Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2020/01596

 

 

 

 

 

2020 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2020/01596

 

 

 

 

Х.Д нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2020/01210 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х.Д , Д.Б нарын хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газрын Иргэний нисэхийн үндэсний төвд холбогдуулан гаргасан өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2017/02694 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 712 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 001/ШТ2018/01210 дугаар тогтоолоор ...Д.Б , Х.Д нарыг тус тус ажилд нь эгүүлэн тогтоож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулахаар шийдвэрлэсэн. Улмаар Иргэний нисэхийн ерөнхий газар нь энэхүү шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байсан тул нэхэмжлэгч нар шүүхэд дахин нэхэмжлэл гаргаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалаар Х.Д , Д.Б нарт 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан цалинтай тэнцэх олговрыг олгож шийдвэрлэсэн.

Ингээд Нисэх буудлуудын Удирдах газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/434 дугаар тушаал, мөн Б/435 дугаар тушаалаар Д.Б , Х.Д нарыг ажилд нь эгүүлэн томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажил хүлээлцсэн боловч Нисэх буудлуудын Удирдах газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/440 дугаар тушаал, Б/441 дүгээр тушаалаар Х.Д , Д.Б нарыг буцаагаад ажлаас нь халсан нь үндэслэлгүй бөгөөд хууль зөрчсөн байна.

Ийм Х.Д , Д.Б нарыг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт /шүүхийн шийдвэрийн дагуу ажилд нь эгүүлэн тогтоогоогүй хугацааны нөхөх олговорт 13 469 775 төгрөгийг Д.Б т, 11 979 610 төгрөгийг Х.Д д олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.Б ийг Нисэх буудлуудын Удирдах газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/435 дугаартай тушаалаар, Х.Д г мөн өдрийн Б/434 дугаартай тушаалаар ажилд нь эгүүлэн авсан. Нэхэмжлэгч нар нь ажлын байрны тодорхойлолтод тавигдах шаардлагыг хангахгүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газраас 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 13 469 775 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Б т, 11 979 610 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Д д тус тус олгож, Д.Б , Х.Д нарын дээрх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг зохих журмын дагуу төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газарт даалган, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дүгээр зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б ийг Дорнод аймаг дахь Нисэх буудлын даргын ажил, албан тушаалд нь, нэхэмжлэгч Х.Д г Увс аймаг дахь Нисэх буудлын даргын ажил, албан тушаалд нь тус тус эгүүлэн тогтоож, хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газрын Иргэний нисэхийн үндэсний төвөөс ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 13 098 195 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Б т, 11 649 138 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Д д тус тус олгож, дээрх хугацааны Д.Б , Х.Д нарын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нь зохих журмын дагуу шимтгэл, хураамжийг төлүүлэхийг хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газрын Иргэний нисэхийн үндэсний төвд даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Д.Б аас 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төлсөн 225 300 төгрөгийг, нэхэмжлэгч Х.Д гээс 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төлсөн 207 000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газраас 225 298 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Б т, 206 623 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Д д олгож, хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газрын Иргэний нисэхийн үндэсний төвөөс 281 686 төгрөг гаргуулан төрийн санд оруулан шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хавтаст хэрэгт нэхэмжлэгч Д.Б нь Инженер-эдийн засагч, Х.Д нь Диз цахилгаан техникч мэргэжилтэй ба ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтын мэргэжил хэсэгт заасан мэргэжлийн шаардлага хангаагүй нь тус тус нотлогддог. Гэтэл шүүхээс тухайлан тогтоогдсон байх", энэ нь баримтаар хавтаст хэрэгт авагдаагүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нар нь ажлын байрны тодорхойлолтод тавигдах шаардлагыг хангаагүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг үндэслэн гэрээг цуцалсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нар нь ажил үүргээ гүйцэтгээгүй, шүүхийн шийдвэрээр эгүүлэн тогтоогдсон тул нэг сарын өмнө мэдэгдэнэ гэсэн зохицуулалтыг хэрэглэлгүй хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлтэй Харин шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт заасантай хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газар маргахгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох нь хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, өөрчлөлт оруулж өгнө үү. Мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 281 686 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Х.Д , Д.Б нар нь хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газар болон Иргэний нисэхийн ерөнхий газрын Иргэний нисэхийн үндэсний төвд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийхиийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2017/02694 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 712 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 001/ШТ2018/01210 дугаар тогтоолоор Д.Б ийг Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Дорнод аймаг дахь нисэх буудлын даргын албан тушаалд, Х.Д г Увс аймаг дахь нисэх буудлын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн, шийдвэр хүчин төгөлдөр болсон. /хх 47-66/

Дээрх шүүхийн шийдвэрийг хариуцагч байгууллага биелүүлж Л.Баатархуягийг Нисэх буудлын удирдах газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/435 тоот тушаалаар Дорнод аймаг дахь Чойбалсан нисэх буудлын даргын албан тушаалд, мөн өдрийн Б/434 тоот тушаалаар Х.Д г Увс аймаг дахь Дэглий цагаан нисэх буудлын даргын албан тушаалд тус тус томилсон хэдий ч Нисэх буудлын удирдах газар нь Д.Б ийг 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/440 тоот тушаалаар, Х.Д г мөн өдрийн Б/441 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 43 дугаар зүйлийн 43.1, Нисэх буудлуудын удирдах газрын дүрмийн 3.1.3-т заасныг тус тус баримтлан мэргэжлийн хувьд ажлын байрны тодохойлолтын тавигдах шаардлагад нийцэхгүй гэх үндэслэлээр 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөр хөдөлмөрийн гэрээг тасалбар болгон цуцалж, үүрэгт ажлаас нь тус тус чөлөөлжээ. /хх8-11/

Хариуцагч байгууллага нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, нэхэмжлэгч нарын эрхийн зөрчил арилаагүй гэж дүгнэнэ. Учир нь хариуцагч байгууллага нэхэмжлэгч Д.Б , Х.Д нар нь мэргэжлийн хувьд ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагад тэнцэхгүй болсон гэх үйл баримтыг баримтаар нотлоогүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч өөрийн татгалзал, тайлбараа баримтаар нотлох үүрэгтэй.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарыг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасантай нийцээгүй гэж дүгнэж, ажилд эгүүлэн тогтоолгох, үр дагаварыг арилгуулахтай холбоотой нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь зөв.

Иймд Д.Б ийг Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Дорнод аймаг дахь нисэх буудлын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны олговорт 13 098 195 төгрөг,

Х.Д г Увс аймаг дахь нисэх буудлын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны олговорт 11 649 138 төгрөгийг тус тус хариуцагч байгууллагаас гаргуулж нэхэмжлэгч нарт олгон, тэдгээрийн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгэхийг ажил олгогчид даалгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2020/01210 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 281 686.66 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ч.ЦЭНД