Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 160

 

С.Г-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, шүүгдэгч С.Г-, түүний өмгөөлөгч Б.Баярмагнай, хохирогч О.Б-, иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.М-, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 318 дугаар шийтгэх тогтоол, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01 дүгээр магадлалтай, С.Г-т холбогдох 1934000350071 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1987 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, С.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүнд, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч С.Г-ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүнд, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 3 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаатай хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор И.Мөнхцэцэг бичсэн эсэргүүцэлдээ “... Яллагдагч С.Г- нь Төв аймгийн ... сумын ... дугаар багийн нутаг Тахилтын давааны өвөр гэх газар Улаанбаатар хотоос Дархан-Уул аймаг руу чиглэлтэй хатуу хучилттай асфальтан замын ... дугаар километрийн заалтын шонгийн орчим 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр .... улсын дугаартай “...” загварын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д зааснаар “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино.” гэсэн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас ... улсын дугаартай саарал өнгийн “...” загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж иргэн О.Э эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэн М.Э-гийн эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

...Анхан шатны шүүх хянан хэлэлцээд шүүгдэгч С.Г-ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, шүүгдэгчээс хохирогч иргэний нэхэмжлэгч нарт хохирол төлбөрийг гаргуулахаар тус тус шийдвэрлэснийг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнайгийн гаргасан гомдлоор тус аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

Учир нь С.Г-т холбогдох хэрэгт тус аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Жаргал нь мөрдөн шалгах ажиллагаа явуулж байхад түүний төрсөн ах болох өмгөөлөгч Б.Баярмагнай нь яллагдагч С.Г-ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахаар өмгөөлөгчөөр оролцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар мөрдөгч Б.Жаргалыг тухайн хэргээс татгалзан гаргах үндэслэл болохгүй юм.

Мөрдөгч цагдаагийн дэслэгч Ч.Батбаатар мөрдөн шалгах ажиллагааг явуулж дууссаны дараа яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, өмгөөлөгч нарт хавтаст хэргийн материалтай танилцах талаар мөрдөгч, прокурор удаа дараа мэдэгдсээр атал яллагдагчийн өмгөөлөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2.9-д заасан хуульд заасан эрхээ хэрэгжүүлээгүй байна.

Б.М- нь ....улсын дугаартай “...” загварын тээврийн хэрэгслийн хууль ёсны эзэмшигч болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлд зааснаар иргэний нэхэмжлэгчээр, мөн хуулийн 8.6 дугаар зүйлд зааснаар иргэний хариуцагчаар тус тус тогтоосон болно.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээ бусдад шилжүүлсэн үйлдэл, түүнээс үүдэн гарсан гэм хортой холбоотой хохирлыг хариуцан арилгах үүргийг хүлээхээр хуульчилснаас Б.М-ийг иргэний хариуцагчаар тогтоосон байна.

