Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 210/ма2018/00542

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Орхоны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22ы өдрийн 181/ШШ2017/02967 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Г.Орхоны нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Мөнхзулд холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 10 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Батжаргал

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Золзаяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Г.Орхон миний бие хариуцагч Б.Мөнхзулын нөхөр талийгаач Л.Энхжаргалд 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 10 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай 5 хувийн хүүтэй зээлүүлсэн. Хариуцагчийн нөхөр Л.Энхжаргал нь 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр таалал төгссөн бөгөөд эхнэр Б.Мөнхзул нь өв хүлээн авахаас татгалзаагүй, өвийг хүлээн авсан байх тул өвлөгч Б.Мөнхзулаас талийгаач Л.Энхжаргалын 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдөр зээлсэн 10 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Г.Орхон нь талийгаач нөхрийн минь түүнээс зээлсэн мөнгийг өв хүлээн авсан гэж үзэж надаас нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Учир нь иргэний хуулийн 527 дугаар зүйлийн 527.1-т "өвлөгдөх эд хөрөнгийг өвлөгч хүлээн авснаар өв залгамжлалыг гүйцэтгэсэнд тооцно" гэж заасан байх ба би өвийг хүлээн аваагүй. Иймд Иргэний хуулийн 528-р зүйлийн 528.3-т зааснаар би өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй бас ямар нэгэн байгуулага, албан тушаалтанд өв хүлээн авах тухай хүсэлт гаргаагүй учир өвлөхөөс татгалзсан гэж үзэж байх тул миний бие өвлөгч биш бөгөөд өвлүүлэгчийн үүргийг хүлээх үндэслэл байхгүй. Зээлийн гэрээ хариуцагчийн нөхөр болох Л.Энхжаргалтай хийгдсэн. Талийгаачийн хөрөнгийг өвлөхгүй талаар нотариатад бүртгүүлсэн байгаа. Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2-т зааснаар өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ, 535 дугаар зүйлийн 535.1-д зааснаар өв хүлээн авсан өвлөгч буюу энэ бүлэгт заасан журмаар эд хөрөнгийг шилжүүлэн авсан төрийн байгууллага нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ. Өөрөөр хэлбэл, өвлөхөөс татгалзсан эд хөрөнгийг хүлээн авсан байгууллага байхгүй хуулиараа төр тухайн эд хөрөнгийг хүлээн авна. Тэгэхээр төр хүлээн авсан хөрөнгийнхөө хэмжээгээр зээлийн гэрээний үүргийг хариуцах ёстой гэж бодож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.2, 535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Мөнхзулаас 10 000 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэгч Г.Орхоны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Г.Орхоны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Хариуцагчийн нөхөр Л.Энхжаргал нь 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр таалал төгссөн бөгөөд эхнэр Б.Мөнхзул нь талийгаач Л.Энхжаргалын Сүхбаатар дүүрэг, 10 хороо, их тойруу 86 байр, 06 тоот орон сууц, Сухбаатар дүүрэг, 13 хороо, рашааны 16-799 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгүүдийг хүлээн авахаас татгалзаагүй болох нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн 181\Ш32016\01146 дугаар шийдвэрээр нотлогдогддог. Өөрөөр хэлбэл хариуцагч Б.Мөнхзул Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт заасны дагуу дээрх үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой өвийг хүлээн авсан байдаг. Хэрэгт авагдсан Монголын Нотариатчдын танхимын 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 775 тоот лавлагаагаар хариуцагч Б.Мөнхзул нь талийгаач нөхөр болох Л.Энхжаргалын Голомт, Хаан банкинд эзэмшдэг хадгаламж, 2 ширхэг бууг өвлөн авахаас татгалзсан атал анхан шатны шүүх хариуцагчийг бүхэлд нь өв хүлээн авахаас татгалзсан гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосоныг үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс ИХШХШТХ-ийн 38 дугаар зүйлийн 38.6-т заасны дагуу Л.Энхжаргал болон түүний эзэмшлийн "Сидико Аудит" ХХК-ийн эзэмшлийн хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааг гаргуулах хүсэлтийг гаргасан боловч иргэний хэрэгт хариуцагчаар оролцоогүй Л.Энхжаргалын эзэмшиж байсан эд хөрөнгийн талаарх лавлагааг авах нь хэрэгт ач холбогдолгүй гэх үндэслэлээр хүсэлтийг ханган шийдвэрлээгүй. Иймд шийдвэрийг болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг бүрэн гүйцэд тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Г.Орхон нь хариуцагч Б.Мөнхзулд холбогдуулан 10 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, миний бие өвлөгч биш бөгөөд өвлүүлэгчийн үүргийг хүлээх үндэслэл байхгүй гэж маргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн Л.Батжаргал нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хариуцагч Б.Мөнхзулын талийгаач нөхөр Л.Энхжаргалийн эзэмшиж байсан хөдлөх эд хөрөнгийн талаар Автотээврийн үндэсний төвөөс лавлагаа гаргуулах, Л.Энхжаргалын эзэмшлийн Сидико Аудит ХХК нь ямар үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байсан талаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас лавлагааг гаргуулах тухай хүсэлт гаргасныг шүүх, хэрэгт ач холбогдол бүхий болох нь тогтоогдохгүй гэж дүгнэн хангахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хэрэгт Нотариатчдын танхимаас өвлүүлэгчийн өвийг хүлээн авахаас татгалзсан талаарх лавлагаа авагдсан байх боловч өвийг хүлээн авахаас татгалзсан үйл баримтаас гадна, өвлөгдвөл зохих эд хөрөнгө тогтоогдсон байх нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22ы өдрийн 181/ШШ2017/02967 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Орхоны давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 175 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Д.ЦОГТСАЙХАН