| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 2511000000080 |
| Дугаар | 2025/ДШМ/726 |
| Огноо | 2025-06-12 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.2.3.2., |
| Улсын яллагч | Э.Баасанжаргал |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 2025/ДШМ/726
Б.Д-, Ц.Б- нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Э.Баасанжаргал,
шүүгдэгч Б.Д-, Ц.Б-, тэдгээрийн өмгөөлөгч Ш.Бадмаараг,
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 2025/ШЦТ/909 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Б-, Б.Д- нарын гаргасан давж заалдах гомдлоор тэдэнд холбогдох 2511000000080 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
1.О овгийн Б-ы Д, 2006 онд Хөвсгөл аймагт төрсөн, 18 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 10, эцэг, эх, ах, эгч нарын хамт Хөвсгөл аймагт оршин суух, ял шийтгэлгүй, (РД:…);
2.Х овгийн Ц-ын Б, 2001 онд Хөвсгөл аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Хөвсгөл аймагт оршин суух, (РД:...), урьд:
-Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/334 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 1,400,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан;
1.Б.Д- нь 2024 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороонд байрлах нийтийн байрнаас хохирогч Н.Б-гийн эзэмшлийн “Samsung А-52” загварын гар утас, өмд, куртик, мөнгөн бөгж, гутал зэрэг эд зүйлсийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 1,457,000 төгрөгийн хохирол учруулсан,
Ц.Б-той бүлэглэн 2025 оны 02 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Б” хүнсний дэлгүүрийн цонхоор хууль бусаар нэвтэрч, Г.Ч- руу хутга чиглүүлэн чичилж, хүч хэрэглэхээр заналхийлэн 236,000 төгрөгийн эд зүйлийг авч дээрэмдэх гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн;
2.Ц.Б- нь Б.Д-той бүлэглэн 2025 оны 02 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Б” хүнсний дэлгүүрийн цонхоор хууль бусаар нэвтэрч, 236,000 төгрөгийн хохирол учруулж хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газар: Б.Д-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар,
Ц.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б.Д-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, мөн бусдын эд хөрөнгийг зэвсэг хэрэглэж, зөрж гүйцэтгэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар, мөн хуулийн ерөнхий ангийн 3.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар 5 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, уг ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх нийт ялыг 5 жил 6 сарын хорих ялаар тогтоон, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
шүүгдэгч Ц.Б-ыг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бүлэглэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ц.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би аав, ээж, дүүгийн хамт ам бүл дөрвүүлээ амьдардаг. Манай аав тархины цус харвалттай, хөдөлмөрийн чадвараа алдсан. Ээж аавыг асардаг болохоор ажил хийх боломжгүй. Би мужаан мэргэжлээрээ ажил хийж, ар гэртээ болон аавын эмчилгээ, эм тарианы мөнгийг олдог. Иймд миний ар гэрийн болон амьдралын байдлыг харгалзан шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, надад хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Д- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би гэмт хэрэг үйлдсэндээ чин сэтгэлээсээ харамсаж, гэм буруугаа ухамсарлаж ойлгож байгаа. Надад хорих ял оногдуулах, зүйлчлэхдээ бусдын эд хөрөнгийг зэвсэг (хутга) хэрэглэж үйлдсэн гэж үзсэн бөгөөд би тухайн хутгаар цонх онгойлгоход ашигласан, дэлгүүрээс авсан зүйлээ Ц.Б-д цонхоор дамжуулж өгсний дараа намайг цонхоор гарах гэж байхад дэлгүүрийн хүн ирсэн тул гарах үүднээс “хаалгаа онгойлгоод өг” гэж хэлсэн. Дэлгүүрийн хүн хаалга онгойлгохоор цааш харсны дараа нууцаар 2 элэгний нухаш авсан бөгөөд тэр нь муудсан байсныг хаясан. Иймд 2 элэгний нухаш нь муудаж, идэх боломжгүй болсон, хохирогч мэдээгүй байхад зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж аваагүй зэргийг харгалзан дээрх үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Би тус гэмт хэргийг үйлдсэндээ харамсаж, цонх онгойлгоход ашигласан хутгаа цагдаад аваачин өгч, анхнаасаа үнэн зөв мэдүүлэг өгч, мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэн, учруулсан хохирлоо барагдуулсан тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ш.Бадмаараг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Б- эрх зүйн мэдлэггүйгээс болж шийтгэх тогтоолыг хүчингүй болгох талаар гомдолдоо дурдсаныг залруулж, оногдуулсан ялыг хөнгөрүүлэхээр гомдлоо бичих талаар ярилцсан. Шүүгдэгч Ц.Б- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа ба анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргээ шударгаар хүлээж, дэмжлэг үзүүлсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураараа төлж барагдуулсан. Ц.Б- ам бүл 4, эцэг, эх, насанд хүрээгүй дүүгийн хамт амьдардаг. Эцэг нь байнгын хэвтрийн өвчтэй учир эх нь түүнийг асардаг тул ажил хийдэггүй. Тухайн өрхийн амьжиргааг Ц.Б- ажил хийж залгуулдаг байсан. Гэтэл Улаанбаатар хотод очиж цалин өндөртэй ажил хийх гэж ирээд уг гэмт хэрэгт холбогдсон. Дээрх нөхцөл байдлыг харгалзаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасны дагуу шийдвэрлэж өгнө үү.
Шүүгдэгч Б.Д- давж заалдах гомдол гаргаагүй талаар надад танилцуулсан. Өнөөдрийн шүүх хуралдаанд түүний гомдол хэлэлцэгдсэн. Б.Д- хохирол, төлбөр төлж барагдуулсан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн ба тэрээр нэн ядуу амьдралтай. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлж, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасны дагуу шийдвэрлэж өгнө үү. Анхан шатны шүүх хуралдааны үед улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэхэд татгалзах зүйлгүй” гэх санал гаргаж байсан. Иймд шүүгдэгч нарт оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Прокурор Э.Баасанжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Д-, Ц.Б- нарт холбогдох хэргийг хэлэлцэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг шүүхийн шатанд шинжлэн судалж, тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул шүүгдэгч Б.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2, шүүгдэгч Ц.Б-ыг мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон. Шүүхийн шийтгэх тогтоолд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн үндэслэлийг тодорхой заасан. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдгээрт оногдуулсан ялыг хөнгөрүүлж шийдвэрлэсэн шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй. Иймд шүүгдэгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Б.Д-, Ц.Б- нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг шүүгдэгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгч нарт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн:
1.Хохирогч Н.Б-гийн: “...Миний тавьсан “ажилтан авна” гэсэн зарын дагуу нэг залуу ирсэн, манай хашаанд цуг амьдардаг байж байгаад 4 хоногийн өмнө молдок, гар дрилл хулгайлсан байхаар нь би уучилсан ч өчигдөр намайг согтуу унтсан байхад гэрээс “Samsung А52” загварын гар утас, молдок, Timberland шар хос гутал, куртик, өмд, шүрэн шигтгээтэй мөнгөн бөгж авч явсан байсан...” (1хх 180),
-гэрч Ц.Б-ын: “...Б.Д- нь саарал, цэнхэр өнгийн гар утас барьцаанд тавьсан, “миний гар утас” гэж хэлсэн. Гар утастай болоод өөрийн сим картаа сэргээж авсан гэж ярьж байсан...” (1хх 182),
-иргэний нэхэмжлэгч Н.Н-ын: “...2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 23 цагийн орчимд “Д” барьцаалан зээлдүүлэх газартаа байж байхад 20 гаран насны эрэгтэй орж ирээд “Samsung А52” загварын гар утас хэдээр авах вэ” гэхээр нь “120,000 төгрөгөөр авна” гэж хэлэхэд надад өөрийн “Б овогтой Д” гэсэн иргэний үнэмлэх үзүүлэн барьцаанд тавьсан...” (1хх 187-188) гэх мэдүүлгүүд,
-гар утас, бөгж, гутал, өмд, куртик, молдок нарын үнэлгээ нийт 1,457,000 төгрөг болсон талаарх “Дамно Үнэлгээ” ХХК-ийн СБ2-25-50 дугаартай шинжээчийн дүгнэлт (1хх 192-195) зэргийг харьцуулан шинжлэн судлахад:
шүүгдэгч Б.Д- нь 2024 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороонд байрлах нийтийн байрнаас хохирогч Н.Б-гийн эзэмшлийн “Samsung А-52” загварын гар утас, өмд, куртик, мөнгөн бөгж, гутал зэрэг эд зүйлсийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 1,457,000 төгрөгийн хохирол учруулсан,
2.Хохирогч Г.Ч-ын: “...Би 2025 оны 02 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө өөрийн ажиллуулдаг “Б” хүнсний дэлгүүрээ шөнийн 12 цагт хаагаад 2 давхарт ганцаараа унтах гэж байсан. Шөнийн 12 цаг 20 минутын орчим доор дэлгүүр дотор түжигнээд, хүн яваад байгаа юм шиг байсан. Би босоод доошоо бууж дэлгүүрээ шалгатал үл таних эрэгтэй хүн над руу гартаа хутга барьчихсан, 2-3 удаа хутгаараа чичилж дайраад манай дэлгүүрээс хулгай хийж байсан. Тэр хүн дэлгүүрийн хөргөгчөөс элэгний нухаш аваад “хаалга чинь хаана байна” гэхэд нь би хаалгыг онгойлгож тэр залууг гаргасан...” (1хх 28-29, 31) гэх мэдүүлэг,
-дэлгүүрээс алдагдсан гэх зүйлс нийт 236,600 төгрөгийн үнэлгээтэй талаарх “Ашидбилгүүн” хөрөнгийн үнэлгээний компанийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн ТХҮ-925-11834 дүгээр шинжээчийн дүгнэлт (1хх 33-36),
-“Д” барьцаалан зээлдүүлэх газрын 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (1хх 166-169),
-“Б” хүнсний дэлгүүрийн доторх хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (1хх 17-19),
-хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1хх 3-8) зэрэг нотлох баримтуудаар:
шүүгдэгч Б.Д- нь Ц.Б-той бүлэглэн 2025 оны 02 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Б” хүнсний дэлгүүрийн цонхоор хууль бусаар нэвтэрч, Г.Ч- руу хутга чиглүүлэн чичилж, хүч хэрэглэхээр заналхийлэн 236,000 төгрөгийн эд зүйлийг авч дээрэмдэх гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,
шүүгдэгч Ц.Б- нь 2025 оны 02 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Б” хүнсний дэлгүүрийн цонхоор хууль бусаар нэвтэрч, 236,000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг Б.Д-той бүлэглэн гүйцэтгэсэн үйл баримт тус тус тогтоогдсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх ба шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Нотлох ажиллагааны явцад цугларсан дээрх нотлох баримтууд нь нэг нэгнээ нөхсөн, харилцан уялдсан байдлаараа хэргийн нөхцөл байдлыг тогтооход ач холбогдолтой, гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Д-, Ц.Б- нарт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон байна.
Гэмт хэрэг нэг гэмт хэргийн шинжээр эхэлж, өөр гэмт хэргийн шинжийг ханган төгсөх буюу нэг гэмт хэргээс нөгөө гэмт хэрэгт хүндэрч шилжих тохиолдол байдаг.
Тухайлбал, хулгайлах гэмт хэргээр эхэлж дээрэмдэх гэмт хэргээр төгсөх буюу зүй тогтлыг нийлмэл гэмт хэргээр, нэг гэмт хэрэгт нь нөгөө гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хуульчилсан тохиолдолд тэрхүү хүндрүүлэх шинжтэй гэмт хэргээр, эсхүл урьдчилан илэрч буй ижил шинжүүдийг нэгтгэн сүүлд төгссөн гэмт хэргийн үйлдэл, үр дагавраар зүйлчлэх зэрэг гэмт хэргийн зүйлчлэлийн асуудал хөндөгддөг.
Нэг гэмт хэргээс нөгөө гэмт хэрэгт шилжихэд эхний гэмт хэрэг төгсөөгүй байхад дараагийн гэмт хэрэг эхэлсэн байх, сүүлд үйлдэгдсэн гэмт хэрэг нь эхний гэмт хэргээс ямагт хүнд байх шинжийг агуулсан байх ёстой.
Эрүүгийн хуульд Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүдийн шинж, онцлог, түүнийг тодорхойлж буй нөхцөлийн бүрдэл зэргийг тогтоон хуульчилсан бөгөөд энэ хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж” бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон үйлдлийг тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинж болгон тусгасан.
Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч Г.Ч-ын мэдүүлгийг шинжлэн судлахад, Б.Д- нь хутга гаргаж хохирогчийг сүрдүүлэн, 2 ширхэг элэгний нухаш авч, улмаар дэлгүүрээс гарсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Д-ийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн хутга нь иж бүрдэл, бүтцийн хувьд хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулж болох эд зүйл тул түүнийг “зэвсэг” гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Б.Д- нь Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Б” дэлгүүрт хууль бусаар нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар эд зүйл авахаар анх Ц.Б-той тохиролцсоноосоо зөрж, дэлгүүрийн эзэн Г.Ч- бууж ирэх үед хутга гарган түүнийг сүрдүүлж, 2 ширхэг элэгний нухаш авсан үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолсон гэмт хэргийг зэвсэг хэрэглэж авсан шинжийг бүрэн хангаж байх тул анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийн зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүх шүүгдэгч Ц.Б-ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэр, учирсан хохирол, хор уршигт түүний үйлдэл нөлөөлсөн хэмжээ, хохирол төлбөр төлж барагдуулсан, түүнчлэн анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруу дээр маргаагүй оролцсон хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулсан нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцсэн байх ба хуульд заасан хамгийн доод хэмжээгээр оногдуулсан ялыг давж заалдах шатны шүүхээс багасгах үндэслэл тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Б.Д-ийн хувьд, дээрх харгалзвал зохих бүхий л нөхцөл байдлууд болон түүний дээрэмдэх гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл зэргийг тал бүрээс нь шинжлэн дүгнэсний эцэст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар 5 жилийн хорих ял тус тус оногдуулж, уг ялуудыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 5 жил 6 сараар тогтоосныг буруутгах үндэслэлгүй болно.
Гэвч Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон эрх билээ.
Шүүх Эрүүгийн хуулиар шүүхэд үүрэг хүлээлгэсэн хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ гэмт хэрэг гарах болсон шалтгаан, түүнийг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шийдвэрлэдэг.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан болзол, шаардлагыг хангасан шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх зохицуулалт нь заавал хэрэглэхээр шүүхэд үүрэг хүлээлгэсэн шинжтэй хэм хэмжээ биш, харин шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэхээр эрх олгосон заалт юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг 12 жил, эсхүл 15 жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах...” гэж заасан.
Хэдийгээр шүүгдэгч Б.Д- давж заалдах гомдолдоо “элэгний нухшийг зэвсэг хэрэглэж аваагүй” гэх боловч тэрээр гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж, гэмшиж буйгаа илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хутгыг цагдаагийн байгууллагад аваачин өгч, болсон үйл явдлын талаар анхнаасаа үнэн зөв мэдүүлсэн, түүнчлэн бусдад төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдлыг бүхий л талаас нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ялыг 3 жил 5 сар болгож эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иймд ял хөнгөрүүлэх агуулгаар тус тус гаргасан давж заалдах гомдлуудаас шүүгдэгч Ц.Б-ын гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Д-ийн гомдлыг хангаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Д-, Ц.Б- нар нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 62 хоног цагдан хоригдсон байгааг тэдгээрийн ял эдлэх хугацаанд оруулан тооцов.
Шүүгдэгч Б.Д- нь шийтгэх тогтоолыг 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр гардан авч, улмаар гаргасан давж заалдах гомдолдоо “2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр” хэмээн он, сар, өдрийг бичсэн байх боловч гомдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн тэмдэг 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр дарагдсан байна.
Иймд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх үүднээс түүний гаргасан давж заалдах гомдлыг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтсон болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 2025/ШЦТ/909 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
2 дахь заалтад “...Шүүгдэгч Б.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 5 (тав) жилийн хорих ялаар шийтгэсүгэй. ...” гэснийг “...Шүүгдэгч Б.Д-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 3 (гурав) жил 5 (тав) сарын хорих ялаар шийтгэсүгэй. ...” гэж,
3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар оногдуулсан хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх нийт ялыг 5 жил 6 сарын хорих ялаар тогтоосугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар оногдуулсан хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх нийт ялыг 3 жил 11 сарын хорих ялаар тогтоосугай.” гэж тус тус өөрчилсүгэй.
2.Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.Дагвадоржийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-, Ц.Б- нар нийт 62 (жаран хоёр) хоног цагдан хоригдсоныг тэдгээрийн ял эдлэх хугацаанд тус тус оруулан тооцсугай.
4.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН