| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2018/0259/Э |
| Дугаар | 539 |
| Огноо | 2018-07-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ш.Насанжаргал, |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 10 өдөр
Дугаар 539
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал,
Улсын яллагч Ш.Насанжаргал,
Шүүгдэгч Г.Хатансайхан /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баарингууд овогт Гансүхийн Хатансайханд холбогдох эрүүгийн 1809027950627 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1995 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Увс аймгийн Хяргас суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх дүүгийн хамт Увс аймгийн Улаангом сумын 11-р багь 20 дугаар байрны 11-8 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 26-4 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Баарингууд овогт Гансүхийн Хатансайхан, /РД:ОР95013015/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Г.Хатансайхан нь 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 15-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Залуучууд” зочид буудлын урд хохирогч Б.Дашпүрэвтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу “хэрүүл маргаан үүсгэсэн” гэх шалтгаанаар маргалдан, улмаар нүүрэн тус газар нь чулуугаар нэг удаа цохиж, түүний эрүүл мэндэд баруун нүдний ухархайн дээд ханын хугарал, баруун хөмсөгт шарх, хөмсөг, зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Хатансайхан нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн…” гэв.
Эрүүгийн 1809027950627 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Г.Хатансайхан нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2018 оны 6 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө найзынхаа байрны гадаа Билгүүн, Мөнхболд, Мөнх-эрдэнэ нартай архи уусан. Тэгээд 00 цагийн үед харих гээд явах гэтэл Мөнхболд нь нилээн согтоод явж чадахгүй байхаар нь Билгүүн байр руугаа оруулах гээд буцаад явахаар нь би залуучууд зочид буудлын үүдэнд хүлээгээд сууж байтал 2 минутын дараа “энэ намайг зодно гээд байна” гээд Билгүүн Мөнхболд 2 эргээд хүрээд ирсэн. Тэгсэн чинь цаанаас нь 3 залуу гараад ирэхээр нь аль нь чамайг зодох гээд байгаа юм гээд Билгүүнээс би асуусан. Тэгсэн чинь шар цамцтай залуу “би би” гээд хүрч ирээд намайг бариад авахаар нь “чи яахаараа хүн зодох гээд байдаг юм” гэсэн чинь намайг заамдахаар нь би зөрүүлээд заамдаж авсан. Тэгсэн чинь “та нар тавуулаа байх, бид нар гурвуулаа байх хамаагүй шүү, алалцана шүү” гээд миний хамар руу цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд цохисон. Тэгээд манай 2 найз салгаад би зугтаасан. Тэгээд эргээд харсан чинь Мөнхболдыг / Мөнхболд нилээн согтоод явж чадахгүй байсан юм/ нэг залуу бариад авсан байхаар нь би саадны хажуунаас чулуу аваад буцаж очоод Мөнхболдыг босгоод цаашаа очоод шар цамцтай залууг чулуутай гараараа далайсан чинь урдаас цохихоор нь би зөрүүлээд чулуугаар цохисон. Тэгээд салцгаасан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-51 дугаар хуудас/,
Хохирогч Б. Дашпүрэв нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…Залуучууд зочид буудлын орчимд явж байтал үл таних 6 залуучууд тааралдаад надаас нэг залуу гал байна уу гэж асуухаар нь би байхгүй гээд хэлсэн. Тэгтэл нэг залуу нь чи ямар том юм бэ гээд газраас чулуу аваад миний баруун духны орчимд нэг удаа цохисон юм. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгсөн…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6 дугаар хуудас мэдүүлгийг бич/,
Гэрч М. Мөнх-Эрдэнэ нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…Удалгүй Мөнхболд, Билгүүн хоёр 3 залуу 2 хүүхэнтэй хүрээд ирсэн. Тэгсэн чинь шар хувцастай залуу “та нар олуулаа байх чинь хамаагүй” гээд Хатансайханыг цохиод авсан. Тэгсэн чинь нөгөө 2 залуу нь Билгүүн рүү дайраад байсан, тэгээд шар хувцастай залуу Хатансайхантай барьцалдаж аваад хоорондоо зодолдсон. Хатансайхан чулуу аваад гүйж ирээд “ та нар болиочээ” гээд чулуутай гараараа далайсан чинь Хатансайхан зөрүүлээд тэр залууг чулуутай гараараа цохисон…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8 дугээр хуудас/,
Гэрч Л. Номин нь мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...6 сарын 14-ээс 15-нд шилжих шөнө 02 цагийн үед “Сити” караоке орчихоод “Залуучууд” зочид буудлын хажуугаар явж байсан. Тэгэхэд 2 согтуу залуу явж байсан. Бид хоорондоо “атамануудаа холдоорой” гээд ярьсан чинь тэр 2 согтуу залуу өөр дээрээ тусгаж аваад бид нарын урд гараад алхсан. Тэгээд бид хажуугаар нь гарсан чинь “гал байна уу?” гэхээр нь Дашпүрэв “юу гэнээ гэсэн чинь шууд чулуугаараа цохидог залуу Дашпүрэвийг цохиод авсан. Тэгээд бид нар салгах гэсэн чинь дайраад баахан бужигналдаад байсан. Нэг мэдсэн чинь Дашпүрэвийг чулуугаараа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11 дугаар хуудас/,
Гэрч Н.Нямцэцэг нь мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр найзуудтайгаа “Сити” караоке орчихоод машин руугаа явж байсан, машин Цэ-гийн урд талын зогсоолд тавьсан байсан. Машин руу явж байх замд “Залуучууд” зочид буудлын урд талд 2 залуу зөрсөн. Ард явж байсан Лхагва-очир “атамануудаа зам тавьж өгөөрэй” гэж бидэнд хэлсэн чинь зөрсөн 2 залуу эргэж гүйгээд шатан дээр сууж байсан хэдэн залуу дээр очсон. Сууж байсан залуучуудаас нэг нь “хөгшөөн галаа өгчих” гээд дуудсан чинь Дашпүрэв “юу гэнээ” гээд шатаар өөдөөс нь явсан чинь нэг залуу босч ирээд Дашпүрэвийг цохисон. Тэгсэн чинь хойно явж байсан Лхагва-очир гүйж ирээд яаж байгаа юм бэ та нар гэсэн чинь нөгөө хэд нь босоод ирсэн. Тэгсэн чинь нэг залуу чулуу бариад Лхагва-очирыг хойноос нь цохих гэж байхаар нь Дашпүрэв болиулах гэж байгаад нүд рүүгээ цохиулсан. Тэгээд цагдаа дуудсан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹7602 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Дүгнэлт:
Гэрч П.Шижирсайханы авсан мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/, П.Золбоогийн мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/, Х.Билгүүны мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/, М.Мөнхболдын мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/, Б.Дашпүрэвийн Толгойн тодосгогч бодисгүй компьютерт томографийн шинжилгээ / хх-ийн 25 дугаар хуудас/, Г.Хатансайханы тээврийн хэрэгслийн лавлагаа / хх-ийн 34 дүгээр хуудас/, Г.Хатансайханы гэрлэлт бүртэлгүй тухай лавлагаа / хх-ийн 35 дугаар хуудас/, Г.Хатансайханы оршин суугаа хаягийн тодорхойлолт / хх-ийн 36 дугаар хуудас/, Г.Хатансайханы иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 37 дугаар хуудас/, Г.Хатансайханы ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43 дугаар хуудас/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Г.Хатансайхан нь 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 15-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Залуучууд” зочид буудлын урд хохирогч Б.Дашпүрэвтэй зүй зохисгүй харьцаж маргалдан улмаар түүний нүүрэн тус газар нь чулуугаар цохиж, түүний эрүүл мэндэд нь “баруун нүдний ухархайн дээд ханын хугарал, баруун хөмсөгт шарх, хөмсөг, зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Г.Хатансайханы хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Дашпүрэвийн мэдүүлэг, гэрч М.Мөнх-Эрдэнэ, Л.Номин, Н.Нямцэцэг нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №7602 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудтай агуулгын хувьд зөрүүгүй байх тул тэдгээрийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох үндэслэл болов.
Шүүгдэгч нь хохирогчийн нүүрэн тус газар нь цохиж хүч хэрэглэсэн үйлдлээ өөрөө хүлээн мэдүүлсэн, хохирогч, гэрч нараас хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч хохирогчийг цохиж гэмтээснийг гэрчилж мэдүүлсэн, хохирогчийн бие махбодид нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдэл нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг агуулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Хатансайханг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүх шүүгдэгч Г.Хатансайханы хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нараас нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, хоорондоо зүй зохистой харьцах талаар зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.
Шүүгдэгч Г.Хатансайханд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Г.Хатансайханг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоов.
Хохирогч Б.Дашпүрэвээс “...Хатансайхан гэгч миний нэхэмжилсэн /1.500.000/-г бүрэн барагдуулж гомдол саналгүй...” гэсэн /хх-ийн 59/ хүсэлт гаргасан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.