Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2017/02468

 

 

 

 

 

2017 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2017/02468

 

 

 

 

Ч.Уранцэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2017/02206 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ч.Уранцэцэгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Н.Сарантуяад холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 26 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.Уранцэцэг, түүний өмгөөлөгч Н.Болормаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цэрэндулам, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Сугар-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч Ч.Уранцэцэг түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Мягмардорж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Сарантуяа нь 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулахдаа өөрийн бизнест хөрөнгө оруулалт хэрэгтэй гэсний дагуу олон жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа, олон түмэнд нэр хүндтэй, түүнийг Парадокс салоны захирал гэдэгт итгэж, 4 хувийн хүүтэй, 10 000 000 төгрөгийг зээлсэн. Гэрээний хугацаа дуусахад зээлийн хүүг өгч 2 сараар сунгасан, зээлийн хүүг хугацаанд нь өгч байсан. Сунгалтын хугацаа дуусахад дахин 3 сараар сунгах хүсэлт гаргасан. Миний хүү 2014 оны 03 дугаар сард хүнд хагалгаанд орсон, зээлийн хүүний мөнгө нь миний хүүгийн эмчилгээний зардалд маш их нэмэр болсон тул хүсэлтүүдийг хүлээн авсан. 2014 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Н.Сарантуяа анх зээлсэн 10 000 000 төгрөгийг буцаан өгөхийн тулд эхлүүлсэн бизнест нь дахин хөрөнгө оруулалт хэрэгтэй болсон тухай хэлж дахин 10 000 000 төгрөгийг зээлэхийг хүссэн. 2 дахь зээлийн гэрээг зээлдэгчийн хүсэлтээр 1 сарын хугацаатай, 6 хувийн хүүтэй зээлж, гэрээний хугацаа дуусахад анхны гэрээний мөнгөн дүнгийн хамт нийт 20 000 000 төгрөгийг буцаан олгохоор тохиролцож гэрээ байгуулсан. 2 дахь зээлийн гэрээний хугацаа дуусахад 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл дахин 1 capын хугацаагаар сунгасан. Сунгалтын хугацаа дууссан ч хугацааг 2015 оны 06 дугаар cap хүртэл хойшлуулахыг хүссэн. Итгэлийг минь алдаагүй, найдвартай зээлдэгч байсан тул хүсэлтийг нь хүлээн авсан. 2014 он дуустал хүүг төлж, 2015 оны 05 дугаар сараас зээлийн хүү төлөхгүй болсон. Энэ үеэс Н.Сарантуяа нь өөрийн найз н.Эрдэнэчимэг гэдэг хүнээс авлагатай тул авч байж өгнө гэх тайлбар өгсөн. Би гэрээг Н.Сарантуяатай хийсэн тул тэр хариуцлага хүлээж зээлээ төлөх нь зөв гэж үзэж байна. 2015 оны 06 дугаар сараас хойш Н.Сарантуяа, н.Эрдэнэчимэг нар нь намайг хамтран төөрөгдүүлж, зээлийг эргүүлэн төлж барагдуулна гэсээр өнөөдрийг хүрсэн. Иймд 20 0000 000 төгрөгийг арилжааны банкны хадгаламжийн 15 хувиар тооцож, зээлийн хүү болох 6 000 000 төгрөгийн хамт, нийт 26 000 000 төгрөгийг Н.Сарантуяагаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цэрэндулам, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Сугар-Эрдэнэ нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн зүгээс эс зөвшөөрч байна. Н.Сарантуяа нь зээлийн төлбөрийг хүүгийн хамт Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн Ч.Уранцэцэгийн 464008567 тоот дансанд найз н.Эрдэнэчимэгээр дамжуулан бэлнээр тушаасан. Гэтэл Ч.Уранцэцэг нь зээлийн төлбөрийг хүүгийн хамт хүлээн авсан боловч шүүхэд төлбөр төлөөгүй мэт худал тайлбарлаж байна. 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 10 000 000 төгрөгийг 4 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай зээлж, 2 сараар сунган, зээлийг хүүгийн хамт эргүүлэн төлснийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч маргахгүй байна. 2014 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 10 000 000 төгрөгийг 6 хувийн хүүтэй, 1 cap зээлсэн. Зээлийн хугацааг 6 сараар сунгаж, хүүнд 3 600 000 төгрөг төлсөн. Нэхэмжлэгчийн хадгаламжийн дэвтрээр хариуцагч нь 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 10 000 000 төгрөг төлсөн байна. Эхний гэрээгээр үндсэн 1 cap, сунгасан 2 cap, нийт 3 сарын хугацааны /3x400.000/ 1 200 000 төгрөг төлөхөөс 2 сарын хүү 800 000 илүү төлсөн. Иймд зээлийг төлснөөр гэрээнүүдийн харилцаа дуусгавар болсон тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч /РД:ЧП63121503/ чонос овогтой Нямсүрэнгийн Сарантуяагаас зээлийн гэрээний үүрэгт 18 600 000 /арван найман сая найман зуун мянга/ төгрөг гаргуулан, нэхэмжлэгч монгол овогтой Чимэддоржийн Уранцэцэгт /РД:ЧЖ63052061/ олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7 200 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч талаас шүүхэд хүсэлт гаргаж нэхэмжлэгч Ч.Уранцэцэгийн Худалдаа хөгжлийн банк ХХК-д байрших 464008567 тоот хадгаламжийн дансны дэлгэрэнгүй хуулгыг нотлох баримтаар гаргуулсан. 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 10.30 цагт эхлэхэд дээрх нотлох баримт нь банкнаас ирээгүй байсан тул шүүгчид хандан хурлаа хойшлуулж нотлох баримтаа ирсэн дараа хурал товлох хүсэлтээ илэрхийлсэн боловч шүүгч хурлыг түр хугацаагаар завсарлуулж шүүхийн зарлага нотлох баримт авч ирж байгаа, түүнийг ирэхээр үргэлжлүүлнэ гэсэн шийдвэрийг гаргасан. 1 цаг орчим хүлээсний дараа биднийг танхимд дуудан оруулж банкнаас нотлох баримт ирсэн гээд хурлыг үргэлжлүүлж хийж эхэлсэн. Гэхдээ банкнаас ирсэн нотлох баримттай танилцах талаар шүүгчид хэлэхэд энэ бол хувь хүний нууцтай холбоотой баримт та бүхэнд нэг бүрчлэн үзүүлэхгүй, зөвхөн шүүгч миний бие уншиж танилцуулан тэмдэглэлд тусгана гэх байдлаар шийдвэрлэж хариуцагч талд танилцуулалгүй хурлыг үргэлжлүүлэн хийсэн. Шүүгчийн энэ үйлдэл нь хариуцагчийн хуульд заасан хэргийн материалтай танилцах, түүнд үндэслэн тайлбараа хийх, мэтгэлцэх эрхийг ноцтой зөрчсөн явдал юм. Нэхэмжлэгчийн зүгээс хадгаламжийн дэвтрийн хуулбарыг гаргаж өгсөөр байтал шүүгчийн зүгээс үзэмжээрээ холбогдох нотлох баримтыг танилцуулахгүй шүүх хурлыг үргэлжлүүлж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Шүүхээс шийдвэрээ гаргахдаа хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс үнэлж бодит байдалд нийцсэн дүгнэлт гаргаж чадаагүй юм. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас харахад зээлийн 2 гэрээ авагдсан байдаг бөгөөд харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүхэд гаргасан тайлбарт нийтдээ 3 удаа зээлийн гэрээ хийсэн бөгөөд үүнээс өөрөөр Ч.Уранцэцэг болон Н.Сарантуяа нарын хооронд мөнгөний төлбөр тооцоо байхгүй гэж тайлбарладаг. Мөн 20 000 000 төгрөг зээлсэн үүнээс 10 000 000 төгрөгийг хүүгийн хамт 2014 оны 01 дүгээр сарын эхэнд төлж дуусгасан гэсэн тайлбараа нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргадаг. Хариуцагчийн зүгээс нийт 20 000 000 төгрөг зээлсэн бөгөөд уг төлбөрийг бүрэн төлж дууссан талаар шүүхэд тайлбараа гаргаж оролцсон болно. Шүүгчийн уншиж танилцуулснаар 2014 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Н.Сарантуяагаас 10 000 000 төгрөгийг төлсөн талаар банкнаас ирүүлсэн лавлагаанд байгааг дурдсан. Үүнээс харвал нэгдүгээрт нэхэмжлэгчээс зээлсэн 20 000 000 төгрөгийн 10 000 000 төгрөгийг хүлээн авснаа зөвшөөрсөн, хоёрдугаарт банкнаас ирүүлсэн лавлагаанд мөн 10 сая төгрөг төлсөн байгаа нь маш тодорхой дурдагдсан байна. Төлбөр төлсөн байдалд шүүгчийн зүгээс нотлох баримтад тулгуурлан үндэслэл бүхий дүгнэлтийг хийлгүй хэт нэг талыг барьсан дүгнэлт хийж хэрэгт авагдсан баримтыг үндэслэхгүйгээр шийдвэр гаргасан байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч Ч.Уранцэцэг нь 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Н.Сарантуяатай зээлийн гэрээ байгуулан, 10 000 000 төгрөгийг 4 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай, 2014 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 10 000 000 төгрөгийг 6 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай зээлдүүлэхээр тохиролцжээ" гэж дүгнэжээ. Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн гэрээнд заасан төлбөрийг бүрэн төлж дууссан гэж тайлбарласан. Энэхүү байдлаас харвал шүүгч нэгэнт дуусгавар болсон гэрээг талууд тайлбарласаар байтал шүүхийн шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчимд нийцэхгүй дүгнэлт болно. Мөн шүүгч нь шийдвэртээ банкнаас ирүүлсэн лавлагааг огт дурдахгүй байгаа бөгөөд түүний уншиж танилцуулснаар 2014 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч Н.Сарантуяагаас төлсөн 10 000 000 төгрөгийн баримтыг огт үнэлэлгүй орхигдуулсан байна. Шүүгчийн зүгээс хариуцагч талыг хуульд заасны дагуу нотлох баримт цуглуулах гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж дүгнэжээ. ИХШХШТХ-ийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасны дагуу хариуцагч талаас хүсэлт гаргаж, Худалдаа хөгжлийн банкнаас нотлох баримт гаргуулсан боловч шүүгч огт үнэлээгүй. Анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ хариуцагчийн эрхийг ноцтой зөрчсөн, хэргийн материалтай танилцуулахгүй, түүнд үндэслэж мэтгэлцэх боломжоор бүрэн хангалгүйгээр шүүх хурлыг хийсэн, хэрэгт цугларсан нотлох баримт, нэхэмжлэгч болон хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарт огт дүгнэлт хийгээгүй хэргийг шийдвэрлэсэн байх тул Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2017/02206 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч Ч.Уранцэцэг нь хариуцагч Н.Сарантуяад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 26 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, зээлийг төлж, гэрээний үүрэг дуусгавар болсон гэж маргажээ.

Хариуцагч өөрийн татгалзлаа нотлохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт заасны дагуу шүүхэд хүсэлт гаргаж, нэхэмжлэгч Ч.Уранцэцэгийн Худалдаа хөгжлийн банк ХХК-д байрших 464008567 тоот хадгаламжийн дансны дэлгэрэнгүй хуулгыг нотлох баримтаар гаргуулжээ. Тэрээр хүсэлтдээ дээрх дансны хуулгыг маргааны үйл баримтад хамаарал бүхий 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 2017 оны 09 сарын 25-ны өдрийг дуустал хугацааны баримтыг авахаар заасан. Гэтэл шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэхдээ 2014 оны 10 сараас 2015 оны 9 сар хүртэл хугацаанд хамаарах нотлох баримтыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байх ба хэрэгт цугларсан болон уг захирамжийн дагуу ирүүлсэн баримтаар талуудын маргаж буй үйл баримтыг эргэлзээгүй тогтоох боломжгүй болжээ./хх-41, 45/

Түүнчлэн хэргийн оролцогчдоос шүүх хуралдааныг бүрэн буюу түүний зарим ажиллагааг хаалттай явуулах хүсэлт гаргаагүй, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дах хэсэгт зааснаар захирамж гаргаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Гэтэл шүүх нотлох баримтыг нууц баримт гэж үзэх, иргэний хэргийг хаалттай шийдвэрлэх нөхцөл байдал байхгүй байхад зохих журмын дагуу бүрдүүлсэн нотлох баримтыг хэргийн оролцогчид танилцуулаагүй, атлаа хэргийн уг баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь буруу бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.2-т заасан хариуцагчийн хэргийн материалтай танилцах, түүнд үндэслэн тайлбар гаргах эрхийг ноцтой зөрчжээ.

Зохигчид 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хэргийн материалтай танилцсан, гомдолд заасан нотлох баримт нь Худалдаа хөгжлийн банк ХХК-аас 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд ирсэн ба уг нотлох баримттай хэргийн оролцогчийг танилцуулаагүй болох нь тогтоогдсон. /хх-54, 55/ Шүүх хэрэг хянаж шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах, хэргийн нотлох баримтын хүрээнд үйл баримтад болон хууль хэрэглээний талаар дүгнэлт хийж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдснаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2017/02206 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 252 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Б.НАРМАНДАХ