Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 210/ма2018/00578

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Болормаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15ы өдрийн 184/ШШ2017/02892 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Болормаагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ерөнхий боловсролын 134 дүгээр сургуульд холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалингийн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Базарсад

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.Болормаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Одбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Болормаа нь ажиллах хугацаандаа ажилдаа алдаа дутагдал гаргаж байгаагүй бөгөөд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь хийж гүйцэтгэж, ямар нэгэн хөдөлмөрийн сахилгын арга хэмжээ тооцуулж байгаагүй, хүүхдүүдийн төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж байхад ажилдаа хангалтгүй хандсан гэх үндэслэлээр түүнийг 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 134 захирлын Б/63 тоот тушаалаар ажлаас нь чөлөөлсөн. Д.Болормаад өгсөн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 01 тоот мэдэгдэх хуудсанд түүнийг албан тушаалдаа хангалтгүй ажилласан, гэрээг сунгах боломжгүй гэснээс үзэхэд ажил үүргээ муу гүйцэтгэсэн тул гэрээг сунгахгүй гэсэн агуулга харагдаж байна. Ажил олгогч нь тушаалаа хөдөлмөрийн гэрээ болон хуульд зааснаар гаргах ёстой. Гэтэл ямар үндэслэлээр ажлаас халж байгаа нь тодорхойгүй байна. Хариуцагч хариу тайлбартаа хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан бөгөөд гэрээний хугацаа дууссан гэсэн боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-д зааснаар туршилтын хугацаагаар ажиллуулсан гэсэн байдаг. 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 6/05 тоот ажилд томилох тухай тушаалаар туршилтын хугацаа дуусч байгаа тул үндсэн ажилтнаар томилсон бөгөөд уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д заасныг үндэслэсэн. Уг заалтад хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулахаар заасан байна. Хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-д гэрээний үр дүнг тооцсоны дараа гэрээ сунгах эсэхийг сургалтын жилийн үргэлжлэх хугацаагаар тооцно гэжээ. Гэтэл хөдөлмөрийн гэрээг дүгнэлгүйгээр гэрээг цуцалж байгаа нь үндэслэлгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-д "Энэ хуулийн 23.2.1-д заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулна" гэж заасан. Хугацаатай байгуулахдаа ямар шалтгаанаар хугацаатай байгуулсан талаар хөдөлмөрийн гэрээнд тусгана гэж заасан байдаг. Талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээнд энэ талаар тодорхой заалт нөхцөл ороогүй байна. Хариуцагчийн гаргаж байгаа тайлбар, хэрэгт авагдсан баримтаас харахад ажилтан маань ажилдаа тэнцэхгүй байсан болохоор ажлаас нь халсан гэж харагддаг. Энэ нь гэрээний хугацаа дуусахаас өөр юм. Зөрчил тус бүр тогтоогдсон байх ёстой. Үүнийг тогтоолгүй хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй бөгөөд Д.Болормаа боловсролын салбарт 15 жил ажиллаж байгаа туршлагатай багш юм. Захирлын Б/05 тоот тушаал хүчин төгөлдөр бөгөөд энэ тушаалд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д заасныг зөрчсөн гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасныг үндэслэсэн бөгөөд уг заалтад талууд тохиролцсон байх ёстой гэж заасан боловч хэрэгт талууд тохиролцсон баримт байдаггүй. Мөн ажлаас халсан тушаалд хөдөлмөрийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.8 дахь заалтыг баримталсан байдаг. Иймд ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Д.Болормааг 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн тушаалаар тус сургуулийн сургалтын менежерийн ажилд томилсоны дагуу 2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хөдөлмөрийн гэрээг нэг жилийн хугацаатай байгуулсан. Гэрээний 1 дүгээр зүйлийн 1.8-д зааснаар сургалтын үргэлжлэх хугацаагаар байгуулсан. Гэтэл 2017 оны 3 дугаар сард Д.Болормааг дахин ажилд томилуулах тушаал гарсан. Нэхэмжлэгч нь тус сургуульд нэг жил ажилласан. 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Д.Болормаад ажилдаа хангалтгүй хандаж, 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн ажиллуулахгүй байх тухай мэдэгдэл өгсөн бөгөөд энэ мэдэгдлийн дагуу 09 дүгээр сарын 15-ны өдөр ажлаас халсан тушаал гаргасан байдаг. Мэдэгдэх хуудсанд ажилдаа хангалтгүй хандсан гэдэг утга агуулга байгаа боловч өнөөдрийн маргаан тушаал дээр маргаж байгаа. Тушаалд ажил үүрэгтээ хангалтгүй хандсан гэдэг зүйлийг дурдаагүй байгаа. Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлдээ би ажилдаа алдаа дутагдалгүй ажиллаж байхад ажилдаа хайнга хандсан үндэслэлээр гэрээг цуцалсан гэж байгаа ч ийм зүйл байхгүй. Хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан учраас хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Ажилд томилсон 2 тушаал гарсан байгаа. Эхний тушаал түр гэсэн зүйл заалт байгаа ч тушаалдаа тодорхой дурдаагүй. Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.9-д хөдөлмөрийн гэрээнд талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж бичсэн байдаг. Талууд тохиролцоод нэг жилийн хугацаатай байгуулсан. Хугацаа дуусахаас өмнө Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 23 дугаар зүйлийн 23.3-д заасныг баримтлан цуцлах саналаа тавиад хууль зүйн үндэслэлтэй тушаалаа гаргасан. Хариуцагч талаас ажилдаа хайнга хандсан гэдэг үндэслэлээр тушаал гаргасан гэдэг үүднээс хэрэгт үүнийгээ нотлох нотлох баримтыг өгөөгүй. Харин нэхэмжлэгч талаас ийм үндэслэлийг дурдсан байсан учраас ажилдаа хайнга хандсан талаарх нотлох баримтыг шүүхэд өгсөн. Ийм учраас хууль болон гэрээний дагуу хөдөлмөрийн гэрээг цуцалсан. 15 жил ажилласан туршлагатай гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь Д.Болормаа нь бага ангийн багшийн мэргэжилгүй. Түүхч мэргэжилтэй. Бага ангийн сургалтын менежерээр ажиллахад шаардлага нь тухайн байгууллагад 5 жил ажилласан, хамт олон дунд нэр хүнтэй, боловсролын байгууллагатай зөвшилцөж байж томилдог.

Хоёргүй сэтгэлээр ажилласан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 09 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан Д.Болормаагийн хүсэлтэд тодорхой байдаг. Захирал ажлаа хүлээлгэж өгөхөд холбогдох баримт бичгийг шаардахад маргааш нь гаднаас хүн авч ирээд хариуцсан компьютероо форматлуулсан байдаг. Энэ асуудлаар Цагдаад хандсан. Д.Болормаа хүсэлтдээ миний буруу байсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Бодит нөхцөл байдал нь Болормаа энэ байгууллагад ганцхан жил ажилласан. Ингэж ажиллахад ажилдаа үнэхээр хариуцлагагүй хандсан баримтыг гаргаж өгөх байсан ч нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй гэж бодоод гаргаж өгөөгүй. Анхнаасаа Д.Болормаа нь сонгон шалгаруулалтын журмыг зөрчиж энэ албан тушаалд томилогдсон. Мэргэжил албан тушаалд тавигдах шаардлагыг хангахгүй байгааг шүүх харгалзан үзнэ үү. Хариуцагч талаас хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон гэж үзэж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Болормааг "Ерөнхий боловсролын 134 дүгээр сургууль"-ийн сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч "Ерөнхий боловсролын 134 дүгээр сургууль"-иас ажилгүй байсан хугацааны ажлаас буруу халсан үеийн олговорт 2.591.101,5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Болормаад олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Болормаагийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч "Ерөнхий боловсролын 134 дүгээр сургууль"-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэлийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан хариуцагч "Ерөнхий боловсролын 134 дүгээр сургууль"-иас улсын тэмдэгтийн хураамжид 196 807 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Шүүх Д.Болормаад хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан, сунган ажилуулахгүй тухай мэдэгдсэн гэх санал нь нотлох баримтын шаардлага хангахгүй хэлбэрээр авагдсан тул хөдөлмөрийн гэрээг цуцлах санал тавьсан гэх үндэслэл тогтоодохгүй байна гэжээ. Хэдийгээр уг бичиг нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа боловч уг мэдэгдэх хуудсыг зохигч талууд хүлээлгэн өгсөн авсэн эсэх талаар маргаагүй, аль аль нь хүлээн зөвшөөрч байгаа, мөн энэ мэдэгдэх хуудас дээр Д.Болормаа гарын үсэг зурж хүлээж авсан болох нь тодорхой байгаа учир нэхэмжлэгч тал маргаагүй байдал, хариуцагчийн тайлбараар нотлогдох үндэстэй гэж үзэж байна.

