Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 2025/ДШМ/43

 

 

 

        

  2025            6                 12                                                      2025/ДШМ/43

 

 

 

Б.Дт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч З.Түвшинтөгс, шүүгч А.Цэрэнханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Э.У., 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.О.,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц. г,

Иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Б.М,

Шүүгдэгч Б.Д,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.М, Д.Г,

Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нарыг оролцуулан

            Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж шийдвэрлэсэн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/130 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Мөнхбаясгалангийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.Дт холбогдох эрүүгийн 2334005430135 дугаар хэргийг 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Цэрэнхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Монгол улсын иргэн, ..........оны ............дугаар сарын ........-ны өдөр Ө.......... аймгийн Б ............... суманд төрсөн, .......... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Т...........аймгийн А......... сумын ............. дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,

Урьд нь Төв аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 1996 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 112.2, 239 дүгээр зүйлийн 239.3-т зааснаар 5 жилийн хорих ялаар, 

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2004 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1, 91.2.2-т зааснаар 15 жилийн хорих ялаар, 

Баянгол дүүргийн шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 706 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /500,000/ таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар, 

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 780 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /700,000/ долоон зуун мянган төгрөгөөр торгох ялаар,

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 471 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгүүлж байсан, Б......... овогт Б........ Д......., /РД:.................../

2.Шүүгдэгч Б.Д нь 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 69-38 УБА улсын дугаартай “Мазда Бонго” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг Улаанбаатар-Өвөрхангай чиглэлийн АО301 авто замын 54 дэх км-ийн шонгийн ойролцоо хатуу хучилттай автозам дээр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно, а/согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 18.3-д “хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэснийг зөрчиж зам дээр зогсож байсан 81-08 ТӨҮ улсын дугаартай “Хово” маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөж зам тээврийн осол гаргаж зам засварын ажил хийж байсан У.Урантөгөл нь хоёр тээврийн хэрэгслийн хооронд хавчуулагдсаны улмаас амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Төв аймгийн прокурорын газраас Б.Дт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

3.Анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.ДЭрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцож,

Шүүгдэгч Б.ДЭрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссаны дараа эхлэн тоолохыг дурдаж,

Шүүгдэгч Б.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.Отгонтөгсөд 32.359.631 төгрөг төлснийг дурдаж, иргэний хариуцагч “Баянчандмань АЗЗА” ХХК-аас 20.659.631 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.Отгонтөгсөд олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч сэтгэл санааны хохирлоо шүүгдэгч болон иргэний хариуцагч нараас нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхиж,

Шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Дт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний ялыг 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тоолохыг дурдаж шийдвэрлэжээ.

4.Шүүгдэгч Б.Дын өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргасан.

Анхан шатны шүүх "Цагаан Шонхорын Жигүүр” НҮТББ Замын хөдөлгөөний аюулгүй байдал, судлалын хүрээлэнгийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 24/18 дугаартай шинжээчийн дүгнэлт, Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын салбарын хяналтын улсын байцаагч Ю.Аюушийн 2024/01/29/03 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргийг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байна. Шүүх шинжилгээний тухай хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж байгаа бөгөөд шүүх шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаар хуульд заасан журмын дагуу томилогдсон тусгай мэдлэг бүхий хүнийг шинжээч гэж үзэж хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасан шинжилгээ хийх эрх бүхий этгээд хамаарна гэж заасан байхад шинжилгээ хийх эрхгүй хүнээр шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулсан нь Шүүх шинжилгээний тухай хуулийг ноцтой зөрчсөн байх ба Шүүх шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т зааснаар тухайн дүгнэлтийг баталгаажуулсан зүйл байхгүй байхад нотлох баримтуудаар тооцсон нь үндэслэлгүй байна.

"Баянчандмань АЗЗА" ТӨХК-ийн туслах замчин У.Урантөгөл нь зам засварын ажил үүрэг гүйцэтгэж байгаад ажлын байранд "Мазда Бонго” маркийн 69-38 УБА улсын дугаартай автомашинд мөргүүлж улмаар замын витум буулгаж байсан “Хово” маркийн 81-08 ТӨҮ улсын дугаартай ачааны автомашинд хавчуулагдаж биедээ хүнд гэмтэл авч эмчлүүлж байгаад нас барсан байдаг. Үүнээс үзэхэд амь хохирогчийг замын хөдөлгөөнд оролцогч гэж үзэх боломжгүй бөгөөд шүүгдэгч Б.Д нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 /а/-т заасан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад гэрлийн гялбаанд орж үйлдвэрлэлийн орчинд ажлаа хийж байсан амь хохирогч У.Урантөгөлийг мөргөснийг үйлдвэрлэлийн осол гэж үзэх тухай дүгнэлтийг хийсэнгүй.

Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтад зааснаар амь хохирогчийн хувьд замын хөдөлгөөнд оролцогч биш бөгөөд шинжээч Ю.Аюушийн дүгнэлтээр үйлдвэрийн осол гэж үзсэн тул шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн 27 дугаар бүлэг Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг" гэмт хэрэгт хамаарахгүй юм. Иймд шүүх нь шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэхгүй орхигдуулсан.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Өөрөөр хэлбэл Дашдондов нь зам засварын ажил үүрэг гүйцэтгэж байгаагаа илэрхийлэх тэмдэг байрлуулаагүй  “Хово” маркийн 81-08 ТӨΥ улсын дугаартай ачааны автомашины тэвш дээш өргөгдөж, арын гэрэл нь харагдахгүй нөхцөлд урдаас ирж явсан автомашины гэрлийн гялбаанд орж ачааны машины хойно чиглүүлэх үүрэг гүйцэтгэж байсан амь хохирогч У.Урантөгөлийг мөргөсөн нь үйлдвэрийн орчинд гарсан гэж үзэх боломжтой байх бөгөөд Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэж үзэж ял оногдуулах боломжтой байсан.

Замын хөдөлгөөний дүрмийн 27.4 дүгээр зүйл “Зам дээр засварын ажил, үйлчилгээ эрхэлж буй иргэн, хуулийн этгээд нь дараах үүргийг хүлээнэ: а/ засварын ажил, үйлчилгээ хийж байгаа үедээ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, 1.21 тэмдэг тавьж анхааруулах, замын тухайн хэсгийг хашиж тусгаарлах, түүнийг тойрч гарах чиг заасан тэмдэг байрлуулах гэж заасан байхад 30м зайд түмбэ тавьсан гэж үзэж хариуцлага тооцохгүй байгаа нь ойлгомжгүй. "Баянчандмань АЗЗА" ТӨХК нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.9 дүгээр зүйлд заасан Замыг байгууламжийн ашиглалт, засварын аюулгүй байдлын журам зөрчиж зам засварын ажил үүрэг гүйцэтгэхдээ суурин газрын гаднах замд Замын хөдөлгөөний дүрмийн 1-р хавсралтын 1.2-т зааснаар 1.21 тэмдгийг аюул бүхий хэсгээс 150м-ээс 300м-ийн өмнө байрлуулах үүргээ биелүүлээгүй үйлдвэрлэлийн орчноо хамгаалж чадаагүйгээс болж осол гарсан байхад зөвхөн жолоочийг согтуу байсан, гэрлийн гялбаанд орсон, зогсоох арга хэмжээ аваагүй гэж ял оногдуулж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг бүрэн хангаагүй гэж үзэхээр байна. Шүүхийн хэлэлцүүлэг эхлэхийн өмнө шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаас хасуулах тухай хүсэлтийг гаргасан боловч хэрхэн хангахаас татгалзаж шийдвэрлэсэн талаараа дүгнэлтдээ тусгаж өгсөнгүй.

Иймд Шүүх шинжилгээний тухай хуулийг ноцтой зөрчиж гаргасан "Цагаан Шонхорын Жигүүр” НҮТББ Замын хөдөлгөөний аюулгүй байдал, судлалын хүрээлэнгийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 24/18 дугаартай шинжээчийн дүгнэлт, Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын салбарын хяналтын улсын байцаагч Ю.Аюушийн тамга тэмдэггүй 2024/01/29/03 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдийг нотлох баримтаар тооцож шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/130 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах, аль эсхүл хэргийн зүйлчлэлд өөрчлөлт оруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон” гэж үзэж хорихоос өөр төрлийн ялаар шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

5.Прокурор Э.Уянга давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэдгийг хүн бүр мэддэг. Хэдийгээр зам тээврийн ослын гэмт хэргийг болгоомжгүй үйлдэл гэж үздэг ч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдэд энэ болгоомжгүй хэлбэр хамаарахгүй. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1.6-т “осол” гэдэг нь зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэлтэй хүний амь нас, эд хөрөнгө хохирсон тохиолдлыг хэлнэ гэж заасан. Б.Д согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, хүний амь нас, эд хөрөнгөд хохирол учруулсан. Цуснаас илэрсэн спиртийн хэмжээ нь хүнд зэргийн согтолттой байсан. Уг гэмт хэргийн үр дагаврын хувьд “Баянчандмань АЗЗА” ТӨХК-ийн туслах ажилтан том машины ард зогсож байгаад хоёр машины хооронд хавчуулагдаж амь насаараа хохирсон. Р.Мөнхбаясгалан өмгөөлөгч хурал бүр дээр “шинжээчийн гэрчилгээ гараагүй байхад дүгнэлт гаргасан” гэж ярьдаг. Гэтэл тухайн үед шинжээчээр ажиллуулсан этгээдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу тусгай мэдлэг бүхий этгээдийг мөрдөгч томилж, эрх үүргийг нь танилцуулан, холбогдох материалыг бүрдүүлсний үндсэн дээр шинжээчээр томилсонд гомдол гаргаагүй, бүгд хүлээн зөвшөөрсөн.

Шүүгдэгч нь гэмт хэрэг гарсны дараагаар хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн, хохирлыг нөхөн төлсөн гэх боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ нөхцөл байдлыг тогтоосон баримт байхгүй харин жолооч хэргийн газраас зугтаасан нөхцөл байдал байгаа. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. “Баянчандмань АЗЗА” ТӨХК-ийн зүгээс дүрэм, журам зөрчсөн гэдгийг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон ч энэ нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болоогүй бөгөөд иргэний хариуцагчаар татаж, хохирол нөхөн төлбөрийг шийдвэрлүүлж, сэтгэл санааны болон бодит хохирлыг 50 хувиар төлүүлсэн. Өмгөөлөгч нар “хор уршиг арилсан, мөнгөө төлсөн” гэж байгаа ч энэ хэрэгт нэг хүний амь нас хохирсон, нөхөж баршгүй хор уршиг үүссэн. Иймд өмгөөлөгч нарын гаргасан гомдол болон саналыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргаж байна.” гэв.

6.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.Отгонтөгс давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Надад хэлэх тайлбар байхгүй. Өмгөөлөгч тайлбар хэлнэ.” гэв.

7.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн өмгөөлөгч анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, хэргийн зүйлчлэлийг зөв тогтоож чадсангүй гэсэн агуулгаар давж заалдах гомдол гаргасан байна. Анхан шатны шүүх согтуугаар машин жолоодож яваад, хоёр талын урсгалтай төв зам дээр ажил үүргээ гүйцэтгэж байсан хохирогчийг мөргөж хүнд гэмтээсний улмаас амь нас нь хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй.

Осол гаргасан шалтгаан нь “гэрлийн гялбаанд орсон” гэсэн ганцхан тайлбарыг ярьдаг. Гэрлийн гялбаанд орсон бол замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу тээврийн хэрэгслээ зогсоож, хөдөлгөөнийг үргэлжлүүлэхгүй байх үүрэгтэй. Гэтэл энэ үүргээ биелүүлээгүй, зогсоох арга хэмжээ аваагүй. Шүүгдэгчээс хурд багатай явж байсан, гэрлийн гялбаанд орсон, гэрлээ асаагаагүй явж байсан, 20-30 метрийн зайд урд байгаа зам дээрх саадыг харах боломжтой байсан гэж тайлбарладаг.

Хариуцагч байгууллагаас 100 метрийн зайд ажил үүргээ гүйцэтгэж байсан, анхааруулга, хаалт, тэмдэг тэмдэглэгээг тавьсан гэдэг нь нотлох баримтаар тогтоогдсон. Энэ нөхцөл байдлыг хараагүй, маш их хурдтай явж байсан. Осол гарсан замын хувьд Улаанбаатар хотыг орон нутгийн замтай холбосон гол зам. Зам засварын ажил хийх үед тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн хаах шаардлагатай бол тухайн газрын Засаг даргын захирамжаар шийдвэр гарах ёстой. Гэтэл тийм шийдвэр гараагүй. Тэр өдөр Б.Доос өмнө, хойно олон тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд хэвийн оролцож байсан. Хариуцагч байгууллага нь насанд хүрээгүй хүүхдийг ажиллуулж байсантай холбоотойгоор тодорхой хэмжээний буруутай үйл ажиллагаа явуулсан учраас иргэний хариуцагчаар оролцуулж байгаа гэж ойлгож байна. Гэм буруутай этгээдээс оршуулгын зардлыг авах ёстой атал 50 хувийг байгууллагаас төлсөн. Сэтгэл санааны хохирлыг 100 хувь хариуцна гэдгээ шүүх хуралдааны үеэр илэрхийлсэн. Тэнд ажил үүргээ гүйцэтгэж байсан байгууллага зохих хэмжээний буруутай байсан ч энэ хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, хурд хэтрүүлж аюул тохиолдоход зогсоох арга хэмжээ аваагүй, очоод шууд мөргөж гэмтээсэн. Шүүгдэгч Б.Д нь гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, урд байгаа саадыг хараагүй, анхааруулга тэмдэглэгээг харах чадваргүй учраас осол гаргасан гэж ойлгож байна. Хохирогчийн хувьд маш их гомдолтой өрх толгойлсон эмэгтэй, төгсөх курсийн оюутан хүүгээ алдсан, тэжээн тэтгэх гол хүн нь байсан. Өнөөдөр ч сэтгэл санаа, амьдралын бүх нөхцөлөөрөө хохироод явж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

8.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тайлбар байхгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна.” гэв.

9.Шүүгдэгч Б.Дын өмгөөлөгч Д.Гансүх давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Р.Мөнхбаясгалан өмгөөлөгчийн гаргасан гомдлыг дэмжиж байна, давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянах эрхийнхээ хүрээнд миний саналуудыг анхаарна уу. Шийтгэх тогтоолын 17 дугаар талд шүүгдэгч Б.Дт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл тогтоогдоогүй гэж дүгнэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдал энэ хэрэг дээр байна. Хуульч хүний хувьд “онцгой нөхцөл байдал” гэж гэмт хэрэг гарах, хохирол хор уршиг үүсэх, түүнийг нэмэгдүүлэхэд бусад этгээдийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй голлон нөлөөлсөн нөхцөл байдлыг ойлгож байна. Насанд хүрээгүй амь хохирогч У.Урантөгөлийн амь нас хохирсон хор уршиг нь Б.Дын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдлээс шалтгаалсан шалтгаант холбоотой гэж үзэх үндэстэй, иргэний хариуцагч болох “Баянчандмань АЗЗА” ТӨХК хөдөлгөөн ихтэй зам дээр хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах дүрэмд заасан үүргээ биелүүлээгүй, замын тэмдэг, тэмдэглэгээг тавиагүй, насанд хүрээгүй хүүхдийг сургалтад хамруулаагүй, шөнийн цагаар хүнд, хортой нөхцөлд хөдөлмөрийн хууль зөрчиж ажиллуулсан зэрэг нөхцөл байдал гэмт хэрэг гарах гол шалтгаан нөхцөл болсон. Иймд эдгээр нөхцөл байдлыг хэргийн онцгой нөхцөл байдал гэж үзэж, хөнгөрүүлэх үндэслэлд оруулах ёстой гэсэн байр суурьтай байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг энэхүү хэрэгт хамаарна гэж үзэж байна. Учруулсан хохирлыг бүрэн нөхөн төлсөн, эрүүл мэндийн зардлыг шүүхийн явцад төлсөн. Мөн шүүх хуралдааны завсарлагааны хугацаанд 32,000,000 төгрөгийн хохирлыг бүрэн төлж дуусгасан. Б.Д нь гэмшихгүй байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа асуудал биш. Үүнийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий өнгийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдал байна. Б.Д хэдийгээр урьд нь олон хэрэг үйлдэж, ял шийтгүүлж, ялаа эдэлж байсан ч хувийн байдал нь 92 настай ээжийгээ асардаг, 2-4 настай хоёр хүүхэдтэй нөхцөл байдал байгаа. Иймд урьд өмнө нь яаж шийтгүүлж байсан ч гэсэн дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, ял шийтгэлийг нь хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

10.Шүүгдэгч Б.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “..Би айраг уугаад замын хөдөлгөөнд оролцсон нь нэгэн хүний амь нас хохироход хүргэсэнд үнэхээр гүнээ харамсаж явдаг. Хохирогчийн ээж болон ах дүү нар, ойр дотнын хүмүүсээс уучлалт хүсэж байна. Энэ хэрэг замын нөхцөл байдлаас шалтгаалсан. Хариуцлагагүй нөхөөс хийсэн, хориглох тэмдэг тавиагүй, гэрэлтүүлэг байхгүй, харанхуй нөхцөл байдалтай ийм зам дээр ямар ч урьдчилан сэргийлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Зам ангийн хариуцлагагүй байдлаас болж хохирогч амь насаа алдахад хүрсэн гэж би үзэж байна. Харанхуй шөнө насанд хүрээгүй хүүхдийг ажиллуулах хууль зүйн ямар зохицуулалт байдгийг ойлгохгүй байна. Би хууль мэдэхгүй. Гэвч хүүхдийг морь унуулж унагахад шүүх, цагдаа, прокурор, хүүхдийн байцаагч хүртэл оролцож хариуцлага тооцдог. Гэтэл энэ хэрэг дээр насанд хүрээгүй хүүхдийг ажиллуулсан байхад хариуцлага хүлээх асуудал яригдахгүй байгааг гайхаж байна. Талийгаач тухайн үед гэмтлийн эмнэлэгт түргэн тусламжаар хүргэгдсэнээс хойш 9 хоногийн дараа нас барсан. Би ямар нэг байдлаар зам дээр зогсоогүй, зогсох боломжгүй байсныг онцолмоор байна. Хэрэв тухайн үед замын тэмдэглэгээг хийж, хашлага, тусгаарлалт тавьж, замын ажлаа зөв зохион байгуулсан бол тэр хүүхэд өнөөдөр амьд байх байсан. Би уучлал гуйж байна. Гэхдээ зөвхөн надад бүх бурууг үүрүүлэх гээд байгаа нь харамсалтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Дын өмгөөлөгч Р.Мөнхбаясгалангийн гаргасан давж заалдсан гомдолд үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан шийдвэрлэлээ.

