Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 318/ШШ2025/00962

 

 

 

 

 

2025 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 318/ШШ2025/00962

Увс аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

            Хүсэлт гаргагч:  Ж.Эгийн,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ж.Э шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие 1965 онд Увс аймгийн Завхан суманд төрсөн 60 настай. Би 1973 онд Завхан сумын бага сургуульд орж 1981 онд 8 дугаар анги төгсөөд 1981 оны 08 дугаар сард Ховд аймгийн ХАА-н техникумд орж суралцаад 1984 оны 06 сард зоотехникч мэргэжлээр төгсөөд 1984 оны 07-р сарын 01-ээс Завхан сумын Сандалай нэгдлийн Айраг нуур бригадын зоотехникчээр томилогдож 1985 оны 06 дугаар сараас 1988 оны 08 дугаар сар хүртэл цэргийн албан хаасан цэргээс халагдаж ирээд Завхан сумын Сандалай нэгдлийн 2 дугаар бригадад зоотехникчээр үргэлжлүүлэн ажиллаж байгаад 1991 оны 07 дугаар сарын 17-ны 23 тоот тушаалаар халагдаж улсын зоо мал эмнэлэгт шилжүүлсэн байдаг одоо нас өндөр болж өндөр насны тэтгэвэр тогтоолгох болсон үед Завхан сумын Сандалай нэгдэлд 1984 оны 07 дугаар сараас 1991 оны 07 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл зоотехникчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү Тухайн үед надтай хамт ажиллаж байсан тоо бүртгэгчээр Ц.Г малчин Н.Энарыг гэрчээр асууж өгнө үү” гэв.         

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ж.Э нь 1984 оны 07-р сарын 01-ээс Завхан сумын Сандалай нэгдэлд малын эмчээр томилогдон ажиллаж байгаад 1985 оны 06 дугаар сараас 1988 оны 08 дугаар сар хүртэл цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд Завхан сумын Сандалай нэгдлийн 2 дугаар бригадад зоотехникчээр үргэлжлүүлэн 1991 оны 07 дугаар сарын 17-ыг хүртэл ажилласан. Одоо тэтгэвэр тогтоолгох гэхэд орсон тушаал байгаа боловч ажлаас гарсан тушаал байхгүй учраас шүүхэд хандсан” гэв.                

Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлсөн баримт, Ж.Эгээс Б.Бнд олгосон итгэмжлэл, Ж.Эгийн иргэний үнэмлэхийн хуулбар, түүний 440591 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 249 дугаартай зөвлөмжийн хуудас, Увс аймгийн Завхан сумын Сандалай нэгдлийн даргын 1984 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 28 дугаартай тушаал, Ж.Эгийн хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 363 дугаартай архивын лавлагаа, Увс аймгийн Архивын хэлтсийн 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 167 дугаартай тодорхойлолт, Ж.Эгийн 128 дугаартай цалингийн тодорхойлолт, хавсралт, гэрч Ц.Ггийн иргэний үнэмлэхийн болон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 111 дугаартай шийдвэрийн хуулбар, гэрч Н.Э иргэний үнэмлэхийн хуулбар, түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 450 дугаартай шийдвэрийн хуулбарыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Шүүхээс хүсэлт гаргагч Ж.Эгийн хүсэлтээр Ц.Г, Н.Энараас гэрчийн мэдүүлэг авав.

Шүүхийн журмаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Ж.Эгийн ХААТР-1, ХААТР-15 маягтыг нотлох баримтаар бүрдүүлэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс Ж.Эгийн хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. 

2. Хүсэлт гаргагч Ж.Э нь шүүхэд хандаж Завхан сумын Сандалай нэгдэлд 1984 оны 07 дугаар сараас 1991 оны 07 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл зоотехникчээр ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргажээ. Иймд хүсэлт гаргагч Ж.Эгийн хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалт, 135.2.6 дахь заалтад тус тус заасныг баримтлан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэв.

3. Хүсэлт гаргагч Ж.Э нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

Ж.Э нь1965 онд төрсөн. 1981 онд 8 дугаар анги төгсөөд, Ховд аймгийн Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуульд суралцаж, төгссөн. 1984 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс Увс аймгийн Завхан сумын Сандалай нэгдэлд зоотехникчээр ажилд орж, 1991 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүртэл ажилласан.

Өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор холбогдох баримт бичгийг бүрдүүлэхэд Увс аймгийн архивт 1984 оны 6 дугаар сарын 10-ны өдөр ажилд томилогдсон тушаал байгаа боловч 1991 онд ажлаас чөлөөлөгдөсн тушаал байхгүй байна. Иймд дээрх хугацааны ажиллаж байсан байдлыг шүүхийн журмаар тогтоолгох хүсэлтэй гэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1. Увс аймгийн Завхан сумын Сандалай нэгдлийн даргын 1984 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 28 дугаартай тушаалаар Ж.Эг 1984 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн Увс аймгийн Завхан сумын Айраг нуур бригадын зоотехникчээр томилон ажиллуулахаар шийдвэрлэжээ.

Увс аймгийн Архивын хэлтсийн 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 128 дугаартай цалингийн тодорхойлолтоор Ж.Эгийн 1984 оны 10-12 дугаар сар, 1985 оны 01-5 дугаар сарыг дуустал хугацааны баримтыг түүвэрлэн ирүүлжээ.

Хүсэлт гаргагч Ж.Э нь 1985 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Увс аймгийн цэргийн албанд татагдаж, 1988 оны 8 дугаар сарын 25-ны өдөр цэргээс халагдсан болох нь хэрэгт авагдсан Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 08/2774 дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаагаар тогтоогдож байна.

Иймд дээрх баримтуудад үндэслэн хүсэлт гаргагч Ж.Эг 1984 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1985 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл буюу цэргийн албанд татагдах хүртэл Увс аймгийн Завхан сумын Сандалай нэгдэлд зоотехникчээр ажиллаж байсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.

4.2. Хэдийгээр хэрэгт хүсэлт гаргагч Ж.Эг 1988 онд Увс аймгийн Завхан сумын Сандалай нэгдэлд зоотехникчээр томилсон тушаал Увс аймгийн Архивын хэлтсийн сан хөмрөгт хадгалагдаагүй боловч Увс аймгийн Архивын хэлтсийн 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 128 дугаартай цалингийн тодорхойлолтоор түүвэрлэн ирүүлсэн Ж.Эгийн 1988 оны 9,10 дугаар сар, 1989 оны 02,7-11 дүгээр сар, 1990 оны 02-12 дугаар сарыг дуустал хугацааны цалингийн баримтаар хүсэлт гаргагч Ж.Э нь 1988-1990 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Завхан сумын Сандалай нэгдэлд зоотехникчээр ажиллаж, цалин хөлс авч байсан үйл баримт тогтоогдож байна.

Түүнчлэн Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс нотлох баримтаар бүрдүүлсэн Ж.Эгийн ХААТР-1 маягтыг 1988 оны 12 дугаар сарын 22-ны өдөр бүртгэсэн байх бөгөөд уг баримтад Ж.Эг 1988 онд Сандалай нэгдэлд ажилд орсон, зоотехникч ажилтай гэж бүртгэжээ.

4.3. Гэрч Ц.Г, Н.Энар нь хүсэлт гаргагч Ж.Эг 1983 онд Сандалай нэгдэлд зоотехникчээр ажилд орж, 1985-1988 онд цэргийн алба хааж ирээд үргэлжлүүлэн Увс аймгийн Завхан сумын Сандалай нэгдэл татан буугдах хүртэл хугацаанд зоотехникчээр ажиллаж байсан гэж мэдүүлжээ.

Гэрч нарын хүсэлт гаргагч Ж.Эгийн ажиллаж байсан байдлын талаар мэдүүлсэн мэдүүлэг буюу 1983 онд ажилд орж, 1993 он хүртэл ажилласан гэх мэдүүлгүүд нь хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байх тул эргэлзээ бүхий гэж дүгнэлээ.

5. Хэдийгээр гэрч нарын мэдүүлэг эргэлзээ бүхий байх боловч хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан шинжлэн судлаад хүсэлт гаргагч Ж.Эгийн 1984 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1985 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл, 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 7 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд Увс аймгийн Завхан сумын Сандалай нэгдэлд зоотехникчээр ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

 6. Шүүхээс хүсэлт гаргагч Ж.Эгийн хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг баримтлан түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтад заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагч Шар зэгс овогт Жадамбын Эгийн 1984 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1985 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл, 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 7 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд Увс аймгийн Завхан сумын Сандалай нэгдэлд зоотехникчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хүсэлт гаргагч Ж.Эгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Я.УРНАА