Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2025/ДШМ/51

 

  

 

 

 

 

2025             6                 30                                                     2025/ДШМ/51

 

 

 

Н.Тд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Цэрэнханд даргалж, шүүгч З.Түвшинтөгс, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Г.Э,

Шүүгдэгч Н.Т,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б,  

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч О.С,

Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нарыг оролцуулан

            Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж, Ерөнхий Ш.Гандансүрэн, шүүгч Т.Батжаргал шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/140 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Г.Эын бичсэн эсэргүүцэл болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Ш.....г, С.Д...... нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Н.Тд холбогдох эрүүгийн 2334000000252 дугаартай хэргийг 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, ....... оны ........дугаар сарын .........-ны өдөр Т..... аймгийн З........... суманд төрсөн, ..........настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, дасгалжуулагч мэргэжилтэй, ам бүл-., .............., ....... хамт Т .......аймгийн З........ ............. дугаар баг .................. тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, О........... овогт Н..............Т................, /РД:..................../.

2. Шүүгдэгч Н.Т нь Төв аймгийн Зуунмод сумын Зүүндэлгэр 4 дүгээр багийн нутагт 2020 оны 8 дугаар сард бага насны буюу 12 нас 5 сартай Д.Мгийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан бэлгийн харьцаанд орсон, мөн үргэлжилсэн үйлдлээр буюу тус аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг 19 дүгээр байрны 1-8 тоотод 2022 оны 5 дугаар сард 14 нас 2 сартай Д.Мгийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

3. Төв аймгийн Прокурорын газраас Н.Тгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд ирүүлжээ. 

4. Анхан шатны шүүх: “...Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч О овгийн Н-ийн Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2334000000252 дугаартай хэргээс Төв аймгийн Зуунмод сумын Зүүндэлгэр 4 дүгээр багийн нутагт 2020 оны 8 дугаар сард бага насны буюу 12 нас 5 сартай Д.Мгийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан бэлгийн харьцаанд орсон гэх хэргийг “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч О овгийн Н-ийн Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2334000000252 дугаартай хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж, хөнгөрүүлэн өөрчилж,

Шүүгдэгч О овгийн Н-ийн Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүсэл зоригийн эсрэг эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хүчиндсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Шүүгдэгч О овгийн Н-ийн Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 6 /зургаа/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Тгийн цагдан хоригдсон нийт 40 /дөч/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

Эрүүгийн 2334000000252 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Н.Т энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж,

Насанд хүрээгүй хохирогч Д.М болон түүний хууль ёсны төлөөлөгч Б.О нар сэтгэл зүйчид хандаж зөвлөгөө авсан зардалтай холбоотой баримтаа болон ирээдүйд төлөх сургалтын төлбөрийн зардалтай холбоотой баримтаа тус тус бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч Н.Тгээс жич нэхэмжлэх эрхтэйг, мөн өмгөөлөгчийн зардал 13.500.000 /арван гурван сая таван зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг тус тус дурдаж,

Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний хорих ял эдлэх хугацааг 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн тоолж, шийдвэрлэжээ.

5.Прокурор Г.Эын бичсэн эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Тус аймгийн прокурорын газрын ахлах прокурор Г.Э би, эрүүгийн 2334000000252 дугаартай Н.Тд холбогдох хэргийн анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцсон. Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хянан хэлэлцээд 140 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.Тд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж, хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэсэн шийдвэр нь хэргийн бодит байдалд нийцээгүй тул эс зөвшөөрч байна. Учир нь:

Шүүгдэгч Н.Т нь Төв аймгийн Зуунмод сумын Зүүндэлгэр 4 дүгээр багийн нутагт 2020 оны 8 дугаар сард бага насны буюу 12 нас 5 сартай Д.Мгийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан бэлгийн харьцаанд орсон, үргэлжилсэн үйлдлээр тус аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг 19 дүгээр байрны 1-8 тоотод Н.Т нь 2022 оны 5 дугаар сард 14 нас 2 сартай Д.Мямарсүрэнгийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан бэлгийн харьцаанд орсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлд заасан "Хүчиндэх" гэмт хэргийг хүндрүүлэх шинжтэй буюу "бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн" болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Насанд хүрээгүй хохирогч Д.М нь 2020 оны 8 дугаар сард Төв аймгийн Зуунмод сумын Зүүндэлгэр 4 дүгээр багийн нутагт, 2022 оны 5 дугаар сард тус аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг 19 дүгээр байрны 1-8 тоотод яллагдагч Н.Тд тус тус хүчиндүүлсэн талаар тогтвортой тодорхой мэдүүлсэн.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Т.Б..........., Р.Н........., М.Б............... нарын мэдүүлгүүд нь дамжмал нотлох баримтууд бөгөөд шууд гэмт хэрэг гарсан цаг хугацаа болон хаана, яаж үйлдэгдсэн талаарх нөхцөл байдлыг мэдэх гэрчүүд гэж үзэх боломжгүй гэжээ. Дээрх гэрчүүдийн мэдүүлсэн дамжмал гэх нотлох баримтууд нь хэргийн үйл баримт, нөхцөл байдлыг, мөн насанд хүрээгүй хохирогч Д.Мгийн мэдүүлгийг давхар нотолж байгааг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээгүй болно. Бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг нь нууц далд аргаар үйлдэгдсэн байтал хаана, яаж үйлдсэн талаар мэдэх гэрчүүд биш гэж дүгнэсэн шүүхийн шийдвэр ойлгомжгүй байна.

Насанд хүрээгүй хохирогч Д.Мгийн өвөө болох М.Балжиннямынх яллагдагч Н.Тгийн эцэг Р.Нямдорж нарынх айл саахалт амьдардаг, гэмт хэрэг гарсан цаг хугацаанд шүүгдэгч Н.Т нь бага насны хүүхэд хүчиндсэн гэх нөхцөл байдал насанд хүрээгүй хохирогч болон гэрч нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байтал шүүх хэт нэг талыг барьж, үндэслэлгүйгээр 2020 оны 8 дугаар сард Төв аймгийн Зуунмод сумын Зүүндэлгэр 4 дүгээр багийн нутагт бага насны Д.Мг хүчиндсэн үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

Тодруулбал анхан шатны шүүхээс хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, насанд хүрээгүй хохирогч болон гэрчийн мэдүүлгүүдийг хэрхэн няцааж, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж байгаа нь ойлгомжгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна. Иймд Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 140 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж өгнө үү.” гэв.

6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Ш..........., С.Д............ нарын хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн, өмгөөлөгч С.Д.......... /ҮД:0414/, Э.Ш.................. /ҮД:0410/ бид Эрүүгийн 2334000000252 дугаартай хэрэгт насанд хүрээгүй хохирогч Д.Мгийн хууль ёсны төлөөлөгч Б.Огийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан хууль зүйн туслалцаа үзүүлэн өмгөөлөгчөөр нь ажиллаж байгаа юм. Н.Тд холбогдох хэргийг Төв аймаг дахь сум дундын анхан шүүхээр хянан хэлэлцээд 2025 оны 04 сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/140 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, 6 /зургаа/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм. Өмгөөлөгчдийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан "шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй" гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хүчингүй болгуулахаар энэхүү гомдлыг гаргаж байна.

Эрүүгийн хэргийг шалган шийдвэрлэхэд хохирогчийн мэдүүлэг чухал ач холбогдолтой бөгөөд энэ нь бусад нотлох баримтуудаас илүү өргөн хэрэглэгддэг. Учир нь ихэнх тохиолдолд хохирогч нь гэмт халдлагад өөрөө өртсөн байдаг тул болж өнгөрсөн үйл явдлын талаар хэнээс ч илүү хамгийн бодит мэдээллийг өгч чадах этгээд бөгөөд түүний мэдүүлэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд онцгой ач холбогдолтой юм. Иймд хохирогчийн мэдүүлэг нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтат мэдээлэл болох талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан. Н.Тд холбогдох хэргийн хувьд насанд хүрээгүй хохирогч Д.М нь өөрөө гэмт халдлагад өртсөн тул нотлох баримтын анхдагч эх сурвалж болсон ба тухайн үед болсон үйл явдлын талаар хохирогч тодорхой, дэлгэрэнгүй мэдүүлгүүд мөрдөн шалгах ажиллагааны явцад хангалттай мэдүүлсэн.

Гэтэл шүүхээс насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлэгт огт ач холбогдол өгөлгүй, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн баримт гэх Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул багийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 0703 дугаартай албан бичиг, 2020 оны 5 сараас 9 сарын хооронд хөл нь хугарсан гэмтэлтэй байсан гэсэн амбулаториор эмчлүүлсэн карт мөн "Спинел констракшн" ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2 дугаартай тодорхойлолт зэргийг нотлох баримтаар үнэлэн Н.Тг 2020 оны 8 дугаар сард насанд хүрээгүй хохирогч Д.Мг хүчиндсэн гэх үйл баримт үгүйсгэгдэж байгаа талаар дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь: насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргаж өгсөн дээрх баримтууд үнэн зөв эсэх нь эргэлзээтэй байгаа талаар мөн тэр дундаас 2020 оны 5 сараас 9 сарын хооронд хөл хугарсан гэмтэлтэй байсан гэх амбулаториор эмчлүүлсэн карт нь Н.Тгийнх биш, хүүхдийн тавхайн зураг байгаа талаар тодорхой мэдүүлсэн. Гэтэл шүүхээс энэ үндэслэлүүдэд няцаалт өгөлгүй нотлох баримтаар үнэлэн шийдвэрлэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1-т "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ." гэж тодорхойлсон. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн баримт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж авсан нотлох баримт гэж үзэх боломжгүй байгаа юм. Гэтэл анхан шатны шүүхээс эдгээр баримтуудыг нотлох баримтаар тооцож, хэргийг зүйлчлэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй болсон гэж үзэх бас нэг үндэслэл болж байгаа юм. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Тгийн аав Р.Ня................. 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдөр гэрчээр мэдүүлэхдээ Н.Тг тойрон аялалд явсан гэх асуудлыг мэдүүлдэг боловч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргаж өгсөн баримтаар Н.Т нь "Спинел констракшн" ХХК-д туслах ажилтнаар ажиллаж байсан талаарх тодорхойлолтыг гаргаж өгсөн нь дээрх мэдүүлгээс эрс зөрүүтэй, эргэлзээтэй, бодит байдалтай нийцэхгүй байна гэж бидний зүгээс үзэж байгаа юм.

Хэрэгт авагдсан баримтуудаар тухайн хэрэг учрал болсон гэх 2020 оны 8 дугаар сард Р.Нямдоржийнхтой саахалт айл байсан талаар насанд хүрээгүй хохирогч Д.М болон түүний өвөө болох гэрч М.Балжинням давхар гэрчлэн мэдүүлсээр байтал шүүх уг мэдүүлэгт ач холбогдол өгөлгүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлээгүй баримт болох Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул багийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 0703 дугаартай албан бичгээр Р.Нямдорж, М.Балжинням нарыг айл саахалт байгаагүй гэж үзэн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй, ойлгомжгүй байгаа юм. Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг хөдөлбөргүй тогтооход хүрэлцэхүйц байх шаардлагыг хангасан эсэхэд дүгнэлт хийж, зөвхөн нотлох баримтад үндэслэж шийдвэрээ гаргах ёстой. Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаар Н.Тгийн гэм буруутайг нотолсон хангалттай баримтууд авагдсан байхад хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийжээ. Иймд хэрэгт авагдсан баримтуудад нэг бүрчлэн дүгнэлт хийж, тогтоолд дурдагдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй гэж үзэж байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

7.Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч О.С тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Өмгөөлөгч Э.Шинэцэцэг болон С.Дэлгэрмаа нарын гаргасан гомдлыг дэмжиж байна. Тус гомдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасны дагуу шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалд нийцээгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудад үндэслэн прокурор яллах дүгнэлт үйлдсэн боловч анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийн шаардлагыг зөрчиж, гол нөхцөл байдалд дүгнэлт хийлгүй орхигдуулсан гэж дурдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар бүлэгт заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримт, тэдгээрийг үнэлэх ажиллагаа анхан шатны шүүхийн шийдвэрт зүй ёсоор тусгагдаагүй.

Прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд яллах талын нотлох баримт болох насанд хүрээгүй хохирогчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн 4-5 удаагийн тогтвортой өгсөн мэдүүлэг, мөн гэрч н.Бурмаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О, гэрч н.Балжмаа, н.Балжинням нарын мэдүүлгүүд нь гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, үйл баримтыг тодорхойлсон, хэрэгт хамаарал бүхий нотлох баримтууд юм. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд эдгээр мэдүүлгүүдийг дамжмал гэж үгүйсгэсэн боловч, уг мэдүүлгүүд нь хэргийн үйл баримтыг сэргээн дүрсэлсэн, тодорхой нөхцөл байдал дээр үндэслэсэн, шууд өгсөн мэдүүлэг байсан. Жишээлбэл 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Төв аймгийн нутаг дэвсгэрт байрлах эмнэлгийн гадна талбайд Б.О, н.Бурмаа нар шүүгдэгч Н.Тгийн ээжтэй уулзаж, түүнийг хоёр удаа хүчиндсэн талаар ярьсан тухай мэдүүлэг өгсөн байдаг. Уг мэдүүлгийг хохирогч Д.М ч мөн адил мөрдөн шалгах ажиллагаанд удаа дараа тогтвортой мэдүүлж, эдгээр мэдүүлэг шинжээчийн дүгнэлтээр давхар нотлогдсон.

Гэтэл анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гаргаж өгсөн хөл хугарсан гэх баримтыг үгүйсгэсэн нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан байдаг. Тухайлбал, хавтаст хэргийн 50-51 дүгээр хуудсанд авагдсан баримтаас үзэхэд гэрч н.Нямдорж нь 2020 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 9 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл аялалд явсан талаар мэдүүлсэн. Шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан нотлох баримтаар бол 2020 оны 8 дугаар сард хүчиндүүлсэн гэх үед шүүгдэгч хөл нь “хугарсан” байсан гэдэг үйл баримтыг өгсөн боловч, энэ талаарх нотлох баримтыг анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо дутуу үнэлсэн. Мөн Төв аймгийн Засаг даргын гаргасан 2019-2022 оны шилжилт хөдөлгөөний лавлагаанд тухайн хугацаанд өөр сумын нутаг дэвсгэрт оршин сууж байсан гэж дурдагдсан байдаг. Энэ баримтыг хэн цуглуулж, хэрхэн бичүүлсэн, яагаад үнэлэгдсэн талаар тодорхой бус, тухайн лавлагаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж болохуйц нөхцөл байдлыг үгүйсгээгүй, бүр зарим тохиолдолд хуурамчаар үйлдсэн байж болохыг ч үгүйсгэхгүй. Иймд зүгээр нэг байгууллагын албан бланк ашиглан гаргасан баримтыг шүүх шууд үнэлж, нотлох баримтад тооцсон нь үндэслэлгүй байна.

Дээрх нөхцөл байдлууд, мөн хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн гэрчийн мэдүүлгүүдийг үндэслэлгүйгээр үгүйсгэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй. Түүнчлэн, хэргийн зүйлчлэлийг өөрчлөн хэрэглэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд дээрх нөхцөл байдлуудад үндэслэн давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэв.

8.Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Тухайлбал 2020 оны үйл баримтыг хэрэгсэхгүй болгож, 3 бичиг баримтыг үндэслэл болгосон нь үндэслэлгүй гэж үзэж байгаа бөгөөд санал нийлэхгүй байна. Үүнд:

1. Эмнэлгийн маягт буюу үйлчлүүлэгчийн дэвтэр гэж оруулж ирсэн баримт нь эмчийн тамга, тэмдэггүй байсан. Иймээс тухайн хүн тухайн үед эмнэлэгт үзүүлсэн гэдгийг нотлох боломжгүй. Би өөрөө эмч мэргэжилтэй. Тухайн рентген зураг нь 20 настай хүний хөл биш хүүхдийн хөл мэт харагддаг, ямар ч гэмтэлгүй, зүгээр л энгийн зураг байсан. Энэ нь тухайн баримтыг хуурамчаар үйлдсэн байх үндэслэлтэй гэж харагдаж байна. Харамсалтай нь шүүгч нар яагаад ийм баримтыг үндэслэл болгож хүлээн авсныг би ойлгоогүй.

 2. Би Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар багт бүртгэлтэй боловч Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт амьдардаг. Бүртгэлтэй газартаа биш өөр газарт оршин суудаг нь хэвийн үзэгдэл болсон. Гэтэл зөвхөн багийн бүртгэлийн тодорхойлолтыг үндэслэн тухайн хугацаанд тэнд байгаагүй гэж үзэх нь бодит байдалтай нийцэхгүй байна.

3. Ажлын газрын тодорхойлолттой холбоотой маргаан бий. Анхан шатны шүүх хуралдаан болж байх үеэр Н.Тгийн өмгөөлөгч болон Н.Т нар тухайн ажлын газрын тодорхойлолтын он, сар дээр маргалдаж байсан. Энэ нь өөрөө тухайн бичиг баримтыг хуурамчаар үйлдэх боломж, мэдэл тэдэнд байсныг илтгэж байсан. Хэрвээ үнэхээр 2020 онд ажиллаж байсан юм бол өнөөдөр бол дансаар цалин авдаг, байгууллагаас дансны хуулга гаргаж өгөх боломжтой. Би ч гэсэн хувийн бизнес эрхэлдэг хүний хувьд ажилчдадаа дансаар цалин олгодог. Бэлэн мөнгөөр цалин өгдөг газар өнөө цагт бараг байхгүй болсон. Тиймээс тухайн ажил олгогч байгууллагаас дансны хуулга, тайлан гаргуулж, үнэхээр ажиллаж байсан эсэхийг шалгаж болох байсан. Гэтэл тийм тодорхой баримт гаргаагүй хэр нь уг тодорхойлолтыг үндэслэл болгон 2020 оны гэмт үйлдлийг нь хэрэгсэхгүй болгосныг ойлгохгүй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэв. 

9.Шүүгдэгч Н.Тгийн өмгөөлөгч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Прокурорын эсэргүүцэлтэй холбогдуулан тайлбар хэлье.  Прокурорын эсэргүүцэл нь тодорхой бус, мөн яллах дүгнэлтээр 6 нотлох баримт оруулж ирсэн байна. Үүнд 4 хүний мэдүүлэг, мөн 2023 оны 7 дугаар сарын 17, 18-ны өдрийн шинжээчийн дүгнэлтүүд багтсан. Эдгээр нотлох баримтуудаар гэмт хэрэг буюу хүчиндсэн үйлдэл тогтоогдсон гэж үзсэн байна. Харин прокурор энэ эсэргүүцэлдээ шүүхийн шийдвэрийг няцаахдаа, "шүүхийн шийдвэр ойлгомжгүй" гэж бичсэн. Гэтэл шүүхийн шийдвэр нь маш ойлгомжтой байна. Мөн насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлэг болон бусад этгээдийн мэдүүлэг нь бичгийн нотлох баримтаар хангалттай нотлогдож байна гэж дүгнэсэн. Тэгвэл эдгээр 6 нотлох баримтын аль нь хангалттай гэж байгаа юм бэ. Прокурор үүнд тодорхой хууль зүйн дүгнэлт хийж, ямар үйл баримтаар тогтоосон талаар тайлбар хийгээгүй. Прокурор эдгээр нотлох баримтуудаар ямар үйл баримтыг шүүхэд тогтоож байгаа тухай тайлбарлаагүй. Өөр бусад нотлох баримт байгаа эсэх нь ч тодорхойгүй. Харин ч шүүх хэт нэг талыг барьсан гэж буруутгаж байгаа нь учир дутагдалтай байна. Нөгөө талаас прокурорын оруулж ирсэн нотлох баримтуудаас үзвэл хохирогч шүүгдэгчтэй байнга мессежээр харилцдаг, дууддаг байсан. Энэ хэрэг Н.Тгийн эхнэрийн зүгээс тавьсан асуудлаас болж илэрсэн гэдгийг шүүх тогтоосон. Энэ нь хэрэг гарах нөхцөл шалтгаан байсныг прокурор өөрөө сайн судалж, тайлбарласан. Гэтэл бичсэн мессежнүүд нь “...хаана байгаа юм бэ, ирэх болж байна уу, явуулсан зурвас дээр нь зүрх дарсан” гэх мэт байдаг. Хохирогчийг дарамталдаг байсан нотолгоо алга. Зүгээр л “намайг хүчиндсэн” гэж хэлсэн асуудал бол үнэлэмжгүй. Ийм тохиолдол зөндөө байдаг. Эдгээр үйл явдлын цаад учир шалтгааныг л тогтоох болохоос 6 нотлох баримтаар гэм бурууг бүрэн тогтоох боломжгүй юм. Прокурор сүүлд өмгөөлөгчийн зүгээс гаргаж өгсөн нотлох баримтуудтай холбоотой ямар ч дүгнэлт, эсэргүүцэл бичээгүй. Энэ нь өөрөө тэдгээр баримтыг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг. Мөн анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг гаргаж өгсөн боловч прокурор эдгээрт ямар ч үйл ажиллагаа хийлгэх, буцаах санал гаргаагүй, хуулийн хүрээнд олгогдсон боломжоо ашиглаагүй.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч С.Дэлгэрцэцэг, Э.Шинэцэцэг нарын гаргасан гомдлын тухайд тайлбар хэлье. Төв аймгийн Сэргэлэн сум болон Эрдэнэ сумын Засаг даргын гаргасан албан бичгийг бид эх хувиар нь шүүхэд гаргаж өгсөн. Үүнийг хуурамч эсэхийг дүгнэх эрх зөвхөн хууль хяналтын байгууллагад бий. Хэн нэгэн хуурамч гэж шууд дүгнэх боломжгүй. Мөн хөл хугарсан гэх мэдээлэл нь 2020 оны 5 дугаар сараас 9 дүгээр сарын хооронд гарсан гэмтлийн талаарх эмнэлгийн түүхтэй холбоотой бөгөөд энэ талаар бид баримт гаргаж өгсөн. Компанийн гаргасан тодорхойлолтыг ч мөн эх хувиар нь өгсөн. Харин бид эдгээр нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хууль ёсоор цуглуулж, шүүхэд гаргаж өгсөн. Өмгөөлөгч нарын зүгээс "хүүхдийн хөлийн тавхай" гэж дурдсан асуудал ч байна. Шүүх хуралдааны тэмдэглэлд "хүүхдийн тавхай" гэж дурдагдсан байдаг. Гэтэл энэ нь магадгүй тухайн үйлчлүүлэгчдэдээ таалагдах гэсэн оролдлого байсан уу, эсвэл техникийн алдаа байсан уу гэдгийг хэлж мэдэхгүй. Миний хувьд тухайн зургийг насанд хүрсэн хүний хөлийн зураг гэж харсан. Н.Тгийн хэрэг дээр ийм хэтрүүлэг, техникийн алдаа байж болох юм. Мөн шүүгдэгчийн гэм буруутай болох сүүлийн үйлдлийн талаар бид маргаагүй. Хэрэв тухайн үед үнэхээр бодит үйл явдал болсон бол тухайн үедээ илэрхийлэгдэх ёстой байснаас 2-3 жилийн дараа гарч ирэх нь эргэлзээ төрүүлдэг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалд нийцсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Хамгийн гол нь прокурор, эсвэл хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчдийн зүгээс дурдсан гэрч н.Бурмаа, н.Б.О, н.Балжинням нарын мэдүүлгүүд бүгд дамжмал шинжтэй, “хэн ингэж хэлсэн, тэр ингэж ярьсан” гэх байдлаар өгөгдсөн байдаг. Гэтэл эдгээр мэдүүлгээр гэм бурууг шууд тогтоож болохгүй. Тиймээс прокурорын зүгээс яллах дүгнэлт гаргахдаа тодорхой хууль зүйн үндэслэлтэй мэтгэлцэх шаардлагатай байсан гэж үзэж байна. Иймд прокурорын эсэргүүцэл, мөн насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Шинэцэцэг, С.Дэлгэрмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хангахгүй орхиж өгнө үү.” гэв.

10.Шүүгдэгч Н.Т тус шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбар байхгүй. Өмгөөлөгчтэйгөө санал нэг байна.” гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Тд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ прокурор Г.Эын бичсэн эсэргүүцэл, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч С.Дэлгэрмаа, Э.Шинэцэцэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

2. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж гараагүй байна.

3. Эрүүгийн хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд орших бөгөөд аливаа гэм буруутай хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, түүнд хүлээлгэх хариуцлагыг хууль ёсны зарчимд үндэслэн тодорхойлох ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцсэн байх учиртай.

4. Шүүгдэгч  Н.Тгийн холбогдсон Төв аймгийн Зуунмод сумын Зүүндэлгэр 4 дүгээр багийн нутагт 2020 оны 8 дугаар сард бага насны буюу 12 нас 5 сартай Д.Мгийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан бэлгийн харьцаанд орсон, мөн үргэлжилсэн үйлдлээр буюу тус аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг 19 дүгээр байрны 1-8 тоотод 2022 оны 5 дугаар сард 14 нас 2 сартай Д.Мгийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан бэлгийн харьцаанд орсон гэх хэргийг Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

5.Анхан шатны шүүхээс шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул багийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 07/03 дугаартай “ Рэнцэн овогтой Нямдорж тус багийн нутаг “Эх булагт” 2019-2022 онуудад нутаглаж байсан нь үнэн болохыг уламжлав гэсэн албан бичиг, шүүгдэгч Н.Тгийн амбулаториор эмчлүүлэгсдийн карт, “СПИНЕЛ КОНСРАКШН” ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2 дугаартай “Ончуул овогтой Нямдоржийн Тэмүүгээ нь 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл тус компанийн Вакум цонхны үйлдвэрт өдрийн 60,000 төгрөгийн цалинтай туслах ажилтнаар ажиллаж байсан нь үнэн болно” гэсэн тодорхойлолт зэргээр шүүгдэгч Н.Т нь 2020 оны 8 дугаар сард 12 нас 05 сартай насанд хүрээгүй хохирогч Д.Мг хүчиндсэн гэх тухайн цаг хугацаанд эцэг Нямдоржийнд байгаагүй гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...үйл баримтын буюу гэм буруугийн эргэлзээ гарвал ...шүүгдэгчид ...ашигтайгаар шийдвэрлэнэ” гэх үндэслэлээр Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Тд зүйлчилж ирүүлсэн хэргээс 2020 оны 8 дугаар сард 12 нас 05 сартай насанд хүрээгүй хохирогч Д.Мг хүчиндсэн гэх хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж, хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэжээ.

6.Анхан шатны шүүхээс хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж зүйчлэхдээ хийсэн дээрх дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцэхгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ.” гэж хуульчилсан.

Шүүх хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт, нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлэх бөгөөд ингэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримт цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах зэрэг аргаар нотлох баримтыг шалгадаг.

7.Анхан шатны шүүхэд шүүгдэгч Н.Т, түүний өмгөөлөгч Б.Б нарын гаргаж өгсөн Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул багийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 07/03 дугаартай албан бичиг нь шүүгдэгчийн эцэг Р.Нямдоржийнх тус багийн нутаг “Эх булагт” 2019-2022 онуудад нутаглаж байсныг, “СПИНЕЛ КОНСТРАКШН” ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2 дугаартай тодорхойлолт нь шүүгдэгч Н.Тг 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл тус компанийн Вакум цонхны үйлдвэрт өдрийн 60,000 төгрөгийн цалинтай туслах ажилтнаар ажиллаж байсан болохыг нотолсон баримт байна.

Өөрөөр хэлбэл, Р.Нямдоржийнх 2019-2022 онуудад хаана нутагладаг байсан, Н.Тг 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл ямар байгууллагад ажиллаж байсан талаар нотолсон болохоос 2020 оны 8 дугаар сард 12 нас 05 сартай байсан бага насны хохирогч Д.Мг хүчиндсэн гэх газар тухайн цаг хугацаанд буюу эцэг Нямдоржийн гэрт шүүгдэгч Н.Т байгаагүй гэдгийг шууд зааж нотолсон баримт гэж үзэх боломжгүй.  

Мөн шүүгдэгч Н.Тг 2019 онд хөл нь хугархай байсан талаарх амбулаториор эмчлүүлэгсдийн карт нь дээрх тэмдэглэл хэсэгт эмчийн тэмдэг дарагдаагүй /3хх-н 92/,  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О нь  “...миний охин Д.М 2020 оны зун Төв аймагт өвөө н.Балжинням эмээ н.Гэрэлмаа нартай Зуунмод сумын 4-р баг Зүүндэлгэрийн ам гэх газарт байдаг байсан. Би 7 хоногийн амралтын өдрөөр хөдөө гэртээ охин дээрээ ирдэг байсан. Тухайн үед Н.Т гэртээ байсан. Хөлөө гэмтээсэн гээд хазганаад явж байсан. 2020 оны зун Н.Т сургуулийнхаа зуны дадлагад яваагүй гэртээ байсан. Би хөдөө гэртээ байнга ирэн очин байдаг байсан болохоор сайн мэдэж байна...” /1хх-н 14/ гэж мэдүүлдэг боловч шүүх уг гэрчийн мэдүүлгийг гэмт хэрэг гарсан талаарх нөхцөл байдлыг мэдэх гэрч гэж үзэх боломжгүй талаар дүгнэсэн. 2019 онд Н.Тгийн хөл нь хугархай байсан зэрэг үйл баримтын буюу гэм буруугийн эргэлзээтэй байдлыг хэрхэн яаж үүсгэж байгаа нь ойлгомжгүй, энэ талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

Иймд анхан шатны шүүх шүүгдэгч Н.Тгийн холбогдсон гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэхдээ шүүх хуралдаан дээр шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас шинээр гаргаж өгсөн нотлох баримтуудыг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай хэрхэн харьцуулан шинжлэн судалсан эсэх, уг баримтын эх сурвалжийг хэрхэн магадалсан зэрэг нь тодорхойгүй байх тул шүүх хэрэгт цугларсан үйл баримтыг шалгаж үнэлэх талаарх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасан журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна.

8. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолдоо хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж, шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн үндэслэлээ тодорхой, ойлгомжтой заалгүйгээр түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1-т заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

9. Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхэд бичсэн прокурор Г.Эын ”...анхан шатны шүүхээс хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, насан хүрээгүй хохирогч болон гэрчийн мэдүүлгүүдийг хэрхэн няцааж, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж байгаа нь ойлгомжгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэх агуулгатай эсэргүүцэл, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Огийн өмгөөлөгч С.Дэлгэрмаа, Э.Шинэцэцэг нарын хамтран гаргасан “...хэрэгт авагдсан баримтуудад нэг бүрчлэн дүгнэлт хийж, тогтоолд дурдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй гэж үзэж байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү..." гэх агуулгатай давж заалдах гомдлыг хангаж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, мөн шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.  

10.Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэсэн тул шүүгдэгч Н.Тд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/140 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, прокурор Г.Эын бичсэн эсэргүүцэл, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Огийн өмгөөлөгч С.Дэлгэрмаа, Э.Шинэцэцэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Н.Тд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

           

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 А.ЦЭРЭНХАНД

                                 ШҮҮГЧИД                                  З.ТҮВШИНТӨГС

                                                                                    Р.МӨНХ-ЭРДЭНЭ