1.Хавтас хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан зүйлгүй, шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц зөрчил тогтоогдохгүй байхаас гадна хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болгосон нотлох баримтуудыг  цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхдээ мөн хуулийг зөрчөөгүй байна.

2.Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан үзвэл 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр шүүгдэгч Б.Д нь согтуурсан үедээ 69-38 УБА улсын дугаартай “Мазда Бонго” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутагт Улаанбаатар-Өвөрхангай чиглэлийн АО301 авто замын 54 дэх км-ийн шонгийн ойролцоо хатуу хучилттай авто зам дээр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7, 18.3-т заасныг зөрчиж, зам арчлалтын ажил хийж байсан 81-08 ТӨҮ улсын дугаартай “Хово” маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөхөд тухайн газарт ажиллаж байсан У.Урантөгөл нь тээврийн хэрэгслүүдийн хооронд хавчуулагдсаны улмаас амь нас хохирсон үйл баримт нь

-ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт  /1-р хх-ийн 7-13/,

-тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 14-20/,

-цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 154-162/,

-хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.Отгонтөгсийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би талийгаач У.Урантөгөлийн төрсөн ээж юм. 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрсөн өдөр нь болоод гэртээ бид нартай хамт тэмдэглэсэн. Тэгээд 2023 оны 10 дугаар сарын 15-ны өглөө ажилдаа явсан. Миний амьдралын түшиг, тулгуур минь байсан, миний хүү намайг асарч байсан. Сэтгэл санаагаар унаад хүүгээ өнгөрсөн гэхэд итгэж өгөхгүй байна. Би хохирлыг баримтаар нэхэмжилнэ, гомдолтой байна....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 77/

-гэрч Р.Ганболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 10 дугаар сарын 15-ны орой бид хэд ажлаа хийж байсан. Би ачааны Хово машины зөв талын ар хэсэгт жолоочид дохио өгөх зорилгоор ажиллаж байгаад машин дээр байсан асфальт ихээр гоожих гэхээр нь жолоочид гүйж очоод түр байж байгаарай” гэж хэлээд эргэтэл араас тас хийгээд явчихсан. Ховор-Эрдэнэ цаанаас гүйгээд би наанаас нь гүйгээд очтол Урантөгөл хоёр машины хооронд хавчуулагдчихсан байхаар нь эргэж Мөнхбатад машинаа урагшлуул хүн хавчигдчихлаа гэсэн. ...Цагаан өнгийн машины жолоочоос архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Сүүлд нь нэлээн согтуу байгааг нь би мэдсэн...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 87/,

-гэрч С.Ховор-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Мөнхбат ах машин дотроо тэвшээ бага хэмжээтэй гийдэрдээд хажууд дохио дамжуулахаар машины жолооч талд Ганболд асфальтаа буулгахыг харж, эсрэг талд Урантөгөл нар зогсож байсан. Харин би ачааны машин зүүн гар талын хойд хэсэгт машины зам зохицуулаад улаан өнгийн дохиур мод бариад байж байтал хот талаас нэг машин ирж байгаа гэрэл тод харагдаж байсан. Би эсрэг талаас машин байна уу гээд харах зуур нөгөө ирж байсан машин шууд бидний хийж байсан ажил руу хязгаарлалт тогтоосон ослын гэрэлтүүлэгтэй түмбэ мөргөөд нэлээн хурдтай ороод ирсэн. Нөгөө машин шууд орж ирээд Урантөгөлийг мөргөөд Хово машины араас нь мөргөөд зогссон. Би гүйж очоод хартал Урантөгөл 2 машины завсар хавчуулагдсан машинаа урагшлуулаач ээ гээд хашхирч байсан....тухайн осол гаргасан жолооч гэрэл ойлгогчтой түмбийг мөргөн орж ирж ямар ч тормоз гишгээгүй шууд орж ирсэн, ...би осол болдог өдөр Урантөгөлд зааварчилгаа өгч гарын үсэг зуруулсан. У.Урантөгөл нь гэрэл ойлгогчтой ногоон өнгийн хантаазтай байсан. Үндсэн ажилтан биш учраас ажлын хувцас олгогдоогүй байсан, өдөр тутмын зааварчилгааг би өгдөг. Би осол гаргасан машиныг орж ирэхээс өмнө дохиураа дээш өргөөд зогсохыг анхааруулсан боловч тэр машин шууд орж мөргөж осол гаргасан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 92-93, 98/,

-гэрч А.Мөнхбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ганболд жолооч талаар ирээд түр байж байгаарай гэж хэлээд цаашаа эргэх үед машины араас тас хийх чимээ гарч машин доргиж хөдөлсөн. Би юу болов гээд гүйгээд очтол машины араас цагаан өнгийн машин орчихсон байсан. би сандраад буцаж гүйгээд машинаа 1 метр орчим урагшлуулаад буцаж машинаас буугаад гүйж иртэл Урантөгөлийг манай хоёр сугадчихсан зогсож байсан...цагаан өнгийн машины жолоочоос нэлээн архи үнэртэж байсан. Согтуу байх шиг байсан ...Миний хариуцан ажилладаг Хово маркийн 81-08 ТӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй. Арын гэрэл дохионууд ажиллаж байсан. Би гэрэл дохиогоо асаагаад машины аваарын гэрэл татаад зогсож байсан. Осол болдог өдөр Ховор-Эрдэнэ аюулгүй ажиллагааны зааварчилга өгч гарын үсэг зуруулсан. ...намайг ирээд зогссоны дараа миний машины хойд талд жижиг хуванцар, гэрэл ойлгогчтой түмбийг тойруулж тавьсан байсан. Цагаан зурвасын хажууд тавьсан. Түмбэ дээр улаан гэрэл зоож орхисон байсан. Осол болох үед би машин дотроо нормалдаад кардан татаад зогсож байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 100-101, 103, 110/

-иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Баянчандмань АЗЗА ХХК-д 2014 онд ерөнхий инженерээр ажилд ороод одоог хүртэл уг ажлыг хийж байна. У.Урантөгөл нь 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр гүйцэтгэх захирал Б.Мөнхгэрэлийн тушаалаар туслах замчнаар ажилд орж байсан. У.Урантөгөл нь манай байгууллагатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Ажил үүргийн хуваарь нь замчин байсан... У.Урантөгөл осол болох үед гэрэл ойлгогчтой хантааз, малгайтай цамц өмссөн байсан. Хөдөлмөр хамгаалал, талбайн инженер Ховор-Эрдэнэ зааварчилга өгч гарын үсэг зуруулсан байсан...манай байгууллагаас хохирогчийн гэр бүлд буяны ажлын зардал, бусад эд материалын тусламж үзүүлсэн. 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор олгосон...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 86, 107-108/,

-Төв аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Амь хохирогч У.Урантөгөлийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дээрх оношинд дурдагдсан гэмтлүүд тогтоогдлоо...Амь хохирогч нь хавсарсан хүнд гэмтлийн улмаас олон эрхтний дутагдал, зүрх судас, амьсгалын цочмог дутагдалд орж нас баржээ” гэх 217 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 140-150/,

-Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн "Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн Дашдондог гэж хаягласан цуснаас спиртийн 3.0 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 3,0 промилли спирт нь согтолтын хүнд зэрэгт хамаарна” гэх 5152 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 123-124/,

“Цагаан шонхорын жигүүр НҮТББ, замын хөдөлгөөний аюулгүй байдал, судлалын хүрээлэнгийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн “...Mazda Bongo маркийн 69-38 УБА улсын дугаартай автомашины жолооч Б.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7А дахь заалт, 18 дахь заалтыг тус тус зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна...” гэх 24/18 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 181-184/

-Хөдөлмөр халамж, үйлчилгээний ерөнхий газрын салбарын хяналтын улсын байцаагч Ю.Аюушийн 2024/01/29/03 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 166-174/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад  хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Тээврийн хэрэгслийн аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн шинж нь Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан, согтуурсан мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байх, улмаар хүний амь нас хохирсон байхыг шаардах бөгөөд шүүгдэгч Б.Дын үйлдэл нь дээр дурдсан шинжээс согтуурсан мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас хүний амь нас хохирсон байх тул мөн зүйлийн 4.1-т заасан гэмт хэргийн шинж хангагдсан байна.

3.1.Түүнчлэн Монгол Улсын Их хурлаас 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр  өөрчлөн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг найман жилээс дээш арван хоёр жилийн хугацаагаар хасаж...” гэж өөрчлөлт оруулсан. Харин шүүгдэгч Б.Дын үйлдэл нь дээрх өөрчлөлтөөс өмнө буюу 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр үйлдэгджээ.

3.2.Иймд Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Дын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэн анхан шатны шүүхэд шилжүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

4.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн “...шүүгдэгч Б.Дыг Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-г зөрчин хүний амь нас хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3-т зааснаар болгоомжгүй хэлбэр бөгөөд энэ нь шүүгдэгчийн болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь хүний амь нас хохироосонтой шалтгаант холбоотой байна...” гэсэн агуулга бүхий дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасан нотлох баримтыг шалгах, үнэлэх журмыг зөрчөөгүй болон анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдаж  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалтад нийцжээ.

4.1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

Шүүх ийнхүү хариуцлага хүлээлгэхдээ хуульд заасан үндэслэл, зарчмуудыг эрх зүйн удирдлага болгон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байгаа эсэхийг дүгнэж, оногдуулж болох төрөл хэмжээний дотор ял оногдуулах учиртай.

4.2.Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Дт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1-т “...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэмт буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно...” гэж заасныг хэрэглэн хууль үйлчлэх цаг хугацааг тодорхойлон, хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан жилийн хугацаагаар хасаж, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулан, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

4.3.Харин шүүх “...шүүгдэгчийн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийсний улмаас хүний амь нас хохироосон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан, материаллаг бүрэлдэхүүнтэй, ...” гэсэн дүгнэлт хийсэн нь хууль хэрэглээний хувьд буруу болжээ. 

Тодруулбал, Эрүүгийн хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршдог.

Эрүүгийн эрх зүйн хувьд гэмт хэргийн бүрэлдэхүүнийг объектив талын шинжийг хэрхэн хуульчилснаас хамаарч хэлбэрийн болон материаллаг бүрэлдэхүүнтэй гэж ангилдаг ба хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг нь заавал хор уршиг учирсан байхыг шаардахгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг хийснээр гэмт хэрэгт тооцогддог бол материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг нь гэмт этгээдийн нийгэмд аюултай үйлдэл эс үйлдэхүйн улмаас заавал хор уршиг учирсан байхыг шаарддагаараа ялгагдана.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шууд хохиролд тооцох боловч хүний амь нас юугаар ч хэмжигдэшгүй үнэ цэнтэй, түүнийг мөнгөөр илэрхийлэх хэмжээгээр үнэлэх боломжгүй тул материаллаг бүрэлдэхүүнтэй гэж дүгнэх нь хууль зүйн үндэслэлгүй юм.

5.Мөн шүүгдэгч Б.Дыг “...Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т заасныг зөрчиж...” гэж шинжээчийн дүгнэлтээр тогтоогдоогүй үйл баримтын талаар дүгнэснийг “...3.7А дахь заалт, 18.3 дахь” заалтыг зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас хүний амь нас хохирсон гэж зөвтгөх нь зүйтэй байх ба энэ нь шүүгдэгчийн эрх зүйн байдалд нөлөөлөхөөргүй байна.

6.Түүнчлэн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцохдоо утга найруулгын хувьд техникийн шинжтэй алдаа гаргасныг магадлалын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах замаар зөвтгөж шийдвэрлэв.

7.Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан “...Шүүх шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасан шинжилгээ хийх эрх бүхий этгээд хамаарна гэж заасан байхад шинжилгээ хийх эрхгүй хүнээр шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулсан нь Шүүх шинжилгээний тухай хуулийг ноцтой зөрчсөн...,Хөдөлмөр халамж, үйлчилгээний ерөнхий газрын салбарын хяналтын улсын байцаагч Ю.Аюушийн 2024/01/29/03 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “Баянчандмань АЗЗА” ТӨХК-ийг холбогдох дүрэм, журам зөрчсөн, мөн үйлдвэрлэлийн осол хэмээн гарсан байхад ямар нэг хариуцлага хүлээлгээгүй, ...Шүүх шинжилгээний тухай хуулийг ноцтой зөрчиж гаргасан "Цагаан Шонхорын Жигүүр” НҮТББ Замын хөдөлгөөний аюулгүй байдал, судлалын хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын салбарын хяналтын улсын байцаагч Ю.Аюушийн тамга тэмдэггүй дүгнэлтийг нотлох баримтаар тооцож шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах, эсвэл шүүгдэгч Б.Дын хувьд зам засварын ажил үүрэг гүйцэтгэж тэмдэг тавиагүй, зам засварын ажил гүйцэтгэж байсан “Хово” маркийн 81-08 ТӨΥ улсын дугаартай ачааны автомашины тэвш дээш өргөгдөж, арын гэрэл нь харагдахгүй нөхцөлд урдаас ирж явсан автомашины гэрлийн гялбаанд орж амь хохирогч У.Урантөгөлийг мөргөсөн нь үйлдвэрийн орчинд гарсан гэж үзэх боломжтой байх бөгөөд Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэж үзэн ял оногдуулах боломжтой байсан тул тухайн зүйл, хэсгээр хорихоос өөр төрлийн ял шийтгэж өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдол,

шүүгдэгч өмгөөлөгч Д.Гансүх шүүх хуралдаанд “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан хорих ялыг багасгаж өгнө үү...” гэсэн санал гаргасныг тус тус хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байна.

7.1.Шүүгдэгч Б.Дт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг шалган тодруулсан, үйл баримтыг тогтоосон нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гарахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж нотлох баримт цуглуулж, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Тодруулбал, Шүүх шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасан шинжилгээ хийх эрх бүхий этгээдэд мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т зааснаар шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, сэргээх, сунгах, хүчингүй болгох санал, дүгнэлт гаргах эрх бүхий орон тооны бус зөвлөл ажиллаж, зөвлөлийн саналыг үндэслэн шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг шүүх шинжилгээний төв байгууллагын даргын шийдвэрээр 5 жилийн хугацаагаар олгохоор байна.

“Тусгай мэдлэг бүхий хүнд шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, сэргээх, сунгах, хүчингүй болгох санал, дүгнэлт гаргах эрх бүхий орон тооны бус зөвлөл” нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/349 дугаар тушаалаар байгуулагдсан тул шүүгдэгч Б.Дт холбогдох хэрэгт шинжээчийн дүгнэлт гаргах цаг хугацаанд дээрх журам хэрэгжээгүй байсан байна.

 Иймд шинжээчдийн дүгнэлтийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй.

7.2. “Баянчандмань АЗЗА” ТӨХК-ийг нь Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг Улаанбаатар-Өвөрхангай чиглэлийн АО301 авто замын 54 дэх км-ийн шонгийн ойролцоо хатуу хучилттай автозамын арчлалтын ажлыг гүйцэтгэж байх хугацаанд нь зам тээврийн ослын улмаас У.Урантөгөлийн амь хохирсон хэрэгт  шинжээч Т.Түвшинбаатарын 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн “...Баянчандмань АЗЗА” ТӨХК нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.4 “Зам дээр засварын ажил, үйлчилгээ эрхэлж буй иргэн, хуулийн этгээд нь дараах үүргийг хүлээнэ: а/засварын ажил, үйлчилгээ хийж байгаа үедээ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, 1.21 тэмдэг тавьж анхааруулах ...түүний тойрч гарах чиг заасан тэмдэг байрлуулах” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Хэргийн материал дахь “Гэрэл зургийн үзүүлэлт”-ийн 9 дугаартай гэрэл зурагтай танилцахад “Баянчандмань АЗЗА ХХК-ийн ажилтнууд замын тухайн хэсэгт гэрэл ойлгогчтой тумбэ тавин ажиллаж байсан нь тогтоогдож байна. Осол болоход “Баянчандмань АЗЗА” ХХК нь зам дээр засварын ажил, үйлчилгээ хийж байгаа үедээ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, 1.21 тэмдэг тавьж анхааруулах, түүнийг тойрч гарах чиг заасан тэмдэг байрлуулан ажиллаагүй нь зохих хэмжээгээр нөлөөлсөн гэж үзэж байна...” гэх дүгнэлтийг гаргасан байна.

Дээрхээс үзэхэд зам тээврийн ослын улмаас У.Урантөгөлийн амь нас хохирсонтой  “Баянчандмань АЗЗА” ТӨХК-ийн эс үйлдэхүй шалтгаант холбоогүй байх тул энэ хэрэгт тухайн байгууллагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд зааснаар иргэний хариуцагчаар томилон оролцуулсан, иргэний хариуцагч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид оршуулгын болон бусад зардалд 20,659,631 төгрөг төлсөн байна. Иймд шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан “Баянчандмань АЗЗА” ТӨХК-т хариуцлага хүлээлгээгүй гэх гомдол үндэслэлгүй байна.

7.3. Мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх журмыг зохицуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл нь шүүхэд үүрэг болгосон бус, харин эрх олгосон заалт тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын хүрээнд дээрх зохицуулалтыг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний хүрээнд хамаарна.

Шүүхэд үүрэг болгоогүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг хэрэглээгүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэнд тооцох үндэслэл болохгүй тул шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх талаар гаргасан өмгөөлөгч Д.Гансүхийн саналыг хүлээн авах боломжгүй.

8.Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын “Тогтоох” нь хэсгийн 1 дэх заалтад утга найруулгын өөрчлөлт оруулан бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Мөнхбаясгалангийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч Б.Дын шийтгэх тогтоол танилцуулснаас хойш буюу 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд цагдан хоригдсон 72 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/130 дугаар шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 1 дүгээр заалтад “Шүүгдэгч Б.ДЭрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай...”  гэснийг,

“Шүүгдэгч Б.ДЭрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг согтуурсан үедээ зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж найруулгыг өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Мөнхбаясгалангийн гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дын 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 72 /далан хоёр/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                               ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     М.МӨНХДАВАА

                                    ШҮҮГЧИД                                    З.ТҮВШИНТӨГС

                                                                                         А.ЦЭРЭНХАНД