Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 534

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга О.Бадмаараг,

Улсын яллагч Р.Батнасан,  

Шүүгдэгч Ч.Лхагвасүрэн /өөрөө өөрийгөө өмгөөлж/  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Чагнаагийн Лхагвасүрэнд холбогдох эрүүгийн 1809008760604 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр ирүүлснийг хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Монгол Улсын иргэн, 1970 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 47 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 27 дугаар хороо Зүүн сэлбийн 44 дүгээр байр 2224 тоотод оршин суудаг гэх /Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 10-22 тоотод оршин суух албан ёсны хаягийн бүртгэлтэй/, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Боржигон овогт Чагнаагийн Лхагвасүрэн /РД:ЦЖ70120901/,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Ч.Лхагвасүрэн нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Хангай хотхоны 514-00 тоотод 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, 12 настай төрсөн хүүхэд О.Гантулгын баруун гарын сарвуунд нэг удаа хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ч.Лхагвасүрэн нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг мэдүүлсэн...” гэв.

Эрүүгийн 1809008760604 дугаартай хэргээс:

   Шүүгдэгч Ч.Лхагвасүрэн нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр тэжээгчээ алдсны тэтгэмж 230,000 төгрөг авсан. Тэгээд цагаан сар болох дөхөж байсан болохоор хоёр хүүгийн хамтаар Дархан-Уул аймагт байх төрсөн ах Бямбасүрэнгийнд очихоор төлөвлөж байсан. Энэ өдөр том хүү маань гэртээ ирж хоноогүй. 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн өглөө 10 цагийн үед бага хүү О.Гантулгад одоо гарч вакзол орж тасалбар захиалах талаар хэлээд дэлгүүрээс 100 грамм архи авч уусан, гэтэл хүү маань “та яагаад архи уугаад байгаа юм бэ? орой суудлаар Дархан явах байж архи уулаа” гэж бага зэрэг бухимдсан. Тэгээд би хүүдээ “ээж нь дахиж архи уухгүй, чи энэ мөнгийг авч бай, ээж нь дахин архи авч уухгүй” гэж хэлсэн. Тэгээд би өөрт байсан 50,000 төгрөгийг хүү Гантулгад өгсөн. /Би халамжаас авсан 230,000 төгрөгнийхөө 20,000 төгрөгийг том хүүдээ өгсөн. 10,000 төгрөгийг ойр зуурын зүйлд хэрэглэсэн. 120,000 төгрөгийг байрны төлбөрт өгсөн. 30,000 төгрөгийг цагаан сарын дараа Дархан-Уулаас ирээд хэрэг болно гэж далд хийсэн байсан/ дараа нь хүү бид хоёр гэрээ цэвэрлээд хоол цайгаа хийж идэх гэж байтал хүү Гантулгын найз нь гаднаас дуудсан. Тэгээд хүү маань өөрт нь хадгалж байгаарай гэж өгсөн мөнгийг үлдээхгүй авч гарах гэхээр нь “чи мөнгө үлдээ, хаачих гээд байгаа юм бэ” гэж хэлсэн. Гэтэл мөнгө үлдээхгүй гарч явах гэхээр нь би барьж аваад куртикный дотор талын халаасанд байсан мөнгөө булааж авсан. Гэтэл Гантулга өгөхгүй булаацалдсан. Тэгж байгаад Гантулга ширээн дээр байсан ногоон иштэй үзүүр нь хугарсан хутга аваад миний гарыг ишээр нь цохисон, би түүнийг чи яаж байгаа юм бэ? хутгаа тавь гэж хэлсэн боловч тэрээр тавихгүй байсан. Тэгээд мөнгө, хутга хоёрыг булааж авах гээд гарыг нь мушгисан. Энэ үед Гантулгын гарыг хутгаар зүссэн. Гэтэл Гантулга уйлаад гараад гүйсэн. Түүнийг араас нь дуудаж гараас чинь цус гараад байна ээж нь бооё гэтэл тэр манай эсрэг талын хаалганд байх боовны цехийн хаалга онгорхой байхад гүйгээд орсон. Гэтэл тэндээс 2-3 эмэгтэй гарч ирсэн. Би тэдэнд болсон зүйлийг тайлбарлаж өгөхөд тэд цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/,

 

Насанд хүрээгүй хохирогч О.Гантулга мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ээж ахиад архи авна гээд хамаг мөнгөө базаж аваад байхаар нь би мөнгийг аваад өөрт нь 5000 төгрөг өгөөд үлдсэнийг тоолтол 20,000 төгрөг дутаж байсан. Тэгээд ээжид “20,000 төгрөг дутаж байна” гэж хэлэхэд “чи зайл” гэж хэлээд орон дээрээс юм авах шиг болохоор нь мөнгөө хайгаад байх гэж бодтол хоолны хутга бариад “намайг алчихна шүү” гэж хэлээд дайрсан. Тэгэхээр нь би хутгатай гарыг нь холдуулах гэж байгаад баруун гар руугаа хутгалуулсан. Тэгээд ээжээ “та намайг хутгалчихлаа цус гараад байна” гэхэд ахиад хутгалах гээд дайрахаар нь би гарч зугтсан. Ээж намайг нилээд хөөж гүйж байгаад ардаас хутгаа шидсэн. Орон дээрээс хутга аваад “би ер нь чамайг алчих уу” гэхээр нь арай үгүй байлгүй гэж бодтол над руу дайрсан. Тэгэхээр нь би өөрийгөө хамгаалтал миний гар руу хутгалсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-24 дүгээр хуудас/,

 

