Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 490

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга О.Бадмаараг,

Улсын яллагч Э.Халиун,

Шүүгдэгч Д.Билэгсайхан, Д.Эрдэнэрагчаа /өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Олхонууд овогт Доржпүрэвийн Билэгсайхан, Адуучин овогт Дагвадоржийн Эрдэнэрагчаа нарт холбогдох эрүүгийн 201725020986 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

         Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1983 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 8 дугаар гудамжны 296б тоотод оршин суух хаягтай, ял шийтгэгдэж байгаагүй, Олхонууд овгийн Доржпүрэвийн Билэгсайхан /РД:ХК83030931/.

 

Монгол Улсын иргэн, 1982 оны 4 дүгээр сарын 13-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй бүрэн дунд боловсролтой, арматурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамтаар Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 2 дугаар гудамжны 45 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэгдэж байгаагүй, Адуучин овгийн Дагвадоржийн Эрдэнэрагчаа /РД:ХК82041315/,

 

          Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

          Шүүгдэгч Д.Билэгсайхан нь Д.Эрдэнэрагчаатай бүлэглэн 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 10 дугаар гудамжны 416 тоотод оршин суух хохирогч Э.Баттулгын эзэмшлийн амбаарт хууль бусаар нэвтрэн орж Ямаха маркийн цахилгаан үүсгүүр хулгайлж  бусдад 500.000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан,

            Шүүгдэгч Д.Эрдэнэрагчаа нь Д.Билэгсайхантай бүлэглэн 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 10 дугаар гудамжны 416 тоотод оршин суух хохирогч Э.Баттулгын эзэмшлийн амбаарт хууль бусаар нэвтрэн орж Ямаха маркийн цахилгаан үүсгүүр хулгайлж  бусдад 500.000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.Билэгсайхан нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг мэдүүлсэн…” гэв.

Шүүгдэгч Д.Эрдэнэрагчаа  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:“…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг мэдүүлсэн…” гэв.

Эрүүгийн 201725020986 дугаартай хэргээс:

Шүүгдэгч Д.Билэгсайхан нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би өөрийн танил Чийгатай хамт 32-ийн орчим 2 шил архи хувааж уугаад хулгай хийсэн айл руу бие засах гэж орсон юм. Тэгээд Чига тэр айлын амбаар онгорхой байхаар харсан чинь дотор нь цахилгаан үүсгэгч мотор байсан юм байна лээ. Тэгээд Чига тэр моторыг аваад гар гэхээр нь би “наад мотороо аваад хэрэггүй ээ одоо боль-“ гэсэн чинь миний үгэнд орохгүй моторыг хулгай хийж аваад гарч яваад цагдаад баригдсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Д.Эрдэнэрагчаа нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…Би 2017 оны 4 сарын 22-ны өдөр Сэлбийн гол дээр найз Билэгсайхантай тааралдсан. Бид хоёр 32-ын тойрог орчихоод буцаад Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн 10 дугаар гудамжинд явж байсан. Миний гэдэс мушгираад хүндээр бие засмаар санагдаад нэг айлын хашааны гадна доголд очоод өмдөө тайлаад суусан гэтэл тэр айлын хашааны хаалга онгорхой байсан. Жорлонгийн хажууд цоожгүй амбаар байсан. Тэгэхээр нь онгойлгоод үзсэн чинь “Лысва” плитка байхаар нь авах гээд өргөсөн чинь доор нь цэнхэр өнгөтэй “YAMAHA” гэсэн бичигтэй мотор /цахилгаан үүсгэгч/ байхаар нь плиткийг авахаа болиод моторыг Билэгсайханы хамт өргөөд авч яваад урд талын гудамжинд хөдөлгөөнт эргүүлд баригдсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/

 

Хохирогч Р.Баттулгын мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:"...Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Хангайн 10-416 тоот хашаа хэрэг гарах үед буюу 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс өмнө 2 сар гаран эзэнгүй байсан юм. Тэгээд 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр манай хашаанд байдаг амбаарт хулгай орж шинэ “хонда” маркийн цахилгаан үүсгүүр хулгайд алдагдсан байсныг цагдаагийн байгууллагын ажилтан хулгайчийг нь барьж авч, манай моторыг тэр дор нь хулгайчаас хураан авсан байсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/,

 

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэлд:

