Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 50

 

 

 

 

 

2018 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 207/МА2018/00050

 

 

*******ны Орхон салбарын нэхэмжлэлтэй,

хариуцагч *******, Б.Цогзолмаа нарт

холбогдох иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 142/ШШ2018/00115 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ны Орхон салбарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******, *******холбогдох,

Б.Цогзолмаагийн тэтгэврийн орлогоор зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 12.726.789,07 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 218.580 төгрөг, нотариатын зардал 7.500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Мөнхболдын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жавхлан, А.Мөнхчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Мөнхболд, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч *******ны Орхон салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч Төмөрчөдөр овогтой Соёлбат нь анх 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр *******ны Орхон салбарын Зэст тооцооны төвөөс №1307-98 тоот зээлийн гэрээ байгуулан 15.000.000 төгрөгийн гэрээт цалингийн зээл авсан. 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр *******ны Орхон салбарын Зэст тооцооны төвөөс №130700069608 тоот зээлийн гэрээ байгуулан 1.140.000 төгрөгийн нэмэлт зээл авч нийт 13.440.000 төгрөгийг жилийн 21,6% хүүтэй, 36 сар /3 жилийн/ хугацаагаар авсан. Зээлийн барьцаанд цалин болон өөрийн эзэмшлийн гэрийн тавилга эд хогшил, хөдлөх хөрөнгө бүгдийг тавьсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 3.2.3 заалтыг зөрчиж, зээлээ хуваарийн дагуу төлөхгүй, зээл төлөх мэдэгдэл удаа дараа өгсөн боловч зээлд огт төлөлт хийхгүй байна. Иймд 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар дор дурьдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна.

Зээлдэгч ажлаас гарсан тул хамтран зээлдэгч Бавуудорж овогтой Цогзолмаагийн тэтгэвэрийн орлогоор зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү, Зээлийн үндсэн төлбөрийн өр 11.489.064,97 төгрөг, зээлийн хүүгийн өр 1.237.724,10 төгрөг, нийт 12.726.789,07 төгрөг улсын тэмдэгтийн хураамж 218.580 төгрөг, нотариатын зардал 7.500 төгрөг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Мөнхболд шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

******* нь анх 2014 оны 11 сарын 27-ны өдөр *******наас 15.000.000 төгрөгийн цалингийн зээлийг авахдаа хамтран зээлдэгчгүйгээр авсан байдаг. Хариуцагч Б.Цогзолмаагийн хувьд *******ын цалингийн зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр 2016 оны 10 сарын 27-ны өдөр №130700069608 тоот гэрээ байгуулан 1.140.000 төгрөгийн нэмэлт зээл авахад нь гарын үсэг зурсан нь үнэн боловч тухайн үед банкны зүгээс манайх зээл гаргахын тул заавал хамтран зээлдэгчээр гарын үсэг зуруулдаг юм гэж хэлээд Б.Цогзолмаагаар гарын үсэг зуруулсан байдаг. Зээлийн гэрээнд гарын үсэг зурахдаа ирээдүйд гарах үр дагаврын талаар тайлбарлаагүй бөгөөд банк болон үндсэн зээлдэгч 2-ын хооронд үүссэн зээлийн гэрээний үр дүнг бий болгохын тулд гарын үсэг зуруулж тухайн цалингийн зээлийг зээлдэгч *******ад тус банкны салбараас гаргаж өгсөн байна. Зээлдэгч ******* тухайн цалингийн зээлийг өөрийн дансруугаа шилжүүлэн авч хувийн хэрэгцээндээ ашигласан. Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 12.726.789.07 төгрөгийн зээлийг хариуцагч Б.Цогзолмаа захиран зарцуулаагүй бөгөөд нэхэмжлэгч төрийн банк тухайн зээлийг Б.Цогзолмаад өгөөгүй мөн хариуцагч Б.Цогзолмаа аваагүй гэдэг нь *******ны нотлох баримтаар гаргаж өгсөн зээлийн гэрээ, зээл зээлийн хүүгийн төлөлтийн хуваарь, зээлийн дансны хуулга зэргээр нотлогдож байна. Мөн үндсэн зээгдэгч нь өнөөдрийн байдлаар хөдөлмөр эрхэлж байгаа бөгөөд зээлийн төлбөрөө төлөх боломжтой. Зээлийн төлбөрийг хамтран зээлдэгчийн тэтгэврийн орлогоос гаргуулах тухай нэхэмжпэлийн шаардлага нэхэмжлэгчийн зүгээс гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байх тул зээлийн төлбөрийг үндсэн зээлдэгч *******аас гаргуулах нь зүйтэй байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 142/ШШ2018/00115 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч *******, Б.Цогзолмаа нараас 12.734.289 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******ны Орхон салбарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 218.580 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******, Б.Цогзолмаа нараас 218.580 төгрөг гаргуулан *******ны Орхон салбарт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Мөнхболд давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх шийдвэрээ гаргахдаа Б.Цогзолмаагийн эрхийг илт зөрчиж, хэт 1 талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Учир нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заагдсан зээлийн гэрээ *******, төрийн банкны салбар 2-ын хооронд хийгдсэн бөгөед зээлийн гэрээний талууд нь *******, төрийн банкны салбар юм. Зээлийн гэрээний зохицуулалтаар зээлдэгч зээлээ гэрээнд заасан хугацаанд төлөх үүрэгтэй. Үндсэн зээлдэгч нас барсан эсхүл хөдөлмөрийн чадваргүй болж цалингийн зээл төлөх боломжгүй болсон нөхцөлд хамтран зээлдэгч төлбөрийг төлөхөөр зээлэнд зохицуулалт хийсэн гэж үзэж байна. Иргэний хууль болон банкны тухай хуулинд хамтран зээлдэгч гэсэн зохицуулалт байхгүй байдаг. Хариуцагч ******* цалингийн зээлээ ажилгүй байх хугацаандаа төлөөгүй бөгөөд ажил хөдөлмөр эрхэлж эхэлсэн хугацаанаасаа эхлэн төрийн банкинд зээлийн гэрээнд заагдсан төлөлтийг бага дүнгээр төлөх тухай санал тавьж байсан. Энэхүү саналыг банкны зээлийн эдийн засагч хүлээн зөвшөөрөөгүй байдаг. Зээлдэгч буюу хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг Б.Цогзолмаагаас гаргуулахгүйгээр зөвхөн өөрөө хариуцан төлөхийг хүлээн зөвшөөрдөг. Мөн Б.Цогзолмаа *******ыг цалингийн зээлээ 1.140.000 төгрөгөөр 2016 оны 10 сарын 27-ны өдөр нэмэхэд нь хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан байгаа. Гэтэл шүүх нэхэмжлэлийн нийт үнийн дүнг Б.Цогзолмаад хувааж шийдвэрлэсэн нь хууль зөрчиж шийдвэрлэсэн байна. Цалингийн зээл гэдэг бол тухайн зээлдэгчийн ажил эрхлэлтийг үндэслэн түүнд зээл олгосон. Харин хамтран зээлдэгчийн ажил эрхлэлтийг судлаагүй бөгөөд *******ын авсан зээл түүний ажил эрхлэлтийн байдлаас олгосон цалингаасаа төлөх зээл юм. "Соёлбат нь ажил эрхэлж байгаа тул цалингийн зээлээ төлөх боломжтой. Мөн өөрийн өмчлөлийн машинаа худалдсан байгаа учир машин зарсан мөнгө орж ирэхээр нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлөх боломжтой гэдгээ банкны төлөөлөгчид хэлж байсан. Шүүх иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т заасан хуулийн зохицуулалтыг зөрчиж хариуцагчийн үүргийг тодорхойлж чадаагүй байна. Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасны дагуу зээлдэгч ******* нь өөрийн хүсэл зоригийн дагуу зээлийг өөрөө авч хэрэглэсэн бөгөөд зээлийг өөрөө төлөх бүрэн боломжтой хамтран зээлдэгчээр төлүүлэхийг хүлээн зөвшөөрөхгүй зөвхөн өөрөө төлөхийг хүлээн зөвшөөрсөн байхад шүүх хүлээн авч дүгнэлт өгөөгүй нь иргэний хуулийг ноцтой зөрчиж байна. Иймд гомдлыг хүлээн авч төрийн банкны салбарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвхөн *******аас гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ .

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч *******ны Орхон аймаг дахь салбар нь хариуцагч *******, *******холбогдууулан Б.Цогзолмаагийн тэтгэврийн орлогоор зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах, үндсэн зээл 11.489.064 төгрөг, зээлийн хүү 1.237.724 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 218.580 төгрөг, нотариатын зардал 7.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Анхан шатны шүүх хэргийг Монгол Улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч *******, Б.Цогзолмаа нараас 12.734.289 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******ны Орхон салбарт олгож шийдвэрлэжээ.

Шүүх хариуцагч *******ыг нэхэмжлэгч *******ны Орхон аймаг дахь салбартай нь 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 3107-98 дугаартай зээлийн гэрээ, 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 130700069608 дугаартай барьцаат зээлийн гэрээ тус тус байгуулсан, мөн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 130700069608 дугаартай барьцаат зээлийн гэрээг хариуцагч *******, Б.Цогзолмаа нартай байгуулсан байх тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1.-т тус тус зааснаар үндсэн зээл болон зээлийн хүү төлөх үүрэгтэй гэсэн дүгнэлт хийж, хариуцагч *******, Б.Цогзолмаа нараас нийт 12.734.289 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Мөнхболд давж заалдсан гомдолдоо хариуцагч Б.Цогзолмаагаас зээлийн төлбөрийг гаргуулахаар хуваасан буруу гэх боловч нэхэмжлэгч *******ны Орхон аймаг дахь салбартай 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 130700069608 дугаартай барьцаат зээлийн гэрээг хариуцагч *******, Б.Цогзолмаа нар нь байгуулж өмнөх зээл дээр 1.140.000 төгрөг нэмж авч, 13.440.000 төгрөгийг хамтран төлөхөөр үүрэг хүлээжээ. Тус гэрээнд зааснаар Бавуудоржийн Цогзолмаа нь хамтран зээлдэгч мөн болох нь ,гэрээний 3 дугаар зүйлийн 3.3.-т хамтран зээлдэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ гэж заасан байх тул хариуцагч нараас үндсэн зээл, зээлийн хүүг гаргуулсан буруу биш юм.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Мөнхболдын давж заалдсан гомдолд дурдагдсан үндэслэлүүд нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байх тул давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй болно.

Харин хариуцагч Б.Цогзолмаагийн тэтгэврийн орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангах боломжгүй, зээлийн барьцаанд Б.Цогзолмаагийн тэтгэврийг барьцаалсан эсэх нь тодорхойгүй байх тул хэрэгсэхгүй болгох үндэстэй байна гэж дүгнэсэн атлаа шийдвэрийн тогтоох хэсэгт бичээгүй орхигдуулсан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Мөнхболдын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 116.824 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 142/ШШ2018/00115 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг ...Монгол Улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч *******, Б.Цогзолмаа нараас 12.734.289 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******ны Орхон салбарт олгосугай ... гэснийг ...Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч *******, Б.Цогзолмаа нараас үндсэн зээл 11.489.064 төгрөг, зээлийн хүү 1.237.724 төгрөг, нотариатын зардал 7.500 төгрөг нийт 12.734.289 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******ны Орхон салбарт олгосугай ... гэж

2 дугаар заалтанд ...нэхэмжлэлийн шаардлагаас хамтран зээлдэгч Б.Цогзолмаагийн тэтгэврийн орлогоор зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай ... гэж нэмэлт оруулж,

Шийдвэрийн 2, 3, 4 дүгээр заалтыг 3, 4, 5 дугаар заалт болгон тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Мөнхболдын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 116.824 төгрөгийг буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Б.ОЮУНЦЭЦЭГ

 

Б.БАТТӨР