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Отгонтуул мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Тухайн хэрэг маргаан гараад шууд хамгаалах байранд өгсөн. Тэрээр Хамгаалах байранд 7 хоноод “Өнөр бүл” хүүхдийн асрамжын газарт хүлээлгэн өгсөн. Тухайн төвд байхдаа Сэтгэл Мэдрэлийн Үндэсний Төвд  хэвтэн эмчлүүлсэн байдаг. Дараа нь мөн л “Өнөр бүл” төвд ирсэн. Гэтэл уг газрын захиргаанаас манай байгууллагад хандсан. Учир нь О.Гантулга нь багш нарыгаа хэл үгээр доромжилсон, хүүхдүүдийг зодсон, мөн хүүхдүүдийг хооронд нь зодолдуулсан тиймээс буцааж ав гэж шаардсан. Тэгээд бид Гантулгыг буцааж аваад төрсөн ээж Ч.Лхагвасүрэнд хүлээлгэн өгсөн. Би тухайн үйл явдал болсон он сарыг сайн санахгүй байна. Уг нь ажил дээр бичиж тэмдэглэн авсан зүйл байгаа. Тухайн үед Ч.Лхагвасүрэн нь том хүүгийн хамтаар Баянзүрх дүүргийн 27-р хороо Зүүн Сэлбийн 44-2224 тоотод нийтийн байранд амьдарч байсан. Мөн одоо ч тэр газартаа амьдардаг. Би энэ хэрэг маргаан гараад Гантулгын сурагч байсан Сүхбаатар дүүргийн 16-р сургуулийн нийгмийн ажилтантай уулзаж ярилцаж байсан. тухайн үед О.Гантулгын худлаа ярьдаг, хүүхдүүдийг буруу зүйлд уруу татдаг, сургуулийнхаа хэсэг хүүхдүүдийн хамтаар ахуйн хэрэглээний газ үнэртэж мансуурсан гэж хэлж байсан. Ер нь л хүмүүжлийн доголдолтой гэх зүйл хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹2588 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Дүгнэлт:

 

  1. О.Гантулгын биед баруун гарын сарвууны зүсэгдсэн шарх гэмтэл учирсан нь тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэжээ /хх-ийн 32 дугаар хуудас/,

 

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд:

“...Хэрэг учрал гарсан гэх газар нь Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Хангай хотхоны 514 дүгээр байр гэх 13 давхар байшин байв. ...орцоор дотогш орж зүүн талын шатаар доошоо бууж зүүн эргэх урт коридорт хананы хажууд ногоон иштэй жижиг хутга байв. Үзлэгийг цааш явуулахад зүүн талд 1 метр зайд олон тооны хүрэн улаан өнгийн цус мэт зүйл бохирлогдон шалан дээр дуссан байв. Зүүн талд нь онгорхой хүрэн бор өнгийн бүргэд хаалгатай 00 тоот өрөөнд орж үзлэгийг цагийн зүүний дагуу эхлүүлэхэд, угаалгын машин урд нь сентфон материал дээр хүрэн улаан өнгийн толбо болсон байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. 2 хүний орны матрасс, уг матрасны зүүн доод талд хохирогч намайг энд сууж байхад зүүн гар руу хутгалсан гэснээр 46 гэж дугаарлан гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. Уг орны заасан хэсэгт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон байв...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-6 дугаар хуудас/,

 

Эд мөрийн баримтаар тооцох тогтоол:

-“...Ч.Лхагвасүрэнгээс хурааж авсан хутгыг эд мөрийн баримтаар тооцов...” гэжээ /хх-ийн 17 дугаар хуудас/,

 

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 18 дугаар хуудас/, гэрч П.Энхчимэгийн мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/, Ч.Лхагвасүрэнгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 39 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40 дүгээр хуудас/, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны хамтарсан хурлын тэмдэглэл /хх-ийн 41-42 дугаар хуудас/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Ч.Лхагвасүрэн нь 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Хангай хотхоны 514-00 тоотод төрсөн хүүхэд О.Гантулгатай мөнгөнөөс болж маргалдан улмаар баруун гарын сарвуунд нэг удаа зүсч хүч хэрэглэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж О.Гантулгын эрүүл мэндэд нь “ баруун гарын сарвууны зүсэгдсэн шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Ч.Лхагвасүрэнгийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч О.Гантулгын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №2588 дугаартай дүгнэлт хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудтай агуулгын хувьд зөрүүгүй байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох үндэслэл болов.

 

Насанд хүрээгүй хохирогч О.Гантулга нь шүүгдэгч Ч.Лхагвасүрэнгийн төрүүлсэн хүүхэд буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь тэдгээрийн мэдүүлэг, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч нь өөрийн төрсөн хүү насанд хүрээгүй хохирогч О.Гантулгын баруун гарын сарвуунд зүсч гэмтэл учруулсан үйлдлээ өөрөө хүлээн мэдүүлсэн, насанд хүрээгүй хохирогч нь хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч өөрийг нь гэмтээснийг гэрчилж мэдүүлсэн, уг үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар Ч.Лхагвасүрэнгийн үйлдэл нь хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг агуулжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Лхагвасүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлж, хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүх шүүгдэгч Ч.Лхагвасүрэнг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нь насанд хүрээгүй хүүхэдтэй зөв харьцах зан харьцааны түвшин дутагдсан, насанд хүрээгүй хохирогчийн зан, харьцаа төлөвшөөгүй нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.  

 

Шүүх шүүгдэгч Ч.Лхагвасүрэнд ял оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Ч.Лхагвасүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв.

Насанд хүрээгүй хохирогч О.Гантулга түүний хууль ёсны төлөөлөгч нараас “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн хүсэлт /хх-ийн 74/ гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг устгахаар тогтов.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Лхагвасүрэн нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.