| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Рашзэвэгийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2134004290302 |
| Дугаар | 2025/ДШМ/41 |
| Огноо | 2025-06-05 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | М.М, Г.Х |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 2025/ДШМ/41
2025 6 05 2025/ДШМ/41
З.Дт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч З.Түвшинтөгс, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор М.М, Г.Х,
Иргэний хариуцагч Э.Ч /цахимаар/
Цагаатгагдсан этгээд З.Д,
Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч М.А
Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нарыг оролцуулан
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Гандансүрэн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 2025/ШЦТ/144 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Г.Халиуны бичсэн эсэргүүцэлд үндэслэн цагаатгагдсан этгээд З.Дт холбогдох эрүүгийн 2134004290302 дугаартай хэргийг 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. А........ овгийн З.......... Д............, Т....... аймгийн Б........... суманд 1...... оны .дугаар сарын .-ний өдөр төрсөн, . настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Т.....аймгийн Б......сумын ........... ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Т. аймаг, Б. сум, Б. ., . тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, регистрийн дугаар:..................
2. З.Д нь Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргаар ажиллах байхдаа Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр бүлэгт заасныг зөрчиж, хуулиар өөрт олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлж, хувийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгод ашиглан хийх ёсгүй үйлдэл хийж, улмаар эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Цээцээ импекс” ХХК-ийн захирал Э.Чинбатад давуу байдал бий болгосны улмаас буюу боржин чулуу олборлох зөвшөөрлийг 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 05/258 дугаартай албан бичгээр өгч тус аймгийн Баяндэлгэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Хустайн ар” гэх газарт 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн 8 хоног олборлолт явуулж, байгаль орчинд 8,588,272 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
3.Төв аймгийн прокурорын газраас З.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
4.Анхан шатны шүүх: Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А овогт З.-ын Дхолбогдох эрүүгийн 2134004290302 дугаартай хэргийг “хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэж буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж,
Цагаатгагдсан этгээд А овогт З.-ын Дурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн хүчингүй болгож,
Иргэний нэхэмжлэгчийн байгаль орчинд учирсан хохиролтой холбоотой 9,206,840 /есөн сая хоёр зуун зургаан мянга найман зуун дөч/ төгрөгийг иргэний хариуцагч Э.Чинбат төлсөн болохыг дурдаж,
Эрүүгийн 2134004290302 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 24 ширхэг Боржин чулууг битүүмжилсэн мөрдөгчийн 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, “Цээцээ Импекс” ХХК-ийн хашаанд байгаа 3,036,000 /гурван сая гучин зургаан мянга/ төгрөгийн үнэ бүхий 24 ширхэг Боржин чулууг хадгалах, хамгаалах үүргийг хариуцуулсан иргэний хариуцагч Э.Чинбатаас гаргуулан Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргын Тамгын газарт шилжүүлж,
Эрүүгийн 2134004290302 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, цагаатгагдсан этгээд Ангиа овгийн Занданлхагвын Дэлгэрцэцэг нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдаж, шийдвэрлэжээ.
5.Прокурор Г.Халиуны бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд оролцсон М.Мөнхтайван, Г.Халиуны нар гаргасан дүгнэлтдээ: “...Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хянан хэлэлцээд, шүүгдэгч 3.Дэлгэрцэцэгт холбогдох хэргийг хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ." гэж заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн дээрх шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т "шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй", 1.2-т "Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн", 1.3-т "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн" байх тул дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна" гэж хуульчилсан байхад анхан шатны шүүх нь хэргийг хянан шийдвэрлэхдээ дээрх заалтыг зөрчсөн гэж үзнэ. Хэргийн үйл баримт буюу бодит байдлыг тогтоохдоо цагаатгасан нэр бүхий яллагдагчийг цагаатгаж байгаа үндэслэлээ, нотлох баримтад тулгуурлан дүгнэлт хийж чадаагүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид нийцээгүй талаар үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй. Шүүгдэгчийн үйлдлийг цагаатгаж шийдвэрлэхдээ Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй байна.
Шүүгдэгч 3.Дэлгэрцэцэг нь Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргаар ажиллаж байхдаа Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хуралдааны "чиглэл өгөхөөр тогтов" гэсэн тэмдэглэлийг үндэслэн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 05/285 тоот албан бичгийг үйлдсэн "Цээцээ Импекс" ХХК нь тус 05/285 тоот албан бичгийг үндэслэн 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн 8 хоног олборлолт явуулсан нь хэрэг авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байхад анхан шатны шүүхээс шүүгдэгч 3.Дэлгэрцэцэгийн үйлдэл, "Цээцээ Импекс" ХХК-ийн чулуу олборлосон гэх үйл баримтыг няцаан үгүйсгэсэн дүгнэлтийг хийгээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно." гэж, мөн хуулийн 4.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Прокурор нь шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүхийн өмнө нотлох үүрэг хүлээнэ." гэж зааснаар шүүгдэгч 3.Дэлгэрцэцэгийн гэм буруутайг нотолж чадаагүй бөгөөд Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийг үндэслэн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 05/285 тоот албан бичгийг үйлдэж, "Цээцээ Импекс" ХХК-аар сумын ойн арга хэмжээний хүрээнд Д.Нацагдоржийн талбайн тохижилтод зориулсан Боржин чулууг олборлуулсан гэх өөр нөхцөл байдал бий болсон эргэлзээтэй үйл баримт тогтоогдсон гэж дүгнэн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэж буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ." гэж заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдал болон хуульд нийцэхгүй байна.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, түүнийг нотолж байгаа нотлох баримтын агуулга, шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тодорхой заагаагүй байна. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр бүлэгт аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрийг үндэслэн аймгийн Засаг дарга түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох эрх олгохоор заасан байхад хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч 3.Дэлгэрцэцэг нь Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргаар ажиллаж байхдаа тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийг үндэслэн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 05/285 тоот албан бичгийг үйлдэж эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан. Шүүгдэгч 3.Дэлгэрцэцэгийн 05/285 тоот албан бичгийг үндэслэн "Цээцээ импекс" ХХК-ийн захирал Э.Чинбат нь боржин чулуу олборлож, "Цээцээ импекс" ХХК-д давуу байдал бий болгосноос байгаль орчинд 8,588,272 төгрөгийн хохирол учруулсан байх тул "Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах" гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ. Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэв.
6.Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч М.Ариунболд давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү” гэв.
7.Цагаатгагдсан этгээд З.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийнхөө гаргасан саналыг дэмжиж байна. Цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
8.Иргэний хариуцагч Э.Чинбат давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Надад чулуу олборлох ямар нэгэн сонирхол байгаагүй. Тус суманд ирсэн хойно З.Д сумын 100 жилийн ойд Д.Нацагдоржийн хөшөөний арын ханыг чулуугаар хийлгэх хүсэлт тавьсан. Энэ дагуу л 24 ширхэг чулуу олборлосон. Одоо энэ чулуу манай компанийн хашаанд байгаа.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар цагаатгагдсан этгээд З.Дт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ прокурор Г.Халиуны бичсэн эсэргүүцэлд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
1. Цагаатгах тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж гарсан байна.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгдэгчийн гэм бурууг эцэслэн тогтоох ажиллагаа нь зөвхөн нотлох баримтад үндэслэдэг.
Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм бурууг тогтоохын тулд хуульд заасан арга хэрэгслээр шаардлагатай бүхий л ажиллагааг хийсэн боловч шүүхийн шийдвэрт нөлөөлж болох үндэслэл бүхий эргэлзээ үүссэн тохиолдолд шүүх заавал няцаан үгүйсгэсэн байх ёстой бөгөөд хэрэв уг эргэлзээ няцаан үгүйсгэгдэхгүй бол түүнийг тухайн хүнд ашигтайгаар шийдвэрлэх буюу эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зарчмыг хэрэглэнэ. Өөрөөр хэлбэл, тус зарчмыг хэрэглэх үндэслэл нь гагцхүү хэрэгт цугларч, шинжлэгдсэн бүхий л нотлох баримтыг шалгаж, үнэлсний эцэст үгүйсгэн няцаах боломжгүй үндэслэл бүхий эргэлзээ үүссэн байх явдал бөгөөд тэр нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн буруутай эсэхэд шууд хамааралтай байх ёстой.
Прокуророос З.Дийг Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргаар ажиллах байхдаа Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр бүлэгт заасныг зөрчиж, хуулиар өөрт олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлж, хувийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгод ашиглан хийх ёсгүй үйлдэл хийж, улмаар эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Цэцээ импекс” ХХК-ийн захирал Э.Чинбатад давуу байдал бий болгосны улмаас буюу боржин чулуу олборлох зөвшөөрлийг 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 05/258 дугаартай албан бичгээр өгч тус аймгийн Баяндэлгэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Хустайн ар” гэх газарт 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн 8 хоног олборлолт явуулж, байгаль орчинд 8,588,272 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж түүнд холбогдох хэргийг анхан шатны шүүхэд ирүүлсэн байдаг.
Гэтэл хавтаст хэрэгт авагдсан Төв аймгийн Баяндэлгэр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хуралдааны “...Д.Нацагдоржийн талбайн тохижилтод ашиглах боржин чулууг сумын удирдлагын төвшинд хэлэлцэн шийдвэрлэж ашиглах чулууны хэмжээг нарийн тодорхойлон, төрийн албан хаагчид, нутгийн иргэдийн хяналтан дор авч ашиглах чиглэл өгөхөөр тогтов...” /1хх-н 20/ гэх тэмдэглэл,
Гэрч Ц.Энхтүвшиний: “...Тухайн өдөр Баяндэлгэр сумын Засаг дарга З.Д надад хүсэлт гаргаад манай сумын их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөг барих ажилд хөшөөний арын ханад 2 метрийн өндөртэй 5 метрийн урттай хоёр ханыг нутгийн чулуугаар хийлгэж шүлгийг нь бичмээр байна тэгээд тэр чулууг бэлдээд өгөх компани байна энэ асуудлыг шийдэхэд дэмжлэг үзүүлээч гэхлээр нь би иргэдийн хурлын тэргүүлэгчдийг яаралтайгаар 2021 оны 10 дугаар сарын 18-ны өглөө 9 цаг 45 минутад хуралдаж сумын Засаг даргын хүсэлтийн дагуу орон нутгаас боржин чулуу бэлдүүлж, мэргэжлийн байгууллагаар засаж янзлуулж Д.Нацагдоржийн мэндэлсний 115 жилийн ой 11 дүгээр сарын 17-нд болохоос нь өмнө хөшөөг бэлэн болгох нь зүйтэй гэж хурлын тэмдэглэл гаргасан...” /1хх-н 35-37/ гэх,
Гэрч Ё.Батхуягийн: “...2021 оны 10 дугаар сарын 18-нд өглөө 09 цаг өнгөрч байхад сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ...тэргүүлэгчид хуралдаад орон нутгийн ашиг сонирхолд байна нутгийн чулуугаар хөшөөний хана босгох нь зүгээр юм байна гээд бүгд дэмжээд сумын иргэдийн хурлын тэргүүлэгчдийн тэмдэглэл гарсан. Тухайн тэмдэглэлд нутгийн чулууг Д.Нацагдоржийн хөшөөг хийж гүйцэтгэж байгаа компаниар хийж Хустайн араас боржин чулууг олборлуулж хөшөөний арын хана хийх нь зүйтэй гэсэн тэмдэглэл гаргасан...” /1хх-н 39-40/ гэх,
Гэрч Д.Пионерын: “...2021 оны 10 дугаар сарын сүүлээр манай сумын Засаг дарга 3.Дэлгэрцэцэг ...хүсэлт тавьсан. Уг хүсэлтийн дагуу ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал хуралдсан. Хуралдаанаар Засаг дарга 3.Дэлгэрцэцэгийн хүсэлтийн талаар яригдсан бөгөөд хуулиараа Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар шийдвэрлэх асуудал байсан тул Засаг дарга 3.Дэлгэрцэцэгийн хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй болсон. Иймд сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаас тогтоол гараагүй...” /1хх-н 141-142/ гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар Төв аймгийн Баяндэлгэр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийг үндэслэн тус сумын Засаг дарга З.Д нь 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 05/285 тоот албан бичгийг үйлдэж, “Цээцээ Импекс” ХХК-аар сумын ойн арга хэмжээний хүрээнд Д.Нацагдоржийн талбайн тохижилтод зориулсан боржин чулууг олборлуулсан гэх өөр нөхцөл байдал буюу эргэлзээтэй үйл баримт тогтоогдсон байна.
Өөрөөр хэлбэл шүүх хавтаст хэрэгт цугларсан бүхий л нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой, нягт нямбай шалгаж, эрх тэгш талуудын мэтгэлцээн, шүүхийн хэлэлцүүлгийн үр дүнгээр тогтоогдсон хэргийн үйл баримт, түүнд шууд болон шууд бус ач холбогдолтой бүхий л нотлох баримтын эх сурвалж, хүрэлцээт байдлыг хангалттай нэг бүрчлэн хянан үзэж, тэдгээрт дүн шинжилгээ хийсэн боловч шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоох үйл баримтад тодорхой бус нөхцөл байдал буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд...эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэсэн нөхцөл байдал үүссэн байна.
Иймд анхан шатны шүүх шүүгдэгч З.Дт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх явцад шүүгдэгчийн гэм буруу, хэргийн үйл баримтыг хангалттай тодорхой, бодитой байх зарчмын дагуу сэргээн тогтооход үндэслэл бүхий эргэлзээ үүссэн бол эрүүгийн эрх зүйн энэрэнгүй ёсны зарчим, гэм буруугүйн зарчмуудад нийцүүлэн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгах байдлаар ашигтайгаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
3. Прокурор Г.Халиун нь “...анхан шатны шүүх яллагдагчийг цагаатгаж байгаа үндэслэлээ, нотлох баримтад тулгуурлан дүгнэлт хийж чадаагүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид нийцээгүй талаар үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй, Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар "Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах" гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэж байх тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэсэн агуулгаар эсэргүүцэл бичсэн байна.
4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн үндсэн шинж нь тусгай субъект буюу нийтийн албан тушаалтан албаны чиг үүргийн хувьд гэм буруугийн зөвхөн шууд санаатай хэлбэрээр хуулиар зөвшөөрөгдөөгүй буюу хориглосон үйлдлийг гүйцэтгэх, эсхүл хуульд заасны дагуу хийх ёстой зүйлийг хийж гүйцэтгээгүйн улмаас өөртөө, бусдад давуу байдал бий болгосон гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээр тодорхойлогддог.
Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй бөгөөд хэргийн бодит байдлыг нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүрэгтэй.
Шүүгдэгч З.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан мөрдөн шалгасан боловч нийтийн албан тушаалтны үйлдэл, эс үйлдэхүйн улмаас түүнд өөрт нь эсхүл өөр хэн нэгэнд ямар давуу байдал олгогдсон нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй, энэ үйл баримтын талаар мөрдөгч, прокурор нотолж чадаагүй байна.
5. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд Монгол Улсын Их хурлын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар өөрчлөлт оруулсан. Гэтэл прокурор З.Дт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэхдээ тухайн зүйл хэсэгт Монгол Улсын Их хурлын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар өөрчлөлт оруулсан зүйл, хэсгээр зүйлчилсэн үү, эсхүл уг нэмэлт өөрчлөлт оруулахаас өмнө үйлчилж байсан зүйл, ангиар зүйлчилсэн үү гэдэг нь тодорхойгүй байна.
6. Иймээс дээрх үндэслэлээр прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 2025/ШЦТ/144 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Г.Халиуны бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА
ШҮҮГЧИД З.ТҮВШИНТӨГС
Р.МӨНХ-ЭРДЭНЭ