| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 301/2025/01034/И |
| Дугаар | 301/ШШ2026/00002 |
| Огноо | 2025-12-22 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 301/ШШ2026/00002
301/ШШ2026/00002
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Архангай аймгийн Э сумын .... дүгээр баг, Б хорооллын ... тоотод оршин суух, Б овогт Д-ийн А /ИБД:....../-ийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Д.А /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Булган-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Д.А хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна.
- Хүсэлт гаргагч Д.А ... онд төрсөн. Одоо өндөр насны тэтгэврийг тогтоолгон авах нас болоод байна. Би 1988 оны ... дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны ... дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Архангай аймгийн Б сумын У Т нэгдэлд малчнаар тасралтгүй ажиллаж байсан. Миний энэ байдлыг бичсэн хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу, аймгийн архивын тасгаас ажиллаж байх хугацааны лавлагаа гарахгүй байгаа тул ажилласан жил орохгүй хохироход хүрээд байна. Миний өндөр насны тэтгэвэрт гарах нас хүрсэн. Тэтгэврээ тогтоолгох гэтэл ажилласан жилийн баримт гарч ирэхгүй байгаа учир нийгмийн даатгалын газраас ажилласан жилээ шүүхээр тогтоолго гэсний дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах зорилгоор шүүхэд хандаж байна. Архивын лавлагаа, хөдөлмөрийн хөлс авч байсан цалингийн жагсаалт болон бусад нотлох баримтуудыг үндэслэн миний Архангай аймгийн Б сумын У Т нэгдэлд 1988 оны ... дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны ... дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
- Хүсэлт гаргагч Д.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би шүүхэд гаргасан хүсэлтээ бүхэлд нь дэмжиж байна. Миний ажиллаж байсан байдалтай холбоотой баримт нь шатсан. Би ... онд төгсөөд У Т нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн. 6 сард төгсөөд 7 сараас ажиллаж эхэлсэн юм. Би өмч хувьчлалын үед хувийн малаа маллаж байсан гэв.
2. Хэрэгт дараахь нотлох баримтууд авагдсан. Үүнд:
2.1. Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргасан нотлох баримтууд
- Д.А-ийн хөдөлмөрийн дэвтэрт:
- Архангай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 699 дугаар тодорхойлолтод: Тус архивын сан хөмрөгт хадгалагдаж Б сумын “Улаантуг” нэгдлийн 1988,1990 оны баримтыг шүүн үзэхэд Д-ийн А-д холбогдох баримт гараагүй тул лавлагаа гаргах боломжгүй байна гэсэн,
- Архангай аймгийн Б сумын У Т нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1989 оны ... дугаар сарын 22-ны өдрийн “Хөрөнгө зарлага болгох тухай” ,,,, тоот тогтоолд: 1-т нэгдлийн төлчид саальчдын зөвлөгөөнийг тохиолдуулан нийт 74 төлчид саальчдад гарын бэлэг болгон 1730 төгрөг 22 мөнгөний зүйлийг олгосугай, тогтоолын хавсралтын нэрсийн жагсаалтын 101-т А -12-60,250-1-25, 13-85 гэсэн,
2.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
- Монгол Улсын хүн ам, орон сууцны .... оны улсын тооллогын хуулбар /Үндэсний төв архивын 2025 оны .... сарын 08-ны өдрийн ... тоот лавлагаанд: Архангай аймгийн Б суманд оршин суух, Б-ын Д, тэргүүлэгч өөрөө, ... настай, эрэгтэй, тоо бүртгэгч, Б-ийн Ю, эхнэр, 44 настай, эмэгтэй, саальчин, Д-ийн А, 18 настай, эмэгтэй, саальчин... гэсэн,
- Д.А-ийн анх регистрийн дугаар авч байсан ХААТР-1 /А/ маягтад: Архангай Б , Д-ийн А, эмэгтэй, 1970 оны 11 сарын 02-ны өдөр төрсөн,гэр бүлийн байдал- гэрлээгүй, ажилладаг байгууллага-У Т нэгдэл, ажилд орсон-1988 он, цех, тасаг-Баян-Уул, эрхэлдэг ажил-үхэрчин, эхэлсэн он-1988, оршдог сум, район-Б , 1988.11.18 гэсэн,
- Д.А-ийн хаягийн хуудсанд: Архангай аймгийн Б сум, Давагдорж А, эмэгтэй, 1970 оны 11 сарын 02-ны өдөр төрсөн, хаана ямар ажилтай-10 жилийн сурагч гэсэн,
- Д.А-ийн гэрлэсний ХААТР-15 маягтад: Давагдорж А , Архангай, Б , ажилладаг байгууллага-У Т нэгдэл- малчин,1999.10.18 гэсэн,
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Д.А-ийн Архангай аймгийн Б сумын У Т нэгдэлд 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны ... дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан
- Д.А-ийн хөдөлмөрийн дэвтэр,
- Архангай аймгийн Б сумын У Т нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1989 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн “Хөрөнгө зарлага болгох тухай” 15 тоот тогтоол,
- Монгол Улсын хүн ам, орон сууцны 1989 оны улсын тооллогын хуулбар /Үндэсний төв архивын 2025 оны ... сарын 08-ны өдрийн ... тоот лавлагаа,
- Д.А-ийн анх регистрийн дугаар авч байсан ХААТР-1 /А/ маягт,
- Д.А-ийн хаягийн хуудас,
- Д.А-ийн гэрлэсний ХААТР-15 маягт, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтаар хүсэлт гаргагч Д.А нь Архангай аймгийн Б сумын У Т нэгдэлд 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны ... дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдал тогтоогдож байна.
Хүсэлт гаргагч Д.А шүүхэд хүсэлт гаргахдаа 1988 оны ... дүгээр сарын 01-ний өдрөөс ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлт гаргасан боловч 1988 оны ... дугаар сард сургуулиа төгсөж 1988 оны ... дугаар сараас ажилласан тул 1988 оны 01 дүгээр сараас 06 дугаар сард ажиллаж байсан гэж тогтоох үндэслэлгүй юм.
2. Хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэж байгаа учир хүсэлт гаргагч Д.А-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Б овогт Д-ийн А гийн Архангай аймгийн Б сумын У Т нэгдэлд 1988 оны ... дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны ... дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Д.А-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН