Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 210/ма2018/00544

 

 

 

 

 

 

 

 

 

Ж.Ундрахын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17ы өдрийн 181/ШШ2017/02929 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ж.Ундрахын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Капитрон банк ХХК, Мфикскапитал ХХК-д тус тус холбогдох,

 

Хэлцлийн зарим хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, барьцаанаас чөлөөлөхийг даалгах, барьцааны эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгож, өмчлөгчөөр бүртгэж, улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах тухай иргэний хэргийг,

Хариуцагч Капитрон банк ХХК-ийн төлөөлөгч Л.Ариунаагийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.Сарантуяа

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Нарангоо

Хариуцагч Мфикскапитал ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Ууганбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХБНГУ-ын иргэн Холзварт Иохам Эрих нь 2009 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Мфикскапитал ХХК-тай Орон сууц захиалагчтай байгуулах худалдах худалдан авах гэрээг байгуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Блю скай хотхоны 44б байрны, 1 дүгээр орц, 4 давхрын 7 тоотод байрлах 148.44 м.кв, 4 өрөө орон сууцыг мөн зоорийн давхрын 146 тоот авто зогсоолын хамт захиалж, төлбөр болох 192.972 ам.долларыг бүрэн буюу 2009 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 135 080 ам.доллар, 2009 оны 11 сарын 10-ны өдөр 30 000 ам.доллар, 2010 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 27 892 доллар тус тус төлж барагдуулсан. Ингээд 2009 оны 09 дүгээр сарын дундуур орон сууцаа хүлээн авч өнөөдрийг хүртэл эзэмшиж, ашиглаж, амьдарч байна.

Амьдарч байх хугацаандаа Холцварт Иохан Эрих нь эхнэр Холцварт Ундрахад орон сууц худалдан авах гэрээний эрхийг шилжүүлэх хүсэлтийг Мфикскапитал ХХК-нд гаргасны дагуу 2012 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Мфикскапитал ХХК-тай 160 тоот орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээг шинэчилж байгуулсан. Ийнхүү гэрээний дагуу Мфикскапитал ХХК-иас орон сууц болон авто зогсоолыг хууль ёсны өмчлөгчийн нэр дээр бүртгүүлэхийг удаа дараа шаардсаар ирсэн боловч тус компанийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Иймд шүүхэд Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Блю скай хотхоны 44б байрны, 7 тоот орон сууц болон зоорийн давхрын 146 тоот авто зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Мфикскапитал ХХК бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн бөгөөд 2015 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 102/Ш2015/02919 дугаар шүүгчийн захирамжаар орон сууц болон авто зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр иргэн Холзварт Ундрахыг тогтоосон.

Гэтэл хариуцагч Мфикс капитал ХХК нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3 дахь хэсэг, мөн талуудын хооронд байгуулсан орон сууц захиалагчтай байгуулах худалдах худалдан авах гэрээний 4.5-т заасныг тус тус зөрчиж, орон сууц болон авто зогсоолыг анх захиалагч ХБНГУ-ын иргэн Холзварт Иохам Эрихийн нэр дээр бүртгүүлэхийн оронд түүнд огт мэдэгдэж зөвшөөрөл авалгүйгээр, мөн дараа нь ХБНГУ-ын иргэн Холзварт Иохам Эрих нь өөрийн хууль ёсны эхнэр Холзварт Ундрахад гэрээг шилжүүлэх хүсэлт гаргах үед ч мэдэгдэлгүйгээр өөрийн компанийн нэр дээр бүртгүүлсэн байсан. Улмаар Капитрон банк ХХК болон Си Эм Эс Эл ХХК-ийн хооронд 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан Т07/208 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Капитрон банк ХХК-тай Т07/208 тоот зээлийн гэрээг байгуулан, гэрээний хавсралт 44б дүгээр байр хэсгийн 7 дахь заалтаар 44б байрны 7 тоот орон сууцыг барьцаалсан байдаг. Мөн хариуцагч Мфикс капитал ХХК нь Капитрон банк ХХК-тай 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Т07/141 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Т07/141 тоот зээлийн барьцааны гэрээг байгуулж, уг гэрээний хавсралтаар 44 АБВГ дугаар байрны зоорийн давхарын 205 ширхэг авто зогсоол барьцаалсны дотор Холзварт Ундрахын өмчлөлийн 146 тоот авто зогсоол орсон байна. Дээрх үйлдлээрээ Мфикс капитал  ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9, 13 дугаар зүйлийн 13.1заасныг болон Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2-т заасныг тус тус зөрчжээ.

Харин Капитрон банк ХХК нь Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3, 23.4 заасныг зөрчиж, барьцааны хөрөнгийг биечлэн үзэлгүйгээр барьцаалж, Холзварт Ундрахын эрх ашгийн зөрчсөн хэлцэл байгуулжээ. Иймд Мфикс капитал ХХК болон Капитрон банк ХХК-ийн хооронд 2010 оны 09 дүгээр сарын 2-ны өдөр байгуулагдсан Т07\208 тоот Зээлийн барьцааны гэрээний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Блю скай хотхоны 44Б дүгээр байрны 7 тоотод байрлах 148.44 мкв талбайтай 4 өрөө иргэн Холзварт Ундрах миний өмчлөлийн орон сууцанд холбогдох хэсгийг, мөн Мфикс капитал ХХК болон Капитрон банк ХХК-ийн хооронд 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан Т07/141 тоот зээлийн барьцааны гэрээний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Блю скай хотхоны 44Б дүгээр байрны зоорийн давхарт байрлах иргэн Холзварт Ундрахын өмчлөлийн 146 тоот авто зогсоолд холбогдох хэсгийг тус тус Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг арилгах Холзварт Ундрахын өмчлөлийн орон сууц болон авто зогсоолуудыг барьцаанаас чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Мфикскапитал ХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Тус компани Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, Блю скай хотхоныг 2007 оноос эхлэн барьж, 2010 оны 10 дугаар сард ашиглалтад оруулж дуусгасан бөгөөд уг хотхоныг барихын тулд Мфикс капитал ХХК-иас нийт 15 тэрбум орчим төгрөгийн эргэлтийн зээл авч, орон сууцнуудыг иргэдэд худалдан борлуулах замаар төлж барагдуулахаар харилцан тохиролцож, иргэдэд худалдан борлуулсан орлого болон дээрх хотхоноос үл хөдлөх эд хөрөнгүүдийг төлбөрт шилжүүлэх замаар үндсэн зээл 15 тэрбум төгрөгийг болон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд 12 тэрбум, нийт 27 0 орчим тэрбум төгрөгийг төлсөн байдаг.

Мфикс капитал ХХК нь Капитрон банк ХХК-тай 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Т07/141 тоот Зээлийн, Т07/141 тоот зээлийн барьцааны гэрээг тус тус байгуулж, 205 автомашины гражийг зээлийн барьцаанд барьцаалуулахаар тусгасан боловч тухайн үед уг үл хөдлөх хөрөнгө бий болоогүй байсан учраас хуулийн шаардлага хангасан барьцааны гэрээ талуудын хооронд байгуулагдаагүй болно.

Мөн 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Т07/208 тоот Зээлийн барьцааны гэрээгээр Си Эм Эс Эл ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд Мфикс капитал ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн 44А тоотод байрлах 1692 мкв талбай бүхий 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, 44 Б тоотод байрлах 1692 мкв талбай бүхий 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, мөн Богд хан уулын дархан цаазат тусгай хамгаалалтын газрын Зайсангийн ам нэртэй газарт орших 2.5 га бүхий газар эзэмших эрх зэргийг Капитрон банк ХХК-ийн зээлийн барьцаанд байршуулсан бөгөөд 44А, 44Б хаяг бүхий 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгуудыг зээлийн барьцаанаас тус тус банк бүрэн чөлөөлсөн байдаг. Үүний дараа буюу 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Т07/141 тоот зээлийн барьцааны үүргийн гүйцэтгэлд 44Б байрны 146 тоот зогсоолыг, Т07/208 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд мөн байрны 7 тоот орон сууцыг Капитрон банкны шаардлагаар Ундрах Холзвартад мэдэгдэлгүйгээр барьцаалсанаа манай компани хүлээн зөвшөөрч байна.

Капитрон банк ХХК нь зээлийн барьцаанд орон сууц, авто зогсоолуудыг барьцаалахдаа Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т заасныг зөрчиж, барьцааны хөрөнгийг биечлэн нягталж шалгаж үзэлгүйгээр зээлийг олгосон байдаг. Уг хотхоны орон сууцуудад 2009 оны 09 дүгээр сараас холбогдох газруудтай нь гэрээ хийж, дулаан, ус цахилгаанаа авч эхэлсэн тул гэрээ хийж захиалга өгсөн айлуудаа 2009 оны 12 сараас байрандаа оруулсан. Иймд нэхэмжлэгчийн Мфикс капитал ХХК болон Си Эм Эс Эл ХХК-ийн Капитрон банк ХХК-тай 2010 оны 10 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан Т07/141, Т07/208 тоот зээлийн барьцааны гэрээний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн гудамж, Блю скай хотхоны 44 Б дугаар байрны 7 тоот орон сууц, мөн байрны зоорийн давхарт байрлах 146 тоот зогсоолд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, хууль бус байх хэлцлийн үр дагаврыг арилгаж, орон сууц, автозогсоолуудыг барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болно гэжээ.

 

Хариуцагч Капитрон банк ХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Капитрон банк нь Мфикскапитал ХХК-тай 2007 оны 08 дугаар сарын 01ий өдөр Т07/141 тоот Зээлийн гэрээг байгуулж, 1 400 000 америк долларыг жилийн 20.4 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай зээлсэн. Мөн Мфикс капитал ХХК-тай 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Т07/141 тоот Барьцааны зээлийн гэрээг байгуулан уг зээлийн гэрээний үүрэгт дор дурдсан хөрөнгүүдийг барьцаалсан байдаг. Үүнд: нэг. Зээлээр санхүүжүүлэн барих таван блок 120 айлын сууцны барилга, газар, дэд бүтцийн хамт Хоёр. 205 автомашины граж Гурав. 3 өрөө орон сууц, гражийн хамт Дөрөв. Зээлээр санхүүжүүлэн авах барилгын материал болон Мфикс капитал компанийн бараа материалын үлдэгдэл.

Капитрон банк нь Си Эм Эс Эл ХХК-тай 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Т07/208 тоот зээлийн гэрээг байгуулж, 1 500 000 000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай зээлсэн. Мөн 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Т07/208 тоот Зээлийн барьцааны гэрээг Си Эм Эс Эл ХХК-тай байгуулж, дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд дор дурдсан хөрөнгүүдийг барьцаалсан байдаг. Үүнд:

Мфикскапитал ХХК-ийн өмчлөлийн Ү-2206008712 тоот улсын бүртгэлийн дугаартай 000016259 тоот гэрчилгээний дугаартай, Хан-Уул дүүрэг, 11 -р хороо, Зайсангийн 44 А тоотод байрлах 1692 м.кв талбайтай 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, Ү-2206008713 тоот улсын бүртгэлийн дугаартай 000016260 тоот гэрчилгээний дугаартай, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсангийн 44 Б тоотод байрлах 1692 м.кв талбайтай 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга,

Мфикскапитал ХХК-ийн эзэмшлийн 01/52 тоот гэрчилгээний дугаартай, Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат тусгай хамгаалалтын газрын Зайсангийн ам нэртэй газарт орших 2.5 га бүхий эзэмших эрхтэй газар. Түүнчлэн 2010 оны 05 дугаар сарны 13-ны өдөр Мфикс капитал компанийн өмчлөлд 44АБВГ дүгээр байрны тоот тус бүрийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгогдсон учир тус банк өмнө байгуулсан гэрээг шинэчлэн байгуулж, 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Т07/141 тоот зээлийн барьцааны гэрээгээр 44АБВГ дүгээр байрны 1-205 тоот авто зогсоол, Т07/208 тоот Зээлийн барьцааны гэрээгээр 44АБВГ 1-24 тоот орон сууцнуудыг тус бүрээр нэг бүрчлэн барьцаалсан.

Капитрон банкны Мфикс капитал ХХК-тай байгуулсан дээрх барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1,11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.1 дэх заалтууд болон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан журмын дагуу бүртгэгдсэн, хүчин төгөлдөр гэрээ.

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т заасны дагуу бүртгэлийн байгууллага нь хуулиар тогтоосон журам зөрчсөн гэрээг бүртгэхээс татгалзах, буцаах эрхтэй байх ба үүнээс бусад тохиолдолд гэрээг бүртгэх үүрэгтэй. Талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээг бүртгэлийн байгууллагын зүгээс бүртгэсэн байгаа нь банк болон барьцаалуулагч хуульд заасан зохих журмыг зөрчөөгүй гэдгийг харуулж байгаа юм. Нэхэмжлэгчийн маргаж буй үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөгчөөр Мфикс капитал ХХК нь 2007 оны 08 дугаар сарын 20-ны өдөр болон 2007 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 55 хувийн гүйцэтгэлтэйгээр, 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 90 хувийн гүйцэтгэлтэйгээр бүртгэгдэж, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 18 дугаар зүйлийн 18.1-т заасны дагуу өмчлөх эрхээ баталгаажуулж, өмчлөх эрхийн гэрчилгээ авсан.

Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.4-т заасны дагуу банкны зүгээс барьцаа хөрөнгийн гэрчилгээг шалгасны үндсэн дээр зээлийг олгох үйл ажиллагааг явуулах нэг үндэслэл болдог. Капитрон банк нь Хөхтэнгэр хотхоны 44Б байрны 7 тоот орон сууц болон 146 тоот автозогсоолыг зээлийн барьцаанд барьцаалах үед тус орон сууц болон авто зогсоолын өмчлөгчийн гэрчилгээ нь Мфикскапитал компанийн нэр дээр байсан тул банкны зүгээс тус компанийг хуулъ ёсны өмчлөгч гэж үзэж дээрх барьцааны гэрээнүүдийг байгуулсан.

Харин Холзварт Ундрах нь Дүүргийн иргэний хэргийн 2 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 1012/Ш2015/02919 тоот захирамжаар тус орон сууц болон автозогсоолын өмчлөгчөөр тогтоогдсон байна.

Дээрх үйл баримтаас харахад Мфикс капитал ХХК нь 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 44АБВГ байрны 7 тоот орон сууц болон 146 тоот автозогсоолын өмчлөгчөөр бүртгүүлж, гэрчилгээ авсан, Капитрон банк нь 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Т07/208, Т07/141 тоот Зээлийн барьцааны гэрээг Мфикскапитал ХХК-тай байгуулж, зохих журмын дагуу бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн. Харин Холзварт Ундрах нь дээрх барьцааны эрхээс хойно Иргэний хэргийн шүүхээр өмчлөгчөөр тогтоолгосон байх учир Капитрон банк нь нэхэмжлэгчээс тухайн үед зөвшөөрөл авах, мэдэгдэх нөхцөл бүрдээгүй байсан. Банк эрх бүхий хуулийн эттээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3, 23.4-т заасны дагуу тус банкны эрх бүхий этгээд болох Хөрөнгийн үнэлгээчин 2007 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 44АБВГ байрны 55 хувийн гүйцэтгэлтэй баригдаж байх үед барилгын газар дээр нь очиж шалгасан байдаг. Түүнчлэн барьцаа үл хөдлөх хөрөнгийг газар дээр нь очиж шалгаж, танилцах үед тухайн автозогсоолыг ашиглах нөхцөл бүрдээгүй байсан учир нь улсын комисс 2010 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авсан. Иймд барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл бүрдээгүй байх учир нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1-т заасныг баримтлан Капитрон банк ХХК, Мфикскапитал ХХК-ийн хооронд байгуулагдсан 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Т07/141 тоот зээлийн барьцааны гэрээний улсын бүртгэлийн Ү-2206014189 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан, 44АБВГ байрны зоорийн давхрын 146 тоот авто зогсоолыг барьцаалсан хэсгийг, мөн Мфикскапитал ХХК болон Капитрон банк ХХК-ийн хооронд 2010 оны 09 дүгээр сарын 2-ны өдөр байгуулагдсан Т07/208 тоот Зээлийн барьцааны гэрээ-ний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Блю скай хотхоны 44Б дүгээр байрны 7 тоотод байрлах 148.44 мкв талбайтай 4 өрөө иргэн Холзварт Ундрахын өмчлөлийн орон сууцанд холбогдох хэсгийг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, барьцаанаас чөлөөлөхийг хариуцагч Капитрон банк ХХК болон Мфикскапитал ХХК-нд даалгаж, нэхэмжлэлээс барьцааны эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгож, өмчлөгчөөр бүртгэж, улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2 586 391 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч нараас нийт 2 516 191 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Л.Ариунаа давж заалдах гомдолдоо: Шүүхийн зүгээс Холцварт овгийн Жамаагийн Ундрахын өмчлөх эрх үүссэн хугацааг буруу тодорхойлж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Холцварт овгийн Жамаагийн Ундрахын нөхөр болох ХБНГУ-ын иргэн Holzwart Joachim Erich нь Мфикскапитал ХХК-тай №160 тоот "Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ"-г 2009 оны 06 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан байна. Тус гэрээгээр хүлээсэн эрхээ Holzwart Joachim Erich нь Жамаагийн Ундрахад 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдөр шилжүүлсэн бөгөөд гэрээг шинэчлэн байгуулах тухай тус албан зөвшөөрөлд дурдсан байдаг нь хэрэгт авагдсан нотлох баримтаас харагддаг. Дээрх албан зөвшөөрлийн дагуу Жамаагийн Ундрах болон Мфикскапитал ХХК-ийн хооронд 2012 оны 08-р сарын 15-ний өдөр 160 тоот "Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ" байгуулагдсан. Гэтэл шүүхийн зүгээс "Х.Ундрах үнийг бүрэн төлсөн 2010 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс тухай орон сууц болон авто зогсоолын хувь өмчлөгчийн эрх үүссэн гэж үзнэ" гэж шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгтээ дурджээ. Ж.Ундрах нь орон сууц болон авто зогсоолын эцсийн төлбөрийг төлсөн мэт баримтаас харагдаж байгаа боловч тухайн үед Мфикскапитал ХХК-тай 160 тоот "Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ"-г байгуулж эрх, үүрэг хүлээсэн этгээд нь Holzwart Joachim Erich байсан. Өөрөөр хэлбэл үнийн тодорхой хэсгийг төлсөн этгээд бүхэн гэрээний тал болж, эрх үүрэг хүлээж чадахгүй юм. Мөн Жамаагийн Ундрах болон Мфикскапитал ХХК-ийн хооронд 2012 оны 08 дугаар сарын 15-ний өдрөөс өмнө "Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ"-ний эрх зүйн харилцаа огт үүсээгүй бөгөөд маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг 2007 оны 08 дугаар сарын 01-ны өдрийн T07/141 тоот барьцааны гэрээ болон 2007 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн Т07/208 тоот барьцааны гэрээний үндсэн дээр барьцаалах үед үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой эрхийг хэрэгжүүлэх, шаардлага гаргах, барьцааны эрхийн талаар мэдэгдэх зохих этгээд байгаагүй.

Мөн шүүхийн зүгээс Holzwart Joachim Erich болон Жамаагийн Ундрахын хооронд үүссэн эрх зүйн харилцааг дүгнэн үзээгүй. Тус харилцааг дүгнэн тодорхойлоогүй учраас Жамаагийн Ундрах нь 160 тоот "Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ"-ний үндсэн дээр олж авсан 7 тоот орон сууц болон 146 тоот автозогсоолыг хэрхэн өөртөө шилжүүлэн авсныг тогтоох боломжгүй болж, өмчлөх эрх хэзээ үүссэнийг буруу тодорхойлох нэг үндэслэл болсон. Өөрөөр хэлбэл шүүхийн зүгээс Жамаагийн Ундрах нь ХБНГУ-ын иргэн Holzwart Joachim Erich болон Мфикскапитал ХХК-ийн хооронд 2009 онд байгуулагдсан 160 тоот "Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ"-ний үндсэн дээр өмчлөх эрхтэй болох нөхцөл үүссэн гэж тайлбарласан байна. Гэтэл Ундрах нь Мфикс капитал ХХК-аас тус эрхийг шилжүүлэн авч байгаа бус анх тус эрхийг олж авсан этгээд болох Holzwart Joachim Erich-ээс гэрээний эрхийг шилжүүлэн авч байгааг шүүх анхаарч үзэлгүйгээр хэргийн үйл баримтыг буруу үнэлж, хуулийг буруу хэрэглэсэн байна.

Ж.Ундрах нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 05 сарын 05-ны өдрийн Ю1/ШШ2016/01665 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 11-р хороо, Блю скай хотхон, 44Б байрны 07 тоот 148 м.кв 4 өрөө орон сууц болон 44Б байрны 146 тоот авто зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгосон байдаг. Дээрх үйл баримтаас харахад Мфикс капитал ХХК нь 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 44Б байрны 24 тоот орон сууц болон 205 автозогсоолын өмчлөгчөөр бүртгүүлж, гэрчилгээ авсан, Капитрон банк нь 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр T07/141, T07/208 тоот Зээлийн барьцааны гэрээг хууль ёсны өмчлөгч этгээд болох "Мфикскапитал" ХХК-тай байгуулж, зохих журмын дагуу бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн. Харин Жамаагийн Ундрах дээрх барьцааны эрхээс хойно Иргэний хэргийн шүүхээр өмчлөгчөөр тогтоолгосон байх учир Капитрон банк нь тухайн үед зохих ёсны этгээдэд мэдэгдэх нөхцөл бүрдээгүй байсан. Ийнхүү нэхэмжлэгч нь 2015 оноос өмчлөх эрхтэй болсон байх тул Капитрон банкны зүгээс сүүлд эрх нь үүссэн өмчлөгч нараас зөвшөөрөл авах шаардлагагүй бөгөөд энэхүү харилцаанд шүүгчийн зүгээс хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, улмаар хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүйгээс хэргийг буруу шийдвэрлэсэн.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хариуцагч "Мфикскапитал" ХХК-ийг Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2 дах заалтыг зөрчсөн болон хариуцагч "Капитрон банк" ХХК-ийг Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 болон 23.4 дэх заалтыг зөрчсөн гээд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь заалтыг үндэслэсэн. Гэтэл Капитрон банк нь "Мфикскапитал" ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн 44АБВГ байрны Ү-2206014189 тоот улсын бүртгэлийн дугаартай, 000106184 тоот гэрчилгээ, Ү-2206043638 тоот улсын бүртгэлийн дугаартай, 000103633 тоот гэрчилгээ, газар ашиглах тухай гэрээ, газрын гэрчилгээ, барилга угсралтын ажлыг эхлүүлэх үргэлжлүүлэх зевшөөрөл болон бусад шаардлагатай баримтуудыг шалгасны үндсэн дээр Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөренгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2-т заасан хууль ёсны өмчлөгч этгээдтэй нь Зээлийн барьцааны гэрээг байгуулсан байхад шүүхийн зүгээс Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т заасныг зөрчсөн гэж дүгнэсэн нь ойлгомжгүй бөгөөд хуулийг буруу хэрэглэсэн.

Хариуцагч Капитрон банкны зүгээс 2007 он болон 2010 онд зээлийн барьцаа хөрөнгийг газар дээр нь очиж үнэлгээ хийсэн тухай баримтыг хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. Капитрон банкны хувьд 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Барьцаа хөрөнгийг үнэлсэн үнэлгээний тайланд 44Б байрыг нэг бүрчлэн шалгаж, үнэлсэн нотлох баримтыг хэрэгт хавсаргасан. Харин шүүгч дээрх нотлох баримтуудыг шинжлэн судалсан атлаа Капитрон банкийг уг хуулийн дагуу газар дээр нь очиж, үнэлгээ өгөөгүй гэж буруутгасан байна. Хариуцагч Капитрон банк нь Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23.2.3, 23.4 дэх заалтыг биелүүлсэн бөгөөд зөрчил гаргаагүй талаарх нотлох баримтуудыг хавтаст хэрэгт гаргаж өгсөн байхад шүүх банкийг буруутгаж байгаа нь тодорхой бус, ойлгомжгүй байна.

Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2-т зааснаас харахад гуравдагч этгээдэд барьцааны эрх үүссэн тухай мэдэгдэх тухай зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл нэгэнт бий болсон үр дагавар буюу барьцааны гэрээ байгуулагдаж, барьцааны эрх үүссэний дараа хийгдэх үүргийг уг хуулийн заалтаар зохицуулсан болохоос барьцааны гэрээ байгуулагдахаас өмнө мэдэгдэж, зөвшөөрөл авах тухай зохицуулаагүй юм.

...Капитрон банк нь 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн T07/141, 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Т07/208 тоот "Зээлийн барьцааны гэрээ"-ээр Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-т заасны дагуу ирээдүйд бий болох хөрөнгийг барьцаалсан. Өөрөөр хэлбэл, "Мфикскапитал" ХХК-ийн өмчлөлийн 44АБВГ байрны 1-205 тоот авто зогсоол болон орон сууцны барьцаааы эрх нь 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр үүссэн бөгөөд улмаар уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх "Мфикскапитал" ХХК-ийн нэр дээр бүртгэгдэж, 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр барьцааны гэрээг дахин байгуулсан нь Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-т заасан зохицуулалтад хамаарч байгаа юм. Уг зохицуулалтын агуулга, үзэл баримтлал нь хэн нэг барьцаалах хөрөнгөгүй иргэн орон сууц авах зорилгоор баригдаж буй орон сууцаа зээлийн барьцаанд тавьж зээл авах эсхүл барьж буй үл хөдлөх хөрөнгө нь хараахан биет байдлаар бий болоогүй, үүний улмаас өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг тухай бүрт гаргуулах боломжгүй этгээд зээл хүсчээ гэж үзвэл барьцааны гэрээ байгуулах үед хөрөнгө бүрэн бий болоогүй боловч бий болох нь нотлох баримтуудаар тодорхойлогдсон хөрөнгийг бий болохоос нь урьтаж эргэлтэд оруулах боломжийг иргэд, хуулийн этгээдэд олгосон заалт юм. Капитрон банкны хувьд Мфикскапитал ХХК-ийн үл хөдлөх хөрөнгүүдийг тухайн үед барьцаалах үед 55%-ийн гүйцэтгэлтэйгээр баригдаж байсан бөгөөд үл хөдлөх херөнгүүдэд тоот, дугаар тус бүрээр Улсын бүрттэлийн гэрчилгээ гарч амжаагүй байсан учир бүртгүүлэх боломж байхгүй. Гэтэл шүүхийн зүгээс тус зүйл заалтын агуулга зарчмыг гуйвуулан тайлбарлаж, Капитрон банкны барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж шийдвэрлэсэн нь буруу байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Ж.Ундрах нь хариуцагч Капитрон банк ХХК, Мфикскапитал ХХК-д тус тус холбогдуулан Капитрон банк ХХК, Мфикскапитал ХХК нарын хооронд байгуулсан 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн зээлийн барьцааны гэрээнээс өөрт холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, барьцаанаас чөлөөлүүлэх, барьцааны эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгож, өмчлөгчөөр бүртгэж, улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Мфикскапитал ХХК нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хариуцагч Капитрон банк ХХК эс зөвшөөрч маргажээ.

 

ХБНГУ-ын иргэн Holzwart Joachim Erich нь 2009 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хариуцагч Мфикскапитал ХХК-тай 160 тоот Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах нэртэй гэрээ байгуулж, худалдагч нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд баригдаж буй Blue Sky хотхоны 44Б байрны 1 дүгээр орц, 4 давхар, 7 тоот 148.44 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, зоорийн давхрын 146 тоот автозогсоолыг 2009 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээлгэн өгөхөөр, худалдан авагч нь үнэ 192 972 ам.долларыг төлөхөөр харилцан тохиролцсон байх ба 2009 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 135 080 ам.доллар, 2009 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 30 000 ам.доллар, 2010 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 27 892 долларыг тус тус хариуцагч Мфикскапитал ХХК-д бүрэн төлж барагдуулсан үйл баримтын талаар зохигчид маргаагүй байна. /хх 8-9, 10-12/

 

Орон сууцны захиалагч болох ХБНГУ-ын иргэн Holzwart Joachim Erich нь 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гүйцэтгэгчид Мфикскапитал ХХК-тай байгуулсан 160 тоот гэрээний эрхийг эхнэр Ж.Ундрахад шилжүүлэх тухай хүсэлт гаргасныг хариуцагч Мфикскапитал ХХК хүлээн зөвшөөрсний дагуу эрх шилжсэн нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна. /хх 13-17/

 

Дээрх орон сууц, автозогсоол 2010 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ашиглалтад орж, нэхэмжлэгч орон сууц болон автозогсоолыг эзэмшиж байсан боловч Мфикскапитал ХХК-ийн барьж буй барилга бүхэлдээ ашиглалтад ороогүй гэх үндэслэлээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдоогүй байна.

 

Хариуцагч Мфикскапитал ХХК 2010 оны 05 дугаар сарын 12-ны өдөр дээрх орон сууц болон автозогсоолыг 90 хувийн гүйцэтгэлтэй байхад нь өөрийн компанийн нэр дээр бүртгүүлж, өмчлөх эрхийн 000106148, 000103633 дугаартай гэрчилгээ авсны дараа 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Мфикскапитал ХХК, Капитрон банк ХХК-ийн хооронд 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан Т07/141 тоот, Капитрон банк ХХК, Си Эм Эс Эл ХХК-ийн хооронд 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан Т07/208 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд өөрийн өмчлөлд бүртгэлтэй дээрх орон сууц болон автозогсоолыг барьцаалсан үйл баримт тогтоогджээ.

 

Талуудын хоорондын 2009 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 160 дугаартай Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээний 4.6-д төлбөрийг бүрэн хийсэн захиалагчид эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг нэр дээр нь олгох бөгөөд төлбөрийг 100 хувь хийгээгүй бол уг байрны албан ёсны өмчлөгч Мфикскапитал ХХК байна, 5.7-д төлбөрөө 100 хувь төлсөн нөхцөлд орон сууцны өмчлөх эрхийн бичгийг шилжүүлэн өгнө гэж тус тус харилцан тохиролцсон, захиалагч нь 2010 оны 06 дугаар сарын 16-ны өдөр гэрээний үүргээ бүрэн биелүүлж дууссан байх тул гэрээний 3.1-д зааснаар орон сууц захиалагчийн өмчлөлд шилжих бөгөөд гүйцэтгэгчид өмчлөх эрхийн захиалагчийн нэр дээр шилжүүлэн өгөх үүрэг үүссэн байна.

 

Гэтэл үүрэг гүйцэтгэгч буюу Мфикскапитал ХХК өөрийн өмчлөлд бүртгэлтэй, 90 хувийн гүйцэтгэлтэй барилгыг захиалагчийн өмчлөлд шилжүүлэлгүй гуравдагч этгээд болох Капитрон банк ХХК, Си Эм Эс Эл ХХК-ийн зээлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9, мөн хуулийн 13.1, Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2-т заасан шаардлагыг тус тус зөрчиж байгуулсан хэлцэл байх тул анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар Капитал банк ХХК, Мфикскапитал ХХК-ийн хооронд байгуулагдсан 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Т07/141 тоот зээлийн барьцааны гэрээний 146 тоот автозогсоолыг барьцаалсан хэсэг, мөн өдрийн Т07/208 тоот зээлийн барьцааны гэрээний 148.44 м.кв орон сууцанд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт хэргийн баримтад нийцжээ.

 

Барьцаалагч Капитрон банк ХХК-ийн хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т зааснаар зээлийн хувийн хэрэгт зээлийн барьцаанд бариулах эд хөрөнгийн тодорхойлолт...-ыг бүрдүүлнэ, 23.4-т ...эд хөрөнгийн тодорхойлолтод иргэн, хуулийн этгээдээс барьцаалж байгаа эд хөрөнгийг ...эрх бүхий хүмүүс газар дээр нь очиж, нэг бүрчлэн үзэж өгсөн үнэлэлт, дүнг тусгасан байна. Зээлийн эд хөрөнгийг шалгасан баримтад дээрх тодорхойлолтыг үндэслэн уг хөрөнгийн бүрэн бүтэн байдал, үнэ, чанар зэргийг бичнэ гэсэн заалтыг зөрчиж, барьцааны хөрөнгийг биечлэн үзээгүйгээс зээлийн барьцаанд барьцаалсан хөрөнгө гуравдагч этгээдийн эрх, ашиг сонихрлыг зөрчсөн хэлцэл байгуулсан тул энэ талаар гаргасан хариуцагч Капитрон банк ХХК-ийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Капитрон банк ХХК-ийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17ы өдрийн 181/ШШ2017/02929 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Капитрон банк ХХК-ийн төлөөлөгчийн гаргасан гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Капитрон банк ХХК давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 516 191 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Д.ЦОГТСАЙХАН