Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 128

 

“М у р” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Ашигт малтмал, газрын тосны газрын

Кадастрын хэлтэс, Мэргэжлийн хяналтын

ерөнхий газрын даргад холбогдох

 захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                                     Б.Мөнхтуяа

                                                    Г.Банзрагч

                                                    П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:                           Ч.Тунгалаг

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,

Нэхэмжлэлийн шаардлага: “М у р” ХХК-ийн эзэмшилд байгаа XV-018243 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс цацраг идэвхт бодисын тусгай зөвшөөрөл гэж тэмдэглэгээ хийж байгаа үйлдлийг илт хууль бус болохыг тогтоож, уг тусгай зөвшөөрлийг бусад ердийн ашигт малтмалын нэгэн адил бүртгэн тусгай тэмдэглэгээ хийхгүй байхыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулах, XV-018243 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд цацраг идэвхт бодисын хайгуулын зөвшөөрөл олгоогүй Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох,

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2019/0657 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 679 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч Х.Б-Э, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Г.Э,

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2019/0657 дугаар шийдвэрээр: Цөмийн энергийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.1, 15 дугаар зүйлийн 15.2.1, 17 дугаар зүйлийн 17.2, 24 дүгээр зүйлийн 24.1, 34 дүгээр зүйлийн 34.1-т заасныг баримтлан “М у р” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, улсын ерөнхий байцаагчид холбогдуулан гаргасан “М у р” ХХК-ийн эзэмшилд байгаа XV-018243 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс цацраг идэвхт бодисын тусгай зөвшөөрөл гэж тэмдэглэгээ хийж байгаа үйлдлийг илт хууль бус болохыг тогтоож, уг тусгай зөвшөөрлийг бусад ердийн ашигт малтмалын нэгэн адил бүртгэн тусгай тэмдэглэгээ хийхгүй байхыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулах, XV-018243 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд цацраг идэвхт бодисын хайгуулын зөвшөөрөл олгоогүй Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, улсын ерөнхий байцаагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлоор хэргийг 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцээд 679 дүгээр магадлалаар: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 128/ШШ2019/0657 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “М у р” ХХК-ийн захирал Х.Б-Э-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Нэхэмжлэгч “М у р” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Б-Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Давж заалдах шатны шүүх Цөмийн энергийн тухай хуулийн үйлчлэлийн талаар буруу дүгнэлт хийсэн байна. Цөмийн энергийн тухай хууль 2009 онд батлагдаж уг хуулиар цацраг идэвхит бодис эрэх, хайх, ашиглахтай холбоотой харилцааг зохицуулж байсан боловч 2015.02.13-ны өдрийн Цөмийн энергийн тухай хууль болон Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар “ашигт малтмал эрэх, хайх, ашиглах харилцаа”-г зөвхөн Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулж эхэлсэн. Хуульд нэмэлт, өөрчлөлт орж, Цөмийн энергийн газар татан буугдсанаар Цөмийн энергийн газраас олгосон Ц дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлүүд бүгд Ашигт малтмал, газрын тосны газар луу шилжиж XV дугаартай тусгай зөвшөөрөл болж бүртгэгдсэн. Нэгэнт хоёр агентлагийн чиг үүрэг нэгдэж, хуулийн үйлчлэл ижил болсон, мөн тусгай зөвшөөрлийг Ц, XV гэж ангилахаа больсон тул хуучин хуулийн үйлчлэлээр “Цөмийн энергийн газраас олгосон цацраг идэвхит бодисын хайгуулын тусгай зөвшөөрөл гэж шүүхээс дүгнэх хуулийн үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл шүүх хүчингүй болсон хуучин хуулийн зохицуулалтаар дүгнэлт хийсэн байна. Энэ нь цаашлаад Ашигт малтмал, газрын тосны газарт бүртгэлтэй хайгуулын XV дугаартай тусгай зөвшөөрлүүдийн гарал үүслээр нь буюу анх Цөмийн энергийн газраас олгогдсон эсэх гэсэн үндэслэлгүй ангилал үүсгэж байна.

4. Магадлалаас үзэхэд нэхэмжлэгчийг бүх төрлийн ашигт малтмал хайх эрхтэй гэж дүгнэсэн байна. Гэтэл бодит байдал дээр хариуцагч нь нэхэмжлэгчийн зөвхөн “цацраг идэвхит ашигт малтмал хайх, ашиглах” гэсэн нөхцөлд хүргэж үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдөж буй шүүх дүгнэж үзсэнгүй. Тухайлбал, нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг анхны гарал үүслээр ялгаварлаж, одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийг үл хэрэгсэн “цацраг идэвхит бодисын хайгуулын тусгай зөвшөөрөл” ангилснаар дараах сөрөг үр дагаврууд үүсч бодит амьдрал дээр хохирол хүлээдэг

5. Тухайлбал, Цацраг идэвхит бодис хайх эрхтэй гэж шалгуур таньсны улмаас хайгуулын ажлын төлөвлөгөөг өгөхдөө зөвхөн “цацраг идэвхит бодис” хайх гэж төлөвлөгөө өгөхөөс аргагүй болдог /шүүхийн үзлэгээр авагдсан/, Бусад хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс илүү зардал гаргаж, цаг хугацаа алддаг; Нэхэмжлэгч ураны илрэлгүй, хэтийн төлөвгүй, дэлхийн дунджаас 1.8 дахин бага талбайд нүүрсний хайгуул хийх явцад Мэргэжлийн хяналтын байгууллагаас цацрагийн шаардлагаар удаа дараа зөрчлийн хэрэг үүсгэж, акт мөнгөн торгууль тавьсан /1 дүгээр хавтас 87-135 тал/; Хайгуулын явцад олдоогүй цацраг идэвхит бодисоос өөр ашиглалтын тусгай зөвшөөрөл өгөхгүй гэсний улмаас Захиргааны хэргийн шүүхэд 1 жил гаруй хугацаанд маргасны эцэст нүүрсний ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан; Тусгай зөвшөөрлийг худалдах, бэлэглэх, барьцаалах өөр бусад хэлбэрээр өмчлөл, эзэмшил, ашиглалтад шилжүүлэх боломжгүй болсон гэх мэт.

6. Нэхэмжлэгч нь өөрийн эзэмшдэг хайгуулын тусгай зөвшөөрлийг хариуцагч ямар ч эрх зүйн үндэслэлгүйгээр А гэсэн дотоод тэмдэглэгээ хийж, улмаар уг тэмдэглэгээ нь эрх зүйн үр дагавар үүсгэж хайгуулын тусгай зөвшөөрлийг хуучин хуулийн үйлчлэлээр үндэслэлгүй ялгаварлаж байгаа талаар үндсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэдийгээр тусгай зөвшөөрлийг үндэслэлгүй ангилсан, мөн уг ангиллын улмаас нэмэлт шалгуур тавигдсан боловч нэхэмжлэгч тухайн үед уг нөхцөл болзлыг биелүүлсний үндсэн дээр 2017 онд тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлсөн жилдээ багтаан хайгуулын ажил хийж тодорхой үр гаргахыг хүсч байсан. Мэргэжлийн хяналтын байгууллагыг хариуцагчаар татсан нь нэхэмжлэлийн шаардлага зөрчилдөх биш харин хариуцагч нарын хууль бус үйлдэхүй, эс үйлдэхүйг тогтоолгосны үндсэн дээр нэгэнт болоод өнгөрсөн үйл явдалтай холбогдуулан иргэний журмаар хохирлоо нөхөн төлүүлэх зорилготой холбоотой юм. Иймээс мэргэжлийн хяналтын байгууллагад холбогдох шаардлага нь Ашигт малтмалын газрын тусгай зөвшөөрлийн хууль бус тэмдэглэлийг зөвшөөрч байгаа үйлдэл биш тул нэхэмжлэлийн шаардлага хоорондоо зөрчилдөхгүй юм.

7. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

8. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр шийдвэр,магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

9. Нэхэмжлэгч “М у р” ХХК-иас “...тус компанийн эзэмшилд байгаа XV-018243 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг “цацраг идэвхт бодисын тусгай зөвшөөрөл” гэсэн тэмдэглэгээ хийж байгаа үйлдлийг илт хууль бус болохыг тогтоох, уг тусгай зөвшөөрлийг бусад ердийн ашигт малтмалын нэгэн адил бүртгэн тусгай тэмдэглэгээ хийхгүй байхыг даалгах, ... тусгай зөвшөөрлийн талбайд цацраг идэвхт бодисын хайгуулын зөвшөөрөл олгоогүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагууд гаргасныг, анхан шатны шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ XV-018243 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн бүртгэлд “цацраг идэвхт бодисын тусгай зөвшөөрөл” гэж тэмдэглэсэн хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн үйлдлийг захиргааны акт хэмээн буруу дүгнэж, захиргааны эрх зүйн биш маргааныг хянан шийдвэрлэсэн байхад давж заалдах шатны шүүх уг шийдвэрийг хэвээр үлдээж, шүүхүүд хүлээн авахаас татгалзвал зохих нэхэмжлэл /нэхэмжлэлийн шаардлага/-ийг хянан шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчжээ.

10. Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 387 дугаар тогтоолын 2 дахь заалтаар Цөмийн энергийн газрыг татан буулгасан, үүнтэй холбоотойгоор Улсын Их Хурал 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Цөмийн энергийн тухай, Ашигт малтмалын тухай хуулиудад тус тус нэмэлт өөрчлөлт оруулснаар, татан буугдсан Цөмийн энергийн газрын Цөмийн энергийн тухай хуулийн дагуу хэрэгжүүлж байсан цацраг идэвхт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах тусгай зөвшөөрлийг олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, уг тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд хяналт тавих зэрэг чиг үүргийг хуулиар Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага буюу хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс хэрэгжүүлэх болсон, Цөмийн энергийн газраас, Дорноговь аймгийн Сайншанд, Сайхандулаан, Улаанбадрах сумдын нутаг дэвсгэр “Шувуун уул” нэртэй газрын 117231 гектар хайгуулын талбайд цацраг идэвхт ашигт малтмал хайх эрх олгосон “М у р” ХХК-ийн “Ц-001Х” дугаар тусгай зөвшөөрлийг 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдөр “Тусгай зөвшөөрөл”-ийн бүртгэлийн системд бүртгэж авахдаа “XV-018243” гэж дугаарлан, “цацраг идэвхт ашигт малтмал” гэсэн тусгайлсан бичилт /тэмдэглэгээ/ хийсэн, уг үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй байна.

11. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.2-т “...“захиргааны үйл ажиллагаа” гэж Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлд заасан үйл ажиллагааг /ойлгохоор/, Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “захиргааны үйл ажиллагаа дараах хэлбэртэй байна: 11.1.1.захиргааны акт; ...”, 37 дугаар зүйлийн 37.1-д “захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж тус тус зааснаар, захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллагын гадагш чиглэсэн, эрх зүйн үр дагавар бүхий захиргааны үйл ажиллагааг хянана.

12. Энэ тохиолдлын хувьд, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.17-д заасан “тусгай зөвшөөрлийн бүртгэл хөтлөх” чиг үүргийн хүрээнд Цөмийн энергийн тухай хуулийн дагуу олгогдсон нэхэмжлэгчийн цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг өөрийн мэдээллийн санд бүртгэхдээ “ цацраг идэвхт ашигт малтмал” гэсэн бичилт хийсэн нь нэхэмжлэгчид эрх зүйн үр дагавар үүсгэхгүй, ямар нэг зохицуулалт агуулаагүй бөгөөд цацраг идэвхт ашигт малтмалын харилцааг нарийвчилсан зохицуулалт бүхий Цөмийн энергийн тухай хуулиар зохицуулдагтай холбоотойгоор захиргааны байгууллагын дотоод дахь бүртгэлд хамааралтай буюу дотогшоо чиглэсэн үйл ажиллагаа байх тул захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш гэж үзнэ.

13. Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “энэ хуулиар ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхт болон түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмал эрэх, хайх, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулна” гэж тусгайлан зааж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “ашигт малтмал” гэх, 4.1.2-т “цацраг идэвхт ашигт малтмал” гэх ойлголтыг тус тусад нь ялгаатай тодорхойлсноос үзвэл, Цөмийн энергийн тухай хуулийн дагуу олгогдох цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл нь “ердийн” ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөөс өөр нөхцөлтэй, энэ тохиолдолд, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газын Кадастрын хэлтэс нь өөрийн бүртгэлийн системд “цацраг идэвхт ашигт малтмал” гэсэн бичилт хийсэн нь тусгай зөвшөөрөл эзэмшигчид чиглээгүй учраас эрх зүйн аливаа үр дагавар үүсгэхгүй юм.

14. Үүний зэрэгцээ, нэхэмжлэгчийн “... уг тусгай зөвшөөрлийг бусад ердийн ашигт малтмалын нэгэн адил бүртгэн тусгай тэмдэглэгээ хийхгүй байхыг даалгах” буюу тодорхой үйлдэл хийхгүй байхыг даалгах нэхэмжлэлийн шаардлага нь мөн захиргааны хэргийн шүүхэд харьяалагдахгүй болно.

15. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д “...эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах...” гэж нэхэмжлэлийн зүйлийг, 106 дугаар зүйлийн 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж шүүхээс гаргах шийдвэрийг төрлийг тус тус зааснаас үзэхэд, “даалгах” нэхэмжлэлийн шаардлага нь захиргааны хууль бус эс үйлдэхүй, эсхүл татгалзсан шийдвэртэй холбоотой байхаас, захиргааны дотоод зохион байгуулалтын шинжтэй “үйлдэл хийхгүй байхыг” даалгах шийдвэрийг шүүхээс гаргах хууль зүйн боломжгүй юм.

16. Иймд, нэхэмжлэгчийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “... XV-018243 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийг “цацраг идэвхт бодисын тусгай зөвшөөрөл” гэж тэмдэглэсэн үйлдлийг илт хууль бус болохыг тогтоох, XV-018243 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийг бусад ердийн ашигт малтмалын нэгэн адил бүртгэн тусгай тэмдэглэгээ хийхгүй байхыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэгч “М у р” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Б-Э-ийн хяналтын журмаар гаргасан “... XV дугаартай тусгай зөвшөөрлүүдийг гарал үүслээр нь үндэслэлгүй ангилал үүсгэсэн, ...үүний улмаас зөвхөн цацраг идэвхт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах нөхцөлд хүргэж, нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байхад шүүх дүгнээгүй, ... нэхэмжлэлийн шаардлага зөрчилтэй тухай үндэслэлгүй дүгнэлт хийсэн” гэх гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

17. Мөн, хариуцагч Мэргэжлийн хяналтын газрын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хувьд шүүхийн шийдвэр, магадлалд гомдол гараагүй учир хяналтын шатны шүүхээс энэ талаар дүгнэхгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2019/0657 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 679 дүгээр магадлалын “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, Цөмийн энергийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.1, 17 дугаар зүйлийн 17.2, 24 дүгээр зүйлийн 24.1, 34 дүгээр зүйлийн 34.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М у р” ХХК-ийн “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “тус компанийн эзэмшилд байгаа XV-018243 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг “цацраг идэвхт бодисын тусгай зөвшөөрөл” гэсэн тэмдэглэгээ хийж байгаа үйлдлийг илт хууль бус болохыг тогтоох, уг тусгай зөвшөөрлийг бусад ердийн ашигт малтмалын нэгэн адил бүртгэн тусгай тэмдэглэгээ хийхгүй байхыг даалгах” нэхэмжлэлийг шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргад холбогдох “XV-018243 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд цацраг идэвхт бодисын хайгуулын зөвшөөрөл олгоогүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахад нэхэмжлэгчийн төлсөн тэмдэгтийн хураамжийн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                           М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                   Ч.ТУНГАЛАГ