| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 317/2025/01564/И |
| Дугаар | 317/ШШ2025/01845 |
| Огноо | 2025-12-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 317/ШШ2025/01845
2025 12 19 317/ШШ2025/01845
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******************тоот хаягт оршин суух, Боржигон овогт Ишинхүүгийн М-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ************* тоот хаягт оршин суух, У овогт Л-гийн Э-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 50,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Т-,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э-,
Гэрч И.А-,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жавхлан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Т- нь хариуцагч Л.Э-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 50,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон.
Үүнд: Л.Э- нь 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Т- надаас өдрийн 0,5%-ийн хүүтэй, 14 хоногийн хугацаатай 35,000,000 /гучин таван сая/ төгрөгийг Л.О-ын дансаар дамжуулан зээлийн гэрээ байгуулан зээлж авсан. 14 хоног өнгөрмөгц мөнгөө авахаар шаардсан боловч өгөөгүй. Нэхүүлж шаардуулж байж 5,000,000 /таван сая/ төгрөгийг 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр шилжүүлсэн. Энэ хугацаанд одоо бүтэх гэж байна, өнөөдөр маргаашгүй болно гэж удаа дараа худал хэлж намайг сэтгэл санаа болон санхүүгийн хувьд хүнд байдалд оруулсаар өнөөдрийг хүрч байна. Мэссэжээр бичсэн баримт нотолгоо байгаа. Гэрээний дагуу 2025 оны 09 дүгээр сарын 09 буюу нэхэмжлэл гаргаж байгаа өдрийг хүртэлх хүүг тооцон үзвэл 72,850,000 /далан хоёр сая найман зуун тавин мянга/ төгрөг болсон хэдий ч нөхцөл байдлыг харгалзан үзэж зээлсэн мөнгөний үлдэгдэл 30,000,000 төгрөг дээр хүүний төлбөрт 20,000,000 төгрөг, нийт 50,000,000 төгрөгийг Л.Э-аас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Л.Э- нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан тайлбар гаргасан бөгөөд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э- шүүх хуралдаанд дараах тайлбарыг гаргасан. Үүнд:
Л.Э-ы ах н.Д- гэдэг хүн байдаг. н.Д- нь 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Л.Э-аас зээл төлөх хугацаа болчихлоо мөнгө олж өгөөч гэж гуйсан байдаг. Тэгээд хүнээс асууж өгөөч гэхээр нь н.О-оос асуусан. н.О- хариулахдаа ахад нь мөнгө байхгүй Амараа эгчээсээ асуу гэсэн. Тэгээд И.А-тай буцаад Л.Э- ярьсан, И.А- надад мөнгө байхгүй, би дүүгээсээ асууж өгье гэж хэлсэн. Тэгээд асуугаад дүү нь өгөхөөр болоод И.А- дансаа явуул гэхээр нь н.Д- гэдэг хүний өгсөн н.М- гэдэг хүний дансыг өгсөн. Сая нэхэмжлэгч хэлсэн. Би өөр хүнд өгөхгүй гэсэн гэдэг, тэгээд н.О-ын данс руу 35,000,000 төгрөгийг шилжүүлээд н.О-ынхоос н.М- гээд хүний данс руу шилжигдсэн байдаг. н.Д- нь 5 дугаар сарын 30-наас хойш ерөнхийдөө гэрээний үүргийн дагуу өөрийн авсан зээлээ И.А-д төлдөг. Л.Э- дотроо мөнгөө төлөөд явж байгаа гэж ойлгоод явж байсан. Гэтэл 01 сард Т- утсаар яриад надад нэг ч төгрөг өгөөгүй, 5,000,000 төгрөгөөс өөр юм өгөөгүй гэж хэлсэн. Тэгээд ах дүү нараасаа асуусан чинь бид нар төлөөд явж байгаа И.А-ын Худалдаа хөгжлийн банкны дансанд хийж байсан гэсэн тайлбар хэлээд хоорондоо маргаан үүсэж эхэлсэн. Энэ мөнгийг И.А-аар авахуулаад н.Д- гэдэг хүнд өгснөө Л.Э- хүлээн зөвшөөрнө. Нэхэмжлэгч тал сая 14 хоногийн хугацаатай өдрийн 0,5%-ийн хүүтэй зээлийн гэрээ хийсэн гэж ярьж байна. Зээлийн гэрээг тэр үед хийгээгүй, 7 сард зээлийн гэрээний маягт өгч явуулсан өмгөөлөгчөөс зөвлөгөө аваад зээлийн гэрээ хийх ёстой юм байна гэж үзээд тэгсэн гэсэн. Энэ мөнгийг н.Д- гэдэг хүн дансандаа авсан учраас н.Д- хариуцах ёстой. Яагаад гэвэл Л.Э-ы дансанд энэ мөнгө ороогүй, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар мөнгийг биетээр нь шилжүүлснээр зээлийн гэрээ хийгдсэн гэж үзнэ. Гэтэл Л.Э-ы дансанд тэр мөнгө ороогүй Л.Э-д Т- бэлнээр мөнгө аваачиж өгөөгүй учраас Л.Э-ыг 35,000,000 төгрөгийг зээлж авсан гэж үзэх үндэслэлгүй байна. Хүүний асуудал дээр ярьхад нэгэнт зээлийн гэрээ хийх тухайн үед нь зээлийн гэрээ хийгээгүй бол хүү авах эрхээ алдана гэж хуульд заасан. Түүний дагуу явж байгаа учраас зээлийн гэрээг Л.Э-тай хийсэн гэж үзэх үндэслэлгүй болж байна. Үүнийг Л.Э- төлөх боломжгүй гэв.
3. Хэрэгт дараах нотлох баримтууд цугларсан байна. Үүнд:
3.1. Нэхэмжлэгчээс: нэхэмжлэл /хх 1-2/, Итгэмжлэл /хх 3/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 4/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 5/, Худалдаа хөгжлийн банкны шилжүүлгийн мэдээллийн баримт /хх 6/, 2024 оны 05 сарын 31-ний өдрийн Зээлийн гэрээ /хх 7-8/, нэхэмжлэгчийн гаргасан хүсэлт, хавсаргасан хэвлэмэл чатууд /хх 46-60/, олгосон итгэмжлэлээс татгалзсан хүсэлт /хх 68/ зэргийг гаргаж өгсөн.
3.2. Хариуцагчаас: Иргэний оршин суугаа газрын хаягийн лавлагааг /хх 25/, Хариу тайлбар /хх 30/, итгэмжлэл /хх 67/, Төрийн банкны депозит дансны хуулга 16 хуудас зэргийг гаргаж өгсөн./хх 99-115/
3.3. Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр үзлэг хийж тэмдэглэл үйлдсэн, мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр үзлэг хийж тэмдэглэл үйлдсэн зэрэг баримтуудыг бүрдүүлсэн./хх 69-78, 95-98/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Т- нь хариуцагч Л.Э-аас зээлдүүлсэн 30,000,000 төгрөг, хүү 20,000,000 төгрөг, нийт 50,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ...би Л.Э-ыг танихгүй. Манай эгч И.А- надтай утсаар яриад өөрийн нөхөр Л.О-ын дүү Л.Э- 35,000,000 төгрөгийг, 14 хоногийн хугацаатай, хүүтэй зээлж өгөөч гэж байна. Түүнд мөнгө зээлдүүлчих гэсэн, гэтэл эгч М- гэдэг хүний данс руу хий гэж байна гэхээр нь би танилхгүй хүний данс руу хийхгүй гэтэл, эгч И.А- нөхөр Л.О-ынхоо дансыг өгсөн, би тэр Хаан банкны 5675406687 данс руу нь 35,000,000 төгрөгийг 2025.05.31-ний өдөр шилжүүлсэн. Л.Э- нь эгч И.А-ын нөхөр н.О-ын дансаар авсан мөнгийг энэ данс руу хий гэж бичсэн Л.Э-ы дансыг үзлэгээр бэхжүүлсэн. Л.Э-ы зааж өгсөн н.М- гээд хүний данс руу И.А- нь 35,000,000 төгрөгийг шилжүүлсэн нь үзлэгээр нотлогдож байгаа, анх зээлийн гэрээг байгуулаагүй, сүүлд нөхөж 2025 оны 7 дугаар сарын 10-ны өдөр гэрээг бичгээр хийсэн, Уг гэрээн дээр Л.Э- хар балаар, гараар бичиж, гарын үсгээ зурсан. Анхнаасаа л хүүтэй, богино хугацаатай мөнгө зээлсэн учир гэрээнд хугацаа хэтэрсэн хугацааны туршид зээлийн хүүг тасралтгүй тооцно гэж заасан тул төлөгдөөгүй 30 сая төгрөг дээр, өөрийнхэн төлнө гэж гэрээнд хар балаар, гараараа бичсэн 20 сая төгрөгийн хамт, 50 сая төгрөгийг шаардах эрхтэй гэж тодорхойлсон.
3. Хариуцагч Л.Э- нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч... Л.Э-ы ах н.Д- гэж байдаг. н.Д- нь 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Л.Э-аас зээл төлөх хугацаа болчихлоо мөнгө олж өгөөч гэж гуйсан байдаг. Тэгээд хүнээс асууж өгөөч гэхээр нь н.О-оос асуусан. н.О- ахад нь мөнгө байхгүй Амараа эгчээсээ асуу гэсэн. И.А-тай Л.Э- ярьсан, И.А- надад мөнгө байхгүй, би дүүгээсээ асууж өгье гэж хэлсэн. Дүү нь өгөхөөр болоод И.А- дансаа явуул гэхээр нь н.Д- гэдэг хүний өгсөн н.М- гэдэг хүний дансыг өгсөн. Нэхэмжлэгч сая хэлсэн, өөр хүнд өгөхгүй гээд н.О-ын данс руу 35,000,000 төгрөгийг шилжүүлээд н.О-оос н.М- гээд хүний данс руу шилжээд явсан. н.Д- нь 5 дугаар сарын 30-наас хойш гэрээний үүргийн дагуу өөрийн авсан зээлээ И.А-д төлдөг. Л.Э- дотроо мөнгөө төлөөд явж байгаа гэж ойлгож байсан. Гэтэл 01 сард Т- утсаар яриад 5,000,000 төгрөгөөс өөр мөнгө өгөөгүй гэж хэлсэн. Тэгээд ах дүү нараасаа асуусан чинь бид нар төлөөд явж байгаа, И.А-ын Худалдаа хөгжлийн банкны дансанд хийж байсан гэсэн тайлбар хэлээд хоорондоо маргаан үүсэж эхэлсэн. Энэ мөнгийг И.А-аар авахуулаад н.Д- гэдэг хүнд өгснөө Э- хүлээн зөвшөөрнө. Зээлийн гэрээг тэр үед хийгээгүй, өмгөөлөгчөөс зөвлөгөө аваад 7 сард зээлийн гэрээний маягт өгч явуулж гэрээ хийсэн. Мөнгийг н.Д- авсан учраас хариуцах ёстой. Яагаад гэвэл Л.Э-ы дансанд энэ мөнгө ороогүй. Хариуцагч нь нэхэмжлэгчээс мөнгө аваагүй, И.А-, Л.О- хоёроос мөнгө авсан гэж надад тайлбарласан. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд мөнгийг биетээр нь шилжүүлснээр зээлийн гэрээ хийгдсэн гэж үзнэ. Л.Э- үүнийг зээлж авсан гэж үзэх үндэслэлгүй байна. Зээлийн гэрээ хийгээгүй бол хүү авах эрхээ алдана гэж хуульд заасан. Тиймээс зээлийн гэрээг Л.Э-тай хийсэн гэж үзэх үндэслэлгүй, Т-ээс Л.Э- зээл аваагүй тул төлөхгүй гэж маргасан.
4. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Нэг талаас Т-, нөгөө талаас Л.Э- нар 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр тохиролцож, зээлдүүлэгч 35,000,000 төгрөгийг өдрийн 0,5 хувийн хүүтэй, 14 хоногийн хугацаатай зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх, зээлдэгч мөнгөн хөрөнгийг 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр буцаан төлөхөөр тохирч зээлийн гэрээг байгуулжээ. /хх 6-7/
4.2. Хэрэгт 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн №01/24 тоот Зээлийн гэрээ, Худалдаа хөгжлийн банкны шилжүүлгийн мэдээлэл, нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхийн үзлэг хийсэн 2 удаагийн тэмдэглэл зэрэг баримтууд авагдсан.
4.3. Зээлийн гэрээг 2025 оны 7 дугаар сарын 10-ны өдөр нөхөж хийсэн талаар нэхэмжлэгч анхнаасаа тайлбарласан, хариуцагч мөн тухайн үедээ хийгээгүй сүүлд И.А-д гэрээний маягтыг өгч явуулж, дарамталж байгаад гарын үсэг зуруулсан гэж тайлбарлан маргаж байна.
4.4. Хариуцагч нь Зээлийн гэрээг сүүлд нөхөж хийхдээ нэхэмжлэгчийг дарамталж гарын үсэг зуруулсан гэх татгалзсан тайлбар гаргаж маргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад татгалзлаа нотлохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугааар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус заасан үүргээ хэрэгжүүлээгүй тул шүүх түүний татгалзалыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэлээ.
4.5. Талуудын хооронд байгуулагдсан тухайн зээлийн гэрээний 2.2-т Зээлийн үндсэн хүү: өдрийн 0.5% (тэг аравны тав). Зээлийн хүүг гэрээ байгуулагдсан өдрөөс эхлэн тооцно. гэж бичигдсэн бичвэрийн ард хэсэгт хар балаар, гараар Үндсэн зээл 30 сая + хүү 20 сая 2025 оны 8 сардаа багтааж өгөхөөр тохиролцов. 5 сая төгрөг 2024 онд өгсөн гэж бичсэн, Гурав. Зээлдүүлэгчийн эрх, үүрэг гэсний ард - хар балаар, гараар харилцан ярив гэж, Дөрөв. Зээлдэгчийн эрх, үүрэг гэсний ард үндсэн 30 сая, хүү 20 сая гэж, гэрээний хоёр хуудасны захад босоо хэлбэрээр Л.Э- гэж, Гэрээ байгуулсан Зээлдүүлэгч хэсэгт М-, Зээлдэгч хэсэгт Л.Э-, үндсэн зээл 30 сая, хүү 20 сая, нийт 50 саяыг 8 сардаа багтааж өгөхийг зөвшөөрч байна. Л.Э- гэж бичигдсэнийг нэхэмжлэгч Т-, шүүх хуралдаанд гэрчээр оролцсон И.А- нар хариуцагч Л.Э- өөрөө бичсэн гэж тайлбарласан бол, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үүнтэй маргаагүй, Л.Э-ы гараар бичсэн бичвэр, гарын үсэг мөн гэж хүлээн зөвшөөрч сүүлд зээлийн гэрээ хийсэн гэж тайлбарлан маргадаг.
4.6. Нэхэмжлэгч Т- нь 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 11:25:25 цагт Худалдаа хөгжлийн банкны 432078008 тоот өөрийн эзэмшлийн данснаасаа Хаан банкны 5675406687 тоот Л.О-ын дансанд 35,000,000 төгрөгийг Гүйлгээний утга: 2024.6.15 хүртэл өдрийн 0.5% хүүтэй зээлэв гэж бичигдсэн шилжүүлгийн мэдээллийн баримтыг нэхэмжлэгч шүүхэд гаргаж өгсөн. /хх 5/
4.7. Нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, үзлэг хийсэн тэмдэглэлд нэхэмжлэгч Т-, гэрч И.А- нарын хооронд харилцсан зурвасууд байна.
2024.05.31, 08:35, Tumen Delger: Hi /сайн уу/
Amarjargal ishinkhuu: Hi /сайн уу/, Huutei mungu zeeleh uu /Хүүтэй мөнгө зээлэх үү/, Udriin 0.5% /өдрий 0,5 хувь/
Tumen Delger: Hen /хэн/
Amarjargal ishinkhuu: Chamd mungu bval/ чамд мөнгө байвал/ Etssiin hugatsaa 6/15 hurtel /эцсийн хугацаа 6/15 хүртэл/
Tumen Delger: Hed /хэд/
Amarjargal ishinkhuu: Yer n bol 35 heregtei bgaа /Ер нь бол 35 хэрэгтэй байгаа/, Gehdee bolomjtoi hemjeegeeree /гэхдээ боломжтой хэмжээгээрээ/
Tumen Delger: Tiim ih bhguie /тийм их байхгүй ээ/, Hend uguh gj bgn /хэнд өгөх гэж байгаан/
Amarjargal ishinkhuu: Enkheed /Энхээд/
Tumen Delger: Ymar /ямар/
Amarjargal ishinkhuu: Pambaaraagiin ehner /Памбаараагийн эхнэр/
Tumen Delger: Aan /аан/
2024.05.31, 10:32 минут, Amarjargal ishinkhuu: 5675406687
Tumen Delger: Yaay bas aigaad bn shuu /яаая бас айгаад байна шүү/ Shiljuuleh geheer aigaad bn /шилжүүлэх гэхээр айгаад байна/
2024.05.31, 11:02 минут, Amarjargal ishinkhuu: 5745028831, 5475028831 Munkhbat /М-/, Tehnih une /техних үнэ/, Traktor /трактор/
2024.05.31, 11:25 минут, Tumen Delger: Гүйлгээ баталгаажуулсан талаар Худалдаа хөгжлийн банкны баримтыг илгээсэн байв.
2.И.А-ын хар өнгийн iphone 14 pro маркийн гар утсыг нээж үзэхэд messenger апликейшнээр дамжуулан Enkhsaihan Lhagvasuren гэх хаятай харилцсан зурваст үзлэг хийв.
May 31 2024 at 10:38 am
Enkhsaihan Lhagvasuren: 5475028831 munkhbat /М-/, Hiiheeree heleerei /хийхээрээ хэлээрэй/
Amarjargal ishinkhuu: Orgiogiin dans ruu awchihlaa /Оргиогийн данс руу авчихлаа/, Orgiogiin dansnaas shiljuulchihvel bollh bil uu /Оргиогийн данснаас шилжүүлчихвэл болох билүү/
Enkhsaihan Lhagvasuren: Bolno /болно/, zugeer zugeer /зүгээр зүгээр/
Amarjargal ishinkhuu: Хаан банкны гүйлгээ амжилттай хийгдсэн талаар баримтыг илгээсэн байв.
3.Т-ийн цагаан өнгийн Iphone 13 pro маркийн гар утсанд үзлэг хийв. Гар утасны messeges аппликейшныг нээж үзэхэд 88272282 дугаартай харилцсан зурвас байв.
Tue, 28 Jan at 18:04 / Мягмар, 1 дүгээр сарын 28, 18:04 цаг/
Л.Э- /88272282/: uuchlarai udii hurgeed unuudur banknii shalgan ircheed humuustei bgaad bnaa ternees bugdiig ni oilgoj bgaa bi turiin bankruu shalgan ircheed orj chadsangui odoo hurtel bnaa /Уучлаарай өдий хүргээд өнөөдөр банкны шалган ирээд хүмүүстэй байгаад байнаа тэрнээс бүгдийг нь ойлгож байгаа би төрийн банк руу шалган ирчихээд орж чадсангүй одоо хүртэл байнаа/
bi asuugaad helnee uul ni hudlaa ym bhguie huleeseer bgaad l udii hurgechlee /Би асуугаад хэлнээ уул нь худлаа юм байхгүйээ хүлээсээр байгаад л өдий хүргэчихлээ/
Т- /99075629/: Chinii shaltag nadaa odoo naaldahaa bolison, hurdan mungu huutei ni olj ug /Чиний шалтаг одоо наалдахаа больсон, хурдан мөнгө хүүтэй нь олж өг/
Thu 30 Jan 16:54 /Пүрэв, 30 Нэгдүгээр сар/
Л.Э- /88272282/: minii duu oilgooroi sariin suul geed huraldaagui gene bi chamd avsan mungu deer ni huutei ni tsug avch ugnuu /Миний дүү ойлгоорой сарын сүүл гээд хуралдаагүй гэнэ би чамд авсан мөнгө дээр нь хүүтэй нь цуг авч өгнөө/, chamaig zagnah bh geed utsaa avch chaddagui /чамайг загнах байх гээд утсаа авч чаддаггүй/
Т- /99075629/: Bitgii hutsaad bai hudlaa yarihaa boliod mungu uur argaar hurdan olj ug /Битгий хуцаад бай худлаа ярихаа болиод мөнгө өөр аргаар хурдан олж өг/
Л.Э- /88272282/: Udaan bsan ch gesen garah ym /Удаан байсан ч гэсэн гарах юм/, bgaa ymaa ternees alga /байгаа юмаа тэрнээс алга/
bolchihson ym bishee /болчихсон юм бишээ/
Т- /99075629/: Minii mungiig avsan humuus yu /миний мөнгийг авсан хүмүүс юу/, bodoj suudag yum be /бодож суудаг юм бэ/, Buten jil boloh ni bi buun /бүтэн жил болох нь би бөөн/ Asuudaltai bn /асуудалтай байна/
Л.Э-: /88272282/: Uuchlaarai egch ni udahgui /Уучлаарай эгч нь удахгүй/ amraanaa huug ni ch bas avch /aмраанаа хүүг нь ч бас авч/ Ugnu /өгнө/
Т- /99075629/: Zugeer hudlaa yarij tsag avahaa boli, 500 sayiin zeel ch ingej uddaggui yum /зүгээр худлаа ярьж цаг авахаа боль, 500 саяын зээл ч ингэж уддаггүй юм/
Л.Э- /88272282/: Tiim muuhai ym bodooguiee zuvuur oilgooroi bi orgio ahin buun mungu deer bas ania ni udahgui bugdiig ni duusgaj ugnuu /Тийм муухай юм бодоогүйээ зөвөөр ойлгоорой би Оргио ахын бөөн мөнгө дээр бас аниа нь бүгдийг нь удахгүй дуусгаж өгнөө/
Mon 3 Feb at 11:13 /Даваа, 2 дугаар сарын 3, 11:13 /
Т- /99075629/: Za 2 sar garchihlaa / За 2 сар гарчихлаа/
Thu 6 Feb at 13:40 /Пүрэв 6 2 дугаар сарын 6 13:40/
Т- /99075629/: Yu bolj bn /юу болж байна/
Mon 10 Feb at 13:38 /Даваа, 2 дугаар сарын 10, 13:38 /
Т- /99075629/: Bank huleelgui mungu olj uguu, bankaa bolohoor uuruu av / банк хүлээлгүй мөнгө олж өгөө банкаа болохоор өөрөө ав/
Л.Э- /88272282/: 2 sariin suuleer neegdene gesen / 2 сарын сүүлээр нээгдэнэ гэсэн/, Joohon tesch bgaarai odoohon duusganaa /жоохон тэсч байгаарай одоохон дуусганаа/
Т- /99075629/: Zeel gargaad ehelsen gj helsiin bishu / Зээл гаргаад эхэлсэн гэж хэлсэн юм бишүү/, Hezee hudlaa yarihaa bolih ve chi /хэзээ худлаа ярихаа болих вэ чи/, Chamaas bolj hodood uvduj bn /чамаас болж ходоод өвдөж байна/
Mon 9 Jun at 09:44 /Даваа, 6 дугаар сарын 9, 09:44 /
Т- /99075629/: Mungu hezee oroh ve bi huleej bn /Мөнгө хэзээ орох вэ би хүлээж байна/
Л.Э-: /88272282/: Hun hun der havchuulaad hiigeed l bn estoi Ih tesch bnadaa uuchlaarai bi chamd zaaval 50 saya ugnuu /Хүн хүн дээр хавчуулаад хийгээд л байна ёстой их тэсч байна даа уучлаарай би чамд заавал 50 сая өгнөө/, 20 sayiig hi huu gej bodooroi /20 саяыг нь хүү гэж бодоорой/, Bi aimar ih hicheej bn /Би аймаар их хичээж байна/, Suuldee uneheer tshurch yag unah geed tegsen ch gesen chinii mungiig zaaval garganaa /Сүүлдээ үнэхээр цөхөрч яг унах гээд тэгсэн ч гэсэн чиний мөнгийг заавал гарганаа/
Mon 12 Jun at 10:27 /Даваа, 6 дугаар сарын 12, 10:27 /
Л.Э-: /88272282/: Hagas hagasaar ni buugnuuleed 50 bolgood ugnuu /хагас хагасаар нь бөөгнүүлээд 50 болгоод өгнөө/
Mon 11 Aug at 16:21 /Даваа, 8 сарын 11, 16:21/
Т- /99075629/: Gariin useg zuruulah geed ochihod 7 sardaa ugii ugui bol shuuh deer ochyo gj helsen baihaa chi uuruu /Гарын үсэг зуруулах гээд очиход 7 сардаа өгье үгүй бол шүүх дээр очье гэж хэлсэн байхаа чи өөрөө/, Odoo tegvel ochih tsag chin bolson /Одоо тэгвэл очих цаг чинь болсон/
Л.Э- /88272282/: 8 sardaa bagtaana gej heleed zurj ugsun shdee ene bolno ged bnaa joohon huleechihee / 8 сардаа багтаан гэж хэлээд зурж өгсөн шүү дээ энэ болно гээд байнаа жоохон хүлээчихээ/ tehu /тэх үү/
Mon 11 Aug at 21:23 /Даваа, 8 сарын 11, 21:23 /
Т- /99075629/: Eej chin uuruu yarilaa eejiig chin bodood hugshin nastai huniig bodood 8.31n hurtel harya, 8.31n gehed 50 say orj irehgui bol bi sanuulahguigeer shuud shuuhed ugnu shuu, 50 sayas baga mungu orj irvel uldegdel deer ni shuuhed ugnu /Ээж чинь өөрөө ярилаа ээжийг чинь бодоод хөгшин настай хүнийг бодоод 8.31 хүртэл харъя, 8.31 гэхэд 50 сая орж ирэхгүй бол би сануулахгүйгээр шууд шүүхэд өгнө шүү, 50 саяас бага мөнгө орж ирвэл үлдэгдэл дээр нь шүүхэд өгнө/
Tue 12 Aug at 10:11 /Даваа, 8 сарын 12, 10:11/
Т- /99075629/: Chi oilgoj bnuu /Чи ойлгож байна уу/
Л.Э-: /88272282/: Oilgood bnaa /ойлгоод айна/, Bayarlalaa /баярлалаа/ ...гэжээ./хх 72-78/
4.8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаж, үзлэг хийсэн тэмдэглэлд... Харилцсан зурвас JUL 3 at 7:51 pm /07 дугаар сарын 03, 7:51/
Amarjargal ishinkhuu: Зээлийн гэрээ.docx 25 kb /гэх файл илгээсэн байна. Файлыг нээж үзэхэд: Зээлийн гэрээ, 2024 оны 05 сарын 31-ний өдөр №01/24 Улаанбаатар хот.... гэх. /Хэвлэж хавсаргав./
JUL 3 at 7:52 pm /7 дугаар сарын 3, 7:52/
Eniig hevleed gariin useg zuraad naash n yawuul. Duu bid 2 am tangarag tasraad suuj bn /Энийг хэвлээд гарын үсэг зураад нааш нь явуул. Дүү бид 2 ам тангараг тасраад сууж байна/ гэх бичвэр байв. гэжээ./хх 90-98/
4.9. Шүүх хуралдаанд оролцсон гэрч И.А-ын мэдүүлэгт ...2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр буюу ажлын өдөр байсан. Би өглөө ажилруугаа явж байхад Л.Э- над руу залгаад надад 35,000,000 төгрөгийн хэрэг байна надад туслаач, хүүтэй мөнгө зээлмээр байна. Гэхдээ богино хугацаатай мөнгө олоод өгөөч гэж хүссэн. Тэрний дагуу би дүү рүүгээ залгаж мөнгө асуугаад тэгээд Л.Э- надад н.М- гэдэг хүний дансыг өгөөд ийшээ шилжүүлээд өгөөч гэсэн. Түүний дагуу дүүгээсээ мөнгө авч Л.Э-д дамжуулсан. Л.Э- нь Төв аймгийн Угтаал суманд байдаг. Манай дүү Т- Улаанбаатар хотод байдаг. Энэ хоёр хоорондоо уулзах боломжгүй, Э- яаралтай гэсэн учраас гэрээ байгуулах ч юм уу энэ хоёрыг хооронд нь уулзуулах боломж байгаагүй. Л.Э- нь намайг таньдаг, би дүүтэйгээ эгч дүүсийн харилцаатай болохоор итгэлцэл дээр тогтсон. Би дунд нь зуучилж өгсөн. Л.Э- манай нөхрийн төрсөн дүүгийн эхнэр юм. Тэгээд манай нөхөр н.О-той Л.Э- холбогдоод мөнгө зээлээч гээд зээлэх мөнгө байвал би найдвартай хүнд мөнгө зээлээд өгье гэж манай нөхөртэй ярьсан байсан. Л.Э- надтай мөнгөний талаар огт ярьж байгаагүй. н.О- бид хоёр гэр бүлийн хүмүүс учраас манай нөхөр надад Л.Э- хүүтэй мөнгө зээлье гэж байна гэдэг санал тавьсан гэж хэлсэн. Энэ нь дүүгээс мөнгө зээлэхээс өмнөх зүйл, бид хоёр өөрсдөө Л.Э-д мөнгө зээлсэн байгаа гэсэн үг. Тэрний хүү гэж мөнгөнүүд орж ирж байсан. Тэр бол манай дүүгийн мөнгөтэй огт хамаагүй. Тэр 2023 оны 12 сараас эхэлсэн шаардлагатай гэвэл банкны хуулгыг гаргаад өгөх боломжтой. Миний данс руу орж ирж байсан мөнгөнүүд нь манай нөхөртэй тохиролцсоны дагуу зээлсэн мөнгө орж ирж байсан. Манай дүү Т-ээс зээлсэн 35,000,000 төгрөгтэй огт хамааралгүй. Э- анх мөнгө зээлэхдээ 2024 оны 6 дугаар сарын 15 гэдэг хугацаа зааж өгсөн. Тэрнээс хойш ерөөсөө мөнгө орж ирээгүй. Манай дүүгийн мөнгийг ч өгөөгүй. Асуухаар за түр хүлээж байгаарай зээл судалж байна, хорооны хурлаар батлагдах гээд байна гэсээр байгаад 2024 оны 09 сар гарсан тэр хооронд манай дүү надаас мөнгөө нэхсэн тэгээд би Л.Э-аас дүүгийнхээ мөнгийг нэхэж байсан. Тэгээд болохоо байлаа манай дүүгийн хүүхэд нь сургуульд орох гэж байна гэж шаардсаар байгаад 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр миний данс руу Л.Э- 5,000,000 төгрөг хийсэн. Мөнгө орж ирсэн өдөр нь би Т-ийн данс руу шилжүүлсэн. Тэрнээс хойш бөөнд нь өгч чадахгүй бол бага багаар ч хамаагүй хуваагаад өгөөч гэж шаардаад бүтэн жил болоход нэг ч мөнгө өгөөгүй. Би 35,000,000 төгрөгийг зуучлаад дүүгээсээ аваад Э-д өгсөн учраас манай дүү надтай хариуцлага тооцоод байна. Таньд итгээд би таниар дамжуулаад Л.Э-д мөнгө өгөөд байхад Л.Э- эргүүлээд өгөхгүй байна гээд тэр болгонд нь би очиж уулзаад хэзээ өгөх боломжтой вэ гэж асуугаад байсан. Гэтэл Э- 2025 оны 02 сараас эхлээд манай банкин дээр зээл гарч эхэлдэг. Тэгэхээр зээл гаргаад өгөөд дуусгачихъя гэж хэлсэн. Гэтэл 02 сар хүртэл хүлээгээд өгөөгүй. Тэгээд газар тариалангын зээл гээд 06 сар хүртэл өгдөг юм, 6 сар хүртэл хүлээгээч гэсэн тэгэхээр нь би бас л дүүдээ дамжуулж хэлсэн. Тэгээд 6 сар хүртэл хүлээсэн. 06 сар хүртэл хүлээгээд өгсөнгүй, тэгээд намайг биеэр очиж уулз гээд би нөхөртэйгөө цуг Угтаал суманд очиж Л.Э-тай уулзсан. Би 2025 оны 04 сараас эхлээд удаа дараа очиж Э-тай уулзаж байсан. Тэгэхэд Л.Э- 7 сар гэхэд өгье наадмаас өмнө өгөөд дуусгая, хуваагаад ч хамаагүй өгье гэж байсан. Тэр болгонд би Т-т 6, 7 сар хүртэл хүлээгээч гээд байна гэдгийг дамжуулдаг байсан. Тэгээд би Угтаалд очоод Л.Э-ыг дүү Т-тэй хооронд нь утсаар яриулсан. Л.Э-тай уулзаж байна энэ хүн одоо мөнгөө 7 дугаар сарын 31 гэхэд өгье гэж байна гэдгийг хэлсэн. Манай дүү тэр хүртэл нь хүлээе, тэр хүртэл хүлээгээд өгөхгүй бол яах вэ гэж асуусан. Наад хүн чинь миний мөнгийг өгөхгүй бол дараа нь ямар арга хэмжээ авах вэ гэсэн. Би таньд итгээд өгсөн учраас мөнгө зээлсэн гэдэг баримттай болъё зээлийн гэрээгээ нөхөөд байгуулъя гээд наад хүндээ танилцуул, угаасаа авсан нь үнэн юм чинь зээлийн гэрээг нөхөж байгуулъя гэж танилцуулаад та гарын үсэг зуруулаад өгөөч гэж надаас хүссэн. Би 2025 оны 07 сарын эхээр Угтаалд очсон манай дүү надад зээлийн гэрээг бэлдэж өгсөн. Гэрээг нь би авч очоод Л.Э-д танилцуулаад давхар дүүтэйгээ яриулаад тэгсний үндсэн дээр Э- өөрөө хүлээн зөвшөөрөөд Зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Манай дүү хүртэл утсаар ярьж байхдаа хэлсэн. За чи наад гэрээгээ сайн уншиж танилцаарай. Чи мөнгөө өгнө гээд байгаа боловч хугацаандаа мөнгөө өгөхгүй байгаа учраас тэрнээс сэргийлээд хоёулаа нөхөөд зээлийн гэрээ байгуулъя гэсэн. Нөхөж хийж байгаа гэрээ тухайн үед 2024 оны 05 дугаар сарын 31-нд миний мөнгө шилжүүлсэн үеийн байдлаарх гэрээ шүү гэж хэлээд манай дүү танилцуулсан. Чи наад гэрээтэйгээ танилцаад өөрт чинь таалагдахгүй аль эсвэл өөрчлөлт оруулахаар зүйл байвал өөрчлөөд гэрээн дээрээ бич гэж хэлсэн. Гэтэл Л.Э- өөрөө тэр зээлийн гэрээтэй уншиж танилцсан. Уншиж танилцаад өөрөө гэрээнд өөрчлөлт оруулмаар байгаа зүйлээ өөрчлөлт оруулж гараар, хар балаар бичиж, өөрөө гарын үсэг зурсан. Тиймээс Л.Э- зээлийн гэрээтэй бүрэн танилцсан өөрчлөлт оруулмаар байгаа зүйл дээрээ бүгдэд нь өөрчлөлт оруулж бичсэн. гэжээ. /хх /
5. Гэрч нь нотолгооны эх сурвалж, гэрчийн мэдүүлэг нь нотолгооны хэрэгсэл болдог. Гэрчийн мэдүүлэг нь анхдагч, шууд эсхүл дамжмал /үүсмэл/, шууд бус нотлох баримтын шинжтэй байх бөгөөд үүнээс анхдагч буюу шууд нотлох баримтад тооцогдох гэрчийн мэдүүлэг нь нотлогдвол зохих үйл баримтыг /үйлдэл, үзэгдэл, үйл явдал/ дэргэд нь байсан, түүнийг үзсэн, харсан байдаг тул нотолгооны ач холбогдол өндөр байдаг.
Харин шууд бус буюу бусдаас мэдсэн, сонссон талаарх гэрчийн мэдүүлэг нь бусад нотлох баримтуудтай нэгдмэл байдалтай буюу тэдгээрийн дэмжлэгтэйгээр нотолгооны ач холбогдолтой болдог онцлогтой.
6. Дээрх баримтуудаар Зээлийн гэрээг талууд анх бичгээр байгуулаагүй боловч сүүлд буюу 2025 оны 07 дугаар сарын 10-ны өдөр байгуулж, зохигч талууд гарын үсэг зурж, хариуцагч Л.Э- тус гэрээнд хар балаар, гараар ...Үндсэн зээл 30 сая + хүү 20 сая 2025 оны 8 сардаа багтааж өгөхөөр тохиролцов. 5 сая төгрөг 2024 онд өгсөн гэж, харилцан ярив гэж, ...үндсэн 30 сая, хүү 20 сая гэж, гэрээний хоёр хуудасны захад босоо хэлбэрээр Л.Э- гэж, Гэрээ байгуулсан Зээлдүүлэгч хэсэгт М-, Зээлдэгч хэсэгт Л.Э-, үндсэн зээл 30 сая, хүү 20 сая, нийт 50 саяыг 8 сардаа багтааж өгөхийг зөвшөөрч байна. Л.Э- гэж тус тус бичсэн үйл баримттай хариуцагч тал маргаагүй, хүлээн зөвшөөрсөн ба шүүхээс үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч И.А-ын мэдүүлэг зэргээр нэхэмжлэгч Т-ээс хариуцагч Л.Э- 35,000,000 төгрөгийг И.А-аар дамжуулж зээлдэн авсан үйл баримт нь өөрийн ах Л.О-ын Хаан банкны 5675406687 тоот дансанд 35,000,000 төгрөгийг Гүйлгээний утга: 2024.6.15 хүртэл өдрийн 0.5% хүүтэй зээлэв гэж бичигдсэн шилжүүлгийн мэдээллийн баримтаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
7. Хариуцагчийн төлөөлөгч ...шүүхэд өгсөн Зээлийн гэрээ нь тухайн үйл явдал болсноос хойш жилийн дараа зээлийн гэрээ гэх загварыг өгч явуулсан, хоёулаа тухайн үед байгаагүй. Т- нь И.А-аар дамжуулж явуулаад Л.Э-аар гарын үсэг зуруулсан гэрээг авчраад Т-т өгөөд, Т- нь Улаанбаатарт гарын үсэг зурж байгаа байдлаар энэ гэрээ нь 2025 оны 07 дугаар сарын 10-ны өдөр нөхөн гэрээ байгуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй тул хуурамч нотлох баримт гэж үзэж 38.5-д зааснаар нотлох чадвараа алдсан гэж үзнэ гэх тайлбар, татгалзлыг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэлээ.
8. Иймд хариуцагч нэгэнт 35,000,000 төгрөгийг аваагүй гэх үйл баримтыг үгүйсгээгүй зөвшөөрсөн тул шүүх Т- болон Л.Э- нарын хооронд 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, уг гэрээг хүчин төгөлдөр гэж үзэв.
9. Хариуцагч зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан үйл баримтад маргаагүй, харин тухайн зээлийн мөнгөн хөрөнгийг Т-ээс аваагүй, И.А-, Л.О- нараас авсан гэх боловч энэхүү үйл баримтаа дэмжих бичгийн баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.
10. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн талуудын тайлбар, гэрчийн мэдүүлэг, үзлэгийн тэмдэглэл, Т-ийн Худалдаа хөгжлийн банкны шилжүүлгийн мэдээллийн баримтаар хариуцагч Л.Э- нь, нэхэмжлэгч Т-ээс гэрээний 2.1-т заасан 35,000,000 төгрөгийг, 2.2-т заасан өдрийн 0,5%-ийн хүүтэй, 2.4-т ...35,000,000 төгрөгийг Лхагва овогтой О-ын нэр дээрх Хаан банк дахь 5675406687 тоот дансанд шилжүүлснээр энэхүү гэрээнд заасан зээл олгогдсонд тооцно гэж зааснаар зээлдэн авсан, үүнээс 5,000,000 төгрөгийг буцаан төлсөн үйл баримттай хариуцагч маргаагүй тогтоогдсон, харин хариуцагчийн Т-ээс мөнгө аваагүй, И.А-, Л.О- нараас авсан гэх тайлбар, татгалзал нотлогдоогүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар гэрээ байгуулсанд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
11. Иймээс, хариуцагч Л.Э-аас нэхэмжлэгч Т- зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй.
12. Талууд гэрээний 2.2-т ...өдрийн 0.5 хувийн хүүтэй..., 2.6-д Гэрээний 2.1-д заасан зээлийг гэрээнд заасан хугацаанд Зээлдүүлэгчид хүүний хамт буцаан төлнө, 3.2-т Гэрээнд заасан хугацаа дуусахад зээлийг ашигласан хугацаанд бодогдсон хүүгийн хамт эргэн төлөхийг Зээлдэгчээс шаардах эрхтэй талаар алданги төлөх нөхцөлийг харилцан тохиролцжээ. Гэрээний энэ тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасан анзын гэрээг бичгээр хийх шаардлагыг хангасан тул нэхэмжлэгч мөн зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар алданги шаардах эрхтэй.
12.1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч алдангийг 20,000,000 төгрөг гэж тодорхойлсон нь хуульд нийцээгүй байх тул шүүх хуульд нийцүүлэн, хариуцагчаас 15,000,000 төгрөгийн алданги гаргуулахаар шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж үзлээ.
13. Дээрх бүгдийг нэгтгээд, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн төлөөгүй 30,000,000 төгрөгийн үлдэгдлийг буцаан төлөх үүргийг хариуцагч Л.Э- хүлээнэ. Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс алданги гэж шаардсан 20,000,000 төгрөгөөс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар 15,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй, үлдэх 5,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгоно.
14. Иймд Л.Э-аас 45,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т-т олгож, нэхэмжлэлээс 5,000,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
15. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан хариуцагч Л.Э-аас үндсэн зээл 30,000,000 төгрөг, хүү 15,000,000 төгрөг нийт 45,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т-т олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 5,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 407,950 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, хариуцагч Л.Э-аас улсын тэмдэгтийн хураамж 332,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т-т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Тав аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