| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 141/2025/00385/И |
| Дугаар | 141/ШШ2026/00002 |
| Огноо | 2025-12-26 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 141/ШШ2026/00002
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,
Нарийн бичгийн даргаар Л.Золбоог оролцуулан тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч багт оршин суугч У овогт Г Дгийн нэхэмжлэлтэй “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Д нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ “...Миний бие Улаанбаатар хотод байгаа тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Иймд намайг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
Нэхэмжлэгч нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг явуулах талаар шүүхэд хүсэлт ирүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч ...нь эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заасан байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, түүнийг оролцуулахгүйгээр хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Г.Д нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” гэж заасны дагуу нэхэмжлэгч ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
Нэхэмжлэгч Г.Д нь Завхан аймгийн Тосонцэнгэл хотын 8 жилийн сургуульд 1989 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүртэл нотын санчаар,
Завхан аймгийн Тосонцэнгэл хотын 10 жилийн сургуульд 1990 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 1994 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг лаборантаар болох нь:
- У овогт Г Д ...... дугаарын регистртэй талаарх иргэний үнэмлэхийн хуулбар,
- Завхан аймгийн Тосонцэнгэл хотын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1989 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 34 дугаартай “...Г.Дг номын санчаар түр авч ажиллуулах тухай гээд Г.Дг 1989 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн номын санчаар түр ажиллуулсугай...” гэсэн тушаалын хуулбар,
- Завхан аймгийн Тосонцэнгэл хотын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1990 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 68 дугаартай “...Г.Дг лаборантаар түр авч ажиллуулах тухай гээд физик-хими хичээлийн лаборантаар тусгай дунд боловсролтой /АУДУС төгссөн/ Г Дг 1990 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн түр ажиллуулсугай...” гэсэн тушаалын хуулбар,
Гэрч Ж.С “...Намайг Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 8-н жилийн 1-р сургуульд ажиллаж байхад 1989 онд Г.Д нь хүний оронд буюу түр албан тушаал дээр номын санчаар анх ажилд орж байсан. 1990 оноос байх гэж санаж байна лаборантаар ажиллах болсон. Хэдэн онд гэдгийг нь санахгүй байна. Жирэмсний амралт авч хэдэн сар болоод буцаад лаборантаараа ажиллах болсон. Тэгээд лаборантаараа 1994 он хүртэл ажиллаж байгаад тус сумын нэгдсэн эмнэлэг рүү шилжин ажиллах болсон. Г.Дтай хамт ажиллаж байсан учраас 1989 оноос 1994 он хүртэл тасралтгүй сургуульд номын санч, лаборантаар ажиллаж байсан талаар мэддэг. Тухайн үед лаборант нь өдөр өнжүүлэхийн багшаар ажилладаг хүнийг хэлдэг байсан. Одоо нэршил нь өөрчлөгдсөн байгаа. 8 жилийн сургууль нь татан буугдаж 10 жилийн сургууль болж өөрчлөгдөж байсан. Гэхдээ мөн хэдэн он гэдгийг нь санахгүй байна. Манай 8 жилийн сургуулийн захирлаар Гүнд, Амгалан дарга нар ажиллаж байсан. 10 жилийн сургууль болоход захирлаар нь Д.Доржпалам ажиллаж байсан ...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Д.У “...Намайг Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 8-н жилийн 1-р сургуульд багшаар ажиллаж байхад Г.Д 1989 онд манай сургуульд номын санчаар анх ажилд орж байсан. Тэгээд хэдэн онд гэдгийг нь санахгүй байна мөн жирэмсний амралт аваад удаагүй буцаад лаборантаар ажиллах болсон. Жирэмсний амралт авахаасаа өмнө лаборантаар ажиллаж байсан. Тэгээд лаборантаараа 1994 он хүртэл ажиллаж байсан. Бид хоёр хамт ажиллаж байсан учраас би Г.Дг 1989 оноос 1994 он хүртэл тасралтгүй сургуульд ажиллаж байсан талаар мэддэг юм. 1990 онд 8 жилийн сургууль нь татан буугдаж 10 жилийн сургууль болж өөрчлөгдөж байсан. Тухайн үед сургуулийн захирлаар Д.Доржпалам гэдэг хүн ажиллаж байсан...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмаар авагдсан бөгөөд нэхэмжлэгчийн ажиллаж байсныг нотолсон, өөр хоорондоо зөрүүгүй байх ба нэхэмжлэлийн шаардлагыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.
Иймд нэхэмжлэгч Г.Дгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан У овогт Г Дг Завхан аймгийн Тосонцэнгэл хотын 8 жилийн сургуульд 1989 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүртэл нотын санчаар,
Завхан аймгийн Тосонцэнгэл хотын 10 жилийн сургуульд 1990 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 1994 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг лаборантаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын Тэмдэгтийн Хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Дгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