Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 2025/ДШМ/39

 

  2025         7              07                                                2025/ДШМ/39                      

 

Н.Д-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Б.Цэрэнпүрэв, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

                                             Прокурор Л.Галбадрах,

                                                 Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ууганжаргал,

 Нарийн бичгийн дарга Х.Билгүүн нарыг оролцуулан

 

Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяагийн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/109 дүгээр шийтгэх тогтоолтой Н.Д-д холбогдох эрүүгийн 252600000022 дугаартай хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр Өвөрхангай аймгийн *** суманд төрсөн, *** настай, ***, мэргэжилгүй, ам бүл ***, *** хамт Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн *** гэх газарт оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, *** овгийн Н.Д /РД: ***/.

Н.Д нь 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн *** сумын *** дүгээр багийн “***” гэх газар бэлчээртээ байсан иргэн Ц.Н-ын 3 тооны сарлагийн үхрийг хулгайлан өөрийн эзэмшлийн Даюун маркын улсын дугааргүй мотоциклиор туун *** сумын *** дугаар багийн “***” гэх газарт иргэн Ч.Ө-д хүлээлгэн өгч худалдан борлуулж, 6,300,000 төгрөгийн хохирол хохирогчид учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: Н.Д-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *** овгийн Н.Д-д Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч Н.Д-г тэнссэн хугацаанд оршин суух газар, эрхэлж буй ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн улаан өнгийн улсын дугааргүй “Даюун” маркын ***, *** моторын дугаартай, *** аралын дугаартай мотоциклийг хураасан 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөх зүсмийн сарлагийн үхрийн шир 1 ширхэг, эрүү хэсэгтээ ширгүй, толгойн нүүр хэсэгтээ хар халзан зүсмийн ширтэй, 2 ширхэг эвэртэй үхрийн толгой 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар, шүүгдэгч Н.Д цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ц.Н нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор У.Гантуяа давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: Өвөрхангай аймаг дахь Сум анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 06-ны
өдрийн 2025/ШЦТ/109 дүгээр шийтгэх тогтоолоор
*** овгийн Н.Д-г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан гэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Учир нь: Шийтгэх тогтоолын 3 дахь заалтад “Шүүгдэгч *** овгийн Н.Д-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй” гэж шийдвэрлэсэн. Шүүгдэгч Н.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл нь шүүгдэгчид ял оногдуулахдаа хөнгөрүүлэн оногдуулах зохицуулалт болохоос биш тэнссэн шийдвэр оногдуулахдаа журамлах заалт биш учраас үндэслэлгүй байна.

Хууль тогтоогч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх журмыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлээр зохицуулсан бөгөөд тухайн зүйлийн 1.1-т заасан гурван жил хүртэлх хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг хэрэглэхдээ мөн хуулийн тусгай ангид заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх, албадлагын арга хэмжээг хэрэглэх асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан 7 дугаар бүлэгт заасныг баримтлан шийдвэрлэх нь зүйтэй талаар Улсын Дээд шүүхээс тайлбарласан. Шүүх гагцхүү Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамласан бол хорихоос өөр төрлийн ялыг хөнгөрүүлэн тооцох боломжтой байсан гэж дүгнэхээр байна.

Шийтгэх тогтоолын 7 дахь заалтад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол нь хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн улаан өнгийн улсын дугааргүй “Даюун” маркын *** моторын дугаартай, *** арлын дугаартай мотоциклийг хураасан 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож” гэж шийдвэрлэсэн. Мөн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт БНХАУ-д үйлдвэрлэгдсэн улаан өнгийн улсын дугааргүй “Даюун” маркын *** моторын дугаартай, *** арлын дугаартай мотоциклийг хураасан 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож дээрх мотоциклийг Н.Д-д буцаан олгохоор дурджээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг хэрхэн шийдвэрлэх тухай” шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт заахаар хуульчилжээ. Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгохоор заасан атлаа түүнийг хэрхэх талаар тусгаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэх хуулийн заалттай зөрчилдөж байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.Д-ээс эд мөрийн баримтаар хураан авсан мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгосон бол түүнийг шүүгдэгчид буцаан олгох, улсын орлого болгох, хохирол нөхөн төлбөр төлүүлэх зарцуулах гэх мэт үндэслэл бүхий шийдвэрлээгүй байна. Мөн шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох болон тогтоох хэсэг зөрүүтэй бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийг баримтлахаар зохицуулсан болно. Шүүхийн шийтгэх тогтоолд эд мөрийн баримтыг хэрхэн шийдвэрлэх талаар тодорхой, ойлгомжтой тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд хамаарч байна гэж дүгнэхээр байна.

Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/109 дүгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Прокурор Л.Галбадрах давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтээ: Прокурорын газраас Н.Д-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн  2025/ШЦТ/109 дүгээр шийтгэх тогтоолоор хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж шийдвэрлэсэн. Шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

ШиЙтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамласан талаарх зохицуулалтыг шүүх хуралдааны танхимд уншиж сонсгохдоо дурдаагүй. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамласан нь үндэслэлгүй байна. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээд нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хор, хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглэнэ. Гэтэл шүүгдэгч Н.Д-ээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэсэн нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хэрэглэх хуулийн заалт бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйл нь оногдуулах хорих ялыг тэнсэх зохицуулалт юм.

Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан БНХАУ-д үйлдвэрлэгдсэн улаан өнгийн улсын дугааргүй “Даюун” маркын *** моторын дугаартай, *** арлын дугаартай мотоциклийг хураасан мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, дээрх мотоциклийг Н.Д-д буцаан олгохоор дурдаж шийдвэрлэсэн. Гэтэл шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтад мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн хэдий ч хэрхэх талаар тусгаагүй нь шийтгэх тогтоол ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг хэрхэн шийдвэрлэх тухай тусгахаар хуульчилсан байхад энэ эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн мотоциклийг устгах, улсын орлого болгох, өмчлөгчид нь буцаан олгох талаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тодорхой дурдаж шийдвэрлэх ёстой.

Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/109 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ууганжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэнэ гэж заасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь зургаан сараас гурван жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг бөгөөд дээрх хуулийн зохицуулалтад хамаарч байгаа учир Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарахгүй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг нь 2-оос 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах хүнд төрлийн гэмт хэрэг. Хүнд гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг хэрэглэх боломжгүй. Шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шударга ёсны зарчимд нийцүүлэн хэргийн зүйлчлэлийг өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан эрүүгийн хариуцлага оногдуулсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 7 дахь заалтад “Даюун” маркын мотоциклийг хураасан мөрдөгчийн тогтоолыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн талаар прокурортой санал нэг байна. Энэ талаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах боломжтой гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа болон шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Прокуророос давж заалдах шатны шүүхэд ... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу шүүгдэгч Н.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч Н.Д-ээс эд мөрийн баримтаар хураан авсан мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгосон бөгөөд түүнийг шүүгдэгчид буцаан олгох, улсын орлого болгох, хохирол нөхөн төлбөр төлүүлэх, зарцуулах эсэх талаар шийдвэрлээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү ... гэх агуулга бүхий эсэргүүцэл бичжээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, шийтгэх тогтоол нь хуульд заасан шаардлага хангаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Учир нь: Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хохирогч Ц.Н-ын хохирлыг төлж барагдуулсан, хохирогч нь гомдол саналгүй, сэтгэцэд учирсан гэм хорын хохирол нэхэмжлэхгүй, бусдад төлөх төлбөргүй байдлыг харгалзан БНХАУ-д үйлдвэрлэгдсэн улаан өнгийн улсын дугааргүй “Даюун” маркын *** моторын дугаартай, *** аралын дугаартай мотоциклийг хураасан 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, дээрх мотоциклийг Н.Д-д буцаан олгохоор шийдвэрлэсэн талаар дурдсан боловч шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тухайн мотоциклийг Н.Д-д буцаан олгох талаар шийдвэрлээгүй нь шийтгэх тогтоолын тогтоох хэсэг, тодорхойлох хэсэг зөрүүтэй, мөн шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэрэг нь шунахай сэдэлтээр буюу бусдын өмчлөлийн малыг хууль бусаар авч өөртөө хэрэглэх болон зарж борлуулан ашиг хонжоо олох зорилготой, шууд санаатай үйлдэгддэг. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан бусдын итгэмжлэн, хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завших гэмт хэрэг нь эд хөрөнгө бусдын итгэмжлэл, хариуцлагад хууль ёсоор шилжих гэдгийг аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зарим тохиолдолд итгэлцлийн үндсэн дээр захиран зарцуулах эрхгүйгээр бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээхийг ойлгохоор хуульчлагдсан.

Хохирогч Ц.Н мөрдөн шалгах ажиллагаанд ... 2 хоногийн дараа надад мотоцикльтой 2 хүн таны 3 үхрийг шөнө туугаад явж байна лээ ... Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн *** гэдэг газар манай 3 сарлагийн үхрийг М гэж дууддаг айлын гадаа нядалсан гэж сураг гараад байна ... М, Д нар миний 3 үхрийг захиран зарцуулах эрхгүй, надаас зөвшөөрөл авсан зүйл байхгүй ... гэх мэдүүлэг /1хх-ийн 30-31 хуудас/, хохирогч Ц.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд дахин ... би 3 тооны үхрээ Д-г зарах зөвшөөрөл өгөөгүй ... гэх мэдүүлэг /1хх-ийн 34-35 хуудас/, гэрч Ч.Ө-ын мөрдөн шалгах ажиллагаанд ... Н.Д сумын төвөөс ирлээ гээл хүрч ирээд Өвөрхангай аймгийн *** сумын *** дүгээр багийн нутаг “***” гэх газраас чамд зарах зарлага энэ байна гээд ... манай хүргэн ах Г.Б-ын малын пүнзэнд хийж хашиж өгчихөөд ... Н.Д нь ээжийнхээ 3 тооны сарлагийн үхрийг минийх гэж надад зараад мөнгийг нь авчихсан юм байна лээ ... Н.Д надад миний үхэр гэж хэлсэн. Ээжийн маань хоёр үхэр байж байгаад ээж үхрээ аваад минийх үлдсэн гэж хэлсэн ... гэх мэдүүлэг /1хх-ийн 43-44 хуудас/, гэрч Б.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд ... орой харанхуй болох үеэр 2 мотоцикльтой хүн 3 тооны сарлагийн үхэр туугаад “***”-аар давж байгаа харагдсан ... гэх мэдүүлэг /1хх-ийн 52-53 хуудас/, Н.Д-ийн яллагдагчаар ... Манай ээжийн нэр дээр 3 тооны сарлагийн үхэр байдаг. Тэрийг зарчихсан юм. ... 3 тооны үхрийг Ө-ын гэр рүү туугаад явж байтал өөдөөс Ө хүрээд ирсэн ... би ээж Ц.Н-д зарж борлуулах гэж байгаагаа хэлээгүй, уг үхрүүдийг зарж борлуулах талаар зөвшөөрөөгүй ... гэх мэдүүлгүүдийг /1хх-ийн 98-99 хуудас/ өгсөн нь хэрэгт нотлох баримтаар авагдсан.

Гэтэл анхан шатны шүүх прокуророос Н.Д-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4-т зааснаар зүйлчилж ирүүлснийг шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэнд, амь насанд халдахгүйгээр, хохирогч болон бусдад мэдэгдэхгүй нууц далд аргаар, бусдын эд хөрөнгийг авч өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломжийг өөртөө үүсгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй, шүүгдэгч нь уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай, шунахай сэдэлтээр үйлдсэн, тэрээр хохирогчийн эд хөрөнгийг захиран зарцуулах эрхгүй этгээд атлаа хохирогчийн түр хариуцуулан үлдээсэн эд зүйлийг завшсан нь хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг агуулсан гэж дүгнэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэсэн.

Мөн шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мал хулгайлах гэмт хэрэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байхад шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг шийдвэрлэхдээ зүйлчлэлийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завших гэмт хэрэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, чин санаанаасаа гэмшсэн гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн. 

Гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдэг нь шүүгдэгч өөрийн үйлдэлдээ хандаж буй субьектив байдлын цогц илрэл бөгөөд өөрийн гэм бурууг ойлгож чин санаанаасаа гэмших байдлаар дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх хүсэл зоригийг бий болгодог, нийгэмд ашигтай сэтгэл зүйн хандлага гэж үзэж хөхүүлэн дэмжих зорилгоор хуулиар ял шийтгэлийг хөнгөрүүлэх үндэслэлд тооцсон болно. Шүүгдэгч гэм буруугаа хүлээж буй нь мөрдөн байцаалтаар тогтоосон хэргийн үйл баримтыг хууль зүйн дүгнэлтийн хамт бүрэн хүлээн зөвшөөрөх, учруулсан хохирлоо нөхөн төлөх, хор уршгийг арилгах, гэмт хэрэг дахин үйлдэхгүй байхыг амлах зэрэг хэлбэрээр илэрдэг.

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгчийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завших гэмт хэрэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэж шийдвэрлэсэн, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг буруу тайлбарлан шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/109 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Н.Д-д энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга авч шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 1.3-т заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/109 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Н.Д-д энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Н.ЭНХМАА

                                        ШҮҮГЧИД                                 Л.НЯМДОРЖ

                                                                                          Б.ЦЭРЭНПҮРЭВ