Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 2025/ДШМ/785

 

 

 

 

 

 

    2025           06             26                                        2025/ДШМ/785

 

Б.О-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Н.Батсайхан, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Хурмандах,

шүүгдэгч Б.О /цахимаар/, түүний өмгөөлөгч Б.Бурмаа,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/1266 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.О-н өмгөөлөгч Б.Бурмаагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.О-д холбогдох 2310021731524 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б.О,

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 2022/ШЦТ/169 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 120 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 120 цагийн нийтэд тустай ажил хийх ялаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3, 4, 5-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 01 жилийн хорих ял оногдуулахыг тэнсэж, 01 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн, /РД: *********/;

Шүүгдэгч Б.О нь 2023 оны 05 дугаар сарын 25-ны орой Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, 21 дүгээр гудамжны 577 тоот хашаанд хохирогч М.Ш-тай тухайн цаг хугацаанд үүсгэсэн хувийн таарамжгүй харилцааны улмаас нүүрэн тус газар нь 1 удаа гараараа цохиж, 1 удаа хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь “баруун нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун доод зовхинд шарх, баруун дээд зовхи, хамар зулайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.О-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Б.О-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-д 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.О-д Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 169 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг тэнсэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсныг хүчингүй болгож, 01 жилийн хугацаагаар хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногийн хорих ялаар тооцон, 01 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Б.О-н биечлэн эдлэх ялыг 01 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-д биечлэн эдлүүлэхээр тогтоосон 01 жил 01 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг зааснаар шүүгдэгч Б.О нь хохирогч М.Ш-н эмчилгээний зардалд 970,000 төгрөг төлсөн болохыг, хохирогч М.Ш нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Б.О-с нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Б.О-н өмгөөлөгч Б.Бурмаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэл: Шүүгдэгч Б.О Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 169 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 120 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж, 120 цаг нийтэд тустай ажил хийх ялаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байна. Шүүгдэгч Б.О нь уг ялын хугацаанаас 8 cap 26 хоног эдэлж 94 хоног дутуу байхад 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн гэж үзвэл Эрүүгийн хуулийн ерөнхий 6.9 дүгээр 1 дэх хэсэгт “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэх заалтыг буруу хэрэглэж Б.О-д оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэхдээ эдлээгүй үлдсэн ял дээр нэмж нэгтгэлгүй эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Эрүүгийн хэргийн 155 дугаар талд Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 169 дугаартай шийтгэх тогтоолд эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж дууссан талаарх баримт авагдсан болно.

Шүүхийн тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй талаар:

            Миний үйлчлүүлэгч Б.О нь 2023 оны 05 дугаар сарын 25-ны орой Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, 21 дүгээр гудамжны 577 тоот хашаанд хохирогч М.Ш-тай тухайн цаг хугацаанд үүсгэсэн хувийн таарамжгүй харилцааны улмаас нүүрэн тус газар нь нэг удаа гараараа цохиж, 1 удаа хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь “баруун нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун доод зовхинд шарх, баруун дээд зовхи, хамар зулайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал“ бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хангалттай нотлох баримт хэрэгт авагдаагүй өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал” нотлогдон тогтоогдоогүй гэж үзэж байна.

            Тухайлбал хавтаст хэргийн 20 дугаар талд, 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр өгсөн гэрч Б.Б мэдүүлэгт “би хар футболктой залууг цохисон, зарим зүйлийг санахгүй байна” гэх мэдүүлэг, хавтаст хэргийн  06 дугаар талд хохирогч Ш хар футболктой зураг авагдсан байдаг, хавтаст хэргийн 25 дугаар талд гэрч Б.Б мэдүүлэгт “тэгээд Шинэбатыг О нь цохиод нүүрээ дараад тонгойход нь М, Б нар цохисон, тэгэхээр нь би М ахыг цааш нь тэврээд холдуулсан юм, тэгсэн чинь Б нь Ш толгой нүүр лүү нь өшиглөөд цохисон юм” мөрдөгчийн Шинэбатын биед ямар хүмүүс халдсаныг харсан уу гэхэд “Ш-н нүүр лүү О гараараа цохисон, дараа нь М Ш-г тонгойж байхад нуруун тус газар нь хэд хэдэн удаа цохисон, би Ш-г аваад орох гэж байхад Б гэх залуу нүүр лүү нь цохиход Ш тонгойход нүүр лүү нь 1 удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг хэрэгт авагдсан. Мөн хавтаст хэргийн 27 дугаар талд 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр өгсөн гэрч Б.Б мэдүүлэгт “тухайн үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор ийм болчимгүй үйлдэл хийж хүний нүдийг цохиж гэмтээсэн байна, би Ш болон ээж, ахтай нь уулзаад эмнэлэгт үзүүлсэн төлбөр зардал гэж 1.000.000 төгрөгийг өгсөн, би 970.000 төгрөгийг АТМ-с, 30.000 төгрөгийг бэлнээр өгсөн би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Мөрдөгчийн “та Ш-д хэрхэн яаж гэмтэл учруулсан талаараа ярина уу гэхэд “би Ш-н нүд рүү баруун гараараа 1 удаа цохиж гэмтэл учруулсан юм. Б.О-н дээр 2 залуу байхаар нь би очоод салгах гэсэн чинь нэг залуу \Ш\ өөрөө над руу дайраад байхаар нь цохисон юм. Хавтаст хэргийн 68 дугаар талд 2026 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” тогтоолоор Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байдаг бөгөөд хавтаст хэргийн 83 дугаар талд яллагдагч Б.Б-н 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр өгсөн мэдүүлэгт “би Шинэбат гэх хүнийг зодоогүй, тэр үед Ш гэх залуутай М хашааны буланд зодолдоод байсан дараа нь цагдаад шалгагдаж байхад М би тэр залууг цохичихсон юм пүүзтэй хөлөөрөө өшиглөсөн гэж хэлсэн, өөр гутал өмссөн байсан бол бүр аймаар цохих байсан байна гэж хэлсэн, мөрдөгчийн “та тэгээд Шинэбат гэх хүнийг цохиж зодоогүй юу” гэхэд “би тэр хүнийг цохиж зодоогүй, тэр үед М ах надад “ах нь 2 хүүхэдтэй ажил хийж 2 хүүхдээ тэжээдэг болохоор хэцүү байна, О-д хэлэхээр О нь тэр үед тэнсэнтэй учраас болохгүй байна чи даачхаач” гэхээр нь би “за” гэсэн юм тэгээд би цагдаагийн газар мэдүүлэг өгөхдөө Ш-г цохисон гэж мэдүүлэг өгсөн”, “М намайг айлгасан дарамталсан юм байхгүй мөнгө төгрөг өгсөн юм байхгүй тэр үед надад учраа хэлээд гуйхаар нь би тэгье тэгье гээд хэлчихсэн юм” хавтаст хэргийн 88 дугаар талд гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл авагдсан, Б.Б, Б.О нарын хооронд бичсэн чат байх бөгөөд Б.О-н бичсэн “угаасаа тэгээд үнэнээ хэлсэн дээр юм байна, М ахыг өшиглөсөн гээд би тэгээд очих гэхээр 2 хэрэг бүр нэмэргүй болчих гээд байна” гэх мессеж авагдсан байна. Яллагдагчаар өгсөн Б.Б-н мэдүүлэг, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл зэргийг үндэслэн хавтаст хэргийн 94 дүгээр талд 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн прокурорын тогтоолоор Б.Б-д холбогдох Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүчингүй болгосон байдаг. Хавтаст хэргийн 136 дугаар талд 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолоор Б.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байна. Б.О тус хэрэгт 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр гэрчээр “би хэн нэгэн хүнийг цохиж зодсон зүйл байхгүй надтай маргалдсан залууг бол газар унагасан зүйл бол байгаа бусдаар хэн нэгнийг цохиж зодоогүй”, 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө “би Ш-г цохиж зодсон зүйл байхгүй” гэж хөтөлбөргүй тогтвортой мэдүүлэг өгсөн байдаг.

Гэтэл дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох дээрх нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлээ огт заагаагүй, шүүхийн тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодитой байдалтай нийцээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй байтал хэргийг дутуу шалгаж Б.Б-н мэдүүлгийг шалгаж нягтлалгүй Б.О-г яллагдагчаар татсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж заасан бөгөөд хохирогчийн анхны мэдүүлэгт хавтаст хэргийн 9 дүгээр талд “намайг хар футболктой залуу цохиж гэмтэл учруулсан” гэж мэдүүлдэг бөгөөд мөрдөгч тухайн үед хэн, хэн ямар ямар хувцастай байсан талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй. Тухайлбал хавтаст хэргийн 25 дугаар талд гэрч Б.Б-н мэдүүлэгт Ш-г гэрээс гарч ирэхээс өмнө Б.О, Б.Б хоёр маргалдаж байхад Б.О хувцсаа тайлаад гэр дээр тавьсан” гэж мэдүүлдэг бөгөөд Б.О цээж нүцгэн байсан байна. Миний бие Б.О-д холбогдох хэрэгт шүүхийн шатнаас өмгөөлөгчөөр оролцсон бөгөөд хэргийн материалтай танилцаад 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр “Урьдчилсан хэлэлцүүлэг явуулах” хүсэлт гарган 11 төрлийн ажиллагаа явуулан хэргийг прокурорт буцаах хүсэлт гаргасныг 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн боловч мэдүүлгийн зөрүүг гаргаагүй, эргэлзээтэй асуудлыг шалгаж мухарлаагүй шүүхэд хэргийг шилжүүлсэн. Иймд хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Б.О-г гэмт хэрэг үйлдсэн үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдоогүй шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар өмгөөлөгч миний саналын үндэслэл болгосон нотлох баримтыг няцаан үгүйсгээгүй, гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэй байхад харьцуулан дүгнэхгүйгээр хэтэрхий нэг талыг баримтлан шийдвэрлэсэн.

            Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд “эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасан тул Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.О-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү. …” гэв.

            Шүүгдэгч Б.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хохирогчийг зодоогүй. Гар хүрсэн зүйлгүй. Өмгөөлөгчийнхөө гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. ...” гэв.

            Прокурор Г.Хурмандах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасны дагуу хэрэгт цугларсан баримт, яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн. Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон. Тухайн асуудалтай холбоотой бүх зүйлийг ярьдаг. Б.О-н үйлдлийг маш тодорхой мэдүүлдэг. Ийм цамцтай, ийм өмдтэй, ийм хүн намайг зодсон гэж мэдүүлсэн. Таньж олуулах ажиллагааны үед энэ таныг зодсон хүн мөн үү гэхэд Б.О-г мөн гэж хэлдэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих ажиллагаа хангалттай нотлогдсон. Шүүхээс хэрэг буцсанаас хойш бүх ажиллагаагаар шүүгдэгч Б.О-г зодсон болохыг тогтоосон. Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо “Зодоогүй. Анхнаасаа гар хүрээгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж тайлбарлаж байна. Нотолбол зохих ажиллагаа хангалттай явагдсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/1266 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Эхний давж заалдах гомдлын үндэслэл буюу нэмж нэгтгэх асуудлын талаар өмгөөлөгчид тайлбарласан болохоор өөр нэмэлт тайлбаргүй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Шүүгдэгч Б.О нь 2023 оны 05 дугаар сарын 25-ны орой Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, 21 дүгээр гудамжны 577 тоот хашаанд хохирогч М.Ш-тай тухайн цаг хугацаанд үүсгэсэн хувийн таарамжгүй харилцааны улмаас нүүрэн тус газар нь 1 удаа гараараа цохиж, 1 удаа хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь “баруун нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун доод зовхинд шарх, баруун дээд зовхи, хамар зулайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч М.Ш-н “...Би 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 11 цагийн автобусаар Увс аймгаас Улаанбаатар хотод ирсэн юм. Тэгээд манай найз Б намайг Драгоноос тосож аваад өөрийн байгаа газраа авчирсан. Би тэр хаягийг нь сайн мэдэхгүй байна. Манай найз Батням, найз охин Н-тэй хамт байр түрээсэлдэг юм. Би Б-н гэрт 12 цагийн үед ирсэн. Би хувцас хунараа янзлаад цай унд уугаад хөзөр тоглож байхад орой 20 цагийн үед санагдаж байна. Тэгэхэд нэг танихгүй залуу орж ирээд бид нартай танилцаад өөрийгөө Б гэж хэлээд гар бариад байтал манай найз Б биднийг “гараад ир” гээд дуудахаар нь би гарсан чинь манай найз Б-н дээр нэг залуу гарчихсан цохиж байсан. Тэгэхээр нь би “боль” гээд цааш түлхсэн юм. Тэгэхэд миний араас ногоон футболктой залуу миний толгой руу цохисон. Тэр залуугийн араас Б татаад надаас холдуулсан. Тэгсэн миний урд байсан хар футболктой залуу хувцсаа тайлаад миний хамар руу нэг, нүд рүү нэг цохисон. Тэгээд миний нүд хавдчихсан. Би найз Б, найз охиных нь хамт байшин руу орсон. Тэгээд хаалгаа түгжээд байж байтал, хоёр удаа чулуу шидээд цонх хагалаад хаячихсан. Тэгэхээр нь бид нар цагдаа дуудсан. ...Намайг хар футболктой залуу миний хамарт нэг удаа, нүүрэнд нэг удаа цохиж гэмтэл учруулсан. Тэгээд ногоон футболктой залуу нь миний дагз руу нэг удаа цохисон. ...Би тухайн байшинд Б-н найз охинтой нь хамт байж байхад манай найз Б бид нарыг дуудсан. Тэгэхээр нь би гараад хартал манай найз Б-н дээр хар футболктой залуу дээр нь гарчихсан сууж байсан. Тэгэхээр би хажууд нь очоод цээжнээс нь тэврээд цааш нь түлхсэн. Тэгээд би цээжнээс нь тэвэрч бариад байж байхад миний араас нэг ногоон футболктой залуу толгой руу цохиод авсан. ...Би маш их гомдолтой байна. Намайг зүгээр байж байхад миний нүд рүү цохисонд маш их гомдолтой байна. Эмнэлгээр явахад гарсан зардал мөнгийг нэхэмжилнэ. ...Тиймээ, миний зурагт харсан 3 залуу хэргийн газарт байсан хүмүүс мөн байна. Тухайн гурван залууг хэрэг учрал болсон өдөр анх удаа харсан бөгөөд дараагаар нь таньдаг болсон. Намайг цохисон залууг Б.О гэж байсан бөгөөд надад гэмтэл учруулсан. Тухайн хэрэг учрал болох үед Б.О миний баруун нүд рүү гараараа цохиж гэмтэл учруулсан. Хэрэг учрал болсны дараагаар Б.О болон түүний төрсөн эх хоёр намайг эмнэлгийн байгууллагаар дагуулж явж эмчилгээ хийлгэсэн зардал мөнгийг төлж надад учирсан хохирлыг барагдуулсан. Харин Б.М нь Б.О-н төрсөн ах байсан. Б.Б-г /Б.Б/ О М нартай ямар харилцаатайг мэдэхгүй байна. ...Миний баруун нүдний ухархайны яс цуурсан, доод зовхи сэтэрч нүд хавдсан, хамар гэмтсэн. Тухайн гэмтлийн эмчилгээний мөнгийг Б.О гаргасан бөгөөд түүний төрсөн эх надтай ирж уулзаж төлж барагдуулсан. ...Би ямар нэгэн байдлаар сэтгэл санаа болон эд хөрөнгөөрөө хохироогүй, зэрэглэл тогтоолгохгүй сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй...” /хх-9 250-206/,

гэрч Б.М-н “...2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр манай нутгийн дүү Б миний түрээсэлдэг хашаанд 23 цагийн үед ирсэн. Маргааш нь 05 дугаар сарын 25-ны өдөр манай хашаанд 17-18 цагийн үед Б бид хоёр 2 том 2,5 литрийн Сэнгүр пиво хувааж уусан. Тэр үед дүү О манай гэрт хүүхдүүд харж байсан юм. Тэгээд пиво ууж дуусчхаад гэртээ ороод орон дээрээ хэвтэж байхад Б гэрээс гарсан, түүний араас О гарсан. Тэгтэл О “М ахаа” гэхээр би гэрээс гарсан чинь манай дүүг хоёр залуу газар унагаачихсан байхаар нь би нэгийг нь татаад холдуулсан. Тэгсэн чинь миний араас нэг залуу цохихоор нь түүний араас явсан чинь тэр алга болчихсон. Буцаад иртэл нэг залуугийн нүд хавдчихсан байхаар нь би хоёр дүүгээ “гэртээ ор” гээд оруулсан. Удалгүй цагдаа нар ирсэн...” /хх-13/,

гэрч Б.Б-н “...2023 оны 05 дугаар сарын 24-ний шөнө Баянхонгор аймгаас Улаанбаатар хотод М гэдэг ахындаа 23 цагийн үед ирж хоносон. Маргааш нь 14-15 цагийн үед сэрээд хоол унд идсэн. Би М ахтай 2 том 2,5 литрийн Сэнгүр нэртэй пиво уусан. Бид хоёр пивоо ууж дуусчхаад гэр рүү нь орсон. Намайг гадаа гарах үед бүрэнхий болчихсон байсан. Би бие засчхаад арын байшинд нь орж байгаа хүмүүстэй нь танилцсан. Тэгэхэд байшинд охин, 2 залуу байсан. Би тэдэнтэй танилцаад байж байтал гадаа орилолдоод эхлэхээр нь гартал Отгонбатыг унагаагаад цохиж байсан. Би салгах гээд очсон чинь намайг цохиод авсан. М ах эхнэртэйгээ хамт гарч ирээд О дээр байсан залууг салгасан. Тэгээд би нэг залууг нь цохисон. Би пиво уучихсан согтуу байсан болохоор зарим зүйлийг нь санахгүй байна. ...” /хх-20, 27/,

               гэрч Б.Б-н “...2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 20 цагийн үед гэрээсээ бие засах гээд гарсан. Би нойл орчхоод гараад гэр лүүгээ алхаж байхад манай хашаанд байдаг гэрээс хүмүүс гарч ирээд “Б-г харсан уу" гэж нэг залуу асуухад нь би “гэрийн араар орсон юм шиг байна” гэж хэлэхэд нэг залуу “яагаад том дуугараад байгаа юм бэ” гэхэд нь би “яасан юм бэ” гэж хэлэхэд нөгөө залуу /О/ хувцсаа тайлаад гэр дээр тавьчхаад намайг цохиод эхэлсэн. Тэгэхээр нь би “манайхан гараад ирээч” гэж орилсон. Тэгээд манай хэдийг гарч ирэх хооронд нөгөө залуу намайг давхар хамаад унагаачихсан. М ирээд миний толгой руу өшиглөх шиг болсон. Тэгэхэд манай найз Ш ирээд миний дээр суучихсан байсан залууг тэврээд аваад холдох үед нөгөө хүмүүс намайг орхиод Ш руу очсон. Тэгээд Ш-г О нь цохиод нүүрээ дараад тонгойход нь М Б нар цохисон. Би М ахыг цааш нь тэврээд холдуулсан. Тэгсэн чинь Б нь Ш-н толгой, нүүр рүү өшиглөөд цохисон. Тэгж байтал М намайг хашаатай хавсарч хавирсан. Тэгэхээр нь би босож ирээд нөгөө хэдийгээ аваад гэр лүүгээ орсон чинь араас хаалга татаад бариул хугалаад цонх руу чулуу шидээд хагалсан. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...Би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Харин нөгөө хүмүүс болох М, О, Б нар согтуу байсан. ...Миний биед чих жаахан шалбарснаас өөр ямар нэгэн гэмтэл шарх байхгүй. Ш 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 11 цагийн автобусаар Увс аймгаас Улаанбаатар хотод ирсэн. Тэгэхэд биед нь ямар нэгэн ил харагдах гэмтэл шарх байгаагүй. ...Ш-н нүүр лүү О гараараа цохисон. Дараа нь М Ш-г тонгойж байхад нуруун тус газар нь хэд хэдэн удаа цохисон. Би Ш-г аваад орох гэж байхад Б гэх залуу нүүр лүү нь цохиход Ш тонгойход нүүр лүү 1 удаа өшиглөсөн. ...” /хх-25/,

            гэрч Б.О-н “...Би 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Ш-г хотод ирснийг үеэл Б-аа мэдээд Яармагт очсон. Би Б нь найз охин Н-н хамт түрээсэлж амьдардаг Яармагийн 2 дугаар буудлын Ханбилэг дэлгүүрийн урд талын хашаанд очиход 17 цаг болж байсан. Би Б-д ороход Б, Ш нар байсан. Бид нар хоол хийж идэх гээд байж байтал байшингийн эзэн Амгаа гэх хүн орж ирсэн. Манай үеэл Б-тай уулзаад “түрээсийн төлбөр, цахилгааны төлбөрийн талаар” ярилцаж байгаад гараад явсан. 20 цагийн орчимд манай үеэл Б-г бие засахаар гарчихсан байх хооронд гаднаас Б гэх нэртэй туранхай, цагаан өнгийн футболк, хар өнгийн жинсэн өмдтэй орж ирээд Ш /Ш/-тэй танилцаад, дараа нь надтай танилцах гээд байж байхад цонхоор М гэх хүн манайд ороод ирчихсэн байсан Б-г дуудахад Б цонхоор харахад нөгөө М нь хараад юун хөөрхөн эмэгтэй байгаа юм бэ гэж хэлэхэд манай үеэл Батням бид нарыг дуудсан. Би Ш-н хамт гарахад О гэх хүн манай үеэл Батнямыг доороо оруулчихсан цохиж байсан. Тэгэхээр нь Ш очоод О-г тэврээд холдуулсан. Тэгэхэд Ш О-г эвдэрхий машины орчим аваачихад О нь Ш-н нүүр рүү 3-4 удаа цохичихоор нь би очоод салгах гэсэн чинь М гэх хүн намайг түлхээд холдуулсан. Манай үеэл Б хүрч ирээд О-г Ш-с холдуулах гэж байхад М очоод манай үеэл Б-г хашаатай хавсарч цохисон. Тэр хооронд би Ш дээр очоод тэврээд авсан. Тэгэхэд туранхай Б нь ирээд миний толгой руу өшиглөхөөр нь би “чи яаж байгаа юм бэ гэхэд дахиад зүүн гар луу 1 удаа цохиод авсан. Тэгээд байж байхад манай үеэл Б гэр лүү оръё” гээд би Ш-г аваад байшинд ороод дотроос нь түгжсэн. Тэгсэн чинь хаалга хүчтэй татаад, цонх руу чулуу шидсэн. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Тэгээд байж байхад хашааны эзэн А ах ирчихсэн бид нарыг гараад ир гэсэн. Тэгээд гарахад цагдаа нар ирсэн юм. ...Би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Харин нөгөө хүмүүс болох М, О, Б нар согтуу байсан. Манай үеэл Б, Ш нар эрүүл байсан. ...Ш-н биед нь ямар нэгэн ил харагдах гэмтэл шарх байгаагүй. ...Ш-н нүүр лүү О гэх залуу гараараа 2-3 удаа цохисон. Тэгээд Ш нүүрээ дараад тонгойход гарын завсраас нь цус гоожиж байсан. Тэгэхээр нь би Ш-г очоод тэврээд авсан. Тэрнээс хойш Ш-г цохисон хүн байхгүй. Харин манай үеэл Б-г М хашааны хажууд цохиж уруулыг нь гэмтээсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх 28/,

гэрч Х.Н-н “...2023 оны 05 дугаар сарын 25- ны өдөр М.Ш Увс аймгаас Улаанбаатар хотод ирсэн өдөр юм. Найз М.Ш-г Улаанбаатар хотод 15 цагийн үед ирэхэд миний найз залуу болох Б тосож аваад гэрт ирсэн. Найз залуу М.Б, М.Ш нар ирэх үед би гэртээ О гэх найзтайгаа хамт байсан. Тэгээд М.Ш цай, хоол идээд байж байтал гаднаас Б гэх залуу ганцаараа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирээд сонин, сонин зүйл яриад байсан. Тухайн үед юу яриад байсныг одоо санахгүй байна. Тэгээд миний найз залуу болох Б.Б гэрээс ганцаараа гараад нойл орчхоод орж ирэх замдаа гэрийн гадна О гэх залуутай маргалдаж байсан ба найз залуу Б.Б дуудах шиг болохоор нь М.Ш, О, Б гэх залуу бид 4 манай гэрээс гараад очсон. Бид нарыг очиход О, найз залуу Б.Б хоёр толгойгоо нийлүүлчихсэн зогсож байсан. Найз залуу Б.Б-г О бид хоёр салгаад зогсож байтал О хувцсаа тайлаад найз залуу Б.Б-г цохих гээд ирэх үед найз М.Ш урдуур нь орж О-г тэвэрч авах үед О-н ах М гэх залуу өөрийнхөө гэрээс гарч ирээд миний найз залуу болон Б.Батнямтай маргалдаж зодоон эхлүүлсэн. М, О, Б гэх 3 залуу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд миний найз залуу болох Б.Б найз М.Ш нарыг хэл амаар доромжилж цохиж, зодож хэлсэн. Би цагдаа дуудлага өгөх гээд гэр рүү орж гар утас аваад дуудлага өгөөд гэрээс гарч ирэх үед миний нөхөр Б.Б-г газар унагаачихсан М, Б нар цохиж, зодож байсан. Харин найз М.Ш-г О нь гараараа цохиж байсан бөгөөд баруун нүд рүү нь гараараа нэг цохиход найз М.Ш нүдээ дараад газар унасан. Би цагдаад дуудлага өгөөд найз О-тай нийлээд Б, О, М, найз залуу болох Б.Б, найз М.Ш нарыг салгаад гэр лүүгээ ороод байж байтал цагдаагийн алба хаагч нар ирсэн. ...Найз залуу Б.Б, найз М.Ш, Б.О бид болон О, М, Б гээд 7 хүн байсан. Өөр хүн байгаагүй. М-н эхнэр нь сүүлд бид нарыг гэр лүү орж ирэх үед гарч ирсэн. ...М.Ш-н биед О гараараа болон хөлөөрөө цохиж байсан. Намайг цагдаад дуудлага өгөх гээд гэрээс гар утсаа аваад гарч ирэх үед О гэх залуу гараараа М.Ш-н нүд рүү нэг удаа цохиж гэмтэл учруулахад М.Ш нүдээ дараад газар унасан. Харин миний найз залуу болох Б.Б-г М, Б нар гараараа болон хөлөөрөө цохиж байсан...” /хх-209-211/,

