| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2018/0259/э |
| Дугаар | 516 |
| Огноо | 2018-07-05 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | Н.Мөнгөнсүх, |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 516
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга О. Бадмаараг ,
Улсын яллагч Н.Мөнгөнсүх,
Гэрч Д.Жанчив,
Шүүгдэгч Д.Батсайхан түүний өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар
Шүүгдэгч Б.Энхтулга түүний өмгөөлөгч Б.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Батчулууны Энхтулга, Боржигон овогт Дэмбээгийн Батсайханд холбогдох эрүүгийн 1809008460159 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1987 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уран дархан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг “Ар урт” ХХК-нд эмийн санч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүрэг 7 дугаар хороо, 38 дугаар байрны 133 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Батчулууны Энхтулга, /РД:ЗЮ87111570/,
Монгол улсын иргэн, 1971 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 38-132 тоотод оршин суух, урьд 1 удаа ял шийтгэгдэж байсан,
Нийслэлийн шүүхийн 2002 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 17 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 39 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 2-д зааснаар 6 жилийн хугацаагаар хорьж, Эрүүгийн хуулийн 260 дугаар зүйлийн 2-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил хасч 2 жил хорьж оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн 8 жил хорих ял шийтгүүлж, Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн ерөнхий шүүгчийн 2006 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 203 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 2 сар 7 хоногийн хорих ялыг тэнсэн сулласан, Боржигон овогт Дэмбээгийн Батсайхан, /РД:ЗЮ71091711/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Д.Батсайхан, Б.Энхтулга нар нь бүлэглэн 2018 оны 2 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 47 дугаар байрны 1108 тоотод хохирогч Г.Хишигдаваатай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний эрх чөлөөнд нь халдаж бие махбодид нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Батсайхан нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Хэрэг гардаг шөнө гэртээ унтаж байхад дүү орж ирээд “манай эгчийг нөхөр нь зодоод байна. хоёулаа очиж авъя” гэж хэлсэн. Тэгээд хохирогчийн гэрт очоод хаалгыг нь тогшиход дүү өөрөө хаалга тайлж өгсөн. “Хишгээ хаачсан юм гэж асуухад, тэнд унтаж байна” гэж хэлсэн. Би гутлаа тайлалгүй үүдэнд нь зогсож байхад хохирогч миний өөдөөс цохьсон. Тэгээд зайлтал толгойн хажуунаас түлхээд унагачихсан. Би Тулгааг “цаашаа явж эгчийнхээ хувцасыг боолц” гэж хэлээд явуулчихсан. Тэгээд хохирогч өөдөөс дайраад байсан. Миний ард жаахан хүүхэд нь байж байхад өөдөөс сандал аваад дайрсан. Би доошоо суусан чинь хажуу талын хананд цохисон. Дахиад дайрах юм бол хутга хүртэл барьж мэдэх юм байна гэж бодоод, цохиж унагаж байгаад гарыг нь ард нь хүлсэн. Тэгээд хохирогчийг дээр нь дарж сууж байгаад энэ хэдийг хувцсаа боогоод дуусахаар нь гараад явсан…” гэв.
Шүүгдэгч Б.Энхтулга нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2018 оны 02 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө 12-01 цагт гэртээ амарч байсан. Манай эгч над руу залгаад, “эрүүлжүүлэх хэдээр дууддаг юм” гэж асуусан. Хишигдаваа гэдэг хүн өмнө нь эхнэртээ хэд хэдэн удаа гар хүрдэг гэж нүдээрээ харж, чихээрээ сонсож байсан. Тэр үйлдэл нь давтагдаж байгаа юм байнга гэж ойлгоод “нөхөр чинь агсам согтуу тавиад байгаа бол би таныг гэрээс чинь очиж авъя” гэж хэлсэн. Тэгээд хохирогчийн гэр рүү ахтайгаа хамт явсан. Ах бид хоёр хөрш айл. Эгчийг очиж авахаар очтол өөрөө хаалгаа тайлсан. Нөхөр нь унтлагынхаа өрөөнд архи уугаад, согтуу унтаж байсан. Тэгээд Отгонтамирыг “хүүхдүүдийнхээ хувцасыг бэлд явъя” гэж хэлэхэд нөхөр нь босч ирээд над руу дайраад, агсам тавьж эхэлсэн. Би тэрхэн зуур уураа барьж дийлээгүй маргалдсан нь миний буруу гэж бодож байна. Би хохирогчоос албан ёсоор уучлалт гуйх гэж олон аргаар үзсэн ч өнөөдөр өөрөө шүүхийн танхимд ирээгүй байна. Ямар ч байсан хохирогчоос албан ёсоор уучлалт гуйж байна. Би өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байна…” гэв.
Гэрч Д.Жанчив нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “... Гаднаас түлхүүр аваад ороход, хохирогч орон дээрээ уйлчихсан сууж байсан. Хамраас цус гарсан байдалтай, дотуур хувцастайгаа, том өрөөндөө сууж байсан. Намайг гаргаж өгөх гээд босоод, үүдэнд гарахдаа харахад нуруу нь халцарчихсан байсан. Манай эхнэрийн төрсөн ах. Би ахынхаа гэрт байдаг байсан. Намайг байх хугацаанд архи ууж, агсам согтуу тавьж байсан удаа байхгүй. Би хохирогчтой 5-10 минут тайвшруулж байсан…” гэв.
Эрүүгийн 1809008460159 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Б.Энхтулга нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2018 оны 02 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө 01 цагын үед манай нагац эгч Д.Отгонтамир нь над руу залгаад “Эрүүлжүүлэх яаж дууддаг юм бэ нөхөр агсам тавиад байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би эгч рүү “таныг би очоод охинтой чинь авъя, та гэртээ байж бай” гэж хэлсэн. Тэгээд би эгчийн гэр рүү нагац ах Д.Батсайханы хамт очиход эгчийн нэг талын хацар хавдсан зодуулсан байдалтай байсан. Тэгээд би “хувцсаа ав явья манайд очиж хоно” гэж хэлээд эгч хувцсаа бэлдэж эхэлсэн. Тэгээд эгчийн нөхөр Хишигдаваа нь согтуу унтаж байгаад орноосоо босож ирснээ Батсайхан ах руу дайраад ирэхээр нь би Хишигдаваагийн цээж рүү түлхээд газар унагасан. Тухайн үед Хишигдаваа хөл дээрээ тогтож чадахгүй согтуу байсан. Тэгээд эгчийн хүүхэд уйлаад байсан тэр үед нөхөр нь ах бид хоёр болон эхнэр лүүгээ дайраад байсан. Ах зүгээр зогсож байсан чинь Хишигдаваа Батсайхан ах руу дайраад байсан тэр үед би Хишигдавааг болиулаад байсан чинь гэнэт сандал аваад ах бид хоёр руу дайрсан. Шидсэн сандал нь миний гарыг оноод тэгээд хана руу очиж бутарч унасан. Тэгээд ах бид 2 нийлж байгаад Хишигдавааг газар унагаад 2 гарыг нь ар талд нь уясан. Тэгээд Хишигдаваа гараа хүлүүлчихээд ах бид 2 руу дайраад мөргөх гээд байсан. Тэгээд ах бид 2 эгч дүү 2-ийг аваад гадаа гараад Хишигдаваагийн хүргэн дүү ирж байгаа гээд хүлээсэн тэгээд Хишигдаваагийн хүргэн дүү ирээд манай эгчтэй уулзаад гэрийн түлхүүр аваад Хишигдаваа руу орсон…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,
Шүүгдэгч Д. Батсайхан нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…2018 оны 02 дугаар сарын 04 ны орой манай дүү Энхтулга над руу залгаад Хишигээ Согтуу Оогийг зодоод байна гэнээ хоёулаа цуг яваад Оогийг аваад ирье гэсэн. Тэгээд бид 2 Хтштгдаваагийн гэр лүү нь очоод хаалгаар ортол Хишигдаваа жижиг өрөөндөө унтаж байсан. Тэгээд дүү Оогийг хувцсаа бэлд гэж хэлээд Энхтулга бид 2 үүдэнд нь зогсож байтал Хишигдаваа босч ирээд та нар яадаг хулгайчууд вэ гээд бид 2 луу дайрсан. Тэр үед манай дүү Энхтулга Хишигдаваагийн цээж хэсэг рүү нь түлхээд газар унагасан. Тэгээд Хишигдаваа өөдөөс байн байн босч ирээд байсан тэр үед манай дүү Энхтулга 3-4 удаа Хишигдавааг түлхэж унагасан. Тэгээд Энхтулга орны том даавуун дээр Оогийгийн хувцаснуудыг овоолоод байж байсан.Тэгтэл Хишигдаваа над руу сандал бариад дайрсан тэр үед би Хишигдавааг зайлсан чинь сандлаараа хана цохиод сандал нь хугарч унасан. Тэгээд би Хишигдаваагийн цээж хэсэг рүү түлхэж унагаад 2 гарыг нь ард нь хар өнгийн ороолтоор хүлсэн. Тэр үед Хишигдаваа намайг мөргөх гээд дайраад байсан. Тэгээд толгой хэсэг рүү нь 2 удаа түлхэж газар унагаад доош харуулж хэвтүүлээд дээрээс нь дараад суусан. Тэгээд Оогий хувцаснуудаа аваад бид нар гаднаас нь цоожлоод гэрээс нь гарсан. Тэгээд Хишигдаваагийн хүргэн гэх залуу ирж байгаа гээд гадаа хүлээж байгаад хүргэн гэх залуу ирэхээр нь түлхүүрийг нь өгөөд бид 3 явсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/
Хохирогч Г. Хишигдаваа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "…Би 2018 оны 02 дугаар сарын 03 ны өдөр өөрийн эхнэр хүүхдийн хамт гадуур явж байгаад орой гэртээ харьсан. Тэгээд 22 цагийн үед өөрийн эхнэртэйгээ хэрэлдсэн, хэрэлдсэнийхээ дараа би гэрт байсан тал шил архийг уугаад унтах гээд орондоо орсон. Тэгээд байж байтал манай хаалгыг хүн тогшихоор нь би үүд рүү очоод хаалгыг нь онгойлгосон чинь манай эхнэрийн ах Батсайхан, дүү Энхтулга нар манайд орж ирээд “чи муу яадаг гар вэ” гэж хэлээд миний баруун чих хэсэг рүү цохиод авсан тэгээд хоёулаа намайг барьж аваад газар хэвтүүлээд манай эхнэрийн ах Батсайхан намайг боогоод авсан тэр үед дүү нь намайг өшиглөөд байсан. Тэр үед миний ухаан санаа орж гараад тэгээд нэг сэрсэн чинь Батсайхан миний нүүр хэсэг рүү цохиод байсан. Тэгээд ухаан балартаад байж байгаад сэргэтэл миний хоёр гарыг ар талд ороолтоор боогоод намайг ганцааранг нь үлдээгээд явцгаасан байсан …эхлээд Энхтулга миний баруун талын чих орчимд гараа атгаж байгаад хүчтэй цохьсон. Тэгэхэд нь би биеийнхээ ар хэсгээрг газар унасан. Тэгтэл Батсайхан миний дээр гарч суугаад миний хоолойг гараараа боогоод, хамартай хавсраад зүүн нүд орчимдгараа зангидаж байгаад цохиод байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 5 дугаар хуудас/,
Гэрч Д.Отгонтамир мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "…2018 оны 02 дугаар сарын 03 ны орой би өөрийн охинтойгоо дүү Энхтулгын гэрт байж байтал манай нөхөр охин бид хоёрыг ирж аваад гэр рүү харьсан. Тэгээд бид 2 гэрт ороод би нөхөртөө “чи манай эгч эмээ 2 дээр очиж уулзахгүй байна” гэж хэлсэн. Тэгээд маргаан үүсээд байж байтал манай нөхөр гэрт байсан талын хар гэх нэртэй хятад архийг ганцаараа уусан. Тэгээд нүдэн дээр илт согтоод намайг элдвээр хэлж хараагаад байхаар нь би эрүүл үедээ намайг зоддог болохоор нь согтуудаа намайг яаж ч магадгүй гэж бодоод би охиноо урдаа бариад сууж байсан чинь над руу ирээд 2 хуруугаараа миний нүд рүү цохьсон. Тэгээд би охиноо урдаа бариад гэртээ нөхрөөсөө тойроод зугтаад байж байгаад тагт руу тамхи татна гээд гараад яваад өгөхөөр нь би Хишигдаваагийн ээж болон дүү охин руу залгатал утсаа аваагүй тэгэхээр нь дүүгийнх нь нөхөр рүү залгаад “ах чинь агсам тавиад байна ирж ав” гэж хэлчихээд дүүг нь хүлээж байх зуур тагтнаас Хишигдаваа орж ирээд намайг барьж аваад миний гэдэс рүү нэг удаа цохьсон. Тэгэхээр нь би утсаа аваад өөрийн эгчийн хүүхэд рүү нь залгаад “эрүүлжүүлэх дуудаад өгөөч” гэсэн чинь би өөрөө яваад очьё гээд манай төрсөн ах Батсайхантай цуг хүрээд ирсэн тэгээд манайд орж ирээд намайг “хувцсаа бэлд” гэхээр нь би жижиг өрөөнд хувцсаа бэлдээд байж байсан. Тэр үед сандал хугарах чимээ сонсогдоод охин чарлаад байсан. Тэгээд Хишигдаваа хашгираад байсан. Тэгээд би хувцсаа бэлдэж байх үедээ жижиг өрөөнөөс гараад “наадхаа хүлчих” гэж хэлээд буцаж жижиг өрөө рүү ороод хувцсаа бэлдсэн. Тэгээд хувцсаа бэлдээд гараад очтол Хишигдаваагийн гарыг хүлээд газар хэвтүүлсэн байсан. Тэгээд гутлаа өмсчихөөд харсан чинь Хишигдаваа босоод газар суусан элдвээр хараагаад байсан. Тэгээд бид хэд гараад Хишигдаваагийн хүргэн дүүг хүлээж байгаад хүргэн дүүд нь түлхүүрээ өгчихөөд яваад өгсөн…" гэсэн мэдүүлэг / хх-ийн 12 дугаар хуудас/,
Гэрч Д. Жанчив мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…2018 оны 3 дугаар сарын 03-ны орой би гэртээ байж байтал манай хадам ах Хишигдаваагийн эхнэр Отгоо над руу залгаад Хишигдаваа агсам тавиад орилж чарлаад байна гэж хэлсэн тухайн утасны цаана хашхирсан чимээ байгаагүй тэгэхээр нь би нээх яараагүй 40 минут орчмын дараа хадам очтол түүний эхнэр нь орцны үүдэнд хүлээж байсан. Тэгээд уулзсан чинь “гарыг нь хүлээд орхисон байгаа шүү” гээд гэрийн түлхүүрээ өгсөн тухайн үед цаана нь нэг 2 залуу зогсож байсан. Тэгээд би “охин чинь хаана байгаа юм” гэсэн чинь машинд байгаа гэж хэлсэн. Тэгээд би хадам ахын гэр лүү ортол хадам ах дотуур хувцастайгаа уйлсан хамарнаас нь цус гарсан, нуруу хэсэгтээ халцарсан байсан. Тэгээд ямар нэгэн хүлээсгүй орон дээр сууж байсан. Тэгээд намайг гэрт орж ирээд зодчихоод явчихлаа гээд уйлаад байсан. Тухайн үед хадам ахыг тайвшруулсан чинь уйлаад л байсан манай дүү ирж байгаа өглөө эрт ажилтай юм чинь чи харьж амар амар гэж хэлсэн тэгээд би яваад өгсөн…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹2562 дугаартай шинжээчийн дүгнэлт:
Б.Энхтулгын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 33 дугаар хуудас/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 34 дүгээр хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 35 дугаар хуудас/, оршин суугаа хаягын тодорхойлолт /хх-ийн 37 дугаар хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38 дугаар хуудас/, ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 41 дүгээр хуудас/, Д. Батсайханы иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 45 дугаар хуудас/, гэрлэлт бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 46 дугаар хуудас/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 47 дугаар хуудас/, оршин суугаа хаягын тодорхойлолт /хх-ийн 48 дугаар хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг лавлах хуудас /хх-ийн 52 дугаар хуудас/, таслан шийдвэрлэх тогтоол /хх-ийн 55-56 дугаар хуудас/, өршөөл үзүүлэх комиссын тогтоол /хх-ийн 56 дугаар хуудас/, гэрч Л.Уранбайгалийн мэдүүлэг /хх-ийн 101 дүгээр хуудас/, гэрч Г.Оюунгэрэлийн мэдүүлэг /хх-ийн 102 дугаар хуудас/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Д.Батсайхан, Б.Энхтулга нар бүлэглэн 2018 оны 2 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 47 дугаар байрны 1108 тоотод хохирогч Г.Хишигдавааг “эхнэртэйгээ маргаан үүсгэлээ, гэр бүлийнхээ амгалан тайван байдлыг алдагдууллаа” хэмээн маргалдаж улмаар түүний нүүр, баруун чих, бүсэлхий, гар, хөлөн тус газруудад нь Д.Батсайхан, Б.Энхтулга нар гараараа цохиж, өшиглөсөн зэргээр халдашгүй байх эрх чөлөөнд нь хүч хэрэглэн зодсоны улмаас Г.Хишигдаваагийн эрүүл мэндэд нь “бүсэлхийн 3-р нугалмын хөндлөн сэртэн, 5-р нугалмын арын сэртэнгийн хугарал, бүсэлхийн 5-р нугалмаас ууцны 1-р нугалмын мөгөөрсөн цагирагын урагдал, баруун чихний хэнгэрэгэн хальсны урагдал, хамар ясны урагдал, таславчийн мурийлт, баруун шанаа, хамар, баруун мөр, цээж, баруун тохой, зүүн бугалга, хоёр өвдөг, зүүн гуянд цус хуралт, зулгаралт гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Д.Батсайхан, Б.Энхтулга нарын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.Хишигдаваагийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн удаа дараагийн мэдүүлгүүд, гэрч Д.Жанчивын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн №2562 дугаартай шинжээчийн дүгнэлт, зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч нар нь хохирогч Г.Хишигдаваагийн биед хүч хэрэглэж гэмтэл учруулсанаа хүлээн мэдүүлсэн, хохирогч нь хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон өөрийг нь гэмтээснийг гэрчилж мэдүүлсэн, гэрчээс хэрэг болсны дараах тухайн агшинд хэргийн нөхцөл байдал, хохирогч гэмтсэн байдалтай байсныг гэрчилэн мэдүүлсэн, хохирогчийн бие махбодид хэд хэдэн удаа хүч хэрэглэсний улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч нарын үйлдэл нь “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн гэмт хэргийн шинжийг агуулжээ.
Шүүгдэгч нарын мэдүүлэг нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудтай агуулгын хувьд зөрүүгүй байх тул тэдгээрийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох үндэслэл болов.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүх шүүгдэгч Д.Батсайхан, Б.Энхтулга нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нараас нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, хохирогчтой зүй зохистой харьцах талаар зан харьцааны түвшин дутагдсанаас гадна хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Шүүгдэгч Д.Батсайхан, Б.Энхтулга нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж заасан ба шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч Д.Батсайхан, Б.Энхтулга нар хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн буюу хохирогчтой эвлэрсэн нөхцөл байдал тогтоогдсон болохыг тэмдэглэв.
Шүүх шүүгдэгч Д.Батсайхан, Б.Энхтулга нар нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн буюу хохирогчтой эвлэрсэн нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Батсайхан, Б.Энхтулга нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүрийг 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.
Шүүхээс шүүгдэгч Д.Батсайхан, Б.Энхтулга нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хэдий ч шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан тэдгээрийг нийгэмд биеэ зөв авч дадал хэвшүүлж нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.
Хохирогч Г.Хишигдаваагаас ”…гомдол санал хүсэлт байхгүй болно…”гэсэн тул шүүгдэгч Д.Батсайхан, Б.Энхтулга нарыг бусдад төлөх төлбөргүй гэж харин Г.Хишигдаваа нь цаашид гарах гэм хорын хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.