Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 826

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Н.С, А.Н, Н.Г, П.Э, У.А, Б.Б, Д.Б Н.З 

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 

Гуравдагч этгээд: “Т ХХК  

Нэхэмжлэлийн шаардлага: “Н.С, А.Н, Н.Г, П.Э, У.А, Б.Б, Д.Б Н.З нарын оршин суудаг газарт, “Т” ХХК-д зөвшөөрөл олгосон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын “тусгай хамгаалалттай газарт газар ашиглуулах” тушаалын дээрх 8 иргэнтэй давхардсан хэсгийг хүчингүй болгуулах”

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган, нэхэмжлэгч Н.Г, Б.Б, Н.З, У.А, нэхэмжлэгч Н.Сын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Цэцгээ, нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч Б.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болн, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Г.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, гуравдагч этгээд “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Түвшинтулга нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:   “...Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо 4-р хэсэг, дайчдын хөшөөнд оршин суудаг дээрх 8 иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхол нь ноцтой зөрчигдөж байна. Эдгээр 8 иргэн нь бүгд Зайсангийн ам, дайчдын хөшөө гэх хаягт олон жил амьдарсан уугуул болон суугуул иргэд бөгөөд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны иргэд мөн төдийгүй, Иргэний бүртгэлийн тухай хуулийн дагуу Монгол Улсын Иргэний үнэмлэхэн дээр Хан-Уул дүүрэг, ... дүгээр хороо, ..-р хэсэг, Дайчдын хөшөө гэсэн тодорхой оршин суух хаягт бүртгэгдсэн иргэд юм.

Эдгээр иргэдийн оршин суугаа нутаг дэвсгэр нь Богд-Хан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс нутагт хамаарах бөгөөд эрх зүйн зохицуулалтын улмаас газар болон газар дээрх аливаа эрхээ баталгаажуулах боломжгүй байсан болно. Харин Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах, зөвшөөрөл олгох түр журмын дагуу газар ашиглах хүсэлт гаргахад зөвшөөрөл олгодоггүй байсан болно. 

2015 онд БОНХАЖ яамны сайдын **** тоот захирамжаар байгуулагдсан, БОНХАЖ яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын мэргэжилтэн, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд он удаан жил амьдран сууж буй иргэдийн газрыг бүртгэлжүүлэх, гэрчилгээжүүлэх үүрэгтэй байгуулагдсан. Үүний дагуу Зайсангийн аманд байгаа гэрчилгээгүй айлуудад кадастрын зураг хийж өгсөн. 

Улмаар тодорхой тооны иргэдэд газар ашиглуулах гэрчилгээг нь олгосон боловч дээрх 8 иргэнд газар ашиглах эрхийн гэрчилгээг нь олгоогүй. Эдгээр 8 иргэн нь тухайн газар дээр олон жил оршин суусан, тухайн газраар оршин суух хаягаа бүртгүүлсэн, тодорхой хэмжээний үл хөдлөх эд хөрөнгийг барьж байгуулсан, тэргүүн ээлжинд газар ашиглах эрхийг олж авах эрх ашиг нь үүссэн байхад газар ашиглах гэрчилгээг олгоогүй, өөр компанид кадастрыг нь давхардуулан газар ашиглах эрх олгосон байх нь иргэдийн эрх ашгийг ноцтой зөрчиж буй үйлдэл юм. 

Улмаар иргэдэд газар ашиглах эрхийг олгоогүй шалтгаан нь “Т” ХХК-тай газрын кадастрыг давхардуулан газар ашиглах зөвшөөрөл олгосон байсан.

“Т” ХХК нь иргэдийг албадан нүүлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан ч шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгож байсан байна. 

Дээрх иргэд албан ёсны хаягтаа өнөөдрийг хүртэл оршин сууж байгаа бөгөөд Монгол Улсын иргэний үндсэн эрх болох газар ашиглах, эзэмших эрхээ олж авч чадахгүй байгаа учраас газар дээрээ амины байшин барих, газраа эдийн засгийн эргэлтэнд оруулах зэрэг эрхээ эдэлж чадахгүй байгаа юм. Нөгөөтэйгүүр, дээрх 8 иргэдийн газрыг авсан гэх компани нь тухайн газар дээрээ ямар ч үйл ажиллагаа явуулаагүй байгаа болно. 

Эдгээр 8 иргэн нь БОНХАЖ яам болон Богд-Хан Уулын дархан цаазат газрын захиргаанд хандан газар ашиглах эрхийн гэрчилгээ авахаар нэгдсэн байдлаар хандсан боловч хариу өгөхгүй байсаар 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн БОНХАЖ яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Бын 10/6222 тоот албан тоотоор “Т” ХХК-тай давхцаж байгаа тул тухайн газарт давхардуулан газар ашиглах эрх олгох эрх зүйн үндэслэлгүй байна гэсэн мэдэгдэл өгсөн юм” гэжээ.  

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Засгийн газрын 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийн дагуу Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны *** дугаар тушаалаар удаан хугацаанд зөвшөөрөлгүй оршин сууж буй иргэдийн газрыг бүртгэлжүүлж, гэрчилгээжүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Тус ажлын хэсэг Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хамаарах Зайсангийн амны 11 дүгээр хороо, Арцатын амны 4 дүгээр хороонд зохих журмын дагуу зөвшөөрөл авалгүйгээр удаан хугацаанд оршин сууж буй иргэдийн газрыг бүртгэлжүүлж, гэрчилгээжүүлэх ажлын хүрээнд газар ашиглах эрх авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газартай, инженерийн шугам, сүлжээ бүхий дэд бүтэцтэй давхцалгүй, бусад газар ашиглагчийн болон нийтийн эзэмшлийн орц, гарц хаагаагүй Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан зориулалтын дагуу ашиглах хүсэлт гаргасан иргэнд газар ашиглах эрхийг олгосон.

Харин хууль ёсны дагуу газар ашиглах эрх авсан бусад аж ахуйн нэгж, байгууллагын газартай, инженерийн шугам, сүлжээ бүхий дэд бүтэцтэй давхцалтай, бусад газар ашиглагчийн болон нийтийн эзэмшлийн орц, гарц хаасан иргэдэд газар ашиглах эрх олгох боломжгүй гэж шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийн дагуу нэр бүхий 8 иргэний амьдарч байгаа газар “Т” ХХК-ний газартай давхцаж байгаа тул уг газрыг ашиглах эрхийг олгох боломжгүй. 

Хууль ёсоор ашиглах зөвшөөрөл бүхий газрын төлбөрөө төлж буй иргэн, аж ахуйн нэгжийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн. “Т” ХХК нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27.9, 33.1, 36.1-д заасан мөн Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар батлагдсан Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журмын дагуу газар ашиглах хүсэлтээ гаргаж, шийдвэрлүүлэн газар ашиглах зөвшөөрлийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А-11 дүгээр тушаалаар олгогдож, 2012 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 2012/22 дугаартай газар ашиглах гэрчилгээгээр 0.5 га газарт үүссэн байна. 

1994 онд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль батлагдсанаар Богдхан уулын Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд тус хуулийн 11 зүйлд заасанчлан аялал жуулчлал болон судалгаа шинжилгээний зориулалтаас бусад хэлбэрээр газар ашиглахыг хориглодог. Гэтэл эдгээр иргэд нь Монгол улсын Үндсэн хуулийн зургаадугаар зүйлийн 3-т “Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол улсын иргэнд өмчлүүлж болно. 

Түүнчлэн төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр бусдад эзэмшүүлэх, ашиглуулахыг хориглоно” гэснийг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33.1, 35.1, 36.1 дэх хэсэгт заасныг, Газрын тухай хуулийн 16.1.1, 27.1-т “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасныг зөрчин зөвшөөрөлгүй амьдарсан нь иргэдийн газар ашиглах эрхийг хөндөж “Т” ХХК-д давхардуулан газар ашиглах зөвшөөрөл олгосон бус харин Монгол улсын хүчин төгөлдөр хууль тогтоомж, дүрэм журмыг зөрчин, хууль бусаар оршин сууж байгаа иргэд болно. 

Харин иргэн Н.Зыг орц гарц хааснаа чөлөөлсөн тохиолдолд газар ашиглах эрх олгох боломжтой гэж “газар ашиглах эрх олгох боломжгүй иргэдийн жагсаалт”-д тэмдэглэгдсэн байх тул, хүсэлтээ дахин нягтлуулах шаардлагатай. 

Иймд “Т” ХХК-д газар ашиглах зөвшөөрөл олгосон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А-11 дугаар тушаалын дээрх 8 иргэнтэй давхардсан хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй болно” гэжээ. 