гэрч Т.М-н “... Тэр өдөр М, Б хоёр гэрээс гараад хэсэг байж байгаад орж ирэхдээ пиво уусан гэж ярьж байсан. Тэгээд Б гэрээс гараад гаруй минутын дараа манай нөхөр М-н дүү О араас нь гарсан. Удалгүй намайг дуудсан. Гэрээс гарахад хойд айлын Б-тай барилцаад зогсож байсан. Тэд нар хоорондоо барилцаад заамдалцаад авсан. Би хойд айлын Б болон О хоёрыг салгасан. Тэгээд тэд нар хоорондоо зодолдоод байсан. Би хэн нь хэнийгээ хэрхэн яаж цохисныг харж амжаагүй, тэрхэн зуур маш хурдан болоод өнгөрсөн. Тэр залуучуудыг гэр рүүгээ ор гээд оруулсан чинь О цонх руу нь чулуу шидсэн. Тэгэхээр О, Б, М нар гэртээ орсон. Удалгүй цагдаа нар ирсэн...” /хх-213-214/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 6904 дугаартай шинжээчийн “...М.Ш-н биед баруун нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун доод зовхинд шарх, баруун дээд, доод зовхи, хамар, зулайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-40-41/,

Б.Б-н эзэмшлийн Samsung S8 маркийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-109-111/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Б.О-н бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйчлэл зөв байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Б.О-н “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-д 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Түүнчлэн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.О-д Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 169 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг тэнсэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсныг хүчингүй болгож, 01 жилийн хугацаагаар хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногийн хорих ялаар тооцон, 01 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Б.О-н биечлэн эдлэх ялыг 01 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн нь хуулийн шаардлага хангасан байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б-н “...Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн учир шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад, шүүгдэгч Б.О нь 2023 оны 05 дугаар сарын 25-ны орой ***** дүүргийн ** дүгээр хороо, ** дүгээр гудамжны *** тоот хашаанд хохирогч М.Ш-тай тухайн цаг хугацаанд үүсгэсэн хувийн таарамжгүй харилцааны улмаас нүүрэн тус газар нь 1 удаа гараараа цохиж, 1 удаа хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байх бөгөөд хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд, гэрэл зураг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл зэрэг баримтууд өөр хоорондоо зөрүүгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болж байгаа дээрх гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж байх бөгөөд хэргийн үйл баримт бүрэн, эргэлзээгүй байдлаар нотлогдсон байна.

Анхан шатны шүүх дээрх хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн үйл баримтад үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгчийг гэм буруутайд тооцон ял оногдуулсныг давж заалдах шатны шүүхээс өөрчлөх, буруутгах, шүүгдэгчийн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, цагаатгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 1266 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бурмаагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Б.О-н 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл нийт 49 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 1266 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бурмаагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-н цагдан хоригдсон 49 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай. 

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.АРИУНХИШИГ

 

                                              ШҮҮГЧ                                      Н.БАТСАЙХАН

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.ЗОРИГ