2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 193/ШШ2026/00096

 

2026 01 12

193/ШШ2026/00096

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

  Нэхэмжлэгч: Нийслэлийн *******,******* тоотод оршин суух, *******гийн ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Нийслэлийн *******,*******,******* тоотод оршин суух, ******* овогт гийн /РД:/-д холбогдох

гэм хорын хохиролд 1,120,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.*******, хариуцагч Ц., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхзул нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Д.******* хариуцагч Ц.эд холбогдуулан хохиролд 1,120,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2.Нэхэмжлэгч Д.******* нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Би тоёота приус 30 маркийн автомашинтай Буян-Налайхын уулзвар дээр өглөө 8:308:50 цагийн хооронд ажил руугаа явж байсан. Би чигээрээ явж байсан бөгөөд зүүн талаас нэгдүгээр хороолол руу эргэх гэж байхад приүс 20 маркийн автомашины жолооч зүүн талаас ирж миний автомашиныг мөргөсөн. Би буугаад даатгал, цагдаагаа дуудаа гэж шаардлага тавьсан. Уг жолооч Ц. би даатгалгүй цагдаа битгий дууд, цагдаа ирэх юм бол чи ч торгуулна, би ч торгуулна гэсэн. Зам тээврийн осол мөн гэж хэлэхэд энэ эгч даатгал, цагдаа дуудаад хэрэггүй, эгч нь хохирлыг нь барагдуулаад өгье гэж хэлсэн. Зөвшөөрсний дагуу хоёулаа хот руу миний машинтай явж, машиныг засуулахаар болсон. Улаанбаатар хотод очоод засварын газраар явж асуухад купер нь 1,100,000 төгрөг гэж байсан. Дээр нь машины нэмэлт дохио, куперийн зам зэрэг нь нийлээд нийтдээ 1,320,000 төгрөг болсон. Засварын газар дээр Ц. эгч надад одоо 400,000 төгрөг байна гэсэн. Засварын газар байж байтал энэ эгч өөрөө утсаар яриад алга болсон. Би утас руу нь залгасан ч холбогдоогүй. Дараа нь мессеж бичээд засварын газар мөнгөө нэхээд байна, миний машины түлхүүрийг хураачихлаа гэж хэлсэн ч утсаа авахгүй, ямар ч хариу өгөөгүй. Тэгээд би зээлийн аппликэйшнээс 1,320,000 төгрөг зээлж, засварын газарт төлөөд машинаа авч Налайхад ирж Цагдаагийн газарт хандсан. Цагдаагийн газраас авто тээврийн осол боловч та нар тухайн үед цагдаа дуудаагүй тул шууд үйлчилгээ үзүүлэх боломжгүй гэхдээ тухайн хүнтэй холбогдоод, аль болох асуудлыг шийдэж өгье гэж хэлсэн. Байцаагч гэрт нь очоод, хэрвээ машин нь байвал ачаад журмын хашаанд хүргэнэ, би өөрөө уулзана гэсэн. Тэгээд ачлагын машинтай нь хамт гэрт нь очиход гэртээ байсан. Би та яагаад засварын мөнгө өгөхгүй алга болчхов, ядаж утсаа авахгүй яасан юм бэ гэж хэлсэн. Би бодохдоо мөнгөө хайгаад утсаар яриад байна гэж бодсон боловч алга болсон. Цагдаа байцаагч үнэн учрыг нь хэлээд машиныг нь ачуулсан. Цагдаа иргэний шүүхэд хандаарай гэсэн. Тэгээд бид хоёр тохиролцсон. Эгч надад бэлэн мөнгө 200,000 төгрөг байна, бэлнээр өгөх боломжгүй, дансаар шилжүүлнэ гээд бэлэн мөнгөний машинаас 200,000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь маргааш хамт нотариат орж, өргөдөл бичиж баталгаажуулъя гэж тохиролцсон. Би зээлийн аппликэйшнээс мөнгө зээлсэн байсан учраас эгч энэ 200,000 төгрөгөө өгье, үлдэгдэл 1,120,000 төгрөгийг 2 хувааж өгье гэж надтай тохиролцоод явсан боловч 1,120,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл өгөөгүй. Тиймээс иргэний шүүхэд хандсан. Иймд хохирол 1,120,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна гэв.

3.Хариуцагч Ц. нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй үндэслэлээ ...Би Д.*******д 200,000 төгрөг данс руу нь шилжүүлж өгсөн. Тайвань купер болохоор 280,000 төгрөг гэж байсан. Ажлын хөлс нь 30,000 төгрөг гэж байсан. Тэгээд Тайвань купер тавья гэхээр үгүй, би заавал ориг купер тавина гээд надтай тохиролцоогүй. Би хамгийн гол нь ослоос хойш таксинд явж чадахгүй байгаа зүрх өвдөөд бүр бараг эмчийн хяналтад байдаг хүн болж байна. Энэ хүн эвдэрсэн куперийнхээ үнийг мэдэхгүй байж надаас шинэ куперийн мөнгө нэхээд байгаа. Би мөнгө төлөхгүй гэж маргалдаагүй. Төлбөрийн чадваргүй мөн үнэтэй купер машиндаа авч тавьсан байна гэж маргасан.

4. 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өглөө 08 цагийн үед Д.******* нь Toyota prius 30 маркийн 94-29 УАА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Буян Налайхын уулзварт замын хөдөлгөөнд оролцож явахад Toyota prius 20 маркийн УНГ улсын дугаартай автомашин жолоодож явсан Ц. замын хөдөлгөөнд оролцохдоо түүний машиныг нь мөргөсөн. Цагдаагийн байгууллага болон даатгалаа дуудах шаардлага тавихад Ц. дуудах шаардлагагүй тохиролцъё, хохирол төлнө гэж тохироод машиныг засуулахаар засварын газар луу хамт явсан. Засварын газарт очиж Д.*******гийн тээврийн хэрэгсэлд урд купер, зүүн урд дохио, урд тогтоогч 1,320,000 төгрөгөөр авч тавьсан үйл баримт зохигчийн тайлбар, зарлагын баримтаар тогтоогдож байна. Нэхэмжлэгчээс ирүүлсэн зарлагын баримтад prius 30 урд купер 1,200,000 төгрөг, зүүн урд дохио 80,000 төгрөг, урд тогтоогч 40,000 төгрөг гэжээ. /хх 8 тал/

5.Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.6-д Зам тээврийн ослын үед хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй, осолд холбогдсон жолооч нарын тээврийн хэрэгслээс бусад эд хөрөнгөд хохирол учраагүй, ослоос үүдсэн эд хөрөнгийн хохирлыг жолооч нар өөр хоорондоо буюу даатгалын байгууллагатай харилцан маргаангүй шийдвэрлэхээр тохиролцсон бол энэ дүрмийн 3.5-ын г-д заасан тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах үүргээс чөлөөлөгдөж болно гэж заасантай зам тээврийн осол гаргасан жолооч Ц. нь Д.*******гийн автомашинд учруулсан хохирлоо төлөхөөр тохиролцож, Цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй нь нийцжээ.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.

Нэхэмжлэгч Д.******* нь автомашиндаа учирсан гэм хорын хохирол 1,120,000 төгрөгийг хариуцагчаас Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд хариуцагч Ц. нь өөрийн буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осол гаргасан үйлдэлдээ маргаагүй, нэхэмжлэгч Д.*******гийн автомашиныг засварлахад 1,320,000 төгрөгийн зардал гарсан үүнээс Ц. 200,000 төгрөгийг шилжүүлсэн. Д.******* нь 1,100,000 төгрөгийн ориг купер машиндаа авч тавьсныг зөвшөөрөхгүй, Д.*******гийн машины купер нь Хятад /Тайвань/ купер байсан, Хятад купер 280,000 төгрөгийн үнэ ханштай байсан гэж хариуцагч маргаж байх боловч хариуцагч маргаж байгаа үндэслэлээ нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, хэрэгт няцаасан баримт ирүүлээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хариуцагчаас энэ үүргээ биелүүлээгүй болно.

Мөн хариуцагчаас төлбөрийн чадваргүй болсон тул төлөхгүй гэж шүүх хуралдаанд тайлбар гаргасан нь хохирлыг төлөхөөс чөлөөлөгдөх шалтгаан биш юм.

7.Иймд хариуцагч Ц.ээс гэм хорын хохиролд 1,120,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ. Улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 31,430 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 31,430 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 759 дүгээр зүйлийн 759 .1, 759.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Ц.ээс гэм хорын хохиролд 1,120,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.*******д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 31,430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 31,430 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 7511 дүгээр зүйлийн 7511.1.-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА