Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 2025/ДШМ/727

 

Н.Д-, О.Х-, Г.У- нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Төгөлдөр,

хохирогч М.У-ын өмгөөлөгч С.Цанлигмаа, Б.Ганпүрэв,

шүүгдэгч О.Х-, Г.У-,

шүүгдэгч Н.Д-, түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/1138 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Д-, түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам нарын хамтран болон хохирогч М.У-ын өмгөөлөгч С.Цанлигмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар О.Х-, Н.Д-, Г.У- нарт холбогдох 2310033841644 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Т овгийн Н-ын Д, 2002 онд Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оюутан, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт Баянзүрх дүүрэгт оршин суух, ял шийтгэлгүй, (РД:...);

2.М овгийн О-ын Х, 2000 онд Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, өвөг эцэг, эх, 2 дүүгийн хамт, Баянзүрх дүүрэгт оршин суух, (РД:...), урьд:

-Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 500 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлсэн;

3.Х овгийн Г-ын У, 2001 онд Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, радио телеграфчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүрэгт оршин суух, ял шийтгэлгүй, (РД:...);

1.Н.Д- нь 2023 оны 08 дугаар сарын 24-ний шөнө Хан-Уул дүүрэгт байрлах “M” баарны гадаа хохирогч М.У-тай үл ялих зүйлээс марган, түүнийг гараараа цохиж, биед нь дээд уруулд шарх, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн хохирогч М.У-ын биед хөнгөн хохирол санаатай учруулах явцдаа хохирогч О.Ц-ыг өшиглөх, цохих зэргээр халдаж, нийтийн хэв журмыг О.Х-, Г.У- нартай бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэн, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж, “M” баарны гадна зорчиж явсан иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

2.О.Х- нь 2023 оны 08 дугаар сарын 24-ний шөнө “M” баарны гадна талбайд Г.У-, О.Х- нартай бүлэглэн хохирогч М.У-, О.Ц- нарын биед хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдан, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

3.Г.У- нь 2023 оны 08 дугаар сарын 24-ний шөнө “M” баарны гадна талбайд Н.Д-, О.Х- нартай бүлэглэн хохирогч М.У-, О.Ц- нарын биед хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдан, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газар: Н.Д-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

О.Х-, Г.У- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Н.Д-ыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэн, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, мөн бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил зорчих эрхийг хязгаарлах, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, уг ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 жил 1 сараар тогтоон, ялыг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар тогтоож,

шүүгдэгч О.Х-, Г.У- нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэн, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тус тус тэнсэж, шүүгдэгч нар тэнссэн хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж,

хохирогч нар өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой гарсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Д-, түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...Шүүх дүгнэлтийг шууд утгаар хүлээн авч шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдлыг тогтооход алдаа гаргасан. Аливаа гэмт хэрэгт хохирогчийн үг туйлын үнэн, шүүгдэгчийн үг худал байх боломжгүй бөгөөд аливаа үйлдэл гэмт хэрэг мөн эсэхийг үнэлэх хуульчийн дотоод итгэл үнэмшил нь хэрэг маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой үйл баримтын хүрээг зөв тодорхойлж тогтоосон, тэдгээр нь хөдөлбөргүй нотлогдсон талаар хуульчийн мэргэжлийн ур чадварт тулгуурлах учиртай. Шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчим нь түүний үндэслэл болсон үйл баримтад хийсэн дүгнэлт, харьцуулалт, шийдвэр бүхэлдээ эргэлзээгүй, ойлгомжтой, тодорхой байх шинжүүдээр илэрнэ. Гэтэл хавтас хэрэгт авагдсан гол нотлох баримт болох камерын бичлэгээр “M” баарны гадаа болсон маргаан нь хохирогч гэх хүмүүсийн үл ялих зүйлээр шалтагласан үйлдлээс үүссэн бөгөөд хохирогч нар бааранд хэн нэгэнд цохиулсан, зодуулсан үйлдэл байгаагүй, харин ч өөрсдөд нь томорсон гэх үл ялих шалтгааны улмаас гадаа шууд явахын оронд маргаан үүсгэсэн.

Хохирогч М.У- “О.Ц- бид хоёр тухайн залуучуудын хамт баарны гадаа гараад “ахын дүү нар яагаад ингээд байгаа юм бэ” гэж асуух төдийд үл таних нэг залуу намайг цохиж унагаасан”, гэж, хохирогч О.Ц- “Би найз М.У- болон залуучуудын хамт “M” баарны гадаа гарахад 3 залуу намайг үгийн зөрүүгүй шууд зодож эхэлсэн” гэж, гэрч Б.Баясгалан “4 цагийн орчимд баар хаах үед  тамхины өрөөнд хэсэг бүлэг залуус маргалдаад байна гэсэн зүйл сонсоод тэр даруй тамхины өрөө рүү шагайхад хэсэг бүлэг залуус маргалдаж, хэл амаар доромжлоод, барьцалдаж авах гээд байхаар нь таслан зогсоож, тухайн залуучуудыг баарны үүд рүү буулгасан” гэж тус тус мэдүүлсэн. Камерын бичлэгээр хохирогч нар 04:21:27 цагт баарнаас гарч, 04:21:57 цагт миний үйлчлүүлэгч баарнаас гараад хохирогч нарыг өнгөрөхөөр явж байх бөгөөд 04:22:03 цагт хохирогч нар өнгөрч явсан залуус дээр алхаж очиж байгааг баримтжуулсан.

Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэрэг нь нийгэмд тогтсон эрх зүйн болон ёс суртахууны хэм хэмжээ, уламжлалт зан заншилд харшилсан гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулсан үйлдэл байх бөгөөд тус гэмт хэргийн объектив шинж нь нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, ямар ч шалтгаангүйгээр, эсвэл үл ялих зүйлээр шалтаглан хэрүүл маргаан өдөх, агсам тавих, элдвээр доромжлох, айлган сүрдүүлэх, дарамтлах, бусдыг дорд үзэх, илэрхий үл ойшоох, дээрэлхэх, өөрийн ичгүүр сонжуургүй, догшин зан авир, бүдүүлэг үйлдлээ бусдын анхаарлын төвд байлгахыг эрмэлзэн хохирогчид хүч хэрэглэх болон хүч хэрэглэхээр заналхийлэх, бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх, эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, нийтийг хамарсан арга хэмжээг тасалдуулах зэргээр илэрдэг.

Хэрэв дээр дурдсан шинж, хэлбэрийг агуулаагүй, нийтийн хэв журмыг зөрчөөгүй бөгөөд хүмүүс хоорондын хувийн таарамжгүй харилцаа, зүй бус харьцаанаас үүдэн маргалдсан, зодолдсон, бие махбодод нь гэмтэл учруулсныг олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэж үзэх боломжгүй ба энэ тохиолдолд Эрүүгийн хуулийн аль тохирох зүйл, хэсгээр хэргийг зүйлчлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгч нарт энэ гэмт хэргийг өдүүлэх ямар ч субьектив санаа зорилго байгаагүй нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байх төдийгүй харин ч дээр дурдсан шинжүүдээр нийтийн хэв журмыг алдагдуулсан хохирогч гэх хүмүүсийн үйлдэл нь тухайн баарны тамхины өрөөнд сэжигтэн нартай маргалдаж байгаа гэх зурагт тэдгээрийн бусдын эрүүнээс барьсан буюу мангасдах үйлдэл хийж байгаагаар харагдаж байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нар ямар нэгэн маргааныг баарны гадаа гаргах үйлдэл хийх зорилгогүй байсан бөгөөд хохирогч нарын хэрүүл өдсөн үйлдэлд хариу хийхдээ хохирогч М.У-ын биед хөнгөн гэмтэл учруулсан нь олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Н.Д-ын өмгөөлөгч Р.Пүрэвлхам давж заалдах гомдолдоо нэмж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэг үйлдэх аргыг заасан боловч гэмт хэргийн сэдэлтийг заагаагүй. Ямар ч гэмт хэрэгт сэдэл, бүрдэл байх учиртай. Үүнийг зөрчлийн, эсхүл эрүүгийн хэрэг эсэхийг тодорхойлох ёстой. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдэл, холбогдлын бүрэлдэхүүн шинж байхгүй. Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэж үзвэл, зөрчлийн үйл баримт болохоор байна. Харин бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдлийг хувийн сэдэлтээр үйлдсэн болохоос биш ямар нэгэн байдлаар айлгаж сүрдүүлэх зорилго байгаагүй. Шүүгдэгч Н.Д-ын хувьд их сургуулийн оюутан, гадаадад сурахаар бичиг баримт бүрдсэн. Иймд сэдэлт тодорхойгүй гэмт хэрэгт холбогдуулж гэм буруутайд тооцсон тул шийтгэх тогтоол алдаатай гарсан гэж үзэж байна. ...” гэв.

Шүүгдэгч Н.Д- “давж заалдах гомдолдоо нэмж тус шүүх хуралдаанд гаргах тайлбар байхгүй” гэв.

Шүүгдэгч О.Х- тус шүүх хуралдаанд: “Хэлэх тайлбар байхгүй.” гэв.

Шүүгдэгч Г.У- тус шүүх хуралдаанд: “Хэлэх тайлбар байхгүй.” гэв.

Хохирогч М.У-ын өмгөөлөгч С.Цанлигмаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдаанд хөдөлмөрийн гэрээ, ажилгүй байсан хугацааны тодорхойлолтыг хавсаргаж, 7 хоног ажилдаа яваагүй 630,000 төгрөгийг гаргуулах саналтай байсан. Хохирогч М.У- уруулд үүссэн гэмтэлтэй холбоотой 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр сорви арилгах мэс засал хийлгэсэн. Сорви ойлж засах 300,000 төгрөг, шарх цэгцлэх 200,000 төгрөг, үзлэг үйлчилгээ 38,000 төгрөг, эм болон бусад хэрэглээ 68,000 төгрөг, нийт 648,000 төгрөгийн нэмэлт эмчилгээний зардал гаргасныг баримтаар гаргаж өгсөн боловч шүүх хангаж шийдвэрлээгүй нь үндэслэл бүхий болоогүй.

Анхан шатны шүүх хохирогч нарыг бусдад төлөх төлбөргүй, хохирогч М.У-аас гаргасан хохирлын баримт байхгүй гэж үзэж миний үйлчлүүлэгчийн нэхэмжилсэн 10,249,012 төгрөгийн хохирлыг хэлэлцэхгүй орхисон нь үндэслэлгүй, хохирогчийн эрх зүйн байдлыг дордуулж, зөрчигдсөн эрхийг сэргээх үүргээ биелүүлээгүй, шүүгдэгч нарт давуу байдал олгосон.

Шүүхээс миний үйлчлүүлэгчид сэтгэл санааны хохирол учраагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирлыг “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах” журам, “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-уудын дагуу мөрдөгчөөс тогтоосон байхад шүүхээс хэрэг гарснаас хойш 2 жилийн дараа сэтгэцэд хохирол учирсан эсэхийг тогтоолгохоор шинжээчийн дүгнэлт гаргуулан, уг дүгнэлтээ үндэслэж сэтгэцэд хор уршиг учраагүй гэж шийдвэрлэж байгаа нь хохирогчийн эрхийг ноцтой зөрчсөн, зөрчигдсөн эрхийг сэргээх үүргээ биелүүлээгүй. Шинжээчийн дүгнэлт гаргасан цаг хугацаанд сэтгэцэд учирсан айдас түгшүүрт байдал арилах бүрэн боломжтой тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны удаашралтай байдлаас шалтгаалж хохирогчийн эрх дахин зөрчигдөж байна.

Мөн хохирогч, шүүгдэгч нарын буруутай үйлдлийн улмаас авсан гэмтэл буюу сэтэрсэн уруулын дотор талд дахин оёдол тавиулсан болон бусад хохирлын баримтаа гаргаж өгсөн байхад шүүх тус баримтад дүгнэлт хийлгүйгээр шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шийдвэрлэсэн. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Хохирогч М.У-ын өмгөөлөгч Б.Ганпүрэв тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч нарын үйлдэл Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа талаар шүүх зөв дүгнэлт хийсэн. Хэрэг олон нийтийн газарт гарсан нь камерын бичлэг, түүнд хийсэн тэмдэглэлээр тогтоогддог. Шүүгдэгч нар бүлэглэж хүний халдашгүй байх эрхийг зөрчсөн, 2 минут гаруй хугацаанд хохирогчийг тээврийн хэрэгслийн хажууд газарт унагаж, дэвсэх, цохих, өшиглөх зэргээр удаа дараа зэрлэг, догшин авирласан. Тухайн үед таксины жолооч, зогсоол дээр байсан хүмүүс зодооныг салгадаг боловч дахин очиж халдсан. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан хэрэгт мөрдөгчийн тогтоолыг шинжээчийн дүгнэлттэй адилтгаж үзэх талаар заасан. Мөрдөгчийн тогтоолоор сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг хүлээн зөвшөөрсөн боловч 2025 онд шүүхээс шинжээчийн дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэсэн. Энэ хугацаанд сэтгэцэд учирсан хохиролтой холбоотой айдас, түгшүүрт байдал арилах бүрэн боломжтой учраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас үүдэж, хохирогчийн эрх зөрчигдөж байна. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд өөрчлөлт оруулж шийдвэрлэх боломжтой. ...” гэв.

Прокурор Ц.Төгөлдөр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны, үндэслэлтэй гарсан. Тухайн маргаан юунаас үүссэн талаар хохирогч, шүүгдэгч нар “гал өгөөд зогсож байхад тухайн залуучууд орилолдоод байхаар нь “болилдоо яагаад байна” гэхэд, нэг үл таних залуу “чи юу гээд байгаа юм бэ” гээд шууд намайг алгадаад авсан” гэж тодорхой мэдүүлсэн. Энэ нөхцөл байдлаас харахад, хувийн таарамжгүй харилцааны улмаас биш, олон нийтийн газар зүй ёсны шаардлага тавихад шууд хохирогчийн биед халдаж байгаа үйл баримт хяналтын камерын бичлэгээр нотлогдож байна. Иймд шүүгдэгч Н.Д-, О.Х-, Г.У- нарыг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны, үндэслэлтэй. Хохирогч Г.У-ын сэтгэцэд учирсан хор уршгийн талаар шинжээчийн дүгнэлт гарсан ба хохирогчид тухайн гэмт хэргийн улмаас сэтгэцэд нь хор уршиг учраагүй. Энэ талаар гомдол гаргаагүй. Шинжээчийн дүгнэлт гарсан байхад мөрдөгчийн тогтоолыг баримталж шийдвэрлэх боломжгүй. Шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн. Ажилгүй байсан хугацааны цалин, сорвижилт арилгах эмчилгээний зардлыг нэхэмжилсэн боловч хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй. Нийгмийн даатгал, эмнэлгийн магадалгаа, хөдөлмөрийн гэрээ зэргийг гаргаж өгөөгүй. Иймд  анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэл бий болоогүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Н.Д-, О.Х-, Г.У- нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг шүүгдэгч Н.Д-ын өмгөөлөгч Р.Пүрэвлхам, хохирогч М.У-ын өмгөөлөгч С.Цанлигмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгч нарт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

-хохирогч М.У-ын: “ ...Манай найз О.Ц- “чимээгүй байгаач” гэж хэлэхэд тухайн залуучууд бид хоёр луу дайрч, бид 2 тухайн залуучуудын хамтаар “M” баарнаас гараад “ахын дүү нар яагаад ингээд байгаа юм бэ” гэж асуух төдийд нэг залуу нь намайг цохиж унагаасан. Би манараад босоод хартал О.Ц-ыг бүгдээрээ нийлээд зодож байхаар нь салгах гэтэл бүгдээрээ нийлж намайг зодоод, унасан байхад дээрээс өшиглөсөн...” (хх 60),

-хохирогч О.Ц-ын: “ ...Гал өгөөд зогсож байтал тухайн залуучууд агсраад орилолдоод байхаар нь би “болилдоо, хөгшчүүдээ яагаад байгаа юм бэ” гэхэд нэг залуу нь “чи юу гээд байгаа юм бэ” гээд шууд намайг алгадаад авсан. Тэгээд би М.У- болон тухайн залуучуудын хамт “M” баарнаас гарахад 3 залуу нь намайг үгийн зөрүүгүй шууд зодож эхэлсэн. Нэг мэдэхэд доор нь орчихсон байсан бөгөөд дээрээс өшиглөөд байсан. М.У- бид хэдийг салгах гээд ирэхэд тэр 3 түүнийг зодож эхэлсэн...” (хх 63),

-том биетэй залуу гараараа Н.Д- руу цохих гээд далайхад Н.Д- түүнийг цохисон талаарх О.Х-, Г.У- нарын сэжигтнээр өгсөн (хх 86-88, 79-81) мэдүүлгүүд,

-М.У-ын биед дээд уруулд шарх, цус хуралт бүхий хөнгөн гэмтэл тогтоогдсон талаарх Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 10757 дугаар дүгнэлт (хх 66-67),

-“M” цэнгээний газрын 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд (хх 23-38),

-“би зодуулчихлаа” гэсэн гэмт хэргийн талаарх мэдээлэл (хх 18) зэргийг тал бүрээс нь харьцуулан шинжлэн судлахад:

шүүгдэгч Н.Д- нь 2023 оны 08 дугаар сарын 24-ний шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “M” цэнгээний газрын гадаа хохирогч М.У-тай үл ялих зүйлээс марган, түүнийг гараараа цохиж, биед нь дээд уруулд шарх, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн Н.Д-, О.Х-, Г.У- нар бүлэглэн тус шөнө “M” цэнгээний газрын гадна талбайд хохирогч М.У-, О.Ц- нарын биед хүч хэрэглэж, халдашгүй, чөлөөтэй байх эрхэд нь халдан, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийн үйл баримт тус тус тогтоогдсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх ба шүүгдэгч О.Х-, Г.У- нар нь олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, шүүгдэгч Н.Д- нь хохирогч М.У-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн асуудлаар тус тус маргаагүй болно.

Нотлох ажиллагааны явцад цугларсан дээрх нотлох баримтууд нь нэг нэгнээ нөхсөн, харилцан уялдсан байдлаараа хэргийн нөхцөл байдлыг тогтооход ач холбогдолтой, гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Н.Д-, О.Х-, Г.У- нарт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон байна.

1.Хууль тогтоогчоос нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэн, эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан хууль бус үйлдлийг гэмт хэрэгт тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь гэмт этгээдүүд бүлэглэн нэг нь нөгөөгийнхөө үйлдлийг дэмжих, уриалах, татан оруулах, өдөөн турхирах замаар аливаа шалтгаангүйгээр, эсвэл үл ялих зүйлээр шалтаглан маргаан үүсгэх, айлган сүрдүүлэх, дарамтлах, бусдыг дорд үзэх, дээрэлхэх, бүдүүлэг догшин авирлах, хохирогчид хүч хэрэглэх болон хүч хэрэглэхээр заналхийлэх, бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх, хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх жам ёсны эрхэд халдаж, нийтээр хүлээн зөвшөөрсөн хэв журмыг зөрчих зэргээр илрэн гардаг.

“Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан” гэж гэмт этгээд нийгэмд тогтсон иргэн бүр заавал дагаж мөрдвөл зохих эрх зүй, ёс суртахууны хэм хэмжээ, түүнчлэн онцгой хүндэтгэл шаардах үндэсний ёс заншил, уламжлалт ёс горимыг хүндэтгэн үзэхгүй байх, хувийн явцуу ашиг сонирхлыг нийгэм, хамт олны ашиг сонирхлын эсрэг сөргүүлэн тавьж, энэ үйлдлээ ойр орчны хүмүүст илт мэдэгдэхүйц байхаар тийм нөхцөлд хийхийг,

“Нийтийн хэв журам” гэж олон нийтээр хүлээн зөвшөөрсөн хэв журам буюу олон нийтийн амгалан тайван байдал, хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангаж буй нийгэмд тогтсон хүмүүс хоорондын болон аж төрөх ёсны хэм хэмжээг тус тус ойлгоно.

Энэ гэмт хэргийн “олон нийт” гэх ойлголтыг тайлбарлан хэрэглэхэд тухайн хэрэг учрал буюу гэмт этгээдийн үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцаа, тэр дундаа субьектив талын заавал байх шинж нь сэдэлт, зорилго юм.

Тухайлбал, гэмт этгээд ямар ч шалтгаангүй, эсхүл ялимгүй зүйлээр шалтаглан бусдыг үл тоомсорлон басамжлах, элдвээр доромжлох, өөрийн хүч чадалтай, зориг зүрхтэй, бусдаас давуу болохоо харуулах гэж ичгүүр сонжуургүй, догшин хэрцгий авирлаж нийгэмд тогтсон дэг журам, ёс суртахууны хэм хэмжээ, уламжлагдаж ирсэн зан заншлыг үл хүндэтгэсэн шинжтэй байдаг.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримтын хүрээнд шүүгдэгч нарын үйлдлээс дүгнэхэд, тэдгээр нь цэнгээний газар гадаа бүлэглэн бусадтай маргалдаж, улмаар биед нь халдаж зодсоны улмаас тухайн үед гадаа байсан иргэдийн амгалан тайван байдал алдагдана гэдгийг буюу нийгэмд тогтсон хүний эрхийг хүндэтгэх, бусдын биед халдаж болохгүй, бусдад төвөг удахгүй байх, олон нийтийн газар биеэ зөв авч явах зэрэг нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг олны нүдэн дээр зөрчиж байгаагаа ухамсарлаж, түүнийг зориудаар хүсэж үйлдсэн нь хүсэл зоригийн элемент буюу гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулсан байна.

Тухайн маргалдаан болох үед цэнгээний газрын гадаа олон хүмүүс байсан ба шүүгдэгч Н.Д-, О.Х-, Г.У- нар хохирогчдын биед халдаж буй үйлдлээ бусдын дэргэд илээр үйлдсэн, цаашлаад хохирогчийг зодох явцдаа тэнд байсан тээврийн хэрэгсэлд хүрч хөдөлгөсний улмаас жолооч нь бууж ирсэн, хүмүүс тухайн зодооныг харснаар амгалан тайван байдал нь алдагдаж байгаа нь хэрэгт авагдсан сиди бичлэгээр давхар тогтоогдсон болно.

Түүнчлэн тус бичлэгээр хохирогч нар түрүүлж гар далайгаагүй, харин шүүгдэгч Н.Д- эхэлж цохисон болох нь нотлогджээ.

Иймд шүүгдэгч нарын “M” цэнгээний газрын гадна талбайд хохирогч М.У-, О.Ц- нарын биед хүч хэрэглэж, халдашгүй, чөлөөтэй байх эрхэд нь халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

2.Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд чанд нийцүүлж, шударга ёс, эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулдаг бөгөөд энэ нь шүүхийн эрх хэмжээний асуудал байдаг.

Ял бол эрх зүйт ёсны зайлшгүй шаардлага, шүүхээс шударга ёсыг хангуулах хэрэгсэл болдог. Ялыг оноохдоо тухайн хэргийн хор аюул, яллагдаж буй этгээдийн засрах боломж болон нийгмийн шударга ёс сэргээгдсэн эсэхийг харгалзана.

Шүүгдэгч Н.Д-, О.Х-, Г.У- нарын бүлэглэн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь нийгэмд тогтсон ёс горим, иргэдийн дагаж мөрдөх журам болон нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах, цаашлаад нийгмийн хэвийн үйл ажиллагаа доголдох эрсдэлийг бий болгодог хор аюулын шинж ихтэй гэмт хэрэг юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д-ыг 1 жил зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, гэм хэрэг үйлдэхэд хандсан сэтгэхүйн харьцаа болон шүүгдэгчийн хувийн байдал, шүүхээс тогтоосон хохирол болох 240,150 төгрөгийг төлж барагдуулсан зэрэг харгалзвал зохих бүхий л нөхцөл байдлуудад тохирсон байна.

Шүүх Эрүүгийн хуулиар шүүхэд үүрэг хүлээлгэсэн хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ гэмт хэрэг гарах болсон шалтгаан, түүнийг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шийдвэрлэдэг.

Өөрөөр хэлбэл, хуульд заасан болзол, шаардлагыг хангасан шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх буюу эрүүгийн хариуцлагыг хэрэгжүүлэх онцлог зохицуулалт нь заавал хэрэглэхээр шүүхэд үүрэг хүлээлгэсэн шинжтэй хэм хэмжээ биш, харин шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэхээр эрх олгосон заалт юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болохоор заасан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарна.

Шүүгдэгч О.Х-, Г.У- нар нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргаагүй, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуульд заасан үндэслэл, журамд нийцүүлж, ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тухайн хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулж, хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулдаг үр дагавартай буюу Эрүүгийн хуулиар хамгаалсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, хохирол учруулдаг хор уршигтай.  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...450-1,350 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, 1-3 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан. Шүүгч өөрийн дотоод итгэлдээ тулгуурлан хэргийн хүрээнд харгалзвал зохих бүхий л нөхцөл байдалд дүгнэлт хийсний эцэст зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгон хэрэглэсэн нь Н.Д-ын үйлдсэн гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцсэн байх ба түүнийг торгох ял болгон хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдсонгүй.

Иймд шүүгдэгч Н.Д-, түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам нарын “Н.Д-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгуулж, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт торгох ял оногдуулах”-аар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилж, үүнтэй холбоотой бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулсан.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн ... Арван нэгдүгээр бүлэг (Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг)-т ... заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргана” гэж тусгай мэдлэг шаардлагатай сэтгэцийн шинжээчийн дүгнэлт, түүнтэй адилтгах хүснэгтээр зэрэглэл тогтоох ажиллагааг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр хуульчилсан.

Хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг зөвхөн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн олгохоор хуульчлан тогтоосон ба Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 741 дүгээр “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох” дүгнэлтээр хохирогч М.У-ын сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас хор уршиг учраагүй байх тул мөнгөн хэлбэрээр арилгуулахаар шийдвэрлэх боломжгүй.

Хохирогчийн хэрэгт хавсаргуулсан хохирлын баримтуудыг шүүх нэг бүрчлэн шинжлэн судалсны эцэст шаардлага хангах баримтуудыг үндэслэн эмчилгээнд зарцуулсан 240,150 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Түүнчлэн шүүх хэрэг маргааныг гагцхүү хуульд заасан үндэслэл, журмын хүрээнд, нотлох баримтад тулгуурлан шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд хохирогчийн нэхэмжилж буй аваагүй цалин хөлс, цаашид гарах эмчилгээний зардал нь нотлох баримтаар бүрэн нотлогдоогүй байх тул энэхүү эрүүгийн хэргийн хүрээнд гаргуулах үндэслэлгүй болно.

Иймд анхан шатны шүүх хохирогч нарыг өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой гарсан зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байх тул хохирогч М.У-ын өмгөөлөгч С.Цанлигмаагийн гаргасан “эмчилгээ хийлгэсэн баримт, аваагүй цалин хөлс, цаашид гарах эмчилгээний зардал, сэтгэл санааны хохирол зэргийг нэхэмжилсэн боловч анхан шатны шүүх гаргуулаагүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах” агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Дээрх үндэслэлүүдээр давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/1138 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Д-, түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам нарын хамтран гаргасан болон хохирогч М.У-ын өмгөөлөгч С.Цанлигмаагийн гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.ЗОРИГ

                        ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН