| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 317/2025/02157/И |
| Дугаар | 317/ШШ2026/00007 |
| Огноо | 2025-12-22 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 317/ШШ2026/00007
2025 12 22 317/ШШ2026/00007
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг би,
Нэхэмжлэгч: *****************/Ш/х-22/-д оршин байрлах, Г-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч-******************** хаягт оршин суух М-г овогт Б-ын Ч-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 15,293,047.18 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, мөн оны 12 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Г- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б- овогтой Ч- нь Г-тай 2024 оны 06 сарын 06-ны өдөр *****- тоот Зээл болон барьцааны гэрээ байгуулж 13,000,000.00 төгрөгийн зээлийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар авч ашигласан... 2025 оны 11 сарын 20-ны өдрийн байдлаар 138 хоног хугацаа хэтрүүлэн, нийт 15,293,047.18 төгрөгийн өр үүсгэж банкыг хохироож байна. Иймд зээлдэгч Б- овогтой Ч-оос Г-тай байгуулсан ЭГ3105192501 тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 15,293,047.18 төгрөгийг гаргуулж Г-анд олгуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Б.Ч- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: "Г-" ХК-ийн нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Миний бие 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Г-тай цалингийн зээлийн гэрээ байгуулж 19,280,000 төгрөгийн цалингийн зээл авсан. Энэ хугацаанд өөрийн хариуцлаггүй байдлаас болж зээлээ төлж чадаагүй. Зээл авсан нь үнэн учраас төлж барагдуулна. Би одоо хувиараа барилгын бригад хийж байгаа. Барилгууд мөнгөө өгөхгүй удаад байгаа учраас зээлээ төлж чадахгүй байна. Иймд би зээлийн үлдэгдэл 15,293,047.18 төгрөгийг дараах нөхцлөөр төлөхөөр хариу тайлбар гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлага болох 15,293,047.18 төгрөгийг 6 сарын хугацаанд хувааж буюу 2026 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 1,793,047.18 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 3,000,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 3,000,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 3,000,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 3,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Г- нь хариуцагч Б.Ч-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15,293,047.18 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн шаардсан 15,293,047.18 төгрөгийг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2026 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 1,793,047.18 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 3,000,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 3,000,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 3,000,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 3,000,000 төгрөгөөр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг бичгээр гаргасан байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Учир нь: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Ч- бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзнэ.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234,415 төгрөгийн тал хувь болох 117,207.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 117,207.5 төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Г- нь хариуцагч Б.Ч-оос 15,293,047.18 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2026 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 1,793,047.18 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 3,000,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 3,000,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 3,000,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 3,000,000 төгрөгөөр төлж барагдуулахаар зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 234,415 төгрөгийн тал хувь 117,207.5 төгрөгийг улсын орлого болгож, 117,207.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Б.Ч-оос 117,207.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Г--д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч Б.Ч- нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