Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 2025/ДШМ/786

 

 

 

 

 

 

  2025             06             26                                        2025/ДШМ/786

 

Г.М-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Н.Батсайхан, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Жамъяндорж,

шүүгдэгч Г.М өмгөөлөгч Э.Чулуунцэцэг,

хохирогч Т.Б-н өмгөөлөгч Ц.Цогтсайхан,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/1109 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.М-н өмгөөлөгч Э.Чулуунцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Г.М-д холбогдох 2310000001512 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Г.М,

Дундговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20** оны 10 дугаар сарын 25-ны өдрийн ** дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 234 дүгээр зүйлийн 234.2-т зааснаар 1 жил 6 сарын хорих ял шийтгүүлсэн, /РД:*************/;

Шүүгдэгч Г.М нь 2023 оны 09 дүгээр сарын 06-ны шөнө 23 цагийн үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Вүүдэн Хаус” гэх газрын гадна талд иргэн Т.Б-тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэж түүний нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн хөмсөгт шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн дээрх цаг хугацаанд Б.Х-н эзэмшлийн **-**УЕА улсын дугаартай “М” загварын авто машинаар хохирогч Т.Б-н эзэмшлийн **-**УБО улсын дугаартай “Лексус 570” загварын авто машины жолооч талын хаалга хэсэг рүү мөргөж зүүн урд крыло, зүүн урд под крыло, хуванцар түгжээ, гишгүүрийн гадна хүрээ, зүүн урд хаалганы доод, дээд нугас, зүүн урд хаалганы эмжээр, зүүн урд хаалга, зүүн урд шаврын хаалт зэрэг эд зүйлийг хууль бусаар гэмтээж бага хэмжээнээс дээш буюу 12.556.000 төгрөгийн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Г.М-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Г.М-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг, мөн “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.М-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Г.М-н биечлэн эдлэх ялыг нийт 950 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 950.000 төгрөгөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.М нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-с нийт 12.741.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Т.Б-д 185.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч “А” ХХК-д 12.556.000 төгрөгийг тус тус олгож, хохирогч нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон цаашид гарах эмчилгээгээ үйлчилгээ авсан талаарх зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.М-н өмгөөлөгч Э.Чулуунцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...            Нэг. Шүүх миний үйлчлүүлэгч Г.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж тооцохдоо тус гэмт хэргийн субьектив шинжийг харгалзан үзээгүй. Өөрөөр хэлбэл, тус гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэнэ. Гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн байдаг. Миний үйлчлүүлэгч зам тээврийн осол гаргасныхаа дараа цагдаагийн байгууллагад хандаж, зам тээврийн ослын дуудлага, мэдээлэл өгсөн байдаг. Тус баримтыг хэрэгт авах талаар хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад удаа дараа мөрдөгчид хүсэлт тавьсан боловч хүсэлтийн дагуу ажиллагаа хийгээгүй. Г.М нь хохирогчийн унаж явсан 2016 онд үйлдвэрлэсэн Lexus-570 загварын автомашиныг санаатай мөргөсөн гэдгийг нотлох нэг ч баримт хэрэгт авагдаагүй байна. Тодруулбал, хэргийн газарт хэмжилт хийсэн эсэх, жолооч зогсоох арга хэмжээ авсан эсэх асуудлыг шалган тогтоогоогүй. Мөн гэмт хэрэг болсон газар автомашины төлбөртэй зогсоол байсан, тус объектын эзэмшигч, өмчлөгчид хандаж камерын бичлэг хэрэгт авагдаагүй. Ямар шалтгаанаар камерын бичлэг аваагүй нь бас тодорхой бус байна. Шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны удаа дараа камерын бичлэг авах талаар хэлсэн боловч огт ажиллагаа хийгээгүй байдаг. Шүүх миний үйлчлүүлэгч Г.М нь тус үйлдлийг санаатай хийсэн эсэхэд дүгнэлт өгөөгүй, бас үндэслэл бүхий нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад шүүгдэгчийг буруутган, эрүүгийн хариуцлага хүлээлгэж, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна.

            Хоёр. Шүүгдэгч түүний өмгөөлөгчийн зүгээс автомашины хохирлын үнэлгээг анхнаасаа хүлээн зөвшөөрөөгүй. Энэ талаар прокурорт хүсэлт гаргаж, 2024 оны 02 сарын 14-ний өдөр 07 дугаартай прокурорын тогтоолоор хүсэлтийг бүрэн хангасан байдаг. Тус тогтоол биелэгдээгүй байна. Хувийн эрх зүйн хуулийн этгээдээс үнэлгээ хийх боломжгүй гэх утга агуулга бүхий баримт ирүүлсэн нь дахин үнэлгээ хийхгүй байх хууль зүйн үндэслэл болохгүй юм. Өөрөөр хэлбэл, нэг байгууллага ажлаа хийхгүй байх нь прокурорын тогтоол биелэгдэх боломжгүй болох хууль зүйн үр дагавар үүсгэхгүй. Хавтаст хэрэгт тус автомашины эвдэрсэн эд анги, зураг зэрэг бүх мэдээлэл, баримтууд хэрэгт бий. Тус баримтад тулгуурлан хохирлын үнэлгээ хийх бүрэн боломжтой. Мөн хохирогч болон иргэний хариуцагчийн зүгээс автомашиныг зассан гэх боловч энэ талаар нэг ч баримт шүүхэд ирүүлээгүй нь хохирлын үнэлгээг хэт өндөр тогтоосон гэж үзэх үндэслэл болж байна.

            Хавтас хэргийн 40 дүгээр хуудаст 2023 оны 09 дүгээр сарын сарын 07-ны өдөр гэсэн он сартай “Т” ХХК-ийн нэхэмжлэх үнийн санал байдаг. Харин 36, 37 дугаар хуудаст 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр автомашин техникийн үнэлгээний тайлан байдаг. Тус тайлангийн хавсралтаас харвал хохирогчийн таван богдоос авч ирсэн нэхэмжлэх үнийн саналыг бага зэрэг багасгаад жагсаалт гаргажээ. Тус үнэлгээг хийхэд миний үйлчлүүлэгчийг байлцуулаагүй. Хохирогч өөрөө очиж үнэлгээ хийлгэсэн байдаг. Бас дараах зөрчлүүд байна.

            1. Автомашины үнэлгээг гаргахдаа талуудын тэгш оролцоог хангаагүй, нэг талыг барьсан;

2. Зах зээлийн үнээс хэт өндөр гаргасан;

3. Эвдрэл хохирлын хэмжээг тодорхойлохдоо үйлдвэрлэсэн он, Монголд орж ирсэн он, авсан гүйлт, ашиглалтын чанар байдал, сэлбэг хэрэгслийн зах зээлийн үнэ, ханшийг харгалзан үзэж, хэвийн ашиглалттай болгох, эвдэрсэн эд анги бүрийн эвдрэлийн хэмжээг харгалзан засах эсвэл солих эд ангийг үнэлэх гэсэн автомашины хохирлын үнэлгээ гаргах аргачлал, стандарт болон хөрөнгийн үнэлгээнд элэгдэл тооцох журмыг баримтлаагүй;

4. Эвдрэл ослын улмаас эвдрэл гэмтэл авах боломжгүй эд ангийг үнэлж тооцсон зэрэг асуудлууд бас байна.

Эцэст нь тэмдэглэхэд хохирогч, иргэний нэхэмжлэгчийн зүгээс автомашинаа засуулсан гэх боловч хаана, хэдэн төгрөгөөр засуулсан баримт ирүүлээгүй байхад мөн дээрх үндэслэлийг прокурор хүлээн зөвшөөрч дахин дүгнэлт гаргуулах талаар тогтоол гаргасан байхад нотолгоо баримтгүйгээр шүүх хохирол төлбөр тооцсонд гомдолтой байна. Миний үйлчлүүлэгч Г.М-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Иргэний нэхэмжлэгчийн хувьд иргэний журмаар хуульд заасан шаардлага хангасан нотлох баримтаа гаргаж хохирол төлбөр нэхэмжлэх эрхтэй. Тус эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Т.Б-н өмгөөлөгч Ц.Цогтсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх хавтаст хэргийн хүрээнд нотлох баримтыг зөв үнэлж дүгнэсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс 2 үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Эд хөрөнгө устгах, гэмтээх зүйл ангийг үндэслэлгүй шийдвэрлэсэн гэж байна. Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс үндэслэл бүхий шийдвэрлэсэн гэж үзэж байна. Учир нь, зүгээр нэг автотээврийн тохиолдол биш юм. Г.М өөрөө зориуд мөргөсөн. Хэргийн газрын үзлэг болон гэрч нарын мэдүүлгээр тогтоосон. Анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Хоёрдугаарт хөрөнгийн үнэлгээний талаар ямар ч баримт хавтаст хэрэгт авагдаагүй байхад 12,000,000 төгрөгийн хохирол учруулсныг шүүгдэгчээс гаргуулан шийдвэрлэсэн нь буруу гэж гомдолдоо дурдсан байна. Т ХХК-аар тээврийн хэрэгслийнхээ засварыг хийлгэсэн тайлан хавтаст хэрэгт авагдсан. 16,000,000 төгрөгийн үнэлгээтэй байсан. Мөн үнэлгээний компаниар хохирлыг үнэлүүлэхэд 12,556,000 төгрөгийн хохирол гарсан. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/1109 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Жамъяндорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс өөрийн үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэх субьектив санаа зорилго байхгүй гэж гомдолдоо дурдсан. Хавтаст хэрэгт цугларсан гэрч Х буюу шүүгдэгчийн эхнэр байгаа. Мөн хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтууд нь хоорондоо харилцан уялдаа холбоотой. Нэг нь нөгөөгөө нотолсон нотлох баримтууд байдаг. Гэрч Х-н мэдүүлэг байдаг. Тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед тээврийн хэрэгсэл дотор бүгдийг хөндлөнгөөс хараад сууж байсан гэрч байгаа. Ямар санаа зорилготой тээврийн хэрэгслийг унаж, ямар санаа зорилготойгоор тээврийн хэрэгслийн мөргөсөн талаар гэрч тодорхой мэдүүлсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон. Эд зүйлийн үнэлгээний талаар мөн гомдолдоо дурдсан. Т ХХК-аар завсар хийлгэхэд 16,000,000 төгрөг орсон. Хохирлын үнэлгээ нь 12,556,000 төгрөг байгаа талаарх баримтууд хавтаст хэрэгт авагдсан. Анхан шатны шүүх хавтаст хэргийн хүрээнд хэргийн үнэн зөв шийдвэрлэсэн. Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/1109 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Шүүгдэгч Г.М нь 2023 оны 09 дүгээр сарын 06-ны шөнө 23 цагийн үед **** дүүргийн ** дүгээр хороо, “В” гэх газрын гадна талд иргэн Т.Б-тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэж түүний нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн хөмсөгт шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн дээрх цаг хугацаанд Б.Х-н эзэмшлийн **-**УЕА улсын дугаартай “М” загварын авто машинаар хохирогч Т.Б-н эзэмшлийн **-** УБО улсын дугаартай “Лексус 570” загварын авто машины жолооч талын хаалга хэсэг рүү мөргөж зүүн урд крыло, зүүн урд под крыло, хуванцар түгжээ, гишгүүрийн гадна хүрээ, зүүн урд хаалганы доод, дээд нугас, зүүн урд хаалганы эмжээр, зүүн урд хаалга, зүүн урд шаврын хаалт зэрэг эд зүйлийг хууль бусаар гэмтээж бага хэмжээнээс дээш буюу 12.556.000 төгрөгийн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Т.Б-н “...Би 2023 оны 09 дүгээр сарын 06-ны орой 23 цаг 23 минутад найз Х над руу 91910567 дугаараас залгаад яаралтай **** дүүргийн ** дүгээр хороо, “В”  гадаа хүрээд ирээч уулзах хэрэг байна гэхээр нь би яваад очиход машины зогсоол дээр Мазда ЗХ-5 маркийн автомашин дотор сууж байхаар нь машинаасаа буухад тухайн машин дотор байсан нэг залуу бууж ирээд чи хэн бэ гээд миний нүүрэн тус газарт баруун гараараа нэг удаа цохиод, машин руугаа гүйж очоод хутга авна гэж очихоор нь машиныхаа багажаас дугуйны данхраад эргүүдэг төмөр авсан. Тэр залуу гартаа нэг юм барьсан байсан. Дахиж ирээд миний нүүр лүү гараараа нэг удаа цохиход хөмсөг сэтрээд цус гоожихоор нь зугтаахад тухайн залуу машинаа унаж намайг дайрах гэж оролдохоор нь өөр тийшээ зугтахад миний унаж явсан **-** УБӨ улсын дугаартай Лексус 570 маркийн тээврийн хэрэгслийн жолооч талаас нь мөргөж эвдэхээр нь цагдаагийн байгууллагад хандсан. Би тухайн залууг огт өмнө харж байгаагүй залуу байсан. Ямар учраас намайг цохисон талаар мэдэхгүй байна...” /хх 16-17/,

гэрч Б.Х-н “... Би 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 22-оос 23 цагийн үед байх найзуудтайгаа Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Яармагт уулзаад гэр лүүгээ харьж явсан. Тэгтэл нөхөр М нь над руу байн байн утсаар залгаад байсан. Ингээд би гэртээ харихад манай 2 хүүхэд байсан ба араас М орж ирсэн. Тэгээд миний цүнхнээс нэг зүйл авахаар нь наадах чинь юу юм бэ гэж асуухад чип буюу чагнадаг төхөөрөмж байсан. Тэгээд би чипнээс нь мемори картыг нь салгаж авсан. Тэгээд надтай хүн амьтантай уулзаж учраад яваад байна гэснээс болоод хоорондоо хэрүүл хийж эхэлсэн. Ингээд намайг гэрээс цуг явъя гээд чирээд гарсан ба **-** УЕА улсын дугаартай Мазда маркийн машинтай Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байдаг Вүүдэнгийн авто зогсоол дээр очсон. Тэгээд зогсоол дээр очоод намайг машинаас татаж буулгаад толгой руу хэд хэдэн удаа цохисон. Тэгээд М нь машиндаа бууж суугаад байсан. Тэр үед нь би Б-д утсаар ярьж хүрээд ир гэж хэлсэн. Тэгтэл Б удалгүй өөрийнхөө машинтай ирсэн. Тэгээд Батжаргалыг машинаасаа буугаад ирсэн чинь М үгийн зөрүүгүй шууд цохиод авсан. Тэгээд хоорондоо тэр хоёр харилцан хэд хэдэн удаа цохилцсон. Тэгтэл М нь гэрээс гарахдаа надад мэдэгдэлгүйгээр хутга авч гарч ирсэн юм билээ, тэр хутгаа машин дотроос гаргаж ирсэн. Тэгэхээр нь тэр хутгыг нь аваад өөрийнхөө машины суудал доогуур тавьсан. Тэгээд Б-тай зодолдох үедээ хутгаа хайгаад олж чадаагүй. Тэгээд байж байгаад машин асаагаад Батжаргалыг араас мөргөх гээд хөөж байгаад Б-н машиныг хажуу талаас нь мөргөөд зогссон. Ингээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” /хх 22-23/,

Г.М-н яллагдагчаар өгсөн “...орой 22 цагийн үед ****** дүүргийн ** дүгээр хороо З хотхоны 000 байр 00 тоотод намайг гэртээ ирэхэд манай хоёр хүүхэд байсан. Тэгээд би тэр гэрээс буцаж гараад мотоциклдоо бензин хийх гээд уулын зам ороод эхнэр гэртээ ирчихлээ гэхээр нь би Э хотхоны дэлгүүрт Х-тай уулзаад дэлгүүр орж бага хүүхдийнхээ цэцэрлэгийн зүйлсийг бэлдээд орой 22 цаг өнгөрч байх үед гэртээ орсон. Гэртээ ороод хоёр хүүхдээ дэлгүүр ороод ир гэж гаргасан. Тэгээд би Х-д чи хүнтэй явалддаг юм байна ш дээ гээд 20 цагийн үед бичигдсэн унадаг дугуйны байршил тогтоогчийн бичлэгийг сонсгосон. Тэгсэн надаас булааж аваад сим карт зэргийг авсан. Тэгэхээр нь би чи намайг хуурчихсан байна ш дээ энэ чинь ямар хүн юм бэ гэхэд Х тэр хүн намайг дарамталдаг гэхээр нь би ямар хүн юм бэ гэхэд чи танихгүй ээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би нөгөө хүнээ дуудчих гэж хэлсэн чинь Х өөрөө гар утсаараа нөгөө хүнээ Вүүдэн дээр уулзъя гэж дуудсан. Тэгээд бид хоёр гараашнаас цугтаа Х-н машиныг гаргаад Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо В хаус дээр очоод байж байтал удаагүй Лексус 570 загварын машинтай залуу ирээд буугаад машиныхаа хойд талаар тойроод ирсэн. Тэгэхээр нь би машинаас буугаад яваад очсон, нөгөө залуу дээр явж очоод чи хэн юм гэж асуухад нөгөө залуу чи хэн юм гээд бид хоёр маргалдсан. Тэгээд би эхлээд цээж хэсэг рүү нь нэг удаа цохисон. Тэгсэн нөгөө залуу миний зүүн шанаа хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд баруун гараараа зүүн хацар руу нь нэг удаа цохисон. Нөгөө залуу мөн зүүн шанаа хэсэг рүү минь нэг удаа дахиад цохисон. Тэгээд би тэврээд авсан. Хэсэг зогсож байгаад би тавьсан. Тэгсэн намайг ална гээд цээжиндээ байсан цүнхэндээ гараа хийсэн. Тэгэхээр нь би зугтаагаад Х-н машины эсрэг талд суусан чинь нөгөө залуу машиныхаа араас лападаг гаргаж ирсэн. Тэгэхээр нь би машинаасаа буугаад нөгөө залуугаас зугтаагаад Х-н машиныг бариад зугтаах гээд хөдлөөд тойрсон чинь нөгөө залуу урдаас лападагтай гарч ирсэн. Тэгэхээр нь сандраад би баруун тал руугаа дараад машиныг нь мөргөчихсөн...” /хх 52/,

Иргэний нэхэмжлэгч Д.Б-н “...Болсон асуудлын талаар сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан компанийн эзэмшлийн 00-** УБО улсын дугаартай Лексус 570 загварын тээврийн хэрэгслийг хэрэг болсон өдөр манай компанийн дотоод хяналт шалгалтын ажилтан Б унаж явсан. Тэгээд мөргүүлж машинд 12.556.000 төгрөгийн хохирол учирсан байсан. Энэ хохирлоо компанийн зүгээс нэхэмжлэх буруутай хүнээр гаргуулан авах хүсэлтэй байна...” /хх 125/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 11420 дугаартай: “...Т.Б-н биед зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн хөмсөгт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх 29-30/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 8-11/,

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 12/,

Хөрөнгийн үнэлгээний “И” ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн автомашины техникийн эвдрэл, үнэлгээний тайлан /хх 36-37/,

“Т” ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн нэхэмжлэл /хх 40/,

Хохирогчийн зүгээс гаргаж өгсөн эмчилгээ үйлчилгээ хийлгэсэн талаарх болон авто машины засвар үйлчилгээтэй холбоотой төлбөрийн баримтууд /хх 94-95, 101/,

Хөрөнгийн үнэлгээний “Д” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн №230/024 дугаартай албан бичиг /хх 126/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Г.М-н бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, бусдын эрүүл мэндэд  хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Г.М-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг, мөн “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.М-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Г.М-н биечлэн эдлэх ялыг нийт 950 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 950.000 төгрөгөөр тогтоосон нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Шүүгдэгч Г.М-н өмгөөлөгч Э.Чулуунцэцэгээс “...Г.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй, мөн автомашины хохирлын үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүй. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэг гэж бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн идэвхтэй үйлдэл байдаг.

Харин жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах зөрчил эсхүл тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах гэмт хэрэг нь тус тус гэм буруугийн болгоомжгүй эсхүл холимог хэлбэрээр үйлдэгддэг.

Хавтаст хэрэгт авагдсан, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Г.М-н “Б-н араас мөргөх гээд хөөж байгаад машиныг нь хажуу талаас нь мөргөөд зогссон” үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байх бөгөөд энэ талаар тухайн нөхцөл байдал болоход байсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд зөрүүгүй байх ба түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэх үндэслэлтэй байна.

Түүнчлэн “И” ХХК-ийн авто машин техникийн үнэлгээний тайлангаар 00-**УБӨ улсын дугаартай, Lexus LX-570 загварын тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг 12.556.000 төгрөгөөр тогтоосон, “Т” ХХК-аас 16.738.001 төгрөгийн үнийн санал илгээсэн, улмаар иргэний нэхэмжлэгчийн зүгээс тус тээврийн хэрэгслийг 12.556.000 төгрөгөөр засуулсан нөхцөл байдал хавтаст хэргээс тогтоогдож байна.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас тус үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй маргаж, улмаар дахин шинжээч томилуулах шийдвэр гарсан хэдий ч “Д” ХХК-аас “...тус тээврийн хэрэгслийн хохирлын зах зээлийн үнэлгээг тогтооход хохирлын биет байдалтай шинжээч зайлшгүй танилцах шаардлагатай боловч одоогийн байдлаар засварлагдсан, хохирлын биет байдалд үзлэг хийх боломжгүй тул үнэлгээ тогтоож, шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй” гэж албан бичгээр тайлбар ирүүлсэн байна.

Энэ талаар болон хохирогчийн гэм буруугийн талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, Г.М-г “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, иргэний нэхэмжлэгч “А” ХХК-д 12.556.000 төгрөгийг олгож шийдвэрлэснийг няцаан үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/1109 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.М-н өмгөөлөгч Э.Чулуунцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/1109 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.М-н өмгөөлөгч Э.Чулуунцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.АРИУНХИШИГ

 

                                               ШҮҮГЧ                                      Н.БАТСАЙХАН

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.ЗОРИГ