Гуравдагч этгээд “Т” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Т” XXК нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Богдхан уулын улсын тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийн гэрчилгээг 2012 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2012/22 дугаартай тушаалаар аялал, жуулчлалын чиглэлээр үйл ажиллагааг явуулах үйлчилгээний төв барихаар төсөл хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд 2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 2012/411 тоот газар ашиглах тухай гурвалсан гэрээг байгуулж газрын төлбөрийн тухай бүр төлж хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж ирсэн билээ. 

Эдгээр айлуудын хууль бусаар оршин сууж буй газар нь компанийн ашиглаж буй газартай өмнө эзэмших эрхийн зөвшөөрөлтэй байж байгаад давхардсан зүйл огт байхгүй бүгд ямар ч зөвшөөрөлгүйгээр хууль бусаар оршин сууж байгаа айл болно. 

Монгол Улсын Газрын тухай хуулийн 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заажээ. Эдгээр айл нь бусдын хууль ёсоор ашиглаж буй газар эзэмших эрхийг зөрчиж байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д зааснаар Тусгай хамгаалалттай газар нутагт тусгай зөвшөөрлийн дагуу зөвхөн газар ашиглах эрх олгогдохоор заажээ. Мөн ЗХХШТХуулийн 3.1,7.”нэхэмжлэл” гэж иргэн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус актын улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандаж гаргасан өргөдлийг хэлнэ гэжээ эндээс харагдана. 

Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж буй этгээдийн хууль ёсны эрх ашиг захиргааны хууль бус шийдвэрийн улмаас зөрчигдсөн байх ёстой гэтэл БОАЖС-ын тушаал хууль зөрчсөн бус хуулиар олгогдсон эрхийн хүрээнд л гарсан захиргааны акт юм. Нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн байх ёстой. Хууль ёсны эрх ашиг гэдэгт хуулиар эрх олгогдсон, эсхүл хуулиар зөвшөөрөгдсөн эрх ашгийг ойлгох билээ. 

Гэтэл Газрын тухай хуулийн 27.4-д. Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно. Мөн хуулийн 31.2-т Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг нийслэл, сум дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгжид эзэмшүүлж болохоор заагдсан байна. 27.3.Нэгж талбай бүр эрхийн гэрчилгээтэй байна гэснийг зөрчин тусгай хамгаалалттай газар нутагт бусдын ашиглалтын талбайд сууршиад байгаа юм.Эдгээр нэхэмжлэл гаргасан иргэдэд газар эзэмших эрх хуулиар олгогдоогүй, яг энэ маргаан бүхий газрын хувьд эрх олгогдох ч боломжгүй билээ. 

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33-д зааснаар тусгай хамгаалалттай нутагт зөвхөн тусгай зориулалтаар л газар ашиглах зрх л олгогдог өрхийн эзэмшлийн газар дор эрх зүйн үндэслэлгүй болохыг хуульд заасан байна.1994 онд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль батлагдсанаар Богдхан уулын Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд тус хуулийн 11 дүгээр зүйлд заасанчлан аялал, жуулчлал болон судалгаа шинжилгээний зориулалтаас бусад зориулалт, хэлбэрээр газар ашиглахыг хориглодог. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын 1995 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 26 дугаар тогтоолоор Богдхан уулын дархан цаазат газарт хамруулсан шийдвэр гарсан байдаг.

Нөгөөтэйгүүр эдгээр иргэд Хан-Уул дүүргийн уг нутаг дэвсгэрт оршин суух хаягийн  бүртгэлтэй олон жил амьдарч буй гэх боловч яг “Т” ХХК-ны одоогийн нэгж талбар бүхий ашиглалтын талбайд сүүлийн жил буугаад маргаан үүсгээд байгаа бөгөөд яг энэ нэгж талбар бүхий газарт олон жил суурьшин амьдарч байсан гэж үзэх, түүнчлэн энэ хавийн газар олон жил оршин суусан нь тэргүүн ээлжинд газар ашиглах эрхийг олж авах эрхтэй, яг энэ газарт газар эзэмших эрх олж авах эрхтэй гэсэн үг биш бөгөөд нэхэмжлэлд дурдсан дээр зүйлүүд нь хууль зүйн үндэслэлгүй болно.Иймд дээрх иргэдийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.С, А.Н, Н.Г, П.Э, У.А, Б.Б, Д.Б Н.З нар нь “Н.С, А.Н, Н.Г, П.Э, У.А, Б.Б, Д.Б Н.З  нарын оршин суудаг газарт, “Т” ХХК-д зөвшөөрөл олгосон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын “тусгай хамгаалалттай газарт газар ашиглуулах” тушаалын дээрх 8 иргэнтэй давхардсан хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасан байна.

Шүүх дээрх заалтын дагуу хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж захиргааны байгууллагаас буюу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас дахин шинэ акт гарах хүртэл сайдын 2011 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А-293 тоот тушаалын “Т” ХХК-д холбогдох хэсгийг 6 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Үндэслэлийг тайлбарлавал:

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-д “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно”, 36 дугаар зүйлийн 1-д “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана” гэж тус тус заасан байна.

“Т” ХХК-д газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн **** тоот тушаал гарахаас өмнө Хан-Уул дүүргийн Засаг даргын 2008 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 224 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Д.Б болон нэхэмжлэгч Н.Сын нөхөр М.З нарт маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн байх ба дүүргийн Засаг дарга улсын тусгай хамгаалалттай газар нутагт газар эзэмшүүлэх эрхгүй хэдий ч Засаг даргын дээрх захирамжаар маргаан бүхий газарт нэхэмжлэгч Д.Б болон Н.С нарт эзэмшил, ашиглалт ямар нэгэн байдлаар үүссэн байсан байна.

Нэхэмжлэгч Н.Сын нөхөр М.З болох нь 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Гэрлэлт бүртгэлийн лавлагаагаар  нотлогдож байна.

Газрын харилцаа, геодези зураг зүйн газраас ирүүлсэн агаарын зургуудаас  үзэхэд  2005-2007 онд нэхэмжлэгч Н.Зын хашаа, гэр байсан нь нотлогдож байх ба мөн 2011 оны сансрын зургаас үзэхэд маргаан бүхий газарт тодорхой тооны гэрүүд бий болсон байсан нь нотлогдож байна.

Хариуцагч “Т” ХХК-д ашиглах эрх олгосон газар нь нэхэмжлэгч Н.Зын газартай давхцаагүй, харин Н.Зын орц, гарцыг хаасан гэсэн агуулгаар тайлбарлаж байх боловч хэрэгт цугларсан агаар сансрын зургууд болон хариуцагчаас гаргаж өгсөн “Т” ХХК болон газар ашиглах хүсэлт гаргасан иргэдийн газрын байршлын зургаар  маргаан бүхий газар нь Н.Зын газартай зарим хэсгээрээ буюу хэсэгчлэн давхцалтай болох нь нотлогдож байна.

Маргаан бүхий газарт 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр шүүхээс үзлэг хийхэд Д.Бын гэх барилгын суурь боссон байсан болно.

Мөн маргаан бүхий газар нь байгалийн жалга буюу үерийн далан бүхий газар болох нь шүүхээс хийсэн үзлэгээр нотлогдсон болно.

Гэтэл дээрх Д.Б болон Н.Сын эзэмшил үүссэн байсан болон Н.Зын хашаа, гэр болон бусад гэрүүд бий болсон, баригдсан байгаа асуудлыг хэрхэхийг шийдвэрлэлгүйгээр, үерийн далан, жалга бүхий газар газар ашиглах эрх олгох нь бусдад хохирол учруулах эсэхийг холбогдох мэргэжлийн байгууллагаар шалгаж тогтоолголгүйгээр, мөн маргаан бүхий газар Н.Зын газартай давхцсан эсэх асуудлыг шалгаж  шийдвэрлэлгүйгээр  “Т” ХХК-д сайдын 2011 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/293 тоот тушаалаар газар ашиглах эрх олгосон нь буруу байна.

Эндээс дүгнэвэл хариуцагч нягтлан шалгах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу энэ үүргээ дутуу гүйцэтгэсэн байх ба Д.Б болон Н.Сын нөхөр М.З нарт эзэмших эрх олгосон дүүргийн засаг даргын захирамж хүчинтэй үйлчилж байхад энэ захирамжийн үйлчлэлийг хэрхэхийг шийдвэрлэлгүйгээр болон Н.Зын хашаа, гэр болон бусад гэрүүд баригдсан асуудлыг Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4-д заасны дагуу албадан нүүлгэх эсэх асуудлыг шийдвэрлэлгүйгээр, үерийн далан, байгалийн жалга бүхий газар газар ашиглах эрх олгох нь бусдад хохирол учруулах эсэхийг холбогдох мэргэжлийн байгууллагаар тогтоолголгүйгээр, маргаан бүхий газар Н.Зын газартай давхцсан асуудлыг шалгаж шийдвэрлэлгүйгээр “Т” ХХК-д газар ашиглуулах эрх олгосон нь буруу байна.

Хариуцагчаас гаргаж өгсөн “Т” ХХК болон газар ашиглах хүсэлт гаргасан иргэдийн газрын байршлын зургаар  маргаан бүхий газар нь Н.Зын газартай зарим хэсгээрээ давхцсан болохыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд  хүлээн зөвшөөрсөн агуулгаар тайлбарласан болно. 

Зүй нь хариуцагч дээрх нөхцөл байдлуудыг нэг бүрчлэн шалган үзэж, шийдвэрлэсний дараа “Т” ХХК-д газар ашиглуулах эсэхээ хуульд нийцүүлэн шийдвэрлэх нь ёстой  байжээ. 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь дараах нөхцөл байдлуудыг шалган тодруулж, шийдвэрлэсний дараа“Т” ХХК-д газар ашиглах эрх олгох, эсхүл эс олгох эсэхээ хуульд нийцүүлэн шийдвэрлэх ёстой байжээ. Үүнд 

• Н.Зын хашаа, гэр болон бусад гэрүүд баригдсан асуудлыг албадан нүүлгэх эсэх

• Д.Б, Н.С нарын эзэмшил үүссэн байгаа асуудлыг хэрхэх

• Үерийн далан, байгалийн жалга бүхий газар газар ашиглах эрх олгох нь бусдад хохирол учруулах эсэх

• Маргаан бүхий газар Н.Зын газартай давхцсан эсэхийг шалган тогтоож, хэрэв давхцсан бол энэ асуудлыг шийдвэрлэх

Шүүх дээрх нөхцөл байдлуудыг хариуцагч шалгаж  тодруулах шаардлагатай байсан гэж үзсэн бөгөөд нэмж шалгаж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн буюу шүүх дээрх нөхцөл байдлуудыг шалгаж тодруулах боломжгүй гэж үзсэн тул хариуцагчийн энэ алдаатай үйлдлийг хариуцагчаар өөрөөр нь зөвтгүүлэх нь зүйтэй байна.

Дээрх нөхцөл байдлуудыг шалган тодруулж, хуульд нийцүүлэн шийдвэрлэсний дараа Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д заасны дагуу гуравдагч этгээд “Т” ХХК-д  маргаан бүхий газрыг ашиглуулах эсэх шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргах нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хуулиар олгогдсон бүрэн эрх юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д “Энэ хуулийн 106.3.11-д заасан шийдвэрийг гаргасан бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгох талаар тогтоох хэсэгт тусгана” гэж заасан байна. 

Дээрх зохицуулалтаас үзэхэд хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь шүүхээс тогтоосон 6 сарын хугацаанд дээр дурдсан нөхцөл байдлуудыг шалган шийдвэрлэж, “Т” ХХК-д  маргаан бүхий газрыг ашиглуулах эсэхийг шийдвэрлэсэн шинэ акт гаргаагүй бол сайдын 2011 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А-293 тоот тушаалын “Т” ХХК-д холбогдох хэсэг хүчингүй болно. 

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 36-р зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас дахин шинэ акт гаргах хүртэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн *** тоот тушаалын “Т” ХХК-д холбогдох хэсгийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлсүгэй. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан хариуцагч “Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь энэ шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан нөхцөл байдлуудыг шалган тодруулж, шийдвэрлэсний дараа “Т” ХХК-д газар ашиглах эрх олгох эсэхийг шийдвэрлэсэн шинэ акт гаргах замаар энэ шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас “Т” ХХК-д газар ашиглуулах эсэхийг шийдвэрлэсэн шинэ актыг шүүхээс тогтоосон зургаан сарын хугацаанд гаргаагүй тохиолдолд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А-293 тоот тушаалын “Т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

4. Захиргааны хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр  зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         М.БАТЗОРИГ