Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 549

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга О.Бадмаараг,

Улсын яллагч С.Мөнхгэрэл,

Шүүгдэгч Г.Баттулга /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Ганзоригийн Баттулгад холбогдох эрүүгийн1709017840547дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Монгол Улсын иргэн, 1982 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засалчин мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 79-1031 тоотод оршин суух, /Орхон аймгийн Баян-өндөр 18 дугаар баг, Баянбулаг, Баян өндөр 3 дугаар гудамж 245 тоотод оршин суух хаягтай/,

-Орхон аймгийн сум дундын шүүхийн 2002 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 89 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 90 дүгээр зүйлийн 2-д зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгүүлж 2006 оны 5 дугаар сарын 17-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Боржигон овгийн Ганзоригийн Баттулга /РД:А382072411/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Г.Баттулга нь 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дамбадаржаагийн эцэс орчим Б.Хатанбаатарын автомашинд сууж байж байхдаа түүний түрийвчнээс 290.000 төгрөг, 90.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч нийт 380.000 төгрөгийн бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Г.Баттулга нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн…” гэв.

Эрүүгийн 1709017840547 дугаартай хэргээс:

Шүүгдэгч Г.Баттулга нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр би маш их согтсон байсан. Би Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг Дамбадаржаагийн Петровисийн шатахуун түгээх станц дээрээс гэртээ харих санаатай такси барьсан. Би гар утсыг авч байснаа санаж байна. Харин яаснаа сайн санахгүй байна. Тэгээд нэг мэдэхэд гэртээ ирсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/

Хохирогч Б.Хатанбаатар нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2017 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 17 цаг 30 минутын үед Дамбадаржаагийн тойргийн Петровисоос шатахуун түгээх станцаас газ аваад байж байтал 40 гаран насны нэг ах хүрч ирээд “хойшоогоо дөхөөд буучихья” гэж хэлээд автомашинд суусан. Тэгээд надаас “утсаа өгч байгаач эхнэртэйгээ яриадхая” гэж хэлээд утас авсан. Би хөдөлгөөнд оролцож эхлээд Приус-10 маркийн автомашинтай шүргэлцээд буугаад жолоочтой нь уулзалдаад байж байх хооронд утас болон хэтэвчинд байсан бэлэн мөнгийг аваад явсан байсан. “Ай фоне 4” маркийн цагаан өнгийн гар утас, бэлэн 290.000 төгрөгийг аваад явсан байсан...”гэсэн мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/

Дамно хөрөнгийн үнэлгээний тайланд:

“…Айфоне 4 маркийн хуучин гар утас 90.000 төгрөг…” гэжээ /хх-ийн 25-26 дугаархуудас/,

 Гэрч Ө.Тэгшжаргалын мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/, Г.Баттулгын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 32 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37 дугаар хуудас/, Дамно ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /хх-ийн 49 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Г.Баттулга нь 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дамбадаржаагийн эцэс орчим Б.Хатанбаатарын автомашинд сууж байж байхдаа түүний түрийвчнээс 290.000 төгрөг, 90.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч нийт 380.000 төгрөгийн бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь шүүгдэгч Г.Баттулгын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Хатанбаатарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан, зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгчээс хохирогчийн эд хөрөнгийг нууцаар авсанаа хүлээн мэдүүлсэн, хохирогчоос  эд зүйл, мөнгөө алдсан болон гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг мэдүүлж, тухайн эд хөрөнгөнд хөрөнгийн үнэлгээ хийлгэж хохирогчид хичнээн хэмжээний хохирол учирсаныг тогтоосон хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тогтоосон шүүгдэгчийн гэмт үйлдэл нь эрүүгийн хуульд заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулжээ.

 

Шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудтай агуулгын хувьд зөрүүгүй байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох үндэслэл болов.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Баттулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, хохирогчийн анхаарал болгоомжгүй байдал өөр зүйлд анхаарч үйлдэл сарнисан зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, харин хохирогчтой эвлэрсэн, хувийн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тодорхойлсны дагуу шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Шүүгдэгч Г.Баттулга нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж, хохирогчтой эвлэрсэн байх тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Г.Баттулгад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, боломжтой гэж үзэв.

Ийнхүү шүүх шүүгдэгч Г.Баттулгад хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд түүнийг зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах болон оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Хохирогч Б.Хатанбаатараас “...ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн хүсэлт /хх-ийн 47/ гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хавтаст хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Баттулга нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдлаа.