Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 210/ма2018/00543

 

 

 

 

 

 

 

 

 

Ш.Баньдсүрэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2017/03454 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ш.Баньдсүрэнгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Дашдэлгэрт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 15 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ш.Оюумаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Дашдэлгэрт 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүртэл 1 сарын хугацаатай 10 000 000 төгрөгийг 7 хувийн хүүтэй зээлүүлсэн. Б.Дашдэлгэр нь энэ хугацаанд 2 100 000 төгрөг төлсөн. Мөн 11 дүгээр сар хүртэл хүү төлсөн ба 12 сараас гэрээг шинэчилж 2017 оны 12 сарын 20-ны өдрөөс 2017 оны 6 сарын 20-ны өдөр хүртэл 6 сарын хугацаатай, 6 хувийн хүүтэй гэрээ байгуулсан боловч энэ хугацаанд ямар ч хүү төлөөгүй. Харин 10 дугаар сарын 17-ны өдөр 1 000 000 төгрөг өгсөн. 2016 оны 12 дугаар сараас 2017 оны 9 дүгээр сар хүртэл 10 сарын хүү нийт 6 000 000 төгрөг болсон байна. Иймд үндсэн зээл 9 000 000 төгрөг, зээлийн хүү 6 000 000 төгрөг, нийт 15 000 000 төгрөгийг Б.Дашдэлгэрээс гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Зээлийн гэрээний дагуу Ш.Баньдсүрэнгийн Хаан банк дах 5081009693 тоот дансанд 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 9, 10, 11 сарын хүүд нийт 2 100 000 төгрөг хийсэн. Гэтэл Баньдсүрэн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр намайг дуудаж дахин гэрээ хийх шаардлагатай байна, гэрээгээ шинэчилье гээд 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр зээлсэн 10 000 000 төгрөгийн гэрээг шинэчлэн дахин зээлийн гэрээ байгуулж, 10 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, 6 хувийн хүүтэй гэж бичсэн. Энэхүү гэрээг нотариатч мэдэж байсан учир бэлэн мөнгө хүлээлцсэн баримтаа хийгээрэй гэж хэлж байсан. Миний бие Ш.Баньдсүрэнгээс 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 10 000 000 төгрөгийг 1 удаа зээлж авсан, 2016 оны 12 сарын 20-ны өдрийн зээлийн гэрээгээр мөнгө аваагүй тул хүү болох 6 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 1 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн. Мөн хүүд төлсөн 2 100 000 төгрөгийг үндсэн зээлээс хасч 6 900 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-д зааснаар хариуцагч Б.Дашдэлгэрээс 12 600 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Баньдсүрэнд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 400 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Дашдэлгэрээс 216 550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Баньдсүрэнд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Дашдэлгэр, Баньдсүрэн нар нь 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 1 сарын хугацаатай, 7 хувийн хүүтэй, 10 000 000 төгрөг зээлсэн зээлийн гэрээ байгуулж, энэ гэрээний дагуу Дашдэлгэр нь 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 700 000 төгрөг төлсөн. Гэтэл шүүх уг гэрээнд ямар нэгэн дүгнэлт өгөлгүйгээр тус гэрээнд илүү төлсөн буюу 9, 10, 11 сарын хүү болох 2 100 000 төгрөгийг нийт нэхэмжилсэн хүүнээс хасч тооцсон нь буруу байна. 2016 оны 12 дугаар сарын 20-ны гэрээгээр зээлдэгчид мөнгө шилжүүлээгүй гэдэг нь нотлогдсон байдаг. Мөн шүүх хуралд Баньдсүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ...мөнгө төлөх боломжгүй болж, дахин гэрээ хийсэн гэж тайлбарласан байдаг. Тиймээс 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн гэрээгээр Б.Дашдэлгэрт мөнгө өгөөгүй гэдгийг нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар яриад байхад шүүх уг гэрээг хүчин төгөлдөр хэлцэл гэж дүгнэн, хүү тооцож гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, төлөх төлбөрийг багасгаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ш.Баньдсүрэн нь хариуцагч Б.Дашдэлгэрт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9 000 000 төгрөг, хүү 6 000 000 төгрөг, нийт 15 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч 6 900 000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Шүүх зохигчдын хооронд байгуулсан гэрээний эрх зүйн харилцааг зөв тодорхойлж Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ гэж дүгнэлт хийсэн нь үндэслэлтэй байна.

 

Харин анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ тооцооллын хувьд алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх боломжтой гэж үзэв.

 

Талууд 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь 10 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 7 хувийн хүүтэйгээр хариуцагчид зээлдүүлэхээр харилцан тохиролцсон байх боловч 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд уг гэрээг сунгасан, хүү тооцохоор тохиролцсон талаарх бичгийн баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Хариуцагч Б.Дашдэлгэр нь дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2 100 000 төгрөгийг төлсөн талаар талууд маргаагүй байх тул зээлийн хүүд 700 000 төгрөгийг, 1 400 000 төгрөгийг үндсэн зээлээс тус тус хасч тооцож, зээлийн үлдэгдэл 8 600 000 төгрөг байсан гэж үзнэ. /хх 11/

 

2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр талууд дахин зээлийн гэрээ байгуулсан байх ба уг гэрээгээр зээлийн үнийн дүнг 10 000 000 төгрөг гэж тусгасан боловч бодитойгоор зээлийн төлбөрийг 8 600 000 төгрөг байсан гэж үзлээ. Үүнээс зээлийн гэрээний нөхцөл болох 6 хувийн хүүг, 6 сарын хугацаагаар тооцож үзвэл /8 600 000 : 6 хувь = 516 000 х 6 сар/ 3 096 000 төгрөг болж байх тул хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 11 696 000 төгрөг төлөх үүрэгтэйгээс зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш нэхэмжлэгчид 1 000 000 төгрөг төлснийг хасч, нийт 10 696 000 төгрөгийг хариуцагч Б.Дашдэлгэрээс гаргуулж нэхэмжлэгч Ш.Баньдсүрэнд олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт тус тус заасантай нийцнэ./хх 12/

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв..

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2017/03454 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 12 600 000 гэснийг 10 696 000 гэж, 2 400 000 гэснийг 4 031 000 гэж,

 

тогтоох хэсгийн 2 дах заалтын 216 550 гэснийг 186 086 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Дашдэлгэр давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 216 550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Д.ЦОГТСАЙХАН