Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 318/ШШ2025/00963

 

 

 

 

 

2025 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 318/ШШ2025/00963

Увс аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

            Хүсэлт гаргагч:  П.Жы,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч П.Ж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч П.Ж шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие 1972 онд төрсөн 53 настай. Ам бүл 2 эхнэрийн хамт амьдардаг. 1987 оны 01 сараас эхлэн Шинэ зам нэгдэлд илгээлтээр гарч, аав ээжтэйгээ хамтран мал маллаж эхэлсэн. 1987 оны 01 сараас 1989 оны 12 дугаар сар дуустал малчнаар нэгдэл тарах хүртэл ажиллаж байсан. Одоо тэтгэвэрт гарах нас болж тэтгэврийн бичиг баримт бүрдүүлэхэд 1987 оны 01 сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсныг нотлох бичиг баримт байхгүй учраас шүүхэд хандах шаардлагатай болсон. Иймд миний Увс аймгийн Өндөрхангай сумын Цалуу бригадад 1987 оны 01 сараас 1989 оныг дуустал малчнаар ажиллаж байсан жилүүдийг тогтоож өгнө үү. Тухайн үед надтай хамт Цалуу бригадад малчнаар ажиллаж байсан өндөр настан М.М, Л.Н нарыг гэрчээр асууж миний 1987 оны 01 сараас 1989 оны 12 сар дуустал хугацаанд ажиллаж байсан жилийг тогтоож өгнө үү” гэжээ.

Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлсөн баримт, П.Жы иргэний үнэмлэхийн хуулбар, Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 47 дугаартай зөвлөмжийн хуудас, Увс аймгийн Архивын хэлтсийн 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 169 дугаартай тодорхойлолт, мөн хэлтсийн 132 дугаартай цалингийн тодорхойлолт, хавсралтын хамт, П.Жд холбогдох мал тооллогын баримтууд, түүний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтууд, гэрэл зураг, баярын бичиг, П.Жы хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, гэрч М.Мийн иргэний үнэмлэхийн хуулбар, Л.Нгийн иргэний үнэмлэхийн хуулбар, Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 602 дугаартай шийдвэрийн хуулбар, гэрч Нгийн ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 243 дугаартай шийдвэрийн хуулбарыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Хүсэлт гаргагч П.Жы хүсэлтээр М.М, Л.Н нараас гэрчийн мэдүүлэг авав.

Шүүхийн журмаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс П.Жы  ХААТР-1 маягтыг нотлох баримтаар бүрдүүлэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс П.Жы хүсэлтийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.   

2. Хүсэлт гаргагч П.Ж нь шүүхэд хандаж 1987 оны 01 дүгээр сараас 1989 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Өндөрхангай сумын Шинэ зам нэгдлийн Цалуу бригадад малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргажээ. Иймд хүсэлт гаргагч П.Жы хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалт, 135.2.6 дахь заалтад тус тус заасныг баримтлан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэв.

3. Хүсэлт гаргагч П.Ж нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

П.Ж миний бие 1972 онд төрсөн. 1987 оны 01 дүгээр сард илгээлтээр нэгдлийн мал маллаж эхэлсэн бөгөөд улмаар Шинэ зам нэгдэл тарах хүртэл буюу 1989 он дуустал мал малласан.

Өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор холбогдох баримт бичгийг бүрдүүлэхэд 1987-1989 оны хооронд Увс аймгийн Өндөрхангай сумын Шинэ зам нэгдэлд мал маллаж байсан байдал нотлогдохгүй байгаа тул дээрх хугацааны ажиллаж байсан байдлыг шүүхийн журмаар тогтоолгох хүсэлтэй гэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1. Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс шүүхийн журмаар нотлох баримтаар бүрдүүлсэн П.Жы ХААТР-1 маягтыг 1988 оны 8 дугаар сарын 22-ны өдөр бүртгэсэн байх бөгөөд тухайн баримтад хүсэлт гаргагч П.Жыг 1980 онд 10 жилийн сургуульд орсон, 1984 онд бага боловсрол эзэмшсэн, 1988 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар 8 дугаар ангид сурдаг гэж бүртгэжээ.

Хүсэлт гаргагч П.Жаас нотлох баримтаар гаргаж өгсөн баярын бичиг гэх баримтыг түүнд 1987 оны 6 дугаар сарын 15-ны өдөр мал аж ахуйн үйлдвэрлэлд гарч ажиллах болсонд талархаж Өндөлхангай сумын нэгдлийн зөвлөл, намын хорооноос олгожээ.

Гэвч дээрх баярын бичиг гэх баримтаар тогтоогдож байгаа үйл баримт нь хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтаар давхар нотлогдохгүй байх бөгөөд 1988 оны 6 дугаар сарын 22-ны өдөр бүртгэсэн П.Жы ХААТР-1 маягтаар үгүйсгэгдэж байх тул тухайн баримтад үндэслэн хүсэлт гаргагч П.Жыг 1987 оны 01 дүгээр сард илгээлтээр Увс аймгийн Өндөрхангай сумын Шинэ зам нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн гэж дүгнэх үндэслэлгүй байна.

4.2. Түүнчлэн, Увс аймгийн Архивын хэлтсийн сан хөмрөгт хадгалагдаж байгаа Увс аймгийн Өндөрхангай сумын Шинэ зам нэгдлийн 1987-1988 оны цалингийн баримтаас П.Жд холбогдох 1987 оны 9,10 дугаар сарын цалингийн баримт гарсан боловч бусад хугацааны цалингийн баримт гараагүй, харин 1989 оны 01-12 дугаар сарын цалингийн баримт гарсан байна.

Хэдийгээр хүсэлт гаргагч П.Ж нь 1987 онд тасралтгүй Увс аймгийн Өндөрхангай сумын Шинэ зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан үйл баримт тогтоогдохгүй байх боловч Увс аймгийн Архивын хэлтсээс түүнд холбогдох 1987 оны 9,10 дугаар сарын цалингийн баримтыг түүвэрлэн ирүүлсэн байх тул уг хугацааг түүний ажиллаж байсан хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

4.3. Гэрч нар нь хүсэлт гаргагч П.Жыг 1987 онд илгээлтээр мал маллаж эхэлсэн гэж мэдүүлсэн боловч гэрч нарын мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар давхар нотлогдохгүй байна.

5. Ийнхүү хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан шинжлэн судалбал хүсэлт гаргагч П.Ж нь 1972 онд төрсөн, 1980 онд Увс аймгийн Өндөрхангай сумын 10 жилийн сургуульд элсэн суралцаж, 1984 онд бага боловсрол, 1988 онд 8 дугаар анги төгсөж, бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн үйл баримт тогтоогдож байх тул түүний сургуульд суралцаж байсан хугацааг малчнаар ажиллаж байсан гэж дүгнэх үндэслэлгүй байна.

Иймд түүний хүсэлтээс 1988 оны 7 дугаар сараас 1989 оныг дуустал хугацаанд болон 1987 оны 9,10 дугаар сард Увс аймгийн Өндөрхангай сумын Шинэ зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.

6. Шүүхээс хүсэлт гаргагч П.Жы хүсэлтийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг баримтлан түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь заалт, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтад заасныг тус тус баримтлан М овогт Подогын Жын 1987 оны 9, 10 дугаар сар, 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Өндөрхангай сумын Шинэ зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч П.Жы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Я.УРНАА