Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 547

 

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга О.Бадмаараг,

Улсын яллагч П.Бямбасүрэн

Шүүгдэгч Б.Агар /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харгучид овогт Булганы Агарт холбогдох эрүүгийн 1809027480670 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, геологич мэргэжилтэй, “Хүдэр Эрдэнэ” ХХК-нд геологич ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамтаар Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо, 220 мянгат гудамж, 25 дугаар байр 34 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Харгучид овгийн Булганы Агар, /РД:УХ88102773/

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Б.Агар нь 2018 оны 06 дугаар сарын 12-ноос 06 сарын 13-нд шилжих шөнийн 03 цагийн үед Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мулевона” ресторанд хохирогч Г.Сүхболдын нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь дагзны шарх, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Агар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтанд мэдүүлэг өгсөн…” гэв.

Эрүүгийн 1809027480670 дугаартай хэргээс:

Шүүгдэгч Б.Агар нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2018 оны 6 сарын 12-ноос-13-нд шилжих шөнө найз Мөнхбилэг, Хурц хоёртой хоолны газар орсон. Орохдоо би урд нь нөгөө хоёрын араас алхаж явсан чинь ард ширээ цохих чимээ гарахаар нь эргээд харсан чинь нэг залуу орилоод өөдөөс ирэхээр нь би цохисон чинь саваад унасан. Тэгээд тэр залуу босч ирээд цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29 дугаар хуудас/

                 Хохирогч Г.Сүхболд нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 6 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнийн 03:00-04:00 цагийн үед ажлын газрын хуульч Ч.Баасандоржийн хамт хоол идэх гээд орсон. Баасандорж утсаар ярих гээд гарах үед нь би ширээ дэрлээд хэсэг суусан. Тэр үед гаднаас 10 гаруй хүн орж ирсэн. Миний ширээ хаалганы хажууд байсан болохоор тэр залуучуудын нэг нь миний сууж байсан ширээг цохьсон. Би босч ирээд “та нар яаж байгаа юм бэ?” гэж хэлээд би араас нь явахад танихгүй нэг залуу эргэж хараад миний зүүн завжны хэсэгт нэг удаа гараараа цохьсон. Би цохиулаад унахдаа дагзаараа ширээ мөргөж унаад толгойгоо хагалсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹ 7637 дугаартай шинжээчийн дүгнэлт:

  1. Г.Сүхболдын биед дагзны шарх, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна…” гэжээ /хх-ийн 8 дугаар хуудас/,

 

Б.Агарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 12 дугаар хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 14 дүгээр хуудас/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 15 дугаар хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 16 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 17 дугаар хуудас/, оршин суугаа хаягын лавлагаа /хх-ийн 18 дугаар хуудас/, бакалаврын дипломын хуулбар /хх-ийн 19-20 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Б.Агар нь 2018 оны 6 дугаар сарын 12-ноос 2018 оны 06 дугаар сарын 13-нд шилжих шөнийн 03 цагийн үед Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мулевона” ресторанд хохирогч Г.Сүхболдтой зүй бус харьцаж улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь “дагзны шарх, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, цус хуралт гэмтэл бүхий” хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Б.Агарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.Сүхболд мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №7637 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

          Шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудтай агуулгын хувьд зөрүүгүй байх тул тэдгээрийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох үндэслэл болов.

 

Шүүгдэгч нь хохирогчийн биед хүч хэрэглэсэн үйлдлээ өөрөө хүлээн мэдүүлсэн, хохирогч нь хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч өөрийг нь цохиж гэмтээснийг гэрчилж мэдүүлсэн, хохирогчийн бие махбодид нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

   Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Агар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Б.Агарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нараас нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, хоорондоо зүй зохистой харьцах талаар зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.

 

   Шүүгдэгч Б.Агарт ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн, хувийн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Б.Агарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 

 Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоов.

 

Хохирогч Г.Сүхболдоос “…хохирлын мөнгийг бүрэн барагдуулсан тул цаашид надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, сайн дураараа эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү…” гэсэн хүсэлт гаргасан тул /хх-33/ шүүгдэгч Б.Агарыг бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн гэж үзлээ.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Б.Агар цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна