| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Рашзэвэгийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2434004520519 |
| Дугаар | 2025/ДШМ/48 |
| Огноо | 2025-06-25 |
| Зүйл хэсэг | 27.10.4.2., |
| Улсын яллагч | Б.Ц |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 2025/ДШМ/48
2025 6 25 2025/ДШМ/48
Х.Бд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Цэрэнханд даргалж, шүүгч З.Түвшинтөгс, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Б.Цогзолмаа,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч У.Х,
Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нарыг оролцуулан
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/172 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Агийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Х.Бд холбогдох эрүүгийн 2434004520519 дугаар хэргийг 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Монгол улсын иргэн, У..............хотод ......... .......... дүгээр сарын ...........-ны өдөр төрсөн, эрэгтэй, 40 настай, бүрэн дунд боловсролтой, автын засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-4, хүүхдүүдийн хамт У............ хот С........... дүүргийн .......... дугаар хороо............... тоотод оршин суух хаягтай, урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 458 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн, Х.......... овогт Х.-ын Б.........., /РД:................/.
2. Шүүгдэгч Х.Б нь 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын 02 дугаар багийн нутаг Улаанбаатараас Дундговь аймаг явах чиглэлийн хатуу хучилттай асфальтан замын 95 дахь километрийн шонгийн ойролцоо иргэн Д.Болдбаатарын эзэмшлийн 19-22 УБХ улсын дугаартай “Хино Ренжер” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь заалтыг зөрчиж эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд эсрэг урсгалд орж өөдөөс ирж явсан иргэн Д.Агийн жолоодож явсан 51-89 ӨМӨ улсын дугаартай Тоёота Приус-41 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, тээврийн хэрэгсэлд зорчиж явсан 25 настай эмэгтэй Г.Түвшинцэрэн, 5 настай эрэгтэй О.Очир-Эрдэнэ нарын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
Төв аймгийн прокурорын газраас Х.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
3. Анхан шатны шүүх: Шүүгдэгч Хвогт Х БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь нас хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар шүүгдэгч Хвогт Х Б тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг арван /10/ жилийн хугацаагаар хасаж, хоёр /2/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бд оногдуулсан хоёр жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 10 жилийн хугацаагаар хассан ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа тоолж,
Шүүгдэгч Х.Б нь оршуулгын зардалд 23,000,000 төгрөг, орон сууц хөлсөлсөн зардалд 9,000,000 төгрөг, сэтгэцэд учруулсан гэм хорын хохиролд 30,400,000 төгрөг, нийт төгрөгийг 62,400,000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ад, иргэний нэхэмжлэгч Б.Ганзоригт 28,000,000 төгрөгийг тус тус төлснийг дурдаж,
Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4-т зааснаар хүү О.Очирсугарын сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 198,000,000 төгрөгийг шүүгдэгч Х.Баас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Х.Баас 5,913,311 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сан дахь 100900020080 дугаартай дансанд төвлөрүүлж,
Эрүүгийн 2434004520519 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг ирээгүйг тус тус дурдаж,
Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар Батжаргалын Нарангэрэл, Батжаргалын Хонгорзул, Батжаргалын Отгонгэрэл нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилохыг Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгаж,
Шүүгдэгч Х.Бд оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,
Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.
4.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Агийн гаргасан давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх 2025/ШЦТ/172 дугаар тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Миний бие Г.Түвшинцэрэн, О.Очир-эрдэнэ нарын хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4-т зааснаар хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно гэж заасан. Би амь хохирогч Г.Түвшинцэрэнгийн төрсөн ээж, О.Очир-Эрдэнийн эмээ нь билээ. Г.Түвшинцэрэн, О.Очир-Эрдэнэ нар нь миний гэр бүлийн гишүүн тул Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4-т зааснаар шүүгдэгч Х.Баас 99,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Мөн Хөдөлмөр нийгмийн түншлэлийн гурван талт хорооны 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн хурлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 792,000 төгрөг болгохоор шийдвэрлэж, уг тогтоолыг 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрджээ. Иймд анхан шатны шүүхээс тогтоолыг дагаж мөрдөхгүйгээр шийдвэр гаргасанд иргэн би маш их гомдолтой байна. Иргэн Д.А миний бие О.Очир-Эрдэнийн хууль ёсны төлөөлөгчийн хувьд хууль ёсны төлөөлөгчийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1.1-т “эцэг, эх асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг тогтоохоор” хуульчилсан байна. Иргэн миний хувьд О.Очир-Эрдэнийн эмээ тул хууль ёсны төлөөлөгчийг буруу тогтоосон нь О.Очир-Эрдэнийн минь хууль ёсны эрх ашиг зөрчигдөж хамгаалагдаагүй гэж үзнэ.
О.Очир-Эрдэнийн төрсөн эцэг болох Б.Отгонбаатар нь 2022 оны 5 дугаар сард эхнэр болон хоёр хүүхдээсээ салсан. Түүнээс хойших цаг хугацаанд огт холбоогүй байсан нь хоёр хүүхдийнх нь эрх ашиг болон сэтгэл санаа ноцтойгоор зөрчигдөж, ялангуяа том хүү болох О.Очир-Эрдэнэ нь өдөр бүр гунигтай, бодолд дарагдан уйлж, аавыгаа нэхдэг, сэтгэл санааны гүн хямралд ордог байсан нь хүүхдийн эрх, эрхээ эдлэх боломжгүй нөхцөл байдал үүсэж байсан.
Миний охин Г.Түвшинцэрэн нь нөхөр байсан, хоёр хүүхдийн эцэг болох Б.Отгонбаатарын намар "Та гурваа ирж авна" гэсэн үгийг марталгүй, сэтгэл зүрхэндээ ихээр шаналдаг байсныг эх хүний хувьд бие сэтгэлээрээ мэдэрч маш их өрөвддөг байлаа. Бага хүү О.Очирсугар нь 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр төрсөн. Гэвч эцэг болох Б.Отгонбаатарыг эцгийгээ гэж огт мэдэхгүй. Эцэг болох Б.Отгонбаатар нь бага хүүтэйгээ ижил сар өдөртэй төрсөн нь ховор тохиолдол байдаг гэж тухайн үед билэгдээд баярлаж байлаа. Эцгийн холбоо тасрахаар үл барам 2022 оны 5 дугаар сараас хойш тухайн осол болох хүртэл хоёр хүүхэдтэйгээ ямар ч харилцаа холбоо байгаагүй нь ялангуяа том хүү болох О.Очир-Эрдэнийн эрх ашиг зөрчигдөж сэтгэл санааны гүн хямралд орсоор байсан нь хүүхдийн эрх зөрчигдөж байгаагийн том илрэл юм. Мөн шүүгдэгч Х.Б нь жолооч хүний хувийн зохион байгуулалт асар муу, Замын хөдөлгөөний дүрмийг ноцтойгоор зөрчиж, ахиад хэзээ ч олдохгүй хоёр сайхан үрийн минь алтан амийг авч одсон, аймшигт хар ослын улмаас миний охин болох Г.Түвшинцэрэн нь газар дээрээ алтан амь эрсдэж, том зээ минь амь нас нь дээсэн дөрөөн дээр үхлүүт, Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай мэс заслын тасагт тархины мэс засалд орон жаахан биедээ баймгүй маш их өвдөлтийг мэдэрч 5 хоногийн турш амьдрал үхэлтэй тэмцэлдэн аргагүйд хорвоогоос одсон. Энэ аймшигт осол ар гэр, ах дүү төрөл саданд нь хэзээ ч, юугаар ч нөхөж баршгүй харуусал шаналлыг авчирсны улмаас өнчрөн хоцорсон О.Очирсугарыг халамжлан хүмүүжүүлж өсгөх хариуцлагатай, үхэж үл болох, өвдөж үл болох, хүнд хэцүү үүрэг оногдсон.
Иргэн Д.А миний бие өдгөө 50 настай өнчирч үлдсэн нялх зээ минь тухайн үед хөхнөөсөө гараагүй, ээж болон ахаасаа харамсалтайгаар хагацан өнчирч хоцорсон нь миний хувьд маш харуусал гомдолтой байна. Энэ хүүхдийг эрүүл саруул бойжуулж эрдэм боловсролтой сайн хүн болгон өсгөх нь миний үүрэг хариуцлага боловч өөрийнхөө эрүүл мэндэд итгэлгүй байна. Учир нь зүрх судасны төрөлхийн өвчтэй. Ослын улмаас эмнэлгийн дүгнэлтээр битүү бэртэл авч биед хаа сайгүй зөөлөн эдийн гэмтэлтэй гэж гарсан. Битүү гэмтэл нь хожим нь илрэх хор уршиг өндөр магадлалтай гэсэн эмчийн дүгнэлт гарсан. Ослоос улбаатай эрүүл мэндийн байдал доройтож ойрхон давтамжтай даралт ихсэх, хараа бүдгэрч, ухаан санаа орж гаран богино хугацаанд ой санамжаа алдаад барьсан тавьснаа мартах үйлдэл нь ойр ойрхон давтагдах болсон. Мөн сэтгэл санаа урт хугацаагаар хямарсны хор нөлөөгөөр элэг болон ходоод нэлээдгүй үрэвсэж хоол ундаа шингээх чадвар эрс муудсан. Өөр ямар өвчин биед илэрхийг хэлж мэдэхгүй байна. Урьд өмнө нь биеийн эсэргүүцэл сайн хамрын ханиад ч хүрэх нь тун ховор байсан ба аймшигт ковид ч тусаагүй нь эрүүл мэндийн байгууллагад тэмдэглэгдэн үлдсэн.
Иймд анхан шатны шүүхээс хоёр хүний амь нас харамсалтайгаар хохироод зогсохгүй, хоёр үрийн минь ирээдүй, хүсэл мөрөөдөл, аз жаргал бүгд хормын төдийд замхран алга болсон. Мөн хоёр хүний сэтгэцэд учирсан хохирлыг шийдвэрлэх ёстой. Амь хохирогч /О.Очир-Эрдэнэ, Г.Түвшинцэрэн/ ээж нь мөн эмээ нь болох иргэн Д.А, зээ хүү О.Очирсугар нарын сэтгэцэд учирсан хохирлыг хянаж өгнө үү. Шүүгдэгч Х.Бын эрүүгийн хариуцлагад гомдол хязгааргүй, анхан шатны шүүхээс эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэж үзсэн. Шүүгдэгч Х.Б нь өмнө гэмт хэрэг үйлдэж шүүхээр гэм буруутайд тооцогдож байсан болно. Гэмт хэргийг нотлоход дэмжлэг огт үзүүлээгүй, үзүүлсэн нотлох баримт байхгүй байхад хохирогч талыг харгалзан үзэлгүйгээр хоёр хүний амь нас харамсалтайгаар хохирч, тухайн ослын үед хөхнөөсөө гараагүй байсан хоёр ойтой хүү минь эмгэнэлтэйгээр өнчрөн хоцорсон нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй шүүгдэгч Х.Быг гэм буруутайд тооцсон зүйл хэсэгт зааснаар оногдуулах ялын доод хэмжээ буюу 2 жилийн хорих ял оногдуулсанд нэн гомдолтой байна. Тухайн ослын үед хоёр настай зээ маань юм ярьдаг хэлд орсон байсан боловч ослын улмаас сэтгэл санааны гүн цочролд орж одоог хүртэл юм ярихгүй, уур уцаартай дохиогоор ярьдаг. Хойшид хэлд орно байх гэдэг горьдлого байгаа ч гомдолтой байна.” гэв.
5. Прокурор Б.Цогзолмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм бурууд тохирсон ял оногдуулсан байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч У.Х давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул хүчингүй болгож өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Х.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Агийн гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
1. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон, шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог.
Шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, бусад хуулийн заалтыг чанд сахих нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчим, агуулгад нийцнэ.
2. Төв аймгийн прокурорын газраас Х.Бд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд ирүүлсэн байдаг.
3.Анхан шатны шүүх “...шүүгдэгч Х.Б нь 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын 02 дугаар багийн нутаг Улаанбаатараас-Дундговь аймаг явах чиглэлийн хатуу хучилттай асфальтан замын 95 дахь километрийн шонгийн ойролцоо иргэн Д.Болдбаатарын эзэмшлийн 19-22 УБХ улсын дугаартай Хино ренжер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь заалтыг зөрчиж эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд эсрэг урсгалд орж өөдөөс ирж явсан иргэн Д.Агийн жолоодож явсан 51-89 ӨМӨ улсын дугаартай Тоёота Приус-41 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, тээврийн хэрэгсэлд зорчиж явсан 25 настай эмэгтэй Г.Түвшинцэрэн, 5 настай эрэгтэй О.Очир-Эрдэнэ нарын амь насыг хохироосон...” үйл баримт буюу гэмт хэргийн нөхцөл байдал тогтоогдсон түүнийг “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь нас хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 10 /арван/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэхдээ “...шүүгдэгч Х.Бын гэм буруутайд тооцсон зүйл хэсэгт зааснаар оногдуулах ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулж, эдлэх ялыг түүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов...” гэсэн дүгнэлт хийжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан гэмт хэргийн санкци буюу ялын төрөл хэмжээ нь тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг найман жилээс дээш арван хоёр жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3.1-т заасан шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэсэгт “...эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэл”-ийг тусгана гэсэн шаардлагыг хангаагүй байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-т заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн зөрчил байна.
Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч Х.Бд эрх хасах ял оногдуулахдаа хуульд заасан хэмжээний дотор оногдуулж байгаа эсэхээ дүгнээгүй атлаа тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 10 /арван/ жилийн хугацаагаар хасах ял оногдуулж байгаа нь ойлгомжгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаж чадахгүй байна.
4. Анхан шатны шүүх шүүгдэгч Х.Быг гэм буруутайд тооцсон зүйл хэсэгт зааснаар оногдуулах ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулахдаа “...мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдал, ...хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А, ...нарын хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан...” гэж дүгнэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.
4.1. Шүүгдэгч Х.Бын мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхээр шүүх дүгнэсэн байх боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон ямар нөхцөл байдлыг дээрх нөхцөл байдалд хамааруулан үзсэн нь тодорхойгүй байна.
4.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцдог. Амь нас гэдэг бол биологийн үүднээс хүн төрөхөөс үхэх хүртэл оршин тогтнох чадавх бөгөөд цорын ганц удаагийн шинжтэй, дахин давтагдахгүй, өөр юугаар ч орлуулж үл болох зүйл юм.
Одоогоор Монгол Улсад хүний амь насны хохирлыг үнэлэх хуулийн зохицуулалт байхгүй бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан тохиолдолд түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд зааснаар шүүхээс тогтоохоор хуульчилсан.
Хэрэгт авагдсан баримтаар эрүүгийн хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон Д.Агийн сэтгэцэд учирсан учирсан хохиролд 30,400,000 төгрөгийг шүүгдэгч Х.Б төлсөн байна.
5. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог. Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.
Шийтгэх тогтоолд анхан шатны шүүх шүүгдэгч Х.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэж үзсэн. Ингэхдээ дээрх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.
Мөн хавтаст хэрэгт шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн гэх байдал тогтоогдоогүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас 2 хүний амь нас хохирсон нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Монгол Улсын иргэн амьд явах эрхтэй гэсэн үндсэн эрх, эрх чөлөө ноцтой зөрчигдсөн байна.
Эдгээрээс үзэхэд шүүгдэгч Х.Бд анхан шатны шүүхээс хүлээлгэсэн эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчим нийцэхгүй байна.
6. Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Агийн гаргасан “...гэм хорын хохиролд 99,000,000 төгрөг гаргуулж өгнө үү. Анхан шатны шүүх шүүгдэгч Х.Бд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Гэмт хэргийг нотлоход тэрээр дэмжлэг огт үзүүлээгүй, үзүүлсэн нотлох баримт байхгүй. Шүүгдэгч Х.Быг гэм буруутайд тооцсон зүйл, хэсэгт зааснаар оногдуулах ялын доод хэмжээ буюу 2 жилийн хорих ял оногдуулсанд маш их гомдолтой...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгон дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд нь буцаах зүйтэй гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.
Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож мөн шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Х.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/172 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Агийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Х.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЦЭРЭНХАНД
ШҮҮГЧИД З.ТҮВШИНТӨГС
Р.МӨНХ-ЭРДЭНЭ