“…Сүхбаатар дүүрэг 13 дугаар хорооны нутаг дэвсгэр Хангайн 10-416 тоот гэх ертөнцийн зүгээр урагш харсан хуучирч муудсан ногоон өнгийн төмөр дааман хаалгатай модон хашаа байна. уг хашааны хойд хэсэгт 8х5 хэмжээтэй хуучины шавар байшин байх ба уг байшингийн гадна талд үзлэгийг явуулахад байшингийн хаалга ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй бүрэн бүтэн байх ба хашааны зүүн урд хэсэгт жорлонгийн дэргэд хуучирч муудсан модон амбаар байх ба уг амбаарын хаалга онгорхой амбаарын дотор тал руу гар чийдэн тусгаж хархад уг амбаар дотор янз бүрийн хуучин цаасан хайрцагтай эд зүйлс, эсгий, хуучин хаалганы самбар зэргийг эмх замбараагүй хурааж тавьсан байсан ба уг амбаар дотор байсан цэнхэр өнгийн “Хонда” мотор хулгайд алдагдсан байна гэж иргэн Р.Баттулга тайлбар гарсан…” гэжээ /хх-ийн 21-24 дүгээр хуудас/,

 

Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /хх-ийн 31 дүгээр хуудас/,

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд:

“…цэнхэр өнгөтэй “YAMAHA” маркийн цахилгаан үүсгүүр, залгуур 1 ширхэг, свече-4 ширхэг, резинэн жийргэвч 4 ширхэг, хар өнгийн бариул 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүлээлгэн өгөв…” гэжээ /хх-ийн 32 дугаар хуудас/,

 

Эд зүйлийн үнэлгээ:

-“…220w гаргадаг “YAMAHA” маркын цахилгаан үүсгүүр мотор 500.000 төгрөг…” гэжээ /хх-ийн 21-24 дүгээр хуудас/,

 

         Гэрч Д.Отгонцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас/, гэрч С.Даваадоржийн мэдүүлэг /хх-ийн 47 дугаар хуудас/, гэрч Д.Эрдэнэбатын мэдүүлэг /хх-ийн 48-49 дүгээр хуудас/, Д.Эрдэнэрагчаа, Д.Билэгсайхан нарын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 61, 69 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63, 71 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 62, 70, дугаар хуудас/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Д.Билэгсайхан, Д.Эрдэнэрагчаа нар нь бүлэглэн 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 10 дугаар гудамжны 416 тоотод оршин суух хохирогч Э.Баттулгын эзэмшлийн амбаарт хууль бусаар нэвтрэн орж “Ямаха” маркийн цахилгаан үүсгүүр хулгайлж бусдад 500.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан нь болох нь шүүгдэгч Д.Билэгсайхан, Д.Эрдэнэрагчаа нарын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Р.Баттулгын мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл түр хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч нараас хохирогчийн гэрийн амбаараас цахилгаан үүсгүүр хулгайлан авсан талаар хүлээн мэдүүлж, хохирогч Э.Баттулгаас түүний эзэмшлийн амбаараас тухайн эд зүйлийг алдагдсан талаар мэдүүлж, хэргийн  нөхцөл байдал нь хэрэг учралын газрын үзлэг хийсэн тэмдэглэлүүд, алдагдсан эд хөрөнгийг шүүгдэгч нараас хурааж авсан болох нь  үзлэгийн тэмдэглэлд тусгагдсан ба хохирогчид бага бус хэмжээний хохирол учирсан нь хөрөнгийн үнэлгээний тайлангаар нотлогджээ.

 

Шүүгдэгч нарын мэдүүлэг нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудтай агуулгын хувьд зөрүүгүй байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох үндэслэл болов.

 

Йимд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч нарын үйлдсэн  гэмт хэрэг нь  2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр үйлдэгдсэн нь 2002 оны эрүүгийн хуулиар тодорхойлогдох үндэслэлтэй болохыг тэмдэглэв.

 

          Шүүх шүүгдэгч Д.Билэгсайхан, Д.Эрдэнэрагчаа нарыг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, орон байранд нэвтэрч үйлдсэний 500.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж буй шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт “...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй...” гэж зохицуулжээ.

Прокуророос шүүгдэгч Д.Билэгсайхан, Д.Эрдэнэрагчаа нарт холбогдуулан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн  145 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүх хуралдаанд ялласан үндэслэлтэй болохыг тэмдэглэв.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нар нь нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

Шүүгдэгч Д.Билэгсайхан, Д.Эрдэнэрагчаа нарт ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо буцаан нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв.

Шүүх шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Д.Билэгсайхан, Д.Эрдэнэрагчаа нарт эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр тус бүрийг 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, тэдгээрийн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Д.Билэгсайхан, Д.Эрдэнэрагчаа нар нь эрхэлсэн тодорхой ажилгүй, тэдгээрийн нэр дээр ямар нэг хөрөнгө байгаа болох нь баримтаар нотлогдон тогтоогдоогүй тул шүүх шүүгдэгч нарт эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх боломжгүй байна. 

Шүүх хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн шүүгдэгч Д.Билэгсайхан, Д.Эрдэнэрагчаа нарын хувийн байдал гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо буцаан нөхөн төлж, гэм хорыг арилгасан нөхцөл байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзах боломжтой гэж үзлээ.

Хохирогч Э.Баттулга “…эд зүйлээ буцаан хүлээн авсан тул одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй…” гэсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй  болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.