Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 59

 

 

 

 

 

2018 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 207/МА2018/00059

 

 

 

*******ын нэхэмжлэлтэй,

хариуцагч *******д холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 142/ШШ2018/00232 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******, ******* нарт холбогдох,

Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, өмчлөх эрхийг сэргээх тухай иргэний хэргийг,

Хариуцагч *******гийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн, хариуцагч *******, *******, хариуцагчийн өмгөөлөгч Х.Оюунбат, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Далх-Очир, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний хүү ******* нь 2013 онд *******тай хувийн дотно харилцаатай болж, 2013 оны 07 дугаар сарын 05-нд тэдний дундаас охин Саран-Эрдэнэ төрж тэд хамтдаа амьдрах болсон. Нэгэнт хүү ******* эхнэр хүүхэдтэй болж байгаа тул би Баатарзориг, Цогзолмаа нарыг цаашдаа бат бэх гэр бүл болж амьдраасай гэж хүссэндээ Баян-Өндөр сумын Согоот багийн 6-18-53 тоот 17,5 кв.м нэг өрөө орон сууцаа бэлэглэлийн гэрээ хийж нотариатаар гэрчлүүлэн 2014 оны 03 дугаар сарын 20-нд хүү *******, бэр ******* нарт шилжүүлсэн ба 2014 оны 04 сарын 01-нд *******, Б.Саран-Эрдэнэ, ******* нарын нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон. Гэтэл 2014 оны 06 дугаар сард ******* таарч тохирохгүй боллоо гээд аав нь ах дүү нартай нь ирээд өөрийн гэсэн юмыг нь аваад явсан байв. Ингээд би тэд амьдрахгүй бол байраа буцааж авъя гэхэд хүүхэд 18 нас хүртэл тэр талаар ярихгүй гэж хэлсэн. Ингээд хүү *******, бэр ******* нар нь айл болон гэрлэж амьдрах нь гэсэн итгэл байхгүй болсон ба тэд ч аль хэдийнээ миний байрнаас гарч тус тусын ажил, амьдралаа хөөх болсон. *******, ******* нар нь гэрлэлтээ батлуулаагуй бөгөөд намайг орон сууцаа бэлэглэснээс хойш ердөө хоёр сарын дараа хоёр тийшээ болж миний бэлэглэлийн зорилгыг зөрчиж бэлэглэгч намайг гомдоосон тул ******* миний *******, ******* нартай 2014 оны 03 дугаар сарын 20-нд хийсэн /мөн өдөр нотариат гэрчилсэн/ бэлэглэлийн гэрээний 6 дахь заалт, Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д зааснаар хүчингүйд тооцон, мөн хуулийн 280.2-т зааснаар *******, Б.Саран-Эрдэнэ, ******* нарт 2014 оны 04 дүгээр сарын 01-нд олгосон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2101007429 тоот дугаартай 000231162 бүртгэлийн дугаартай гэрчилгээг хүчингүй болгож, ******* миний өмчлөх эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: Миний бие нэхэмжлэлийн үндэслэлээ бэлэглэгч намайг гомдоосон гэх үндэслэл дээр нэмж Бэлэг хүлээн авагч нь гэр бүл болж тусдаа гарч байгаа тул гал голомтоо залгуулах гэрээний зорилгыг зөрчсөн гэсэн үндэслэлийг нэмж байна гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний ээж ******* насны тэтгэвэртээ гарсан, сахарын диабит өвчтэй байнгын эмчилгээ асаргаа хийлгэж, гэр хороололд амьдарч байна. Нэгэнт ******* бид хоёрыг үр хүүхдээ өсгөн сайн сайхан амьдраарай гэж байраа бэлэглэсэн зорилгыг нь хангаж чадаагүй тул орон сууцаа буцаан авахаар гаргасан ээж *******ын нэхэмжлэлийг бүрэн хүлээн зөвшөөрч байна. ******* бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй тул орон сууц гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч болоогүй болно гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. ******* бид хоёр гэр бүлийн харилцаатай хамтын амьдралтай байсан бөгөөд гэр бүлийн харилцаа дуусгавар болж хамтран амьдруулахгүй гэсэн хүсэл ******* болон ******* нарт байжээ гэж би дээрх нэхэмжлэлийг уншаад ойлголоо. ******* бодит байдалд байрыг миний охин Б.Саран-Эрдэнийг хорвоод мэндэлж, ач охинтой боллоо гэж түүнд зориулж өөрийн нэр дээрх байрыг бэлэглэж байсан. Ингээд охин Б.Саран-Эрдэнэ болон ******* миний нэрийг оролцуулан байрны өмчлөлийг шилжүүлж байсан. ******* нь буцааж байраа авъя гэж надад хандаж байгаагүй атлаа хандаж байсан мэт нэхэмжлэл гаргажээ. Хүү ******* нь хүртэл намайг өөр хүнтэй, өөрөө явсан мэт хэлж бичиж байна. Хэргийн бодит байдлыг эхнээс нь би үнэнээр нь хэлсэн. Эд хөрөнгөө буцаан авахын тулд худал гүжирдсэн зүйл бичжээ гэж би ойлгохоор байна. Миний охин *******ыг гомдоох зүйл хийгээгүй учир охинд бэлэглэсэн бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Далх-Очир шүүхэд гаргасан тайлбартаа:

******* бид хоёр хань бүл нь нас бараад нилээд хэдэн жил болсон хүмүүс нийлсэн ба хоёр талын хэдэн хуүхдээ хувь хувийг нь харуулчих санаатай чармайж явсан хүмүүс. Энэ үед *******ын ганц хүү ******* *******тай гэр бүл болж хүүхэд төрсөн ба хоёр талын ах дүүс нийлж тохижуулж бид дундын өмчийнхөө 6-18-53 тоот байранд оруулсан. Цаашдаа эвтэй найртай амьдраад явахад нь хэрэгтэй гэж үзэж дээрх орон сууцаа хүү *******т бэлэглэлээр шилжүүлсэн. Гэрээнд бэлэглэгчээр Б.Далх-Очир, ******* бид бэлэг хүлээн авагчаар хүү ******* оролцсон ба үл хөдлөх дээр хамтран өмчлөгч болох зорилгоор ******* хамтран өмчлөгч гэдгээр оролцсон болно. Гэрээнд угаасаа "Хүү Бааторзориг гэр бүл болж тусдаа гарч байгаа тул гал голомтоо залгуулж болно" гэж гэрээний зорилгыг тодорхой бичсэн байгаа. Одоо энэ залуус тус тусын зам мөрөө хөөж яваа сайхан айл орон болоорой гэж бэлэг өгсөн зорилгыг минь хөсөрдүүлчихээд өвчин хуучтай хөгшин бидэнтэй ганц өрөө байр булаалдаад байх нь хүн чанаргүй зүйл гэж үзэж байно. Ийм учраас 2014.03.20-ны бэлэглэлийн гэрээг хүчингүй болгон миний өмчлөх эрхийг хамгаалж өгөхийг хүсэж байна.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 142/ШШ2018/00232 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1, 280.2-д заасныг баримтлан 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн орон сууц бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Согоот багийн 6-18-53 тоот 1 өрөө орон сууцыг *******од буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч ******* давж заалдсан гомдолдоо:

.Бэлэглэлийн гэрээний талууд болох *******, Б.Далх-очир /өмчлөгч нар/ гэх бэлэг хүлээн авагч *******, *******, Б.Саран-эрдэнэ нар бэлэглэгчийг ноцтой гомдоох үйлдэл хийсэн үү гэх асуудлыг шүүх анхаарч үзсэнгүй. Гал голомтыг залгуулж байна гэсэн үндэслэлээр бэлэглэгч орон сууцаа 3 хүнд өгсөн ба бэлэг хүлээн авагч нар болох ******* *******,Б.Саран-эрдэнэ гурвуулаа гомдоох үйлдэл буюу гал голомтыг нь залгуулах хүсэлтийг нь биелүүлээгүй гэж үзсэн нь хийсвэр дүгнэлт болсон. Баатарзоригоор овоглосон Б.Саран-эрдэнэ нь гал голомтыг нь залгуулсан үр хүүхэд нь мөн бөгөөд нэхэмжлэгч Б.Саран-Эрдэнэ намайг гомдоох үйлдэл хийгээгүй, харин *******, Б.Баатарзориг нар гомдоосон гэж буруутгасан. Ялангуяа *******г гэр бүл болж амьдрах санаачлагатай байгаагүй хэд хэдэн удаа очиж гуйхад ирээгүй гэж буруутгасан. Гэвч хүү Ж.Баатарзориг нь өөр эмэгтэйтэй амьдарсан, гэрт очиход нь тухайн эмэгтэйн хувцас хунар байсан, Мөнхзул гэх эмэгтэйтэй амьдрахыг *******, Далх очир нар нь хүлээн зөвшөөрч хамт аялан зугаалж байсан зэрэг зурган нотлох баримтыг хэрэгт гаргаж өгсөн байхад *******г санаачлага гаргаагүй гэж буруутгах үндэслэлгүй юм. Мөн уг эмэгтэйтэй хүү ******* амьдарч байгааг ******* болон ******* нар үгүйсгэдэггүй. Эдгээр баримтыг шүүх нотлох баримтаар гаргаж өгсөн байхад үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Нэхэмжлэгч *******гийн аав Жаргалсайхантай уулзсан тухай, Б.Саран-Эрдэнийг үрчилж авах гэж байсан тухай тайлбар гаргадаг ба Орхон аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн иргэний бүртгэлийн хувийн хэрэг баримтад охиныг үрчилж хэн нэгэн авах гэсэн хүсэлт огт байхгүй талаарх нотлох баримт хэрэгт ирсэн. Анхан шатны шүүх уг нотлох баримтыг анхаарч үзэлгүй Жаргалсайхан хүүхдийг үрчилж авах гэж байсан байна гэх нотлогдоогүй үйл баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн.******* нь охин Б.Саран-Эрдэнийг хэн нэгэнд үрчлүүлэх хүсэл зорилго байсан гэж үзэж, бэлэглэгч нарыг энэ нөхцөл байдал нь гомдоосон гэх үндэслэл болох талаар шүүх дүгнэж, уг үйл явдал болсон гэх хугацаанаас гомдоосон гэх шаардах эрхийн хугацааг тоолсон нь үндэслэлгүй. ******* хүүхдээ хэн нэгэнд үрчлүүлэх хүсэл зорилго байсан эсэх, Жаргалсайхан гэгч нь бэлэглэлийн гэрээ байгуулсан этгээд эсэх , Жаргалсайхан хүүхдийг үрчлэн авах талаар хүсэл гаргахад түүнийг хүлээн авч шийдвэрлэх этгээд ******* эсэх, ******* болон ******* нараас хүүхдээ үрчлүүлэх гэж байгаа талаар лавласан эсэх нь энэ хэрэгт тогтоогдоогүй бөгөөд энэ байдлыг шүүх анхаарч үзээгүй. Жаргалсайхан хүүхдийг үрчлэн авах гэж *******той ярилцсан гэх үндэслэл нь ******* болон ******* нар бэлэглэгчийг гомдоосон гэх үйлдэл гэж үзэх үндэслэл биш юм. Бэлэглэгчийг гомдоох үйлдэл нь бодитоор бий болсон байхыг шаарддаг бэлэг хүлээн авагч бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн байхыг шаарддаг. Бэлэг хүлээн авагч ******* Б.Саран-эрдэнэ бэлэглэгчийг гомдоох ноцтой үйлдэл хийсэн гэх байдал хэрэгт нотлогдоогүй, харин хүү ******* нь *******г зодож, гэр орноос нь хөөн явуулж өөр эмэгтэйтэй амьдарч байгаа байдлыг ноцтой гомдоосон үйлдэл гэж үзэх үү, *******ийн өөр эмэгтэйтэй амьдарч байгааг хүлээн зөвшөөрч хамт амьдарч байгаа *******ын үйлдэл гомдсон этгээд мөн эсэхийг шүүх анхаарч үзээгүй. ******* нь *******той гэр бүл хамтран амьдрах хүслээр хуримаа хийж, түүний охин болох Б.Саран-Эрдэнийг төрүүлж, бэлэглэгчээс өгсөн байранд иж бүрэн завсар хийж, тохижуулж, гэр бүл болж амьдрах хүсэл эрмэлзэлтэй байсныг ******* нь мэдсээр байж түүнийг зодож, хөөж явуулсныг нэхэмжлэгч үгүйсгээгүй.Иргэний хуулийн 280-р зүйлийн 280.1.1 заалтад дахь бэлэглэгчийг гомдоох ноцтой үйлдэл хийсэн гэх үндэслэлийг бэлэг хүлээн авагч *******, Б.Саран-эрдэнэ нар гаргасан гэх үндэслэл хэрэгт нотлогдоогүй тул Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.03.02-ны өдрийн 232 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, өмчлөх эрхээ сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хэргийг Монгол Улсын Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1, 280.2-д заасныг баримтлан 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн орон сууц бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Согоот багийн 6-18-53 тоот 1 өрөө орон сууцыг *******од буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч ******* 2014 оны 03 дугаар сарын 20 ны өдөр Орхон аймаг, Баян-Өндөр сум, Согоот багийн 6-18-53 тоот өөрийн өмчлөлийн орон сууцаа бэлэглэлийн гэрээгээр хүү *******тод бэлэглэжээ.

2014 оны 04 дүгээр сарын 01 ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000231162 дугаар гэрчилгээгээр хүү *******, *******, ач охин Б.Саран-Эрдэнэ нарын тухайн байрны өмчлөгч болжээ.

Хариуцагч *******, хамтран өмчлөгч ******* нар 2013 оны 9 дүгээр сараас уг байранд хамтран амьдарч байгаад хоорондын таарамжгүй харилцаанаас улмаас 2014 оны 6 сараас тусдаа амьдарчээ.

2014 оны 03 дугаар сарын 20 ны өдрийн Бэлэглэлийн гэрээ-ний 7 дугаарт нэмэлт нөхцөл: Хүү ******* гэр бүл болж тусдаа гарч байгаа тул гал голомтоо залгуулж байна гэжээ. /х/х-ийн 9 дүгээр хуудас /,

Шүүх нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн байраа хүү *******оо гэр бүл болж тусдаа гарч байгаа тул гал голомтоо залгуулж байна гэж бэлэглэсэн ч бэлэг хүлээн авагч нар гэрлэлтээ батлуулж баталгаажуулж бэхжүүлээгүй, тусдаа амьдраад 2 жил гаруй хугацаа өнгөрсөн ч хэн аль нь хамтын амьдралаа үргэлжлүүлэх талаар санаачилга гаргаагүй, улмаар *******гийн аав нь охин Б.Саран-Эрдэнийг өөрийн нэр дээр болгох гэсэн юм гэж ирсэн зэрэг нь бэлэглэгч *******ыг гомдоосон ноцтой үйлдэл мөн гэж дүгнэх үндэслэлтэй байна гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй зөв байна.

Хариуцагч *******гийн давж заалдсан гомдолд дурдагдсан үндэслэлүүд нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байх тул давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Шүүх хэргийн хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч *******гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 142/ШШ2018/00232 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******гийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч *******гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Б.ОЮУНЦЭЦЭГ

 

Б.БАТТӨР