Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2017/00332

 

“Баян-Цамбагарав” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

         2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 578 дугаар шийдвэр,

 Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

         2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 212/МА2016/00061 дүгээр магадлалтай,

         “Баян-Цамбагарав” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

         Х.Саябол, Н.Шынарбек нарт холбогдох          

         Борлуулалтын тооцооноос дутуу тушаасан 3.092.390 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

         Хариуцагч Х.Саябол, түүний өмгөөлөгч Я.Сьезд нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

    Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: “Манай “Баян-Цамбагарав” ХХК-д 2014 онд борлуулалтын менежерээр ажиллаж байсан Х.Саябол нь борлуулсан барааныхаа мөнгийг нягтлан бодогч Н.Шынарбект өдөр болгон тушаадаг байсан. Гэвч Х.Саябол нь 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 7 дугаар сарын 19-ний хооронд тушаах ёстой байсан мөнгөнөөс 3.374.630 төгрөгийг дутуу тушаасан юм. Үүнээс Х.Саяболын авах ёстой цалин болох 282.240 төгрөгийг хасаж үлдсэн 3.092.390 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

          Хариуцагч Х.Саяболын гаргасан хариу тайлбарт: “Баян-Цамбагарав” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Х.Саябол намайг тус компанийн борлуулалтын менежерээр томилсон тухай “Баян-Цамбаргав” ХХК-иас ямар нэгэн эрхийн акт гараагүй. Х.Саябол би “Баян-Цамбагарав” ХХК-тай эд хөрөнгө хариуцах, ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах, хөдөлмөрлөх гэрээ буюу ямар нэгэн хамтран ажиллах тухай гэрээ, хэлцэл байгуулж байгаагүй. Х.Саябол би тус компанид компанийн захирал Х.Саясатын аман шийдвэрээр борлуулалтын менежерийн ажил хийдэг байсан. Борлуулалтын менежер нь дэлгүүрүүдэд бараа тараан эргээд тараасан барааны үнийг тодорхой хугацааны дараа бэлнээр авч ирж тус компанийн Н.Шынарбек гэх нягтлан бодогчид тусгай жагсаалтаар болон бэлэн мөнгөний орлогын баримтаар хүлээлгэж өгдөг журамтай. Энэ журмын дагуу би дэлгүүрүүдэд борлуулсан барааны мөнийг тухай бүрд нягтлан бодогч Н.Шынарбекэд өгдөг байсан. Х.Саябол би тус компанийн бараанаас нэг ч төгрөг ашиглаагүй. Надад дэлгүүрүүдэд зарсан барааны үнээс дутагдуулсан мөнгө байхгүй. Иймд нэхэмжлэгч “Баян-Цамбагарав” ХХК-иас хариуцагч Х.Саябол надад холбогдуулан 3.0923.90 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл нь үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

         Хариуцагч Н.Шынарбекийн гаргасан хариу тайлбарт: “Миний бие 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдөр “Баян-Цамбагарав” ХХК-д ня-бо ажилтнаар ажилд орсон. Баяннуур сумын Балдырган нь 2014 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 1.845.700 төгрөгийг Х.Саясат овогтой Жолболатын дансанд шилжүүлсэн. Мөн тэр өдөр Х.Саябол нь надад бэлнээр 1.600.000 төгрөгийг өгсөн ба бэлэн мөнгөний баримтад тэр өдөр Жолболатын дансанд орж ирсэн 1.845.700 төгрөгийг нэмж 3.445.700 төгрөгийн орлогын баримт бичүүлж авсан. Нийт 3.445.700 төгрөгийг /1600000 бэлэн + 1845700 дансаар/ Х.Саяболоос бэлэн мөнгөний орлогын баримтыг тооцоонд оруулж тооцоо хийсэн. Иймд дээрх мөнгөнүүдийг би хариуцахгүй Х.Саябол нь өөрөө хариуцаж 1.845.700 төгрөгийг тухайн байгууллагад төлөх ёстой гэжээ.

          Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 578 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан Хуанбайн Саяболоос 3.092.390 төгрөгийг гаргуулан “Баян-Цамбагарав” ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68.945 төгрөгөөс 64.428 төгрөгийг улсын орлого болгож, Төрийн сангийн Хаан банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын 020000941 дугаартай данснаас илүү төлсөн 4.517 төгрөг, мөн хариуцагч Х.Саяболоос 64.428 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Баян-Цамбагарав” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

        Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 212/МА2016/00061 дүгээр магадлалаар Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 578 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “нэхэмжлэгч “Баян-Цамбагарав” ХХК-ийн хамтран хариуцагч Н.Шынарбект холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай." гэсэн нэмэлт өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Х.Саябол болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

           Хариуцагч Х.Саябол, түүний өмгөөлөгч Я.Сьезд нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: “...анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийг буруу хэрэглэн үндэслэл муутай дүгнэлт хийсэн учраас энэхүү хяналтын журмаар гомдол гаргаж байна. “Баян-Цамбагарав” ХХК-ийн захирал гэх Х.Саясат нь хариуцагч гэх Х.Саяболтай эд хөрөнгийн хариуцлагын, ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах, хөдөлмөрлөх, хамтран ажиллах тухай ямар нэгэн гэрээ, хэлцэл байгуулаагүй бөгөөд энэ нь түүнээс материалын хариуцлагыг шаардах эрх зүйн үндэслэлгүй болохыг харуулж байна. Х.Саябол нь тус компанид борлуулалтын менежерийн ажилд томилсон тушаал, шийдвэр байхгүй байна. Компанийн борлуулалтын менежер гэх Х.Саяболд “Баян-Цамбагарав" ХХК-иас хэзээ, ямар төрлийн, хичнээн хэмжээний, ямар үнэ ханштай эд бараануудыг хүлээлгэн өгч байсныг санхүүгийн баримт бичгээр нотолж чадаагүй юм. Х.Саяболыг тус компанид борлуулалтын менежерээр ажиллаж байхад 3.092.390 төгрөг дутагдуулсан гэж байгаа боловч үүрэг гүйцэтгэгч Х.Саябол хүлээсэн үүргээ хэрхэн зөрчсөн эсэх, улмаар үүрэг гүйцэтгүүлэгч “Баян-Цамбагарав'’ ХХК-д борлуулагчийн буруутай үйл ажиллагаанаас болж хохирол учирсан эсэх нь бодитой тогтоогдоогүй байхад 3.092.390 төгрөг дутаасан гэж шүүх үзэж байгаа явдалд гомдолтой байна. Х.Саябол нь тус компанид борлуулалтын менежерээр ажиллаж байгаа хугацаанд 3.092.390 төгрөг дутаасныг шүүхэд хүлээн зөвшөөрөөгүй, тэрээр борлуулалтын менежерээр ажиллах хугацаанд 3.092.390 төгрөг дутаасан нь санхүү, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны бусад бичиг баримт бичгүүдээр тогтоогдохгүй байх тул Х.Саяболын гар бичмэлийг шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэн зөв, эргэлзээгүй талаас нь, бусад нотлох баримттай харьцуулан үнэлэх боломжгүй байсныг анхаарч үзээгүй байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 578 дугаар шийдвэр болон Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 212/МА2016/00061 дүгээр магадлалыг тус тус хүчингүйд тооцож, нэхэмжлэгч "Баян-Цамбагарав" ХХК-ийн захирал Х.Саясатын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ зөв хэрэгжүүлжээ.

 Нэхэмжлэгч “Баян-Цамбагарав” ХХК нь хариуцагч Х.Саябол, Н.Шынарбек нарт холбогдуулан борлуулалтын орлогоос дутуу тушаасан 3.092.390 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Х.Саябол эс зөвшөөрч, "Баян-Цамбагарав” ХХК-тай ямар нэгэн гэрээ байгуулаагүй, мөнгө дутагдуулаагүй, 1.845.700 төгрөгийг Н.Шынарбект өгсөн” гэж, хариуцагч Н.Шынарбек нь “Нийт 3.445.700 төгрөгийг Х.Саяболоос бэлэн мөнгөний орлогын баримтаар тооцоо хийсэн. Дээрх мөнгийг би хариуцахгүй, X.Саябол нь өөрөө хариуцаж 1.845.700 төгрөгийг төлөх ёстой.” гэж маргажээ.

         Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг зохигчдын тайлбартай харьцуулан үнэлж, “Баян-Цамбагарав" ХХК болон Х.Саябол нарын хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж тодорхойлсон нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт нийцжээ. Х.Саябол нь тохиролцсон ажил, үйлчилгээ буюу борлуулалт хийх, “Баян-Цамбагарав" ХХК нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

          Хариуцагч Х.Саябол нь 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 7 дугаар сарын 19-ний өдрийн хооронд нэхэмжлэгчид тушаах байсан мөнгөнөөс 3.374.630 төгрөгийг дутаасан нь хэрэгт авагдсан Х.Саяболын үйлдсэн 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн акт, Х.Саяболын 8 дугаар сарын эээлийн үлдэгдэл гэсэн талуудын тооцоо нийлсэн баримтаар тогтоогдсон тухай анхан шатны шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй. 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч өөрийн татгалзлын үндэслэлээ өөрөө нотлох үүргийн дагуу Х.Саябол нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн баримтуудыг үгүйсгэх нотлох баримт гаргаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.

           Харин анхан шатны шүүх хамтран хариуцагч Н.Шынарбект холбоотой нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийгээгүй, шийдвэрлээгүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс уг алдааг залруулж, хамтран хариуцагчид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрт нэмэлт оруулсан нь хуульд нийцсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Х.Саябол, түүний өмгөөлөгч Я.Сьезд нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

         1. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 212/МА2016/00061 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Х.Саябол, түүний өмгөөлөгч Я.Сьезд нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч Х.Саяболын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр төлсөн 64.500 /жаран дөрвөн мянга таван зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР

                                               ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН