| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 2305041130800 |
| Дугаар | 2025/ДШМ/771 |
| Огноо | 2025-06-19 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Б.Солонго |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 2025/ДШМ/771
Т.Б-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Солонго,
хохирогч Ю.Ж.Г- (Y.J.G-)-ийн өмгөөлөгч М.Алтанцэцэг,
яллагдагч Т.Б-, түүний өмгөөлөгч С.Уламбаяр,
нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 2025/ШЗ/3315 дугаар захирамжийг эс зөвшөөрч хохирогчийн өмгөөлөгч М.Алтанцэцэгийн гаргасан давж заалдах гомдлоор Т.Б-т холбогдох 2305041130800 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Д овгийн Т-ийн Б, 1976 онд Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, солонгос хэлний багш, орчуулагч мэргэжилтэй, “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүрэгт оршин суух, (РД:...), урьд:
-Сүхбаатар дүүргийн шүүхийн 1999 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 8 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 127 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар,
-Баянзүрх дүүргийн шүүхийн 1999 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 614 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 127 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар,
-Төв аймгийн сум дундын шүүхийн 2000 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 172 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан;
Т.Б- нь Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Ю.Ж.Г- (Y.J.G-)-д “Монгол Улсад уул уурхайн салбар маш их хөгжиж байгаа, хүнд машин механизмын моторын тос, товууд зэргийг Солонгос улсаас Монгол улс руу оруулж ирэхэд маш их ашигтай, хурдан зарна, Солонгост үнийн хувьд хямд байна, хамтран ажиллая, би Монгол дахь бүх борлуулалт зэргийг хариуцна, та моторын тос нийлүүлэх хэрэгтэй, мөнгийг тухай бүрд нь шилжүүлнэ” гэж итгэл төрүүлэн хуурч, компани байгуулан төөрөгдөлд оруулж хохирогч Ю.Ж.Г-ийн Солонгос улсаас явуулсан 162,656,023 төгрөгийн моторын тос, товуудыг 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Улаанбаатар хотын гаалийн газраас бүрдүүлэлт хийж, өөртөө шилжүүлэн авч залилсан,
үргэлжилсэн үйлдлээр хохирогч Ю.Ж.Г-д “моторын тос зарах ачааны машин хэрэгтэй байна” гэж хуурч, төөрөгдөлд оруулан түүний Солонгос улсаас явуулсан “Kia Motors Bongo 3” загварын 13,374,219 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Улаанбаатар хотын гаалийн газраас бүрдүүлэлт хийж өөртөө шилжүүлэн авч залилсан,
мөн хохирогч Ю.Ж.Г--д “Монголд моторын тос зарахын тулд гадаадын хөрөнгө оруулалттай компани байгуулах хэрэгтэй, хувь хүн ямар нэгэн эд зүйлийг компанид зарж болохгүй, 100,000 ам.доллар шилжүүлэх шаардлагатай байна” гэж итгэл төрүүлэн хуурч, 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр гадаадын хөрөнгө оруулалттай хамтарсан компани байгуулах гэрээ байгуулан, Ю.Ж.Г-ийн шилжүүлсэн 100,000 ам.доллароос 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 62,170 ам.долларыг буцаан шилжүүлж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 37,830 ам.доллар буюу 100,136,010 төгрөгийг өөртөө шилжүүлэн нийт 276,166,252 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газар: Т.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Хэрэгт авагдсан баримтаар яллагдагч Т.Б- болон хохирогч Ю.Ж.Г- (Y.J.G-) нар харилцан тохиролцож, түүний хуулийн этгээд болох “Ю” компаниараа хамтын ажиллагааны гэрээ байгуулан Монгол Улсад “Э” гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийг 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр үүсгэн байгуулжээ.
Яллагдагчийн өмгөөлөгчийн аудитын дүгнэлт, шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтийг үндэслэлтэй гэж үзэн хэргийг прокурорт буцааж, холбогдох нэмэлт ажиллагааг гүйцэтгүүлэх нь хэргийн бодит байдлыг бүрэн тогтооход ач холбогдолтой, шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаанд хамаарч байна.
Тухайлбал, “Э” гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд байгуулагдсанаас хойш үйл ажиллагаа явуулж байсан эсэх, санхүү, татварын тайлан гаргаж байсан эсэх, хөрөнгө оруулагч нарын хоорондын харилцаа, үйл ажиллагаатай холбоотой шийдвэр гаргаж байсан эсэхийг бүрэн шалган тогтоох, улмаар компанийн өмч хөрөнгө, өр төлбөр, авлага ямар байсан, ямар байгаа зэрэг санхүүгийн байдлыг эрх бүхий аудитын дүгнэлтээр гаргуулах шаардлагатай.
Улмаар Шүүх шинжилгээний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3.3-т “эдийн засгийн шинжилгээний объектын хувьд эрх бүхий байгууллагын акт, дүгнэлт гарсан байх” гэж заасны дагуу шаардлагатай тохиолдолд эдийн засгийн шинжилгээ хийлгэх нь зөв гэж үзэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Хохирогчийн өмгөөлөгч М.Алтанцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мөрдөн шалгах ажиллагааг хангалттай гүйцэтгэсэн. Яллагдагч нь олон давтан үйлдэлгүй, ганц гэмт хэрэг байгаа бөгөөд хохирол нь тодорхой, тос тосолгооны материалуудын хохирлын тооцоог үнэлгээний компаниар үнэлүүлж гаргасан. Мөн автомашиныг эрх бүхий байгууллагаар үнэлүүлсэн, Т.Б-ийн худалдсан 15,500,000 төгрөгөөс бага буюу 13,374,219 төгрөгөөр үнэлэгдсэн. 100,000 ам.долларыг хүлээн авч, буцаасан баримт хэрэгт авагдсан.
Миний үйлчлүүлэгч 2018 оны 07 дугаар сард Т.Б-ийг таньдаггүй байсан байхад яаж 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хамтарсан компанийг байгуулах билээ. Хавтаст хэрэгт татварын албаны тайлан болон нийгмийн даатгалын газраас гаргасан баримтууд байгаа ба уг баримтуудыг харахад дандаа “Х” тайлан байдаг. Т.Б- нь хуулийн шаардлага хангаагүй нийгмийн даатгалд төлсөн баримт гаргаж өгсөн бөгөөд эдгээрийг хэн ч компьютерт шивээд гаргах боломжтой.
Т.Б-ийн прокурорт гаргасан хүсэлтэд “2019 онд хамтарсан компани байгуулсан. Энэ хугацаанд ковид илэрч үйл ажиллагаа доголдон ажил хийх боломжгүй байсан” талаар дурдсан. Мөн түүний гаргасан баталгаанд “2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр тос, тосолгооны материалын үнэ 100,000 ам.доллароос 39,420 ам.долларын тос авч яваад, үлдэгдэл 60,580 ам.долларыг 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр төлж барагдуулна” гэж бичсэн. Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст “уг компанид 100,000,000 төгрөгийг 2024 оны 01 дүгээр сарын 20-нд төлөх боломжтой” гэж төлөхөө илэрхийлсэн. 4 ширхэг контейнер тос, тосолгооны материалыг Т.Б-ийн эхнэрийн төрсөн дүү Ч.Б-ийн компанийн хашаанд буулгасан. Т.Б- гэрчээр “Би ковидын 3 жил ажил хийгээгүй, ажил хийгээд надаас тос авсан компаниуд нь мөнгөө бүрэн өгөөгүй. Би менингит тусаад, уушгины хагалгаанд орсон” гэж мэдүүлдэг. Хэрэгт авагдсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд “Эрхлэх үйл ажиллагааны чиглэл: Аудит, ТМЗ, Сургалт” гэсэн бөгөөд өөрсдөө аудитыг хуурамчаар хийгээд түүнийгээ гарган залилж, компанид зарцуулсан мэтээр хуурамч аудитын дүгнэлт гаргуулах гэж байгаа болно.
Т.Б- нь урьд залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж байснаас харахад, эхнээсээ миний үйлчлүүлэгчийн эд хөрөнгийг завших, авах сонирхолтой байсан. Компани байгуулна гэж компьютер авсан, оффис түрээсэлсэн мэтээр худал түрээсийн гэрээ гаргаж, уг гэрээг цагдаагийн байгууллагад хандсанаас хойш нөхөж хийсэн гэж үзэж байгаа. Автомашиныг “С” ломбардад тавьсан гэх баримт нь тамга тэмдэггүй, өөрсдөө компьютер дээр шивээд хийсэн байна. Хохирогчийн хүүгийн байрны түрээсийг төлсөн мэтээр худал ярьж байна. Түрээсийн 900,000 төгрөгийг бөөнд нь өөрөө төлсөн талаар гэрчээр мэдүүлэг өгсөн.
