Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 10 өдөр

Дугаар 538

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх    хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга О.Бадмаараг,

Улсын яллагч Н.Мөнгөнсүх,  

Шүүгдэгч Д.Батцэрэн /өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цогт ван овогт Дамдинсүрэнгийн Батцэрэнд холбогдох эрүүгийн 1709014430478 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1977 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй,  мал аж ахуй эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүрэг 26 дугаар хороо, Мандал овоо 18-28 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Бичил хорооллын 15-73 тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Цогт ван овогт Дамдинсүрэнгийн Батцэрэн  /РД:УБ77010110/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Д.Батцэрэн нь 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутагт хохирогч З.Тамиртай маргалдаж улмаар түүний эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт  холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.Батцэрэн нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Тамиртай архи уугаад мах идээд байж байхад Тамир намайг чи муу гуйлгачин аятайхан надтай амьдарвал амьдраарай, амьдарч чадахгүй бол манайхаас зайлаарай гэхээр нь би уурлаад түүнийг түлхсэн чинь тэр хаалганы булан мөргөөд унасан…” гэв.

         Эрүүгийн 1709014430478 дугаартай хэргээс:

         Шүүгдэгч Д.Батцэрэн нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Тамирын гэрт байхад найз нь гэх согтуу хүн орж ирээд гуталтайгаа хивсэн дээгүүр нь яваад байхаар нь “чи айлд орж ирээд гуталтайгаа явлаа” гэж хэлсэн юм. Гэтэл Тамир “миний найз манай гэрт яаж байх нь чамд хамаагүй” гэж уурласан. Тэгээд би гэртээ ороод махаа чанаад байж байтал эхнэр маань ажлаа тараад ирсэн. Энэ үед Тамир хана цохиод мах чинь болсон уу? гэж асуусан. Тэгээд би “болсон орж ирээд ид” гэж хэлсэн. Удалгүй тэрээр манайд орж ирээд мах хувааж идсэн. Энэ үед би өдөр ууж байгаад үлдсэн байсан архиа гаргаж түүнтэй хамт хувааж уусан. Тэгээд би уг нь чиний төлөө найзыг чинь гутлаа тайлаасай гэсэн гэтэл Тамир уурласан. Гэтэл тэр мах идэж байгаад барьж байсан хутгаа махтай саванд шидэж орхиод босоод ирсэн. Би түүнийг манай гэрээс гар гээд түлхтэл тэрээр унасан. Унахдаа хаалга мөргөөд хөмсөгний орчимд нь язарч цус гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн  31 дүгээр хуудас/,

 Хохирогч З.Тамир нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Тухайн үед Батцэрэн бид хоёр архи ууж нэлээд согтсон байсан. Яг маргаан юунаас болсон талаар би санахгүй байна. Тухайн үед би Батцэрэнгийн гэрт орж мах идэж байсан. Гэтэл Батцэрэн бие засах гэж гэрээс гарч явсан. Удалгүй орж ирсэн. Тэгээд чи намайг яагаад хөөж байгаа юм бэ гээд шууд миний зүүн нүдний орчимд цохисон. Гэтэл миний хөмсөг язарч цус гарсан. Тэгээд би гэртээ орсон. Энэ үед дээд давхарт байсан дүү маань бууж ирээд бусад ах дүү нарт маань мэдэгдсэн. Тэгээд удалгүй дүү Гантөмөр ирж аваад эмнэлэгт очиж оёдол хийлгэсэн. Эргээд шөнө 3 цагийн үед гэртээ ирхэд Батцэрэн хамаг юмаа аваад нүүсэн байсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

 

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹11964 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Дүгнэлт:

  1. З.Тамирын биед зүүн хөмсөгний язарсан шарх, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ /хх-ийн 25 дугаар хуудас/,

 

          Д.Батцэрэнгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 32 дугаар  хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33 дугаар хуудас/, техникийн тодорхойлолт жолоочийн үнэмлэхийн хуулбар /хх-ийн 41 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Д.Батцэрэн нь 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутагт танил хохирогч З.Тамиртай архидан согтуурч хоорондоо зүй зохисгүй харьцаж маргалдан улмаар түүний эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь “зүүн хөмсөгний язарсан шарх, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Д.Батцэрэнгийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд  мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч З.Тамирын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №11964 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч нь хохирогчид хүч хэрэглэсэн үйлдлээ өөрөө мэдүүлсэн, хохирогчоос хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон өөрийг нь цохиж гэмтээснийг гэрчилж мэдүүлсэн, хохирогчийн бие махбодид нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдэл нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг агуулжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүх шүүгдэгч Д.Батцэрэнг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нараас нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, архидан согтуурсан үедээ хоорондоо зүй зохистой харьцах талаар зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.

 

Шүүгдэгч Д.Батцэрэнд ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлж, хохирогчтой эвлэрсэн, хувийн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Д.Батцэрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоов.

Хохирогч З.Тамираас “...Батцэрэнтэй сайн дураараа эвлэрсэн, хохирлын талаар маргаангүй ...” /хх-ийн 42/ гэсэн тул шүүгдэгчийг түүнд төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.