Иймд Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01 дугаартай магадлалыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэл гаргаж байна” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Д.Дамдинсүрэн гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Магадлалыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахад Б.Баярмагнай өмгөөлөгчөөр оролцоогүй, прокурор яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэх үеэс өмгөөлөгчөөр оролцсон болох нь хэрэгт авагдсан баримтаас харагдаж байна. Иймд мөрдөгч Б.Жаргалыг тухайн хэргээс татгалзан гаргах үндэслэл болохгүй. Эхний удаа шүүхээс буцах үед мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ч.Батбаатар мөрдөн шалгах ажиллагааг явуулж дууссаны дараа яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, өмгөөлөгч нарт хавтаст хэргийн материалтай танилцах талаар мөрдөгч, прокурор удаа дараа мэдэгдсээр атал яллагдагчийн өмгөөлөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2.9 дэх хэсэгт заасан хуульд заасан эрхээ хэрэгжүүлээгүй байна. Өмгөөлөгч Б.Баярмагнай шүүгдэгчтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан нь хэрэгт авагдсан. Б. М нь ..... улсын дугаартай “....” загварын тээврийн хэрэгслийн хууль ёсны эзэмшигч болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлд зааснаар иргэний нэхэмжлэгчээр, мөн хуулийн 8.6 дугаар зүйлд зааснаар иргэний хариуцагчаар тогтоосон. Мөн Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээ бусдад шилжүүлсэн үйлдэл, түүнээс үүдэн гарсан гэм хортой холбоотой хохирлыг хариуцан арилгах үүргийг хүлээхээр хуульчилснаас Б.М-ийг иргэний хариуцагчаар тогтоосон нь хууль зөрчөөгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай хэлсэн саналдаа “... Мөрдөн шалгах ажиллагаа болон анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг маш ноцтой зөрчсөн. Прокурорын эсэргүүцэлд шүүгдэгчийн өмгөөлөгч, мөрдөгчтэй холбоотой асуудал бий. Шүүгдэгч нь Үндсэн хуульд заасны дагуу өмгөөлөгчөө сонгож, гэрээг албан ёсоор хэргийн материалд хавсаргах явцад шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс дээрх нөхцөл байдлыг мэдсэн даруйд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу прокурорт хүсэлт гаргасан боловч тодорхой хариу өгөөгүй. Мөн “өөр өмгөөлөгч ав” гэж шүүгдэгчийг дарамталсан асуудал байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар дээрх нөхцөл байдалд мөрдөгч өөрөө татгалзах ёстой буюу өмгөөлөгчөөр оролцож болохгүй зохицуулалтад хамаарахгүй. Шүүгдэгчтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулснаас хойш буюу яллагдагчаар татсанаас хойш олон ажиллагаа хийгдсэн. Энэ асуудлаар давж заалдах шатны шүүх зөв дүгнэлт хийсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгчийг хэргийн материалтай танилцахгүй зугтсан, танилцуулах гэтэл ирээгүй гэж ярьж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт мөрдөгч мөрдөн шалгах бүх ажиллагааг хийж дууссан, хэргийн бодит байдлыг бүрэн нотолж тогтоосон гэж үзвэл яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид хавтаст хэргийн материалтай танилцахыг мэдэгдэнэ гэж заасан. Гэтэл надад хэргийн материалтай танилцахыг мэдэгдсэн баримт байхгүй. Өмгөөлөгчийн зүгээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг зарлуулсан бөгөөд хэргийн материалтай танилцуулаагүй асуудлаар дүгнэлт хийхгүй явсан асуудал бий. Мөрдөн шалгах ажиллагааны явцад “Тайгын булаг” ХХК-ийг иргэний хариуцагчаар тогтоолгох хүсэлтийг удаа дараа гаргасан боловч хүлээж аваагүй. Шүүх хуралдааны явцад шүүгчийн захирамжаар иргэний хариуцагчаар татсан. Гэвч зээлийн гэрээтэй холбоотой асуудал байсан учир заавал прокурорт шилжүүлж шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан боловч мөн хүлээж аваагүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчсөн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон магадлалыг дэмжиж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Прокурорын эсэргүүцлийг үндэслэн С.Г-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу бүрэн хянаж үзлээ.

Шүүх хэргийг хянан шийдвэрлээд шийтгэх болон цагаатгах аль ч шийдвэрийг гаргаж болох боловч ийнхүү үр дүнд хүрэхийн тулд туулсан процесс ажиллагаа нь хуулиар тогтоосон журмаас гажиж, түүнийг зөрчиж болохгүй. Хэрэв ийнхүү зөрчигдсөн тохиолдолд уг нотлох баримтыг шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ  ашиглаж болохгүй гэдгийг хууль тогтоогчоос хэм хэмжээ тогтоож, хуульчилж өгсөн байна.

С.Г-т холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааг мөрдөгч Б.Жаргал явуулж байх явцад түүний төрсөн ах гэх Б.Баярмагнай яллагдагчийн өмгөөлөгчөөр сонгогдож, хэргийн ажиллагаанд санал, хүсэлт гаргах, танилцах байдлаар оролцож эхэлсэн байх бөгөөд энэхүү тохиолдолд мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагаанаас заавал татгалзах үүрэгтэй байжээ.

Энэхүү нөхцөл байдлыг мөрдөгч өөрөө мэдээгүй гэж үзэх ямар ч үндэслэлгүй бөгөөд хэргийн материалаас харахад мөрдөгч, өмгөөлөгч /ах, дүү нар/ хоёр зэрэгцэн ажиллаж байсан нь тодорхой харагдаж байна.

Дээрх нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэж, засах боломжгүй ажиллагаа гэж үзэн хэрэгт дахин хуульд заасан журмын дагуу ажиллагаа хийлгэхээр буцаасан нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болжээ.

Өөрөөр хэлбэл өмгөөлөгч Б.Баярмагнай мөрдөн шалгах ажиллагааны оролцогч болж эхэлснээс хойших цаг хугацаанд түүний дүү, мөрдөгч Б.Жаргалын хийсэн бүх ажиллагааг хүчингүй болгож, хийгдвэл зохих ажиллагааг хууль ёсны дагуу явуулах нь зүйтэй.

Энэхүү зөрчил нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад шууд хамаарах ноцтой зөрчил тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл болсон байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01 дүгээр магадлалыг хэвээр үлдээсүгэй.

2. Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

                                              ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                            Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                      Б.БАТЦЭРЭН

                                                                                                                      Д.ГАНЗОРИГ

                                                                                                                     Ч.ХОСБАЯР