Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 551

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга О.Бадмаараг,

Улсын яллагч Ш.Насанжаргал,  

Шүүгдэгч А.Оргодол түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Алагсандрын Оргодолд холбогдох эрүүгийн 1809019510496 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч  энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1980 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Ховд аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа ачаа зөөвөрлөдөг ажилтай гэх, ам бүл 4 эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, Алтайн 15 тоотод түр оршин суудаг, /Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Ойн 1 дүгээр гудамжны 35 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй/ улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Боржигон овгийн Алагсандрын Оргодол /РД:ПЮ80112470/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч А.Оргодол нь 2018 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 20 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар их дэлгүүрийн гадна талбайгаас хохирогч М.Ариунаагийн өмчлөлийн хайрцагтай 12 хос гутлыг машин механизм буюу 74-81 УНЭ улсын дугаартай Киа Фронтер маркийн автомашиныг ашиглан хулгайлж, улмаар түүнд 1.340.400 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

        Шүүгдэгч А.Оргодол шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн…” гэв.

        Эрүүгийн 1809019510496 дугаартай хэргээс:

        Шүүгдэгч А.Оргодол нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Прокурорын тогтоолтой танилцаа, би эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би хулгай хийх санаатай очиж гутал хулгайлаагүй, би 7481 УНЭ улсын дугаартай Пронтер машиныг 2017 оны сүүлээр хүнээс худалдан аваад Улаанбаатар их дэлгүүрийн ачааг зөөн ажиллаж байгаа. Ерөнхийдөө Улаанбаатар их дэлгүүрийн ачааг 6 жил гаран зөөж байна. Тухайн өдөр би ажлаа хийгээд л байж байсан. Тухайн гутлыг яах гэж авсан гэхээр танихгүй 2 гудамжны хүн тэр гуталнуудыг харчихаад авъя гээд хоорондоо ярилцаж байхыг би сонсоод хулгайлж аваад явах нь дээ гэж бодоод алдахаас сэргийлээд машиндаа хийгээд гэр рүүгээ авч явсан. Яагаад гэр рүүгээ авч явсан бэ гэхээр дэлгүүрийн гадаа хяналтын камер байгаа учраас намайг хараад таних юм чинь залгахаар нь авчраад өгье дөө л гэж би бодоод эзнийг нь хүлээгээд байж байсан юм. Тэрнээс биш хулгай хийх зорилготой машин унаж очоод тухайн гуталнуудыг хулгайлж авсан юм байхгүй. Тухайн өдөр би Томоо гэдэг хүний ачааг машинаараа зөөж авчирсан юм. ..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/

         Хохирогч М.Ариунаа нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:  “...2018 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр манай “Улаанбаатар” их дэлгүүрийн салбар руу явуулах гэж байсан 12 ширхэг эрэгтэй хүүхдийн хос гутлууд “Улаанбаатар” их дэлгүүрийн ачаа оруулж гаргах хэсэгт байрлуулсан байхад алга болсон. Тэгэхээр нь камер шүүгээд үзэхэд хар ногоон өнгийн Портер машинтай эрэгтэй хүн манай гутлуудыг харж байгаад машиндаа ачаад явсан...Гутлуудаа түр орхиод Зиг Загийн байр руу машинаа авах гээд явсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар хуудас/

         Гэрч А.Насанжаргал нь мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэхдээ: “...2018 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр манай нөхөр Оргодол нь гэртээ гадуураа скочоор ороосон 12 ширхэг хайрцагтай гутал авчирсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/,
          Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэлд:

         “...Улаанбаатар их дэлгүүрээс хуулбарлан авсан гэх бичлэгийг CD-нд буулгасан 1 ширхэг CD-г 2018 оны 04 сарын 25-ны өдрйин 14 цаг 35 минутанд хүлээн авч, тэмдэглэл үйлдэв...” гэжээ /хх-ийн 4 дүгээр хуудас/,

 

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд:

“...гадаа харанхуй болсон шөнийн бичлэгийн горимоор бичигдсэн машины зогсоол хэсгийг харуулж байв. Бичлэг дээр портер машин зогсох ба машины дотор хүн сууж байв. Хажууд нь хар өнгөтэй хайрцагтай зүйлүүд байв. 20:49:46 болоход жолооч машины хаалгыг нээх бөгөөд хажууд байгаа хайрцаг руу хараад буух гэж байгаад больж байв. 20:50:58 болоход машины жолооч бууж ирээд хажууд байсан хайрцагтай зүйлийг машиндаа хийж аваад явж байсан нь бичигдсэн байв...” гэжээ /хх-ийн 5 дугаар хуудас/,

 

Эд мөрийн баримтаар тооцох тогтоолд:

“…2018.04.14.УБ их дэлгүүр” гэсэн Сидиг эд мөрийн баримтаар тооцов…” гэжээ /хх-ийн 6 дугаар хуудас/,

 

Дамно хөрөнгийн үнэлгээний тайланд:

“…Улаанбаатар их дэлгүүрт худалдаалж байсан, эрэгтэй хүүхдийн гутал 1.340.400 төгрөг…” гэжээ /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

 

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэлд:

“…иргэн А.Насанжаргалын авчирсан 12 ширхэг хайрцагтай, скочоор багцалсан, дотроо гуталтай гэх хайрцагнуудыг хураан авч хохирогч М.Ариунаад хүлээлгэн өгөв…” гэжээ /хх-ийн 28 дугаар хуудас/,

 

“Ашид Билгүүн” ХХК-ийн үнэлгээний тайланд:

“…Kia Fronter автомашины зах зээлийн дундаж үнийг 5.000.000 төгрөг…” гэжээ /хх-ийн 36-39 дүгээр хуудас/,

 

Гэрч Д.Ганболдын мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/, гэрч Насанжаргалын мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/, гэрч Ц.Ариунболдын мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/, А.Оргодолын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 42 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 43 дугаар хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 44 дүгээр хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 45 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч А.Оргодол нь 2018 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 20 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Улаанбаатар” их дэлгүүрийн гадна талбайгаас хохирогч М.Ариунаагийн өмчлөлийн хайрцагтай 12 хос гутлыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч өөрийн жолоодон явсан 74-81 УНЭ улсын дугаартай “Киа Фронтер” маркийн автомашинд зөөвөрлөн ашиглаж хулгайлсны улмаас бусдад 1.340.400 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч А.Оргодолын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч М.Ариунаагийн мэдүүлэг, гэрч А.Насанжаргалын мэдүүлэг, эд мөрийн баримт болох хяналтын камерын бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хураан авсан тэмдэглэл, “Дамно” хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудтай агуулгын хувьд зөрүүгүй байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох үндэслэл болов.

 

Шүүгдэгчээс хохирогчийн эд хөрөнгийг нууцаар авсанаа мэдүүлсэн, хохирогчоос эд хөрөнгөө алдсаныг мэдүүлж, гэрч А.Насанжаргалаас тухайн 12 хайрцаг гутлыг А.Оргодол авчирсан болохыг мэдүүлсэн, хэрэг болсон газрын нөхцөл байдал, шүүгдэгчээс тухайн эд хөрөнгийг авч автомашинд зөөвөрлөн авч буй талаар эд мөрийн баримт болох дүрс бичлэгт бичигдсэн, эд хөрөнгийг шүүгдэгчийн эхнэр А.Насанжаргалаас хураан авсан болох нь тэмдэглэлд тусгагдаж, тухайн эд хөрөнгөнд хөрөнгийн үнэлгээ хийлгэж хохирогчид бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсаныг тогтоосон хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдэл нь “учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлсан” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүх шүүгдэгч А.Оргодолыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэний улмаас бусдад нийт 1.340.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т  зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Шүүгдэгчийг учрах саадыг арилгах зорилгоор машиныг гэмт хэрэг үйлдэх зорилгоор урьдчилан бэлтгээгүй, ачаа зөөдөг ажлаа хийж явсан болох нь тогтоогддог тул ашигласан гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг анхаарч, зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү...” санал гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй  байна.

Учир нь шүүгдэгч А.Оргодол нь 74-81 УНЭ улсын дугаартай “Киа Фронтер” маркийн автомашиныг ачаа зөөвөрлөх зорилгоор жолоодож байсан болох нь тогтоогдсон хэдий ч тэрээр тухайн гэмт хэрэг үйлдэхдээ гэнэт ашиглах сэдэл төрж улмаар хохирогчийн эд хөрөнгийг харсан даруйдаа автомашинд зөөвөрлөн, маш хурдан хэргийн газраас зугтсан болох нь хохирогч М.Ариунаагийн мэдүүлэг, эд мөрийн баримтаар тооцогдсон камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, дүрс бичлэгээр нотлогдож байна.

Шүүгдэгчийн тэрхүү үйлдэл нь гэмт үйлдлээ түргэсгэх, хялбар болгох, хохирогчийг ирэхээс өмнө хурдан зайлах, зугтах зэрэг учирч болох саадыг арилгах зорилгоор үйлдсэн болохыг илэрхийлж байна гэж шүүх үзсэн болно.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг буцаан төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Хавтаст хэргийн 28 дугаар хуудсанд авагдсан Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр хохирогч М.Ариунаа нь 12 хайрцаг гутлыг хүлээн авсан талаар тусгагдсан, мөрдөгчөөс түүнтэй утсаар холбогдоход “гомдол саналгүй” гэдгийг илэрхийлсэн тэмдэглэл зэргээс үзэхэд хохирогч М.Ариунаад учирсан хохирол төлөгдсөн,  А.Оргодолыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүх хуралдаанд шүүгдэгч А.Оргодол нь хэрэг болсон үйл явдлын агуулгыг тодорхой мэдүүлж, түүний мэдүүлэг нь хэрэгт цугларсан нотлох баримтуудтай бодит байдлаараа нийцэж байгаагаас үзэхэд түүнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж шүүх дүгнэсэн болохыг тэмдэглэв.

Ийнхүү шүүгдэгч А.Оргодол нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлоо буцаан нөхөн төлсөн байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэхь хэсэгт заасан хорих ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй хэмжээгээр ял оногдуулах боломжтой гэж үзэн түүнд 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэхээр шүүх шийдвэрлэлээ.

Мөн шүүгдэгч А.Оргодолын гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүнийг арилгасан болон хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч А.Оргодол нь гэмт үйлдлээ түргэсгэх, хялбарчилах, зугтах зайлах зэрэг учрах саадыг арилгах зорилгоор 74-81 УНЭ улсын дугаартай “Киа Фронтер” маркын автомашиныг ашиглаж, гэмт хэргийн хор аюулыг үлэмж ихэсгэсэн нөхцөл байдал тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-т зааснаар “...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна...” гэж мөн хууль зүйлийн 2-т “Гэмт хэрэг үйлдэж олсон орлого” гэж ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан,...техник, хэрэгслийг ойлгоно ...” гэж заасан байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 74-81 УНЭ улсын дугаартай “Киа Фронтер” маркын автомашин нь Цэдэнбалын Ариунболдын эзэмшил, өмчлөлийн хөрөнгө болох нь тогтоогдсон тул А.Оргодлоос тухайн автомашины үнэ болох 5.000.000 /таван сая/ төгрөгийг албадан гаргуулах нь зүйтэй байна.     

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, шүүгдэгч А.Оргодол нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдлаа.