Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 2025/ДШМ/787

 

 

 

 

   2025            06            26                                        2025/ДШМ/787

 

Д.М-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Н.Батсайхан, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Нандин-Эрдэнэ,

хохирогч Н.Т өмгөөлөгч С.Т,

шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч Э.Түвшинбаяр,  

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/988 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Г.Нандин-Эрдэнийн бичсэн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 33 дугаар прокурорын эсэргүүцлийг үндэслэн Д.М-д холбогдох 2403005010686 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

Д.М,

Шүүгдэгч Д.М нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тэнгэр плазагийн гадна зогсоол дээр 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 13 цаг 50 минутын үед “Тoyotа progres” загварын **-** УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1. “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, мөн дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 3.4. “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, мөн дүрмийн 3.5. “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх” гэсэн заалтуудыг зөрчиж явган зорчигч Н.Т-н хөлийн өсгийг дайрч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж, улмаар ослын газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Д.М-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Тээврийн прокурорын газраас Д.-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгаж, шүүгдэгч Д.М-г “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.М-с 196,3801 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд олгож, хохирогч нь сэтгэцэд учирсан гэм хорын хохирол, цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Г.Нандин-Эрдэнэ бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийг зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах” гэмт хэрэг нь хэргийн газрыг орхиж явснаар бүрдэл төгсдөг. Тухайн хэргийн хувьд Д.М нь хохирогч Н.Т-н хөлийг дайрснаа мэдсэн болох нь хохирогч Н.Т-н “...Тэгээд би “хөөе чи миний хөлийг дайрчихлаа” гээд хэлсэн боловч тэр жолооч толиндоо нэг хараад цонхоороо шүлсээ хаяад намайг цонхоороо харчихаад огт юм хэлэлгүй яваад өгсөн. Тухайн үед манай эхнэр машин дотор сууж байсан ба тэр тээврийг хэрэгслийн дугаарыг харж авсан байсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.О-н “...Тэгээд нөхөр буугаад арын багажийг онгойлгоод багаж руу тонгойж байсан ба энэ үед би машинаасаа яг бууж байтал нөхөр гэнэт орилсон. Би юу болсон талаар асуутал тэр машин миний хөл дээгүүр дайраад явчихлаа гэж хэлсэн. Тэгээд тэр машины араас бид 2 хөөе гээд чанга дуудсан боловч зогсолгүй төв зам руу ороод яваад өгсөн...” гэх мэдүүлэг, гэрч Э.Д-н “...Тэр ачаа буулгаж байсан хүн араас “хөөе аалз аа” гэх шиг болсон. Би тэр хүний хөл дайрагдсан эсэхийг хараагүй...” гэх мэдүүлэг болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, 102 дуудлага лавлагааны хуудас болон бусад бичгийн нотлох баримтууд зэргээр хохирогч Д.М-н хөл дээгүүр дайраад хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан болох нь хангалттай тогтоогдсон байхад шүүхээс тухайн үед осол болсон талаар жолооч мэдээгүй байна гэж дүгнэн Эрүүгийн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Дээрх хэргийн хувьд осол гаргасан жолооч нь цагдаа болон эмнэлгийн байгууллагад мэдэгдэлгүйгээр, хэргийн газрыг орхиж байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлд заасан “Хэргийн газрыг орхиж зугтаах” гэмт хэргийн шинжийг хангаж байна. Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.  

Шүүгдэгч Д.М-н өмгөөлөгч Э.Түвшинбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Шүүгдэгч Д.М-н хувьд гэм буруу дээрээ маргадаггүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад холбогдсон хэргийнхээ талаар дэлгэрэнгүй мэдүүлгээ өгсөн. Гэрч, яллагдагч, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг гаргахдаа хөл дайрсан гэдгээ мэдсэн гэж хэлдэггүй. Мэдээгүй юм. Бөгсөөрөө тээврийн хэрэгслийн хойд талын хэсгийг цохих шиг болсон. Нэг хүн ардаас “п” гэж хараал хэлсэн. Цонхоороо харсан чинь хүн харагдаагүй. Толиндоо харсан чинь хүн харагдаагүй. Тэгээд би цааш замын хөдөлгөөнд оролцоод явсан” гэж мэдүүлсэн. Гэрч нар мэдүүлэхдээ “тухайн үеийн замын хөдөлгөөний эрчим удаашралтай байсан. Удаашралтай хөдөлгөөнд оролцож явсан. Ардаас ямар нэгэн байдлаар ирэх боломжтой байсан” талаар мэдүүлдэг. Шүүгдэгчтэй нэг тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан хойно сууж явсан гэрч Д байгаа. Тухайн гэрчийн мэдүүлгээр “хохирогч нь тээврийн хэрэгслийн хойд талын хэсгийг бөгсөөрөө зохих шиг болоод өнгөрсөн. Ямар нэгэн байдлаар бид нар хүн дайрсан” гэж мэдээгүй. Шүүгдэгчийн эгч гэрчээр мэдүүлэг өгсөн. “Ямар ч байсан нэг хүн “п” гэж хараал хэлсэн. Тухайн үед эргэн тойрныг харахад хүн дайрсан талаар мэдэгдээгүй” гэж мэдүүлсэн. Шүүгдэгч ч мөн адил энэ талаараа мэдүүлсэн. Тэгэхээр шүүгдэгчийн мэдүүлгийг нотолж байгаа 2 гэрчийн мэдүүлэг нь шүүгдэгч санаатайгаар оргон зайлж зугтаасан болохыг үгүйсгэж байна. Санаатайгаар осол гарган зугтаасан зүйл байхгүй. 102 төвөөс 30 минутын дараа шүүгдэгч рүү залгасан. Утсаар залгасан даруй Нийслэлийн Замын цагдаагийн газарт шүүгдэгч Д.М тээврийн хэрэгсэлтэйгээ очсон. Болсон асуудлын талаар тайлбар мэдүүлгээ өгсөн. Ослын газраас зугтаах, оргон зайлах санаа зорилго сэдэл байгаагүй. Иймд анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/988 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Д.М тус шүүх хуралдаанд “Хэлэх тайлбаргүй” гэв.

Хохирогч Н.Т-н өмгөөлөгч С.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Прокурорын бичсэн эсэргүүцлийг агуулгын хувьд дэмжиж байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд заасан шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт заасан үндэслэлүүдийг зөрчсөн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, хохирогч болон түүнтэй хамт явж байсан гэрчийн мэдүүлэг, шүүгдэгч Д.М-н мэдүүлгийн алийг нь ямар үндэслэлээр давуу байдлаар тодорхойлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлд заасан хэргийн газрыг орхиж зугтаасан асуудлыг үгүйсгэсэн баримтыг шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт тусгаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлд бичгийн нотлох баримтыг үнэлэхдээ нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь яагаад үнэн бодит байдалд нийцнэ гэдгийг үгүйсгэж байгаа нотлох баримтыг тусгайлан заах ёстой. Хэргийн үйл баримтын хувьд шүүгдэгч Д.М-н “би мэдээгүй” гэх мэдүүлгийг хохирогч, гэрчийн мэдүүлгүүдээс яагаад илүү үнэлж байгаа талаараа тайлбарлаагүй. Шүүгдэгчийн мэдүүлэг нь бусад нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа. Шүүхээс санаатайгаар хэргийн газрыг орхиж явсан үйлдэл биш гэж дүгнэсэн нь хэлбэрийн төдий байдлаар дүгнэсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүх хөнгөн гэмтэл авсан хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлын асуудлыг иргэний журмаар жич нэхэмжлэхээр тогтоосон. Улсын дээд шүүхийн тайлбарт сэтгэцэд учирсан хохирлын асуудлыг шинжээч томилж тогтоосны дараагаар эрүүгийн хэргийг шийдвэрлэх ёстой гэх агуулгаар авч үздэг. Хохирогчийн эрхийг хязгаарласан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/988 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 4, 5 дахь заалтуудыг тус тус хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Д.М-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Д.М-д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянахад, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, шүүхийн тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нөхцөл байдал тогтоогдлоо. Тодруулбал;

Прокуророос шүүгдэгч Д.М-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Гэтэл анхан шатны шүүхээс тухайн үед осол болсон талаар жолооч мэдээгүй, машинд сууж явсан гэрчүүд мөн осол болсон талаар мэдээгүй, яриа гараагүй, осол хийгээгүй гэж бодож цааш хөдөлгөөнөө үргэлжлүүлэн явсныг хэргийн газрыг зориуд орхин зугтаасан гэж дүгнэх үндэслэлгүй гэж үзээд, Тээврийн прокурорын газраас Д.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

Хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр “хохирогч Н.Т хөл дайрсан талаар хэлж, орилсоор байхад шүүгдэгч Д.М цонхоороо харсан атлаа зогсоогүй, бууж харах байдлаар болсон асуудлыг нягтлан шалгахгүйгээр шууд явсан ба тэрээр ачаа буулгаад зогсож байгаа хүний хөлийн өсгийг дайрч, зам тээврийн осол гаргасан, хохирогч осол гаргасныг нь орилох байдлаар ойлгуулж байхад цагдаагийн байгууллагад мэдэгдэлгүй, цагдаагийн албан хаагч ирээгүй байхад тус газраас явсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангасан гэж үзэх үндэслэлтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”; 1.2 дахь заалтад “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” байвал давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно гэж хуульчилсан.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д “дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал” шүүхийн тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж;

39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” нөхцөл байдал тогтоогдвол Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үздэг ба анхан шатны шүүх шүүгдэгч Д.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь дээр дурдсан үндэслэлд хамаарч байгаагаас гадна нэг шүүгдэгчид холбогдох хэд хэдэн хэргээс нэгийг нь хэрэгсэхгүй болгож, нөгөөд нь гэм буруутайд тооцсон байтлаа хэрэгсэхгүй болгосон хэрэгт нь цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Түүнчлэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэлээ” гэж дүгнэсэн атлаа тогтоох хэсэгт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалт болох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэрлэсэн нь мөн Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн үндэслэлд шууд хамаарч байна.

Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/988 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурор Г.Нандин-Эрдэнийн бичсэн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 33 дугаар эсэргүүцлийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.  

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/988 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Д.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Б.АРИУНХИШИГ

 

                       ШҮҮГЧ                                          Н.БАТСАЙХАН

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Б.ЗОРИГ