Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 2025/ДШМ/42

 

 

 

 

 

 

 2025               6                  05                                                   2025/ДШМ/42

 

 

 

Ш.Бөд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч З.Түвшинтөгс, шүүгч А.Цэрэнханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Түмэндэмбэрэл,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Б,

Хохирогчийн өмгөөлөгч Ц.А,

Шүүгдэгч Ш.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б,

Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж, шүүгч Т.Батжаргал, шүүгч Ж.Дэлгэрмөрөн нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 2025/ШЦТ/147 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батцэнгэлийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Ш.Бөд холбогдох эрүүгийн 2234000000576 дугаар хэргийг 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Цэрэнхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1......... оны 1........ дугаар сарын .........-ны өдөр Т....... аймгийн, У............ суманд төрсөн, ...........настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-1, ............................. оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, М.......... овогт Ш.............. Б........... /РД:.................../.

2.Шүүгдэгч Ш.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Төв аймгийн Угтаалцайдам сумын Асгат 2 дугаар баг, Гандангийн 113 тоотод Х.Баттулгатай маргалдаж, улмаар зүүн эгэм рүү нь нэг удаа хутгалж алсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

3.Төв аймгийн прокурорын газраас Ш.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

4.Анхан шатны шүүх: Шүүгдэгч М овогт Ш.-ын БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алахгэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Шүүгдэгч Ш.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 13 /арван гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Бөд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Бийн цагдан хоригдсон нийт 854 /найман зуун тавин дөрөв/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутга, бор өнгийн куртик 1 ширхэг, улбар шар өнгийн цамц 1 ширхэг, хар ногоон өнгийн цамц 1 ширхэг, хар футболк 1 ширхэг, хар хөх өмд 1 ширхэг, хар саарал дотуур өмд 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Төв аймгийн шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж,

Эрүүгийн 2234000000576 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ш.Б нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ш.Бөд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ял эдлэх хугацааг 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

5.Шүүгдэгч Ш.Бийн өмгөөлөгч Б.Батцэнгэл давж заалдах гомдолдоо болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 2025/ШЦТ/147 дугаар шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Шүүгдэгч Ш.Б нь хэргийн зүйлчлэл болон гэм буруу дээрээ маргаагүй, оршуулгын болон бусад зардал нь нотлох баримтаар 17,000,000 төгрөг байхаар хэрэгт тогтоогдсон байхад 32,500,000 төгрөгийг төлж барагдуулсан, мөн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан үзнэ үү. Өмнө нь анхан шатны шүүх Эрүүгийн хулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг баримталж 6 жил хорих ял өгсөн атлаа одоо 13 жилийн хорих ял оногдуулж байгаа нь түүний гэм бурууд тохироогүй байна. Улсын Дээд шүүхээс гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамласан нь буруу гэж үзсэн болохоос хүнд ял шийтгэл оногдуулахыг даалгаагүй. Өмгөөлөгчийн хувьд хорих ялын дээд хэмжээнээс доош нь татаж ял оногдуулах санал гаргаагүй буюу хуульд заасан хамгийн доод хэмжээний ял оногдуулах боломжтой гэж үзэж байна. Иймд 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 2025/ШЦТ/147 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Ш.Бөд оногдуулсан 13 жилийн хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү” гэв.

6.Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Түмэндэмбэрэл шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн өмгөөлөгч учруулсан хохирлыг төлсөн гэж яриад байна. Үүнийг анхан шатны шүүх хуралдаан дээр тайлбарлаж хэлсэн. Хүний амь нас буцаж амилах боломжгүй учраас хохирлыг бүрэн төлсөн гэж ярих боломжгүй. Хор уршигтай холбоотой асуудлын хувьд оршуулгын зардал, түүнтэй холбогдуулан гарсан зардлуудыг л нөхөн төлсөнд маргаагүй. Гэхдээ хохирол бүрэн төлөгдсөн, илүү төлөгдсөн учраас шүүгдэгчийн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгөөч гэж хүсэлт гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

7.Хохирогчийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруу дээрээ маргадаггүй гэж байгаа боловч мөрдөн шалгах ажиллагааны эхний үе шатнаас эхлээд л гэм буруу дээрээ маргаж байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй. Өнөөдөр “би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэдэг хэдхэн үгээр шууд тодорхойлогдохгүй, илэрхийлэгдэхгүй. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамласныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Улсын Дээд шүүхээс 2 шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон. Улсын Дээд шүүх мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрхээс гадна үүрэг юм гэж тогтоолдоо тусгаж өгсөн. Өмнө нь 6 жилийн хорих ял өгчхөөд одоо 13 жилийн хорих ял өгөөд байгаа нь буруу гэсэн байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамласан нь буруу болох нь тогтоогдсон. Шүүгдэгчийн өмгөөлөгч 8 жилийн хорих ял энэ хүний гэм бурууд нь тохирно, 13 жилийн хорих ял тохирохгүй гэж яриад байна. Гэтэл хуульд заасан ямар үндэслэл байгааг, хуулийн үндэслэлээ тайлбарлахгүй байна. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзэх ёстой. Шүүх эмнэлгийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар амь хохирогч газар дээрээ хэдхэн минутын дотор нас барсан байдаг. Гэтэл намайг өөрөө яв гэсэн, зүгээр гэсэн, гэртээ харь гэхээр нь харьчихсан гээд анхан шатны шүүхийн шүүх хуралдаан дээр ч ярьдаг. Сая өмгөөлөгч нь бас л ярьж байна. Үүнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх боломжгүй байна. Мөн тохиолдлын шинжтэй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж яриад байна. Энэ бол санаатайгаар хүний амь насыг хохироосон гэмт хэрэг, тохиолдлын шинжтэй зүйл огт байхгүй. Хэрэгт авагдсан баримтуудаас харахад өмнө нь бас дөрөөгөөр толгой тархийг нь хагалж байсан байдаг. Энэ бол санаатайгаар бусдын амь насыг хохироосон. Хохирол төлсөн гэж яриад байна. Энэ хүний үйлдсэн гэмт хэргийн хамгийн том хохирол бол хүний амь нас. Хүний амь насыг хэзээ ч сэргээж, босгож, чадахгүй. Хохирол илүү төлсөн гэж маргаад байх шиг байна. Хуурамч бичиг баримт үйлдээд, илүү мөнгө авъя гээд өгсөн зүйл байхгүй. Байгаа баримтаа өгсөн. Оршуулгын зардал, түүнтэй холбоотой бусад зардлуудыг анхан шатны шүүх хор уршиг гэж үзээд төлүүлсэн байх гэж бодож байна. Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан ял үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

8.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчтэй санал нэг байна” гэв.

9. Шүүгдэгч Ш.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбар байхгүй. Өмгөөлөгчтэй санал нэг байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ш.Бөд холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батцэнгэлийн гаргасан давж заалдсан гомдолд үндэслэн хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох ба ингэхдээ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг мөн хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулах үүрэгтэй.

2.Анхан шатны шүүх дээр дурдсан зарчимд нийцүүлэн, яллах болон өмгөөлөх талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан дүгнэж, хэргийн үйл баримтыг сэргээн тогтоосон байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа, прокурор болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

3.Давж заалдах шүүх хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас үзвэл шүүгдэгч Ш.Б нь согтуурсан үедээ 2022 оны 12 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Төв аймгийн Угтаалцайдам сумын Асгат 2 дугаар баг, Гандангийн 113 тоотод Х.Баттулгатай хувийн таарамжгүй харьцаа үүсгэн, улмаар түүний зүүн эгэм хэсэгт хутгалж алсан үйл баримт хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэх

-хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Бын “...2022 оны 12 дугаар сарын 08-ны өглөө 09-10 цагийн орчимд юм болов уу над руу миний төрсөн дүү Амарсанаа утсаар ярьсан, дараагаар нь том эгч Ундрах над руу утсаар яриад ахыг гэртээ нас барсан байна гэж хэлсэн. ...Манай адууг гаргаж байх хугацаанд бол талийгаач болон тэнд байсан хүмүүс хоорондоо маргалдаж муудалцсан асуудал огт байхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 11-12/,

-гэрч Б.Бат-Эрдэнийн “...Х.Баттулга ах мах чанана гээд хутга авсан хар Мөнхөө хутгыг нь авах гээд тэр 2 ноцолдож байгаад Х.Баттулга ах хойшоо хөл алдаад унасан, тэгээд ухасхийгээд босоод ирэх хооронд Мөнхөө, Х.Баттулга ахын зүүн эгэм хэсэг рүү хатгачих шиг болсон. Тухайн хэсгээс нь цус гарсан бөгөөд яах уу гэхэд Х.Баттулга ах нь зүгээр ээ гэж хэлээд босож ирээд сууж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 27-28/,,

-гэрч Ц.Түмэнбаярын “...талийгаач Х.Баттулга ахын байшинд ороход гэрт нь хүн байхгүй, өрөө хоймор хэсэгтээ толгой нь цонх руугаа харсан байдалтай, нүүр нь нэлэнхийдээ цус болчихсон, хөдөлгөөнгүй хэвтэж байсан, дуудахад хөдлөхгүй хариу өгөхгүй болохоор ороогүй, үүднээс нь буцаад шууд сумын хэсгийн цагдаа дээр ирж мэдэгдээд дараа нь сумын эмнэлэг рүү орж мэдэгдээд дагуулж очоод үзүүлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 17/,

-гэрч Х.Одончимэгийн “...өглөө 09 цаг 50 минутын орчимд манай сумын иргэн Ц.Түмэнбаяр эмнэлэг дээр ирээд тэнд хүн цус нөждөө баригдчихсан гэртээ хэвтэж байна, хаана дуудлага өгөх вэ гээд ороод ирсэн. Тэгээд би жижүүр эмч байна гэж хэлээд Ц.Түмэнбаяртай, сумын хэсгийн цагдаатай хамт Асгат 2 дугаар баг, Гандангийн 113 тоотод Х.Баттулгын гэрт очиход Х.Баттулга нь байшингийнхаа хойд өрөөнийхөө гол хэсэгт газраар нүүр хэсэг дээшээ харсан, нэлэнхийдээ нүүр, гар, цээж хэсгээрээ цус болсон, баруун гараа цээж хэсгээрээ зүүн эгэм дээрээ тавьсан байдалтай нас барсан байсан. Биеийн байдлыг нь үзэхэд Х.Баттулгын амин үзүүлэлт байхгүй, зүрх судасны үйл ажиллагаа бүрэн зогссон, цогцос хөшилт бүрэн явагдчихсан байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 19/,

-хэргийн газарт үзлэг хийсэн  тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 2-6/,

-амь хохирогч Х.Баттулгын үхлийн шалтгааныг тогтоосон Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн “...Х.Баттулгын биед эгэмийн артер, венийн судасны тасралт, цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, дотуур цус алдалт шарх гэмтэл тогтогдлоо. Талийгаач Х.Баттулга нь цээжний хөндий рүү нэвтэрсэн шархны улмаас зүүн артер, венийн судас тасарч цус алдаж нас баржээ” гэсэн 244 дугаартай дүгнэлт /1 хх-ийн 62-72/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

4. “Хүнийг алах” гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүй хийсний улмаас хүн нас барсан, гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаан холбоотой байх шинжийг заавал  агуулах ба амь хохирогч нас барсан үеэс эхлэн хүнийг алсан үйлдлийг төгссөн гэмт хэрэг гэж үзэж Төв аймгийн прокурорын газраас хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгч Ш.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

5.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн “...шүүгдэгч Ш.Б нь хохирогч Х.Баттулгатай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа маргалдаж, улмаар зүүн хэсэг рүү нэг удаа хутгалсны улмаас “цээжний хөндийн рүү нэвтэрч эгэмний артер, венийн судас тасарч цус алдаж нас барсан болох нь тогтоогдсон” гэх агуулга бүхий дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасан нотлох баримтыг шалгах, үнэлэх журмыг болон анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

6. Түүнчлэн анхан шатны шүүхээс шүүгдэгч Ш.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор буюу 13 жилийн хугацаагаар хорих ял оногдуулrж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзнэ.

7. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Батцэнгэл нь “...шүүгдэгч Ш.Б нь хэргийн зүйлчлэл болон гэм буруу дээрээ маргаагүй, оршуулгын болон бусад зардал нь нотлох баримтаар 17,000,000 төгрөг байхаар хэрэгт тогтоогдсон байхад 32,500,000 төгрөгийг төлж барагдуулсан, мөн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан хорих ялын хэмжээг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан.

7.1. Шүүх Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг зөрчиж, хохирол, хор уршиг учруулсан этгээдийн гэм буруутайг тогтоосны эцэст эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд  оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангаж, ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцэх юм.

7.2. Иймд давж заалдах шатны шүүхээс хэргийн зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болох хуульд заасан эрх хэмжээний хүрээнд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журамд нийцүүлэн, шүүгдэгч Ш.Б нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 32,500,000 төгрөг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдлийг зүйлчилсэн зүйл, хэсэгт оногдуулахаар заасан хорих ялын хэмжээний дотор буюу 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 болон 2 дахь хэсэгт шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцохоор заасан бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч Ш.Бийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл, 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон хугацааг 854 хоног гэж буруу тооцсон байх тул 710 хоног болгон давж заалдах шатны шүүхээс зөвтгөх нь шүүгдэгчийн эрх зүйн байдалд сөргөөр нөлөөлөхгүй болно.

9.Түүнчлэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Б нь давж заалдах шатны шүүх хуралдаанд 32,500,000 төгрөгийг хүлээн авсан талаараа маргахгүй гэж мэдүүлсэн, шүүгдэгч Ш.Б нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 32,000,000 төгрөгийн хохирол барагдуулсан талаар шийтгэх тогтоолын “тодорхойлох” хэсэгт дүгнэсэн атлаа “тогтоох” хэсэгт заалгүй орхигдуулсан,

-эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлсийг устгуулахаар шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд заасан холбогдох хэсгийг зөв хэрэглээгүй байх тул энэ талаар өөрчлөлт оруулав.

10.Давж заалдах шатны шүүхээс дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батцэнгэлийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч Ш.Бийн шийтгэх тогтоол танилцуулснаас хойш буюу 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд цагдан хоригдсон 55 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 2025/ШЦТ/147 дугаар шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 2 дахь заалтад “Шүүгдэгч Ш.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 13 /арван гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М овогт Ш.-ын Б10 /арван/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэж өөрчлөн найруулж,

4 дэх заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Бийн цагдан хоригдсон нийт 854 /найман зуун тавин дөрөв/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай” гэснийг

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Бийн цагдан хоригдсон нийт 710 /долоон зуун арав/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай” гэж,

5 дахь заалтад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутга, бор өнгийн куртик 1 ширхэг, улбар шар өнгийн цамц 1 ширхэг, хар ногоон өнгийн цамц 1 ширхэг, хар футболк 1 ширхэг, хар хөх өмд 1 ширхэг, хар саарал дотуур өмд 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Төв аймгийн шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай” гэснийг

“Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутга 1 ширхэг, бор өнгийн куртик 1 ширхэг, улбар шар өнгийн цамц 1 ширхэг, хар ногоон өнгийн цамц 1 ширхэг, хар футболк 1 ширхэг, хар хөх өмд 1 ширхэг, хар саарал дотуур өмд 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Төв аймгийн шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай” гэж,

6 дахь заалтад “Эрүүгийн 2234000000576 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ш.Б нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай” гэснийг

“Эрүүгийн 2234000000576 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ш.Б нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Бт 32,500,000 төгрөг төлсөн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай” гэж тус тус өөрчлөлт оруулан, “Тогтоох” хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батцэнгэлийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Бийн 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд цагдан хоригдсон 55 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

3.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   М.МӨНХДАВАА

 

               ШҮҮГЧИД                                    З.ТҮВШИНТӨГС

 

                                                                          А.ЦЭРЭНХАНД