Гадаа контейнерт, хашаанд байх тул тосоо зараад дуустал 20,000,000 төгрөг өгчихвөл болно гэж хэлээд 20,000,000 төгрөгийг Ч.Б өгнө гэж, мөн 6,000,000 төгрөгийг хүмүүсийг дайлах болон бензин тосонд хэрэглэнэ гэж Т.Б- бэлнээр 26,000,000 төгрөгийг хохирогчоос авсан. Гэтэл тос, тосолгооны материалаа авах болоход Ч.Б хашаанаас гаргахгүй “чи надад 20,000,000 төгрөг өгсөн, би чиний тосыг 4 жил харсан манаачийн мөнгө, хадгалсны төлбөр 40,000,000 төгрөг өг, өгөхгүй бол гаргахгүй” гээд 40,000,000 төгрөгийг шилжүүлж авсан. Тухайн үед “Т.Б-оос ав, миний тосноос 200,000,000 төгрөгийн тос зарсан, тэр мөнгөнөөс авахгүй юу” гэхэд “Т.Б- чинь тэр тос зарсан мөнгөө хувьдаа зарцуулаад дууссан, хоосон хүнээс юу авах юм” гээд гаргахгүй байсан тул арга бараад 20,000,000 төгрөгөөр 2 хувааж төлсөн.
Хохирлын тооцоог хэт бага гаргасан бөгөөд хэрэг удаашрах байх гээд гомдол гаргаагүй. Т.Б- нь хохирогчтой 2 удаа тооцоо нийлж, зардал мөнгөө хасаж, тос, тосолгооны материалын үнэ 60,580 ам.доллар төлөх талаар баталгаа үйлдсэн, мөн 2019 оноос ковидоос болж ажиллагаа явагдаагүй талаар мэдүүлсэн байтал анхан шатны шүүх аудитын дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлж өгнө үү. ...” гэв.
Яллагдагч Т.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би “Э” ХХК-ийг 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр үүсгэн байгуулж, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Уг компанид хөрөнгө оруулалт татаж, хамтран ажиллах зорилгоор компанийн дүрэм, гэрээнд зохих өөрчлөлтүүдийг хийсэн. Иймд би ямар нэгэн хуурамч компани байгуулаагүй болно. Өмгөөлөгчийн ярьж буйгаар компанийн үйл ажиллагаа байхгүй, оффис түрээсэлж байгаагүй гэх нь үндэслэлгүй. Тухайн үед манай эхнэрийн дүүгийн эзэмшлийн объект 400 м² талбай бүхий оффис, дэлгүүр, агуулахын зориулалттай талбайг албан ёсоор түрээсэлж, гэрээ байгуулан компанийн үйл ажиллагааг эхлүүлсэн. Би 4 жилийн хугацаанд тухайн барааг борлуулж, бизнесийн үйл ажиллагаа явуулсан. Тухайн үед бүтээгдэхүүн худалдан авсан зарим компаниуд төлбөр тооцоогоо хугацаанд нь хийлгүй, улмаар ковид-19 цар тахал гарснаар бизнесийн үйл ажиллагаа доголдож, санхүүгийн хүндрэл үүссэн нь үнэн. Гэсэн ч миний зүгээс энэ компанид ямар нэгэн хууль бус үйлдэл, хуурамч харилцаа, хэн нэгнийг гүтгэсэн, хууран мэхэлсэн үйлдэл байгаагүй. Иймд хэрэгт холбогдуулан аудитын дүгнэлт гаргуулж, тооцоог бодит, үнэн зөвөөр шалгуулах хүсэлтэй байна. ...” гэв.
Яллагдагчийн өмгөөлөгч С.Уламбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Уг хэрэг нь өнөөдрийг хүртэл бүрэн дүүрэн шалгагдаагүй, яллах, эсхүл цагаатгах чиглэлээр бодитой дүгнэлт хийгдээгүй. Миний зүгээс санхүүгийн баримтад аудитын тайлан, шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн удаа дараа гаргасан боловч “шаардлагагүй” гэх үндэслэлээр уг хүсэлтүүдийг хангаагүй. Т.Б-ийн хувьд, тус компаниар дамжуулан үйл ажиллагаа явуулсан нь бодитой, тодорхой хугацаанд санхүү, ложистик, байр, хадгалалт, борлуулалтын чиглэлээр цогц ажиллагаа хэрэгжүүлж байсан. Тухайлбал, олон төрлийн тос, тосолгооны материалыг агуулах, хадгалах зориулалттай талбай түрээсэлсэн, ачих буулгах ажилд хүн хүч, техник хэрэгслийн зардал гаргасан, улмаар борлуулалтын үйл ажиллагаа явуулсан. Гэтэл хохирогч талын зүгээс “зүгээр нэг цаас өгсөн мэт” байдлаар хандсан, хэрэгт өгч буй мэдүүлэг нь хөрөнгө, бараа, бүтээгдэхүүний бодит агуулга, хэмжээг үгүйсгэсэн агуулгатай байгаа нь үндэслэлгүй. Энэ асуудлыг зөвөөр дүгнэхийн тулд санхүүгийн шинжилгээ, аудитын нарийвчилсан дүгнэлт зайлшгүй шаардлагатай. Мөн компанийн зүгээс бараа материалыг нийлүүлсэн боловч худалдан авагч талууд төлбөрөө барагдуулаагүй, мөнгөн авлага нь барагдаагүй гэх гэрчийн мэдүүлгүүд ч хавтаст хэрэгт авагдсан. Хэрэг 6 жил шалгагдсан гэж яригдаж байгаа боловч үйлдэл нь 2019 оны 05 дугаар сараар дуусгавар болж, 2023 оны 11 дүгээр сараас эхлэн уг хэрэг шалгагдаж эхэлсэн. Иймд бидний зүгээс өмнөх прокурорын тогтоосон шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байгаа бөгөөд уг хэргийг дахин мөрдөн шалгах ажиллагаанд буцааж, санхүүгийн болон үйл ажиллагааны талаарх шинжээчийн дүгнэлт, аудитын үнэлгээг гаргуулах шаардлагатай. ...” гэв.
Прокурор Б.Солонго тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.Б- үргэлжилсэн үйлдлээр бусдад хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдсон. Мөрдөн шалгах ажиллагааг бүрэн, хангалттай хийж гүйцэтгэсэн. Яллагдагч болон түүний өмгөөлөгч нар баримтыг бүрэн шалгаагүй гэж байгаа боловч бодитойгоор шалгасан. Аудитын дүгнэлт гаргуулах тухай хүсэлтийг гаргасан боловч шаардлагагүй гэж үзсэн. Үндсэн хохирлыг бүрэн тогтоосон. Нийгмийн даатгалын байгууллага болон Татварын хэлтсээс холбогдох баримтуудыг хэрэгт хавсаргасан. Гэрч нарын мэдүүлгээр “Э” ХХК нь үйл ажиллагаа явуулж байгаагүй нь нотлогдсон. Яллагдагчийн зүгээс уг компанийг үйл ажиллагаа явуулж байсан гэх боловч хэрэгт авагдсан баримтаас харахад, “Kia Motors Bongo 3” загварын автомашиныг 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр гаалиар оруулж ирэн авсан. Үүнийг яллагдагч “тос, тосолгооны материалыг худалдан борлуулахад шаардлагатай, тээвэрлэлт хийнэ” хэмээн хэлснээр хохирогч оруулж ирэн, худалдан авсан. Гэтэл 2019 оны 09 дүгээр сард дээрх автомашиныг бусдын эзэмшилд шилжүүлж, худалдан борлуулсан. Мөн гаалиар орж ирсэн тос, тосолгооны материалыг өөрийнхөө өр төлбөрт тооцож өгсөн нь тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлгүй, аудитын дүгнэлт гаргуулах шаардлагагүй тул хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Т.Б-т холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хохирогчийн өмгөөлөгч М.Алтанцэцэгийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Баянгол дүүргийн прокурорын газраас Т.Б-ийг Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Ю.Ж.Г- (Y.J.G-)-д итгэл төрүүлэн хуурч, компани байгуулан төөрөгдөлд оруулж, түүний Солонгос улсаас явуулсан 162,656,023 төгрөгийн моторын тос, товуудыг 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр,
үргэлжилсэн үйлдлээр хохирогч Ю.Ж.Г-д “моторын тос зарах ачааны машин хэрэгтэй байна” гэж хуурч, төөрөгдөлд оруулан түүний Солонгос улсаас явуулсан “Kia Motors Bongo 3” загварын 13,374,219 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр тус тус Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Улаанбаатар хотын гаалийн газраас бүрдүүлэлт хийж өөртөө шилжүүлэн авч залилсан,
мөн хохирогч Ю.Ж.Г--д “гадаадын хөрөнгө оруулалттай компани байгуулах 100,000 ам.доллар шилжүүлэх шаардлагатай” гэж итгэл төрүүлэн хуурч, 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр гадаадын хөрөнгө оруулалттай хамтарсан компани байгуулах гэрээ байгуулан, Ю.Ж.Г-ийн шилжүүлсэн 100,000 ам.доллароос 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 62,170 ам.долларыг буцаан шилжүүлж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 37,830 ам.доллар буюу 100,136,010 төгрөгийг өөртөө шилжүүлэн авч, нийт 276,166,252 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхээс “Э” гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд байгуулагдсанаас хойш үйл ажиллагаа явуулж байсан болон санхүү, татварын тайлан гаргаж байсан эсэх, хөрөнгө оруулагч нарын хоорондын харилцаа, үйл ажиллагаатай холбоотой шийдвэр гаргаж байсан эсэхийг бүрэн шалган тогтоох, улмаар компанийн өмч хөрөнгө, өр төлбөр, авлага ямар байсан, ямар байгаа зэрэг санхүүгийн байдлыг эрх бүхий аудитын дүгнэлтээр гаргуулах шаардлагатай хэмээн яллагдагчийн өмгөөлөгчийн аудитын дүгнэлт, шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтийг үндэслэлтэй гэж үзэн хэргийг прокурорт буцааж, холбогдох нэмэлт ажиллагааг гүйцэтгүүлэх нь хэргийн бодит байдлыг бүрэн тогтооход ач холбогдолтой, шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаанд хамаарна гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Хэргийн хүрээнд цугларсан нотлох баримтуудад үндэслэн хянахад, мөрдөн шалгах ажиллагааны үед “Э” ХХК-ийн цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварын тайлан (2хх 246-3хх 5), аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан (3хх 6-18), мөн 2019 онд Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газарт шимтгэл төлж байсан тайлан (3хх 19-37) зэрэг баримтууд хэрэгт авагджээ.
Баянгол дүүргийн татварын хэлтэс болон Нийгмийн даатгалын ерөнхий газраас ирүүлсэн дээрх баримтууд болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудад үндэслэн “Э” ХХК байгуулагдсанаасаа хойш үйл ажиллагаа явуулж, татварын тайлан гаргасан эсэх, мөн компанийн өмч хөрөнгө, өр төлбөр, авлага ямар байсан зэрэг санхүүгийн байдлыг тогтоож, улмаар яллагдагч Т.Б-ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой.
Шүүхийн шатанд шийдвэрлэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг нөхөн эсхүл нэмж хийлгэх, процесс ажиллагааны засах боломжгүй зөрчил, эсхүл хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчлөх шалтгаантай бол хэргийг прокурорт буцаах бөгөөд бусад асуудлыг шүүх хөндлөнгийн байр сууринаас эрүүгийн хэргийн хүрээнд цугларсан нотлох баримтыг харьцуулан шинжилж, тэдгээрт дүгнэлт хийх замаар шийдвэрлэх нь зүйтэй.
Иймд мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нөхцөл байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан дүгнэх байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцүүлэн хянан шийдвэрлэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Дээрх үндэслэлээр хохирогчийн өмгөөлөгч М.Алтанцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан яллагдагчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Харин мөрдөгч, прокурор дээр дурдсан нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ Татварын ерөнхий газрын харьяа Баянгол дүүргийн татварын хэлтсийн тэмдэг дарагдсан хуулбар баримтуудыг дахин хуулбарлаж хэрэгт хавсаргасан нь нотолгооны ач холбогдлыг сулруулж болзошгүй тул анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шаардлага хангасан байдлаар дахин гаргаж өгч, уг зөрчлийг арилгавал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 2025/ШЗ/3315 дугаар захирамжийг хүчингүй болгож, хохирогчийн өмгөөлөгч М.Алтанцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсугай.
2.Яллагдагч Т.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН