Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 497

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал,

Улсын яллагч Р.Батнасан,  

Шүүгдэгч С.Юмчин түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Сайжрахын Юмчинд холбогдох эрүүгийн 1809016760398 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1998 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шар хадны 1 дүгээр гудамж 4 тоотод оршин суудаг хаягийн бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүрэг 5 дугаар хороо 16 дугаар байр 2 дугаар орц 00 тоотод оршин суудаг, урьд 1 удаа ял шийтгэгдэж байсан,

2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 160 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, Боржигон овогт Сайжрахын Юмчин /РД:ФЖ98050815/,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч С.Юмчин нь 2018 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ч.Анударийн халааснаас Ай фоне 6 голд маркийн гар утсыг  хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч С.Юмчин нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг мэдүүлсэн…” гэв.

Эрүүгийн 1809016760398 дугаартай хэргээс:

   Шүүгдэгч С.Юмчин нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутагт байрлах “Сэлбэ” плазагийн гадна талд сүүлд нэрийг нь мэдсэн Анударь гэх охины зүүн халааснаас “Ай фоне-6 эс голд” маркийн гар утсыг нь нууцаар хулгайлан авсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн  38-39 дүгээр хуудас/.

 

Хохирогч Ч.Анударь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:”…Би 2018 оны 4 сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо Сэлбэ плаза руу орох гэж явж байгаад үүдэнд нь халааснаасаа “Ай фоне-6 голд” загварын гар утсаа хулгайд алдсан. Би дэлгүүр рүү ороод халаасандаа гараа хийсэн чинь миний гар утас алга болсон байсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн  7-8 дугаар хуудас/,

 

Гэрч О.Баасанцогт мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр багын найз Юмчинтай 11 хороололд уулзахаар болоод 16:00 цагийн үед очиж уулзсан юм аа. Тэгээд уулзаад “хоёулаа ийшлье” гээд явж байгаад дэлгүүрийн орчим явж байсан чинь Юмчин гэнэт алга болчихсон тэгээд эргээд харсан чинь утас авчихлаа гээд гараад ирсэн. Тэгээд бид хоёр хамт зам хөндлөн гараад байрны дундуур гараад ямар утас юм хаанаас авсын гэсэн чинь “Айфони-6” байна гэсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа эзэн нь утас руугаа залгаад байсан ба Юмчин утсаар эзэнтэй нь яриад байсан. Тэгээд утсыг нь буцаагаад өгөхөөр болоод би утсыг 11 хороололд эзэнд нь буцааж өгөх гээд очсон чинь цагдаа нар бариад авсан. Юмчин тэр үед таксинд сууж байсан юм. Тэгээд цагдаа нар хамт очоод бариад авсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

 

               Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлд:

               -“…Ч.Анударьд Айфони-6 голд загварын алтан шаргал өнгийн гар утас 1 ширхэгийг хүлээлгэн өгөв…” гэжээ /хх-ийн 15 дугаар хуудас/,

 

               Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл:

               -“…С.Юмчингаас Айфони-6 голд загварын алтан шаргал өнгийн гар утсыг хураан авав…” гэжээ /хх-ийн 16 дугаар хуудас/,

 

Дамно хөрөнгийн үнэлгээ:

  • “...Үнэлгээний дүн 440.000 төгрөг...” гэжээ /хх-ийн 17-18 дугаар хуудас/

 

Гэрч Д.Сайжрахын мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/, С.Юмчингийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 20 дугаар хуудас/, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны тодорхойлолт /хх-инй 21 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 27 дугаар хуудас/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч С.Юмчин нь 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ч.Анударийн халааснаас “Ай фоне 6 голд” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь шүүгдэгч С.Юмчингийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ч.Анударийн мэдүүлэг, эд хөрөнгийн үнэлгээ, эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгчээс хохирогчийн эд хөрөнгийг нууцаар авсанаа хүлээн мэдүүлсэн, хохирогчоос өөрийн хувцасны халааснаасаа гар утсаа алдсаныг мэдүүлж, холбогдох цагдаагийн байгууллагад хандсаны дагуу мөрдөгч нь С.Юмчингээс гар утсыг хураан авсан болох нь тэмдэглэлд тусгагдаж, тухайн эд хөрөнгөнд хөрөнгийн үнэлгээ хийлгэж хохирогчид бага хэмжээнээс дээш хохирол учирсаныг тогтоосон хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн болох нь хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудтай агуулгын хувьд зөрүүгүй байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох үндэслэл болов.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүх шүүгдэгч С.Юмчинг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсаны улмаас бусдад 440.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, хохирогчийн анхаарал болгоомжгүй үйлдэл зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

Шүүгдэгч С.Юмчинд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, харин учруулсан хохирлыг буцаан төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч С.Юмчин нь хохирогч Ч.Анудайн өмчлөлийн “Ай фоне 6 голд” маркийн гар утсыг буцаан өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд С.Юмчинг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 650 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

Хавтаст хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч С.Юмчин цагдан хоригдсон хоноггүй байна.