| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 128/2017/1002/З |
| Дугаар | 221/МА2018/0321 |
| Огноо | 2018-06-06 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 221/МА2018/0321
|
|
Д.Г нэхэмжлэлтэй
захиргааны хэргийг хянасан тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, гуравдагч этгээд С.Д, гуравдагч этгээд Ш.Т өмгөөлөгч Б.Н нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 128/ШШ2018/0212 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э давж заалдах гомдлоор, Д.Г нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч Д.Г 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:
“Ш.Т, М.М, С.Д нарын хооронд 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан Барьцааны гэрээний дагуу үүссэн барьцааг бүртгэсэн эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.
Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 128/ШШ2018/0212 дугаар шийдвэрээр:
“Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.5.4, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай 28 дугаар зүйлийн 28.1, 28.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.2-т заасныг тус тус баримтлан Д.Г Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан Ш.Т, М.М, С.Д нарын хооронд 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан Барьцааны гэрээний дагуу үүссэн барьцааг бүртгэсэн эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Гурав. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“...Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ “...нэхэмжлэгч Д.Г нь барьцааны гэрээний нэг тал биш, барьцаалах эрхээ бусдад сайн дураар шилжүүлсэн, уг орон сууцыг зээлийн барьцаанд тавих, түүнээс гарах үр дагаврыг мэдэж байсан байна”, “...М.М, С.Д нарт олгосон итгэмжлэлийг нотариатч гэрчилсэн байх тул барьцааны эрх үүсгэсэн хэлцлийг бүртгэлийн байгууллага бүртгэхээс татгалзах хуульд заасан үндэслэл байхгүй...” гэсэн дүгнэлтүүдээр гаргасан. Энэхүү дүгнэлт нь өрөөсгөл бөгөөд нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу хэрэглэснийг нь илэрхийлнэ. Нэхэмжлэгч барьцааны гэрээ байгуулах эрх олгосон бөгөөд улсын бүртгэлийн байгууллагад төлөөлөх итгэмжлэлийг олгоогүй. Мөн улсын бүртгэлийн байгууллага барьцааг улсын бүртгэлд бүртгэхдээ улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжоо баримтлан, бүртгэх хуульд заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг тодруулах ёстой. Тэрнээс нотариатч л гэрчилсэн юм чинь барьцааны гэрээг заавал бүртгэх ёстой гэсэн хууль журам байхгүй. Нотариатын чиг үүрэг, улсын бүртгэлийн байгууллагуудын чиг үүргүүд нь хоорондоо ялгаатай, өөр бөгөөд хэн алиныхаа чиг үүргийг хэрэгжүүлж төлөөлдөг хууль зүйн үндэслэл байхгүй.
Нотариатч гэрчилсэн гэрээ болгоныг бүртгэдэг юм бол улсын бүртгэлийн тухай хууль тогтоомж байх шаардлага байхгүй гэж үзэхээр байна. Хамтарсан мэдүүлгээр барьцааг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хуульд заасан шаардлагыг баримтлаагүйг зөвтгөхдөө талууд зээлийн болон барьцааны гэрээнүүдэд хамтран гарын үсэг зурсан, зээлэх барьцаалах хүсэл зориг нэг байсан, бүртгүүлэх нь талуудын эрх ашигт нийцэж байсан байна гэсэн дүгнэлтүүд хийсэн. Уг нь гэрээн дээр аль нэг нь гарын үсэг зурсан, зээлэх барьцаалах хүсэл зориг байхгүй байсан гэсэн үндэслэлээр бүртгэлийг хууль бус гэж маргаагүй, гагцхүү улсын бүртгэлийн байгууллагад хамтарсан мэдүүлэг гаргаагүй байна гэж маргасан.
Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэлтэй дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Хэргийн оролцогч нарын тайлбар, хэрэгт авагдсан бүртгэлийн хувийн хэргээс үзэхэд нэхэмжлэгч Д.Г нь өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн ..... дугаар хороо, Б хорооллын .... дүгээр байрны .... тоот 58.6 м.кв талбайтай улсын бүртгэлийн Ү-......... дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн .......... тоот гэрчилгээтэй 2 өрөө орон сууцыг зээлийн барьцаанд тавих, гэрээнд болон барьцаалбарт төлөөлж гарын үсэг зурах итгэмжлэлийг 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр С.Д, мөн оны 8 дугаар сарын 18-ны өдөр М.М нарт тус тус олгосон байх бөгөөд эдгээр нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлд заасан итгэмжлэлд тавигдах шаардлагыг хангасан буюу нотариатаар гэрчлэгджээ.
Давж заалдах гомдолд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт “Гэрээгээр үүссэн барьцааг барьцаалагч, барьцаалуулагчийн хамтарсан мэдүүлгээр бүртгэх…” гэсэн шаардлагыг хангаагүй, өөрөөр хэлбэл аль нь ч биш этгээдийн мэдүүлгээр барьцааг бүртгэсэн гэх боловч дээрх итгэмжлэлээр С.Д болон М.М нарт барьцаалуулагчийг төлөөлөх эрх олгосон байна.
Иймд 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний барьцаанд нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцыг барьцаалж, мөн өдрийн барьцааны гэрээ болон барьцааг бүртгүүлэх тухай мэдүүлгийг үндэслэн бүртгэл хийснийг буруутгахгүй.
Хамтарсан мэдүүлгийг заавал нэхэмжлэгч Д.Г бус харин түүнээс олгогдсон итгэмжлэлийн хүрээнд гуравдагч этгээд нар гаргах боломжийг нэхэмжлэгчийн зүгээс нэгэнт олгосон байх тул барьцааны гэрээг бүртгэсэн бүртгэлийг хууль бус гэж үзэхгүй, энэхүү бүртгэл Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасан “бүртгэл үнэн зөв байх” зарчимд нийцсэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсноос гадна маргааны үйл баримтад үүнээс өөрөөр дүгнэлт өгөх боломжгүй.
Харин Д.Г өөрт учирсан хохирлоо холбогдох этгээдээс иргэний журмаар нэхэмжлэхэд энэхүү магадлал саад болохгүйг тэмдэглэх нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 128/ШШ2018/0212 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН