Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 2025/ДШМ/14

 


2025          07             07                                2025/ДШМ/14

 

Т.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай


Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Баттогтох даргалж, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Намхайдорж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
Прокурор Б.Т,
Шүүгдэгч Т.Б, 
Хохирогч Д.Н (цахимаар),
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Д, М.Э, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.М нарыг оролцуулан,
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/109 дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгчийн өмгөөлөгч М.Э, Ж.Д нар эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоор шүүгдэгч Т.Б-д холбогдох эрүүгийн 2516000240041 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оюун-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн хувийн мэдээлэл: 

Х ургийн овогт Т.Б нь Монгол Улсын иргэн, халх, 19** оны ** дугаар сарын **-ны өдөр Говь-Алтай аймгийн *********** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, ********** боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ***, ***, хүүхдийн хамтаар Говь-Алтай аймгийн *********** сумын ******** баг, ******** хорооны *** - *** тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, *********** регистрийн дугаартай, 

Холбогдсон хэргийн талаар: 

Говь-Алтай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Б нь 2024 оны 12 дугаар сарын 28-ны шөнийн 00 цагийн үед Говь-Алтай аймгийн ********** сумын ******* багийн *********** хорооны *** - *** тоотод хашаанд байх хохирогч Д.Н-ын хүн байнга амьдрах зориулалттай орон сууцанд нэвтрэн орж 5 ширхэг мөнгөн товруутай бөгжилсөн хар өнгийн хазаар 1 ширхгийг, дунд үеийн их гарын халтар манан хөөрөг 1 ширхгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Д.Н-д 4.500.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн Т.Б нь согтуурсан үедээ 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Говь-Алтай аймгийн ********** сумын ******* багийн нутаг дэвсгэрт хохирогч Н.Д-ийн Самсунг *** - *** маркийн гар утас, өмдний халаасанд байсан Төрийн банкны виза картыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 627.980 төгрөгийн хохирол тус тус учруулсан хэмээн үзэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Шүүгдэгч Х овгийн Т.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Т.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-д оногдуулсан 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Т.Б-ийг цагдан хорьж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн 1 ширхэг хос гутлыг шүүгдэгч Т.Б-д буцаан олгож, хэргийн хамт ирсэн СД 1 ширхгийг хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдаж ..... эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах, үндэслэл журмыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Э давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Шүүгдэгч Т.Б-ийн өмгөөлөгч би Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/109 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх Т.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь ойлгомжгүй байна.

Т.Б-ийн хувьд хохирогчийнд орохдоо ямар нэгэн байдлаар орон байранд хууль бусаар нэвтрэхийг оролдсон идэвхтэй хэлбэрийн үйлдэл, хууль бус үйлдэл хийсэн нь хэргийн материалд нотлох баримтаар тогтоогдоогүй.

Хохирогч Д.Н нь Т.Б-ийг таньдаг урьд өмнө аавтай нь найз байсан төдийгүй тухайн хэрэг болох үед хохирогч гаднаас гэрт хүн орж ирэхийг мэдэж байсан.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Н-аас болсон үйл явдалыг нарийвчлан асууж тодруулаагүй байдал нь Т.Б-ийн хууль ёсны эрх ашигт сөрөгөөр нөлөөлж байна.

Иймд дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/109 дугаар шийтгэх тогтоолыг дахин магадлаж, зүйлчлэлийг хөнгөрүүлж, шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Д давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: 

Шүүгдэгч Т.Б-ийн өмгөөлөгч Ж.Д би Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/109 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхээс Т.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн бөгөөд хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ орон байранд нэвтэрч гэж хүндрүүлэн зүйлчилсэн нь эрх зүйн байдлыг дордуулсан дүгнэлт болсон. Учир нь Т.Б-ийн хувьд хохирогч болох Д.Н нар бие биенээ таньдаг, гэрээр нь орж гарч, хонодог байсан, аав ээжтэй нь танил найз нөхдийн холбоотой хүмүүс, прокуророос шүүх рүү шилжүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хохирогч Д.Н-ын мэдүүлгээс дүгнэхэд тухайн хэрэг болсон шөнө хохирогчийн гэр онгорхой байсан, гэрт хүн орж ирэхийг хохирогч мэдэж байсан, түүний мэдүүлгээр орон байранд хууль бусаар буюу сэм нууц аргаар нэвтэрч байгаа үйлдэл тогтоогддоггүй буюу орон байранд нэвтрэх обьектив шинжийн хувьд орон байранд хууль бусаар нэвтрэхийн тулд ямар нэгэн идэвхитэй хууль бус үйлдэл хийсэн байхыг шаарддаг Т.Б-ийн хувьд орон байранд нэвтрэхийг оролдсон, сэм орсон үйлдэл тогтоогддоггүй. Хохирогч болох Д.Н-аас мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг аваагүй, мөн шүүх хуралд оролцуулах хүсэлт гаргасан боловч шүүх хуралд ирээгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, эрх зүйн байдлыг дээрдүүлж зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар зөвхөн давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

3. Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болгосон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

4. Үйл баримтын дүгнэлт, нотлогдсон байдлын талаар:

4.1. Шүүгдэгч Т.Б нь 2024 оны 12 дугаар сарын 28-ны шөнийн 00 цагийн үед Говь-Алтай аймгийн ********** сумын ******** багийн ********** хорооны *** - *** тоотод хашаанд байх хохирогч Д.Н-ын хүн байнга амьдрах зориулалттай орон сууцанд нэвтрэн орж 5 ширхэг мөнгөн товруутай бөгжилсөн хар өнгийн хазаар 1 ширхгийг, дунд үеийн их гарын халтар манан хөөрөг 1 ширхгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Д.Н-д 4.500.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн Т.Б нь согтуурсан үедээ 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Говь-Алтай аймгийн ********** сумын ******* багийн нутаг дэвсгэрт хохирогч Н.Д-ийн Самсунг *** - *** маркийн гар утас, өмдний халаасанд байсан Төрийн банкны виза картыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 627.980 төгрөгийн хохирол тус тус учруулжээ.

5. Хэргийн үйл баримтыг нотлох баримтын талаар:

5.1 Хулгайлах гэмт хэрэгт шүүгдэгч Т.Б гэм буруутай болох нь:

5.1.1. Хохирогч Д.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 12 дугаар сарын 27-нд би Говь-Алтай аймагт ажлаасаа бууж ирээд гэртээ жижиг өрөөнд унтаж байсан. Тэгээд 2024 оны 12 дугаар сарын 27-оос 28-ны шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад манай гэрт гаднаас хүн ороод ирэх шиг болоод чимээ гарсан. Би гэрийнхээ хаалгыг дотроосоо цоожлоогүй байсан юм. Ямар хүн орж ирсэн юм бол гэж бодоод жижиг өрөөнөөсөө гараад үүдэндэх гэрлээ асаасан чинь том өрөөнөөс Б гэх залуу гараад ирсэн. Тухайн үед куртикнийхээ дотор талд юм хийчихсэн товойгоод байхаар нь чи манай гэрээс юу авав наадахаа үзүүлээдэх гэсэн чинь намайг барьж авахаар нь би буцаагаад барьж аваад бид хоёр гал тогооны өрөөнд ороод Б намайг түлхэж унагаагаад гал тогооны цонхыг дотроос нь онгойлгоод гарахаар нь би араас нь хөлнөөс нь татсан чинь Б-ийн өмсөж явсан хар өнгийн дотор талдаа цагаан өнгийн үстэй гутал сугарсан чинь гутлаа үлдээгээд зугтаад явсан. Би араас нь гарсан чинь байхгүй байхаар нь Б-ийн гар утасны дугаарыг нь хүнээс аваад залгасан чинь утсаа аваагүй. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Би Т.Б гэх хүнийг сайн танина, садан төрөл найз нөхдийн холбоо байхгүй. Би Т.Б-ийн талийгаач аавыг таньдаг нэг хороонд байсан. Манай гэрээс тухайн үед эд зүйл алга болсон. Манай том өрөөний хананд байсан 5 ширхэг мөнгөн товруутай хазаар 1 ширхэг, хойморт байсан бор өнгийн мөлхөө тавилгын баруун талын шилэн нүүртэй нүдэнд дотор байсан жижиг авдарт байсан дунд үеийн их гарын халтар манан хөөрөг 1 ширхэг алга болсон. Би 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ажлаасаа буугаад гэртээ ирэхэд байсан 5 товруутай 1 ширхэг хазаар, дунд үеийн их гарын халтар манан хөөрөг 1 ширхэг зэрэг эд зүйл байсан. Би тухайн үед өөрийнхөө хөөргийг гаргаж ирээд хамрын тамхи татчихаад буцаагаад хийсэн байсан. Тухайн үед намайг гэртээ унтаж байхад Б гаднаас том өрөө рүү ороод намайг жижиг өрөөнөөс гарч ирэхэд таараад тухайн үед куртикний дотор талд нь нэг юм байхаар нь үзүүлээдэх гэсэн чинь намайг түлхэж унагаагаад гэрийн цонхоор гараад зугтсан болохоор Б авсан байх. Мөн алга болсон хазаарыг Б сүүлд ирээд цагдаад гаргаж өгсөн. Би 5 товруутай 1 ширхэг хазаарыг 8.000.000 төгрөгөөр, дунд үеийн их гарын халтар манан хөөрөг 1 ширхгийг 5.000.000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг, (хх-ийн 38-р хуудас),

5.1.2. Гэрч Б.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Говь-Алтай аймгийн ******* эмнэлгийн ******* тасагт ээлжийн ******* ажилладаг. Д.Н нь манай нөхөр манай гэр бүлийн хүн байгаа. 2024 оны 12 дугаар сарын 28-ны шөнө 23 цагийн үед эд зүйл алдагдсан талаар манай нөхөр над руу ярьж мэдэгдсэн. Тэр шөнө би жижүүрийн ажилтай байсан мөнгөн хазаар, хөөрөг алдагдсан. Тухайн хазаар хөөргийг хаанаас, хэзээ, хэдэн онд, хэдэн төгрөгөөр худалдаж авсан талаар эгч нь санахгүй байна. Одоо ямар ч байсан хазаарыг нь манай нэг бүл ахаас бас авч байсан. Хөөргийг нь бас л хүнээс худалдаж авч байсан. Одоо яг хэзээ хэдэн онд гэдгийг нь бол мэдэхгүй байна. 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр манай нөхөр ажлаасаа ирчхээд хөөргөнөөсөө тамхи татаж байсан. Тухайн хөөрөг том өрөөний бурхны хажуу талд нэг жижигхэн цоохор авдарт байдаг. Түүн дотор байсан. Манай нөхөр л барьдаг байсан. Хэрэг учрал болсон шөнө гэрт хөөрөг байсан...” гэх мэдүүлэг, (хх-ийн 40-41-р хуудас), 

5.1.3. 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, (хх-ийн 4-9-р хуудас), 

5.1.4. 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хохирогч Д.Н-аар таньж олуулах ажиллагаа явуулсан “...би тухайн хүнийг хараад шууд таньж чадна. Манайд өмнө нь ирж байсан. Манай хүүхдийн найз тул хараад шууд таньж чадна. 1-5 хүртэл дугаарласан хүний зургуудаас хохирогч Д.Н нь 3 гэж дугаарласан зургийг зааж байв. Хүмүүсийн зургийн байрыг нь сольж тавихад хохирогч Д.Н 1 гэж дугаарласан зургийг зааж байв...” гэх мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, (хх-ийн 24-29-р хуудас), 

 5.1.5. 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хохирогч Д.Н-аар таньж олуулах ажиллагаа явуулсан “...би тухайн хазаарыг гаднаас нь хараад шууд таньж чадна. Улаан өнгийн ногт, 5 ширхэг мөнгөн товруу, мөнгөөр бөгжилсөн байдал, хар өнгийн бүрээс байгаа мөн манайд олон жил болж байгаа тул хараад шууд таньж чадна. 1-4 хүртэл дугаарласан хазаарын зургуудаас хохирогч Д.Н нь 4 гэж дугаарласан зургийг зааж байв. Хазаарын зургийн байрыг нь сольж тавихад хохирогч Д.Н 1 гэж дугаарласан зургийг зааж байв...” гэх мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, (хх-ийн 30-35-р хуудас), 

5.1.6. “А” ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин Ч.Ж-ны 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 921/20 дугаартай “...нийт үнэ, 4.500.000 төгрөг...” гэх үнэлгээний тайлан дүгнэлт, (хх-ийн 46-48-р хуудас),

5.1.7. Говь-Алтай аймаг дахь Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч цагдаагийн дэслэгч Б.О-ийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн ГОА0125/016 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн хагас түрийтэй өвлийн дотортой 1 хос 2 гутал нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд хар өнгийн хагас түрийтэй хос гутлын баруун болон зүүн өмсгөлийн гадна хийц хэлбэр, улны нийт урт, өлмийн өргөн, өсгийн өргөн, хээний дүрслэл, ерөнхий шинж тэмдгээрээ тохирч байна.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, (хх-ийн 53-56-р хуудас),

5.1.8. 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Эд зүйл эд мөрийн баримтыг хураан авсан  мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтыг хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол, (хх-ийн 15-23-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна. 

5.2. Шүүгдэгч Т.Б нь бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: 

5.2.1. Хохирогч Н.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2025 оны 02 дугаар сарын 15-ны өглөө гэрийн дээд талын гудамжны үзүүр лүү гарахад Т.Б, Б гэх эмэгтэйн хамт зогсож байсан. Би нэг хүнтэй уулзаад буцаад гэр лүү явж байхад Б, Б нар Г-ийн гэрээс гарч ирсэн. Тэгээд бид 3 уулзаад Т.Б намайг нэг архи аваад өг гэж хэлэхээр хамт яваад А-ын дэлгүүр лүү ороод 0.75 литрийн хэмжээтэй Хараа нэртэй архи авч Г-ийн гэрт нь очиж 6-7 хүнтэй хувааж уугаад Б бид 2 эмнэлгийн урд Д гэх айл руу явсан. Тухайн айл руу явах замдаа С-ийн дэлгүүрээс 0.5 литрийн хэмжээтэй Хараа нэртэй архи худалдаж аваад Д-ийн гэрт нь очоод Б бид 3 хувааж уусан. Тухайн архиа ууж дуусгаад Б дэлгүүр лүү Б-тай хамт ороод нэг шил архи аваад би виза картаараа тооцоо хийсэн. Буцаж Д-ийн гэрт нь очоод Б бид 3 хувааж уугаад би гараад явах гэтэл ардаас Б гарч ирээд утсаараа нэг яриулаадах гэж нэхсээр байгаад миний гар утсыг авсан. Тэгээд буцааж өгөхгүй байсан. Дараа нь 10,000 төгрөг өгөөдөх гэж дарамталсан. Тэгээд миний өмдний халаасыг ухаад виза карт аваад зугтаасан. Би буцаж ирэх байх гээд хүлээсэн боловч ирээгүй. Тэгээд миний виза картанд байсан 350,000 төгрөгийг уншуулж авсан байна. Би Самсунг А-*** маркийн гар утас алдсан. Тухайн гар утсыг 2022 онд 350,000 төгрөгөөр шинээр нь авч байсан. Эвдрэл гэмтэл байхгүй. Одоо 300,000 төгрөгөөр үнэлж байна. Хар өнгийн гэртэй, бүдэг цэнхэр өнгийн самсунг А-*** маркийн гар утас байсан. Эвдрэл гэмтэл байхгүй. Миний өөрийн эзэмшлийн 24*********** дугаарын дансны виза карт байгаа юм. Тухайн дансанд хамтран эзэмшигч байхгүй. Виза карт нууц кодтой. Нууц кодыг нь надаас өөр хүн мэдэхгүй. Б тухайн өдөр тооцоо хийж байхад цээжилж авсан юм шиг байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй ... 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Т.Б-ийн садангийн эмэгтэй дүү нь манай гэрт ирж уулзаад хохирол мөнгийг нь барагдуулах тул цагдаад өгсөн өргөдлөө буцаагаад авчих гэж хэлсэн. Т.Б мөн хамт ирсэн гадаа машинд сууж байгаа гэж хэлсэн. Маргааш нь тухайн эмэгтэй надад бэлэн 400.000 төгрөг өгөөд миний алдсан гар утастай ижил самсунг А-*** маркийн гар утас шинээр авч өгсөн. Одоо надад өөр нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол санал байхгүй. 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Т.Б нь хар хөх өнгийн урт куртиктэй, ноосон хар өмдтэй, хуучирч муудсан хар өнгийн Монгол хийцийн гуталтай явж байсан. Төрийн банкны АТМ-ээр мөнгө авч байгаа хүний зургийг харлаа. Тухайн өдөр надтай хамт архи уусан, надаас гар утас болон виза карт авч зугтаасан Т.Б гэх хүн мөн байна. АТМ-ын хяналтын камерын зураг бүдэг боловч тухайн хүнийг таньдаг хүнд бол танигдахаар байна. Мөн ард хэсгээс нь харсан зураг дээр Т.Б-ийн биеийн ерөнхий төрх, өмсөж явсан хувцас нь мөн байна. Тухайн өдөр Т.Б нь хар хөх өнгийн урт куртиктэй, ноосон хар өмдтэй, хуучирч муудсан хар өнгийн Монгол хийцийн гуталтай явж байсан. Малгайгүй үсээ бүдэг улбар шар өнгөөр будсан байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, (хх-ийн 120-125-р хуудас),

5.2.2. 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 41/166 дугаартай Төрийн банкны албан бичиг, Н.Д-ийн эзэмшлийн Төрийн банкны 24*********** тоот харилцах дансны хуулга, 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Д нь  Н.Д-ийн эзэмшлийн Төрийн банкны 24*********** тоот харилцах дансны хуулгат үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, (хх-ийн 96-101-р хуудас),

5.2.3. 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 41/167 дугаартай Төрийн банкнаас ирүүлсэн 24*********** дугаартай АТМ-ын 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн камерын 21:13 минут 23:32 минутын бичлэгийн зургийг хүргүүлэв гэх албан бичиг, гэрэл зургийн үзүүлэлт, (хх-ийн 106-109-р хуудас),

5.2.4. “А” ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 921/56 дугаартай “Самсунг галакси А-*** маркийн гар утас 280.000 төгрөг” гэх үнэлгээний тайлан дүгнэлт, (хх-ийн 133-135-р хуудас),

5.2.5. 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр гэрч Б.Б-аас хэрэгт тусгуулахаар гаргаж өгсөн сиди 1 ширхгийг хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл, камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, (хх-ийн 111-115-р хуудас),

5.2.6. Гэрч Б.Б-ын “...2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр намайг дэлгүүртээ ажиллаж байхад хар өнгийн куртиктай эрэгтэй хүн орж ирж үйлчлүүлсэн. Эхлээд 19.100 төгрөгийн зүйл худалдаж аваад чиптэй виза картаа уншуулсан. Тэр залуу хэлэхдээ карт уншуулаад бэлэн мөнгө 10.000 төгрөг авчих уу гээд гуйгаад байхаар нь картыг нь уншуулж 10.000 төгрөг гаргаж өгсөн. Тэр залуугийн карт чиптэй учир шууд уншсан...” гэх мэдүүлэг, (хх-ийн 127-128-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдсон байна.

6. Хууль зүйн дүгнэлт, давж заалдах гомдлын талаар: 

6.1. Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Э “...Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/109 дугаар шийтгэх тогтоолыг дахин магадлаж, зүйлчлэлийг хөнгөрүүлж, шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Д “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, эрх зүйн байдлыг дээрдүүлж зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэж тус тус гомдол гаргасан байна. 

7. Хулгайлах гэмт хэрэг бол шунахай сэдэлттэйгээр бусдын өмчийн эд хөрөнгийг хууль бусаар нууцаар авч өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлэхийг хэлнэ. 

8. Хүн амьдрах орон байр, хамгаалсан байр, агуулах нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй эсхүл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байх ба хүний орон байрны халдашгүй байдал болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд хууль бус гэж үзнэ. 

9. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.Б-ийг хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй байна. 

10. Дээрэмдэх гэмт хэрэг нь хохирогчийн эд зүйлийг түүний нүдэн дээр харсаар үзсээр байтал шунахай сэдэлтээр, шууд санаатайгаар эд зүйлс, өмч хөрөнгийг нь хүч хэрэглэхгүйгээр болон хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авсан байдгаараа хулгайлах гэмт хэргээс яллагдана. 

11. Хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч Д.Н-д 4,500,000 төгрөгийн хохирол, дээрэмдэх гэмт хэргийн улмаас хохирогч Н.Д-д 627,980 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд шүүгдэгч Т.Б нь хохирогч нарт хохирлыг бүрэн төлсөн тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  Мөн хохирогч нар нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирол хор уршгийг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй байна. 

12. Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдал, мөн **********, ********** амьдардаг ар гэрийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзээд шүүгдэгч Т.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн  3, 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

13.  Энэ хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

14. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

15. Дээр дурдсан нөхцөл байдлуудыг үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Э, Ж.Д нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/109 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Э, Ж.Д нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий оролцогч нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлүүдээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ш.БАТТОГТОХ 

                      ШҮҮГЧИД                             Б.НАМХАЙДОРЖ 

                                                                       Ц.ОЮУН-ЭРДЭНЭ