэлтгэсэн үйл баримт тогтоогдоогүй, харин хадгалсан, тээвэрлэсэн үйлдэлд гэм буруутайд тооцогдсон байхад анхан шатны шүүх шүүгдэгчийн үйлдлийг хууль бусаар ойгоос самар түүж бэлтгэсэн үйлдэлтэй адилтган үзэж түүний дээрх үйлдлийн улмаас ойн санд 401,536,525 төгрөгийн хохирол учирсан гэж экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөн нэмэгдүүлж дүгнэсэн хэсэг нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.
Хууль тогтоогч Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 25.3-т заасан тодорхойлолт аваагүй амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулна” гэж хуульчлан заасан бол “Байгаль орчныг хамгаалах тухай хууль” болон ховор ургамлыг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг нарийвчлан зохицуулсан “Байгалийн ургамлын тухай” хуульд ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор худалдан авсан, тээвэрлэсэн үйлдлийг тухайн ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр түүж ургамлын аймаг, эсхүл ойн санд шууд хохирол учруулсан үйлдэлтэй адилтган үзэх, улмаар тухайн ургамлыг худалдан авсан хүнээс уг ургамлын үнэлгээг өсгөн нэмэгдүүлсэн дүнгээр нөхөн төлүүлэх агуулга бүхий заалт байхгүй болохыг дурдах нь зүйтэй.
Улмаар шүүгдэгч Ц.Б-н үйлдсэн гэмт хэргийн хохирлын хэмжээг Сибирь хуш модны самрын зах зээлийн үнэлгээгээр буюу Хөрөнгийн үнэлгээний “Д” ХХК-ийн гаргасан 22,749,650 төгрөгөөр тооцож шийдвэрлэв.
Иймд Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/84 дүгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, прокурор М.Сэлэнгийн бичсэн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 05 дугаар эсэргүүцэл, шүүгдэгч Ц.Б-н өмгөөлөгч Ө.Амарбаясгалан нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хүлээж авах зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/84 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
6 дахь заалтад “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Ц.Б-с 401,536,525 төгрөгийг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд шилжүүлсүгэй.” гэснийг,
“Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Ц.Б-с 22,749,650 төгрөгийг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд шилжүүлсүгэй.” гэж,
7 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус журамлан энэ хэрэгт битүүмжлэгдсэн **** УКР улсын дугаартай Тоёота хайсе болон **** УНЗ улсын дугаартай Тоёота ланд круйсер 80 тээврийн хэрэгслүүдийн битүүмжлэлийг чөлөөлж, **** УКР улсын дугаартай Тоёота хайсе тээврийн хэрэгслийн үнийн дүн болох 16,170,000 төгрөг, **** УНЗ улсын дугаартай Тоёота ланд круйсер 80 тээврийн хэрэгслийн үнийн дүн болох 13,230,000 төгрөг. нийт 29,400,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгосугай.” гэснийг,
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус журамлан энэ хэрэгт битүүмжлэгдсэн **-**УКР улсын дугаартай “Тоёота хайсе” болон **-**УНЗ улсын дугаартай “Тоёота ланд круйсер 80” тээврийн хэрэгслүүдийг улсын орлого болгосугай.” гэж тус тус өөрчлөлт оруулсугай.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