Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Чулууны Тунгалаг |
Хэргийн индекс | 118/2019/0009/З |
Дугаар | 127 |
Огноо | 2020-04-15 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 127
Д.Э-ы нэхэмжлэлтэй, Завхан
аймгийн Засаг даргад холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь
Шүүгчид: Г.Банзрагч
Б.Мөнхтуяа
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Ч.Тунгалаг
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,
Нэхэмжлэлийн шаардлага: Завхан аймгийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/76 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох, намайг Завхан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгал, хүн амын орлогын албан татварыг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгүүлэх
Завхан аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 118/ШШ2019/0024 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 49 дүгээр магадлал,
Шүүх хуралдаанд оролцогч:
Нэхэмжлэгч Д.Э, түүний өмгөөлөгч Т.А,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Д,
Гуравдагч этгээд Б.М
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр:
1. Завхан аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 118/ШШ2019/0024 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5, 47.1.6, 47.1.7 дахь хэсгүүдэд заасныг баримтлан Завхан аймгийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/76 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох, Завхан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгал, хүн амын орлогын албан татварыг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлоор хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хянан хэлэлцээд 49 дүгээр магадлалаар: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 24 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Долгорсүрэнгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Д хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Завхан аймгийн Засаг дарга нь Д.Э-ыг ажлаас чөлөөлөхдөө Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 30-р зүйлийн 30.1.10, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16-р зүйлийн 2-ын 6 дахь хэсэгт тус тус зааснаар Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөөгүй нь тухайн захиргааны актын засаж болохгүй алдаа юм. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх нь энэ талаар дүгнэхдээ “ажилтан өөрөө ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан тохиолдолд заавал зөвшилцөх шаардлагагүй юм” гэж дүгнэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16.2-р зүйлийн 16.2.6 дахь хэсгийн зохицуулалттай холбогдуулан тухайн чөлөөлөгдөх гэж буй албан тушаалтан өөрөө чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн тохиолдолд зөвшилцөхгүй байж болох талаар заагаагүй байна. Өөрөөр хэлбэл, тухайн чөлөөлөгдөх гэж буй албан тушаалтан өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан эсэхээс үл хамаарч тухайн хуулийн заалт заавал хэрэгжих учиртай гэж үзэж байна. Учир нь хууль тогтоомж нь заавал биелэгдэх шинж чанартай байдаг.
4. Засаг дарга нь Д.Э-ыг чөлөөлөхдөө Байгаль орчны тухай хуулийн 16.2-р зүйлийн 16.2.6 дахь хэсэгт зааснаар яамтай зөвшилцөөгүй нь тухайн захиргааны актын засаж болохгүй алдаа бөгөөд энэ үндэслэлээр маргаан бүхий Завхан аймгийн Засаг даргын 2017.06.21-ний өдрийн Б/76 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” захирамж илт хууль бус болох үндэслэлтэй юм.
5. Анхан шатны шүүх Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4-р зүйлийн 4.1-д зааснаар тэтгэвэр тогтоолгох насыг 60 нас гэж дүгнэсэнтэй санал нийлж байгаа хэдий ч хариуцагч байгууллага нь 60 нас хүрээгүй төрийн албан хаагчийг тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэж үзээд чөлөөлсөн нь буруу гээд энэхүү үндэслэл нь тухайн захиргааны актыг хууль бус гэж үзэх үндэслэл бөгөөд илт хууль бус гэж үзэхгүй гэснийг үндэслэлгүй гэж үзэж байна.
6. Мөн Давж заалдах шатны шүүх энэ талаар дүгнэхдээ “...өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн нэхэмжлэгчийг өөрийнх нь 2017.06.21-ний өдөр гаргасан хүсэлтийг үндэслэн Төрийн албаны тухай хуулийн 24.1.1-д заасны дагуу төрийн албанаас чөлөөлснийг илт хууль бус гэж үзэхээргүй байна” гэж дүгнэснийг мөн хүлээн зөвшөөрөхгүй байна.
7. Нэхэмжлэгч Д.Э нь 2017.06.21-ний өдөр ажлаас чөлөөлөгдөхдөө 55 нас, 1 хоногтой байсан. Төрийн албаны тухай хуулийн 24.1.1-д заасан “тэтгэвэр тогтоолгох нас” гэдгийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4.1-д заасан “60 нас” гэж ойлгохоор байна гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд 60 нас буюу тэтгэвэр тогтоолгох насанд хүрээгүй хүнийг Төрийн албаны тухай хуулийн 24.1.1-д заасны дагуу тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр чөлөөлсөн нь маргаан бүхий захиргааны актын засаж болохооргүй алдаа бөгөөд энэ нь тухайн захиргааны актын илт хууль бус болох үндэслэлд хамаарна. Мөн нэхэмжлэгч нь 2017.06.21-ний өдрийн ажлаас чөлөөлөгдөхдөө бичиж өгсөн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хариуцагч байгууллагын дарамт шахалтын үүднээс бичиж өгсөн гэж маргаж байхад анхан болон давж заалдах шатны шүүх нь Нэхэмжлэгчийн хүсэл зоригийн илэрхийллийг огт харгалзан үзэлгүйгээр шийдвэрээ гаргасанд гомдолтой байна.
8. Иймд дээрхи үндэслэлүүдээр Завхан аймгийн Засаг даргын 2017.06.21-ний өдрийн Б/76-р захирамж нь илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлтэй байхад анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж шийдвэрлэсэн байх тул Завхан аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019.11.18-ны өдрийн 118/ШШ2019/0024 тоот шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.01.16-ны өдрийн 49 тоот магадлалыг тус тус хүчингүй болгож. нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
9. Завхан аймгийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Б/76 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа,нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасныг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Д.Э-ыг тэтгэвэрт гарах насанд хүрч өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдөл ирүүлсэн гэж үүрэгт ажлаас нь чөлөөлсөн, нэхэмжлэгчээс “...шахалт дарамт гуйлт хийсээр байгаад өргөдөл бичүүлсэн, ... захирамж бодит байдалд хэрэгжих боломжгүй, би одоо 57 настай, тэтгэвэрт гарах насанд хүрээгүй, ...захирамжид зааснаар 36 сарын тэтгэмж авах ёстой ч дутуу олгож, үлдсэнийг өдийг хүртэл өгөөгүй, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.7-д заасан илт хууль захирамж гаргасан” гэх зэргээр маргажээ.
10. Нэхэмжлэгч Д.Э- нь 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Завхан аймгийн Засаг даргад “...би 2017.6.21-нд тэтгэвэрт гарах нас болсон тул БОАЖГ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөлж өгнө үү” гэх өргөдөл бичих үедээ 55 настай байсан, 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр анх аймгийн Нийгмийн даатгалын тасагт “өндөр насны тэтгэвэр тогтоолгох”-оор хандаж, 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр буюу 56 нас 9 сартай байхдаа хөдөлмөрийн “хүнд” нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон, малын их эмчээр ажиллаж байсан хугацаа нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3-ын 3-т заасны дагуу хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох болзлыг хангасан үйл баримтуудтай хэргийн оролцогчид маргаагүй байна.
11. Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө: 24.1.1.тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн;”, 24.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана. ... Төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц болон төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл үргэлжлүүлэн ажиллуулахаар тогтоосон хугацаа дуусмагц төрийн албанаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргаагүй нь захиргааны санаачлагаар түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй”, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д “даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно” /уг зүйл, хэсэгт 2017 оны 04 дүгээр сарын 14, 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулиудаар нэмэлт өөрчлөлт тус тус орсон/ гэж тус тус зааснаас үзэхэд, төрийн жинхэнэ албанд ажиллаж байгаа төрийн албан хаагчийн хаагч /эрэгтэй/-ийн өндөр насны тэтгэвэрт гарах нас 60 байна.
12. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, Д.Э- нь хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр ажиллаж байсан хугацааг оролцуулан “өндөр насны тэтгэвэр”-т гарах хүсэлтээ илэрхийлээгүй нь тогтоогдсон, иймээс, төрийн жинхэнэ албан хаагчаар ажиллаж, эрх зүйн байдал нь Төрийн албаны тухай хуулийн дагуу тодорхойлогдож байсан этгээдийн хувьд төрийн албанаас “өндөр насны тэтгэвэр гарах” үндэслэлээр чөлөөлөгдөх болзол, шаардлагыг хангахгүй байсан гэж үзнэ.
13. Иймд, маргаан бүхий захиргааны актад үндэслэсэн Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн” гэх хуулийн үндэслэл байгаагүй, өөрөөр хэлбэл, тухайн акт Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэх захиргааны акт илт хууль бус болох шинжийг агуулах хэдий ч, нэхэмжлэгч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3-ын 3-т заасан болзлыг хангаж “өндөр насны тэтгэвэр”-ээ тогтоолгосон, энэ тохиолдолд өндөр насны тэтгэвэрт гарах үндэслэлээр төрийн албанаас чөлөөлсөн тус актыг илт хууль бусад тооцсоноор нэхэмжлэгчийн эрх сэргэхгүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан “...60 нас буюу тэтгэвэр тогтоолгох насанд хүрээгүй хүнийг ... хуулийн 24.1.1-д зааснаар чөлөөлсөн нь засаж болохгүй алдаа, ...шүүхүүд илт хууль бус гэж үзэхгүй гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй” гэх гомдлыг хүлээж авах боломжгүй.
14. Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар,... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 52 дугаар зүйлийн 52.5.1-д “захиргааны акт,... илт хууль бус болохыг тогтоолгох,... нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” гэж тус тус зааснаар захиргааны акт илт хууль бус байхын зэрэгцээ түүнийг илт хууль бус болохыг тогтоосноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх буюу хоёр нөхцөл зэрэг бүрдсэн тохиолдолд шүүх нэхэмжлэлийг хангах бөгөөд энэ тохиолдолд нэгэнт нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхгүй учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдлүүд зөв юм.
15. Түүнчлэн, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2-ын 6-д “аймаг, нийслэлийн байгаль орчны албаны даргыг байгаль хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөж томилох, чөлөөлөх”-өөр заасан нь “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн”-ээр төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан этгээдийн хувьд түүнийг чөлөөлөх эсэх асуудлаар эрх бүхий этгээдүүд “ зөвшилцөх” шаардлагагүй, энэ талаар шүүхүүд мөн зөв дүгнэсэн байна.
16. Мөн, дарамт шахалтаар “өргөдөл бичсэн” гэх асуудлаар анхан шатны шүүх нотлох баримт цуцлуулж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтыг үнэлэхдээ хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан “...шүүх нэхэмжлэгчийн хүсэл зоригийн илэрхийллийг огт харгалзан үзээгүй” гэх гомдлыг хангах үндэслэлгүй.
17. Эдгээр үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Д-гийн хяналтын журмаар “... шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангуулах”-аар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Завхан аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 118/ШШ2019/0024 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 49 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахад төлсөн тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