Боловсролын байгууллагын удирдлага өөрчлөгдсөнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан өмчлөгч өөрчлөгдсөн гэж үзээд байгаа нь ойлгомжгүй байна. Б.Нарангэрэл гэх хүн тус байгууллагын удирдлагын албан тушаалд томилогдсон нь тус боловсролын байгууллагын өмчлөл өөрчлөгдсөн гэж үзэх боломжгүй гэж ойлгож байна. Тус сургууль өмнө нь төрийн өмчийн мэдлийн сургалтын байгууллага байсан одоо ч гэсэн хэвээрээ байна. Гэтэл ямар үндэслэлээр, ямар учраас Хөдөлмөрийн тухай хуулийн энэ зүйл заалтыг үндэслэж улмаар захирал Б.Нарангэрэлийг уг асуудалд үзэмжээрээ хандсан гээд байгаа нь ойлгомжгүй хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан. Мөн энэ хуулийн 40.4 дэх хэсгийн заалтад хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болохгүй буюу цуцлах тохиолдлыг хамааруулсан байна. Гэтэл хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан тул ажилтанд зохих мэдэгдлийг нь өгч хөдөлмөрийн гэрээг нь дуусгавар болсон.

Хариуцагч талаас хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэсэн үндэслэлээр маргаагүй ба хуралдаан дээр гаргасан тайлбар, гаргаж өгсөн СХД-ийн мэргэжлийн хяналтын дүгнэлт, Д.Болормаагийн хүсэлт зэрэг баримтууд нь зөвхөн хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоох зорилгоор, мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ хариуцсан ажил үүрэгтээ ямар ч алдаа дутагдалгүй ажиллаж байсан гэж дурдсан байсан тул үүнд нь няцаалт, хариу тайлбар өгөх байдлаар гаргаж өгсөн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Д.Болормаа нь хариуцагч Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 134 дүгээр сургуульд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалингийн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Д.Болормаа нь хариуцагч Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 134 дүгээр сургуулийн захирлын 2016 оны 08 дугаар сарын 22-ны Б/11 дугаар тушаалаар тус байгууллагын бага ангийн сургалтын менежерээр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад туршилтын хугацаа сунгагдан хөдөлмөрийн харилцаа үргэлжлэн, 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр тус байгууллагын захирлын Б/05 тоот тушаалаар үндсэн ажилтнаар ажиллаж байгаад Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 134 дүгээр сургуулийн захирлын 2017 оны 09 дүгээр сарын 15-ны Б/63 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.3-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн үйл баримт нь хэрэгт авагдсан дээрх тушаалууд, хөдөлмөрийн гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хх 6-7, 8, 29-30, 53-56/

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон гэж тайлбарлаж боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн тайлбар, татгалзлаа баримтаар нотлож чадаагүй байна.

 

Хэрэгт авагдсан 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б/05 дугаар тушаалаар Д.Болормаагийн туршилтын хугацаа дуусаж байгаа тул мөн өдрөөс эхлэн түүнийг байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулсан гэж үзэх тул анхан шатны шүүх Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 134 дүгээр сургуулийн захирлын 2017 оны 09 дүгээр сарын 15-ны Б/63 дугаартай хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох тухай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт хэргийн баримтад нийцжээ.

Иймд анхан шатны шүүх ажил олгогч нь ажилтныг хууль зөрчиж ажлаас халсан гэж дүгнэж, нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоож, түүний урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч Д.Болормаад олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт нь нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгахаар шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15ы өдрийн 184/ШШ2017/02892 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 134 дүгээр сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 127 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Д.ЦОГТСАЙХАН