| Шүүх | Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гармаадоржын Мөнхбат |
| Хэргийн индекс | 2322000030115 |
| Дугаар | 2025/ДШМ/19 |
| Огноо | 2025-07-08 |
| Зүйл хэсэг | 27.10.4.1., |
| Улсын яллагч | О.Одончимэг |
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 2025/ДШМ/19
*******т холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Баярдаваа даргалж, шүүгч Ц.Отгонцэцэг, Г.Мөнхбат нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:
Прокурор *******
Хохирогч ******* /цахим/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* /цахим/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч ******* /цахим/
Шүүгдэгч *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******
Нарийн бичгийн дарга О.Билгүүн нарыг оролцуулан,
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/92 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч, шүүгдэгч нарын гаргасан гомдлоор шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн 2322000030115 тоот хэргийг 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Мөнхбатын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: ******* овогтой ын , Монгол Улсын иргэн, 1986 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Дундговь аймгийн Адаацаг суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, 4 хүүхдийн хамтаар Дундговь аймгийн Сайнцагаан сумын баг ын тоотод оршин суух хаягтай, урьд Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 4 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, (РД: );
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ буюу 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын багийн нутаг дэвсгэрт эсрэг урсгал бүхий асфальтан замаар 57-76 УНЦ улсын дугаартай “Хьюндай Старекс” маркийн автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэх заалтыг тус тус зөрчсөний улмаас иргэн *******ийн жолоодож явсан 64-71 ДУА улсын дугаартай “Тоёота Приус- 11” маркийн автомашиныг мөргөн зам тээврийн осол гаргаж, зорчигч гийн амь нас хохирсон, жолооч *******ийн эрүүл мэндэд “баруун 8 дугаар, зүүн 6, 7 дугаар хавиргануудын далд хугарал, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол, зорчигч гийн эрүүл мэндэд “дух, зүүн хөмсөгт зулгаралт, зүүн доод зовхинд цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол, *******ийн эзэмшлийн 64-71 ДУА улсын дугаартай “Тоёота Приус-11” маркийн автомашинд 3,991,000 төгрөгийн хохирол, Э.Даваасүрэнгийн эзэмшлийн 57-76 УНЦ улсын дугаартай “Хьюндай Старекс” маркийн автомашинд 7,960,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
1.Дундговь аймгийн Прокурорын газраас: Шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
2.Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх: Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1. зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1,1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.д оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг хорих ял эдэлж дууссан үеэс тоолж, шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдсан Тоёота Приус маркийн 64-71 ДУА, Хьюндай Старекс маркийн 57-76 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг эзэмшигчид буцаан олгохыг Дундговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж, шүүгдэгч ******* нь хохирогч *******т 4.491.000 /дөрвөн сая дөрвөн зуун ерэн нэгэн мянга/, хууль ёсны төлөөлөгч *******т 13.600.000 төгрөг төлсөн болохыг дурдаж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Шүүгдэгч *******д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.
3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн хэргийг Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/92 дугаар шийтгэх тогтоолоор дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулан, хохирогч нь шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн.
Ийнхүү шийдвэрлэсэнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж, Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан” Шударга ёсны зарчим”-ын хүрээнд, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго”-д нийцүүлэн шүүгдэгч *******т оногдуулах ялыг хүндрүүлэх үүднээс анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэж, холбогдох хохирлуудыг гаргуулж өгнө үү гэсэн хүсэлтээр доорх гомдлыг гаргаж байна.
1.Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хууль буруу тайлбарлан хэрэглэж ял хөнгөрүүлэн оногдуулсан талаар:
1.1. Анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тэрээр хохирогч *******т 4,491,000 төгрөг, хохирогч буюу талийгаач гийн хууль ёсны төлөөлөгч *******т 13,600,000 төгрөг төлснийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд 2 жил 6 сарын хугацаатай ял оногдуулжээ.
Тус шүүхээс хохирлын талаар шийдвэрлэхдээ хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргаж өгсөн оршуулгын зардал /амь хохирогч ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан тул эмчилгээ, асаргаатай холбоотой зардлууд гарсан/ болох баримтаар шаардсан 77,494,329 төгрөг, үүнээс баримтгүй буюу бэлэн мөнгөөр гарсан зардал нь 13,950,000 төгрөг /газар, ажил явдалд явсан хүмүүст гар цайлгаж бэлэн зэдэнд өгсөн бэлэн мөнгуүд багтсан болно/ баримтыг бүдгэрсэн, зарлагын баримтуудын хувьд байгууллагын тамга, холбогдох тэмдэг байхгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул хэлэлцэлгүй орхиж, нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн.
Дээрхээс үзэхэд анхан шатны шүүхээс шүүгдэгч *******ыг шийтгэх тогтоолоор бусдад төлөх өр төлбөргүй гэж үзэн Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар учруулсан хохирлыг төлсөн учраас эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулсан талаар дурджээ.
Гэвч хохирлын баримтыг үнэлэх боломжгүй буюу бүдгэрсэн баримтууд байгаа боловч /мөрдөн шалгах ажиллагааны явцын улмаас буюу төрөөс шалтгаалан/ бүдгэрээгүй баримтууд байна. Мөн зарлагын баримтуудын хувьд бүгд холбогдох тамга, тэмдэгтэй байна.
Эдгээр баримтыг шүүхээс нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэж үзсэн. Энэ тохиолдолд ямар учраас нотлох баримтын шаардлагыг хангахгүй байгаа талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийх нь зүйтэй байтал ийм дүгнэлт хийлгүйгээр бүдгэрээгүй , тамга, тэмдэг бүтэн баримтуудыг огт үнэлээгүй, түүнд дүгнэлтийг нэгдсэн байдлаар үгүйсгэж хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Тухайлбал, Тухайн амь хохирогч нь нас барах үедээ тэтгэврийн зээлтэй байсан /2-р хх-ийн 234-р талд тус зээлийн үлдэгдлийг хаасан баримт, үргэлжлүүлээд тус зээлийн гэрээний эх хувь хэрэгт авагдсан/ байхад энэ баримтад юу нь бүдгэрсэн, ямар тамга, тэмдэг нь байхгүй талаар ерөнхий байдлаар, үндэслэлгүй дүгнэсэн нь тогтоогдож байна.
2-р хавтаст хэргийн 3-24 тал хүртэл нийт 193 ширхэг 52,377,259 төгрөгийн баримт нь бүдгэрээгүй, тамга тэмдэг тодорхой баримтууд байна.
1.2. Дээрх баримтуудыг шүүх үнэлээгүй. Эдгээр баримтуудыг үнэлсэн тохиолдолд хохиролд шүүгдэгчээс эмчилгээ, оршуулгын зардлын хохиролд төлсөн 13,600,000 төгрөгийг хасч тооцоход төлөгдөөгүй баримтаар нэхэмжилсэн хохирол нь 38,777,259 төгрөгийг хохирогч талд төлөх хуульд заасан үүрэг шүүгдэгчид бий болно. Энэхүү хохирлыг төлөөгүй нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бий болгоогүй үндэслэл болох бөгөөд ийнхүү хуулийг тайлбарлан түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарласан гэж үзэх үндэслэл болох бөгөөд хохирлын баримтуудыг бүрэн гүйцэд тогтоогоогүй нь хэргийн бодит байдлыг тогтоож чадаагүй үндэслэлд мөн тус тус хамаарахаар байна.
2. Эрүүгийн хуульд заасан “Шударга ёсны зарчим”-ын хүрээнд болон Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн ял оногдуулаагүй талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-т Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь ...гэмт хэрэг үйлдсэн хүнийг олж тогтоон шударгаар ял оногдуулах...хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино.
Мөн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1-т гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ гэж, мөн хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-т хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхтэй гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж тус тус хуульчилсан.
Дээрхээс үзэхэд Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 5-д заасан хохирол, хор уршиг нь нийлж бодит хохирлыг бий болгохоор байна.
Анхан шатны шүүхээс дан ганц хохирлын баримтын хүрээнд хохирлыг авч үзсэн бөгөөд хуульд заасан хор уршгийн талаар хохирогч талын өмгөөлөгчийн гаргасан хууль зүйн дүгнэлт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлж оногдуулах талаар гаргасан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогчийн саналд тайлбар хийгээгүй нь учир дутагдалтай байна.
Энэ хэргийн улмаас эрдэнэт хүний амь нас хохирч, түүний байнгын асрамжид байдаг хөгжлийн бэрхшээлтэй хүү гийн нөхцөл байдал хүнд үлдсэн, талийгаачийн ар гэрийнхний нөхцөл байдлыг тус тус харгалзан үзэлгүйгээр ял оногдуулсан нь Эрүүгийн хуульд заасан “Шударга ёсны зарчим”, “Эрүүгийн хариуцлагын зорилго”-ын нийцээгүй байх тул түүний үйлдэл, хохирол, хор уршигт нь тохирсон ял оногдуулах нь зүйтэй.
Шүүгдэгчийн хувьд өөрийн гэмт хэрэг үйлдсэнд маргадаггүй бөгөөд ямар шалтгааны улмаас архи, согтууруулах ундаа хэрэглэсэн талаар мэдүүлдэг. Гэвч түүний мэдүүлэг нь өөр бусад нотлох баримтаар үгүйсгэгддэг. Өөрөөр хэлбэл тэрээр замын хөдөлгөөнд оролцох үедээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэн оролцож буй нь гэмт хэргийг санаатай үйлдэхээр оролцож буйтай ижил утгатай юм. Учир нь, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн нь аливаа байдлаар самбаачлах байдал ихэсдэг бөгөөд өөрийгөө хянах чадваргүйд хүрдэг.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийг хэлбэрийн холимог бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг гэж авч үздэг.
Энэ тохиолдолд түүний үйлдлийг дээрх байдлаар хүндрүүлэн зүйлчилжээ.
Хэдийгээр дээр дурдсанаар хохирлын талаар зөвтгөж шийдвэрлэж боломжтой боловч анхан шатны шүүхээс хохирол төлсөн гэж үзэн ялыг хөнгөрүүлэн оногдуулсан үндэслэл арилах нөхцөл байдал үүсэх бөгөөд ийн тохиолдолд давж заалдах шатны шүүхээс ялыг хүндрүүлэх боломжгүй байх тул мөн эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлээгүй байх тул шүүгдэгч *******т ял хүндрүүлэх боломжгүй байх тул Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/92 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэж өгнө үү гэв.
4. Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Миний бие эсрэг урсгалд орж зам тээврийн осол гарган хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэндээ туйлын их харамсаж, гэмшиж байна. Би осол болсон 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоогүй, ослоос болж өвчүү, баруун талын 3 хавирга эгэм, нурууны доод хэсгийн хугарал, дунд чөмгийн 3 хугарлын гэмтэл авч зүүн хөлөө машиндаа хавчуулж, намайг хүмүүс гаргаж авч чадахгүй байсан тул онцгой байдлын газрын аврагч нар ирж машины хаалганы хэсгийг тасдаж авч хавчуулагдсан намайг гаргаж авсан. Тэр хооронд тэсч давахын аргагүй өвдөлт мэдэрч хамт явсан хүн машины голд байсан хугас шилтэй архинаас надад уулгасан юм.
Цагаан шонхорын жигүүр НҮББ-н шинжээчийн дүгнэлтээр намайг осол болсны дараа согтууруулах ундаа хэрэглэсэн нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.5/д заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн байхад шүүгчээс дүгнэлтийн энэ заалтыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж дүгнэсэн нь намайг хэт буруутгасан, нотлох баримтыг буруу үнэлсэн гэж бодож байна. Би согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож осол гаргаагүй тул надад холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү.
Би ослын улмаас хүнд гэмтэж одоог хүртэл 2 хөл дээрээ явж чадахгүй, 2 суга таягтай явдаг. Цаашид 2-3 удаа хагалгаанд орох шаардлагатай, 5-17 насны 4 хүүхдийн хамт өрх толгойлж амьдардаг. 3 дахь хүү маань 8 настай, гэдэсний 3 цорго буюу “свиц” гэдэг өвчтэй, нарийн бүдүүн гэдэсний цоорхой мөн нарийн гэдэснээсээ 69 см гэдэс тайруулж 3 хоногийн дотор маш хүнд хагалгаанд 2 удаа орж байнгын миний асрамжид байдаг. Шүүхээс надад хорих ял оногдуулсан боловч хүүхдүүдэд минь асран хамгаалагч томилоогүй. Үүнд маш их санаа зовж байна.
Би хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон хохирогч нарт 18,091,000 төгрөгийн хохирол одоогоор төлсөн. Цаашид хохирлыг төлөх болно.
Иймээс надад холбогдох хэргийн бодит байдлыг зөв тогтоож, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэв.
5. Хохирогч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хохирлоо гүйцэт төлүүлмээр байна. Маш их гомдолтой байна. Байнга эмнэлэг сахиж байна. Хүүхэд хэл мэдэхгүй эхийгээ санаад байна. Нэг айлыг үгүй хийлээ. Эм тарианы мөнгө хэрэгтэй байна. Маш их гомдолтой байна гэв.
6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед гарсан бүх баримтаа авсан. Нийт 77 сая төгрөг гарснаас 18 сая төгрөгийг хуулиар барагдуулсан. Шүүхээс төлбөрийг бүрэн барагдуулсан гэж үзсэнд гомдолтой байгаа. Бид авсан НӨАТ-ийн баримт болон зарлагын баримтаа бүрдүүлж өгсөн. Шаардлага хангахгүй баримт гэж дүгнэсэн байсан. Энэ нь 2 жил болсон учир зарим баримт нь бүдгэрсэн байна лээ. Тиймээс өмгөөлөгчтэйгөө нийлээд шаардлага хангах баримтаа үзээд гомдол гаргасан гэв.
7. Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: нь анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар 2 жил 6 сарын хорих ялыг энгийн хорих дэглэмтэй ангид мөн 8 жил тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж шийдвэрлэсэн байна. Анхан шатны шүүх нь хохирлын баримтыг тунгааж үзэж шийдсэн байна. Өөрөөр хэлбэл тухайн хэргийн материалтай танилцаж байхад зарим баримт нь тамга тэмдэг, гарын үсэг байхгүй байсан. Оршуулгын зардал болон хохирол төлбөрт 18 сая төгрөг төлсөн баримт байна. Тиймээс анхан шатны шүүх зөв шийдсэн байна. Шүүгдэгч нь тухайн үед согтууруулах ундаа хэрэглээгүй ямар ч мэдээгүй болох үедээ машинд байсан архи согтууруулах ундааны зүйлээ хэрэглэсэн гэж маргаж байгаа. Шүүх эмнэлгийн дүгнэлт эргэлзээтэй байгаа учир шүүх бүрэлдэхүүн тунгаан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар хөнгөрүүлэн үзэх боломж байна гэдгийг хянаж үзнэ үү гэж хүсэж байна. нь ам бүлийн хувьд 5 уулаа, 6-17 насны 4 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй, 1 хүүхэд нь хөгжлийн бэрхшээлтэй мөн өөрөө хөгжлийн бэрхшээлтэй байгаа. Анхан шатны шүүхээс бага насны хүүхдүүдийн хараа хяналтыг даалгасан байгууллага байхгүй. Гэртээ эсвэл айлд байгаа нь тодорхойгүй байгаа. Том хүүхэд нь хэдхэн хоногийн дараа 18 нас хүрнэ. Ядаад хамгийн том хүүхдийг нь асран хамгаалагчаар тогтоох асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй. Ийм учраас т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилээр хасаж шийдвэрлэж өгнө үү гэв.
8. Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Би энэ хэрэгт эхнээс нь өмгөөлөгчөөр оролцсон. Анхан шатнаас болон мөрдөн шалгах ажиллагаан дээр согтууруулах ундаа хэрэглэсэн үгүй дээр маргасан. Бусад зүйл дээр маргаагүй. Хохирол төлбөр дээр чадлаараа 18 сая төгрөгийг барагдуулсан. Шүүхээс бусдад төлөх төлбөргүй гэж хэлсэн. Хэргийн материалтай танилцахад нотлох баримтаар үнэлэх баримт ховор байсан учир үндэслэлтэй байна гэж үзэж байна. Анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлтүүд, магадалгааг эрэмбэлж үнэлэх асуудал дээр дутмаг хандсан. Мөрдөгч Даваадорж гэдэг хүн магадалгаа гаргасан, үүнийг үнэлэхгүй гээд дахин Цагаан шонхрын жигүүрээр дүгнэлт гаргаад явсан дээр дахин 60 хоног хойшлуулаад дахин мөрдөгчийн магадалгааг өөр мөрдөгчөөр гаргуулж байгаа. Яг энэ процесс дээр ямар хууль зүйн үндэслэлтэй вэ гэдэгт эргэлзэж байгаа. Дараалж гарсан 2 дүгнэлтийн 1, 1 заалтыг аваад хүндрүүлж зүйлчилсэн байна. Анхан шатны шүүх дүгнэлт магадлагаануудаас яагаад хүндрүүлсэн 1, 1 заалтуудыг татаж авч байгаа юм. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дахь заалтаа баримтлаад шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх ёстой. Тэгэхээр анхан шатны шүүхийн зүйлчлэл дээр хэрэглэсэн хууль хэрэглээ үндэслэлгүй. Тийм болохоор бид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ерөнхий ангийн 1.15-ыг баримтлах ёстой гэж үздэг. Анхан шатны шүүх ял шийтгэл оногдуулахдаа ганцхан хохирлын талаар авч үзээгүй. Бид нотлох баримт гаргаж өгсөн. Шүүгдэгчийн ар гэрийн байдал бага насны хүүхэдтэй гээд тал бүрээс нь авч үзсэн. Хүүхдийн асаргааны асуудал дээр аав нь байгаа учир миний үзэж байгаагаар заавал тусгайлан үзэх шаардлагагүй байх. Тиймээс зүйлчлэлийг өөрчилж хохиролтой холбоотой дүгнэлтийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
9. Прокурор ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Зүйлчлэлийн хувьд согтууруулах ундааны зүйлийг зам тээврийн осол болсны дараа миний бие маш их өвдөж байсан шалтгаанаар хамт явж байсан ы одоо ууж байсан машины гол тавиур дээр байсан архинаас уугаад улмаар архины шилийг шидсэн, тэрнээс өмнө нь согтууруулах ундаа хэрэглэчхээд тээврийн хэрэгслийг жолоодож яваагүй юм аа гэж маргадаг. Шүүгдэгч ингэж хэлж байгаа гэсэн ч хэрэгт авагдсан удаа дараагийн гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, тухайн газарт ажилласан алба хаагч нарын хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, тухайн холбогдох баримтуудаар ослын хавьд согтууруулах ундааны шил илрээгүй гэдгийг мэдэгдэж байгаа. Тухайн үед ослын газарт очиход шүүгдэгч үрүүл суудлын хооронд хавчуулагдсан байдалтай хөдлөх боломжгүй байсан. Тухайн үед алба хаагчид хаалгыг тасдаад гаргаж авсан гэж хэлсэн. Тухайн газарт ажилласан мөрдөгч ямар нэгэн согтууруулах ундааны зүйл илрээгүй гэж хэлсэн. Гэрч , нарын хөдлөхөөсөө өмнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай архины шил байсан гэх удаа дараагийн мэдүүлгүүд хавтаст хэрэгт авагдсан байдаг. Мөн шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгчийн цуснаас авсан дээжээр согтолтын дунд тогтоогдсон учир шүүгдэгчийн хувьд согтуурсан үедээ хүний амь нас хохироосон. Мөн 1 хүний биед хүнд хохирол, 1 хүний биед хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэж шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэм бурууд тохирч байна гэж үзэж байна. Мөн хохирлын талаар гомдол гаргасан байна. Анхан шатны шүүхээс хохирлыг баримтыг үнэлэхдээ хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан баримтыг үндэслэсэн гэж үзэж байна. Хэдийгээр хохирогч тал өөрсдөө нотлох баримтаа гаргаж өгөх боловч тухайн үед шүүх хуралдаан дээр тайлбарласан. Бид нар боломжийнхоо хүрээнд зардлаа цуглуулсан, гаргаж өгсөн гэж хэлсэн. Шүүгдэгчийн зүгээс газар байгаа, тэрийг бас хохиролд өгөхөө илэрхийлж байна гэснийг дурдъя. Анхан шатны шүүхээс тухайн шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 8 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн гэж үзэж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
1. Прокуророос шүүгдэгч *******ыг нь согтуурсан үедээ буюу 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын багийн нутаг дэвсгэрт эсрэг урсгал бүхий асфальтан замаар 57-76 УНЦ улсын дугаартай “Хьюндай Старекс” маркийн автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас иргэн *******ийн жолоодож явсан 64-71 ДУА улсын дугаартай “Тоёота Приус- 11” маркийн автомашиныг мөргөн зам тээврийн осол гаргаж, зорчигч гийн амь нас хохирсон, жолооч *******ийн эрүүл мэндэд “баруун 8 дугаар, зүүн 6, 7 дугаар хавиргануудын далд хугарал, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол, зорчигч гийн эрүүл мэндэд “дух, зүүн хөмсөгт зулгаралт, зүүн доод зовхинд цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол, *******ийн эзэмшлийн 64-71 ДУА улсын дугаартай “Тоёота Приус-11” маркийн автомашинд 3,991,000 төгрөгийн хохирол, Э.Даваасүрэнгийн эзэмшлийн 57-76 УНЦ улсын дугаартай “Хьюндай Старекс” маркийн автомашинд 7,960,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
2. Анхан шатны шүүх: Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1. зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1,1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг хорих ял эдэлж дууссан үеэс тоолж, шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдсан Тоёота Приус маркийн 64-71 ДУА, Хьюндай Старөкс маркийн 57-76 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг эзэмшигчид буцаан олгохыг Дундговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж, шүүгдэгч ******* нь хохирогч *******т 4.491.000 төгрөг, хууль ёсны төлөөлөгч *******т 13.600.000 төгрөг төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж, шүүгдэгч *******т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс “анхан шатны шүүх эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан ял хөнгөрүүлэн оногдуулсан, хохирлын асуудлыг бүрэн шийдвэрлээгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэх агуулга бүхий гомдлыг, шүүгдэгч *******аас “би осол болсны дараа архи уусан тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү. Надад хорих ял оногдуулсан атлаа хүүхдүүдэд минь асрамж тогтоогоогүй тул үүнд маш их санаа зовч байна” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг тус тус гаргажээ.
4. Давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шийдвэрлэвэл зохих байдлыг бүрэн тусгаагүй байна гэж дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хангах тухай, эсхүл хэлэлцэхгүй орхих үндэслэлийн талаар тусгана гэж заасан атал анхан шатны шүүх үүнийг зөрчсөн байна. Тухайлбал: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс амь хохирогч ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан тул эмчилгээ, асаргаа болон оршуулгын зардал 77. 494 .329 төгрөг нэхэмжилжээ. Гэвч шүүхээс шийтгэх тогтоолын тогтоох хэсэгтээ шүүгдэгч нь хууль ёсны төлөөлөгч *******т 13.600.000 төгрөг, хохирогч *******т 4.491.000 төгрөг төлсөн болохыг дурдсан атлаа хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хохирлын нэхэмжлэлээс бусад хэсгийг нь хэрхэн шийдвэрлэсэнээ тодорхой тусгаагүй нь байна.
Өөрөөр хэлбэл хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн 77.494.329 төгрөгийн хохирлыг хэрхэн шийдвэрлэсэн үндэслэлээ шийтгэх тогтоолд тодорхой дурдаагүй атлаа шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болно гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна.
Энэ нь шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл болох бөгөөд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс гаргасан хохирол төлбөрийн талаар дүгнэлт хийгээгүй гэх гомдлын хэсэг үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч нь 4 хүүхдийн хамт өрх толгойлон амьдардаг болох нь нотлогдож байна. Анхан шатны шүүх шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн зүйл хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан боловч хараа хяналтгүй үлдэж байгаа шүүгдэгчийн насанд хүрээгүй хүүхдүүдэд асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох ажиллагааг хийж гүйцэтгээгүй байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 11 дэх хэсэгт “хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална” гэж, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д “ төр хүүхдийг хамгаалахдаа хүүхдийн аюулгүй, сайн сайхан байдлыг хангах зорилгод хүрэхэд зайлшгүй, тохирсон арга хэмжээ авах зарчмыг баримтална” гэж тус тус заажээ.
Өөрөөр хэлбэл шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хөндлөнгийн байр суурьтай оролцох нь зүйн хэрэг боловч бага насны, насанд хүрээгүй хүүхдийн асран хамгаалуулах, харгалзан дэмжүүлэх эрх ашиг хөндөгдсөн дээрх тохиолдолд шүүх өөрийн санаачилгаар асрамжийн асуудлыг эрүүгийн хэргийн хамт нэг мөр шийдвэрлэх ёстой.
Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, хохирлын талаар дүгнэлт хийгээгүй зөрчлийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх боломжтой.
Гэвч анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд давж заалдах шатны шүүхэд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргах эрх хуулиар олгогдоогүй юм.
Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэх хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэлээ.
Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож байгаа тул шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас гаргасан хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх тухай гомдолд дүгнэлт хийгээгүй болно.
Шүүгдэгч нь 5-17 насны 4 хүүхдийн хамт өрх толгойлон амьдардаг, түүний хүүхдүүдэд албан ёсоор асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоогоогүй байгаа, мөн нэг хүүхэд нь эрүүл мэндийн хувьд хүндээр өвчилсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39. зүйлийн 1 дэх хэсэг, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/92 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч *******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Г.БАЯРДАВАА
ШҮҮГЧИД Ц.ОТГОНЦЭЦЭГ
Г.МӨНХБАТ