| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 2508000000211 |
| Дугаар | 2025/ДШМ/772 |
| Огноо | 2025-06-19 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Ж.Цээрүүгүндүү |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 2025/ДШМ/772
Т.А-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ж.Цээрүүгүндүү,
хохирогч Б.Х-,
шүүгдэгч Т.А-, түүний өмгөөлөгч С.Мягмарсүрэн,
нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/1201 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.Х-, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Мягмарсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Т.А-д холбогдох 2508000000211 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Т овгийн Т-ын А, 1986 онд Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эхнэр, 6 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүрэгт оршин суух, (РД:...), урьд:
-Чингэлтэй дүүргийн шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 294 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,
-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 146 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 502 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1,500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн;
Т.А- нь 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... тоотод Т.М-той урьдчилгаа цалингийн асуудлаар маргалдаж, улмаар хохирогч Б.Х- болиулахаар тэвэрч авахад хэвлий хэсэгт нь хутга буюу зэвсгийн чанартай зүйлээр хутгалж, түүний биед хэвлийн зүүн хэсгээс хэвлийн хөндий рүү нэвтэрч, бүдүүн гэдэс, чацархайг хатгаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цусан гэмтлүүд бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар: Т.А-ий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Т.А-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хутгыг зэвсгийн чанартайгаар хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгэн, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
шүүгдэгч Т.А-ээс хохирогч Б.Х-ийн эмчилгээний зардалд зарцуулсан 3,735,712 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгож шийдвэрлэжээ.
Хохирогч Б.Х- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хохирол төлбөрт 4,000,000 төгрөгийг бэлнээр авч, эмчилгээндээ зарцуулсан. Т.А- нь 3,700,000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд төлсөн бөгөөд миний бие санал, гомдолгүй, сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй. Би Т.А-ий араас тэвэрч, тэрээр санамсаргүйгээр миний биед хүрч, би гэмтэл авсан тул шүүхээс санаатайгаар гэмтэл учруулсан гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие Т.А-тэй ямар нэгэн өс хонзон байхгүй, тухайн үед хоорондоо маргалдаагүй, над руу хутга барьж дайрч давшилсан зүйл байхгүй. Иймд болгоомжгүй учруулсан гэмтлийг зөв тогтоож өгнө үү. Санаатай биш санаандгүй байдлаар надад гэмтэл учруулсан тул Т.А- хохирч байна. ...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Мягмарсүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Т.А- нь хүний биед хүнд гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрдөг, харин санаатай биш, болгоомжгүйгээр учруулсан гэж тайлбарладаг. Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3-т “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж заасан.
Энэ хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, сэдэлт, санаа зорилго нь тухайн өдөр гэрч, шүүгдэгч нарын харилцан тохиролцсон цалин хөлс, гэрээ хэлцлийн талаар үүрэг биелүүлээгүйгээс үүссэн ба Т.А-, Б.Х- нарын хооронд ямар ч маргаан гараагүй, зэвсгийн чанартай зүйлээр биед нь гэмтэл учруулах шалтгаан, зорилго байгаагүй. Б.Х- “Т.А-ий мэдүүлж байгаа нь үнэн. Т.А-ий араас тэвэрсэн, бидний хооронд маргалдсан зүйл байхгүй” гэж мэдүүлдэг. Т.А-ий үйлдэл нь Б.Х- руу биш, Т.М-ийг айлгах зорилготой байсан ба Б.Х-ийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэж үзэх үндэслэлгүй, эргэлзээтэй юм.
Шинжээчийн дүгнэлт дэх гэмтлийг санаатай үйлдлийн улмаас учруулсан гэж үзэх үндэслэлгүй. Учир нь, хохирогч шүүгдэгчийн араас тэврэх мөчид гэмтэл авсан ба хохирогч “гараад “явъя” гээд очиход миний зүүн талын хэвлий хэсэгт халуун оргиод байхаар нь гайхаад хартал бага зэрэг цус гоожсон байсан, ... араас тэвэрсэн” гэж мэдүүлсэн. Шүүх гэм буруугийн шууд санаатай хэлбэр гэж үзсэн нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцээгүй. Шүүгдэгч, хохирогч нь хоорондоо маргалдаагүй, ах дүү нар, зэвсгийн зүйлээр гуравдагч этгээдийг айлгах зорилготой барьсан ба маргалдаад шууд хутгалсан үйлдэл энэ хэрэгт байдаггүй. Шүүгдэгч Т.А-ий үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэрэг гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Иймд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Т.А- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Ялыг багасгаж өгнө үү. ...” гэв.
Прокурор Ж.Цээрүүгүндүү тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэл бүхий гарсан. Учир нь, хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Т.А-ий гэм бурууд үндэслэж дүгнэлт хийсэн. Шүүгдэгч хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулахдаа хутгыг зэвсгийн чанартай ашигласан. Шүүгдэгч Т.А-ий гартаа хутга барин бусад руу дайрч байх үйлдэл нь хэн рүү чиглэж байгаагаас үл шалтгаалан, түүний үйлдэл нь субьектив санаа зорилготой гэж дүгнэсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр хэсгийн 2 дах хэсгийн 2.4-т зааснаар зүйлчилсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Т.А-д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгч нарт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн:
-хохирогч Б.Х-ийн: “... 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 15 цагийн үед ажлаасаа буугаад найз Т.М-, хадам дүү Т.А- нартай хамт машин дотроо 2 шил “Агар” нэртэй архи хувааж уугаад Т.А-гийн гэр рүү алхсан. Гэрт нь манай эхнэр Т.Э-, Т.А-гийн эхнэр, хүүхдүүд байсан. Бид гурав хувиараа барилга дээр ажил хийдэг бөгөөд гэрт яриад сууж байхад Т.А-, Т.М- нар ажлын цалингаас болоод маргалдсан. Т.А- Т.М-ид “мөнгийг чинь авч өгнө гээд байхад ямар сүртэй юм бэ” гэж орилоод уурандаа гал тогооноос хутга аваад “ална аа, чамайг” гээд байшингаас гарах гээд байхаар нь би “болиоч” гээд Т.А-г тэвэрч болиулан, тайвшруулаад суулгасан. Тэгээд би Т.М- руу очиход миний зүүн талын хэвлий хэсэгт халуун оргиод байхаар нь гайхаад хартал бага зэрэг цус гоожсон байсан...” (хх 23-24),
-гэрч М.А-ын: “...Манай нөхөр Т.А-, хүргэн ах Б.Х-, түүний найз Х нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэрт орж ирээд юм яриад сууж байхад Т.А- нь Хохирогч-той маргалдаад байсан. Т.Э-, Б.Х- нар “Т.А- Б.Х-ийн хэвлий хэсэгт хутгалчихлаа” гэж хэлсэн...” (хх 29-30),
-гэрч Т.М-ийн: “...Б.Х-, Т.А- бид гурав машин дотроо 2 шил “Агар” нэртэй архи хувааж уугаад ойролцоо байх Т.А-гийн гэр рүү явсан. Эхнэр, хүүхдүүд нь гэртээ байсан. Юунаас болж маргалдсан гэдгээ санахгүй байна, би Т.А-тэй маргалдаад нэгийгээ барьж аваад ганц хоёр цохиход тэнд байсан найзууд бид хоёрыг салгаж, Т.Э- намайг гэрээс авч гарсан. Т.А-г Б.Х- салгаад тэр хоёр гэрт үлдсэн. Гадаа хэсэг байж байхад Б.Х-ийн зүүн хэвлий хэсэгт нь цус болсон байхаар нь “чи яасан юм бэ” гэж хэлээд шархыг нь харахад 1 см хиртэй зүсэгдсэн шарх байсан. Б.Х- “Т.А- хутга бариад миний хэвлий хэсэгт хутгалчихлаа” гэсэн...” (хх 35-36),
-гэрч Т.Э-ын: “...Б.Х-, Т.А-, Т.М- нар нэлээн согтуу, ухаан мэдрэлгүй болтлоо уусан орж ирсэн. Гэрт орж ирээд тэр гурав ажлынхаа талаар яриад мөнгө төгрөгийн асуудал дээр маргаж, Т.А-, Т.М- хоёр барьцалдаж авсан. Тэгэхээр нь би Т.М-ийг түлхээд гадагш гаргасан ба Т.А-, Б.Х- нар гэрт үлдсэн. Т.А- гадагш гарна гээд уурлаад манай нөхөртэй ноцолдоод байсан. Би Т.М-ийг гэр рүү оруулахгүй гээд хаалга дарж байж байгаад түүнийг гадаа үлдээгээд гэрт ороход Т.А- гартаа хутга барьсан байдалтай Б.Х-той ноцолдон, барьцалдаж аваад зогсож байсан ба Б.Х- “чи ингэж байхаар намайг шаачих” гээд байсан. Би дундуур нь ороод арай гэж Т.А-г хойшоо түлхээд хананд налуулан, гарт нь байсан шовх үзүүртэй хутгыг булааж аваад зурагтны хажуу тал руу шидсэн...” (хх 39-40) гэх мэдүүлгүүд,
-Б.Х-ийн биед хэвлийн зүүн хэсгээс хэвлийн хөндий рүү нэвтэрч бүдүүн гэдэс, чацархай хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цусан гэмтлүүд тогтоогдсон ба ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд бөгөөд амь насанд аюултай тул хохирлын хүнд зэрэг тогтоогдсон талаарх Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2254 дүгээр дүгнэлт (хх 51-52),
-хутгыг хураан авч, эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол, гэрэл зураг (хх 17-19),
-хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх 5-7),
-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас (хх 1-3) зэргийг харьцуулан шинжлэхэд:
шүүгдэгч Т.А- нь 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... тоотод Т.М-той урьдчилгаа цалингийн асуудлаар маргалдаж, улмаар хохирогч Б.Х- болиулахаар тэвэрч авахад хэвлий хэсэгт нь хутгалж, түүний биед хэвлийн зүүн хэсгээс хэвлийн хөндий рүү нэвтэрч, бүдүүн гэдэс, чацархайг хатгаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цусан гэмтлүүд бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон талаар анхан шатны шүүх тодорхой, үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Нотлох ажиллагааны явцад цугларсан дээрх нотлох баримтууд нь нэг нэгнээ нөхсөн, харилцан уялдсан байдлаараа хэргийн нөхцөл байдлыг тогтооход ач холбогдолтой нотлох баримт гэж үзсэн болно.
Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хоорондоо ноцтой зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба эдгээрийг үндэслэн шүүгдэгч Т.А-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчилсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Эрүүгийн хуульд Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүдийн шинж, онцлог, түүнийг тодорхойлж буй нөхцөлийн бүрдэл зэргийг тогтоон хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж” хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинж болгон тусгасан.
Шүүгдэгч Т.А-гийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн хутга нь иж бүрдэл, бүтцийн хувьд хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулж болох эд зүйл тул түүнийг “зэвсэг” гэж үзнэ.
Хэргийн үйл баримтаас дүгнэн үзвэл, шүүгдэгч Т.А- нь Т.М-той маргалдаж, улмаар хутга авч довтлох явцдаа Б.Х-ийн хэвлий хэсэгт нь хутгалсан талаар хохирогч, гэрч нарын болон шүүгдэгчийн “хохирогчийг хутгалсан” үйл баримтад маргаагүй мэдүүлэг, эдгээр мэдүүлгийг давхар нотолсон шинжээчийн дүгнэлт зэргээр хохирогч Б.Х-ийн биед учирсан хүнд зэргийн гэмтэл нь шүүгдэгч Т.А-гийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.
Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм бурууг тогтоохын тулд гэмт үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцаа болон түүнийг ухамсарлаж үйлдсэн эсэх, өөрөөр хэлбэл, хүсэл зоригийн элементийг зайлшгүй харгалзах учиртай.
Хохирогч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс Т.А- нь Б.Х-ийг хутгалсан боловч болгоомжгүй хэлбэрээр хутгалсан тул зүйлчлэлийг хөнгөрүүлэхээр гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
Учир нь, хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулах гэмт хэрэг нь:
-“хөнгөмсгөөр найдаж буюу гэмт этгээд өөрийн үйлдлийн үр дүнд ийм үр дагавар бий болох боломжийг урьдаж мэдэх, харах боловч түүнийг урьдчилан сэргийлж чадна гэж хангалтгүй үндэслэлгүйгээр найдаж, буруу тооцож үйлдсэн;
-хайхрамжгүй хандаж буюу ийм үр дагавар бий болох боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэн” үр дагаврын дүнд Эрүүгийн хуулиар хориглосон хэм хэмжээг зөрчсөн байдгаараа санаатай үйлдэгдэх гэмт хэргээс ялгагдана.
Дээрх ойлголтыг шүүгдэгчийн үйлдэлтэй холбон дүгнэвэл, Т.А- нь хутга барин бусад руу дайрахдаа хүний амьд явах эрх, амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ноцтой заналхийлж байгааг ухамсарласан, улмаар түүний үр дүнд бусдын биед гэмтэл учруулах боломжтой гэдгийг бүрэн мэдэх боломжтой байснаас гадна Т.А-гийн үйлдэлд хэн нэгний эрүүл мэндэд хохирол учруулахгүй байж чадна гэсэн хөнгөмсгөөр болон хайхрамжгүй хандсан шинж тогтоогдохгүй байна.
Иймд шүүгдэгч Т.А- хэдийгээр Б.Х-той маргалдаагүй, түүний гэмт үйлдэл Б.Х- руу чиглээгүй боловч Т.М-той маргалдсаны улмаас түүнийг гэрээс гарсны дараа “ална аа, чамайг” гэж хэлээд хутга авч гарахаар довтолсон нь гэмт санаатай, хүсэж үйлдэгдсэн байх ба тухайн үйлдлийнхээ үр дүнд өөрийн чиглэсэн биш боловч өөр хүнийг хутгалж гэмтээсэн нь Эрүүгийн хуульд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
Шүүгдэгч Т.А- давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт ”надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэх тайлбар гаргасан.
Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.
Дээр дурдсанаар ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон болон ялын сонгох боломжит хүрээний дотроос хэрхэн оногдуулах эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг. Энэ нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэн эрх юм.
Анхан шатны шүүх шүүгдэгч Т.А-гийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчим, түүний зэрэгцээ урьд 2 удаа хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлсэн хувийн байдлыг харгалзан 6 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүйгээс гадна ялыг хөнгөрүүлэх шаардлагагүй, Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хүмүүжүүлэх, цээрлүүлэх зорилгод оногдуулсан ялын хэмжээ нийцсэн байна гэж дүгнэв.
Ийнхүү давж заалдах шатны шүүх Т.А-д оногдуулсан ялыг хэвээр үлдээж шийдвэрлэхдээ хэдийгээр хохирогч “гомдол, саналгүй” гэх боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг нь хүнд ангиллын гэмт хэрэгт багтдаг бөгөөд Т.А-, Т.М- нарын хоорондын хэрүүл маргааныг таслан зогсоох, улмаар Т.А-ий Т.М- руу довтолсон шинжтэй үйлдлийг хязгаарласны хариуд биедээ хүнд гэмтэл авсан хохирогчийн хуулиар хамгаалагдах ёстой эрх ашиг болоод тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөлөл, шүүгдэгчийн гэмт үйлдэлдээ хандаж буй сэтгэхүй зэрэг бүхий л нөхцөл байдлыг харгалзсан болно.
Дээрх үндэслэлүүдээр шүүгдэгчийн өмгөөлөгч С.Мягмарсүрэн, хохирогч Б.Х- нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Т.А- нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 49 хоног цагдан хоригдсон байгааг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/1201 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Мягмарсүрэн, хохирогч Б.Х- нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А-ий цагдан хоригдсон нийт 49 (дөчин ес) хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН